Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Долоон давааны сорилго #8 - Долоон давааны сорилго 2024

Улаанбаатар уулын дугуйн клубээс зохион явуулдаг "Долоон давааны сорилго" хэмээх энэхүү жийлт нь заасан маршрутын дагуух долоон даваа бүхий замыг тогтоосон хугацаанд багтаан уулын унадаг дугуйгаар туулж дуусгана гэсэн нөхцөлтэй тусгай аялал юм.
Орон зай, цаг хугацаатай уралдана.
Өрсөлдөх бус харин урам зориг өгч, авна.
Жинхэнэ уулын дугуйчин гэдгээ мэдэрнэ.
Жилд нэг л удаа зохиогдоно.
Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/347
Аяллын төрөл
Долоон давааны сорилго
Багийн хуваарилалт
Ганцаарчилсан
Замын урт
119 км
Давааны тоо
7
Өндөр авалт
2049 м
Өндөр алдалт
-2049 м
Их өгсөлт
14.1 %
Их уруудалт
-14.5 %
Оролцогчдын тоо
15
Эхлэх цаг
2024 оны 9 сарын 7 Бямба гараг, 7:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дамбадаржаагийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
47.980639, 106.937917
47°58'50.3"N, 106°56'16.5"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Долоон давааны сорилгын тухай ерөнхий мэдээлэл "Долоон даваа" нэрт аялал нь клубийн түүхэн хөгжилтэй салшгүй уялдаатай, Улаанбаатар уулын дугуйн клубийн нэрийн хуудас болсон зэрэг олон олон онцлогтой бөгөөд уулын унадаг дугуйчдын тэсвэр тэвчээр, тухайн жилийн биеийн бэлтгэлжилт, уулын дугуй унах наад захын ур чадвар зэргийг уулын замын саад бартаагаар шалгадгаараа Монгол улсдаа цор ганц сорилго - аялал юм.

Сорилгыг зохион явуулах арга барилд клубийн алсын харааны дагуу эхлээд багийн хуваарилалтыг "ганцаарчилсан" болгож өөрчлөх улмаар цагийн хязгаарлалт тавих зэрэг өөрчлөлт орсоор ирсэн. Харин энэ удаагийн сорилгоос эхлэн үүнийг клубийн аяллын тусгай төрөл болголоо. Үүнтэй холбогдуулан сорилго явагдах замын маршрут - давааны тоо дээр тусгайлсан шаардлага тавих болсон бөгөөд маршрутын дагуух замд байх даваануудыг олж заах ажлыг бүрэн автоматжуулсан. Энэ нь тус сорилгын замын гол хүндрэл болох даваанууд, тэдгээрийн өгсөлт/уруудалт дээр тавих шаардлагыг тодорхой минимум заагтай болгосон явдал юм.

Энэхүү сорилго нь тодорхой маршрутын дагуух замыг бие даан ганцаараа туулах чадвар эзэмших, туршлага хуримтлуулахад сэдэл болох үндсэн зорилготой. Сорилгод оролцогч нь аяллын замыг урьдаас сайтар судалж, эргэлтийн цэгүүдийг өөрт ойлгомжтой байдлаар тэмдэглэн тогтоож авах хэрэгтэй. Түүнчлэн ой мод, уулын энгэр хяр, нуга, шавар, гол горхи, шороон болон хатуу хучилттай автозамыг хэрхэн туулах, хаана хэдийд өдрийн хоол цайгаа идэж уух болон амрах, унадаг дугуйны ямар эвдрэл гэмтлийг яаж засах, ослын үед авах анхан шатны арга хэмжээнд бэлдэх зэргийг анхаарвал зохино.

Уг сорилгод клубийн гишүүд гэлтгүй хүссэн хүн бүр оролцоно. Гэвч энэхүү сорилго нь Улаанбаатар уулын дугуйн клубийн нэг тусгай аялал тул үүнийг тус клубийн дүрмийн хүрээнд зохион явуулна. Иймд сорилгод оролцогчид клубийн веб сайт дээр хувийн хэрэг нээж, бүртгүүлсэн байна. Жич: Хувийн хэрэг нээх ба сорилгод бүртгүүлэх нь дэс дараалан хийх тусдаа үйлдлүүд болно.

