Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #41 - БОР ӨНДӨР БУЮУ ХОНОГИЙН ГЭНЭТИЙН АЯЛАЛ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/358
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
110 км
Давааны тоо
0
Өндөр авалт
463 м
Өндөр алдалт
-510 м
Их өгсөлт
3.4 %
Их уруудалт
-3.1 %
Оролцогчдын тоо
5
Эхлэх цаг
2024 оны 11 сарын 8 Баасан гараг, 20:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

11 сар 8 өдөр, Баасан гариг
Оролцогч гишүүд тээшний вагонд унадаг дугуйгаа өгч 20:58 цагт хөдлөх Улаанбаатар- Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэргэнд сууна. Тасалбарыг 2 талдаа урьдчилан захиалж авсан байна. Очих Улаанбаатар- Цомог (30000 төг), ирэх Айраг- Улаанбаатар (30900 төг) гэсэн чиглэлд тасалбар захиална. Тасалбар захиалахад цагаан хэрэглэл (7400 төг), доод суудал (цай кофе сонголтоор) зэрэг нэмэлт үйлчилгээний төлбөр төлнө.

11 сар 9 өдөр, Бямба гариг
Дорноговь аймгийн Даланжаргалан суурин (Цомог зөрлөг)-д өглөөний 04:05 цагт бууна. Өглөөний цай хоолоо идэж амраад, гэгээ оруулан аялал эхлэнэ. Автомашины засмал замаар 51 орчим км жийгээд Хэнтий аймгийн Бор Өндөр сумын төв хүрнэ. Энд амарч өдрийн хоол идээд шороон замаар Дорноговь аймгийн Айраг сумын чиглэлд жийнэ. Нийт зай 110 км орчим болно. Айраг өртөөнөөс шөнийн 22:28 цагт хөдлөх Сайншанд- Улаанбаатар чиглэлийн 285 дугаар галт тэргэнд сууна.

11 сар 10 өдөр, Ням гариг
Өглөөний 07:05 цагт УБ хотод бууна.

Жич: Бор Өндөр сумын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягнаас авах боломжтой. mn.wikipedia.org/wiki/Бор-Өндөр_сум

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Унадаг дугуйтай аяллын багийн гишүүд Бор-Өндөр сумын үүднээ

УТА Д.ЦОЛМОН, ТАЛ НУТГААР ЖИЙСЭН НЬ

... Намрын бороо та надад юу шивнэв, навчис цочроон та над юу шивнэв
Настай ээжийн минь сургаал үгийг, надад та шивнэн дамжуулав уу ... танд “Нарны унага” нэртэй 80-аад оны дунд үеийн тухайн нийгмийн амьдралын нэгэн хэсгийг харуулсан зөөлөн сайхан кино санагдаж байна уу. Уурхайн амьдрал, байгалийн сайхан, залуу халуун сэтгэл зүрхний нууцхан догдлол, хайр дурлал, амьдралын нугачааны алдаа оноо ... миний болоод надаас өмнөх үеийнхэн лав андахгүй байх. Аяллын тэмдэглэлээсээ хазайгаад зөндөө зүйл нуршчихлаа. Сэтгэлд хоногших энэ киноны зураг авалт хийгдсэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутгаар амралтын өдрөөр манай клуб унадаг дугуйтай аялаад ирлээ.

Улаанбаатараас Хэнтийрүү жийсэн мэт л ойр дотныхон минь өвөл эхэлж байхад гээд санаа зовцгооно. Гэтэл аяллыг ямар ч нөхцөлөөр зохион байгуулж болдогийг туршлагатай аялагч нараас сурсаар л явна. Унадаг дугуй бол хаагуур ч явдаг унаа. Гэхдээ араа хүрдийг хүний хүчээр эргүүлдэг унаа болохоор зам дагадаг. Олон төрлийн замд аялаж чаддаг бидний уулын дугуй бол хүчирхэг тээврийн хэрэгсэл. Группын өвлийн хаалт эхлээд хавар хүртэл аялал зарлагдахгүй амралтын өдрөөр ажин түжин байдаг үеэр хааяа нэг цаг агаарын таатай нөхцөлд гэнэтийн аялал зарлагддаг. Баасан гаригийн оройноос Ням гаригийн өглөө болтол үргэлжлээд дуусдаг болохоор ажлын цаг, амралтын өдрийн тохиромжтой үед таардаг нь галт тэрэгтэй аяллын онцлог юм.

