Аяллын хөтөлбөр
Аялал 2024 оны 12 сарын 13-ний баасан гарагийн 20:00 цагаас 16-ны даваа гарагийн 07:05 цаг хүртэл дараах хөтөлбөрийн дагуу явагдана.
Аяллын бэлтгэл
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
... Зүүнбаянд 1979 оноос 1997 он хүртэл алдарт 6 дугаар морьт дивизээс угшилтай 126 дугаар дивизийн бүрэлдэхүүнд багтах ардын армийн 131, 132 дугаар мотобуудлагын хороо, 133 дугаар артиллерийн хороо, 135 дугаар аж ахуйн анги, 138 дугаар танкийн хороо, 139 дүгээр зенит артиллерийн хороо, 149 дүгээр улсыг агаарын довтолгооноос хамгаалах хороо, 200 дугаар тагнуулын батальон, 201 дүгээр холбооны батальон, 202 дугаар инженер саперын батальон, 203 дугаар химийн батальон, 204 дүгээр авто засварын батальон, 205 дугаар авто тээврийн батальон, 206 дугаар хүн эмнэлгийн батальон, 207 дугаар тийрэлтэт артиллерийн дивизион зэрэг ангиуд байсныг одоо зөвхөн дурсгалын цогцолбор дахь хэдэн самбар л гэрчилнэ. Бас тосгоны төвд Ардын армийн хаялга их байсан бололтой гэмээр сэтгэгдэл төрүүлэхүйц орон сууцны угсармал бетон барилга нэлээн хэдээрээ байх аж. 30 шахуу жилийн өмнөх их татан буулгалтыг гэтлэн давж чадсан бололтой гэж цонх шил нь бүтэн барилгууд бодогдуулна ...
Аяллын хөтөлбөрийн дагуу галт тэрэг дотор өглөөний цайгаа уучихаад галт тэрэгнээс буув. Өртөөний гол барилгын сүүлийн үед барихаа больж, ховордсон сонгодог хэв маяг нь анхаарал татна. Сайншанд хотын нэрний үсгүүд барилгын багана бүр дээр нэг нэгээрээ гэрэлтэн харагдах нь "баганын тоо"="үсгийн тоо" тул нэн зохимжтой. Тээшийн галт тэрэг төд удалгүй онгойж дугуйгаа аваад вокзал руу орж хувцас өмсгөл, ачаа сэлтдээ гар хүрлээ. Хөдлөөд л зогсолтгүйгээр 28 орчим км зам туулан жийх учраас хамаг бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэй. Тэгээд гэгээ бүрэн гүйцэд ороогүй байсан тул яарах шаардлага алга. Өртөөний гадна талбай шигээ бас л эмх цэгцтэй хүлээлгийн танхим бас цэвэрхэн жорлонгоор орж үйлчлүүлэв. Ингээд хөдлөхөд цаг 08:20 багахан өнгөрч байлаа.
1 цаг 30 минут жийгээд Хилэнцэт хорхойн хөшөөтэй замын уулзварт очив. Миний хэдэн жилийн өмнө бас л унадаг дугуйгаар ирж байсантай харьцуулахад чамгүй өргөжиж амралтын газрууд олноор нэмэгджээ. Бас нэг хөшөө шинээр баригджээ. Хөшөөний суурь чулуу дээр дараах үгс сийлээстэй байна.
