Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #13 - ARA FEST, Төвхөн хийд, Бат-Өлзий

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/342
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
313 км
Давааны тоо
10
Өндөр авалт
4126 м
Өндөр алдалт
-3759 м
Их өгсөлт
13.9 %
Их уруудалт
-14 %
Оролцогчдын тоо
2
Эхлэх цаг
2024 оны 7 сарын 4 Пүрэв гараг, 5:30 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Аяллын эхний 2 хоног WAZZA TO ARA FEST аяллын хөтөлбөрөөр явагдах бөгөөд энэхүү аялалд оролцогчид тус аялалд (https://forms.gle/M2wLbg1DkiRr5HeT9 холбоосоор) заавал давхар бүртгүүлсэн байна. Үүнээс цааш аялал дараах хөтөлбөрөөр үргэлжилнэ.

  • Өдөр #3. 7 сарын 6
    10:00 цагаас УБ хот руу буцах хүмүүсээ суулгаж өгөөд Бат-Өлзий хүрэх аялал эхэлнэ. Цэцэрлэг хотоор дайрч Цэнхэр спа руу жийнэ. 36 км
  • Өдөр #4. 7 сарын 7
    Цагаан сүм спа 63 км
  • Өдөр #5. 7 сарын 8
    Төвхөн хийд, Могойт спа 60 км
  • Өдөр #6. 7 сарын 9
    Батөлзий 12 км. 12:00 цагийн унаанд сууж хотод 20:00 цагт ирнэ. Автобусны билет 44800 төгрөг. Дугуйнд ачааны мөнгө нэмж төлнө.
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Өдөр #1 буюу 7 сарын 4 Өглөөний 5:30 цагт Дүнжингарав дээр ачаатай, ачаагүй, том цагаан шуудайнд пүүгээ чихсэн, аяны том цүнхээ машинд ачсан, уулын үүргэвч үүрээд ирсэн гэх мэт олон төрлийн туршлагатай бас туршлагагүй дугуйчид цуглаж дугуй ачих машинаа хүлээнгээ энд тэнд бөөгнөрцгөөн яриа үүсгэцгээнэ. Эхний ирсэн жижиг бүхээгтэй тэргэнд Боолоо, Мөнхбат бид хэд дугуйгаа ачаад, богцнуудаа автобусны тээшинд хийснээр чөлөөтэй болж CU хэсэх зав гарлаа. Дугуй ачих портер хоцорч байгаа тул үлдсэн дугуйнуудаа тоолж зохион байгуулагчид үлдээгээд 2 автобусанд хуваагдан суугаад аялал эхлэв. ARA гэсэн жуулчны том автобус нь 2 ба 1 гэсэн 3 эгнээ тохилог өргөн, хагас унтлагын суудалтай, зам зуураас цөөн тооны жуулчдаа түүж суулгасаар хотоос 7 цагт гарав. Дашинчилэнгээс Өгий нуур луу салах шороон зам дээр автобуснаасаа бууцгаан аялал эхэллээ.

Зураг 1. Зүүнээс УТГ П.Золзаяа, УШТГ Л.Батболд, УТГ С.Мөнхбат

Ачаагаа машинд ачих нь ачаад, дугуйндаа ачих нь ачаад 30 дугуйчин янз бүрийн хурдаар Өгий нуурын зүг хөдлөв.

Зураг 2. Өгий нуур хүрэх зам нь бага зэргийн элсэрхэг, дэржигнүүртэй аж

Биднийг дагаж явах Зил-130 машин зам зуураас нийлж, ядарч гар нь өвдсөн 1-2 хүнээ ачин явсаар Өгий нуур хүрлээ. Нуурын эргээр дугуйтай жийхэд салхи сэрүү татуулан нэн таатай. Харин амаа жимийж явахгүй бол жижиг соно ихтэй бөгөөд амруу нисэн орох нигууртай аж. Нуурын эрэг дээр таталт хийж хүнээ бөөгнүүлэнгээ чөлөөт зураг авалт хийцгээн элэгний нухаш, загасны консервь, тушёнктой талх, кофе цайгаар дайлуулав. Зам зуур Eagle TV хамт аялж яваа Очирвааниас ярилцлага аван хэсэг саатаад Орхон голын гүүр дээр ирж отоглоцгоов.

