11 сар 8 өдөр, Баасан гариг
Оролцогч гишүүд тээшний вагонд унадаг дугуйгаа өгч 20:58 цагт хөдлөх Улаанбаатар- Сайншанд чиглэлийн 286 дугаар галт тэргэнд сууна. Тасалбарыг 2 талдаа урьдчилан захиалж авсан байна. Очих Улаанбаатар- Цомог (30000 төг), ирэх Айраг- Улаанбаатар (30900 төг) гэсэн чиглэлд тасалбар захиална. Тасалбар захиалахад цагаан хэрэглэл (7400 төг), доод суудал (цай кофе сонголтоор) зэрэг нэмэлт үйлчилгээний төлбөр төлнө.
11 сар 9 өдөр, Бямба гариг
Дорноговь аймгийн Даланжаргалан суурин (Цомог зөрлөг)-д өглөөний 04:05 цагт бууна. Өглөөний цай хоолоо идэж амраад, гэгээ оруулан аялал эхлэнэ. Автомашины засмал замаар 51 орчим км жийгээд Хэнтий аймгийн Бор Өндөр сумын төв хүрнэ. Энд амарч өдрийн хоол идээд шороон замаар Дорноговь аймгийн Айраг сумын чиглэлд жийнэ. Нийт зай 110 км орчим болно. Айраг өртөөнөөс шөнийн 22:28 цагт хөдлөх Сайншанд- Улаанбаатар чиглэлийн 285 дугаар галт тэргэнд сууна.
11 сар 10 өдөр, Ням гариг
Өглөөний 07:05 цагт УБ хотод бууна.
Жич: Бор Өндөр сумын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягнаас авах боломжтой. mn.wikipedia.org/wiki/Бор-Өндөр_сум
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
УТА Д.ЦОЛМОН, ТАЛ НУТГААР ЖИЙСЭН НЬ
... Намрын бороо та надад юу шивнэв, навчис цочроон та над юу шивнэв
Настай ээжийн минь сургаал үгийг, надад та шивнэн дамжуулав уу ... танд “Нарны унага” нэртэй 80-аад оны дунд үеийн тухайн нийгмийн амьдралын нэгэн хэсгийг харуулсан зөөлөн сайхан кино санагдаж байна уу. Уурхайн амьдрал, байгалийн сайхан, залуу халуун сэтгэл зүрхний нууцхан догдлол, хайр дурлал, амьдралын нугачааны алдаа оноо ... миний болоод надаас өмнөх үеийнхэн лав андахгүй байх. Аяллын тэмдэглэлээсээ хазайгаад зөндөө зүйл нуршчихлаа. Сэтгэлд хоногших энэ киноны зураг авалт хийгдсэн Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутгаар амралтын өдрөөр манай клуб унадаг дугуйтай аялаад ирлээ.
Улаанбаатараас Хэнтийрүү жийсэн мэт л ойр дотныхон минь өвөл эхэлж байхад гээд санаа зовцгооно. Гэтэл аяллыг ямар ч нөхцөлөөр зохион байгуулж болдогийг туршлагатай аялагч нараас сурсаар л явна. Унадаг дугуй бол хаагуур ч явдаг унаа. Гэхдээ араа хүрдийг хүний хүчээр эргүүлдэг унаа болохоор зам дагадаг. Олон төрлийн замд аялаж чаддаг бидний уулын дугуй бол хүчирхэг тээврийн хэрэгсэл. Группын өвлийн хаалт эхлээд хавар хүртэл аялал зарлагдахгүй амралтын өдрөөр ажин түжин байдаг үеэр хааяа нэг цаг агаарын таатай нөхцөлд гэнэтийн аялал зарлагддаг. Баасан гаригийн оройноос Ням гаригийн өглөө болтол үргэлжлээд дуусдаг болохоор ажлын цаг, амралтын өдрийн тохиромжтой үед таардаг нь галт тэрэгтэй аяллын онцлог юм.
