Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #69 - Хөвсгөл нуурын мөсөн дээгүүрх жийлт

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/361
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Гишүүдийн саналд үндэслэн хуваасан олон баг
Замын урт
124 км
Давааны тоо
0
Өндөр авалт
0 м
Өндөр алдалт
0 м
Их өгсөлт
0 %
Их уруудалт
0 %
Оролцогчдын тоо
4
Эхлэх цаг
2025 оны 2 сарын 23 Ням гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Хөвсгөл аймаг, Хатгал суурин
Цуглах цэгийн солбицол
50.443833, 100.16375
50°26'37.8"N, 100°9'49.5"E
80
40
120
20
60
100
10
30
50
70
90
110
5
15
25
35
45
55
65
75
85
95
105
115
0
10
20 km
0204060km1,642.01,642.5m
© OpenStreetMap

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

2025 оны 2 дугаар сарын 13-23 өдрүүдэд зохиогдох "Хөх сувд-2025” мөсний баярыг тохиолдуулан, Хөвсгөл нуурын мөсөн замаар унадаг дугуй жийн аялах хүсэлтэй гишүүдийн санаачлагаар энэхүү жийлтийг зарлалаа.

Жийлтэд хамрагдах клубийн гишүүд хэсэг бүлгээрээ нэгдэн багийн зохион байгуулалтад орж, мөсний баярын өдрүүд буюу 2 дугаарын 13 өдрөөс 23 дуусталх нийт 11 өдрийн аль нэгд, заасан маршрутыг бүтнээр юм уу хэсэгчлэн туулж оролцоно. Оролцоо буюу жийлтээ хувийн хэрэгтээ тусгуулахдаа унадаг дугуй жийлтийн Strava бичлэгийн линк, жийлтийн үеэрх фото зураг, фото зургийн товч тайлбар, жийлтийн талаарх бичвэр тэмдэглэл зэргийг 2 дугаар сарын 26-ны өдөрт багтаан клубийн админд илгээнэ.

Ийнхүү Хөх сувд 2025 мөсний баярын арга хэмжээг үзэж сонирхонгоо уул даваа зэрэг өгсүүр, уруу байтугай ямар ч өндөр авалт ба өндөр алдалтгүй буюу өндөр авалт ба өндөр алдалт нь яг тэгтэй тэнцүү байдаг ийм өвөрмөц замаар жийн унадаг дугуйгаар аялахыг урьж байна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

УТГ П.Золзаяа ахлагчтай багийн аяллын тэмдэглэл

2-р сарын 15. Хөх сувд мөсний баяр үзэх, Мөнхсарьдаг ууланд авирах, Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр дугуй жийх зорилготой баг УШТГ Л.Батболд, ШТГ Н.Даваасамбуу, УШТГ Д.Жамьяндорж, УТГ П.Золзаяа болон зураглаач н.Чойдог нарын бүрэлдэхүүнтэйгээр өглөө ачаа бараа, дугуйгаа машиндаа ачин Мөрөн хотыг зүглэв. Мөрөн хотод УШТГ Л.Батболдын том эгчийнд чанасан махаар дайлуулаад тухлан хонов.

2-р сарын 16. Замд зуур Соёмбот хүрээлэн, 50°100° цогцолбор үзээд Хатгал мөсний баярыг зорив. Морин чарга хөлөглөж Хөвсгөл нуурын жавраар тасхийтэл ороолгуулан хөгжилдөөд бужигнах олон дунд шумбан тэмээ, цаа буга унаж, мөсөн баримал үзэж, үдийн хоолондоо загасны махаар хийсэн хуушуур сонирхож идээд Ханх сум руу хүлгийн жолоо залав. Далайн мөс нэг хэсэгтээ толь мэт, заримдаа элсэн манхан адил атираатсан, намагтай газрын дов сондуул шиг, говийн дэржигнүүр зам дээгүүр яваа мэт гэхчилэн олон янзаар хөлдсөн байгаа нь сонирхол татах ч тэр бүр дээгүүр машинтайгаа хурдаа тааруулан явах жаахан адармаатай аж. Арын суудлаас "Та нар чинь үр хүүхдээ боддоггүй улсууд уу? Би буугаад алхая аа" гэх үгс хааяа сонсогдоно. Ханхад ирж Барбарис кэмпэд байрлан сайхан цуйван сэгсэрч идээд үүрээр авиралт эхлэх тул хувцас хунараа бэлдэн эртхэн амарцгаав.

