Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #175 - 2025 оны өдрийн аяллын хаврын улирлын нээлт

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/362
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
68 км
Давааны тоо
0
Өндөр авалт
382 м
Өндөр алдалт
-383 м
Их өгсөлт
4.2 %
Их уруудалт
-4.4 %
Оролцогчдын тоо
41
Эхлэх цаг
2025 оны 3 сарын 9 Ням гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Амгалангийн Төмөр замын гарам
Цуглах цэгийн солбицол
47.901917, 107.029
47°54'6.9"N, 107°1'44.4"E
40
20
60
10
30
50
5
15
25
35
45
55
65
0
5
10 km
02040km1,400m
© OpenStreetMap
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

2025 оны Хаврын нээлт Ням гаригт эхэллээ. Учир нь уламжлал болсон бямба гарагт Мартын 8 тохиосон тул залуусыг гэр бүлдээ цаг зарцуулах талыг бодож ийнхүү энэ өдөр хийсэн билээ. Жил бүрийн хаврын нээлтээ клубын залуус төдийгүй манай клубтэй хамт жийх хүсэлтэй шинэ хүмүүс ч их хүлээдэг.

Зураг 1. Улаанбаатар уулын дугуйн клубийн өдрийн аяллын хаврын улирлын нээлтийн аялалд оролцогчид

Ийнхүү 3 сарын 9 өдрийн Ням гаригт зарлагдсан хаврын нээлтийн бүртгэлд маань 56 хүн бүртгүүлсэн харагдана. За ямартаа ч олуулаа жийх нь дээ харин өмнөх шөнө шуурсан шуурга, бүүдгэр тэнгэрийг бас бага зэргийн цастай гэсэн цаг агаарын мэдээг хараад хэдэн хүн өглөө босч ирэхийг таашгүй.

Зураг 2. Цуглах цэгт, 08:47 цаг

56 хүн хэд болж цөөрөхийг мэдэхгүй гэсэн үг л дээ. Цуглах цэг дээр админ ч энэ тухай хэлж 10- 20% ийн алдагдалтай л цуглах болов уу даа гэсэн нь биелэлээ олж энэ удаагийн хаврын нээлтэндээ 40 гишүүн цуглаж аваад жийлээ. Гэхдээ энэ бол бага тоо биш юм. Манай клубийн аялал л ийнхүү хагас зуугаас давсан хүнийг цуглуулдаг. Яг одоо 40 хүн жийж байгаа ч Австрали улсад 1, Япон улсад 1 дугуйчин маань яг энэ цагт зэрэг жийж байгаа болохоор хамт жийж байгаа гэсэн үг юм. Клубийн дүрэм ингэж алс хол байгаа гишүүдээ тухайн аялалдаа бүртгүүлээд амьдарч байгаа орчиндоо ижил км жийж аяллын тэмдэглэл, мэдээгээ оруулсан тохиолдолд хамт жийсэнд тооцдог гайхалтай дэмжлэгтэй билээ. Тиймээс бид өнөөдөр 42 гишүүн жийж байгаа гэсэн үг.

Зураг 3. Ээлжит таталт, 10:00 цаг

Хаврын нээлтийн аялал уламжлал ёсоор УБ хотын зүүн хойд зүг Улиастайн аманд байдаг Бурхант хошууг чиглэлээ. Бүүдгэр ч гэлээ хаврын урь орсон сэвэлзсэн салхитай өглөө. Удаан уулзаагүй анд нөхөдтэйгээ нийлж аваад байгальд уусан жийнэ гэдэг хичнээн сайхан билээ. Үүнийг аялалд гарсан хүн л мэдэрнэ. Энэ өвөл цас багатай өвөл болсныг сануулан цасгүй замаар бид Улиастай амыг өгсөн урд хойноо орон жийцгээлээ. Араас салхи дэмнэн буцахдаа та нар салхи сөрнө шүү гэдгийг хэлнэ. Амны эхний айлуудыг өнгөрөөд баг бөөнөөрөө цуглан хойноос ирэх бусдыгаа хүлээн цуглуулаад уламжлал болсон хөнгөн дасгалаа хийлээ.