Өдөн дэвэлгээт шувуунд
Өндөр юуны даваа вэ
Өөрийгөө шинжсэн хүнд
Орчлон юуны хол вэ
Д.Равжаа
Энд хэсэг саатаж дурсгалын зураг авч бас хөнгөн цайлчихаад Зүүнбаян тосгоныг зорьсон замаа хөөв. Зүүнбаян нь аймгийн төв Сайншанд сумын нэг баг бөгөөд Зүүнбаян тосгон гэдгийг интернэт дэх аймгийн танилцуулгаас харж болно. Зүүнбаян хүртэл засмал зам тавигдаж байгаа юм байна. Аяллын өмнө интернэтээр мэдээлэл хайн судалгаа хийж байхад гурван замын уулзвараас Зүүнбаян хүртэлх хатуу хучилттай автозамын тендер, санхүүжилт гэсэн мэдээ тааралдаж байсан юм. Замын ажил тал дундаа ороогүй бололтой. Тэгсхийгээд дууссан. Гэхдээ бид хоёр тэр засмал замаар жийгээгүй ээ. Ашиглалтад ороогүй, байсхийгээд шороо овоолсон замаар байсхийгээд л хурдаа тэглэх шахам жийснээс шороон замаар жигд хурдаар зогсолтгүй жийсэн нь илүү урагштай. Тэгээд ч урьдчилсан судалгааны эцэст зохиосон аяллын хөтөлбөрт Зүүнбаян хүртэл шороон замтай ба шороон замаар жийнэ гэж заасан билээ. Замын хувьд тал хээрийн шороон зам ямар байдгийн адил л байв. Харин очих зам төсөөлснөөс бага элстэй байв. Төмөр зам ба цахилгааны шугамаас бүр урдуурх замаар автомашин арай цөөн явдаг бололтой зам дагуух хөрс идэгдэж суларсан нь гайгүй байсныг Зүүнбаянгаас буцахдаа мөнөөх цахилгааны шугам ба төмөр зам хоёрын дундуур явахдаа ажив. Ингээд дэржигнүүртэй замаар, салхи сөрөнхөн жийсээр 12:00 цагт Зүүнбаян тосгоны хаалгаар орлоо.
Тосгоны хаалгаар ороход Зүүнбаян өртөөний барилгууд харагдана. Цааш ахин 30 шахуу минут жийвэл тосгоны төвд нь хүрнэ. Төв нь өртөөнөөсөө харагддаггүй аж. Үүнийг нь топографийн зургаас лавшруулан харвал өртөө ба төв хоёр нь багахан гүдгэрийн наана цаана байна.
Аяллын хөтөлбөр ёсоор тосгоны төвийн цайны газарт үдэлнэ. Хэт жижиг биш суурин тул ганц цайны газар байгаа гэж найдсан. Үнэхээр нэг байрны орцонд Баянхайрхан гэдэг цайны газар байсныг нэг оршин суугчаар заалгуулан очиход онгорхой байв. Хэн эгчийн цайны газар гээд л зааж өгсөн дөө. Амралтын өдөр тул багахан хоолны материал бэлдсэн гэнэ. Хоёул адил банштай хар шөл авч идлээ. Ижил хоол захиалах нь тогооч ганцхан хоол хийгээд хоёр хуваагаад таваглах тул цаг хэмнэнэ. Бас банштай хар шөл гэсэн борог хоол ийм үед яг тохирсон хал балгүй хоол юм. Хоол идээд гарахад 13:20 цаг болж байв.
Зүүнбаянгаас гарах замдаа тэнд буй танкийн хөшөөний өмнө дурсгалын зураг авахуулж бас цэргийн ангийн гаднах хөшөөт цогцолбор үзэж сонирхов. Хөшөө дурсгалууд дээр ямар цэргийн анги байсан талаарх бичээс дурайна.
Жанжин Д.Сүхбаатарын баримлын суурь дээр түүний хэлсэн үгийг буулгажээ.
Бидний улс эв саналыг нэгтгэн
Нийт нэгэн хүчийг нийлүүлэн
Нэгэн зэргээр зориглон хөдөлбөл
Үл хүрэх газаргүй бөгөөд
Мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж
Гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч
Учрах зовлонгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг
Дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ.
Жанжин Д.Сүхбаатар
Тэмдэглэлийн эхэнд дурдсан ангиудаас гадна 126-р нэгтгэлийн мото буудлагын 169 дүгээр хороо 1976 оны 7 сарын 1 өдөр байгуулагдсан гэсэн бичээс бүхий гэрэлт хөшөө байна. 6 дугаар морьт дивизээс угшилтай анги нэгтгэлүүд яв явсаар одоо буурин дээр нь 336 дугаар анги байрлаж буй ажээ.
