Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
2025 оны Хаврын нээлт Ням гаригт эхэллээ. Учир нь уламжлал болсон бямба гарагт Мартын 8 тохиосон тул залуусыг гэр бүлдээ цаг зарцуулах талыг бодож ийнхүү энэ өдөр хийсэн билээ. Жил бүрийн хаврын нээлтээ клубын залуус төдийгүй манай клубтэй хамт жийх хүсэлтэй шинэ хүмүүс ч их хүлээдэг.
Ийнхүү 3 сарын 9 өдрийн Ням гаригт зарлагдсан хаврын нээлтийн бүртгэлд маань 56 хүн бүртгүүлсэн харагдана. За ямартаа ч олуулаа жийх нь дээ харин өмнөх шөнө шуурсан шуурга, бүүдгэр тэнгэрийг бас бага зэргийн цастай гэсэн цаг агаарын мэдээг хараад хэдэн хүн өглөө босч ирэхийг таашгүй.
56 хүн хэд болж цөөрөхийг мэдэхгүй гэсэн үг л дээ. Цуглах цэг дээр админ ч энэ тухай хэлж 10- 20% ийн алдагдалтай л цуглах болов уу даа гэсэн нь биелэлээ олж энэ удаагийн хаврын нээлтэндээ 40 гишүүн цуглаж аваад жийлээ. Гэхдээ энэ бол бага тоо биш юм. Манай клубийн аялал л ийнхүү хагас зуугаас давсан хүнийг цуглуулдаг. Яг одоо 40 хүн жийж байгаа ч Австрали улсад 1, Япон улсад 1 дугуйчин маань яг энэ цагт зэрэг жийж байгаа болохоор хамт жийж байгаа гэсэн үг юм. Клубийн дүрэм ингэж алс хол байгаа гишүүдээ тухайн аялалдаа бүртгүүлээд амьдарч байгаа орчиндоо ижил км жийж аяллын тэмдэглэл, мэдээгээ оруулсан тохиолдолд хамт жийсэнд тооцдог гайхалтай дэмжлэгтэй билээ. Тиймээс бид өнөөдөр 42 гишүүн жийж байгаа гэсэн үг.
Хаврын нээлтийн аялал уламжлал ёсоор УБ хотын зүүн хойд зүг Улиастайн аманд байдаг Бурхант хошууг чиглэлээ. Бүүдгэр ч гэлээ хаврын урь орсон сэвэлзсэн салхитай өглөө. Удаан уулзаагүй анд нөхөдтэйгээ нийлж аваад байгальд уусан жийнэ гэдэг хичнээн сайхан билээ. Үүнийг аялалд гарсан хүн л мэдэрнэ. Энэ өвөл цас багатай өвөл болсныг сануулан цасгүй замаар бид Улиастай амыг өгсөн урд хойноо орон жийцгээлээ. Араас салхи дэмнэн буцахдаа та нар салхи сөрнө шүү гэдгийг хэлнэ. Амны эхний айлуудыг өнгөрөөд баг бөөнөөрөө цуглан хойноос ирэх бусдыгаа хүлээн цуглуулаад уламжлал болсон хөнгөн дасгалаа хийлээ.
Цааш үргэлжлүүлэн дахин 4 орчим км жийгээд нэгэн өндөрлөг хэсэгт толгойн хэсэг татах агшинд үнэхээр бүхнийг баярлуулсан бараг түүхэн гэж хэлж болох үйл явдал боллоо. Өнгөрсөн жилийн Хаврын нээлтийн аяллаар клубийн админ ягаан тэмдэгийн болзол хангаж (20155 км-ын босготой) клубийн түүхэн дэх анхны ягаан тэмдэгээ админ хүлээж авсан юм. Харамсалтай нь аяллаас буцах замдаа буюу яг одоо бидний жийж байгаа энэ замд бусдад тусалж яваад админ ягаан тэмдэгээ гээж клуб даяараа харамсаад өнгөрсөн юм. Энэ удаа яг тэр замаараа жийж яваа болохоор урд хойно ягаан тэмдэгээ олно гэж байхгүй л байхдаа гэх яриа гарсаар, би хүртэл бүүр өмнө нь аяллын талаар админтай ярилцаж байхдаа та нээлтээр явахдаа ягаан тэмдэгээ олоорой гэж хэлж байсан бөгөөд ийнхүү клубийн гишүүдийн хүсэл болсон анхны, одоогоор цор ганц ягаан тэмдэг минь биднийг хүлээн бүтэн 365 хоног хүлээсэн гэхээр цаанаа хайр хүрэм. Яг тэр агшинд аяллын жолоогоо татсан дугуйчин, яг тэр агшинд ягаан тэмдгийг олж харсан бүсгүй дугуйчин үнэхээр ерөөлтэй.
