Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #14 - ТЭШИГ, ХАНТАЙ НУРУУ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/341
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
833 км
Давааны тоо
15
Өндөр авалт
8447 м
Өндөр алдалт
-8385 м
Их өгсөлт
16.7 %
Их уруудалт
-14.1 %
Оролцогчдын тоо
5
Эхлэх цаг
2024 оны 7 сарын 5 Баасан гараг, 17:30 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Аялал 7 сарын 6 өдрийн өглөө Эрдэнэт хотоос 10.00 цагт эхлэнэ. Наадмын үеэр Төмөр замын тээшний вагон "амарч" явдаггүй тул, аяллын төгсгөлд Орхон аймгийн нутгаас УБ хүртэл жийж ирэхээр аяллын төлөвлөгөөг хийсэн болно. Аялалд нийт 10 (10 өдөр, 9 шөнө) хоног зарцуулна. Цаг агаар болон гол ус, зам, бусад хүчин зүйлээс шалтгаалан аяллын чиглэлд өөрчлөлт орж болно.

Зураг 1. Аяллын ерөнхий төлөвлөгөө

Энэхүү зурагт аяллын үндсэн чиглэл, уул даваа, гол мөрөн, отоглох газрыг төлөвлөн орууллаа. Наадмын өдрүүдэд тээшний вагон амардаг тул УБ хот руу жийх чиглэлийг "нэмэлт"- ээр тусган аяллын газрын зурагт оруулсан болно.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

7 сар 5, Баасан гариг
Наадам дөхөөд хүмүүсийн хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. Эрдэнэт явах тээшний вагоны ачаа дүүрсэн тул тээшний тусч залуу бидэнд сэтгэл гарган, унадаг дугуйнуудыг ачааны хамт Боовны вагонд ачиж билээ. Энэ вагонд Талх чихэр компанийн боов, талх Дархан, Эрдэнэт рүү ачигддаг тусгай тээшний зориулалттай юм байна. Ачаагаа өгсөн тул вагон хөдлөх цагаа тайван хүлээж суулаа. УШТГ Ган Очир биднийг гаргаж өгөхөөр ирэв. Мөн Увс аймаг руу аялах УТГ Б.Батжаргал бидэнтэй зам нэгдэв. Вагондоо ороод Зүүнхараа хүрээд бүгд нам унтлаа.

7 сар 6, Бямба гариг
Өглөө вокзал дээр кофе цай уугаад Эрдэнэт хотын зүг хөдлөв. Хотын төвийн Хаан бууз зоогийн газар хооллон, нэг гишүүн маань үсээ засуулаад аяллын замдаа гарлаа.  Сэвэлзүүр салхитай, нар үүлний ард нуугдсан тун аятайхан өдөр байлаа. Эрдэнэтийн гэр хороолол дундуур явсаар Бугат сум руу чиглэдэг дөрөлж даван уруудав.

Ногоо, тариан талбай бүхий хөндийн урд захыг эмжин үргэлжлэх шороон замаар жирийтэл жийсээр. Багийн гишүүд ачаатай дугуйндаа дасах, бие бялдрын байдлаа тандан жигд хурдаар зогсолтгүй урагшилна. Бугат сум тэртээ урд харагдан өнгөрч бид хойгуур нь гаран Баянбулагийн ам руу өгссөн замд оров. Ам уруудан гол орж ирлээ. Өндөрхөн дэнж дээр сүүдрэвчээ барин бид өдрийн хоолоо хийж идлээ. Түр зуурын бороо ороод өнгөрөв.

Зураг 1. Манай баг. Бугат сумын хойд толгой дээр

Даваагаа өгсөн жийсээр уулын хормой ороон уулын замд оров. Зам хоёр салсан байв. Хойд талыг нь сонголоо. Судаг даган өгссөөр, зам шалчиг балчиг болж эхлэв. Аажим өгсөх юм, нэг л биш дээ. Хорин жилийн өмнө энэ даваа өөд автомашинтай явж байснаас хойш их зүйл өөрчлөгджээ. Буруу замаар Бархын даваа руу өгсөж байсныг дээрээс уруудах модны автомашины жолоочоос мэдэв. Буцаад уруудлаа. Салаа зам дээр очин урд замаар нь халз өгслөө. Зам шавартай тул ачаатай дугуй түрхэхэд тулгуур хөл халтиран "хий эргэнэ". Бид зүтгэсээр даваан дээр гарав. Нэг гишүүний маань бие барагтайхан, эндээс буцвал дээр гэж хэлэв. Нэг хоног байдлыг харъя гээд аяллаа үргэлжлүүлэх хүсэлтэй байв. Хэрэв даваад уруудвал буцах зам байхгүй гэж хэлээд Уул Алтайн замаар уруудлаа.

Зураг 2. Уул Алтай руу орох хаалга Баянбулагийн даваа.

Зулзаган хус модод замын хоёр талаар үргэлжлэн эртний танил орчиндоо ийнхүү унадаг дугуй унан ахин ирдэг байна шүү гэж бодон сэтгэл догдлоно. Даваа уруудан нэг их хол явалгүй эхний шавар таарлаа. Хэвээрээ байна шүү гэж бодов. Энэ шавар дээр автомашин их суудагсан. Уулын гол даган, уулын бэл дэнжийн замаар уруудсаар Алтаатын гол орж ирэх ам өнгөрөн голын харалдаа уулын жижиг дэнж дээр буулаа. Энэ уужим ам нь тэр чигтээ өвөлжөөний нутаг тул айл хунар хүн огт таарахгүй бөлгөө. Зуны улирлын ийм үед өвс ургамал өндөр урган замыг "эдгэрэх" маягтай харагдуулна.

Зураг 3. Уул Алтайн отог

Уулын жижиг дэнж дээрх сахлаг өвсөн дунд отоглолоо. Хоол цайгаа хийж, майхандаа барин отог бужигнана. Хажууханд урсах Алтаатын голоос усаа аван, ганц нэг шавьж ус руу шидэн хөвөх дор тэр даруйхан нууцхан загаснууд хоб хийн үнхэх нь загас элбэг буйн шинж билээ. Зорилго өөр тул загасаар оролдсонгүй. Бараг л харайгаад гарахаар горхи мэт гол шүү дээ. Тойрон суун хоол цайгаа идээд л майхандаа шурган амрах нь аяллын эхний өдөр мэдрэхүйц ачаалал авсаны шинж билээ. Энэ өдөр 67 км зам тууллаа.