Зураг 3. Орхоны гүүр дээр

Майхны үзэсгэлэн гараа юу гэлтэй 30 хүний 30 янзын майхан. Хамгийн жижиг нь 1кг-с эхлээд тасалгаатай 4-5 майхан ч харагдана. Машин дагаж яваа аялал тул ачааны жинд санаа зовохооргүй бөгөөд энэ нь анхлан дугуйн хоногийн аялал хийж байгаа хүмүүст сайхан боломж юм. Сониучхан, аяллын аятайхан хэрэгсэл базаах зорилготой хэсэг нь хүмүүсийн майхан савыг сонирхон зураг аван явцгаана. Аяллын 3 удаагийн хоолыг Талын Монгол брэнд ивээн тэтгэж Гоймонтой шөл, Овъёосны бантан гэсэн 2 төрлөөс тараан өгч бид бүгд хэсэг бүлэг болон хоолоо хийж идэцгээв.

Зураг 4. Аяллын ивээн тэтгэгч Талын Монгол

Хоол хийх хоббитой зарим нь хувийн гал тогоо ажиллуулан дахин дахин хоол хийн нөхдөө дайлж харагдана. Ингээд хоорондоо танилцан тойрч сууж, маргаашийн талаар ярилцаж тохиролцоод унтаж амарцгаав.

Өдөр #2 буюу 7 сарын 5 Өглөөний 5:30 цагт эртлэн босож отгоо хураан цэгцрэв. Өгий сумаас дугуй ачих Маяти, хүнээ суулгах Старекс нэмж ирлээ. Өнөөдөр 107 км зам туулж ARA complex дээр 17 цагт очсон байх төлөвлөгөөтэй. Аялалд оролцож байгаа дугуйчдын чадвар харилцан адилгүйгээс өмнөх өдөр сүүлд яваа хүмүүсээ хүлээж хугацаа нэлээн алдаж байсан билээ. Тиймээс өнөөдрийн аяллыг хурдасгахын тулд ийнхүү нэмэлт машинууд дууджээ. Маяти дээр ихэнх дугуйгаа багтаагаад үлдсэн 5-6 дугуйг гуч машин дээр ачив. Ихэнх залууст Зил-130 машины тэвшин дээр сууж явах нь сонирхолтой байсан тул Старекс машинд хал үзэж, хашир суусан хэд нь л суулаа. Угаас тэнгэр бүрхэж бороо орох нь тодорхой байсан тул би мөн Старексэд тухлав. Ингээд Тэмээн чулуун даваа өнгөрөөд машинаас бууцгаахад аль хэдийн хүйтэн салхитай бороо шавшиж эхэлсэн байлаа. ARA комплесоос цааш үргэлжлүүлэн аялах зарим хүмүүс, эмэгтэйчүүдээс мөн хагас нь хүйтэн бороонд даарч жийлгүйгээр машинаар замаа дуусгахаар шийдэн 2 машиндаа хуваагдан сууцгаав. Энэ удаад би 2 бүсгүйн хамт Зил-130 машины кабинд суун цоож буюу ачилтын багт багтав.

Зураг 5. Ачилтын багийнхан

Дугуйн аялал эхэлж хүчтэй салхитай хүйтэн борооны эсрэг жийцгээлээ. Бөөн гарсан дугуйчид хальтиргаатай өгсүүр урууд дорхноо шигшигдэн хэдэн гүвээ даван цувран жийцгээнэ. Манай ачилтын баг хэсэг ард явж байгаад нэлээн урагшлан гүвээн дээр гарч хүлээнгээ эхнээсээ даарсан, ядарсан хүмүүсээ авч ачсаар засмал замд хүрэхэд зөвхөн Шонхорууд /үүнд мэдээж УДА-гийн 2 гишүүн Батболд, Мөнхбат нар багтсан/ тунаж үлдэн ARA хүртэл жийхээр болсон байв.

Зураг 6. Тулаанд зөвхөн Шонхорууд ниснэ

Цэнхэр сум дээр цахилгаан автобус угтан ирж тэвшин дээр бороонд цохиулан явсан дугуйчдыг суулган дулаан тухтайгаар ARA complex хүргэж өгөв. Хүйтэн салхитай бороонд даарсан дугуйчдыг зам зуур болон Цэнхэр сум дээр халуун цай, элэгний нухаш, хиам талхаар дайлж явсан хүмүүстээ талархая. За ингээд зорьсон газраа 16 цагт ирцгээлээ. ARA complex - Шинэлэг сэтгэлгээ, хөдөөд хотоос илүү тохьтой үйлчилгээ байж болохыг үлгэрлэн үзүүлсэн газар ажээ. Цэв цэвэрхэн 4 ортой гэрүүдэд хуваарилагдан орцгоолоо.