Ямар олон цас бороо, салхи шуургыг өнгөрөөсөн бол, ягаан тэмдэг минь ярьдаг бол ямар их түүх хүүрнэх бол. Ягаан тэмдэгээ олсон баяраа хуваалцан хөгжилдөж эндээс өдөр ажилтай буцах 2 дугуйчнаа үдэж өгөөд хөдөлтөл түрүүн дасгал хийсэн орчинд үүргэвчээ мартсанаа нэг дугуйчин санаж эргээд жийлээ. Аяллын замд үүргэвчээ нуруунаасаа салгах ер нь дэмий, салгалаа гэхэд дугуйн дээрээ л тавихгүй бол мартдаг гэдгийг бараг бүх дугуйчин л амсаж мэдэрсэн болов уу.
Ийнхүү өнөөдрийн 40 дугуйчин тэмдэгээ олсондоо бөөн баяр цааш аяллаа үргэлжлүүллээ. Хааяа багахан халиа таарах авч хэдийнээ мөсөн хуяг нь нугарсан мөс бидэнд саад болсонгүй. Юу юугүй Еэвэнгийн дэлгүүр дээрээ давхиад ирлээ. Ардаас үүргэвчиндээ явсан дугуйчнаа хүлээж байгаад хамт ирэхээр сүүлийн хэдэн дугуйчин үлдсэн тул бусад дугуйчид аяллаа үргэлжлүүллээ. Бид хөдлөөд удсан ч үгүй арын хэд маань пижигнээд л ирсэн. Өнгөрсөн жил өвч бүрхсэн цас, овойж хөлдсөн мөс цасан толь шиг зам дээр хэд хэдээрээ хойно урд буудуулан (мөсөн дээгүүр явж байгаад гэнэт хальтирч унахыг бид буудуулах гэж нэрлэдэг) барин явсан бол энэ жил тэр бэрхшээл цасгүй тул огтоос алга. Баг бүтнээрээ Бурхант хошуундаа ирлээ. Цасгүй тул уулын энгэрлүү авирч цаснаас зугтаж суух ч хэрэг алга.
Бурхантай хадныхаа доор уулын бэлд үдийн хоолоо идэн, аяллын тухай, хөгжил хөөртэй түүхээ хуваалцан, амттанаар биесээ дайлан, түүдэг асаан хэсэг амарч тухлахад энэ л агшины төлөө эрт босч энэ бүрхэг өглөө жийсэн гэлтэй.
Буцах цаг болж дурсгалын зургаа татуулаад ирсэн замаараа салхи сөрсөн ч гэлээ алсын уруу тул торолгүй жийхэд дахиад л аяллын баяр баясгалан сэтгэл дүүргэнэ.
Ирсэн зам танил болохоор төдийлөн олон татсангүй жийсээр амны эхний айлуудын ард дөмөгхөн татаж, дугуй нь хагарч нөхөөд үлдсэн хэдэн дугуйчнаа хүлээх зуур хөгжилтэй яриа дахиад л олон үргэлжилнэ. Баг бүрдэж аваад зогсолтгүй жийсээр аялал эхлэсэн Амгалангийн CU гийн гадаа бөөгнөрч хэсэгхэн амсхийлээ. Эндээс админ аялал дууссаныг хэлж бөөндөө Дүнжингарав орох гишүүд баруунаас үлээх салхийг хоёр эгнээгээр бөөндөө явж туулахаар хөдөллөө. Ийнхүү энэ жилийн хаврын нээлт олуулаа хөгжилтэй сайхан болж гол нь нэгэн жилийн өмнө гээсэн тэмдэгээ эргээд зовлонгүй олсон түүхэн аялал болж үлдлээ.