Цааш үргэлжлүүлэн дахин 4 орчим км жийгээд нэгэн өндөрлөг хэсэгт толгойн хэсэг татах агшинд үнэхээр бүхнийг баярлуулсан бараг түүхэн гэж хэлж болох үйл явдал боллоо. Өнгөрсөн жилийн Хаврын нээлтийн аяллаар клубийн админ ягаан тэмдэгийн болзол хангаж (20155 км-ын босготой) клубийн түүхэн дэх анхны ягаан тэмдэгээ админ хүлээж авсан юм. Харамсалтай нь аяллаас буцах замдаа буюу яг одоо бидний жийж байгаа энэ замд бусдад тусалж яваад админ ягаан тэмдэгээ гээж клуб даяараа харамсаад өнгөрсөн юм. Энэ удаа яг тэр замаараа жийж яваа болохоор урд хойно ягаан тэмдэгээ олно гэж байхгүй л байхдаа гэх яриа гарсаар, би хүртэл бүүр өмнө нь аяллын талаар админтай ярилцаж байхдаа та нээлтээр явахдаа ягаан тэмдэгээ олоорой гэж хэлж байсан бөгөөд ийнхүү клубийн гишүүдийн хүсэл болсон анхны, одоогоор цор ганц ягаан тэмдэг минь биднийг хүлээн бүтэн 365 хоног хүлээсэн гэхээр цаанаа хайр хүрэм. Яг тэр агшинд аяллын жолоогоо татсан дугуйчин, яг тэр агшинд ягаан тэмдгийг олж харсан бүсгүй дугуйчин үнэхээр ерөөлтэй.

Зураг 4. 1. Хээр гадаа жил өнжсөн ягаан тэмдэг ба клубийн түүхэн дэх анхны ягаан тэмдэгтэн ЯТА Э.Ожго 2. Шинээр төрсөн улбар шар тэмдэгтэн 3. Клубийн ахмад гишүүд

Ямар олон цас бороо, салхи шуургыг өнгөрөөсөн бол, ягаан тэмдэг минь ярьдаг бол ямар их түүх хүүрнэх бол. Ягаан тэмдэгээ олсон баяраа хуваалцан хөгжилдөж эндээс өдөр ажилтай буцах 2 дугуйчнаа үдэж өгөөд хөдөлтөл түрүүн дасгал хийсэн орчинд үүргэвчээ мартсанаа нэг дугуйчин санаж эргээд жийлээ. Аяллын замд үүргэвчээ нуруунаасаа салгах ер нь дэмий, салгалаа гэхэд дугуйн дээрээ л тавихгүй бол мартдаг гэдгийг бараг бүх дугуйчин л амсаж мэдэрсэн болов уу.

Ийнхүү өнөөдрийн 40 дугуйчин тэмдэгээ олсондоо бөөн баяр цааш аяллаа үргэлжлүүллээ. Хааяа багахан халиа таарах авч хэдийнээ мөсөн хуяг нь нугарсан мөс бидэнд саад болсонгүй. Юу юугүй Еэвэнгийн дэлгүүр дээрээ давхиад ирлээ. Ардаас үүргэвчиндээ явсан дугуйчнаа хүлээж байгаад хамт ирэхээр сүүлийн хэдэн дугуйчин үлдсэн тул бусад дугуйчид аяллаа үргэлжлүүллээ. Бид хөдлөөд удсан ч үгүй арын хэд маань пижигнээд л ирсэн. Өнгөрсөн жил өвч бүрхсэн цас, овойж хөлдсөн мөс цасан толь шиг зам дээр хэд хэдээрээ хойно урд буудуулан (мөсөн дээгүүр явж байгаад гэнэт хальтирч унахыг бид буудуулах гэж нэрлэдэг) барин явсан бол энэ жил тэр бэрхшээл цасгүй тул огтоос алга. Баг бүтнээрээ Бурхант хошуундаа ирлээ. Цасгүй тул уулын энгэрлүү авирч цаснаас зугтаж суух ч хэрэг алга.

Зураг 5. Дугуйчин бүсгүйчүүл ба бяцхан түүдэг гал

Бурхантай хадныхаа доор уулын бэлд үдийн хоолоо идэн, аяллын тухай, хөгжил хөөртэй түүхээ хуваалцан, амттанаар биесээ дайлан, түүдэг асаан хэсэг амарч тухлахад энэ л агшины төлөө эрт босч энэ бүрхэг өглөө жийсэн гэлтэй.

Зураг 6. Аяллын оргил үе

Буцах цаг болж дурсгалын зургаа татуулаад ирсэн замаараа салхи сөрсөн ч гэлээ алсын уруу тул торолгүй жийхэд дахиад л аяллын баяр баясгалан сэтгэл дүүргэнэ.

