Оролцогч гишүүд цаг агаарт тохируулан хувцаслаж, унадаг дугуйны гэрэл, чийдэнг 4 цаг асахаар тооцож нөөц гэрэлтэй яваарай. Урьдчилсан мэдээгээр цас орох бололтой. Салхи тогтуун. Ой модон дундуур намрын шаргалтсан өвстэй зарим хэсэгтээ бүдэгдүү замаар жийнэ. Харгана хүрч амарч, ундлаад ирсэн замаараа буцна.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Шөнийн 1 цагт гэртээ орж ирээд амрахуйд хэдхэн цагийн өмнө харанхуй ой дундуурх шавар, ховилтой замаар гэрэл чийдэнгээ асаан урагшилж асан бидний дүр зураг, хажууханд буга (эсвэл гөрөөс юм болов уу, арай л хахирган дуутай байсан) сүртэйгээр урамдан шөнийн хангайд би эзэн нь шүү гэж зарлан тунхаглах, доогтойгоор хүүе хүүе гэж шар шувуу биднийг дуудан дуугарах, зуслангийн замаар хот руу жирийтэл хурдлах сэтгэмж, энэ бүхэн ер болоогүй мэт ажин түжин санагдах нь амьдралын одоо цагийн хууль билээ.
Хойд зүгээс үлээх салхи сөрөн жийсээр цуглах цэг дээр 19.25 цагт ирж оройн хоол идлээ. Манай багынхан мэнд мэдэн цугласаар, 19.59 цагт сүүлийн гишүүн ирж 20.05 цагт аяллын замд гарлаа. Өнөөдөр намрын адаг сарын шинийн 3 өдөр гэнэ. Сар аанай л алга. Ямар учиртайг нь мэдэхгүй ч шөнийн аялал, жийлтүүд битүүн, шинийн нэгэн, хоёрны шөнө зохиогдсон байдаг. Тас харанхуй шөнө гэрлээ асаан урагшлах тийм хувьтай бололтой. Нэг гишүүн бүр надаас Та эсвэл зориуд ийм өдрүүдийг сонгодог уу гэж асууж билээ. Үнэнээ л хэллээ. Яагаад ч юм шөнийн аялал, жийлт ингээд л таарчихдаг.Салхи тогтон, хангайд ойртсон тул пүн хийх шиг тэнгэрт одод түгсэн тогтуун шөнө боллоо. Сэлбийн эхээ хөндлөн гарч Духын давааны уулзвар өнгөрөн, танил модны хажууханд түр татлаа. Өвс ургамал дээр унасан намрын хяруу гялтганан тусах гэрэлд гялалзана. Хөл доорх овон товон замаар дугуйгаа жийж, түрэхдээ түрсээр дээд хяр дээр гарав. Энд харин самрын бололтой автомашинууд замыг овоо эвдсэн байв. Харгана руу салдаг зам маань эхэндээ танигдахгүй унасан хус мод, шавар чулуугаар "чимэглэгдэн" өөрчлөгджээ.