Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Олон хоногийн аялал #15 - Естийн рашаан

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/340
Аяллын төрөл
Олон хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
412 км
Давааны тоо
9
Өндөр авалт
5572 м
Өндөр алдалт
-5570 м
Их өгсөлт
15 %
Их уруудалт
-15.2 %
Оролцогчдын тоо
3
Эхлэх цаг
2024 оны 7 сарын 10 Лхагва гараг, 8:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар, GS25 дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
48.048639, 106.900583
48°2'55.1"N, 106°54'2.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Тус олон хоногийн аяллыг "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" МУ-ын хуулиар олгосон Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын амралтын өдрүүдэд багтаан дараах хөтөлбөрийн дагуу зохионо.

  1. Өдөр #1 буюу 7 сарын 10. Аялалд оролцохоор сонгогдсон гишүүд аяллын зард заасан цуглах цэгт цугларч, 08:00 цагт аялал эхэлнэ. Аялал эхлэх тус цэгээс маршрутын дагуу Батсүмбэр сумын төвийг дайран өнгөрч, Баянбуурал орчим Хараа голыг гармаар гаран, Шатанга өртөөний эсрэг талаар өнгөрч, төмөр замын 290 дэх км-ийн зөрлөгийн дэргэд голыг явган гүүрээр гараад тус зөрлөгийг өнгөрөөгөөд отоглоно. Энэ өдөр аялал эхлэх цэгээс 90 орчим км зам туулна. Үүнээс эхний 50 орчим км зам нь засмал бол үлдэх 40 орчим км нь шороон зам байна.
  2. Өдөр #2 буюу 7 сарын 11. Энэ өдөр Естийн рашаан хүртэл 90 орчим км шороон замаар жийж аялна. Замдаа Итэм, Нэмэх, Буурлын гэсэн гурван даваа давна. Рашаанд хүрээд отоглоно.
  3. Өдөр #3 буюу 7 сарын 12. Ирсэн замаараа буцаж 90 орчим км жийгээд Өлгий ба Хараа голын цутгал хүрч улмаар Түнхэл сууринг чиглэн аялна. Ийнхүү нэмж хэдэн км жийн төмөр замын зөрлөг хүрч, зөрлөгийн зүүнтээ, олны хөлөөс зайдуу, ойн захад отоглоно.
  4. Өдөр #4 буюу 7 сарын 13. Түнхэл суурингаар дайрч, Батсүмбэр - Түнхэл шороон замаар 55 орчим км жийж Батсүмбэр сумын төвд хүрнэ. Цааш ахин 50 орчим км засмал замаар жийснээр аялал эхэлсэн цуглах цэгт ирж, аялал өндөрлөнө.

Аяллын эхлэх ба дуусах цэгүүд нь УБ хотын бүсэд орших тул клубийн дүрмийн дагуу маршрутыг нь автозамын эхлэл тэг цэг орчмоос эхлүүлж мөн тэг цэг орчимд төгсгөв.

Мөн аялал нь болзошгүй саад бэрхшээлийн улмаас удаашран сунжирсан тохиолдолд аяллыг 7 сарын 14-ний өдөрт багтаан дуусгахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж болно.

Аялалд оролцох гишүүдийг клубийн дүрмийн дагуу тус олон хоногийн аяллыг санаачилсан, удирдан явуулах ахлагч нь сонгох ба уг сонголтын дагуу клубийн админ аялалд оролцогчдын нэрсийг аяллын бүртгэлд нэмнэ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Естийн рашаан

Естийн рашааныг анх Өндөр гэгээн Занабазар Галдан бошигтоос баруун талаар зугтаж явах замдаа олж, рашаан бүгдийг ямар эрхтэнд сайн гэдгийг нээсэн гэдэг домогтой.

Тус рашаан нь Хан Хэнтийн дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд байрлах бөгөөд Естийн голын хөндийд орших гидрокарбонат, карбонат натри, хүхэрт устөрөгчийн найрлагатай +34 хэм халуун рашаан юм. Халуун рашаанд нэг удаадаа 15 минут орох бөгөөд үүнээс удвал даралт ихсэх, хууч өвчин сэдрэн хүндрэх нигууртай хэмээдэг.

