Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #170 - Тэрэлж

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/348
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
101 км
Давааны тоо
5
Өндөр авалт
1415 м
Өндөр алдалт
-1418 м
Их өгсөлт
17 %
Их уруудалт
-15.4 %
Оролцогчдын тоо
23
Эхлэх цаг
2024 оны 8 сарын 31 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Аяллын баг Гялалзахын даваа дээр

Аяллын өмнөх өдрийн үдшээс эхлэн орсон борооноос ч болсон уу гэмээр юм болж аялалд бүртгүүлсэн хүмүүсээс 6 нь ирээгүй ч харин хүрэлцэн ирсэн гишүүдийн тоо 23 хүрчээ. Цуглах цэг рүү жийж явахад ч борооны сүүлч цув нөмрүүлээд авав. Энэ нь өнгөрсөн жилийн 9 сарын 16-ны аяллыг өөрийн эрхгүй сануулна. Тэр яг л өнөөдрийнх шиг өглөө эртдээ бороотой, зам нил ус болсон байсан юм. Харин шороон замын шавар, шалбааг хаа очиж тэр өдрийнхөөс гайгүй байлаа. Мөн тэр 9 сарын 16-ны аялалд оролцогчдын тоо өдрийн ба хоногийн аяллын багууд нийлээд 16 болж байсан бол харин энэ удаад 23+2=25 гишүүн оролцжээ гэсэн тоо баримт дурдчихъя.

Догдлол уу, эндүүрэл үү

Клубийн гишүүний бахархлын тэмдэгтэй буюу хэзээ язааны аялагч болсон нэг залуу гишүүн маань аяллын цуглах цэгт яг 24 цагийн өмнө очсон явдал зарим гишүүдийн чихнээ хүрсэн нь хэсэгтээ л хэн хэзээ цуглах цэг болон цагаа андуурч байсныг эргэн дурсах зугаатай ярианы сэжүүр болсоныг эхлээд тэмдэглэмээр санагдана. Энэ мэт явдал цөөнгүй тохиолддог нь үе үеийн гишүүдийн хууч ярианаас бэлээхэн анзаарагддаг л юм. Жишээлбэл хотын зүүн захад цуглах байтал хотын хойд зүгт "манайхан яагаад цагаа барихгүй байна аа" гэж явсан саяхны тохиолдлоос эхлээд хотын нэг захад цуглах байтал нөгөө зах руу буюу шал эсрэг тийш жийж явсан эртний явдал бий.

Дургүйд хүчгүй гэдэг шиг бүртгүүлээгүй аялалд хүч гардаггүй юм болов уу

Манай клубт саяхан нэгдэж бидэнтэй хамт жийх болсон нэг гишүүн маань аялалд бүртгүүлэхээ мартсан ажээ. Аяллын бүртгэл аялал эхлэх цагаас 30 минутын өмнө автоматаар хаагддаг билээ. Хэдийгээр клубийн админууд бүртгэл хаагдахаас өмнө цуглах цэгт хүрэлцэн очсон нь мань гишүүн үүнээс хойш буюу бүртгэл аль хэдийн хаагдсан хойно ирсэн тул "бандан тас" боллоо.

Аяллын бүртгэл нэг учиртай л даа. Өдрийн аялалд хэн ч бүртгүүлээд л оролцох эрхтэй бол харин нөгөө талаас хэн нэгнийг өмнөөс нь бүртгэлд нэмж оруулах боломж байдаггүй юм л даа. Угтаа энэ нь клубийн дүрмийн 12.2-р зүйл "Клубийн веб сайт дээр хувийн хэрэг нээж, улмаар аялалд бүртгүүлэхийг энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч, даган мөрдөх баталгаа өгсөнд тооцно." гэсэн заалт л хэрэгжиж байна гэсэн үг.