Зураг 7. Их хатаалгын цаг

Галаа түлж, хувцсаа сольж сэмбийгээд хоолондоо марш. Нүүрээ угаагаад нөгөө хувцасаа өмсөн хоолны асарт суугаа дугуйчдаа танихын аргагүй ажээ. Өнөөдрийн хүйтэнд даарсан өвдөгний эмчилгээ болгож үнэхээр амттай Бинтэй тойгны шөл бэлджээ.

Зураг 8. Амтат тойгны шөл хүлээж байв

Мөн орой 21:30 цагаас эхлэх театрчилсан Хүннү хаан тоглолтдоо биднийг урьлаа. Ингээд өөр өөрийн сонирхлын дагуу Free Time, зураг авалт, соёл урлагийн тоглолт, үзмэрийн цаг эхэллээ.

Зураг 9. The Hu & ARA Fest 2024

Зураг 10. Contemporary бүтээлээс

Зураг 11. Contemporary бүтээлээс

Өдөр #3 буюу 7 сарын 6 Тухтай гэрт тавтай амарсан бид хот руу буцах нөхдөө үдээд Цэцэрлэг хот руу соло аялагч Сандагдоржийн хамт гурвуулаа жийлээ. Өнөөдөр Цэнхэрийн рашаан хүртэл богино зайд жийх тул Булган уулаа аймгийн музейтэй нь хамт тухтай үзээд Малчин ресторанд үдийн хоол идээд замдаа гарав. Заяын гэгээний хийдийг эдүгээ музейн зориулалтаар ашиглаж байгаа нь сонирхолтой байв.

Зураг 12. Архангай аймгийн музей

Наадамдаа бэлдэж байгаа бололтой энд тэнд хүмүүс бөөгнөн үйл ажилтай байгаа харагдана.

Зураг 13. Тамирын голын гүүр

Зураг 14. Эхний буюу Улаан хадан даваан дээр

Зураг 15. Сонирхол нэгт аялагчийн хамт

Зураг 16. Австрали аялагчидтай таарав

Тамирын голоо гүүрээр гараад урагш Улаан хадан давааг даваад гол дээр Итали соло дугуйтай аялагчтай таарч сээлфи хийгээд 2 дахь даваа руу өгсөж байхад араас Австрали улсын групп аялагчид дан дугуйтай гүйцэж ирлээ. 3 дахь давааны орой дээр Австраличуудыг бөөгнөж ирсэн үед дурсгалын зураг татуулаад түрүүлэн уруудаж Цэнхэрийн рашаан дээр ирж Хангай резортод рашаанд суун тухалж, оройн хоолоо идээд Цэнхэрийн голын эрэгт майхнаа барьж отоглов.

Зураг 17. Цэнхэрийн рашаан дээр ирлээ

Энэ өдөр 48 км зам туулсан бөгөөд замд элс дэржигнүүр таарсангүй. 14:00 цагт аймгаас гараад сайхан цагаан замаар жийж 3 даваа даваад 17:30 гэхэд зорьсон газраа ирсэн байв. 3 дахь даваа нь сайжруулж зассан замтай тул ачаатай дугуйтай жийгээд гарч болж байв. Үнэ ханшийн хувьд Хангай резортод 1 хүн 1 хоногийн 170 мянга бөгөөд үүнд өдрийн 3 хоол, рашаанд орох үнэ багтсан байна. Дан рашаанд бол 49 мянга төлөөд 1.5 цаг орох юм.

Зураг 18. ARA дээр хашир аялагчдын хамт

Өдөр #4 буюу 7 сарын 7 Өглөө 9 цагаас хөдлөн Халуун усны амаа уруудсаар Цэнхэрийн голын гарам дээр ирлээ. Энд 2 удаа гол гаталсан бөгөөд хоёулаа гарам хэсэг нь ухагдаж нэлээн гүнзгий болсон тул дугуйгаа Мөнхбатад өгч өөрөө голын харгиатай гүехэн хэсгээр гатлав. Австраличуудын эхний хэсэг голын гарам дээр ирж байгаа харагдана. Бартаагүй сайхан замаар үе үехэн өгсөж уруудаж явсаар голоос тасарч зүүн эргэх үед голын ойртсон тохой хэсэг дээр өдрийн хоол болох Талын Монголын гоймонтой шөлөө чанаж идчихээд замдаа гарав.