Мөн энд хоёр төрлийн халуун рашаан байхаас гадна ходоод, дотор, элэг, цөс, бөөр, зүрх, мэдрэл, эмэгтэйчүүд, нүд, чих, хамар, хий шар зэрэг олон төрлийн хүйтэн рашаанууд байдаг.

Эх сурвалж: Байгаль хамгаалагчийн пост болон рашаан дахь тахилын байшин дээрх мэдээллийн самбар

Рашаан дээр

Манай баг Естийн рашаан дээр 7 сарын 13-ны өдрийн 10:50 цагт хүрч очсон ба хавь орчинтой нь үзэж танилцах, рашаанд орох, хооллох зэргээр амсхийгээд нэг цаг орчмын дараа буюу 11:45 цагт буцахаар хөдөлсөн юм.

Зураг 1. Манай баг Естийн рашааны халуун рашаанд орох байшин дотор

Аяллын хөтөлбөр ба түүний хэрэгжүүлэлт

Тус олон хоногийн аяллыг анх нэг нөөц өдөртэйгээр нийт 5 өдөрт багтаан дуусгахаар төлөвлөсөн ч замын нөхцөл байдлаас шалтгаалан 6 өдөр буюу наадмын амралтын хугацааг бүхэлд нь хамран сунжирсан юм. Гол нь энд манай багийн хоёр гишүүний зорьсон цэгт заавал хүрэх гэсэн чин эрмэлзлэлийг онцлон дурдахгүй байхын аргагүй билээ. Эс бөгөөс Чулуутын гол ч юм уу, цаашилбал автозамын төгсгөл буюу торлог, дов сондуул эхэлдэг цэгээс буцах байсныг үгүйсгэхгүй. Харин голын усны түвшин, урсгалын хурдыг урьдчилан шалгахаас эхлээд унадаг дугуй зөөж гаргах зэргээр уулын ширүүн голыг хэдэнтээ туулж гарсан УТГ С.Мөнхбат ба дов сондуул, торлог, уулын жимээр итгэл төгс, эвлэгхэн товолзох УШТГ Ш.Мөнгөнсүх гишүүд мөн түүнчлэн манай клубийнхний хараахан хүрч очиж чадахгүй л байсан Естийн рашааныг аяллын зорилгоор дэвшүүлсэн клубийн УТА Г.Махгал миний бие - бид гурвын зориг, тэвчээр, хатуужил, эв нэгдэл л энэхүү олон хоногийн аяллыг амжилттай болгосон билээ.

Энэхүү аяллын маршрутын дагуу өмнө нь УТГ С.Мөнхбат Чулуутын гол хүртэл 2021 оны олон хоногийн аяллаар жийж байсан туршлагатай ч замын нөхцөл байдал тэр үеийнхээс чамгүй өөрчлөгдсөн нь биднийг бүгдээрэнг нь ерөөсөө цоо шинэ нөхцөл байдалд оруулсан гэхэд болно. Ийм үед надаас хоногийн аяллын туршлагаараа илүү хоёр гишүүнийхээ саналыг үндэслэн, цаг үеийн нөхцөл байдалд нь тохируулан багийн аяллын төлөвлөгөөг газар дээр нь гаргаж явлаа. Мөн энд орон нутгийн байгаль хамгаалагчийн өгсөн мэдээлэл тун их хэрэг болсоныг дурдах хэрэгтэй.

Эхлэхийн өмнө буюу бяцхан аврах ажиллагаа

Сөгнөгөрөөс Баянбуурал чиглэн хэсэг жийж яваад эргэн хартал манай хоёр алга. Үдийн хоолны цаг болсон байсан тул сүүдэрлэн саатах мод олчихоод ахин харж байтал хоёрын маань нэг шоволзсоноо буцаад харагдахаа болив. Жиг ургалаа даа гээд эргээд очтол ишиг тэвэрчихээд "Яаж авч явах вэ? Том тор, уут байна уу?" гэнэ. Түүгээр намайг жийж өнгөрөхөд ишиг майлах нь тод сонстож байсан юм. Түүнийг л бариад авч л дээ.

Зураг 2. Төөрсөн ишиг ба түүнийг ижил сүрэгт нь хүргэсэн нутгийн хос

Ингээд яах учраа олж ядан мунгинаж байтал дээрх зурагт буусан портер хөлөглөсөн, хос хоёр ирж мөнөөх ишгийг авч явлаа. Мөн тэд биднийг нөгөөх модны сүүдэрт хооллож суухад буцаад ирсэн ба ишигний эзнийг олж өгсөнөө бидэнд дуулгаад одсоноор энэхүү аврах ажиллагаа өндөрлөв.