Аялалд бүртгүүлэхээ мартаад ирсэн гишүүнд "өө" гэхээс өөрөөр хариулах арга даанч байдаггүй. Админд хэн нэгнийг бүртгэлд нэмдэг эрх олговол дээрх "баталгаа маталгаа" утгаа алдана. Бас эхлэх цагийг хойшлуулж урагшлуулж "зальдах"-ыг вебийн програмын дээр аль хэдийн тооцоод хаачихсан байдаг юм. Нөгөө талаас лавшруулбал хэн нэг админ хэн нэгнийг аялалд оролцож, төчнөөн км жийсэн болгох - "дансны арга" програм дээр тусгагдан хязгаарлагдсан байдаг.

Ийнхүү бүртгүүлэхээ мартсан саахь гишүүн маань хэдийгээр өмнөх аяллуудыг амжилттай дуусгаад байсан ч энэ удаад замын дундаас аяллаа дуусгасан нь бүртгүүлээгүйгээс болсон уу үгүй юу гэдгийг ёстой бүү мэд. Тэрэлж хүрээд буцах замдаа орж Шилжрээнгийн даваа руу зүглэсэн ч алсын өгсүүрийн дундаас буцсан гэсэн мэдээг гишүүдийн нэг нь уламжиллаа.

Хаягдсан даваа

Аяллын маршрутын тоон үзүүлэлтээс аяллын замд даваа 5 удаа таарах нь харагдана. Эдгээрийн эхнийх замын эвдрэлээсээ болоод унадаг дугуйгаар давах боломжгүй шахуу болжээ. Сүүлийн жилүүдэд ширүүн бороо их орох, хүчтэй үерлэх болсоны улмаас зам харгуй эвдрэх хаа сайгүй эрчимжжээ. Үүнийг нэг тохиолдол бидний энэ удаагийн аялалд ч тааралдлаа. Аяллыг анх төлөвлөхдөө сонгосон даваа газар дээрээ тулаад очиход унадаг дугуйгаар жийж гарах аргагүй даваа байсан тул түүнээс урагш байх Гялалзахын даваа гэдгээр давахаар болсон ч үүний зам нь усанд идэгдэж эвдэрсэнээс болоод яг эгц өгсүүрийг жийж биш түрж давцгаалаа. Аяллын дараа манай нэг гишүүн уг давааг "хаягдсан" хэмээн нэрийджээ. Бэрх уулын урд хошууг тойруулан, Их хуандын ам руу засмал зам тавьсан тул үүгээр жирийн тээврийн хэрэгсэл давахаар зүтгэх ч үгүй болов уу.

Энэ аяллаар давсан Гялалзахын даваа болон сүүлийн жилүүдэд энэ хавийн уулс дахь даваануудыг хиймэл дагуулын зургаас олж харж байгаад зорин очиж нүдээр үзэж, биеэр жийж үзэхэд Шилжрэн, Хоёр, Шилжрээнг зэрэг гол даваануудаас бусад нь унадаг дугуйгаар жийж давахад зохимжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэнийг энд цохон тэмдэглэе.

Шаварсаагаа гаргая л даа

Бороо нилдээ орсон тул шавар ус хаа сайгүй байлаа. Гэхдээ Их хуандын ам руу тавьж байсан засмал зам уулын ам өөдөө улам ахисан нь гарцаагүй дайрах шаврыг үгүй хийжээ. Гэсэн ч том админ манай хэдийг ахин дахин гол гарах, хэрдээ шавартай зам руу оруулж дөнгөв. Бас би вээр залгуулаад автомашин явдаг замаас нь гаргаж суурин айлуудын урдуурх шавартай, нил үхрийн баастай зам руу оруулахаар өөрөө оройлон орсон ч "наадах чинь дэмий" гээд даган орж гэнэдсэнгүй. Челленжид дуртай цөөн хэд нь л тэр шаврыг туучив. Зарим нь голоор олон удаа гардаг гээд шууд чигээрээ автомашин голчлон явдаг, уулын баруун энгэрээр жийжээ. Гэхдээ тэр зам нь маааш их чулуутай тул аймар донсолно л доо.