Баасан гаригийн оройн УБ-Сайншанд чиглэлийн галт тэргэнд оройн 20 цаг өнгөрөөгөөд тухаллаа. Улаан тэмдэгтэй нэг гишүүн биднийг гаргаж өгөв. Очих газар маань Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төв буюу Цомог өртөө. Хуваарь ёсоор өглөөний 04.05 цагт тэнд бууна. Галт тэрэг алгуур хөдлөн явсаар ерөнхий баримжаагаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт хээр талд зогслоо. Түр зуурын зогсолт бус нэлээнд удаан зогсоход галт тэргэнд дотор бүгчим гэж жигтэйхэн. Миний сэрэвгэр нойр хүмүүс унтаж эхлэхэд ч унтаагүй болохоор ганцаар нааш цааш баахан холхив. Бүүр залхаад үүдний хэсэгт очиж үйлчлэгчээс юу болсныг асуухад Хоолтын давааны наана Хангал өртөөний орчим зүтгүүрт эвдрэл гарсан тул хамгийн ойрын өрөөнөөс ирж буй зүтгүүрийг хүлээж байна гэв. Анх удаа ийнхүү галт тэрэг эвдэрч олон цаг зогсдогийн гэрч болж 2 цаг гаруй болоод галт тэрэг хөдөллөө. Үйлчлэгч “та нар 04 цагт бус 06 цагт Цомогт бууна шүү” гэж сануулав. Унтахаар хэвтсэн боловч нойр хүрсэнгүй. За, өнөөдөржин жийхэд ядраад буцах замдаа нам унтах байх гэж өөрийгөө тайвшруулаад өглөөтэй золголоо.
Цаг агаарын байдал
Зүүн урд зүг рүү 300 км явсан (нарны тусгалын өнцөг өндөр гэсэн үг) гэсэндээ энэ өргөрөгт дулаахан байлаа. Өглөөний тас хийсэн жавар үгүй, салхи нь тогтуун баруун зүгээс чигтэй байв. Агаарын температур 0...2 градус дулаан байгаа бололтой. Бид зүүн хойд зүг (азимут 30 градус) явах учраас зүүн мөр талаас ташуу ч гэсэн дэмжинэ гэсэн үг. Урьдчилан харсан чиглэлээр салхи салхилж хажуунаас дэмжинэ, замын эргэлтээс шалтгаалан зарим үед багахан сөрөх явдал гарсан ч энэ нь бидний хөдөлгөөнд "саад болсонгүй". Даланжаргалан суурингаас хөдлөх үед наран мандаж, үүлэрхэг тэнгэрийн цоорхой хаяанаас сүүмийн цухуйж аажим хөөрч байлаа.
Шинэ өглөө ямар гоё гээч. Дандаа л ийм сайхан байдаг. Цомог зөрлөг дээр бид буулаа. Тал хээр нам гүм. Зөрлөгийн жижиг өрөөнд бид тухлан өглөөний хоол цайгаа хийж идэцгээн 07 цагт хөдлөхөд бэлэн боллоо.
Ийм сайхан эх орондоо ингээд эрх дураараа жийж явах бид ямар азтай улс вэ хэмээн цээжинд баяр бахдал булиглана. Мандаж байгаа нар, өргөн тал цэлийнэ. Өмнө нь энд ажиллаж амьдарч үзсэн гишүүн маань энэ нутгийн нарны гэрэлд эрдэнийн чулуундаа гялалзаж харагддаг байсан гэсэн гэхэд нь монголчууд бидний зарим нь мөнгөний төлөө эх орноо цөмлөн урд зүгрүү зөөж байсан гэх бодол хальт орж ирэх нь гунигтай. Өнөөдөр бид 50 км жийгээд Бор-Өндөр орох ёстой. Админ 25 дахь км дээр амрана гэж хөдлөхөд хэлсэн болохоор шууд л торох юмгүй засмалаар жийхэд баруун талаас ташуу туух салхины урсгалд аз жаргалаас өөр юу ч үл мэдрэнэ. Бүх хүмүүс хийж байгаа бүхнээсээ энэ мэдрэмжийг авч байгаасай.