Зураг 7. Гудам дүүрэн дугуйчид, буцах замд, 12:50 цаг

Ирсэн зам танил болохоор төдийлөн олон татсангүй жийсээр амны эхний айлуудын ард дөмөгхөн татаж, дугуй нь хагарч нөхөөд үлдсэн хэдэн дугуйчнаа хүлээх зуур хөгжилтэй яриа дахиад л олон үргэлжилнэ. Баг бүрдэж аваад зогсолтгүй жийсээр аялал эхлэсэн Амгалангийн CU гийн гадаа бөөгнөрч хэсэгхэн амсхийлээ. Эндээс админ аялал дууссаныг хэлж бөөндөө Дүнжингарав орох гишүүд баруунаас үлээх салхийг хоёр эгнээгээр бөөндөө явж туулахаар хөдөллөө. Ийнхүү энэ жилийн хаврын нээлт олуулаа хөгжилтэй сайхан болж гол нь нэгэн жилийн өмнө гээсэн тэмдэгээ эргээд зовлонгүй олсон түүхэн аялал болж үлдлээ.

Зураг 8. Байгалийн үзэмж ба дугуйчид

Одоо бямба гариг бүр аялал зарлагдана. Бид жийнэ. Зүгээр л жий.

Япон улсаас оролцсон ЦТГ Э.Дөлгөөний аяллын тэмдэглэл

Нээлтийн аяллаар арлын Япон улсаас хамт жийх боломж олгосон админууддаа маш их баярлалаа. Ганц амардаг өдөр маань нээлтийн аялал таарсан нь их аз завшаантай учрал болов.

Зураг 9. ЦТГ Э.Дөлгөөн

Өмнө нь хэд хэдэн удаа аялж багагүй туршалага хуримтлуулсан би гол дагуу далангийн дугуйн замыг /манайхаар бол Туул гол юм уу даа/ сонгож, аяллаа 09:14 минутанд эхлүүлэв. Дугуйн дээрээ мордож жийж эхэлмэгц өөдөөс 24-30 км/ц хурдтай салхи угтан авав. Баруун хойноос буюу Монголоос маань ирж байгаа салхи гэж бодон жийлтийн эрчимээ алдахгүй явсаар ...

Зураг 10. Аяллын маршрут ба зарим статистик

Амралтын өдрөөр хүмүүс хэсэг бүлгээрээ гүйх, дугуй унах, алхах, гольф болон бэйсбол тоглож байгааг харан өнгөрөх зуур амрах цэг дээрээ ирсэн байв.

Зураг 11. Үдийн цай

Энэ хооронд Сүхбаттайгаа видео дуудлагаар буу халав. Клубдээ анх хамт орсон 2, анх удаа гадаадаас аялж байгаа ховор хувь зохиол ч юм шиг санагдав.

Энэ улсын зам бол янзын янзын. Яг л рөүдэд зориулагдсан гэмээр хэхэ.

11:40 минутанд өдрийн цайгаа уучаад, гэрийн зүг зогсолтгүй жийсээр аяллаа дуусгав.

Австрали улсаас оролцсон УШТГ Б.Сүхбатын аяллын тэмдэглэл

Австрали улсын Сидней хотоос сэтгэл зүрхээрээ хамт Улаанбаатар уулын дугуйн клубийн нээлтийн аялалдаа оролцохыг хичээлээ.

Миний аялал орон нутгийн цагаар 10 цагт эхэлсэн бөгөөд яг гэрээс гарахад бороо орж байгаад зогссон учир чийглэг агаар болон нойтон зам угтаж авав. Байрны гадаах нойтон чулуун хавтан шалыг үл тоон жийж эхлээд яг дуусахын даваан дээр халтирч унан уулга алдсанаар аялал эхлэв.

Зураг 12. Өнөөдрийн миний жийлтийн маршрут ба статистик

Сидней хот бас ч гэж миний үзсэн том хотуудын нэг учир Монголд байдаг шигээ өөрийн баримжаа, газар орны мэдлэгээрээ ямарваа нэгэн газрыг зорих нь тун хэцүү. Миний хувьд заавал онлайн газрын зураг ашиглан зорчиж байна. Миний зорин явж буй газар болбоос өмнө очиж үзээгүй нэгэн далайн эрэг. Юу үзэж харахаа одоогоор мэдэхгүй л явна. Аяллын замд сонин содон зүйл байхгүй дандаа засмал замаар зорчино. Гэхдээ Сидней хотын газар зүйн онцлог нь ерөнхийдөө уулархаг юм шиг надад санагддаг. Учир юу гэвэл унадаг дугуйгаар зорчиход маш олон удаа их бага хэмжээгээр өгсөж урууддаг. Одоохондоо бууж түрсэн удаа байхгүйг бодоход бас ч гэж учиртай даваа бололтой. Ийнхүү явсаар зорьсон газраа очиход 35 км явж товлосон ёсоор 3 цаг зарцуулсан байв. Тухайн зорьж очсон далайн эргийг Long Reef Headland гэх бөгөөд харууц гоётой хүмүүс зорин очдог газрын нэг байлаа.