Ингээд 13:50 цагийн үед хөдөлж замын уулзвар ба Хамарын хийдийг зорин жийж эхэллээ. Зүүнбаянгаас буцахдаа ирэхдээ явсанаас өөр буюу хойд салаа замуудыг барин жийлээ. Энэ зам нь машин их явдгаас хөрс шороо нь суларч нэлээд элсэрхэг болсон ажээ. Замаас гарвал шивээнд дугуй хагарах тул сул элсийг шувт дайраад гарав.
Замын уулзвараар дайран Хамарын хийдэд 16:20 цагт хүрч очлоо. Энд нэг чухал шийдвэр гаргасан нь Хамарын хийд дээр бус харин замын уулзвар дахь гэр буудалд хоноглохоор болсон явдал юм. Янз бүрийн л хувилбар байснаас боломжийн хямд үнээр буудаллаад бас маргааш илүү жийснээс өнөөдөртөө арай ахиу жийх нь зохимжтой гэж шийдсэн нь тэр. Багийн гишүүн маань ч өмнө Хамарын хийд дээр очиж байсан тул заавал хурал номын дуу, уншлага сонсох хэрэггүй гэнэ. Надад ч бас ийм сонирхол байхгүй тул бид хоёр ийнхүү нэн даруй жийж Хамарын хийд хүрээд дурсгалын зураг татуулчихаад буцан замын уулзварт ирж буудаллах боллоо.
Хамарын хийдэд нар жаргахын өмнөх, фото зурагчдын нэрлэдгээр "алтан цаг"-тай уралдан очсон тул яруу өнгөтэй хэдэн зураг дарлаа.
Мөн манай аялал шинийн 15, тэргэл сартай тохиосон юм.
Ингээд нар ч шингэв. Гэгээ алгуурхан тасрав. Гэвч өнөөдөр тэргэл сартай тул хилэнцэт хорхойн хөшөөтэй замын уулзвар руу жийхэд зам тодорхой харагдана. Тэгээд ч саяхан очихдоо л буцахдаа явах замын нөгөө эгнээг нэгд нэггүй хараад шалгачихсан тул дугуй дээрээ гэрэл тогтоох ч шаардлага гарсангүй. Үүний оронд буудсаар байгаад уулзвар хүрлээ. Хот хоорондын зам биш тул машин ч бараг явахгүй аж.
Нар шингэж эхлэхэд л мэдэгдэхүйц хүйтэн болж эхлэх нь говь газрын эрс тэс цаг уурын онцлог биз ээ. Өвөл байтугай зундаа ч говийн шөнийг хүйтэн гэлцдэг дээ. Хүрэх газар ойрхон тул шуудхан л "буудчихав". Ойрхон гэснээс хэдэн жилийн өмнө Хамарын хийд рүү Сайншандаас дугуйтай аялж байсан бөгөөд тухайн үед их л хол газар мэт санагдаж байсныг нуух юун. Харин энэ удаа аялахад өнөөх хол газар дороо барагдаж, зам яах ийхийн зуурт эвхэгдэж буй мэт сэтгэгдэл төрөх нь сонин.
Хилэнц ресорт гэх буудлыг нэгэн эмээ хариуцан ажиллуулдаг ажээ. Бид хоёрт нэг гэрээ хямдруулан түрээслүүлсний дээр оройн хоол, өглөөний цай тэргүүтнээр дайлсныг нь дурдалгүй өнгөрч боломжгүй. Ямартаа бид хоёр энэ хоол цайны үнэ мөнгө нь гэр түрээслэхдээ өгсөн мөнгөтэй дүйнэ шүү гэлцэх вэ дээ. Найрсаг зочломтгой эзэгтэйд баярлаж талархсанаа ахин илэрхийлье.
Өчигдөр Хамарын хийд хүрээд бас буцах замаасаа 18 км-ыг хороочихсон тул өнөөдөр яарах хэрэг байсангүй. Иймд аян замынхаа бэлтгэлийг алгуурхан бөгөөд сайтар хангаад 11:10 цагт Хилэнц ресортоос Ханбаянзүрх хайрхан руу хөдөллөө. Хайрханд 11:40 цагт очоод 12:20 цаг хүртэл орчин тойрноо үзэж сонирхов.