Жаахан хувийн юм бичихэд энэ удаад шифи-гүй жийсэн тул харагдсан бүхий л гол ус, шавар, шавхайг дайрч, туулж гарч явлаа. Шифи-гүй, хавтгай дөрөөтэй яваа тул ус, шаврыг ёстой санаан зоргоор туучив. Гэвч хоёр газарт урд дугуй сөөм хэртэй шигдэж суугаад байсан тул яалт ч үгүй дугуйнаасаа буун, түрж гарсан даа. Энэ жил өнгөрсөн жилээс илүү усархаг байсан бололтой. Яагаад гэвэл шигдэж суусан тэр хоёр газраар өмнө нь жийгээд гарч байсан юм л даа. Харин энэ удаад нэг удаагийн борооных биш бүр нэлээн удаан хугацаагаар усанд дэвтэж зөөлөрсөн гэмээр байлаа.

Буцах зам асуудалгүй

Бид ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцах буюу очсон замаараа эргэж буцах байсан тул үүгээр буцвал яах вэ, алсын уруу, давааны урууд хурдтай давхихад хальтирч шарвах аюул байх нь уу гэдгийг сайтар анзаарч явав. Үүнийг нэн ялангуяа том админ онцлон анхаарч, сануулан хэлсээр байлаа. Хоёр болон Шилжрээнгийн давааны хоёр талын зам ёстой асуудалгүй байв. Их Хуандын амны зам ч бас л гайгүй гэмээр байлаа. Зам дээрх шавар хэн ч тойроод гарчихаар байсан нь биднийг буцахад аль хэдийн эвэрч бараг "хатсан" байв.

А баг, Б баг

Намар цагийн аяллаа гэж. Зарим нь зунжингаа жийж уяа сойлго нь ханасан байдаг бол заримынх нь "найр наадам ихдэж" ямар ч жийлтгүй болсон байдаг. Яг үүн дээр нь Долоон давааны сорилгын өмнө гээд 5 даваатай маршрут гаргачихсан байдаг. Мөн чамгүй олон гишүүн хүрэлцэн ирсэн байдаг. Бас өнөөх шавар, ус. Ийнхүү уг аяллын хувьд угаасаа л "мэнгэ нь голлосон" байсан тул анхнаасаа л сунжруу явав. Ямар сайндаа л аялалд оролцоогүй нэг гишүүн "Яагаад ингэж оройтов" хэмээн гайхаш тасран асууж байх вэ дээ.

Нөхцөл байдлыг үнэлээд 2+1=3 гишүүнийг манай том админ аваад буцах шийдвэрийг Хоёр даваа давсаны дараа Дэндийн амны эх дээр гаргав. Энэ үед Тэрэлжээс засмал замаар буцах гэх мэтчилэн яриа аль хэдийн хөгжөөд, аялалд оролцогдын дотор бөөн эргэлзээ болсон байсныг Тэрэлж дээр очоод хооллож байхад "Одоо л нэг тийш нь болгож тайлах цаг нь болжээ" хэмээн "Маршрутаараа буцна аа" гэж хэлэн эцэслүүлэв. Б баг аль түрүүн буцаж, А баг үлдсэнийг манайхны зарим эрт мэдээгүй байсан юм л даа. Учир нь том админ үүнийг болон өөр заримыг бүү зарлаж, эрт мэдэгдээрэй гэж хүссэнд байлаа.

Манай клубийн гол онцлогуудын нэг бол аяллаа урьдчилан төлөвлөдөг явдал билээ. Тийнхүү төлөвлөсөн маршрутыг харсаны үндсэн дээр гишүүд аялалд оролцохоор бүртгүүлж, хүрэлцэн ирдэг байж таарна. Иймд нөхцөл байдал буруу тийш эргэчихээгүй л бол аяллаа төлөвлөгөөний дагуу маршрутаараа л дуусгах нь зохимжтой. Маршрутаа дагахын ач тус наад захын зүйл дээр ч ажиглагддаг. Иймээс ч манайхан ерөнхийдөө маршрутаа л дагахыг дэмждэг ба бүр маршрутыг яг дагаж явдаг хатуу чанд гишүүд ч байдаг.