Сорилго давсан эсэхийг хэрхэн тогтоох нь Эхлэх цагт, цуглах цэг дэх гараанаас гарч, маршрутын дагуух замаар 7 давааг дэс дараалан давж, барианы цэгт заасан цагаас өмнө хүрэлцэн очсоноор сорилгыг давна. Оролцогчид гараанаас гарахаас барианд орох хүртэл туулсан замаа Strava апп дээр record хийн бичиж хадгалсан байна.

Сорилгын үргэлжлэх хугацаа нь клубийн дүрэм дэх үүний тодорхойлолтод заасантай тохирох дээд утга 12 цагаар хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл та 07:00 цагт гараанаас гарч, заасан замыг 12 цагийн дотор туулж дуусган, 19:00 цаг гэхэд барианд орсон байна.

Барианы цэг нь 47.85609601806058, 106.78124594749951 солбицол дээр буюу "Буянт-Ухаа спорт цогцолбор" автобусны буудал ба түүний баруун талд байх Сод Монгол ШТС-ын дундах байрны нэг давхар дахь CU сүлжээ дэлгүүрийн гадаах талбай байна.

Сорилго 07:00 цагт эхэлж, 12 цагийн хугацаанд үргэлжлэн, 19:00 цагт өндөрлөх бөгөөд энэ хугацаанд барианд орж чадаагүй эсвэл чадахааргүй болсон оролцогчид сорилгыг замын дундаас шууд дуусгана.

Туулсан зайг хувийн хэрэгт тэмдэглэх болон урамшуулал олгох нь Зөвхөн сорилго давсан оролцогчдын л туулсан зайг хувийн хэрэгт нь тусган тэмдэглэнэ. Мөн барианд 8 цагийн дотор орвол 10 хувь, 10 цагийн дотор орвол 5 хувийн урамшуулал олгоно. Маршрутын уртыг Сүхбаатарын талбайгаас тооцсон.

Сорилгын товыг хойшлуулах нөхцөл Оролцогчдын аюулгүй байдлын үүднээс хэрэв товлосон өдөр хур тунадастай байвал сорилгыг удаах бямба гараг руу хойшлуулна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Гарааны цэг болох Дамбадаржаагийн уулзварт

Сорилгод оролцогчдын сэтгэгдэл, дурсамжийг дор сийрүүлж оруулав.

УТГ Б.Жавхлантөгс

Манай клубийн уламжлал болсон 2 сайхан аялал байдаг билээ. Нэг нь УБ240 нөгөө нь Долоон давааны сорилго. Жил болгон л энэ хоёр аяллын зар гарсан даруйд хоног тоолон хүлээн байж оролцдог юм. Гэтэл энэ жил хүлээж бэлдэж байсан УБ240-дөө хүндэтгэх шалтгааны улмаас оролцож чадаагүй. Тиймээс долоон давааны сорилгодоо заавал орно хэмээн бие сэтгэл, унаа хөсгөө бэлдсэн. 14 хоногийн өмнөөс дугуйндаа шинэ гадар хийж, 40-тэй хүрдээ жижгэрүүлж 32той болгож 2 ч аялалд туршиж үзэв. Сунасан гинжээ ч шинээр солив. Энгийн аялал өдөр тутамд байнга л байж байдаг ачаа, карлан гэх мэт дугуйн илүү ачаануудаа салгаж авч хөнгөлөв. Сорилго болох долоо хоногт өглөө оройн жийлт хийж биеэ дэмий ядраасангүй ойр зуур жийж амралтын байдалтай л өнгөрүүллээ. Өмнөх орой нь замдаа идэх хоолоо хийж бэлдээд жин тан болгоод хонов. Ийнхүү хүсэн хүлээсэн өдөр болж би ч дугуй ч сорилгодоо бэлэн болов.