Зураг 19. Талын Монголын амтанд орсоон

Хоол хийж байх зуур гүйцсэн жуулчид маань уулын ам өгсөнгүүт буудаллаж асар барин үдийн хоолоо идэцгээж байгаа харагдана. Үүнээс хойш тэдэнтэй дахин таараагүй юм. Цэнхэрийн рашаанаас Цагаан сүмийн рашаан орох замд 2000м-тэй 1 даваа таарах бөгөөд Цэнхэр талаасаа сайжруулсан замаар жийгээд гарчих боломжтой, харин цааш даваа уруудах зам жаахан эвдрэлтэй, сул чулуутай байв. Хөндий рүү орсон цагаан замаар борооны үүлтэй уралдаж давхисаар 16 цагт Цагаан сүмийн туурь дээр ирэв.

Зураг 20. Цагаан сүмийн туурь

Зураг 21. Цагаан сүмийн туурь

Туурийн бодит байдлыг сансраас харагдах зурагтай харьцуулан үзэж, зураг авахуулаад Цагаан сүмийн рашаан руу шууд хатгаж яваад гутлаа тайлан намаг гатлаад рашааны хашаалсан эх дээр ирэв. Тэнгэр бүүдгэр байсан тул рашааны улбар өнгө зурган дээр бүүдгэр гарч байв. 68 градус халуун ундаргатай, улбар нялцгар замгаар бүрхсэн, доторх чулуу нь эрдэстээ цайран харагддаг, зүрх, элэгний гэсэн төрлүүдтэй рашаан байлаа. Амралтын газрууд нь трубагаар татан авч амрагчдаа рашаанд оруулдаг юм байна.

Зураг 22. Цагаан сүмийн рашаан уулаа

Бороо дусалж эхлэхэд суурингийн 1 амралтын газарт очиж дэлгүүрээс хуурай хүнсээ базаангаа хуушуур захиалан идэв. Ирсэн гийчин буцаж, Орсон бороо арилдагийн адилаар цайлаад гарч ирэхэд тэнгэр бүрэн цэлмэсэн байв. Эрт ирсэнийх маргаашийн замаасаа хорооё хэмээн ярилцаад Төвхөн хийдийн доод гол лээр очиж отоглохоор /15км/ цааш жийлээ. Энэ удаагийн даваа нь алгуур өгсүүр биш шууд эгц өгсөж хяр дээр гараад цааш үечлэн уулын оройгоор явсаар давдаг сонирхолтой даваа байлаа. Даваанаас цааш Төвхөн рүү өгсдөг ам хүртэл дан уруудаж жийсээр байгаал очино. Замдаа айлаар орж айраг өрмөөр дайлуулан 2л айраг худалдан авч хариу барив. Энэ өдөр 79км жийж Агуйт хэмээр нарийн голын эрэг лээр отоглосноор өнөөдрийн аялал дууслаа.

Өдөр #5 буюу 7 сарын 8 Отгоо хураан ойролцоох саахалт айлд ачаагаа үлдээгээд дан дугуйтай Төвхөн хийд рүү өгсөв. Замд таарсан морьтонгууд дугуйгаа үлдээгээд яваач, хэцүү бишүү гэнэ. Буцахдаа дугуйгаа жийгээд буунаа гээд хажуугаар нь өнгөрөв. Араас 1 морьтон ирж хойгуурх машин явдаг замаар нь явбал бартаа арай гайгүй шүү гэж зааж өгөөд буцав. 10:30-д хийд дээрээ ирэн маршрутын дагуу явж зураг хөргөө даруулсаар 12 цаг болж байхад хийдээс явлаа.

Зураг 23. Төвхөн хийд дээр

Морьтонгуудын зааж өгсөн замаар нь жийсээр 13 цагт Агуйт гол дээрээ ирж хоолоо хийж идчихээд Ганц модотын даваа руу өгсөж эхлэв. Бороо ормоор үүлшиж эхэлснээ тэгэсгээд тойроод өнгөрлөө. Сум орох замыг засаж бөөн тоос шороо манарна. 16 цагт Бат-Өлзий сум дээр ирж ундаа авч нэжгээд мөхөөлдөс идэж амраад Могойтын рашаан руу зүглэв. Сумын хажуугийн гүвээг заавал давах аж. Тэртэй тэргүй түрэх юм чинь гээд урд зүг рүү чиглэсэн хамгийн өндрөөр нь хатгаад өгслөө. Буухдаа харин нэлээд эгц урууддаг замтай юм, ардаа ачаатай болохоор тормос атгаад хажуугийн өвсөөр нь зөөлөн уруудаад буучихлаа. Мөнхбатын наклад элэгдсэн тул түрээд буув. Уулын баруун тал дагасан замаар явсаар Могойтын голоо гатлан рашаан явах төв замдаа оров.