7 сар 7, Ням гариг
Уулын орой хормойгоор манан сууж, мандах нарны туяан дор аажмаар хөөрнө. Өглөөний чийг их буужээ. Тэнгэр цэлмэж наран хөөрч халуухан өдөр болох төлөвтэй.

Зураг 4. Уул Алтайн замаар

Уул алтай гэж нэрлэх энэ хөндийгөөр автомашины засмал зам үгүй цаг үед зам товчлон нутгийн зарим жолооч нар Эрдэнэт рүү дөтөлдөг байсан юм. Сайжруулсан нэртэй дэржигнүүр гололсон шороон замаас зайлж Уньт баг, Булган аймгийн төвөөр дайралгүй ийнхүү явах нь 90 км татуу гэж ярьдаг байсан. Гэхдээ зам бартаатай гол ус, шавар ихтэй тул баргийн жолооч ийш зүглэдэггүй байлаа. Ийм л замаар манай баг дугуйгаа унан уруудаж байгаа юм. Алтаатын голыг 13 удаа гатлана. Дэнжийн өгсүүрт халуун наран дор махийх бас ч тийм амар бус. Бид урагшилсаар. Монгол улсын анхны ерөнхий сайд А.Амар гуай энэ хангайд төржээ. Замын хажууд дурсгалын самбар босгосон байв. Голын цаад дэнж дээр хэдэн цагаан хүн чулуу ч харагдана. Тун халуун бүгчим өдөр боллоо. Өвөлжөөний нутаг тул сэвэлзэх сэрүүн салхи маань ч үл таарна. Алтаатын голын эхний гарамаа туулж гарав, жаахан яваад ахин голоо гарч өвөлжөө бүхий дэнж рүү өгсөн зам зурайна. Өндөр ургасан өвс ургамалын дундуур зурайх замын ул мөрөөр явахад харин том чулуу байхгүй нь үнэхээр сайхан.

Зураг 5. Халуун өдөр байлаа

Ийм халуун өдөр сүүдрэвчээ барьж зам дээр өдрийн хоолоо хийж идэв. Орчны байгаль улам бүр үзэсгэлэнтэй болж, манайхан Алтаатын голын бүлээссэн усанд умбан сэрүүцэж амарна. Уул алтайн өвөрмөгц төрхтэй уулсын бараа эхнээсээ харагдаж эхлэв. Орой нь тэгшхэн, налуу хадан хана бүхий энгэртэй уулс байдаг. Урд зүгээс Харганын гол урсан Алтаатын голтой нийллээ. Энэ хэсэгт байдаг томхон шаварын голомт эдгэрч, нутгийнхэн Харганы голын дээгүүр гарч Уул Алтайгаа өгсөж урууддаг аятайхан замтай болжээ.

Зураг 6. Алтаатын голын ээлжит нэгэн гарам

Алтаатын голын баруун дэнж дагасан тод замаар уруудан голоо 4 удаа нааш цааш гатлаад Сэлэнгэ мөрөнд цутгах голын садраа адгийн дээгүүр голоо гатлан уулын хормой дагасан төв замтай нийлэв. Дэнжийн өгсүүр бүхий хүйтэн булагтай бага шиг хоёр ам хөндлөн гарч, тариан талбай эмжин явсаар Цагаан буланд 20 цагын орчимд хүрч Их Төлбөрийн гол (энэ голд Уньт гол цутгадаг)-ын баруун дэнж дээр отоглов.

Зураг 7. Энэ дэнжээр уруудан голоо гаталж явсаар Сэлэнгэ мөрөн хүрнэ

Саад бартаатай боловч байгалийн үзэсгэлэн бүрдсэн хангайд 60 км зам туулжээ. Багийн ганц бүсгүй гишүүнээрээ бахархан, Уул Алтайн замыг  ачаатай унадаг дугуйтай туулсан "анх"-ны эмэгтэй дугуйчин боллоо шүү гэж дотроо бодож явлаа. Энэ бодлоо нутгийн айлын гэрийн эзэнтэй хууч дэлгэн суухдаа хуваалцан ярихад, тэр тэгэлгүй яах вэ, хэн ч үүгээр ингэж яваагүй гэж "батлан" хэлж дэмжсэн юм.

7 сар 8, Даваа гариг
Наран ээсэн сайхан өглөө болов. Өчигдөр багаараа ярилцан, бие барагтай буй гишүүнээ энд "орхив". Энэ отгоос засмал зам хүртэл 3 орчим км зайтай. Сайн амарч байгаад хөдлөөрэй, сүлжээтэй газар очоод мэдээ өгөөрэй гэж захисан. Гишүүн маань замын машинаар Эрдэнэт орж улмаар УБ хотод ирсэн болно.Засмал замдаа орж багаараа жийсээр Гуртын гарам гарч хөтөл өгсөн даваад уруудан Хутаг Өндөр сум хүрлээ. Энд Увсыг зорьсон УТГ Б.Батжаргал үлдлээ.

Зураг 8. Ороохын дөрөлж уруудан Хонгор баг руу орж ирлээ

Аялал зугаалгын улирал эхэлж автомашины хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. Хажуугаар зөрөхдөө чихэр өгч сайн сайхныг хүссэн хүн ч байна, эзгүй талд дуут дохио хангинуулан хажуугаар хараал урсган одох нэг нь ч байна. Хүний өнгө юм даа гэж уужимхан бодон урагшилна. Халуун өдөр боллоо. Засмалаас Тэшиг сум руу салах уулзвар харагдлаа. Шороон замд орон алсын өгсүүрт зогсолтгүй жийсээр, нэг онь харагдана, хүрээд өнгийхөд ахин нэг онь тэртээд зорих замаар эмжүүлэнхэн зурайна. Тариан талбай дундуурх замаар өгсөн ахин нэг онь руу өнгийлөө, болоогүй ахиад яваад байгаарай гэж зам хэлнэ.