Зураг 13. Long Reef Headland эрэг

Мөн тухайн өндөрлөг хэсгээс хүмүүс шүхрээр хөөрч нисэж байхтай таарав. Зорьсон газраа очин түр амсхийх мөчид клубийн Япон улсад амьдарч буй цэнхэр тэмдэгт гишүүн залгаж хэсэг хууч хөөрөв. Мөн өөрийн амьдарч буй улсдаа Улаанбаатар уулын дугуйн клубийнхаа нээлтийн аялалд сэтгэл зүрхээрээ оролцож жийж яваа билээ.

Зураг 14. Далайн эргийн үзэмж

Хэсэг амарсны дараа ирсэн замаараа буцахаар зэхэж хувцас хэрэглэлээ өмсөж утсан дээрээ газрын зургаа оруулаад жийж эхлэв. Энэ үед утасны цэнэг 20% байсан бөгөөд замд цэнэггүй болох нь тодорхой байв. Ямартай ч аль болох гэртээ ойртох, болж өгвөл мэддэг таньдаг газрын бараа харчих санаатай яаравчлан жийж эхлэв. Харамсалтай нь замынхаа 3-ны 1-ийг туулж явах үед утас болоод ухаалаг цагны цэнэг хоёулаа дуусаж унтрав. Одоо яг яах вэ? Ямар ч байсан гэртээ харина. Гэхдээ хэрхэн зам аа олох вэ? Хэсэг бодсоны эцэст хамгийн ойрхон галт тэрэгний буудал ороод, ойролцоо замаар даган жийж байгаад төв буудал руу очих санаа төрөв. Учир нь ерөнхий газрын зураг дээр би төв буудлын ойролцоо өнгөрч байгаан байна гэсэн баримжаа байсан тул холгүй байгаа гэж гадарлаж байв. Ийнхүү ойролцоо байгаа галт тэрэгний буудлыг олж түүнийгээ даган жийж төв буудал дээр очив. Тэндээсээ гэрийн зүг жийх гэсэн 2 цаг төөрч будилж яваад ядарсан учир дугуйтайгаа галт тэргэнд сууя гэсэн санаа төрөв. Гэвч харамсалтай нь утас, цаг аль аль нь унтарсан учир төлбөрөө төлж чадахгүй байсан учир яах ч аргагүй үргэлжлүүлж жийхээс өөр сонголтгүй болов. Учир нь энд нийтийн тээвэртээ шууд банкны картаа дараад зорчиж болдог бөгөөд банкны карт нь биет болоод утсан дээр үүсгэсэн аль нь ч болдог учир биедээ олон юм авч явахгүй гээд утсаараа дарж явсаар байгаад сурсан учир өглөө гарахдаа банкны карт авч гараагүй бөлгөө. Мөн өглөө яг гарахын өмнө повер банк авах гэж байснаа мөн л ачааны нэмэр гэж төвөгшөөн үлдээсэн нь энэ бүх бүтэлгүйтлийн эхлэл болсныг тухайн үед ойлгов. Уг нь тэр повер банк жижиг бөгөөд хөнгөн шд. Тухайн үед ч тэгээд уйлаад яахав дээ цэндцэрэн минь гээд л өөртөө хэлэн дараагийн удаа гэсэн бодлоор галт тэрэгний замыг бараадан жийж эхлэв. Тэгж явсаар 1:30 цагийн дараа мэддэг газрын бараа харагдав. Өмнө нь явж байсан дугуйн зам руугаа орж үргэлжлүүлэн тайван бөгөөд удаанаар дахин 1:30 минут жийж гэртээ хүрэв. Ойрд дугуй унаагүй болоод ч тэр үү дээрээс нь одоо гэр ээ олно гэдэг нь ойлгомжтой болсон болхоор уу хамаг бие суларч, ядарч байгаа гэж жигтэйхэн. Мөн өнөөдрийн наранд гар түлэгдэж хорсож байгааг тухайн үед мэдрэв. Унадаг дугуйн аяллын нээлтээ хамт хийх гэж зорьсон маань бүтэлгүйтэл гэх үү сургамж гэх үү эсвэл бүр өөр гоё нэршил ч байж болох нэг тийм мартагдахааргүй болж өнгөрлөө.