Баасан гаригийн оройн УБ-Сайншанд чиглэлийн галт тэргэнд оройн 20 цаг өнгөрөөгөөд тухаллаа. Улаан тэмдэгтэй нэг гишүүн биднийг гаргаж өгөв. Очих газар маань Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төв буюу Цомог өртөө. Хуваарь ёсоор өглөөний 04.05 цагт тэнд бууна. Галт тэрэг алгуур хөдлөн явсаар ерөнхий баримжаагаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт хээр талд зогслоо. Түр зуурын зогсолт бус нэлээнд удаан зогсоход галт тэргэнд дотор бүгчим гэж жигтэйхэн. Миний сэрэвгэр нойр хүмүүс унтаж эхлэхэд ч унтаагүй болохоор ганцаар нааш цааш баахан холхив. Бүүр залхаад үүдний хэсэгт очиж үйлчлэгчээс юу болсныг асуухад Хоолтын давааны наана Хангал өртөөний орчим зүтгүүрт эвдрэл гарсан тул хамгийн ойрын өрөөнөөс ирж буй зүтгүүрийг хүлээж байна гэв. Анх удаа ийнхүү галт тэрэг эвдэрч олон цаг зогсдогийн гэрч болж 2 цаг гаруй болоод галт тэрэг хөдөллөө. Үйлчлэгч “та нар 04 цагт бус 06 цагт Цомогт бууна шүү” гэж сануулав. Унтахаар хэвтсэн боловч нойр хүрсэнгүй. За, өнөөдөржин жийхэд ядраад буцах замдаа нам унтах байх гэж өөрийгөө тайвшруулаад өглөөтэй золголоо.

Цаг агаарын байдал
Зүүн урд зүг рүү 300 км явсан (нарны тусгалын өнцөг өндөр гэсэн үг) гэсэндээ энэ өргөрөгт дулаахан байлаа. Өглөөний тас хийсэн жавар үгүй, салхи нь тогтуун баруун зүгээс чигтэй байв. Агаарын температур 0...2 градус дулаан байгаа бололтой. Бид зүүн хойд зүг (азимут 30 градус) явах учраас зүүн мөр талаас ташуу ч гэсэн дэмжинэ гэсэн үг. Урьдчилан харсан чиглэлээр салхи салхилж хажуунаас дэмжинэ, замын эргэлтээс шалтгаалан зарим үед багахан сөрөх явдал гарсан ч энэ нь бидний хөдөлгөөнд "саад болсонгүй". Даланжаргалан суурингаас хөдлөх үед наран мандаж, үүлэрхэг тэнгэрийн цоорхой хаяанаас сүүмийн цухуйж аажим хөөрч байлаа.

Шинэ өглөө ямар гоё гээч. Дандаа л ийм сайхан байдаг. Цомог зөрлөг дээр бид буулаа. Тал хээр нам гүм. Зөрлөгийн жижиг өрөөнд бид тухлан өглөөний хоол цайгаа хийж идэцгээн 07 цагт хөдлөхөд бэлэн боллоо.

Зураг 2. Хамгийн эхний дурсгалын зураг - Даланжаргалан сумын төвөөс гарахын өмнөхөн

Дугуй, ачаагаа шалган бэхлээд дурсгалын зургаа татуулахад 25 минут орсон байв. Аялал эхэллээ. Зүүн урдаас хариугүй нар мандах шинж тэнгэрээр дүүрэн гэрэлтэнэ. Тал нутаг болохоор мэлс гээд гарах байхдаа гэж бодон багаараа зүүн хойд зүгийг барин алсын өгсүүрт засмалаар жийж эхэллээ.