Зураг 9. Айрхан нуурын хөндийд

Зураг 10. Төв замын дагуух мэдээлэх самбар

Ийнхүү бид 10 км өгсөн Ороохын дөрөлж дээр гарав. Хажууд нэг автомашин зогсож жолооч нь бууж ирэн мэндэллээ. Бас л нэг дугуйчин анд маань гэр бүлтэйгээ аялаж явжээ. Дөрөлж уруудан явсаар Айрхан нуурын хөндий рүү орлоо. Зогсоход салхи нь үгүй пүн хийнэ. Замын хажуугийн булгаас усаа нөөцлөөд хөдөллөө. Нуурын хөндийн хойд хэсгээр нам уулсын бэл даган алсын өгсүүрт жийсээр, зам харин тун дардан байв. Хонгор баг зүүн урд талд нуурын цаана цайран, Айрхан нууранд хунгийн чуулга болж буй мэт олон хун чуулжээ.

Зураг 11. Халуун нартай өдөр хөндийн замаар урагшилсаар

Зам хойш хөтлөн Сайр толгойн гарам руу зурайна. Уулын бэлээр нугачаа ганга жалга өгсөн уруудан жийсээр, зөрөн өнгөрөх автомашинууд чулуу шороо бужигнуулан хаялсаар, наран төөнөж, явалтын бүлээн салхи нүүр илбэн асан аяллын жирийн хугацаа хором түжин ажин үргэлжилсэн өдөр байлаа. Толгой ороон бургас хайлаас бүхий замаар орж, Эгийн гол дээгүүр тавьсан гүүрээр гарлаа. Их усны салхи сэвэлзэн таатай үлээнэ. Эгийн голын ус хүрэнтэн, сүртэй эргэлдэн урсана. Үертэй байлаа. Хойд эргийн ширэг дээр бууж сүүдрэвчээ барин амарлаа. Нар гудайн 17.00 цаг болж байв.

Зураг 12. Сайр толгойн гарам руу

Баруун талаас борооны үүл алгуур ойртох үед мотоцикл унасан нутгийн шав хийсэн залуу бидэн дээр ирж яриа өрнүүлэв. Удахгүй бороо орно, та нар манай гэрт очоорой, ээжид би хэлчихнэ, одоо адуу руугаа явна, тэр байна гээд дэнж дээр харагдах дүнзэн байшинг зааж өгөөд давхиад явчихлаа. Борооны өмнөх шороо гэгчээр голын хөндийн хүчтэй салхи биднийг дайрав. Сүүдрэвч маань нахийгаад уначихав, хамаг юмаа эмхлэн санд мэнд ачаалаад, замдаа орон дэнж өгсөн салаад, хоёрын зэрэг жалга тойрон жийлээ. Гэрийн эзэгтэй биднийг угтан авч гэртээ урив. Нөмөр талд нь дугуйнуудаа орхин айлд орвоос мөндөр бүхий аадар бороо асгарч билээ. Бид танилцаж, замын сонин сайхнаа хуваалцан, дээвэр нүдэх ширүүн бороон дор цай ууж, нутгийн цагаан идээ боовоор дайлуулан, тун сайхан амарч хоносон юм. Энэ өдөр манай баг 72 км зам туулав.

7 сар 9, Мягмар гариг
Гэрийн ажилсаг эзэгтэй өглөө эрт босож бидэнд амттай гамбир хайрч өглөөний цай бэлдэж өгөв. Бороо зогсож, наран ээсэн цэлмэг өглөө боллоо. Дэнж дээрээс Эгийн гол, орчны байгаль нүд баясган цэлийж харагдана. Жижиг голоо өгсөн шавартай замаар гулбигнуулан бага зэрэг өгсөөд толгой тойрон гүвээн дээр гарч татлаа. Пис хийх "буун дуу" гарч хэсэгтээ гайхтал нэг гишүүний маань хойд дугуй бууджээ. Покрышка нь хажуу талаараа задарсан байв. Засварын ажил эхлэж залуус маань зүү утас нийлүүлэн оёж наалаа. Тэрхэн зуур гүзээлзгэнэ түүж идлээ. Нутгийн хүний хэлсэнээр түүгээд байх шаардлаггүй ёстой л амны жимс юм даа. Хэд хэдийг идээд л бялуурна. Овоон дээр гарч Эгийн голын хөндий, голын урд дүнхийх Дулаанхаан нэртэй сүрлэг уулыг харж явах замаа алсаас шинжив.

Зураг 13. Буурал аав овоо

Өглөөний наранд замын шавар эгшиж, чийг нь хатсан байв. Тариан талбай эмжсэн замаар явсаар Их хөндий өгсөн Буурал аав овоо дээр татлаа. Зөрж өнгөрөх автомашинтай хүмүүс биднээс замын сонин сайхныг асууж, одоо ингэж тэгэж, тэр замаар яваарай гэж сайныг ерөөнө. Овооны хажуугийн сүүдрэвчинд амарлаа. Манай бүсгүй тэрхэн хооронд саравчинд овоорсон хогыг гялалзтал цэвэрлэн цэгц эмхтэй болгочихов. Аяны гэлтгүй хүмүүс хогоо иймэрхүү газар орхих нь даанч их юм даа гэж харамсан бодлоо. Гэтэл бид хогоо унадаг дугуйндаа ачсаар л яваа билээ. Суурин газар хүрч хогоо хаядаг уламжлалтай.

Зураг 14. Булган аймаг, Тэшиг сум, тавтай морил

Тариан талбай дундуур зурайх аажим өгсүүртэй хөндий туулан онь дээр гарч иртэл алсад Харгал нуур цэлийн биднийг угтав. Хунгийн тохой гэж нуур руу түрж орсон хадан хошуу бүхий бага шиг хойг харагдана. Халуун ид шатахаас өмнө амжин сумын төв орлоо. Автомашинтай аялаж буй хүмүүс, дэлгүүр хоршоо хөл хөдөлгөөн ихтэй байв. Нутгийн хүнээс хамаатны ахаа сураглан гэрт нь очлоо. Сэрүүхэн том дүнзэн байшинтай найрсаг зочломтгой хоёр хөгшин биднийг угтан авч, гэртээ оруулан тун сайхан нэгэн үдшийг бид хамтдаа амарч өнгөрөөв. Аяллын чиглэлд "уянгын халил" хийж оруулсан Тэшигийн даваа, Эрингийн гол, Баясгалангийн давааны тойргыг үер усны байдлаас шалтгаалан "баяртайгаар" орхиж билээ. Энэ өдөр 36 км зам туулж хагас өдөр жийсэн юм.