Эхний өдөр буюу аяллын замын трейлер

Аялал товлосон цагаас 10 минутаар хоцорч цуглах цэгийг дайран өнгөрсөнөөр эхэлсэн. Учир нь бид цуглах цэг рүү жийж явах замдаа тааралдсан юм.

Зураг 3. Багийн гишүүд цуглах цэг дээр

Ингээд 3 цаг шахуу жийж Батсүмбэр орж хүнсний дэлгүүрээс уух зүйл голчлон аваад дор нь "цааш харуулцгаав". Мөн тэнд ЦТГ С.Отгонбаатар ахтай тааралдав. Тэгээд салхины чигээ харан автомашинаас зугтанхан жийсээр Сөгнөгөрөөр дайран гарч дээр дурдсан аврах ажиллагаатай холбогдуулан дурдсан цэг - модны сүүдэр дэх ногоон зүлэг дээр 14:30 цагт үдэлж амарцгаалаа.

Энэ өдөр нэлээн халуун байсан. Иймээс бид хаа тааралдсан дэлгүүр бүрээр орж зайрмаг, хүйтэн ундаа, усыг "хуурайлж" явсан гэхэд болно. Иймдээ ч Баянбуурал руу оруут шууд л дэлгүүрийг нь хайж байгаа юм. Гэснээс дэлгүүр дээр нь 16:40 цагийн үед очжээ.

Одоо удахгүй ирэх өдрүүдэд туулах замын трейлер эхэлнэ. Бид Баянбууралаас Шатанг хүртэл саяхан зассан дардан замаар жийж улмаар тэр эрчээрээ бүдэг замаар төмөр зам дагаад явчихсан нь буруу болсон.

Зураг 4. Дугуй хагарсаан

Энэ замд нэг дугуй хагарч улмаар уулыг явган жимээр давах, нугачаатай замаар дондогонуулан жийх буюу түрэх гэх мэтээр явж аяллын анх төлөвлөсөн отоглох цэгтээ арайхан л амжиж хүрсэн.

Гэхдээ бид эндээс нэгийг сурсан нь бартаатай өгсүүр замд дугуйгаа хамжиж түрэх юм. Энэ нь эвдэрхий замтай Итэм, Нэмэхийн давааг давахад их хэрэг болсон.

Мөн бид энэ өдөр орой хэдэн цагт бууж отогловол зохимжтой вэ гэдгийг тодорхойлж авсан. Нар жаргаж, харуй бүрий болох байдал нь тухайн орон нутгийн газарзүйн онцлогтой холбоотой байдаг. Ерөнхийдөө ууланд нар эрт жаргадаг. Ийнхүү бид оройдоо 19:00 цагаас эхлэн 30 минутын дотор отоглох газраа олж буух гэсэн дүрэмтэй болсон доо.

Байгаль хамгаалагч

Хоёр дахь өдрийн өглөө 09:00 цаг болохын өмнө цайгаа ууж, ачаалж амжсан бид гуч шахуу минут жийгээд байгаль хамгаалагчийн постоор нэвтрэх эхний хаалга дээр очлоо.

Зураг 5. Байгаль хамгаалагчийн постоор нэвтрэх эхний хаалга

Байгаль хамгаалагч ах хүү биднийг ам хэлээрээ ч нэлээн шалж, ачаа цүнхний заримыг шалгах зэргээр гар хөдөлгөн овоо ажил удсаны эцэст биднийг бүр дайлж зочлоод үдэв.

Зураг 6. Дайлуулсан нь

Мөн ах хүү бидэнд замын нөхцөл байдал маш муу тухай, замын төгсгөлөөс цааш унадаг дугуй явах огт боломжгүй тухай тодорхой бөгөөд сайтар хэлж өгсөн нь аяллаа нарийн төлөвлөхөд их хэрэг болсоныг онцлууштай.