Зураг 2. Тэрэлжид давгүй гуанз нээгджээ

Дээрх зурагт бууж хадгалагдан үлдсэн агшинд цаг 14:10 болж байв. Энэ хүртэл бид 5 цаг зарцуулжээ. Өглөө хөдөлсөн цуглах цэг дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ буцаж очиход ч бас л 5 цаг зарцуулсан байв. Буцах зам ерөнхийдөө хөнгөн ч багийн гишүүдийн жийлт ерөнхийдөө суларна. Иймээс маршрут зохиохдоо замын төгсгөл улам хөнгөн болохыг тооцсон юм. Үнэхээр Хоёр даваанаас цааш бараг л тувт уруудахыг маршрутын рельефээс харж болно.

Ингээд буцах замаа хамтдаа жийн Дүнжингарав худалдааны төвийн өмнөх талбайд 19:35 цагт хүрэлцэн ирсэнээр энэ удаагийн өдрийн аялал амжилттай өндөрлөсөн ба эцэст нь хамт нэг баг болон жийж, нэгэн хүнд аяллыг амжилттай дуусгасанд нь нэг нэгдээ халуун баяр хүргээд гэр гэрийн зүг таран одоцгоосон юм.

Бахархлын тэмдэг гардуулах ёслолын ажиллагаа

Уулын унадаг дугуйн тэмцээн уралдаантай уялдуулан зарласан жийлт - арга хэмжээний үеэр клубийн гишүүний бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн хэдэн гишүүний тэмдгийг сүүлийн өдрийн аяллууд дээр гардуулан өгч буй билээ. Энэ аяллаар ч Ч.Гомбосүрэн гишүүний цэнхэр тэмдэг мөн Б.Элбэгзаяа гишүүний үүний өмнөх аяллаар биелүүлсэн шар тэмдгийг тус тус гардуулан өглөө.

Зураг 3. Бахархлын тэмдэг шинээр болон ахиулан авсан гишүүд

Ийнхүү манай клуб бахархлын тэмдэгтэй яг 99 гишүүнтэй болоод байна. 100 дахь нь хэн гэдэг гишүүн байх бол?

Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Мөнхнаст Д.Цолмон Э.Ожго Ч.Алд-Уул С.Бөхбат Б.Алтантулга Ж.Баярсайхан Ч.Гомбосүрэн С.Лувсан Д.Бямбасүрэн Н.Даваасүрэн Б.Элбэгзаяа Д.Жамъяндорж Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх Б.Бадрах Д.Баасансүрэн Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал П.Золзаяа Б.Насанбат
Д.Мөнхнаст
  • 7321 км
  • 63
  • 6
  • 1
  • 3
  • 0
Д.Цолмон
  • 11652 км
  • 110
  • 22
  • 3
  • 2
  • 0
Э.Ожго
  • 28221 км
  • 250
  • 32
  • 11
  • 4
  • 3
Ч.Алд-Уул
  • 743 км дутуу
  • 516 км
  • 6
  • 0
  • 0
  • 0
  • 1
С.Бөхбат
  • 400 км дутуу
  • 859 км
  • 10
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Алтантулга
  • 134 км дутуу
  • 1125 км
  • 11
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Баярсайхан
  • 1488 км
  • 13
  • 0
  • 0
  • 1
  • 2
Ч.Гомбосүрэн
  • 1509 км
  • 20
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Лувсан
  • 1702 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Бямбасүрэн
  • 2401 км
  • 24
  • 1
  • 0
  • 1
  • 1
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
Д.Жамъяндорж
  • 6306 км
  • 58
  • 10
  • 1
  • 0
  • 2
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11381 км
  • 99
  • 13
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11426 км
  • 115
  • 7
  • 1
  • 2
  • 4
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Насанбат
  • 12807 км
  • 82
  • 6
  • 4
  • 1
  • 2
Зүгээр л жий!