7 сар 10, Лхагва гариг
Аян замын ерөөл өргөн биднийг үдэх хөгшид, ахин ирэх нууцхан хүслээ өвөрлөн сумын төвөөс зүүн зүг өглөөний 7.30 цагт бид гарч явлаа. Ханангийн дөрөлж өгсөн Харгал нуурын хөндий рүү орж ирэв. Нуурын хойд талын дардан шороон замаар жийж, нуурын эрэг дээр зургаа авахуулав. Майлахын дөрөлж давах замаар өгсөн явсаар, дөрөлж маань холоос харагдаж өгдөггүй, юу юугүй л нэг толгой ороож байтал нэг автомашин хажуугаар гаран явсаар огт төсөөлж байгаагүй жалга гаран хэсэг мод руу илбийн мэт уусан алга болов. Модон дундуур зурайсан замаар өгсөн жийсээр үхэр сүрэг ойд бэлчсэн орой дээр гарлаа. Үнээнүүд бидний ачаатай дугуйг үнэрлэн, цүнх сав онгичих гээд байлаа. Тэшиг нутгийн уулс сүрлэг байдгаас болдог юм уу баргийн өгсүүрийг даваа гэж нэрлэдэггүй юм шиг санагдсан. Дөрөлж, гүвээ, гүдэн л гэнэ. Тэдгээр нь бидэндээ бол даваа шиг л өндөр бас өгсүүртэй санагдана. Үнэхээр л алсаас харагдах Тэшигийн даваа, Баясгалангийн даваа нь сүрлэг харагдах юм билээ. Нутаг нутгийн онцлог юм даа.

Зураг 15. Ханангийн дөрөлж

Хөндий уруудсан дардан замаар жирийтэл уруудсаар Харлан голын хөндий рүү орж, голын баруун талын эрэг даган хурдлав. Энэ өдөр Хужирт баг наадмаа хийх тул тийш зорих автомашинууд бидний хажуугаар гарч, бичлэг хийн одно. Халуун өдөр тохиолоо. Товхор нэртэй сүрлэг уулын барааг харан урагшилсаар. Харлан гол маань шургачихсан (гарам нь урсацгүй хуурай сайр) байв. Хэдхэн хоногийн өмнө үерлэсэн бичлэг харж байсансан, байгаль гэдэг ийм л гэнэтийн бэлэг барьж чаддаг. Төмөрийн гол руу даваж орох дөрөлж өгсөх замд горхины хажууд сүүдрэвчээ босгож, үдэлж хоол цайгаа хийж идэв. Автомашинууд Хужирт баг руу цувсаар. Бид хойд талаар нь ороон дөрөлжөө даван дээд онь дагасан замаар жийсээр дөрөлжийн зүүн үзүүрээр тонгойн Төмөрийн гол руу орж ирэв. Энэ голын зүүн эргээр уруудах бүдэг "баталгаагүй" замаар Эг Тарвагтайн голын бэлчир рүү дөтөлж явж болох боловч ийм халуун өдөр бас гол усны байдал ямархуу байгаа нь болгоомж төрүүлнэ. Тэгээд ч дөт зам гэдэг тийм ч хүсмээр зам байдаггүйг олон олон аяллын туршлага сануулна.

Зураг 16. Харгал нуурын хойд эрэг дээр

Зураг 17. Майлахын дөрөлж зорих замд

Зураг 18. Харлан голын хөндийн зам. Цаана Товхор уул харагдана

Төмөрийн голыг модон гүүрээр гарч ахин нэг огцомхон дөрөлж өгсөн давж, уруудан баталгаатай дардан замаар тариан талбай тойрон явсаар Төмөрийн голоо ахин нэг гарч Эг Тарвагтайн бэлчир дээр бид ирлээ. Автомашинтай хүмүүс их байлаа. Зарим нь автомашинаа орхин бэлчир рүү 2 орчим км алхаж байв. Хог их харагдана. Өвсний сөл үнэртсэн бүгчим чийглэг голын татамаар явсаар бэлчир хүрнэ. Зам нь зарим хэсэгт чулуу, голын татамын хэсгээр шавар ус тохиолдоно. Яг хоёр голын бэлчир дээр ирж зургаа татуулан амарлаа.

Зураг 19. Эг Тарвагтайн бэлчирт ирлээ

Зураг 20. Эг Тарвагтайн бэлчирт ирлээ

Харин голын ус тунгалаг, усны түвшин хэвийн байсан. Ирсэн замаараа буцаж жийгээд тариан талбайн урдуурхи шарилж, лууль, халгай гололсон халуухан замаар зогсолтгүй жийсээр Хужиртын голын жижиг модон гүүр гараад, амны эхэнд жижиг эрэг дээр отоглов. Хойд хэсэгт үүл хуралдан цахилгаан цахиж, овоо хүчтэй салхи бидний майхныг далжийтал үлээнэ. Майхан маань ийм хэлбэртэй байдаг бил үү гэж хүртэл бодсон шүү. Бороо орсонгүй, баруун тийш туугдан одлоо.

Зураг 21. Хужиртын гол, манай отог

Хужирт багийн төв алсад харагдаж, хүн машин бужигнана. Хоёр гишүүн маань хүнсний хангалт хийх, наадам үзэх, наадмын хуушуур ундаа авахаар шалдан дугуйгаа унан салхи сөрөн жийн одлоо. Талдаа 5.5 км буюу 11 км жийгээд ундаа, хуушуур аваад хүрээд ирэв. Тавтайхан хооллож, маргааш наадам эхлэнэ, ямар ч болов зүтгээд Хантай нуруугаа давна гэж ярилцаад, энэ өдрийн явалтаа бодон гүн нойронд умбаж билээ. Бид өнөөдөр 76 км жийжээ.