Зураг 3. Хээр талд наран мандаж, аялал эхэллээ

Зураг 4. Мандах нарны эсрэг силуэт хэв маягтай зураг

Өглөөний нам гүм, хэдийгээр өвлийн сар эхлэсэн ч тал хээрт цас ороогүй тул шаргал өвс халиурч зөөлөн салхи сэвэлзэнэ. Бор-Өндөр хүртэл дан засмалаар жийх тул сэтгэлд шулуухан. Мэдээж өндөр уул даваа гүвээ байхгүй гэж мэдэж байгаа ч шинэ газар л бол шинэ. Догдлол дүүрэн жийхэд дулаан хувцас халууцуулна. 5 км орчим жийхэд нар мандаж эхэллээ. Бодсоноор мэлс гээд гарах байсан нарыг багахан үүл гарч илчийг нь харамлан харамлан бидэнрүү илгээж байгааг зогсон харж цээж дүүрэн амьсгалан хэсэг амарлаа.

Зураг 5. Бор Өндөр сумын төв зорих зам 25 дахь км

Засмал замын байдал
Сайншанд чиглэлийн засмал замаас хойшоо салсан Бор өндөрын засмал зам нь эхний 500 м орчим зайд их өргөн тавигдсан байв. Цаашдаа бага зэрэг нарийн болох боловч ерөнхийдөө өргөн сайхан зам байв. Өглөө эрт хөдөлгөөн бага байх болов уу гэж таамаглаж байсан боловч 10 орчим цуваа маягтай автомашинууд 4 удаа хажуугаар сүнгэнэн өнгөрч одов. Сүүлд сонсохноо энэ сумын төвд бүжгийн тэмцээн болж байгаа юмсанжээ. Энэ чиглэлд өндөр даваа үгүй, гүвээ толгодын нугачаа дундуур алсын өгсүүртэй явна. Бор өндөр сумын төв дөхөж ирэх үед хад чулуурхаг тогтоцтой нам уулс харагдана. Бор өндөр гэдэг уулын нэрээр энэ сумыг нэрлэжээ. Хуучин цагт Далантуруу хэмээх нэгдэл дундын амралт, хүүхдийн зуслан энэ чиглэлд байсан юм байна. Ухаа гүвээ толгодын дундуур хэд хэдэн хоолой, шал туулна. Жижиг горхи, гол ч харагдаж байв. Томоохон хоолойг хөндлөн том гүүр тавьсан (23 дахь км орчим) боловч үерт урсан эвдэрсэн байв.

Зураг 6. Замын эвдррэл

Хур борооны үед усаар дүүрсэн энэ сайраар автомашин бараг л гарахгүй болов уу даа гэж харагдсан. Бусдаар бол онцын саад үгүй, цагаан зам. 

Зураг 7. Сүүдэр

Ийм сайхан эх орондоо ингээд эрх дураараа жийж явах бид ямар азтай улс вэ хэмээн цээжинд баяр бахдал булиглана. Мандаж байгаа нар, өргөн тал цэлийнэ. Өмнө нь энд ажиллаж амьдарч үзсэн гишүүн маань энэ нутгийн нарны гэрэлд эрдэнийн чулуундаа гялалзаж харагддаг байсан гэсэн гэхэд нь монголчууд бидний зарим нь мөнгөний төлөө эх орноо цөмлөн урд зүгрүү зөөж байсан гэх бодол хальт орж ирэх нь гунигтай. Өнөөдөр бид 50 км жийгээд Бор-Өндөр орох ёстой. Админ 25 дахь км дээр амрана гэж хөдлөхөд хэлсэн болохоор шууд л торох юмгүй засмалаар жийхэд баруун талаас ташуу туух салхины урсгалд аз жаргалаас өөр юу ч үл мэдрэнэ. Бүх хүмүүс хийж байгаа бүхнээсээ энэ мэдрэмжийг авч байгаасай.

Зураг 8. Хайлуур жонш тээвэрлэдэг уулын аварга автомашин

Энэ нутагт жижиг тойром, цөөрөм элбэг. Хэсэг яваад л замын хажууд хөөрхөн тойрмууд цэлэлзэнэ. Зарим нь захаасаа зайрмагтаж эхэлсэн байсан. Алсад баруун зүүн талд уурхай байгааг илтгэсэн нуруулсан их шороо (отвал, хиймэл мөргөцөг) харагдана. Уул уурхайн нутаг юмдаа аргагүй. Байгал орчин, эх орон, ард түмэндээ л ээлтэй байгаасай. Нэг л мэдэхэд гараанаас гараад 25 дахь км-т маш хурдан ирж замын хажууд хэсэг сууж амарцгаалаа. Ажин түжин нам гүм дулаахан тал нутаг та ямар сайхан бэ. За одоо сая туулсантайгаа ижил зам туулаад Бор-Өндөрт очно. Замын 40 дэх км-т бидний зүүн гар талд жижиг толгод дээр нутгийн угтах хаалга юм болов уу саравч, ногоон байгууламжийн хамгаалалтын торон хашаа харагдана.

