Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Өглөө эртлэн босож, аарц буцалгаж уучихаад, нэг сав аарц болон өмнөх өдөр нь ханийнхаа бэлдэж өгсөн хүнсийг цүнхэлж аваад гараад жийв. Ойрд аялалд яваагүй тул хөл хөнгөрөн цуглах цэг рүү догдлон жийж байх замд Баярсайхан ахтай таарч, цааш хамт гангар гунгар ярилцан жийсээр 8:40-д Жигжидийн уулзварын GS25 дээр хүрч очиход хоёр дугуй харагдах нь аль хэдийн дугуйчид маань эхнээсээ ирсэн болохыг илтгэнэ. Дотогш орж тэдэнтэй мэнд мэдээд удаагүй байтал бусад дугуйчид маань ар араасаа цувж орж ирсээр долуулаа болж, бүртгэлд орсон байсан шинэ хүнээс бусад нь бүгд цуглан аялал эхлэх цагаа минут тоолох хүлээв.
Бөөндөө гарч дурсгалын зургаа авахуулаад хөдлөх агшинд яг 9:00 болж байв. Гэтэл араас нэг машинтай хүн “Хөөе хөөе! Дугуйн аяллынхан уу? Байж байгаарай! Одоохон …” гэсэн нь өнөөдрийн аялалд бүртгүүлсэн нөгөөх шинэ хүн маань байв. Ингээд баг 8-уулаа болж бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдэв. Бид шинэхэн гишүүнээ машинаасаа дугуйгаа буулгаж, дугуйн малгай, бээлийгээ өмсөхийг хэсэг хүлээж бэлэн болохоор нь хамтдаа цааш жийж эхлэв. Яваандаа Гүнтийн даваа руу дөхөх тусам баг цуварч, Баярсайхан ах хойно байх гишүүдээ цоожлон үлдэв. Аялалд явж амжаагүй нэгэн дугуйчин ах маань бид хэдийг Гүнтийн өгсүүр дээр хүлээж байхдаа таарахад сэтгэлд нэг л дотно. Ойр зуур яриа өрнүүлээд цааш хөдлөв.
Гүнтийн давааг даваад цааш жийхэд сул чулуутай урууд дугуйтайгаа сэгсчүүлэн, гар бариулаас мултарчих гээд сандчин байж арай хийж засмалтай хэсэг рүү орлоо. Засмалаар уруудахад ойрд хүйтэн байснаас өнөөдөр хэт зузаалж гараад түрүүнээс хойш чихцэлдээд бас халууцаад байсан бие сэрүүн салхинд сэнгэнэн үнэхээр таатай байж хэсэг сайхан уруудаад давааны хойно байрлах дэлгүүр дээр татан багийнхантайгаа нийлж, араас ирэх хоёр дугуйчнаа хүлээв.
Тэднийг ирэнгүүт цааш хөдөлж, Батдаваа ах багаа цоожлон явав. Хойд чиглэлд явахдаа байнга ордог байсан цэнхэр дэлгүүрээ өнгөрөөд төд удалгүй засмал замаасаа баруун гар тал руугаа салах тод шороон зам руу эргэцгээх нь дараагийн өгсүүр болох Зүүн ацын даваа руу чиглэн жийв. Жижиг жижиг сул чулуутайг эс тооцвол засмал шахуу сайхан шороон замтай юмсанж. Энэ чиглэлд миний бие өмнө нь хэд хэдэн удаа явж байсан ч ингэж анзаарч тогтоож байгаагүй нь аялалд явахдаа илүү дутуу юманд анхааралгүй урдах хүнийхээ барааг алдахгүй явдагтай холбоотой. Гэтэл энэ удаагийн аялалд админууд энэхүү аялалтай цаг хугацааны хувьд давхацсан хоногийн аялалд явах нь явцгааж, хувийн ажилдаа явах нь явж, аяллын тэмдэглэл бичих хүндхэн бөгөөд хариуцлагатай алба надад ноогдсон тул ойр зуур юм анзаарч явах албан бус шаардлага үүссэн байв. Үүний ачаар үнэндээ л энэ чиглэлийг нүдээ аниад явсан дахиж хэзээ ч мартахааргүй болтолоо тогтоож авлаа. Нээрээ л анзаараад байхад янз бүрийн тогтоцтой уул, намрын моддын гоёмсог өнгө, хашаандаа шаргалтан халиуран чацарганы бутнууд гээд нүд унам сайхан зүйл жийж явахад зөндөө таардаг юмсанж.