7 сар 11, Пүрэв гариг, Энэ өдрийн тэмдэглэлийг манай багийн УТА Д.Цолмон бичсэн болно
Урьд орой хойно харагдах өндөр хөх уул, Хужирт багийн тэндээс хүчтэй салхилж бороо орж байгаа харагдаж байснаа биднийг отоглонгуут салхи нь ганцаараа давхин ирснээ гүүрний орчим нэлээдгүй бужигнуулж нэгний маань майхны нэг баганыг хугалаад номхорсон юм. Бороогоо дагуулж ирээгүй нь их юм. Харин манай хоёр залуу үнэхээр залуу насны эрэмгий бахыг гайхуулан тэр салхийг сөрөн 11 км жийж тухайн өдөр болсон Хужирт багийн наадмын талбайгаас хуушуур, кола авчирч хамтдаа баяраа тэмдэглэж билээ.

Зураг 22. Дархан цаазат газар руу орох 27 тоот багана

Маргааш нь харин өчигдөр тарьсан хэрэгтээ гэмшсэн мэт огт салхигүй нам гүм дулаахан өглөө боллоо. Өчигдөр Тэшиг сумаас энэ хүртэл Ханангийн дөрөлж, Майлахын дөрөлж, Төмөртийн дөрөлж, Хужирт багийн баруун дөрөлж гэсэн дөрвөн өндөр дөрөлж давж Эг Тарвагатайн бэлчир хүртэл тариан талбай эмжиж давхиад очиж үзэж, буцаад жийж энэ хүртэл ирсэндээ ядарсан уу нөгөө сэрвэлздэг нойр яасан юм байгаан хэвтээд л нам явсан би үүдэндээ байсан ууттай хогоо нохойнд хулгайлуулснаа ч мэдэхгүй үүрийн 5 цагт сэрлээ. Арай эрт байсан болохоор повербанкиндаа утсаа залгаад дахиад тас яваад сэрвэл 06:30 болсон байв.

За өнөөдөр энэ аяллын шигтгээ, сорилго, төгсгөл болсон алдарт Хантайн нурууг давах юм гэнэ билээ гэж өөртөө хэлээд бослоо. Миний дараа ээлж ээлжээр майхнуудын цахилгаан шажигнан нээгдэж манайхан ч сэрцгээлээ.

Зураг 23. Хамгийн дээд өвөлжөө. Нутгийн иргэн Бархасын өвөлжөө

7 сарын 11 ний өглөө. Улсын баяр наадам шүү дээ. Админ утсан дээрээ Төрийн дуулал эгшиглүүлэн наадмын нээлтээ бид Хужиртын голын эрэгт ёсолж билээ. Эх орон минь улам мандан бадраг.

Аяллын эхний отог дээр өглөө шүүдрээс гэрэвшиж усны гуталтай гарч байсан би өнгөрсөн хэдэн өдрийн аяллын замд бие минь чийрэгжиж дассаных уу шууд л хөл нүцгэн шүүдэр дээгүүр туучихад эгээ л хүүхэд насандаа эргээд очих мэт тун энхрий бас хүчирхэг мэдрэмжийг авлаа. Байгал дэлхий ийм л шидтэй. Хантайн нурууг давна гэж бодохоор л нууцхан догдлол бас айдас цээж дүүрэн. Уламжлал ёсоороо бид маш сайхан цайлаад, давааны доор очтол 40 км шүү гээд аяллаа эхэллээ. Дэнжийн уужим өгсүүр зөөлөн шороон замаар төвөггүй жийлээ. Энэ нутгийн замын онцлог хангай газрын жалга судаг, гуу ихтэйгээс уулын зам түүнийгээ тойрон ихээ алсуур өгсүүлж дараагийн жалга хүртэлээ овоо уруудуулж дахин өгсүүлнэ. Аяллын замд ерөнхийдөө би админтай хамт урд талд, хоёр залуу маань ард цоожлох маягтай яваа билээ. Арын хоёр маань бараа нэг хэсэг харагдахгүй удахаар нь зогсоод хүлээж байтал нэгний нь дугуйны гадар хаймар язарсан тул надад байсан зүү утсыг нөгөө нь ирж аваад бид хоёрыг явж байгаарай гэж хэлээд буцав. Аяллын замын зураг хүн бүрийн гар утсанд дурайж сүлжээгүй ч байсан ажилладаг апп-д газрын зургаа оруулсан тул төөрөх зүйлгүй уулзацгаах боломжтой болохоор урд хойноо орж бага зэрэг салахад асуудалгүй ч ерөнхийдөө бөөндөө явах нь л хамгийн зөв шийдэл юм.

Зураг 24. Энэ амаар орж өгсөн Тариахтайн даваа давна

Ингээд админ бид хоёр жийсээр даваанаас нэлээд наана зусландаа гарсан айлын гадаа ирлээ. Хангай газар мод элбэг байгаагийн тод илрэл монгол гэртэй айл бараг үгүй бүгд л дөрвөн улирлын буйрандаа байшинтай байдаг юм билээ. Монгол хүний сайхан сэтгэл гэрийн эзэн аяны биднийг гэртээ урьж цайлж сэргээн алсын замын чигийг тодорхой тайлбарлаж өгөөд замд таарсан бусад хүмүүсийн адилаар биднийг ямар аглагт ямар айхтар хол аялж байгааг гайхан ялангуяа эмэгтэй хүн ингэж явах гэж хэмээн бахархаж хүч өгөөд үдэж билээ. Арын хоёртойгоо удалгүй нэгдэн үнэхээр аглаг уулнаа өндрөөс өндөр давааруугаа эргэлтгүй чигэллээ.