2-р сарын 17. Үүрийн харанхуйгаар алхалт эхлэх цэг рүү хөдлөн 06:10 цагаас алхалт эхлэн 11:45 цагт багаараа оргил дээр гарцгаасан байв. Энэ жил цас бага байсан тул зүүн талаас нь эгц авирлаа. Цаг агаар тогтуун байсан тул орчны байгалийг шагшран, эгц хавцлуудаас сүрдэсхийн, зураг бичлэг хангалттай хийж бараг цаг шахуу оргил дээр байсны эцэст уулчдын авирдаг жим даган бууцгаав. Кэмпдээ очиж гурилтай шөл хийж идэцгээгээд дугуйгаа бэлдэн мөсөн дээгүүр ойр зуур жийж сонирхов.

2-р сарын 18. Ханхад цугласан 3 хэсэг дугуйчид хамтран өглөө 10:00 цагаас бөөндөө патиараа татуулаад далай дээгүүрх жийлтээ эхлэв.

Зураг 1. Зүүнээс УТГ П.Золзаяа, УШТГ Л.Батболд, ШТГ Н.Даваасамбуу, УШТГ Д.Жамьяндорж

Хамт жийж, хамтдаа цайлаад 32 дахь км-ээс бид дугуйгаа ачин аяллын дараагийн маршрут болох Ренчинлхүмбэ сум руу явахаар Жиглэгийн ам руу зам салав. Зам зуур цастай хэсэгт сноубоардоороо машинаар чирүүлэн хэсэг хөгжилдөв. 2020 оны зун дугуйгаар давж байсан даваагаа энэ удаад өвөл машинаар давах нь сонирхолтой байлаа. Зам зуур хий эргэн зогсох нутгийн жижиг тэргийг хамжилцан гаргаад ачааг нь бөөндөө зөөж өгөөд талархлын үгсээр үдүүлэн замаа хөөв. Ренчинлхүмбэ суманд шинэхэн барьсан тохилог хөөрхөн буудалд тухлан 1965 оны зуух тавьсан байхыг ихэд сонирхон хоолоо хийцгээв. Хашаан дотроо галлагаатай 5 машин орох дулаан гаражтай нь өвлийн аялагчдын хувьд ихэд олзуурхууштай зүйл байв.

2-р сарын 19. Өглөөний нар мандах үед Жаргант гол хамгийн үзэсгэлэнтэй байх аж. Энд хэсэг бужигнан байгалийн сайхныг шагшин зураг бичлэг хийгээд Улаан уул сумын зүг хөдлөв. Замд багахан төөрч машины шандас шалгаад Ар босготын хавцлыг зорив. Өвлийн үзэсгэлэнг үнэхээр Хөвсгөл нутгаас мэдрэх юм. Өөр өөрийн онцлогтой, цас мөсөнд дарагдан уур манан савсуулсан сүрлэг байгалийг энд л янз янзаар үзэх ажээ. Ар босготын хавцлаар Дэлгэрхаан оргил үзэгдэх хэсэг хүртэл алхацгаан дроноо нисгэж бичлэг хийв. Байгаль хамгаалагч угтан ирж хаалтны тэнд тавьсан машинуудын зарим нь мөс цөмөрч усанд орсон байгааг анхааруулахыг сонсоод яаравчлан буцах замдаа оров. Улаан уул сумын Тайга буудалд зочин ихтэй, Өвөрмонголоос ирсэн жуулчид үндэсний содон дээл хувцсаараа нүд хужирлана. Галлагаагүй гаражтай, гал тогооны өрөөг зочиддоо ашиглуулдаг, захиалгаар хоол хийж өгдөг, бор цай, буцалсан ус үнэгүй юм байна. Түлүүгийн буузнаас илүү сайхан том том бууз жигнүүлж идээд амарцгаав.

