Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Намрын тогтуун өглөө боллоо. Бүрхэг байсан тэнгэр хойноосоо онгойж, шөнө орсон борооны чийг замд шингэн хатаж, бараг салхи үл мэдэгдэм байлаа. Аяллын түүхэнд өдрийн аяллын цуглах цэг Сүхбаатарын талбай дээр товлогдож байсангүй. Зарим гишүүд гаргаж өгөх, зарим нь хэсэгхэн хамт жийгээд буцах гэх мэтээр клубын гишүүд өнөр олуулаа цуглалаа. Аялал эхэлдэг, дуусдаг замын эхлэл, төгсгөл болдог 0 цэг дээр дурсгалын зургаа авахуулав. Аялал цагтаа эхэллээ. Урагшаа гарч автомашины замаар манайхан бөөндөө эгнээ аваад л буудчихлаа. Гэнэт л юу билээ энэ чинь гэж бодоод дунд нь холилдон тэлүүлэнхэн жийсээр Их тэнгэрийн ам хүрээд татлаа. Урьд нь цуглах цэг 15-20 км зайд байхад ингэж хүчирхэг гараа хийх нь ховор байжээ. Холхон замд бие нь халж "хор" нь гараад цуглах цэгтээ ирдэг байж дээ гэж бодов.
Богд уулын хойд бэл эмжсэн замаар баг бөөндөө 23-25 км цагийн хурдтай жийсээр Скай ресорт өнгөрөн, төмөр замын гүүрээр гарч уруудан, Баянзүрхийн гүүр доогуур шурган гараад Улиастай руу салах замд орон жийсээр, шинэ замаар шинэ гүүрээр гаран Шар хад руу хатган орж ирэв. Зарим гишүүд энэ замаар анх удаа жийж байгаа тул юу вэ энэ чинь, Шар хад ороод ирэх чинь гэж уулга алдан урагшилж явлаа. Да хүрээ зах өнгөрөн Цайзын хойш чиглэсэн замаар Цагаан даваа давж автобусны эцсийн буудал хүрч татав.
Тун тохиромжтой цаг агаартай байлаа. Дарь эхийн уулзвар руу Ганц худгийн амаар уруудан хүрч, Хайлаастын уулзвар хүрч хойш эргэн 7 буудлын наагуур Чингэлтэй ам руу салан өгсөж товлосон чиглэлийн замдаа нийллээ. Энэ удаа уулын зам цас, шавартай байгаа тул чиглэлээ В нөөц төлөвлөгөө руу оруулж, засмал голлосон замыг сонгосон юм.
Чингэлтэйн амнаас Хайлаастын ам руу даваж орох огцомхон хярын замаар манай баг өгслөө. Айлын хашааны ноход баруун талаас, өгсүүрт чихцэлдэн явж ядах автомашинууд зүүн талаас "хар яр" хийн хуцалдана. Тоосон ч үгүй өгссөөр даваад, уруудлаа. Уруудах зам богино байлаа. Хайлаастын төв замтай нийлэн амаа өгссөөр Баянхошууны ам руу давах уулын хярын замаар өгсөв. Овоохон огцом юмаа. Манайхан ч тачигнатал уралдаад онь даваж одов. Туршлагатай чиглүүлэгч толгойд явж байгаа тул татах газраа мэдэж байгаа гэсэн гүн итгэлтэй ийнхүү тайван жийнэ гэдэг админ хүний жаргал байдаг билээ. Хярын орой дээр татсан байв. Аяллын тухай, өнөөдрийн зам, саяны өгсүүр гээд гишүүд хоорондоо ярилцан нэг нэгэндээ халамж анхаарал тавин ийнхүү амар амгалангийн уур амьсгалд умбах нь клубийн аяллын нандин мөчүүдийн нэг хэсэг болдог.
Сунайтал уруудан Хөтөлийн баруун талаар төв замтай нийлэн, автомашинтай холилдон бөөндөө жийсээр шууд Таван шарын уулзвар хүрэв. Төмөр замын шинэ гарам доогуур гарахдаа бөөндөө уухай хашгиран харанхуй урт хонгилоор жирийтэл жийлээ. Нэг талын урсгалыг нь түр хаасан байв. Цаад талд автомашинуудын хахаа үүсжээ. Нэг том автобус хахаж гулгиад урд талд жижиг хөнгөн автомашин хөндөлдүүлэн "гаргачихлаа". Унадаг дугуй юун саатах билээ дээ, хэд мурилзаад л тэр их хахаанаас сугаран, Сонсголонгийн уулзвараар урагш эргэн Нисэхийн зүг жирийсэн юм. Нэг гишүүний маань гинж тасран замаас гарсан мэдээ авлаа. Цаг 13.00 болж байлаа.
Энэ чиглэлийг төлөвлөж байхдаа хотын хөдөлгөөн ихтэй замаар гишүүд нэлээд сунаж, зай авах байх гэж халширан бодож байсансан. Гэтэл манайхан огт торолгүй, бусдын хөдөлгөөнд саад бололгүй замын хөдөлгөөнд оролцож, бүр хэн ч хоцорсонгүй, хаягдсангүй, дандаа бөөндөө явж байсан. Уулзвар эзлэн эргэх олон дугуйчид өнөөдрийн замын эзэд байлаа гэж эрхгүй бодсон билээ. Нисэхийн тойрог (энэ тойргийг голоор нь халз хусаж байна билээ)-ийн Номин дээр баг өдрийн хоол идэв. Энд ногоон тэмдгийн болзол хангасан гишүүндээ тэмдгийг нь гардуулан баяр хүргэлээ.
Бид Яармагаас хотын төв рүү тавьсан шинэ гүүр дээр ирж дурсгалын зургаа татуулан нэг нэгэндээ өнтэй өвөлжих ийн ерөөл өргөн, гэр гэрийн зүг жийсэн юм. Ийнхүү энэ оны намрын хаалтын аяллаа манай баг амжилттай хийсэн юм. Манай УТГ Ч.Мажигсүрэн анд маань тун ч сайхан зургууд авсан. Удахгүй нийтэлнэ, зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Д.Бямбасүрэн | Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг | 2401 км |