Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Ай намар цаг. Халуухан зуныг тайвшруулан асан энэ улиралд хийдэг манай клубын нээлтийн аялал тун амжилттай болж дууслаа. Урьд явж байгаагаагүй Богд уулын энэ багахан ам ямар үзэсгэлэнтэй бөгөөд хотын хажууханд атлаа атар хээр, аглагаараа байгаа нь бидний сонирхлыг тун их татлаа. Шажинхурахын амнаас буух гол нь энэ жилийн онцлогоос шалтгаалан элбэг урсацтай, хонхор хотгор ховил бүр нь усаар бялхан тэрүүхэндээ саваа хальсан байв.
Өглөө цуглах цэг дээр яарахан ирэхэд манайхан бүгд цуглаад, тухлаад аялал эхлэх цагаа тэсэн ядан хүлээж байв. Нэг гишүүн маань биднийг гаргаж өгөв. Цагтаа хөдөллөө. Хоёр эгнээнд орж автомашины замаар 20-25 км цагийн хурд хадгалан жийсээр Хонхор суурингийн наад өгсүүрт бас бяцхан уралдаж, хурд хийгээд татлаа. Бүртгүүлээгүй хоёр шинэ залуу, найзтайгаа ханьсан бидэнтэй нэгдсэн байв. Анхны аялалд тохиолддог бүхнийг энэ хоёр залуу туулан бидэнтэй хамт жийсээр Хонхор суурин дундуур гарч, Шажинхурахын амны эхэнд байх төмөр замын нүхэн гүүр дээр ирэв. Цаг 11.00 болж байлаа. Энд голоо гарах гэж манайхан хөгжилдөн, хөл алдсан нэгнээ шоглон гуй инээдээр дэмжин уухайлж, бичлэг хийж зураг аван саатлаа. Ам өгсөх өгсүүр замд бүгд өөрийн хэмнэлээр бөөндүү жийсээр байгаль хамгаалагчийн гэрийн гадаа ирэв. Харин амны эхийг өргөст тороор бүрэн хааж хүн, автомашин орох хаалга дангинатал цоожилсон байлаа. Дугуйгаа хэвтүүлэн бүгд доогуур нь шургаж гарав. Байгаль хамгаалагч залуу зан сайтай, харахын төлөв түвшин цаанаа л нэг итгэл төрөхүйц санагдав. Аяллын зорилгоо хэлэхэд, Богд уулын энэ ам руу хүн, машин оруулдаггүй, гэхдээ та нар шиг аялагч нар явж болно гээд сайныг ерөөн үлдэв. Автомашины бүдэг өвсөн замаар дээш өгссөөр, баруун талын уулын хярын орой хэсэг тун үзэмжтэй, сүр бараатай хадан цохио сүндэрлэн хараа булаана. Гол руу зам ойртох үед дээд уулын бэл дээр тоглохоор бид буулаа. Хоол цайгаа хийж идэн, амарч, араас зүтгэсээр ирсэн шинэ гишүүддээ баяр хүргэж, цэнхэр болон улаан бахархлын тэмдгийн болзол хангасан гишүүдэд тэмдэг гардуулан хамт олноороо баяр хүргэлээ.
Ойрхон байх хадан цохио руу гишүүд алхан авирч бүр орой дээр нь ч гарсан харагдана. Ийнхүү тавтай амраад амаа уруудан явсаар, ирсэн төмөр замын нүхэн гүүр руу бус баруун тийш уулын бэл эмжин явсан шороон замаар өгсөн жийлээ. Хойд талд төмөр зам, урд талд модтой уулын жалга ганга бүхий бэл. Яг энэ хоёрын дундуурхи бүдэг замаар жийсээр сүүлдээ жим болоод уруудан Төрхурахын ам руу орж ирлээ. Энд Хөлийн гол ус ихтэй байв. Уулын гол болохоор урсгал ширүүн, хад чулуу даван оволзоно. Голоо гарч амаа уруудах үед усархаг бороо орж зам харгуй мэдэгдэхүйц халтиргаа гулгаатай болов. Иймд гишүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс төлөвлөсөн уулын замаа орхин (нойтон бүү хэл хуурай улиралд явахад дугуйтай онхолдох тохиолдол гарч байсан) доод бэлийн шороон замаар жийлээ. Шинэ залуус маань бас л тэвчээр гаргаж жийсээр, энэ хүрээд араас чинь явчихна гээд найзтайгаа гурвуулаа түр үлдэв. Бороо шивэрсээр, гэхдээ усан дусал багатай тун дулаан бороо байв. Зам шалчиг балчиг ч гэлээ бид урамтай жийсээр бас нэгэн нүхэн гүүрээр Хөлийн голоо гатлан, бяцхан суурингийн дундуур өгсөн засмал зам дагасан унадаг дугуйн замтай нийллээ. Нэг хашир гишүүний дугуй хагарч ард үлдсэн, та нар явж бай зүгээр гэсэн мэдээ авлаа. Гишүүд маань тухайн өдрийн байдлыг мэдрэн баг хамт олондоо аль болох төвөг учруулахгүй, өөрөө бүгдийг даван туулдаг уламжлал энэ удаа ч ийнхүү биеллээ олов.
Хотын зах руу орж ирэх үед бороо бараг зогслоо. Автомашинууд Баянзүрхийн гүүр гараад түгжирчээ. Түгжирээ гэдэг хүн бүрийн айдаг зүйл унадаг дугуйнд "үйлчилдэггүй" тул цогтойхон жийсээр Дүнжингаравын урд талын CU дээр 14 цагт ирлээ. Бас нэг гишүүний дугуй хагарч хоёул үлдсэн мэдээ авав. Энд халуун унд цай ууж ирээдүйн аяллаа ярилцанхан суугаад гэр гэрийн зүг сэтгэл хангалуун жийж тарсан билээ. Зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
П.Батмөнх | Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг | 8270 км |