2 сарын 20. Дугуйны хий суларсан байсан тул солих гэж жаахан цаг авав. Ар босгот дээр баахан халиа туучиж яваад боолт бусад зүйлс зузаан мөсөөр бүрхэгдэн хөлдсөн аж. Буудлын эзэн Цоомоо ах түлхүүр багаж, компрессороор сэтгэл гарган туслав. Ингээд Дуут булаг хэмээх үзэсгэлэнт газрыг сонирхохоор давхин очиход 5 машин эгнэн зогсож жуулчид нь тэр хэсгээр тархан бэлчсэн харагдана. Гаднаасаа энгийн нэг шугуй харагдавч шургаад ороход гайхам үзэсгэлэн угтан авна. Үлгэрийн кинон дээр гардаг мэт цан хүүрэгт хучигдан хөглөрөх моддыг сүлжин, хуруу гараа жаварт тасхийтэл хайруулавч зураг авахгүй байхын аргагүй аж. Улаан уулд буцаж ирэн дугуй солих зуур орон нутгийн музейг үзэж сонирхов. Зурагчин залууд маань эх орных нь байгаль, ан амьтан ихэд сонирхолтой байгаа тул энийг ч харж шагширч, тэрийг ч харж гайхах нь музейн тайлбарлагчид таалагдан ихэд дэлгэрүүлэн ярих аж. Ингээд машин бэлэн болж ачаагаа цэгцэлж ачаад Мөрөн хотыг зүглэв. Өлийн давааны 13 овоон дээр багаараа зургаа даруулаад Тоомын бригадад кофе ууж сэргээд Мөрөн хотод Ичинхорлоо эгчийнд ирэхэд түмпэн дүүрэн халуун хуушуур, далан давхар гамбир хийчихсэн хүлээж байв. Аяллын үед идсэн хоол бүхэн хамгийн амттай байдаг даа. Тав тухтай хонуулж, амтат хоолоор дайлан, сүү өргөн үдсэн Ичинхорлоо эгчид баярлалаа гээд дахин хэлье.

2 сарын 21. Үүрээр эртлэн босож цай ундаа ууж, халуун усаар савнуудаа дүүргээд гэрийн зүг хөдлөв. Аяллыг санаачилсан Батболдод талархаснаа хэлэе. Энэ удаагийн авиралт нь Батболд гишүүний Мөнхсарьдагт авирсан 21 дэх авиралт нь байв. Гар нийлсэн ажилсаг залуус Даваасамбуу, Жамьяндорж хоёртоо баярлалаа. Хоол унд хийх, гал түлэх, ачаа бараагаа цэгцлэх, ачих, дэлгүүрээс хоол хүнс цуглуулах, машинаа яав ийв гээд эргэж тойрох нь үнэхээр өөриймсөг, аяллыг тухтай, улам хөгжилтэй болгож байв. Камер, дрон гээд бүх хэрэгслээр өвч бүрэн зэвсэглэн аяллын турш зураг авч, бичлэг хийж явсан, Чойдогтоо бас баярлалаа. Эвтэй, нийцтэй, хөгжилтэй, авиралт, жийлт, гулгалт зэрэг сонирхолын төрлүүдээ ашиглан хийсэн өвлийн аялал маань ийнхүү өндөрлөлөө.

Цас бол манай тал

Тэмдэглэл бичсэн УТА Г.Махгал

Хөх сувд - 2025 мөсний баяр нь 2-р сарын 13-наас 23 дуустал нийтдээ 11 өдрийн турш буюу урьд байгаагүй олон өдрийг хамран зохиогдож байгаагаараа онцлогтой юм. Gogo зэрэг эх сурвалжид дурдсанчлан энэ удаагийн арга хэмжээ 24 дэх нь ажээ. Миний хувьд өмнөх мөсний баяруудын үеэр ажлын чөлөө завсар огт таарахгүй байсан учраас тус баярыг нүдээр үзэн сонирхож чадалгүй явсаар өдийг хүргэсэн билээ. Харин энэ онд пүрэв гарагт гарч, мөсний баяр үзэж сонирхчихоод, ням юм уу даваа гарагт багтаан буцаж ирэх завшаан тохиосон юм.

