2024 оны 8 сарын 3-4-ний өдрүүдэд зохиогдох Дархан-88 төвийн бүсийн уулын дугуйн IV наадамтай холбогдуулан энэхүү жийлтийг зарлалаа. Клубийн уламжлалын дагуу тус наадамд оролцсон гишүүдийг энэхүү жийлтэд хамрагдсан хэмээн үзэж наадмын үндсэн арга хэмжээ болох бөөн гараат ганцаарчилсан уралдааны замын урт болох 88 (+10% урамшуулал) км-ийг гишүүдийн хувийн хэрэгт нь нэмнэ.
Тус наадамд оролцох клубийн гишүүд наадмын хөтөлбөрт заасан газарт шууд цуглана.
Наадмын удирдамжид зааснаар 4-ний өдөр зохиогдох бөөн гараат ганцаарчилсан уралдаан нь энэхүү жийлтийн маршрутаар явагдана.
Заасан маршрутын дагуу аялахад эргэлтийн цэгүүдийг зөв таних нь чухал юм. Иймд Дархан-88 уралдааны зам дахь чухал эргэлтийн цэгүүдийн ойроос болон алсаас үзэгдэх байдлын зургийг тайлбартайгаар оруулав.
Эргэлтийн цэг №1 Жалга руу хэдэн салаа замаар орно. Эдгээрийн хамгийн баруун талын бүдэг замын баруун хэсгээр орвол зохимжтой. Бусад нь хэт огцом уруу. Жалгаас гарах хоёр салаа замын зүүн гар талаас өгсвөл зөв сална. Баруун талаар орж өгсөн жалгаас гарсан бол удалгүй таарах бүдэг салаагаар орж доод талын зам руу орох хэрэгтэй. Ингээд цааш уруудсаар модтой хавцал руу орно.
Эргэлтийн цэг №2 Өмнөхөн орсон хавцал дундуурх элсэрхэг замаар алгуур өгсөн, ойгоос гараад уруудахад сайжруулсан шороон зам таарна. Зам руу баруун эргэж ороод хэсэгхэн явахад дутуу барьсан төмөр бетон гүүр тааралдана. Гүүрээр гарсаны дараа ердийн хөрсөн зам руу зүүн салж улмаар уулын энгэр өөд өгсөнө. Тус энгэрээс ирсэн зүгтээ эргэн харж дарсан зургийг дор нийтлэв.
Эргэлтийн цэг №3 Элсэрхэг замын уулзварыг алдалгүй баруун гар тийш салах хэрэгтэй. Элсэн зам дээр тэнцвэрээ хадгалахад анхаарсаар замын салааг анзааралгүй өнгөрөх магадлал өндөр тул энэхүү эргэлтийн цэгт анхаарлаа гойд хандуулбал зохино. Уг цэгийн таних тэмдэг нь гол гарсаны дараа өгсөж гарч ирэхэд тааралдах, чулуурхаг хөрсөн зам бүхий хамар юм. Хамар дээрээс газрын доод талаа барьж салаад хэсэгхэн уруудаж явсаны дараа баруун гар тийш салсан зам руу орно. Дараах зурагт эргэлтийн цэгийн өмнө тааралдах - таних тэмдэг нь болох хамар дээрээс үзэгдэх байдлыг буулгасан. Зураг дээрээс харагдах хөндий рүү орохдоо ерөнхийдөө баруун тал руу алсуур даялж эргэнэ хэмээн ойлгож болно.
Эргэлтийн цэг №4 Энэ цэг хүртэл нэг талаас гол нөгөө талаас уулаар хашигдсаар ирэх тул төөрөх боломжгүй. Харин энэ цэгт ирэхийн өмнөхөн нэг жалгаар гарч хэсэг уруудаад дараа нь ялимгүй өгсөөд бяцхан хөтөл давж уруудна. Дараах зурагт харагдаж буй үргэлжлэн ургасан бургас нь бидний орох ёстой уулын амаар урсаж ирэх гол/горхи дагасан байна. Үүнийг гаталж цаана гарахгүй. Ерөөсөө Дархан-88-ын энэхүү маршрутын дагуу голоор хоёр удаа л гарах ба хоёуланг нь төмөр бетон гүүрээр гарч болно. Дараах зурагт гарсан хэсгийн зүүн гар талд, эгц өмнө харагдах уулын хоёр талын амаар урсаж ирэх гол/горхи нийлэх бэлчир байна. Ингээд зураг дээрх тод замыг даган баруун гар тийш эргэж уулын ам руу орно. Улмаар уг зам зүүн гар талд байх уулын хадан цохиог тойрон алсуур даялж муруйна.
Эргэлтийн цэг №5 Дөнгөж сая дурдсан хадан цохиог өнгөрөөд хэсэг явахад зам хоёр салж байсан. Салаа замын баруун гар тал буюу газрын дээд талыг чиглэнэ. Үүнийг дараах зурагт буусан моддоор танина.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.