Зураг 7. Хамт жийнэ л гэнэ шүү

Халгайн төгөл

Зам ч эхэндээ ердийн л байлаа. Пижигнэтэл жийцгээж байв. Ганц бэрхшээл байсан нь бүгчим халуун. Ус, ундаа ч дороо даший шог. Халуун дээр нэмээд халгай. Бүр халгайн төгөл дундуур шувт дайран гарч ч үзэв. Зун ийш хүмүүс автомашинаар зүглэх нь ховор бололтой. Ийн бодох учир бол зам харагдахгүй болтол өвс ургасан байх нь түгээмэл тохиолдох ба постоос арваад км-т социализмын үед тавьсан автозам сайн аглагшаагүй болохоор тэр өвс дунд халгай нэлээн байх аж. Ингээд халгайн төгөл рүү дараах зураг дээрх шиг нэг нь битүүлээд, нөгөө нь задгайлаад орсон байвал яах вэ?

Зураг 8. Эсрэг тэсрэг туйлууд буюу бин битүү ба зав задгай хоёр

Буцаад явахад халгай хиарсан байсныг бодвол манай хүн хамаг халгайг өөрийн хэрээр налуулаад гарсан бололтой.

Итэмийн даваа

Замын нөхцөл байдал үнэхээр байгаль хамгаалагчийн хэлсэнээр алгуурхан муудлаа. Эхлээд сул элс таарч эхэллээ. Ер нь их элсэрхэг газар юм. Элс биш ч будааны чинээ жижиг жижиг чулуу битүү. Ийм болохоор үерийн усанд зөөгдөж урсахдаа амархан байж таарна. Үнэхээр ч тийм байв. Замыг хөндлөн болон тууш цаашлаад хаашаа л бол хаашаа тас тас татсан мэт ховил, жалга таарч эхлэв. Сүүлдээ энэ нь бүр томрох аж.

Зураг 9. Ирэх жил ямар болсон байх бол?

Ийм жалгыг хараад юу юугүй дуу алдаж байсан нь эртэдсэн явдал болсон доо. Цаашаа бүр энэ байтугай эвдрэлтэй таарсан юм.

Манай баг аяллын маршрутын гол хэсэгт байх гурван давааны эхнийх нь болох Итэмийн даваа дээр 17:30 цагт гарсан.

Зураг 10. Итэмийн даваа дээрх сельфи

Цаг нэлээн орой болж байсан тул одоо цааш яах вэ гэсэн яриа өөрийн эрхгүй өрнөнө. 2021 онд аялж байсан баг тус давааг давахаас өмнө хоноглож байсан. Энэ талаар тус аялалд оролцож байсан манай багийн гишүүн УТГ С.Мөнхбат дурсан хэлнэ. Мөн түүнчлэн тэрхүү аяллын тэмдэглэлд ч яагаад Итэмийн даваа давалгүй хоноглосон шалтгааныг ч тодорхой бичсэн байсан. Тус аяллын тэмдэглэлийг сүлжээтэй газар байхдаа хэрэг болгон уншсан тул тэр бүхэн санаанд тодхон байна. Мөнөөх аяллын багаас ялгаатай нь манай баг цомхон бас хүчтэй. Иймд бид цааш явж байгаад дээр дурдсанчлан 19:00 цагаас хойш гучин минутын дотор бууж отоглохоор ярилцаж шийдээд цааш хөдөлсөн.

Нэмэхийн даваа

Нэмэхийн даваа нь Итэмийн даваанаас холгүй оршдог. Ийм болоод өндөршлөө төдийлэн алдаж уруудалгүй ахин өгсөөд Нэмэхийн даваа дээр 19:10 цагт гарлаа. Энэ хоёр давааны замын рельефийг M үсэгтэй зүйрлүүлсэн. Харин хоёр давааны хоорондох замд шинэ саад тохиолдож эхэлсэн нь цаашид өчнөөнөөрөө таарах шалбаагны эхлэл байв.

Цаг орой болсон тул даваа дээрх байгаль хамгаалагчийн байшинд хоноглохоор шийдэцгээв. Үүнийг багийн нэг гишүүн санал болгоход нөгөө нь дурамжхан байсан юм. Энэ санал нь тухайн нөхцөл байдалд зүйтэй байсан тул дэмжиж улмаар баавгай ирэх магадлалыг шууд тэг болгоно гэх мэтээр шийдвэрийн гарцаагүйг ойлгуулав. Улмаар энд хоноглох нь туйлын зохимжтойг манай баг тэр аяараа зөвшөөрсөн ба сүүлд буцах замдаа ч энэ байшинд хоноглоно хэмээн зориуд зорин ирсэн билээ.