Өнөөдөр өчигдрийн адил зүүнээс зөөлөн салхитай байсан ба агаарын хэм өчигдрийн дулаан байсан бол өнөөдөр бүр илүү дулаан байв. Ерөнхийдөө манай аялал үргэлжилсэн хэд хоногийн хүйтрэл зогссон, салхи шуурга ч үгүй, нэн таатай үетэй тохиосон юм.
Ширүүн салхи, хүйтэн жавар гэх мэтчилэн бид хоёрыг хөөж туух зүйл огт үгүй тул хайрхан уул болон түүнийг дагуулан бүтээсэн үзмэрүүдийг тавтайхан үзлээ. Энэ уул дээр эмэгтэй хүн гарахыг хориглодог гэнэ. Энэ мэтчилэн хорио цээрийг мэдүүлсэн самбар олны нүднээ илхэн буй ч хориотой зүйлс өргөсөн бас өргөсөн архиныхаа шилийг хөсөр хаясан нь тааралдаж байлаа. Ерөнхийдөө эдгээр бүх хорио цээрээс ганц баримталдаг нь эмэгтэй хүн гаргадаггүй нь л юм уу даа гэсэн бодол манай клубийн дөрвөн гишүүн ийш зорин ирсэн аяллын тэмдэглэл ба хайрханы орой дээрх өргөл барьцын зүйлээс үүдэн төрлөө.
Мөргөл үйлдэх жаяг ёсыг зааварласан самбар дээр бас "Архи ууваас сэрэмжгүй болмой, Тамхи татваас шүтээн дор бузар болмой" хэмээжээ. Тунгаан бодууштай л үг ажээ. Тухайлбал шүтээн бузартахад хүрвэл тамхийг түүнээс хол ойр татахын ялгаа үгүй биз. Өөрөөр хэлбэл бузрыг их байсан ч бузар, бага байсан ч бузар л хэмээх буй за.
Ханбаянзүрх хайрханаас 12:20 цагт хөдлөөд, зам зууртаа хөнгөхөн цайлснаа оролцуулаад цаг дөчин минут орчим болоод Сайншанд руу орлоо. Багийн гишүүн УТГ С.Мөнхбат маань орон нутгийн музей үзэх санал гаргасны дагуу Аймгийн музей болон Данзанравжаагийн музей үзлээ.
Данзанравжаагийн музей үзэхдээ сүсэгтэн эмэгтэйчүүд шашны маань хөгжөөн, уянгалуулахыг сонслоо. Сар бүрийн шинийн 15-ны өдөр ийм уншлага үйлддэг ажээ. Манай аялал үүнтэй тохиосон нь билэгшээлтэй юм шүү.
Музей үзчихээд унадаг дугуйгаа галт тэрэгний тээшинд өглөө. Тээш 16:00 цагаас 18:00 цаг хүртэл ажилладаг юм байна. Ингээд галт тэрэг зорчигчдоо суулгаж эхэлтэл 2 цаг илүү хугацаа байсан тул оройн хоол олж идэхээр Ар Сайншанд хавиар жаал хэслээ. Төмөр замын вокзал хавийг Ар Сайншанд харин Дэнжээс урагш хэсгийг Өвөр Сайншанд гэдэг хэмээн багийн гишүүн маань надад танилцуулсан юм. Ар Сайншандад хоёр нэгхэн л гуанз ресторан байдаг бололтой. Нэг нь хаалттай харин нөгөө нь болох урсдаг халуун тогооны газар онгорхой байлаа.
Хоол гэснээс өнөөдөр нэг гадаадтай дөрвөн удаа таарсаны гурав дахь энд болсон юм. Монголд хоёр долоо хоногоор ирсэн хэмээх нэг гадаадтай Ханбаянзүрх хайрхан дээр 1, аймгийн музей дотор 2, энд 3, вокзалын жорлонгийн өрөөнд 4 дэх удаа гээд нийт дөрвөн удаа таарсан нь бас л сонин юм шүү.
Ийнхүү клубийн УТГ С.Мөнхбаттай хамт дорнын говийг зорьсон ийм нэгэн аялал маш амжилттай болж өнгөрлөө.
Зүгээр л жий!