Зураг 9. Хоёр дугуй

Түүнийг өнгөрч 42,5 дахь км дээр харин баруун гар талд үзүүлэн болгож тавьсан уул уурхайн бэлгэ тэмдэг Белаз машин харагдлаа. Энэ автомашин 27 тонн даацтай, 100 км замд 96,2 литр шатахуун зарцуулдаг, уурхайд 1997 оноос ашиглаж эхэлсэн гэнэ. Орон нутгийн нэрийн хуудас болсон дүүрэн жонш ачсан аварга том Белаз машиныг 2022 онд босгосон мэдээлэлтэй, муухан музейнээс дээр энэ гоё хэсэгт багаараа нэлээн саатаж дурсгалын зургаа татууллаа.

Эндээс Бор-Өндөр сум харагдаж байв. Хээр тал салхилаж шуурвал даарах байх гэж зузаалсан тул хэрэндээ л түүртэж халууцсан би бушуухан очиж амармаар байсан болохоор түрүүлээд жийлээ. Тавуулаа пижигнээд 11 цаг гэхэд Бор-Өндөрт орж ирлээ. “Эгч дүүс” нэртэй дажгүй хоолтой газар орж хооллоод, амарч сэрүүцлээ. Хөтөл, Шарын гол гээд уурхай дагасан хотуудын эмх цэгцтэй цомхон шинж нь адилхан санагдсан. Дахин хэсэг амарч байгаад хөдлөх үү гэж админд хэлтэл “бидний буцах зам ирсэнтэйгээ адил засмал биш шороон зам, бас энэ нутагт өмнө нь жийж байсан туршлага бидэнд байхгүй, замын нөхцөл байдлыг гадарлаж байгаа ч нарийн ширийнийг мэдэхгүй, тал хээрт цаг агаар яаж хувирахыг таашгүй, эртхэн хөдөлж Айраг өртөөгөө бараадья” гэснээр 12.10 минут гэхэд баг эргээд жийхэд бэлэн болов. Цаг их байна гэж алгууралгүй эртхэн хөдөлсний ашиг тусыг үнэхээр буцах замдаа мэдэрсэндээ.

Зураг 10. Өдрийн хоол амттай байлаа. Одоо хөдөлнө

Ингээд баруун мөрнөөс яламгүй жишүү үлээх салхинд туугдан тавуулаа ёстой пижигнэтэл уруудлаа. Бараг 10 орчим км явж байгаад зам бичдэг апп-аа асаахаа мартсанаа санаж асаав. Өглөөгүүр засмал дээр хүнд оргиж байсан уулын дугуй жижиг шороо чулуутай алсын уруу замд цаасан дугуй мэт л хөнгөн жоохон сэрмэж алдвал авч шидчих гээд байх нь сонин. Нар ээнэ, салхи тууна. Дугуйчны жаргалд энээс өөр юу байх билээ. Харин энэ нутгийн онцлог уурхай их байгаагаас сум чиглэсэн шороон замаас ялгахын аргагүй тод уурхайн замууд алсын чигийг төөрүүлэн дагуулаад будилуулах шинжтэй юм байна лээ. Байн байн газрын зургаа харж төв замаа олж жийхгүй л бол баримжаалах уул нуруу толгод үгүй нүд алдам шаргал тал хаашаа ч харсан цэлийнэ. Дахин 10 гаруй км жийхдээ бид салхинд туугдсандаа баярлан жоохон сэрэмж алдан 5 км орчим зүүн гар тийш даяласнаа мэдэв. Ингээд зам жоохон зөрснөө мэдээд буцаад баруун урд алсын чигээ барин тойрмын шавар, нунтаг хайрга, бүдэг эдгэрсэн зам туулан явсаар үндсэн замдаа орлоо. Ингэж цаг үрэхэд эрт гарсан маань үнэхээр онолоо.