Аяллын өглөө уламжлал ёсоор цагийн өмнө гараад биеэ халаах маягтай аажуухан жийсээр. Намрын өглөө гэсэндээ 6 цаг гээд гараад жийхэд даарч байдаг шүү. Арга ч үгүй биз дээ өдөр тийшээ хална гэсэн болохоор илүү ачаа тээгээд яах билээ гээд нэлээн нимгэхэн гарсан болохоор тэр. Дараагийн энгийн аяллууддаа бол дулаалаад гарч байх минь. Манайхан аль хэдийн ихэнх нь цуглажээ.  Дурсгалын зураг татуулаад бие биедээ амжилт хүсээд 7:00 цагт Дамбадаржаагийн уулзвараас хөдөлцгөөв. Энэ аялал бол бусад аяллаас хэд хэдэн ялгаатай. Нэгдүгээрт сорилго болохоор цаг хугацаатай, хугацаандаа багтаж орохгүй бол тооцохгүй. Хоёрдугаарт жилдээ ганц удаа ганцаарчилж аялахыг зөвлөдөг болохоор төөрч будилах, дугуйнд саатал гарах зэрэг эрсдэлээ өөрөө л хариуцна. Гуравдугаарт заасан маршрутын дагуу замдаа долоон даваа давж аялдаг учраас бусад аяллаас өндөр ачаалал авна гэх мэт.

Гараанаас гарахад даарсан байсан тул хурдхан биеэ халаах гээд эрчтэйхэн жийж эхэллээ. Хадат руу салдаг уулзвар хавьд эргэн тойрноо анзаарвал манайхан нэлээн цувсан маягтай, толгойн группд 7-8 хүн л хамт жийж байх нь тэр. Хэсэг яваад эхний даваа болох Шаргаморьтын шороо руу орохын өмнө хамт яваа хүмүүсээ бүртгэвэл толгойн группэд УТГ Одбаяр, ШТГ Элбэгзаяа, НТГ Даваасүрэн, ЦТГ Бямбасүрэн, ЦТГ Баярсайхан, Шинэ гишүүн Уламбаатар нартай хамт жийж явна. Ийнхүү шороон замаар орон өөр өөрийн темпээр өгссөөр. Энэ даваа руу миний хувьд зүүн талаас нь ингэж өгсөж байгаагүй билээ. ямартай ч хөл газар хүрэлгүй жийж болдог л юм байна. Уруудахдаа анзаарахгүй буудаад өнгөрдөг байгалийн сайхныг ч ханатлаа мэдэрч авав. 08:01 цагт Шаргамортийн давааны оройд гараад ирлээ. Цаг эрт байгаа тул саатах ч хэрэг байсангүй доош уруудлаа. Ойрынх бороо ороогүй тул зам ч сайхан хуурай байв.

Жигжидийн уулзвараар дайраад Гүнтийн даваа руугаа өгслөө. Нэг ачаатай том тэргэнд зам тавьж өгөөд урдаа оруулсан ч удалгүй нөгөөх маань хурд нь хасагдаад юу юугүй бидэнд гүйцэгдлээ. Жийсээр байгаад 8:46-д Гүнтийн даваан дээр гараад ирлээ. Шууд л доошоо буудчихлаа. Ац ажиллагаагүй тул шороон хэсэгт нь хүссэнээрээ уруудаж болсонгүй торомзоо базсаар байгаад арай гэж дуусгав. Энэ хэсэгт Элбэгзаяа, Бямбасүрэн хоёр шидсэн чулуу шиг л хажуугаар буудаад алга болцгоов. Ажиллагаатай ацтай байх ийм сайхан. Гүнтийн уруудах нугачааг өнгөрөөд буудаж байтал зам дээр хэдэн үхэр гарч ирээд урд явсан хоёрын хурдыг хасуулжээ. Нэг нь 80 нөгөө нь 77км цаг хүрсэн гэсэн шүү. Энд дэлгүүр хоршоо орж саатах хэрэг байсангүй. Шууд л дараачийн давааны замаар орон өгсөцгөөлөө. Бидэнтэй хамт явсан шинэ гишүүн Уламбаатар 26тай дугуйтай. Миний мэдэхийн бараг 10 жил энэ дугуйгаа унаж байгаа байх шүү. Бас миний дугуй шиг ац нь ажилддаггүй болсон. 26тай дугуй өгсүүрт сайн гэдгийг энэ үед л нүдээрээ харлаа. Уг нь мань хүн манай группийн шинэхэн гишүүн ч миний хувьд бол эртний танил, надад Фэйсбүүк дээр УУДАГ гээд групп байгаа тэд нартай хамт жийгээч гэж энэ группийг маань зааж өгч байсан хүн. Өөрөө харин нэлээн оройтож орж ирж байгаа нь энэ. Дассан хуучин дугуй ямар ч шинэ дугуйгаас дээр байдаг хойно мань хүнд бол 7н давааны аялал асуудал үгүй юм байна гэдгийг энд жийж явахдаа мэдлээ. 2022 онд бид 2 хагийн хар нуур руу дугуйтай хамт аялж байсан гэж байгаа.