Зураг 11. Оройн хоолны цаг

Байгаль хамгаалагчийн байшинд баавгай, чоно гэж сэтгэл зовохгүйгээр тавтай унтаж амарцгаалаа. Баавгай гэснээс байгаль хамгаалагч ах хүү энэ талаар бидэнд хэлж анхааруулан хэсэг яриа өрнүүлсэн ба бас амь насны эрсдлээ өөрсдөө хариуцна гэсэн мэдүүлэг авч, багийн ахлагч надаар баталгаажуулан маягт дэвтэр дээр гарын үсэг зуруулж авсан. Бидний хувьд хээрийн зэрлэг араатантай таараагүй боловч бидний буцахдаа пост дээр очиход өмнөх өдөр нь баавгай ирээд бүр айж ичихгүй ойртсоныг арай гэж үргээж холдуулсан гэлцэж байсныг энд зориуд бичиж тэмдэглэе.

Давааны орой дээр хүчтэй биш салхитай тул шумуул бараг үгүй нь таатай байв. Шумуул гэснээс шумуул, хөх түрүү ялаа хоёр хаа сайгүй байлаа шүү дээ. Шумуул хатгахдаа өвтгөх нь гайгүй ч үргэлжлүүлэн загатнуулах нь ядаргаатай. Хөх түрүү бол дараа нь загатнуулахгүй ч яг хатгахдаа муухай өвтгөх ба үргээхэд огт нисэхгүй. Иймд дугуйныхаа жолоог тавьж гараараа цохих юм уу үрж гулгуулахаас өөр аргагүй. Гэтэл замын нөхцлөөс болоод жолоогоо тавих боломж тэр бүр олдохгүй.

Үүрээр зөөлөн шиврээ бороо оржээ. Үүнийг ч мэдэлгүй тавтай унтацгаажээ. Босоод өглөөний цайгаа уугаад хөдлөхөд 09:10 цаг болж байв. Энэ бол аяллын гурав дахь өдрийн эхлэл юм.

Өнөөдөр буюу аяллын гурав дахь өдрөө бид Чулуутын голыг гаталж улмаар цааш жийсээр рашаанд аль чадахаараа дөхөх зорилго тавьсан. Бид ч энэхүү зорилгодоо хүрч замын төгсгөл хүртэл явж чадсан юм.

Нэмэхийн даваанаас цааш уруудах зам M үсгийн төгсгөл гэсэндээ чамгүй урт үргэлжлэх аж. Энэ нь буцахдаа өгсөхөд дуусашгүй урт байх болно гэсэн үг л дээ. Үнэхээр аяллын 5 дахь өдрийн оройхон мөнөөх байшин хүрэхээр явж байхад энэ давааны зам "За одоо дуусах нь уу даа" гэтэл уулын хошуу ороогоод л цааш үргэлжлэх нь хэдэнтээ давтагдсан сан.

Зураг 12. Нэмэхийн давааны замд

Давааны замыг ус аваад явчихсан байв. Ирээдүйд энэ мэт эвдрэл улам их болох биз ээ. Үүний шинж тэмдэг гэлтэй зам дээгүүр ус урссан нь, урсаж буй нь хаа сайгүй тохиолдоно. Ус урсан урссаар зам дээрх хөрсний ялзмагийг угааж зөвхөн элс, элс биш гэвэл будаан чинээ жижиг чулуу л үлдэнэ. Тийнхүү барьцалдуулагчаа алдсан элс, чулуу үерийн усанд хуу хамуулна. Энэ байдлаараа хүн арчилж, засахгүй энэ хэвээрээ байвал уг зам жилээс жилд улам муудсаар зорчин явахад бүр л хэцүү болохоор байна. Дээр дурссан 2021 оны аялалд оролцсон манай багийн гишүүн УТГ С.Мөнхбат ч үүнийг батлах мэт өмнө явахад зам гайгүй, жийгээд л байсан гэнэ. Түүнчлэн гэтэл одоо тэрхүү аяллын багаас жийлтийн эрчмээрээ илүү баг байгаад ч түүнээс хурдан явж чадахгүй байгаа нь замын нөхцлөөс л болж буй хэрэг гэнэ. Аяллын хөтөлбөр гаргасан миний хувьд ч бас өчигдөр ба өнөөдөр туулах замыг нэг л өдөрт туулна гэж тооцож байсан юм. Нэг өдөрт туулахын тулд дугуйнаасаа буулгүй жийхэд л хангалттай. Гэтэл энэ замд дугуйгаа түрэхээс өөр аргагүй хэсгүүд зөндөө таарах юм. Ямартаа "Ачаагүй, уулын дугуйтай байсан бол алж байхгүй юу" гэж хэдэнтээ уулга алдах вэ дээ.