Одоо бямба гариг бүр аялал зарлагдана. Бид жийнэ. Зүгээр л жий.
Нээлтийн аяллаар арлын Япон улсаас хамт жийх боломж олгосон админууддаа маш их баярлалаа. Ганц амардаг өдөр маань нээлтийн аялал таарсан нь их аз завшаантай учрал болов.
Өмнө нь хэд хэдэн удаа аялж багагүй туршалага хуримтлуулсан би гол дагуу далангийн дугуйн замыг /манайхаар бол Туул гол юм уу даа/ сонгож, аяллаа 09:14 минутанд эхлүүлэв. Дугуйн дээрээ мордож жийж эхэлмэгц өөдөөс 24-30 км/ц хурдтай салхи угтан авав. Баруун хойноос буюу Монголоос маань ирж байгаа салхи гэж бодон жийлтийн эрчимээ алдахгүй явсаар ...
Амралтын өдрөөр хүмүүс хэсэг бүлгээрээ гүйх, дугуй унах, алхах, гольф болон бэйсбол тоглож байгааг харан өнгөрөх зуур амрах цэг дээрээ ирсэн байв.
Энэ хооронд Сүхбаттайгаа видео дуудлагаар буу халав. Клубдээ анх хамт орсон 2, анх удаа гадаадаас аялж байгаа ховор хувь зохиол ч юм шиг санагдав.
Энэ улсын зам бол янзын янзын. Яг л рөүдэд зориулагдсан гэмээр хэхэ.
11:40 минутанд өдрийн цайгаа уучаад, гэрийн зүг зогсолтгүй жийсээр аяллаа дуусгав.
Австрали улсын Сидней хотоос сэтгэл зүрхээрээ хамт Улаанбаатар уулын дугуйн клубийн нээлтийн аялалдаа оролцохыг хичээлээ.
Миний аялал орон нутгийн цагаар 10 цагт эхэлсэн бөгөөд яг гэрээс гарахад бороо орж байгаад зогссон учир чийглэг агаар болон нойтон зам угтаж авав. Байрны гадаах нойтон чулуун хавтан шалыг үл тоон жийж эхлээд яг дуусахын даваан дээр халтирч унан уулга алдсанаар аялал эхлэв.
Сидней хот бас ч гэж миний үзсэн том хотуудын нэг учир Монголд байдаг шигээ өөрийн баримжаа, газар орны мэдлэгээрээ ямарваа нэгэн газрыг зорих нь тун хэцүү. Миний хувьд заавал онлайн газрын зураг ашиглан зорчиж байна. Миний зорин явж буй газар болбоос өмнө очиж үзээгүй нэгэн далайн эрэг. Юу үзэж харахаа одоогоор мэдэхгүй л явна. Аяллын замд сонин содон зүйл байхгүй дандаа засмал замаар зорчино. Гэхдээ Сидней хотын газар зүйн онцлог нь ерөнхийдөө уулархаг юм шиг надад санагддаг. Учир юу гэвэл унадаг дугуйгаар зорчиход маш олон удаа их бага хэмжээгээр өгсөж урууддаг. Одоохондоо бууж түрсэн удаа байхгүйг бодоход бас ч гэж учиртай даваа бололтой. Ийнхүү явсаар зорьсон газраа очиход 35 км явж товлосон ёсоор 3 цаг зарцуулсан байв. Тухайн зорьж очсон далайн эргийг Long Reef Headland гэх бөгөөд харууц гоётой хүмүүс зорин очдог газрын нэг байлаа.