Зураг 2. Хөвсгөл нуурын мөсөн дээр гарлаа. 2 сарын 14 өдрийн 13:15 цаг

2-р сарын 13 пүрэв гараг. Өглөө эртлэн босож ачаа тээш болон унадаг дугуйгаа машиндаа ачив. Хэрэг болно, байх шаардлагатай гэж авсаар байтал овоо хэдэн бөндгөр юм болжээ. Тэдгээрийг увуулан цувуулан зөөх бас унадаг дугуйгаа машин дээр сайтар бэхлэх, цоожлох зэрэг нь чамгүй цаг хугацаа хумслах аж. Ингээд хөдлөхөд УБ хотын алдарт түгжрэл аль хэдийн эхэлжээ. Хотоос гарах гэсээр байтал 9 цаг аль хэдийн өнгөрөв. Ийнхүү хотоос сугарч гарахад чамгүй хугацаа зарцуулсан нь Баянчандманьд 10:20 цагийн үед хүрсэнээс тодорхой харагдана. "Өвлийн сар дуусаагүй. Тэгэхээр юу юугүй л харанхуй болно доо. Гэгээтэйд ахиухан зам туулах юм шүү." Ийм бодол тархинд эргэлдээстэй. Яарлаа гээд хурд хэтрүүлж хамаагүй давхисангүй. Ер нь замдаа гурав дөрөвхөн л машин гүйцсэн болов уу. Гэтэл хурдаа яг 80 км/ц дээр түгжчихсэн явж байхад хажуугаар сүнгэнэн өнгөрөх машинууд "гайхалтай". Хурдаа 80-аас дээш гаргаж 120 хүргэж болдог зам миний мэдэхээр ганц л байдаг даа, Монголд маань. Ай хэн мэдэхэв. Буянаараа болцгоогтун.

УБ-Дархан чиглэлийн замаас гарч улмаар Эрдэнэт, Булган хотоор дамжин томоохон төв суурин газруудаас холдох тусам замын хөдөлгөөн сийрэгшээд эхлэв. Ийнхүү урдаа ч хойноо ч автомашингүй явах сэтгэлд хэчнээн амар байдаг билээ дээ. Эрдэнэтээр дайрахдаа Булган руу хөтлөх зам дагуух ганц CU-д орж хоол идэж, бие засан аян замын алжаалаа тайлсан. Цаг 15:20. Дээр дурдсан хурдан түргэн явахыг бодитой болгох ганцхан тактик байгаа нь "дэмий сул зогсохгүй" юм. Ийнхүү Эрдэнэтэд л ганц удаа зогсов. Ийнхүү Түлүүгийн даваа дээрх замын гуанз гэх мэтчилэнгийн хажуугаар нүд харанхуй, чих дүлий мэт өнгөрлөө. Зөвхөн шатахуун авах гэж Хутаг-Өндөр дээр л ганц зогсов.

Яван явсаар Мөрөн хотод 21 цаг үл ялиг өнгөрөөн хүрч очив. Ийнхүү тэнд боломжийн эрт очсон ч буудал хайн хэдэн минут шал дэмий хий эргэсэн нь жаахан харамсалтай. "Болохгүй бол ... За юу ч гэсэн шатахууныхаа савыг дүүргэчихье" гээд эргэв. Мөрөнгийн ихэнх шатахуун түгээгүүр нь захын бусад аймгуудтай л адил Мөрөнгөөс Булган руу явах зам дагуу хотоосоо гарах чигтээ байдаг. Ингээд явж байтал нэг хаяг харагдахаар очив. Түрүүн хажуугаар нь явахад түүний хаяг миний харах чигийн дагуу далдлагдаад харагдалгүй өнгөрсөн бололтой. Хэдий цоожтой ч, машин дээр ачсан унадаг дугуйндаа сэтгэл зовж байсан надад "нохойтой хашаанд машинаа оруулж болох" нь ёстой янзтай.

2-р сарын 14 баасан гараг. 09:20 цагт Мөрөн хотоос гарав. Хатгал хүртэлх замын эвдрэл гайгүй ч цэвдгээс шалтгаалан суусан, овойсон нь яг л синусоид гэмээр санагдана. Цаг гаруй давхиад, давхих ч гэж дээ, синусоидын оройгоос шидэгдэхгүйн тулд хааз ба тоормостой ноцолдож явсаар Хатгал оров.

Хатгалд хийх хамгийн эхний ажил тэнд байрлах байраа олох юм. Хэрэв боломжийн байр олдохгүй бол Мөрөнд буцан очиж хононо гээд өнөөх буудлын эзний утсыг авсан. Хатгал руу ороод УБ-аас гарахаасаа өмнө "тоочиглосон" MS Guest House дээр шууд очив. Цаг 11:00 дөхжээ. Эзэн нь өөрөө гардан удирдаж ажиллуулдаг бололтой. "Дан гадны жуулчид л хүлээж авдаг юм. Манайхан архидаад байдаг." гэнэ. Намайг тэнд байх хугацаанд үнэхээр л дан гадныхан харагдсан. Харин намайг тохьтой хүн гэж харагдсан тул хүлээж авах боллоо гээд надад өрөө, байрны мэдээлэл өгөөд улмаар аяга цай уун, хэсэг ярилцан танилцав.