Хэсэг явахад хүржигнэн урсах тунгалаг уст голын хажуугаар өнгөрөхөд зогсоод хүйтэн уснаас нь ганц балгыг уувал ямар гоё байх болоо гэж бодогдох ч нэг талаас дураараа зогсож болохгүй гэсэн клубийн дүрэм, нөгөө талаас сатааралгүй жийж оройны ажилдаа амжих гэсэн хоёр хүчин зүйлдээ ороогдон цааш зүгээр л жийж байв. Гэтэл сайн хүн санаагаараа гэж нэг дугуйчин маань ингэсхийгээд зогсож нэг татах уу гэхэд нь хоёр гараа өргөн дэмжсэнээр өглөөнөөс хойш тухгүй явсан зузаан хувцаснаасаа нимгэлэн цүнхэлчихээд түрүүний бяцхан хүслээ гүйцэлдүүлээд, сайхан сэргээд ирэв. Арын хүмүүсээ ирэхэд нь хөнгөн цайлж аваад цааш хөдлөв. Моддын хажуугаар явахад нарийнхан нарийнхан шаргалтсан навчис дээрээс өвлийн цас адил бударч, намрын нар ээх нь нэн таатай байлаа. Шарласан өвстэй замаар жийхэд яг буйдан дээр явах мэт бамбалзаад нэг талаасаа сонирхолтой гоё ч нөгөө талаасаа дугуйтай зууралдаад хурд сааж байв. Гэхдээ л намар иймэрхүү нөхцөлд жийх үнэхээр гоё. Шавар ус ч багатай. Ямар сайндаа Зүүн ацын дээр гарахынхаа алдад энд хэдүүлээ майхнаа барьж ирээд отоглочихвол гоё юм байна гэхэд хамт байсан ах шууд дэмжиж байхав дээ. Тэр ах бид 2 давааны овоон дээр очоод араас ирсэн хэдийгээ цаашлуулж “Овоогоо нэг тойрохгүй бол 1 км хасна гэсэн шүү” гэж хэлээд сүүлийн хоёрыгоо ирэх хооронд бараг бүгдийг нь овоо тойруулаад хэсэг хөгжилдөөд авав.
Ингээд буцаж Зүүн ацын давааныхаа ойн цоорхойн нарлаг энгэр дээр тухтайхан сууж, тавтайхан цайлав.
Нилээн сайхан амарч аваад буцаад гэрийн зүг жолоо мушгицгаалаа. Дугуйчдын даваан дээрээ урамтайхан жийж гарахад өөдөөс мото клубийнхэн цувран гарч ирж байв. Эхний гарч ирсэн залуугаар нь бөөндөө нэг зураг даруулав.
Ойр мотоциклийнх нь дуу сонсогдох хүмүүсийг нь өнгөрөөгөөд дараагийн таталтын цаг болох засмал зам хүртэл шороон замаараа доош жирийлгэцгээв. Энэ удаа мөн л Баярсайхан ах санаачилгаараа цоожлон явах ба аяллын туршид хүн бүрийг анхаарч, халамжилж явав.
Засмал дээр ирэхэд салхи өөдөөс болсон байх ба их хүчтэй байсан тул аюулгүй байдлаа бодон дугуйн замаараа Батдаваа, Лувсан хоёроороо салхиа авахуулан хоёр эгнээ болон жийсээр Жигжидийн уулзварын дэлгүүр дээр 13:25-д ирцгээв.
Энд хөнгөн цайлан, хорвоогийн сонин сайхныг хэсэг ярилцан байж байгаад, гэр гэрийн зүг хүлгийн жолоогоо залснаар бидний аялал өндөрлөсөн юм.
Хүн бүрийн санаачилга, үүрэг оролцоо мэдрэгдсэн сайхан аялал боллоо. Хамт жийсэн эрчүүддээ баярлалаа.