Найрамдалын даваа руу явах замд сүүлийн лагераас гарахын өмнөхөн хальт таталт хийж хажууд урсах уулын голоос усаа цэнэглэж аваад хөдөлцгөөв. Модны хойд захаар хуучин машины зам даган хэсэг жийв. Зам ч модруу ороод балраад алга болов. Эрт модруу орвол эрт л түрэх болно. Тиймээс модны хаяаг захлан хойд энгэрээ барин нэлээн дээр гартал жийлээ. Ашгүй нэг жим шиг юм гараад ирлээ. За энэ жимээ л алдахгүй чигээрээ яваад байхад Найрамдалын даваанаас уруудаж орж ирдэг аятайхан тод жим рүүгээ орно гээд түрлээ. Нэг их ч түрсэнгүй тод жимтэйгээ уулзлаа. Одоо жийнээ, гэвч тийм ч амар жийлгэхгүй нээ. Үе үе унасан мод таарч түүнийг давах гэж дугуйнаасаа буух хэрэг гарна. Араас ирэх хэдэд маань нэмэртэй юм даа гээд ганц нэг модыг замаасаа зайлуулав. Намрын ойн сайхныг биширсээр төд удалгүй 10:10-д Найрамдалын давааны орой дээр гараад ирлээ. Даваан дээр овоо байвал уламжлал ёсоор овоогоо сэргээгээд 3 тойрно. Цааш хэсэг уруудаад модноос гарахаас өмнө сэрүүхэн сайхан газар хэсэг амс хийнгээ хоол цайгаа идэж ууя гээд хэсэг саатаж эрч хүчээ сэлбэж авцгаав. Одоо толгойн групп 4н гишүүнтэй үлдсэн. Чигээрээ буудсаар Шижирийн даваа руу салдаг замын эхэнд байх дэлгүүрээр орж ус ундаагаа сэлбэж авцгаав.

Цаг агаарын мэдээнд заасан байсанчлан халж эхэллээ. Шижирийн даваа руугаа өөрсдийн темпээр жийсээр. Салхи баруун урдаас буюу бидний араас байсан тул нэлээн халууцсаар зогсолтгүй жийсээр 11:20-д давааны оройд гараад ирлээ. Уламжлал ёсоор чулуу өргөнө овоогоо тойрно. Даваан дээр цуглаж аваад цааш уруудлаа. Шижирийн давааны уруудах төгсгөл хүрээд зүүн гар тийш эргээд Тахилтын даваа руу өгслөө.

Замын энэ хэсэгт салхи бидний яг урдаас үлээж байв. Бас ч гэж ширүүвтэр үлээж байгаа нь халууцаж явахад харин ч сайхан сэрүүцүүлээд таатай байлаа. Бусад үед бол салхины эсрэг явах нь тийм ч таатай биш байдаг сан. Бид урагшилсаар 12:00-д Тахилтын давааны оройд гарлаа. Овоогоо тойрч багаа нэгтгэж аваад цааш хөдөллөө. Сааталгүй уруудсаар Тахилт суурин руу орлоо. Дэлгүүрээс усаа сэлбээд цааш жийнэ.

Дараачийн даваа руу явах замыг мэдэхгүй тул цааш Бямбаа газарчлан биднийг чиглүүллээ. Тахилт, Зүүн турууны ам хоорондын 2 хөөрхөн өгсүүртэй нэрийг нь үл мэдэх бага шиг давааг даван 12:50-д орой дээр нь гараад ирлээ. Цааш сүнгэнэтэл уруудсаар Бямбаагийн зааснаар шууд төмөр зам руу тулан доогуур нь түнелээр гараад 22н товчоо руу засмал зам руу нийллээ. Баруун тийш засмалаараа явсаар 22н тойргоо нэвт гараад баруун аймгууд руу зам руу орон хэсэг яваад буцаж эргэн Сонгинохайрхан уулын зүүн үзүүрийг чиглэн жийлээ.