Хатгалд байрлах байр жин тан болсон тул шуудхан л унадаг дугуйгаа буулгаад Хөвсгөл нуур руу зүглэхээ яарав. Шулуухан явсаар баярын талбай ороод, яг их үд болж байсан тул хэдэн хуушуур олж идэв.

Зураг 3. Идсэн хуушууруудын шарагдаж буй нь

Унадаг дугуйгаа гэрийн дотор оруулаад тавьчих гэнэ. Унадаг дугуйгаа бүхнээс дээдэлдэг мань мэтийн хувьд энэ бол ёстой сайхан "урилга" юм.

Зураг 4. Гэр гуанз дотор заларсан нь

Ингээд тус гэр гуанз руу орж хуушуурынх нь хэмжээг харж байгаад дөрвийг захиалан идлээ. Илүү ч үгүй, дутуу ч үгүй яг таарав.

Мөсөн дээрх жийлт 13 цагтай уралдан эхлэв. Баруун хойноос, хойноос харанхуйлтал цасаар шуурна. Гэхдээ маш дулаахан байв. Ер нь миний очсон өдөр хамгийн дулаахан нь байсан болов уу. Маргааш нь лав бага зэрэг сэрүүн санагдаж байсан. Хатгал ороход л энэ салхи мэдрэгдэж эхэлсэн л дээ. Дугуйтай явахад салхи маш чухал тул "Энэ салхи чиглэлээ гэнэт өөрчилж гэдрэг эргэнэ гэж байхгүй биз дээ?" гэж нутгийн хүмүүсээс далим гарах бүрт лавлан асууж байлаа. Салхи эргэхгүй гэдэгт итгэлтэй болсон тул салхийг одоо юунд тоох билээ. Эхлээд салхи сөрөх бүр сайн. Учир нь буцахдаа уруудна. Буцах зам илүү хялбар болно.

Эхлээд цасан шуургатай байсан тул автомашины их хөдөлгөөнөөс холуур явав. Энэ нь сүүлдээ улам зөвдсөн. Машин их явахаар нуурын мөс дээрх цас дороо арилах аж. Үргэлжилсэн их мөсөн дээгүүр явах ч хүсмээр юм биш аж. Иймээс болж өгвөл цас даган явав. Цас гэгч ямар ч зуурамтгай юм дээ. Хальтирсан дугуйг ялихгүй цас дор нь барьж аваад буцаан жолоодлоготой болгож өгч байна. Цас ёстой манай тал.

Ингээд цас дагаж жийх гэсэн тактик хэлбэрэлтгүй баримтлах болов. Энэ бол цайвалзан харагдах хэсгийг чигээ болгон явна гэсэн үг. Гэтэл байсхийгээд нэг "ядаргаа" таарах нь мөсний хагархай заагаар оргилон гарсан ус цайлалзан хөлдсөн нь алсаас цас мэт үзэгдэх атлаа түүн дээр өчүүхэн ч цас тогтдоггүй явдал байв.

Зураг 5. Мөсний хагархай заагаар оргилон гараад хөлдсөн хөөстэй ус

Хадаастай гадар ... Худалдаанд түгээмэл харагдах Continental нэрийн хадаастай гадрын байдлыг харахад "Энэ тэгээд мөсөн дээр үнэхээр бүрэн жолоодлого баттай хангаж чадах уу?" гэсэн бодол төрөөд сүжиг дороо буурсан тул хадаастай гадар гэж маягласангүй ээ. Харин жийлтийн маргааш мото-той хэдэн залуустай таарахад ёстой хадаастай гадар хийцгээсэн байв. Хадаас нь бараг 1 см өндөр аж. Бас зайгүй шигүү гэмээр арзайлдаж харагдана. Тэгж байж л жолоодлого хангадаг бололтой. Гэтэл нөгөө завод хадаастай гадар энд тэнд алаг цоогхон хэдхэн хадаастай ба хадаас нь манай клубийн нэг эгчийн хэлсэнээр тав төдий.