Зураг 11. Тал нутгаарх жийлт

Буцах шороон замын байдал
Аяллыг төлөвлөхдөө Бор Өндөр сумын төв рүү 51 км зай нь алсын өгсүүртэй тул засмал замыг сонгосон. Харин буцахдаа харьцангуй уруу шороон замтай 57 км зам туулах учиртай. Энэ өдөр салхины чиглэл тун ивээлтэй байлаа. Өдрийн хоолны дараа салхи ялимгүй хойш эргэн баруун хойд зүгээс бидний баруун мөр талаас хүчтэйхэн дэмжиж (8-10 м/с хурдтай) байлаа. Төмөр замынхаа зүүн талд гарамаар гарч хээрийн шороон замаар урамтайхан жийлээ. Баргийн өгсүүр өөд хүндхэн араагаар эргүүлэхэд огт төвөг болсонгүй. Засмал зам тавигдсан тул энэ зам нь бараг ашиглалтаас гарч автомашин ховор явдаг бололтой. Мөн айл амьтан бага таарна. Ойр хавьд орших бичил уурхайнууд руу салаалж явах тод зам элбэгтэй. Зарим хэсэгт дэржигнүүр тохиолдох ч энэ нь бидэнд төвөг болсонгүй. Автомашин ховор явдгийг илтгэж салхинд туугдсан зөөлөн шороо, хөрс замын зах, голын хэсэгт овоорон хуримтлагджээ. Ялангуяа хонхор хоолойтой газрын замд дугуй шигдэн хүч зарцуулахаас гадна, тэр хэсгээс зайлан замаас гарч хажуугийн өвс, ургамалтай хэсгээр жийж байлаа. Намар цаг тул хээрийн ургамал хатаж, өргөстэй жижиг өвс бут элбэг байв. Замаас гарч болохгүй гэдгийг бүгд мэдэж байсан боловч зарим үед яалтай билээ, шууд л дайруулан гарахаас өөр аргагүй болно. Том зангуу (олон өргөстэй хатуу) харин энэ нутагт байдаггүй юм байна. Алсын чигийн баримжаа алдаж зүүн урагшаа даялан явсанаа нэг жижиг уурхайн мөрөгцөг хараад мэдлээ. Нартай цэлмэг өдөр таарсан тул алсын бараа харах харууцтай байсан нь бас л нэг аз шүү. Айраг сумын өндөр антенн-ыг 20 орчим км зайнаас харж, чиглэлээ засан бүдэгдүү хээрийн замаар гулбигнуулан жийлээ. Салхи хажуугаас цохиж, сөрөхгүй болохоор бас ч гэж зогсолтгүй урагшилсаар. Төмөр зам руу шууд хатгасан баруун зүгийн замаар явах гэхээр хүчтэй салхи сөрөх тул зэрэгцээ урагшилах тод бус ч гэсэн тийм ч муу бус замаар бид жийсээр, "хаягдсан" тод замдаа нийлсэн юм. Жижиг гол урссан, хатсан шавартай, дэрс бүхий өргөн хоолой туулаад өгслөө. Төмөр зам дагасан дуусашгүй толгодын замаар огт зогсолгүй жийсээр засмал замтай золголоо. Наран жаргах дөхөж байв. Яг амжаад Айрагын бараа харлаа даа гэж бодоод мордтол бидний 4 дугуй хийгүй (бүгд арын дугуй) болсон байв. Шууд хийлээд л салхиа сөрөн хөдөллөө. Замд дугуй руу шивэж орсон жижиг өргөсүүд хатуу чулуурхаг зам дээр дороос цохиулан олгойг нэвт сүлбэжээ гэсэн "онош тавьлаа". Хээрийн бүдэг замд хий нь гаралгүй явсаар аяллын төгсгөлийн цэгт ирсэн "ухаалаг" дугуйнууддаа бүгд талархнам.