Зураг 13. Cannondale Habit-тайгаа явсан бол ч ...

Алаад өгөх гэснээс энэ хоёр давааны өгсүүр нь гайгүй юм билээ. Хэрэв зам нь эвдрэлгүй байсан бол ачаатай дугуйтайгаа ч жийгээд гарч чадахыг Гүнтийн давааг аль ч талаас нь яг энд унаж явсан ачаатай дугуйтайгаа торох юмгүй жийгээд давсан явдал харуулна. Жич: Энэ аяллын маршрутын дагуух замын хамгийн их өгсөлт ба уруудалт нь Гүнтийн даваанд байна.

Зураг 14. Жалга дээгүүр тавьсан гүүрүүдийн нэг

Замын саад бартаа гэснээс замын ховил хоорондын хамар дээгүүр мөн ч их явсан даа. Тэр хамар нь өвстэй тул чулуу, нүх зэргийг ажиглаж дугуйгаа бултуулахын тулд их хянуур явна. Бас хэдэнтээ үелсэн ховил тааран дугуй хальтирч орох ба үүнээс болж онхолдохгүйн тулд бас л анхаарал болгоомжтой явна. Энэ мэтчилэн замын саад бартааны талаар тоочоод барамгүй.

Бартааны талаар ярихад шалбаагийг дурдахгүй байхын аргагүй. Шалбаагаар эхэндээ цэмцэгнэж гарч байсан бол сүүлдээ их гүнзгий л биш бол зүгээр шувт дайрдаг болсон. Учир нь шалбааг дотор зоогдож зогссон ч бай зогсоогүй ч бай бороо ба өвсний шүүдрээс болоод гутал шал нойтон болчихсон тул ямар ч ялгаагүй болсон байсан юм.

Чулуут гол

Голын эрэг дэх отоглох цэгт манай баг 14:30 цагт хүрч очлоо. Ингээд байгаль хамгаалагчийн заасан гармаар гарах ажилд шууд оров. Учир нь тус голыг гатлах эсэх нь Естийн рашаанд хүрч чадах уу, үгүй юу гэдэгт шийдвэрлэх нөлөөтэй юм.

Зураг 15. Чулуут голыг гаталж буй байдал

Гол гатлах ажлын хамаг хүндийг УТГ С.Мөнхбат маань үүрсэн юм. Бидэн дундаа хамгийн өндөр бас хүчтэй нь бөгөөд үүнийгээ ч ухамсарласан мэт голоор гарч болох үгүйг шалгахаас эхлээд унадаг дугуйнуудыг голын нөгөө эрэгт гаргах ажил үүргийг сайн дураараа өөртөө хүлээсэн билээ. Бидний гарсан гарам Нэмэхийн гол урсан ирж нийлэх бэлчирийн дор буй ч энэ нь байгаль хамгаалагчийн хэлж зөвлөснөөр гарахад хамгийн хялбар нь гэсэн.

Түүнчлэн гол дээгүүр гүүр байсан авч аль эрт, хэн нэг нь зориуд шатааж орхисон гэсэн. Гүүрийн тулгуурууд одоо ч бат итгэлтэйгээр зогссон хэвээрээ байх аж.

Чулуут гол дээр ирсэнээс туулж гараад хөдөлтөл тавиад минутын хугацаа өнгөрчээ.

Гол гарахтай зэрэгцэн зөөлөн бороо хаялж эхлэв. Харин бидний аз болоход энэ бороо отоглохоос маань өмнө зогссон.

Бороо

Бороо хур ер нь манай тал байсан гэхэд болно. Эхний бороо байгаль хамгаалагчийн байшинд хоноглоход ороод өнгөрсөн. Хоёр дахь нь гол гатлаад жийж явахад ороод отоглохын өмнө зогссон. Гурав дахь нь Естийн рашаан руу алхаж очоод буцах үед орсон ч бас л отог дээрээ ирэхтэй зэрэгцэн зогссон. Өөрөөр хэлбэл майхан отог дээр бороо ороогүй харин ч жийж, алхаж явахад сэрүүцүүлж өгсөн. Иймээс бид цаг агаар манай талд байна хэмээн олзуурхацгааж байлаа.