Зураг 6. Усан мөлхөө цэцэг

Эхлээд цас мөс холилдуулан явсан бол сүүлдээ цасаар дагнан явах болов. Нуурын тэгш мандал дээр жигдхэн тогтсон цас зүсэнхэн явах ихэд таалагдсан. Газар дээрх цас бол нэг зузаарч, нэг нимгэрч, нэг хатуурч бас чулуу, ховил, дов гэнэт таарч ядаргаатдаг. Харин ийм сайхан жигдхэн цасыг хэчнээн л бол хэчнээн зүсэж явахад элдэв бартаа нь үгүй. Гэхдээ ... эрэгт хэт ойртох бас уул хадны ар энгэр талын цас мэдээж эвгүй. Үүнийг мэддэггүй бололтой, мэддэг ч хайхрамжгүй бололтой хэдэн залуус машинаа суулгачихаад ухаж байхтай таараад хажуугаар нь бүр тэдний гол дундуур цасанд суудаггүй унаатай гэдгээ гайхуулан цас зүсэн жийн жийсээр гараад явлаа. Бас овоо онгироо ажээ, би ;) Чадаж байгаа юманд арга байхгүй ээ гэж ;) Туулах чадвар муутай, за туулах чадвар ч гэж дээ угаасаа ийм зүйлд зориулаагүй автомашиныг ингэж чардайлган хэцүүдүүлж буй залууст цасаа захлаж явахыг зөвлөөд, энэ арын хадан цохионы хунгар руу зүтгээд байна шүү дээ гэхэд тоож байгаа ч юм алга. Клубийн тэргүүн ахын маань хэлдэг "Наадуул чинь өөрсдөө үзэж учирч байж л ойлгож ухаарна" гэж хэлдэг нь санаанд оров. Буцахад суусан машинаа гаргаад явцгаасан байв. Нэгэнт цасны зориулалттай биш л бол машиныг тэгж зүтгүүлэх хэрэг юу байх вэ дээ. Бас явж чадахгүйдээ хүрээд зогссон машиныг ухрааж гаргаад зохих замыг нь хөөлгөх байтал урагш зүтгүүлэн гэхдээ дугуй доор нь тулгуур болж орох цасыг хүрздэж холдуулан зүтгүүлэхээр тэр машин цааш явах уу, дугуй доор нь тулгуур болж орох цас багасч сийрэгшихээр дугуй нь улам доош сууж, машин элгээрээ цас хамж эхэлнэ дээ. Эвгүйдвэл бампер гэмтэнэ, салж унана.

Зураг 7. Хүслийн хаднаас хойш харагдах байдал: алсад буй Модон хүй арал, нуурын мандал дээр давхих автомашин, хадан хошуу дээр ургасан мод, хэн нэгний хаясан хог

15 цагтай уралдан Хүслийн хад гэдэг нуур руу шовх байдлаар түрж орсон хадан хошуу дээр хүрч очив. Үүнийг уг нь Суман хад гэдэг гэсэн. Гэвч сүүлд Хүслийн хад гэлцэх болжээ. Өөрийн чадаагүйгээ, хийгээгүйгээ хад чулуунаас хүртэл хүсдэг нь (юу вэ юу вэ юу вэ гээд дуулаад байдаг билүү?). Хадны тогтоц үнэхээр л сум мэт хурц шовх гэдэг нь нүдээр харахад ч, газрын зураг дээрээс харахад ч илт юм. Ёстой л Суман хад.

Зураг 8. Суман хад дээрх бүтээн байгуулалт

Энд их хүсэлтнүүдийг хүслээ айлтгахад дөхөм болох шат, гишгүүр, гүүр бүтээн байгуулж буй нь хараахан дуусаагүй юм байна. Орохыг хориглон тууз татсан ч хүмүүс түүнийг нь ойшоож байгаа юм огт алга. Тодорхой зүйл дээр өөрөө өөртөө шударга хандах уу? Сохрын газар сохор, доголонгийн газар доголон. Даваад орчихсоон.

Зураг 9. Тайлбаргүй

Ингээд буцахаар шийдэв. Жийлтийн хэмжээ ер нь л зохимжтой, яг таарсан гэж үзэв.