Эндээс Бор-Өндөр сум харагдаж байв. Хээр тал салхилаж шуурвал даарах байх гэж зузаалсан тул хэрэндээ л түүртэж халууцсан би бушуухан очиж амармаар байсан болохоор түрүүлээд жийлээ. Тавуулаа пижигнээд 11 цаг гэхэд Бор-Өндөрт орж ирлээ. “Эгч дүүс” нэртэй дажгүй хоолтой газар орж хооллоод, амарч сэрүүцлээ. Хөтөл, Шарын гол гээд уурхай дагасан хотуудын эмх цэгцтэй цомхон шинж нь адилхан санагдсан. Дахин хэсэг амарч байгаад хөдлөх үү гэж админд хэлтэл “бидний буцах зам ирсэнтэйгээ адил засмал биш шороон зам, бас энэ нутагт өмнө нь жийж байсан туршлага бидэнд байхгүй, замын нөхцөл байдлыг гадарлаж байгаа ч нарийн ширийнийг мэдэхгүй, тал хээрт цаг агаар яаж хувирахыг таашгүй, эртхэн хөдөлж Айраг өртөөгөө бараадья” гэснээр 12.10 минут гэхэд баг эргээд жийхэд бэлэн болов. Цаг их байна гэж алгууралгүй эртхэн хөдөлсний ашиг тусыг үнэхээр буцах замдаа мэдэрсэндээ.
Ингээд баруун мөрнөөс яламгүй жишүү үлээх салхинд туугдан тавуулаа ёстой пижигнэтэл уруудлаа. Бараг 10 орчим км явж байгаад зам бичдэг апп-аа асаахаа мартсанаа санаж асаав. Өглөөгүүр засмал дээр хүнд оргиж байсан уулын дугуй жижиг шороо чулуутай алсын уруу замд цаасан дугуй мэт л хөнгөн жоохон сэрмэж алдвал авч шидчих гээд байх нь сонин. Нар ээнэ, салхи тууна. Дугуйчны жаргалд энээс өөр юу байх билээ. Харин энэ нутгийн онцлог уурхай их байгаагаас сум чиглэсэн шороон замаас ялгахын аргагүй тод уурхайн замууд алсын чигийг төөрүүлэн дагуулаад будилуулах шинжтэй юм байна лээ. Байн байн газрын зургаа харж төв замаа олж жийхгүй л бол баримжаалах уул нуруу толгод үгүй нүд алдам шаргал тал хаашаа ч харсан цэлийнэ. Дахин 10 гаруй км жийхдээ бид салхинд туугдсандаа баярлан жоохон сэрэмж алдан 5 км орчим зүүн гар тийш даяласнаа мэдэв. Ингээд зам жоохон зөрснөө мэдээд буцаад баруун урд алсын чигээ барин тойрмын шавар, нунтаг хайрга, бүдэг эдгэрсэн зам туулан явсаар үндсэн замдаа орлоо. Ингэж цаг үрэхэд эрт гарсан маань үнэхээр онолоо.Буцах шороон замын байдал
Аяллыг төлөвлөхдөө Бор Өндөр сумын төв рүү 51 км зай нь алсын өгсүүртэй тул засмал замыг сонгосон. Харин буцахдаа харьцангуй уруу шороон замтай 57 км зам туулах учиртай. Энэ өдөр салхины чиглэл тун ивээлтэй байлаа. Өдрийн хоолны дараа салхи ялимгүй хойш эргэн баруун хойд зүгээс бидний баруун мөр талаас хүчтэйхэн дэмжиж (8-10 м/с хурдтай) байлаа. Төмөр замынхаа зүүн талд гарамаар гарч хээрийн шороон замаар урамтайхан жийлээ. Баргийн өгсүүр өөд хүндхэн араагаар эргүүлэхэд огт