Замын энэ хэсэгт бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа бололтой. Нааш цааш сүлжилдсэн зам ухсан нүх далангууд, том техникүүд гээд л бужигнасан газраар буудаад л өнгөрлөө. Өнгөрсөн аяллаар замаа үзсэн болохоор Бямбаа биднийг амжилттай чиглүүлэн хамгийн дөт замаар нь гаргаж дөнгөлөө. Цааш төмөр замын гарц дээгүүр итгэлтэй гаран цааш буудах гэтэл араас дуудаж байна. Өмнө нь наагуур чинь яваад гол туулсан гэнэ. Өнгөрсөн жил би энүүгээр зам судлан жийж явахад торох зүйлгүй явсаар био-н гүүр гарснаа санаж байсан учир энүүгээрээ явцгаая гэж нөгөө хэдээ ятгаад цааш хөдөлцгөөв. Үнэхээр л ноднин энэ замаар жийгээд био-н гүүр гараад морингийн даваа давалгүй хойгуур нь голоо эмжиж яваад шууд сонсголон руу жийж байснаар торох зүйл байсангүй. Манай хэд өмнөх долоо хоногт явахдаа яагаад голоор гарсан болохыг мэдсэнгүй.

Био-н засмал замтай нийлэн нэг цуглаж аваад одоо ганц даваа даваад барианд орох тул өөрсийн темпээр жийсээр бариан дээр уулзацгаая хэмээн Морингийн даваа өгсөн жийлээ. 13:48-д Морингийн даваан дээрээ гараад ирлээ. Цааш саатах зүйлгүй жийсээр 14:01-д барианд орж ирснээр ийнхүү долоон давааны сорилгыг 7 цагт багтаан тууллаа. Туулсан замаа эргэн нэг санавал өдрийн аялалд явдгаасаа нэг их өндөр темпээр жийсэнгүй арай өөр нь гэвэл олон таталт хийгээгүй, татсан цэг дээрээ удаан зогсоогүй нь л өөр байлаа хэмээн дүгнэв. Дараа жилийн долоон даваа хол байна даа хол байна. Зүгээр л жий …

УТГ П.Золзаяа

Найрамдалын араас, Шижирийн урдаас өгсөж үзээгүй байсан юм. Google map дээр даваануудын орой, эргэлтийн цэгүүдээ зоочихоод явсан болохоор ганцаараа явсан ч асуудалгүй байсан.

Найрамдал руу эргэхэд манайхан араас гүйцэж дөрвүүлээ болоод, удалгүй хоёулаа болоод, дахин дөрвүүлээ болоод хаягдсан явган жимээр оргил руу нь хатгаж өгсөөд Найрамдалын хойд давааг давсан. Цааш сайхан уруудна даа гэтэл зам нь өвсөн доороо ухагдсан, намагтай, унанги модод тээглэх гэх мэтээр жаахан удаашралтай буусан.

Нэг зүйлийг онцлоход "Төөрдөг Ганаа" маань замаа татаж хараад ёстой төөрөхөөргүй явдаг болсон байна билээ. Болохгүй бүтэхгүй байгаа зүйлээ засаад явна гэдэг сайн чанар шүү, Ганаа. Тахилт уруудаж явахдаа Мөнгөөтэй таараад удалгүй орхиод явах нь жаахан тиймхэн байсан ч дараа дараагийн аялалд Мөнгөө маань дугуйгаа өөрөө нөхөөд сурчих байх аа. Дугуйчин хүний заавал сурсан байх чадваруудын нэг шүү дээ.

За тэгээд 6 дахь даваа руу өгсөж явахад араас нэг шинэ гишүүн нэхэж явахаар нь зам мэдэхгүй бол дагуулаад явъя гээд хүлээж байгаад цугтаа явсан. Биогийн араас ордог зам дээр ахиад Ганаатай таараад гурвуулаа болж аваад хүйтэн колагаар цангаагаа тайлаад сүүлийн даваа руу 16 цагт хөдөлцгөөсөн дөө.

УТА Г.Махгал

Миний хувьд сорилгын үеэрх үйл явдлаас 7 давааны 5-ыг нь бэртэл гэмтэлтэй, цус алдалттай, хөндүүр зовиуртай явсаар дуусгасан нь онцлох зүйл юм уу даа.