Зураг 10. Миний унааг олоорой. Хадан хошуу дээрээс, 2-р сарын 14 өдрийн 15:17 цагт

Буцах замд нарны тусгал өөдөөс байсан тул цас мөс дээрх хальтиргаа янзтай сайхан ялгаран харагдаж байв. Ийнхүү ирсэнээсээ илүү урагштай явлаа. Даанч нэг зовлон гарч ирсэн нь элдэв эрсдэл тооцон авч гарсан есөн шидийн юмс жин дарсаар байсан нь мөр, нуруунд таагүй мэдрэмж төрүүлж эхэлсэн явдал байлаа. Тэгээд ачаагаа хөнгөлөхөөр болов. Хороож багасгаж болохоор зүйлс зөвхөн унд, хоол л байна. Нэг сав ус уув. Бас халуун савтай хоолоо гаргаж ирэн идэв. Хэд халбагадахаас хэтэрсэнгүй. Ёстой явдаггүй ээ. Түрүүн идсэн дөрвөн хуушуур хэвээрээ хэвээрээ. Мөсний баярын хоолны гэрүүдийн нэгд яг үдийн цайны цагаар хуушуур идэж байхдаа "За энэ ч жийлтийн хүнс болчих биз дээ" гэж бодсон нь зөв л байна. Юун халуун савтай хоол гаргаад ирэв гэж гайхаж байна уу? Мөрөнгөөс өглөө гарахдаа "За Хатгалд юу ч болоо билээ" гээд гурван сав халуун ус, нэг халуун сав хоол хийгээд цүнхэлчихсэн юм. Энэ бүгдийг Мөрөнд буудалласан нөгөө буудлынхаа өрөөнд, өөрийн аяны хоолны хэрэгслүүдээрээ л хийчихсэн хэрэг шүү дээ. Хоол хүнснээс гадна гэрэл чийдэн, запас олгой, насос тэргүүтэй засварын багаж. Хоол хүнсний талаар дурдах зүйлс дуусаагүй байжээ. Үүргэвч дотор хатаасан хуурай идэх юмс ч янз янзаараа байсан. Бусад зүйлс гэвэл дугуй дээр тогтоодог гэрэл гурван янз. Үүнээс нэг нь запас батарейтай. Запас олгой хоёр ширхэг. Харин багаж гэвэл зайлшгүй авч явах багажууд бараг бүгд бий. Бараг гэсэн нь гинж тасдагч/залгагчаа үлдээсэнтэй холбоотой. Өндөр авалт тэг, өгсөлт тэг ийм замд гинж ямар ачаалал авах вэ дээ. Бас хальтирч унахад хүрвэл гинжээ хөлөөрөө тас татах буруу рефлексээс ангид хэмээн өөртөө бардамнан итгэсэн. Гинж тасрахын тухайд гинжний элэгдэл нь солихыг зөвлөдөг хэмжээнд хүрсэн л дээ. Гэхдээ үүнээс өмнө нэг удаа солиод одоо хоёр дахь гинж болж буй энэ гинжийг араа хүрдтэй нь хамт нэг мөсөн солихоор шийдсэн ба нэгэнт солих араа гинжийг хүлцэх хэмжээнд нь ахиад жаахан элээхэд гэмгүй. За бас нөгөө талаас хэт хүнд үүргэвч үүрвэл дугуй хальтрах үед биеийн хариу хөдөлгөөнд нөлөөлж улмаар гэмтэл бэртлийн шалтгаан ч болж болзошгүй. Иймээс ачаагаа ихдүүлж болохгүй. Гэтэл ачаа мөр, нуруу дарж эвгүй мэдрэмж төрүүлж эхэлсэн нь нуурын мөсөн мандлын тэв тэгш биш, жижигхээн жижигхэн олон гөвгөр үүсгэн хөлдсөнөөс бас цас зүсэж явахад бага зэрэг донсолгоотой байснаас л болсон болов уу. Гээд бодтол бас биш юм аа. Ер нь би аялалд маш хөнгөн үүргэвчтэй яваад дасчихсан бололтой.

Мөсний баярын талбайд 17:30 цагийн үед эргэн ирсэн. Тэгээд түүгээр тойрч хэсэг яван юухан хээхэн харж сонирхчихоод нар уулын цаагуур орохтой зэрэгцэн засмал зам дээр гарав. Сүнгэнэтэл давхиад буудалласан байрандаа очиж амрав.

2-р сарын 15 бямба гараг. Ханатлаа унтаж, аажуухан босоод, 10 цагт өглөөний цайндаа оров. Групп аяллаар яваа баахан гадаад байсан нь өглөө эрт бужигнаад өнгөрсөн бололтой гэмээр намайг ороход ганц л гадаад сууж байв.