Замын төгсгөл дэх отог

Аяллын гурав дахь өдрийн төгсгөл буюу Чулуут голыг гаталсаны дараа замын төгсгөл хүртэл жийгээд 19 цаг ялимгүй өнгөрөөгөөд отоглов. Замын төгсгөлөөс хэдэн км-ын наана хүмүүс бууж отоглодог аятайхан газар тааралдахад багийн нэг гишүүн маань тэрхүү бэлэн отог дээр бууж хонох санал гаргасан ч аяллын хөтөлбөр боловсруулахдаа бодож төлөвлөж байснаараа рашаандаа аль болох ойрттол жийх шийдвэр гаргав. Манай баг цомхон бүрэлдэхүүнтэй тул бидний отоглоход хүрэлцэх өчүүхэн зай хаана ч олдоно хэмээн тооцож байсан юм. Нөгөө талаас байгаль хамгаалагчийн хэлж байснаар замын төгсгөл ч ойртож буй биз ээ. Үнэхээр төд удалгүй замын төгсгөл гэмээр цэгт хүрч очив.

Энд дурдаад буй замын төгсгөл гэдэг нь хүний гараар зориуд зассан замын төгсгөлийг хэлж байгаа юм шүү. Харин Естийн рашаан хүрэх зам мэдээж цааш үргэлжилнэ. Тус цэгийн солбицол 48.633739,107.707004.

Ингээд майхнуудаа хаяа нийлүүлэх шахам бариад гэснээс тэгш газарт чамлахааргүй зайтай бууцгаасан л даа.

Энэ отог дээрээс эхлэн бид бас нэг шинэ "тактик" сэдэж хэрэгжүүлсэн нь өглөө эртлэн босож, аль болох эрт аян замаа хөөж эхлэх явдал байлаа. Ийнхүү бид өглөө 04:00 цагт босоод, цай ундаа уусан даруйдаа эртлэн хөдөлж Естийн рашаан хүрээд мөн яаравчлан буцаж ирээд отогоо нүүлгэн түрүүн тааралдсан "бэлэн" отог дээр буухаар төлөвлөөд унтаж амарцгаасан юм.

Манан

Биднийг хоноглохоор буугаад удаагүй байхад манан татаж эхэлсэн нь өглөө сэрэхэд сарниагүй л байв. Ерөөсөө энэ хавь маш их ус чийгтэй ба үүнийг дагасан дов нилэнхий аж. Бидний буурь сэлгэж очих газар ч мөн л ийм байна.

Зураг 16. Манай отог ба манан, 04:30 цаг

Буурлын даваа

Аяллын гурав дахь өдөр бид замын төгсгөл хүртэл жийсэн буюу Естийн рашаанаас арваад км зайд ойртож отоглосон билээ. Харин маргааш нь буюу аяллын дөрөв дэх өдрөө бид Естийн рашаан хүрээд буцаж отог дээрээ ирэх төлөвлөгөөтэй. Замдаа Буурлын давааг хоёр талаас нь давна.

Зураг 17. Буурлын давааны замд хаягдсан Камаз машин

Естийн рашаан

04:00 цагт босож, өглөөний хоолоо хийж идүүтээ л замдаа гарсан бид алхан алхсаар 10:30 цагт рашааны байшингуудын барааг анх олж харлаа.

Зураг 18. Рашааны байшингуудын бараа харагдах байдал

Зураг 19. Манай багийнхан рашаанд орцгоож байна

Дээрх зурагтай холбогдуулан жаахан хошигноход энд ирж 15 минут халуун усанд орохын төлөө гурван өдөр үйлээ үзэх хэрэг юун. Үнэхээр жил бүр ирж рашаанд ордог хүмүүс ч байдаг гэнэ. Бас зүгээр л мань мэт шиг рашаанд хүрч ирж чадах эсэхээ үздэг хүмүүс ч байдаг биз. Үүний илрэл мэт янз бүрийн авто клубүүдийн нэр бүхий пайз энд тэнд хадаастай нь харагдана.