Админы өгсөн заавар + нутгийн иргэний сануулга: одоо бидний явах зам давааны орой хүртэлх 30 гаран км бас даваад буух төдийчинээ зам бол үнэхээр онгон зэлүүд ан амьтны нутаг. Соц үед мод бэлтгэлд зориулан зассан зам одоо хэрэглэгдэхээ больсон тул эдгэрч, дөтөлж явдаг иргэд ч энэ замыг ашиглах нь эрс багассан (хаа нэг өндөр тэрэгтэй улс явдаг) тул замд анхаарал болгоомжтой явахыг сануулж унд хоол идсэн ч, бие зассан ч ямар ч тохиолдолд замаас гарахгүй байхыг сануулсан нь аймхай миний тархинд чихээр дамжин бат сууваа хөөрхий. Замд таарах маш их чонын мөр, янз бүрийн амьтдын ялгадас дээрх үгийг батлаж байв. Байгалийг хүндэтгэвэл тэр ч бас биднийг хүндэтгэнэ дээ.

Зураг 25. Тарвагатай голын татмын хусан ой дундуурхи замаар

Гэгээтэй байхад ч гайгүй харин харанхуй болох тусам үнэхээр хамаг бие баригдаж ямар урт зам бэ бас өгсүүр... хамаг л анхаарлаа хурцлан мэддэг аврал тарниа уншин өөрийгөө зоригжуулж явлаа. Манай эрчүүд бол тоохгүй л дээ. Харин тэдэндээ л тээр дараа болчихгүйн тулд өөрийгөө аргацааж зоригжуулж байгаа царай минь. Даваа өгсөх замд Бургастайн голыг 3, Тарвагатайн голыг 3 удаа туулж гарлаа. Уулын гол хичнээн хүйтэн гэж санана. Аяллын эхний өдөр Уул Алтайд Алтаатын голыг арван гурван удаа туулахад зэрэг зэрэг туслаад байсан найзууд маань энэ удаа одоо энэ өөрөө хатуужиг гэснүү бүүр тоохоо ч байсан. Би ч өөрөө аль болгонд бусдыгаа хүйтэн ус хоёр гурав туулуулах вэ дээ гээд дугуйгаа чирээд дагаад л ордог болсондоо. Тэднээсээ ялгаатай нь ус гаталж гараад хөл янгинан хэсэгтээ орилж дэвхцэх л ажилтай байв. Энэ бүхэн тухайн үед хэцүү байсан ч аяллын аз жаргал, биед минь хатуужил өгөх боломж, сэтгэлд бахархал нэмэх зол завшаан билээ.

Давааны орой дөхөх тусам харанхуй ойртож сэтгэл яаруулахад зам харин улам чулуурхаг болж хүчийг минь барж, зэргэцээд хөхтүрүү шумуул улам гаарч давааны оройд хүрэхийг чинь харья гэх шиг мөлжинө. Тасралтгүй 5 цаг өгссөн бие хүчгүйдээд унах гээд байдаг давааны орой сураггүй. Өөрийн эрхгүй "арай хэцүү замтай аялал бишүү (нэмээд өмнөх өдрүүдийн ядралаа нэхэн санаж байгаамаа бас) би яаж эдний гарын аяыг даах вэ дэ ямар хэцүү юм бэ" гэж зүүн мөрний чөтгөр шивнэнгүүт нүдээр дүүрэн нулимс дүүрч хоолой зангирч хөл нугарах шахна. Хүний өмнөөс явж байгаа бишдээ арай дэндүү. Харин тэгтэл баруун мөрнийх овоо (хүн шиг) чөтгөр шиг "хүүе чи солиорчээ, өөрөө дурлаж энэ аяллыг сонгоо биздээ, чи гэмтээгүй байна, өвчлөөгүй байна, дугуй чинь эвдрээгүй байна, зүгээр л жоохон ядарсан байна дахиад жоохон гүрийхэд л даваан дээр гарлаа шүү дээ, одоо тэгээд эндээ суугаад үлдэх биш мэдрэлтээд хямраад байх юмаа" гэнгүүт нээрээ тийм шүү гэж хүч ороод л ёстой бурхан чөтгөр хоёрын тэмцэл дунд зүтгэсээр давааны оройд гарч билээ. Арай сүртэй биччихвүү дээ. Гэхдээ л үнэн минь энэ.

Зураг 26. Даваа өөд өгсөх замд

Даваан дээр гарсныг илтгэн зам тэгширсэн ч нутгийн хүний хэлсэн давааны оройд давааны нэрийг бичсэн саравч, овоо байгаа гэсэн хэсэгт очихгүй л байлаа. Хантайн нурууны Тариахтайн даваа орой дээрээ үнэхээр уужим урт тэгш юм билээ. Бид жийсээр давааны оройгоо олж (энэ үед дтд 1710 метрийн өндрийг гар утас дээр зааж байсан) энэ аяллын том зорилго болсон баяр бахдалаа хуваалцлаа.
ЗЭД ХАНТАЙ БҮТЭЭЛИЙН НУРУУНЫ ТАРИАХТАЙН ДАВАА-г бид багаараа амжилттай унадаг дугуйгаараа давж чадлаа УРА

Өчигдөр орой хоёр залуу маань Хужирт багийн дэлгүүрлүү салхи сөрөн давхихдаа авчирсан ундаанаас нэг сав колаг энэ ялалтандаа зориулж админ яс хадгалсан тул ийнхүү колагаа буудуулж биесдээ баяр хүргэн тэмдэглэж байгаа минь энэ. Цаг оройн 20:50 болж байв.
Удалгүй хангай газар түргэнээ харанхуй болох нь тодорхой. Ямар зам туулж даваан дээр гарлаа даа яг тийм зам туулан уруудах нь гарцаагүйг гадарлаж гэрлээ асаан яаруухан хөдөлцгөөлөө. Өөрийгөө зоригжуулж бусдад би зүгээр шүү гэдгээ ойлгуулж ядан "харанхуй байсан ч хэдүүлээ яваад л байх юм шүү" гэж хэлж амжлаа. Уруу замд тэнцвэрээ сайн олоод тэр бүр тормозоо атгаад байлгүй өөрөөр нь дайруулвал дугуй маань барагтай саадыг давах нь мэдээжийг админ сануулаад уруудлаа. Хэцүүг боломж болгоно гэдэг шиг нэг талаар харанхуйд чулуу бүхнийг хараад донжигоноод болгоомжлоод байлгүй ёстой жолоогоо тас атган тормозоо тохируулан админы араас уячихсан мэт л уруудсандаа хэ хэ. Манай хэд дараа нь таныг л унах вий гэж айсан ямар гайхалтай уруудваа гэж магтсан шүү. Сайн уруудахад айдас ч бас нөлөөлсөн.