Зураг 11. Өглөөний цай

Ингээд том том тайрдас түлсэн камен зуухны дэргэд тухтай суун цайлчихаад ачаа тээш болон унадаг дугуйгаа машиндаа аччихаад мөсний баярын талбайг ахин зорилоо. Энэ удаад зургийн аппаратаар мөсний баярын зураг дарна. Энэ өдөр дарсан зарим зургийг өөрийн хувийн веб сайт дахь альбумд байршууллаа.

Өнөөдөр Мөрөн орж хоноод маргааш өглөө эртлэн УБ хот руу явна. Явцын дунд ийн төлөвлөсөн. Ингээд Мөрөнд гэгээтэйд хүрэхээр тооцож Хатгалаас гарав. Зам зууртаа 50 градус 100 градус гэсэн хаягаар зам хазайн сонирхохоор болов. Зогсоол дээр нь очоод буун эргэн тойрныг ажихад сонирхол татах зүйл байсангүй. Замдаа эргэн оров. Мөрөнд, өнөөх буудлынхаа хашааны хаалганы өмнө яг 18:00 цагт очив.

2-р сарын 16 ням гараг. Эртлэн босож аяны хийн тулга дээрээ хоол, цай хийж идээд хөдлөв. Мөрөн хотоос гарахын өмнө шатахуун авав. Цаг 08:12. Ингээд урьдын адил яван явсаар Эрдэнэт хотын өнөөх л CU дэлгүүрийн үүднээ 13:39 цагт очив. Эрдэнэтээс мөн л шатахуунаа дүүргэв. Цаг 14:37. Ингээд бас л зогсолтгүй яван явсаар 21 цагаас овоо хэдэн минутын өмнө гэртээ ирсэнээр энэхүү аялал өндөрлөсөн юм.

Зарим тоо баримт. УБ-аас Хатгал хүртэл бараг 1000 км. Ийм урт замд 16 цаг 53 минут үргэлжлэх нэг роман бас 10 цаг 45 минутын урттай бас нэг роман бүтнээр нь сонсож дуусгалаа. Сүүлийн роман УБ хотод орж ирээд 1-р хорооллын орчим дуусав уу даа.

Энэхүү 2000 км замд 5 удаа шатахуун (287 мян. ₮ / 165 л.) авчээ. Гараашаас гарахад байсан шатахууны үлдэгдэл буцан ирэхэд байсан шатахууны үлдэгдэл бараг тэнцүү. Мөн 7 ТАЦ тасалбар нийт 7 мян. төгрөг бас Хөх сувд 2025 мөсний баярын нэвтрэх тасалбар 20 мян. төгрөг зэрэг хураамж төлсөн байна. Харин зам зуур хоол авч идэхэд CU-д хоёр удаа нийт 29.7 мян. төгрөг, Хатгалд 8 мян. төгрөг тус тус зарцуулсан. Буудалд 3 хоноход нийт 200 мян. төгрөг төлсөн байна. Дүгнэвэл соло-аялал гэхэд групп аялалд хамрагдсанаас илүүгүй л зардал гарчээ.

Төгсгөлийн оронд. Ийнхүү 23 жилийн турш боломж хараахан тохиохгүй байсаар үзэж сонирхож байгаагүй Мөсний баяр үзэнгээ Хөвсгөл нуурын мандал дээгүүр унадаг дугуйгаараа жийсэн аялал маань түүх болон үлдлээ. Хожмын өдөр уншваас сэргэх дурсамжийг бодож, өөр нэгэн сонирхон уншваас бэлэн туршлага болно хэмээн бодож энэхүү тэмдэглэлийг бичлээ.

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүрх жийлт хэмээх энэхүү аяллын тэмдэглэлийн "Цас бол манай тал" дэд хэсэг үүгээр өндөрлөв.

Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Махгал П.Золзаяа Н.Даваасамбуу Д.Жамъяндорж
Г.Махгал
  • 12536 км
  • 125
  • 10
  • 1
  • 2
  • 4
П.Золзаяа
  • 12981 км
  • 121
  • 22
  • 4
  • 1
  • 1
Н.Даваасамбуу
  • 4471 км
  • 43
  • 12
  • 0
  • 3
  • 1
Д.Жамъяндорж
  • 6608 км
  • 62
  • 11
  • 1
  • 0
  • 2
Зүгээр л жий!