Мөн тухайн өндөрлөг хэсгээс хүмүүс шүхрээр хөөрч нисэж байхтай таарав. Зорьсон газраа очин түр амсхийх мөчид клубийн Япон улсад амьдарч буй цэнхэр тэмдэгт гишүүн залгаж хэсэг хууч хөөрөв. Мөн өөрийн амьдарч буй улсдаа Улаанбаатар уулын дугуйн клубийнхаа нээлтийн аялалд сэтгэл зүрхээрээ оролцож жийж яваа билээ.
Хэсэг амарсны дараа ирсэн замаараа буцахаар зэхэж хувцас хэрэглэлээ өмсөж утсан дээрээ газрын зургаа оруулаад жийж эхлэв. Энэ үед утасны цэнэг 20% байсан бөгөөд замд цэнэггүй болох нь тодорхой байв. Ямартай ч аль болох гэртээ ойртох, болж өгвөл мэддэг таньдаг газрын бараа харчих санаатай яаравчлан жийж эхлэв. Харамсалтай нь замынхаа 3-ны 1-ийг туулж явах үед утас болоод ухаалаг цагны цэнэг хоёулаа дуусаж унтрав. Одоо яг яах вэ? Ямар ч байсан гэртээ харина. Гэхдээ хэрхэн зам аа олох вэ? Хэсэг бодсоны эцэст хамгийн ойрхон галт тэрэгний буудал ороод, ойролцоо замаар даган жийж байгаад төв буудал руу очих санаа төрөв. Учир нь ерөнхий газрын зураг дээр би төв буудлын ойролцоо өнгөрч байгаан байна гэсэн баримжаа байсан тул холгүй байгаа гэж гадарлаж байв. Ийнхүү ойролцоо байгаа галт тэрэгний буудлыг олж түүнийгээ даган жийж төв буудал дээр очив. Тэндээсээ гэрийн зүг жийх гэсэн 2 цаг төөрч будилж яваад ядарсан учир дугуйтайгаа галт тэргэнд сууя гэсэн санаа төрөв. Гэвч харамсалтай нь утас, цаг аль аль нь унтарсан учир төлбөрөө төлж чадахгүй байсан учир яах ч аргагүй үргэлжлүүлж жийхээс өөр сонголтгүй болов. Учир нь энд нийтийн тээвэртээ шууд банкны картаа дараад зорчиж болдог бөгөөд банкны карт нь биет болоод утсан дээр үүсгэсэн аль нь ч болдог учир биедээ олон юм авч явахгүй гээд утсаараа дарж явсаар байгаад сурсан учир өглөө гарахдаа банкны карт авч гараагүй бөлгөө. Мөн өглөө яг гарахын өмнө повер банк авах гэж байснаа мөн л ачааны нэмэр гэж төвөгшөөн үлдээсэн нь энэ бүх бүтэлгүйтлийн эхлэл болсныг тухайн үед ойлгов. Уг нь тэр повер банк жижиг бөгөөд хөнгөн шд. Тухайн үед ч тэгээд уйлаад яахав дээ цэндцэрэн минь гээд л өөртөө хэлэн дараагийн удаа гэсэн бодлоор галт тэрэгний замыг бараадан жийж эхлэв. Тэгж явсаар 1:30 цагийн дараа мэддэг газрын бараа харагдав. Өмнө нь явж байсан дугуйн зам руугаа орж үргэлжлүүлэн тайван бөгөөд удаанаар дахин 1:30 минут жийж гэртээ хүрэв. Ойрд дугуй унаагүй болоод ч тэр үү дээрээс нь одоо гэр ээ олно гэдэг нь ойлгомжтой болсон болхоор уу хамаг бие суларч, ядарч байгаа гэж жигтэйхэн. Мөн өнөөдрийн наранд гар түлэгдэж хорсож байгааг тухайн үед мэдрэв. Унадаг дугуйн аяллын нээлтээ хамт хийх гэж зорьсон маань бүтэлгүйтэл гэх үү сургамж гэх үү эсвэл бүр өөр гоё нэршил ч байж болох нэг тийм мартагдахааргүй болж өнгөрлөө.
Ер нь тэгээд олон юм бодохгүй Зүгээр л жий!
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Д.Ганбат | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4767 км |