Зураг 15. УШТГ Б.Сүхбат

Ер нь тэгээд олон юм бодохгүй Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ө.Идэрмөнх О.Одцэрэн П.Бадраа Р.Бямбадорж З.Энхтулга С.Амгалан Э.Жаргалмаа Ч.Алд-Уул Ж.Төгсбаяр Э.Сарангарав Б.Алтантулга Т.Энхтөр О.Шинэбаяр Ч.Гомбосүрэн Э.Дөлгөөн Д.Ганболд Д.Бямбасүрэн С.Отгонбаатар Д.Ганбат Б.Сүхбат Д.Сонинбаяр Г.Ёндонжамц Д.Жамъяндорж Г.Бат-Оргил Т.Ган-Очир Д.Мөнхнаст Ц.Наранхүү Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Т.Баярсайхан Б.Бадрах Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Н.Төгөлдөр С.Мөнхбат Д.Цолмон Г.Махгал У.Одбаяр П.Золзаяа Б.Насанбат Э.Ожго
Ө.Идэрмөнх
  • 1185 км дутуу
  • 74 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Одцэрэн
  • 1185 км дутуу
  • 74 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
П.Бадраа
  • 1185 км дутуу
  • 74 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Р.Бямбадорж
  • 1099 км дутуу
  • 160 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
З.Энхтулга
  • 1045 км дутуу
  • 214 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Амгалан
  • 980 км дутуу
  • 279 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Жаргалмаа
  • 859 км дутуу
  • 400 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ч.Алд-Уул
  • 592 км дутуу
  • 667 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ж.Төгсбаяр
  • 359 км дутуу
  • 900 км
  • 11
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Сарангарав
  • 330 км дутуу
  • 929 км
  • 9
  • 0
  • 0
  • 1
  • 0
Б.Алтантулга
  • 1276 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Энхтөр
  • 1297 км
  • 16
  • 0
  • 0
  • 0
  • 0
О.Шинэбаяр
  • 1553 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ч.Гомбосүрэн
  • 1584 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Дөлгөөн
  • 1991 км
  • 22
  • 0
  • 0
  • 0
  • 1
Д.Ганболд
  • 2243 км
  • 29
  • 1
  • 0
  • 0
  • 0
Д.Бямбасүрэн
  • 2609 км
  • 27
  • 1
  • 0
  • 1
  • 1
С.Отгонбаатар
  • 2629 км
  • 29
  • 0
  • 0
  • 1
  • 1
Д.Ганбат
  • 4767 км
  • 44
  • 2
  • 1
  • 0
  • 0
Б.Сүхбат
  • 5074 км
  • 50
  • 6
  • 0
  • 1
  • 0
Д.Сонинбаяр
  • 5242 км
  • 48
  • 7
  • 2
  • 1
  • 2
Г.Ёндонжамц
  • 5725 км
  • 50
  • 5
  • 1
  • 1
  • 0
Д.Жамъяндорж
  • 6608 км
  • 62
  • 11
  • 1
  • 0
  • 2
Г.Бат-Оргил
  • 6937 км
  • 50
  • 2
  • 1
  • 2
  • 1
Т.Ган-Очир
  • 7195 км
  • 76
  • 6
  • 0
  • 2
  • 2
Д.Мөнхнаст
  • 7396 км
  • 64
  • 6
  • 1
  • 3
  • 0
Ц.Наранхүү
  • 7678 км
  • 80
  • 7
  • 0
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 7837 км
  • 76
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8421 км
  • 87
  • 6
  • 1
  • 0
  • 2
Т.Баярсайхан
  • 8569 км
  • 96
  • 2
  • 0
  • 3
  • 0
Б.Бадрах
  • 9092 км
  • 91
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9862 км
  • 103
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 11088 км
  • 107
  • 11
  • 1
  • 2
  • 3
Н.Төгөлдөр
  • 11500 км
  • 85
  • 16
  • 3
  • 2
  • 2
С.Мөнхбат
  • 11859 км
  • 104
  • 15
  • 3
  • 3
  • 1
Д.Цолмон
  • 11924 км
  • 113
  • 23
  • 3
  • 2
  • 0
Г.Махгал
  • 11929 км
  • 121
  • 9
  • 1
  • 2
  • 4
У.Одбаяр
  • 12279 км
  • 82
  • 5
  • 3
  • 2
  • 6
П.Золзаяа
  • 12981 км
  • 121
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 13015 км
  • 85
  • 6
  • 4
  • 1
  • 2
Э.Ожго
  • 28535 км
  • 254
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Д.Ганбат Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4767 км
Зүгээр л жий!