Зураг 27. Манай баг өгссөөр

Яагаад гэвэл бас л админы сануулсан дугуйны хурц гэрэлд амьтдын ногоон, улаан нүд хальт орохыг үгүйсгэхгүй, цочсон амьтад гэнэт урдуур хойгуур давхих ч магадлалтай, ийм үед битгий сандраарай гэсэн заавар нь элдэв илүү зүйл мэдэрч үхтэлээ айхаасаа өмнө хурдан буух зоригийг надад өгсөн нь тэр юм.
Баруун гар талд өтгөн өвсөнтэй өндөр эрэг, зүүн гар талд битүү ой, бидний буух зам том том чулуу, үерийн усанд зам идэгдэж том том ангал суваг үүссэн байхад тас харанхуйд ямар байх нь ойлгомжтой. Нэг хүний, нэг дугуйны гэмтэл багийнх болж хувирах болохоор бүх хүн дотроо дугуй битгий эвдрээсэй, унаж гэмтэж бусдыгаа зовоохгүй юмсан гэсэн ганцхан зорилгын дор энэ аялал бүхэлдээ үргэлжилж энд ч мөн энэ зорилгоо санан пижигнэсэн юм. Гэрэлтэйд байсан бол би л лав ийм замаар ийм хурдтай ингэж буухгүйдэг. Бүх чулуу саадыг харж унаж тусч сүүлдээ дугуйгаа түрж л буух байсандаа.
Том гэмтэлгүй ч мэдээж жижиг бэрхшээлийг бүгд л амсаж буусан. Чулууг дайран зоригтой пижигнэж байтал гэнэт зам хагарч урд дугуй зоогдох хэмжээний гуу үүссэн үед дугуйгаа хазайсан чигт нь орхиод өөрөө үсэрч зайлна. Энэ үед рулиндээ юмуу ачааны цүнхэнд гуя шилбэ тасхийтэл нидрэгдэх нь энүүхэнд, гэвч энэ гүн харанхуй шөнө үүнийг өвдөлт гэмтэлт тооцохгүй дугуй зүгээр бол бушуухан босоод л жийнэ.

Зураг 28. Тариахтайн давааны овоо

Ийнхүү бид урагшилсаар алсад цахилгаан гялалзаж тэнгэр нүжигнэж эхлэв. Ганц хүсэх зүйл замын нөхцөл сайжраасай, энэ давчуу харанхуй тайгаас хурдан гарахсан, уулын ам хурдан задгайраасай, хурмаст минь та жоохон хүлээгээч.... тэнгэрийн дуу ойртсоор цахилгаан цахиж гялалзах нь улам ихсэж борооны дуслуудтай учрах үеэр админ бүгд цуваа өмсөхийг сануулав. Ингээд ямартаа ч цуваар зэвсэглэсэн дөрвөн дугуйчин бороонд уруудалтаа үргэлжлүүлсээр байлаа. Түрүүхэн бид пижигнэтэл уруудсан бол одоо бороо биднийг пижигнэтэл туух нь тодорхой болсон болохоор за дугуйнаасаа хальтирч уналгүй л явах юм шүү гэж сэтгэлээ хатамжлан явтал замын байдал арай сайжирч уулнаас бууж байгааг илтгэхэд дотор жоохон уужирч байв. "Гэрэлд маань газрын баримжаагаа хар" гэж цахилгаан бидэнд тусалж байна хардаа гэж админыг хэлэхэд урдах замаа л ухаангүй харж явсан би толгойгоо өргөн нэг гялалзаан дунд орчноо харвал хоёр талаас шахсан уулс холдож хөндийд бууж эхлэснийг мэдээд жоохон тайвшрах үеэр админ тээр урд харагдах хоёр цагаан юмыг харж байна уу гэх нь тэр. Тайвширч байсан оргүй алга болж шууд л миний аймхай зүрх элийрч хий үзэгдэл санаанд орж "би харахгүй ээ" гэж хашгирав. "Хар л даа нэг нь лав гэр байна" гэхэд бас л говийн зэрэглээ санаанд орж жинхэнэ гэр биш байвал яахын гэж дахин солиороод амжив. Энэ хооронд газар нэлээн хорсон болохоор өнөө хоёр цагаан юм нь ойртсон байхдаа гээд өөрийн эрхгүй толгойгоо өргөн нөгөө гэрийг хартал ... юу вэ хажууд нь цонх нь бүдэг гэрэлтэй байшин байх нь тэр. Баярласандаа юун "чөеө" гэрэлтэй байшин гэж орилоод бараг л ниссэнгүй.

Зураг 29. Сайн гэрэл гэдэг шөнийн замд анд нөхөр мэт түшигтэй

Байгаль хамгаалагчийн гэр байжээ. Ажлын хувцастай эмэгтэй биднийг даваан дээрээс буухыг хараад машин уу мотоцикл уу гэж ялгаж ядаад (хэзээ ч дугуйтай хүмүүс энэ даваагаар давж байгаагүй болохоор унадаг дугуй гэж огт бодоогүй гэсэн) дуу чимээгүй тэгснээ хурц гэрэлтэй юу ирж байгаан бол гэж их гайхаж хүлээж байснаа хэлээд гэртээ урьж энэ усан бороонд цааш явалгүй хонохыг зөвшөөрлөө. Үүнээс илүү халуун сэтгэл тус дэм хаа байх билээ дээ. Баярлалаа, байгал хамгаалагч Мөнхцэцэг танд. Шөнө 23:30 цагт бид дулаан байшинд халуун сэтгэлд талархан газраар нэг зулаад тайван амарлаа.