төвөг болсонгүй. Засмал зам тавигдсан тул энэ зам нь бараг ашиглалтаас гарч автомашин ховор явдаг бололтой. Мөн айл амьтан бага таарна. Ойр хавьд орших бичил уурхайнууд руу салаалж явах тод зам элбэгтэй. Зарим хэсэгт дэржигнүүр тохиолдох ч энэ нь бидэнд төвөг болсонгүй. Автомашин ховор явдгийг илтгэж салхинд туугдсан зөөлөн шороо, хөрс замын зах, голын хэсэгт овоорон хуримтлагджээ. Ялангуяа хонхор хоолойтой газрын замд дугуй шигдэн хүч зарцуулахаас гадна, тэр хэсгээс зайлан замаас гарч хажуугийн өвс, ургамалтай хэсгээр жийж байлаа. Намар цаг тул хээрийн ургамал хатаж, өргөстэй жижиг өвс бут элбэг байв. Замаас гарч болохгүй гэдгийг бүгд мэдэж байсан боловч зарим үед яалтай билээ, шууд л дайруулан гарахаас өөр аргагүй болно. Том зангуу (олон өргөстэй хатуу) харин энэ нутагт байдаггүй юм байна. Алсын чигийн баримжаа алдаж зүүн урагшаа даялан явсанаа нэг жижиг уурхайн мөрөгцөг хараад мэдлээ. Нартай цэлмэг өдөр таарсан тул алсын бараа харах харууцтай байсан нь бас л нэг аз шүү. Айраг сумын өндөр антенн-ыг 20 орчим км зайнаас харж, чиглэлээ засан бүдэгдүү хээрийн замаар гулбигнуулан жийлээ. Салхи хажуугаас цохиж, сөрөхгүй болохоор бас ч гэж зогсолтгүй урагшилсаар. Төмөр зам руу шууд хатгасан баруун зүгийн замаар явах гэхээр хүчтэй салхи сөрөх тул зэрэгцээ урагшилах тод бус ч гэсэн тийм ч муу бус замаар бид жийсээр, "хаягдсан" тод замдаа нийлсэн юм. Жижиг гол урссан, хатсан шавартай, дэрс бүхий өргөн хоолой туулаад өгслөө. Төмөр зам дагасан дуусашгүй толгодын замаар огт зогсолгүй жийсээр засмал замтай золголоо. Наран жаргах дөхөж байв. Яг амжаад Айрагын бараа харлаа даа гэж бодоод мордтол бидний 4 дугуй хийгүй (бүгд арын дугуй) болсон байв. Шууд хийлээд л салхиа сөрөн хөдөллөө. Замд дугуй руу шивэж орсон жижиг өргөсүүд хатуу чулуурхаг зам дээр дороос цохиулан олгойг нэвт сүлбэжээ гэсэн "онош тавьлаа". Хээрийн бүдэг замд хий нь гаралгүй явсаар аяллын төгсгөлийн цэгт ирсэн "ухаалаг" дугуйнууддаа бүгд талархнам.
Салхитай талд бараг 6 цаг жийсэн болохоор ам ангаж унах шахсан хэд Ганзам дэлгүүр орж ундалж хооллож аваад 22 цагт ирэх галт тэргээ хүлээн өртөөний буудалд амран өнөөдрийн аяллаа дүгнэн ярицах нь бас нэгэн жаргал. Галт тэрэг Ням гаригийн өглөө 07:05 цагт УБ-т ирлээ. Аялал амжилттай болсон. Одоо аз жаргалтайгаар амран шинэ долоо хоногийн ажилдаа бэлтгэн эрч хүчтэй орно. Хамт аяласан багийхандаа баярлалаа. Эрдэнийн чулуугаа гялалзуулан шаргалтан үлдсэн тал нутагтаа хайртай.