Зураг 24. Могойтын рашаан хүрэх замд

Дээшлэх тусам замаа засаж өргөтгөсөн, зам дээр үе үе тогтоол устай болж байв. Рашаанаас 700 м наана Цагаан хайрхан гэсэн бааз байна.

Зураг 25. Могойт рашаан дээр

17:40-д Могойтын рашаан дээр очоод ажиллахгүй байгаа баазын манаачийн гадаа дугуйгаа үлдээн нутгийнханы шүтээн болох Цагаан хайрханд очихоор яаравчлан алхлаа. 40 минутад 3 огцом өгсүүрт алхаад Цагаан хайрханд очив. Гантиган цагаан хад байх болов уу гэж бодож байсан ч хадны баруун талын орой хэсэг нь наранд гэрэлтэн цайран сүрлэг харагдах аж. Очсон хүмүүс хадны доод хэсгээр тос наан түүн дээрээ шүдэнзний мод шигтгэн хүслээ бичсэн харагдана.

Зураг 26. Цагаан хайрхан дээр

Зураг 27. Цагаан хайрхан

19:30-д Могойтын рашаан дээрээ буцан ирж аягаар хутган уугаад тэнд өвс ургамал өндөр, могой ихтэй байж мэдэхээр, отоглоход тохиромжгүй байсан тул амны эх рүү буцаж отоглохоор жийв. Ингээд сумаас 5 км зайд Могойт голын зөөлөн зүлэгтэй эрэг дээр нар буухаас өмнө амжин ирж майхнуудаа барьцгаав. Энэ өдөр 60км жийж Төвхөн хийд, Ганц модотын даваа, Цагаан хайрхан руу гурвантаа өгсчээ.

Өдөр #6 буюу 7 сарын 9 Өнөөдөр хот руугаа буцах өдөр. Тиймээс аяллын туршид цүнхэлж явсан цэвэр хувцас, нөөц пүүзээ сольж өмсөн хэрэндээ сэмбийгээд сумын төвийн зүг хөдлөв. 9 цагт сумын төв эл хульхан, явсаар автобусны зогсоолын хажуу дахь Соёлын төвийн үүдэнд дугуйгаа түшүүлж тавьчихаад сүүдэр, сандал бараадан унаагаа хүлээж эхлэв. Тапа аппликэшн дээр бид 2-с гадна 4 хүн суудал захиалсан харагдана. Ашгүй дээ хүн цөөтэй бол дугуй ачина ачихгүй гэж жолоочтой өөг төөг болохгүй гэж санаа амарлаа. 12 цаг хүртэл Соёлын төвийн номын сан, угсаатны кабинет, сумын үүх түүхтэй танилцан цаг өнгөрөөв.

Зураг 28. Сумын баруун овоон дээр

Автобусны билетээ машинтай ирж байгаад машин дотроосоо биччихдэг юм байна. Хот руу буцах гэж байгаа бололтой фургон машнаар хэдэн жуулчид ирээд мөн тэр хавиар хөлхөнө. 11 өнгөрөөд бидний унаа ирж хүн цөөтэйг далимдуулан дугуйгаа салгаж жижиглэлгүй баавартай ачив. Дугуйнд гэж нэмэлт төлбөр нэхсэн ч үгүй. Зорчигчдын ачаанаас гадна дайвар гэж хэдэн хонины мах, нэлээн хэмжээний айраг ачиж аваад 12 зорчигчтойгоор автобус маань хот руу хөдөллөө. Ер нь Бат-Өлзийн жолооч нар ааш сайхантай байдаг юмуу гэсэн эерэг бодолтойгоор 20:30-д шинэ Драгон дээр бууснаар дугуйн аялал маань амжилттай өндөрлөлөө. Улаан тэмдэгт гишүүний хувиар анх удаа зохиосон аялалд маань хань түшиг бол оролцсон Мөнхбатдаа талархаж маргааш эхлэх Естийн рашааны аялалд нь амжилт хүсье. Мөн сонирхолтой адал явдалт ARA аяллыг санаачлагч Очирваань, маш сайхан зохион байгуулж дэмжсэн ARA комплексийн хамт олон, захирал Өлзийбаяр, аяллын хоолоор ивээн тэтгэсэн Талын Монголдоо талархаж ажлын амжилт хүсэе. ARA-д дахин очно оо.

Аяллын тэмдэглэл бичсэн УТГ П.Золзаяа

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
С.Мөнхбат П.Золзаяа
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Зүгээр л жий!