Тариахтайн даваа баруун талаасаа өгсөхөд урт налуу өгсүүр ихтэй оройруугаа дөхөхөд том чулуутай 3 мушгиа замтай байсан бол зүүн талруугаа уруудахад зам нь чигээрээ огцом уруутай чулуу ихтэй арай богино замтай гэдгийг мэдэж авсан. Хэрэв энэ талаас өгсвөл ч ёстой богино ч гэлээ ганц ч жийхгүй тувт огцомд түрэх байжээ гэж ярилцаж байлаа. Байгал хамгаалагчийн тохилог байшинд нам унтаад сэрвэл шөнөжин орсон бороо намдаж үүрийн 6 цаг дөхөж байв. За аяллын төгсгөлийн өдөр. Сайхан сэтгэлтэй эмэгтэйг ч, аяллын анд нөхдөө ч дайлья гээд шууд босоод нойтон өвсийг нүцгэн хөлөөр туучин голруу арвын битон хоёрыг бариад алхахад тэртээд үлдсэн хүүхэд нас санагдах нь нандин. Амттай бор цай ихийг чанаж тавиад, өөрийн хүнснээс үлдсэн борц, хатаасан ногоо, гоймонгоо бүгдийг хийж тогоо дүүрэн амтат шөл буцалган багийхнаа сэрээн хүн бүрд аягалан барихад ямар их аз жаргалтай гээч. Цайлж хооллож дуусаад 08:30-д бид байгал хамгаалагч эмэгтэйгээр үдүүлэн дахин уулзах сайны ерөөл хэлэлцэн Хялганат тосгоны зүг хөдөллөө. Сүүлийн хэдэн өдөр туулсантай адил танил дотно гуу жалга тойрсон уулын зам, поль тариан талбайг тойрсон урт урт зам, өгсөж уруудах хөтөл гүвээ бүгдийг туулсаар ДҮГЭРЭЭ НАРС хэмээх хоёр талаараа модтой үнэхэр үзэсгэлэнтэй мододын сайхан үнэр анхилсан элстэй замтай ойн чөлөөгөөр жийсээр Хялганат тосгонд давхиад ирсэндээ. Энэ тосгоны нам гүм цэвэр тохилог байдал сэтгэлд тунараад л үлдсэн. Дэлгүүр орлоо, хуушуурын гуанз орж наадмын хуушуураа идэв. 

7 сар 12, Баасан гариг

Том байшинд тухтай хонож байхдаа Тариахтайн даваа давсан үлгэрийн мэт зам бодогдсоор нам унтжээ. Манай багийн бүсгүй өглөөний цай хоол бэлдээд биднийг сэрээлээ. Байгаль хамгаалагч бүсгүйд талархалаа илэрхийлэн, ахин уулзахын ерөөл тавиад үүлтэй тэнгэрийн дор чийглэг шороон замаар уруудлаа. Тариахтайн голын гүүрээр гарлаа. Урд Сэлэнгэ сумын төв харагдаж цаана нь Сэлэнгэ мөрний шугуй үргэлжилнэ. Зүүн тийш салсан замаа авч модон гүүрээр гол гаран шууд Хялганат суурин руу хатгалаа. Уулын бэл, тариан талбайн хойд замаар өгсөж уруудан явсаар Харцайн голыг модон гүүрээр гарав. Дүгэрээ нарсны огцомхон өгсүүрт жийж гараад нарсан ой дундуур зурайх шулуун замаар жийсээр Булган аймгийн Сэлэнгэ сумын Хялганат тосгонд 11.30 цагт ирлээ. Нарсан ой дунд байрлах энэ тосгон үнэхээр содон харагдана. Дэлгүүр орлоо, хуушуурын гуанз орж наадмын хуушуураа идэв.

Эндээс Эрдэнэт хот хүртэл засмал замаар алсын өгсүүртэй 60 км зайтай. Хоёр залуу маань Эрдэнэт хүртэл засмал замаар жийхээр болж, ганц бүсгүйнхээ ядралыг анзаарсан тул үлдсэн хоёр нь Эрдэнэт орох унаанд дайгдан, дугуйгаа ачин араас нь хөдлөсөндөө. Жийхээр явсан хоёрын маань нэгний урд дугуй буудаж, арын дугуй нь ахин буудаж задарсан тул замдаа түүнийг машиндаа аваад харин нөгөө залуу маань үргэлжлүүлэн жийсээр Эрдэнэтэд ирлээ. Энэ өдөр нийт 92 км жийсэн байв.

Зураг 30. Манай багын аялсан зам
Аяллын зорилго биелэсэн. Улсын баяр наадмын үе тул засмал зам нийтээрээ УБ хот хүртэл ачаалал ихтэй байгааг харгалзан аюулгүй байдлаа тооцон автобус, галт тэргээр Улаанбаатар хотдоо 13-ны өглөө ирснээр энэ зуны бидний сонгосон олон хоногийн клубын аялал олон олон шинэ газар орон үзсэнээр маш сайхан өндөрлөлөө.

Эргэн дурсахад: Бид аяллаа 2024 оны 7 сарын 5 наас 6 нд Улаанбаатараас Эрдэнэт хот хүртэл галт тэргээр явж хүрээд 7 сарын 6 ны өглөөнөөс 12-ныг дуустал унадаг дугуйгаараа Эрдэнэт хот-Баян булгийн даваа- Уул Алтай-Алтаат гол- Хутаг Өндөр сум- Айрхан нуур- Тэшиг сум- Харгал нуур- Эг Тарвагатай голын бэлчир- Бургастайн гол-Тарвагатай голын эх- Хантайн нуруу- Тариахтайн даваа- Сэлэнгэ сум- Хялганат суурин- Хангал сум- Эрдэнэт хот чиглэлээр нийт 416 км жийж 8 хоногийн аяллаа амжилттай дуусгаж 14 ний өглөө УБ хотдоо галт тэрэгнээс бууснаар ийнхүү өндөрлөж байгаа билээ.

Баярлалаа багийн анд нөхөд минь, бидний агуу хүлэг дугуйнууд минь. Баярлалаа аяллын зам, Булган сайхан нутаг минь. Баярлалаа эх Монгол орон минь.
ЗҮГЭЭР Л ЖИЙ .....

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Ууганбаяр Д.Цолмон Э.Ожго Г.Ёндонжамц Н.Төгөлдөр
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
Зүгээр л жий!