07:00 цаг гэхэд гарааны цэгээс 17+1 дугуйчин хөдөлж, сорилгод бүртгүүлсэн ч хүрэлцэн ирээгүй 10 гаруй дугуйчны нэр бүртгэл дээр үлдсэн байсан тул гарааны цэг дээр 10 минут хүлээгээд хөдөлсөн. Энэ хугацаанд өөр хэн ч ирсэнгүй. Өөрөөр хэлбэл энэ нь сорилгод оролцоно гэж зорьсон хэд бүгдээрээ товлосон цагт ирцгээсэн гэсэн үг юм.

Эхний хоёр даваанд жийлтийн эрчмээр нь идсээр толгойн группийн сүүлч юм уу гэмээр хоёр дугуйчинг Гүнтийн давааны өгсүүрт олж харсан. Давааны уруу замын дэржигнүүр багатай хэсгийг хэдэн машин эзэлж явсан тул замын голын том том, сул чулуутай хэсгээр нь "буудаж" нэгэнт ойртсон цардмал асфальтан зам руу хүрэхэд хариугүй дөхөөд байтал хөл дөрөө хоёр салж хүндийн төв дээшилсэний улмаас дугуй хаа хамаагүй булгиж, жолоо нь хөдөлгөөний рефлексийн дагуу савчиж эхэлсэн тул дугуйтайгаа хамт онхолдож сүлбүүлээд яах вэ гээд дугуйгаа шууд орхив. Овоо чулуутай ч байсныг хэлэх үү, нэлээн хурдтай явсаныг ч хэлэх үү ёстой ханатлаа өнхөрөөд босов. УТГ Б.Бадрах "Шифи-тэй яваад муу зан сурчихгүй юу даа" гэнэ. Үнэхээр сүүлийн үед ямар ч дугуйг хавтгай дөрөөтэй унахаар нэг л мэдэхэд хөл дөрөөнөөс салчихаад байгаа юм. Энэ бол шифи-нээс үлдсэн хөдөлгөөний дадал яахын аргагүй мөн л дөө.

Каск ба өвдөг тохойны хамгаалалттай байсан тул толгой ба өвдөг тохой зүв зүгээр өнгөрөв. Бас нуруундаа үүргэвчтэй явсан тул нуруу гайгүй. Гэхдээ хүчтэй уналтанд мөрөвч нь доод угаараа тасарч нуруунаас салсан тул нуруу бага зэрэг шалбарчээ. Харин үүргэвчнээс доошоо хэцүү хэцүү. Шалбарч зулгарах нь байтугай бүр байлдааны бууны сум орчихсон гэмээр том нүх ч байх шиг. Түүнээс нэлээн цус гарсан ч байх шиг. Хэрэв каскгүй, өвдөг тохойны хамгаалалтгүй, үүргэвчгүй явсан бол гэснээс ийм хамгаалалтгүй бол дугуй унан уул даваа зорихгүй л дээ.

Толгойтын амаар даваануудын гурав дахь буюу Найрамдалын хойд даваа руу өгсөж явтал сорилгод оролцогчдын хоёртой нь таарав. Нэгтэй нь хамт даваа давав. Харин нөгөө нь дараагийн групптэй нийлээд Шижирийн даваа руу өгсөхийн өмнө амарч, цайлж суутал гүйцэж ирэв. Цааш нь байсхийгээд л "Ганцаарчилсан аялал шүү дээ. Намайг харзнах хэрэггүй. Өөрсдийнхөө темпээр явцгаа." гэхэд салж өгөхгүй л байв. Тэгтэл "ашгүй" нэгнийх нь дугуй хагарч үлдээд, түүний залгахад ярьж саатсаар нөгөө хэдээсээ ч салж "чадсанаар" ганцаараа болов.

Ингээд жийн жийсээр барианы цэгт хүрсэн дээ.

Эцэст нь хэлэхэд дугуй унахад хамгийн чухал нь каск зэрэг хамгаалах хэрэгсэл шүү. Эс бөгөөс яг одоо үүнийг бичээд сууж байхгүй байсан биз.

Зураг 2. Барианы цэг дээр

Сорилго давагсад

  • сорилго давсан тоо
Т.Уламбаатар Ч.Алд-Уул Б.Батбуян Ж.Баярсайхан Д.Бямбасүрэн С.Отгонбаатар Н.Даваасүрэн Б.Элбэгзаяа Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Г.Махгал У.Одбаяр П.Золзаяа
Зүгээр л жий!