Зураг 12. Хуурай хээрийн замд

Цаг хангалттай нар дээр байгаа тул бид санаа зовохгүй байлаа. Хамхуул, өргөстэй өвс хаа сайгүй ч хэн нэгний дугуй хагарлаа гэж дуулдахгүй байгаад дотроо хэн хүнгүй л баярлаж явав. Аяллын замд ялангуяа хээр хөдөө холын аялалд нэг хүний бие болоод дугуйн гэмтэл бүтэн багийнх болж хувирдаг аяллын хуулиар саадгүй, эвдрэлгүй явна гэдэг үнэхээр чухал билээ. Энэ аяллаар би олон сайхан зүйл олныг харсаны нэг нь өнгөт гоё чулуунууд буцах замд дүүрэн байлаа. Бид нарны өөдөөс жийж явааг хэлэх үү замаар нэг чангааз, үзэм хатаасан жимснүүд асгасан мэт өнгө өнгийн голдуу шаргал чулуунууд гялалзана. Эхэндээ би машинаар зөөж яваад унагаагаад байсан юм байхдаа гэж гайхан бодож яваад нэг зогсолт дээр асуувал манай орны баялаг ингээд л байж байдаг юм шүү дээ. Энэ дунд жижиг жижиг мана чулуу ч их байна гэхэд нь үнэхээр гайхлаа. Эх орон минь хичнээн баян бэ. Хайрлахсан. Атгаж түүж аваад дурсгалын зураг дараад эх нутгийнхаа шороонд амгалан байхыг хүсээд буцаагаад тавилаа. Ийм сайхныг яаж харийн хүнд аваачиж өгч чадаж байнаа. Би л лав нэг удаа л тийм үйлдэл хийвэл насаараа гэмшиж харамсах байх.

Зураг 13. Нутгийн эгэл чулууд

Хээрийн тод бус шороон замаар жийхэд нарийн ширхэгтэй элс мэт хайрга нургилан дугуйнд зууралдан хүч барж жийлтийн эрч эрс удааширч байлаа. Дээрээс нь говь хээрийн талын намхан толгод нэгийг давахад дахиад цаана нь үргэлжлээд л гараад ирнэ. Ядарч байгааг хэлэх үү Айраг сум хаана байнаа л гээд яваад байв. Ийнхүү 17 цагт сумын барааг харав. Хамгийн ард яваа миний дугуй засмал харагдаж эхлэхэд сонин болоод байхаар нь хартал хойд дугуй шалжийчээ. Түрсээр засмалын захад хүлээх багийхан дээрээ ирэхэд бүгдийнх нь хойд дугуйны хий нь (нэг гишүүний дугуй зүгээр, 4 унадаг дугуй ийнхүү зэрэг хагарсан) гарсан байв. Нар шингэж бүрэнхий ч болов. Аяллын зам танд баярлалаа. Тэр хол нүд алдам талд нэг ч дугуй хагаралгүй энэ хүртэл ирүүлсэнд үнэхээр баярлалаа бас хүчийг үзүүлж хүйтэн салхи шуургаар айлгаагүйд баярлалаа. Хэрэв замд ээлжлэн дугуйнууд хагарсан бол харанхуйгаас өмнө сум ирж чадахгүй бас л амаргүйг туулах байждээ. Зөөлөн шороон замд шигдсэн өргөсүүд хатуу замд гарангуут дугуйг минь нэвт сүлбэснээс ийнхүү бүгд ижилхэн болсон нь энэ байлаа. Одоо засмалаар 3 км жийгээд сум орох тул насосоор хий нэмэж жийлээ. Минийхийг дугуйчин дүү 3 удаа хийлж байж сум оров. Дугуйн гадарт олон өргөс оржээ. Энэ яахав аяллын замд байдаг л зүйл. Гол нь төв сууринд ирээд хагарсанд бүгд баярлав.

Зураг 14. Эзгүй хээр тал газраарх 5 цагийн жийлт

Салхитай талд бараг 6 цаг жийсэн болохоор ам ангаж унах шахсан хэд Ганзам дэлгүүр орж ундалж хооллож аваад 22 цагт ирэх галт тэргээ хүлээн өртөөний буудалд амран өнөөдрийн аяллаа дүгнэн ярицах нь бас нэгэн жаргал. Галт тэрэг Ням гаригийн өглөө 07:05 цагт УБ-т ирлээ. Аялал амжилттай болсон. Одоо аз жаргалтайгаар амран шинэ долоо хоногийн ажилдаа бэлтгэн эрч хүчтэй орно. Хамт аяласан багийхандаа баярлалаа. Эрдэнийн чулуугаа гялалзуулан шаргалтан үлдсэн тал нутагтаа хайртай.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Жамъяндорж С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон Э.Ожго
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!