Зураг 20. Энэ зураг бол Pajero Club-тэй зэрэгцэн, гэхдээ ялгаатай нь цахим орчинд үлдэх, манай клубийн Естийн рашаанд хүрсэний гэрчилгээ юм.

Дээрх зураг бол Pajero зэрэг авто клубүүдтэй зэрэгцэн, гэхдээ ялгаатай нь цахим орчинд үлдэх, манай клубийн Естийн рашаанд хүрсэний гэрчилгээ юм. Гэрчилгээ, тамга, тэмдэг гэснээс манай хоёр энд тэнд юм бичиж үлдээх талаар ярьж байсан ч эцсийн эцэст хаана ч мөр гаргаагүй шүү. Үүнийг нь би вээр тэдний анх ярьж эхлэхээс битүүхэн ажаад л байсан юм.

Ингээд үүгээр түүгээр сонирхох, хүйтэн рашаанаас уух, халуун рашаанд орох, хөнгөн хооллох зэргээр түр саатаад 11:45 цагт буцах замаа хөөж эхэллээ.

Буцах замд

Одоо бид замаа мэддэг, хэрхэн буцах багцаатай болсон. Иймд торлогтой хэсгийг тойрч амар явах, морин жим дагаж алхах зэргээр аяллаа хөнгөвчлөх арга хэмжээ авсан.

Зураг 21. Отог дээрээ ирлээ

Ингээд 18:00 цагт нэгээс хоёр минут дутуу байхад отог дээрээ ирлээ. Рашаанаас буцах замын дундаас буюу гол гарахад орж эхэлсэн бороо дөнгөж саяхан зогсов. Нэгэнт цаг эрт бас бороо зогссон тул өмнөх өдрийн оройны төлөвлөгөө ёсоор отгоо шилжүүлэн хэдэн км нүүхээр яаравчлав. Энэ үест "Баавгайтай таарвал бүгдээрээ хамт бөөгнөрч сүр бараатай байгаарай" гэсэн байгаль хамгаалагчийн захиасыг манай хоёр хоёулаа умартав уу, үл хэрэгсэв үү. Нэг нэгээрээ бараа бараагүй цувран хөдөлж би вээр ганцаараа үлдэн хоцорч хөдлөв.

Эвдрэл саатал

Үүнээс өмнө ганц удаа л дугуй хагарсанаас өөр ямар нэг эвдрэл саатал тохиолдоогүй байсан юм. Харин энэ удаад отгоо нүүлгэхээр түрүүлж хөдөлсөн хоёр гишүүний маань нэгний дугуйных нь шатун ба гол төмөр барьцалдахаа байжээ. Шатуны шахагч боолт нь гээгдээд улмаар холхио орсоноор иржгэр шүднүүд нь элэгдсэн бололтой. Энэ талаар бага сага юм хэлж зөвлөөд бас тохирох түлхүүр гаргаж өгөөд төдий холгүй орших нөгөөх "бэлэн" отог руу хөдлөв. Энэ саатлын үеэр хамтдаа байсан хоёрын маань нэг нь ахиад баавгайгаа мартав уу гэмээр юм болж бас л ганцаараа түрүүлэн алга болжээ.

Тэрхүү сул ганхсан шатунаас гадна өмнө дугуй хагарахад сольж хийсэн запас олгой хагарсанаас өөр ямар нэг эвдрэл саатал гарсангүй.

Харин миний хувьд гэртээ ирсэний дараа дугуйгаа шалгаж үзэхэд урд дамарны нэг шаариг, хойд дамарны даацын хос шаариг хоёулаа но-той болсон байв. Мөн дөрөө тайлж цэвэрлэх ажил гарав. Аяллын буцах замд сүүлийн өдөр жийж явахад дугуйнаас нэг хавирах чимээ, дөрөөнөөс үл ялих чичиргээ мэдэгдэж байсан юм. Ингэх нь ч аргагүй юм. Энэхүү аяллын үеэр ёстой их ус, шавар шалбааг туулсан л даа. Бас бороонд норох, нойтон өвс шүргүүлэн явах ч үүнд нэрмээс болсон л биз. Ингээд урд дамарны шааригийг бултаар нь, хойд дамарны даацын хоёр шааригийг хосоор нь шууд солилоо. Түүнчлэн тэр их ус чийгээс болж троссон дамжуулагчтай тоормосны зам бохирдсоноос ажиллагаа муудаж ёстой арга туршлагаараа л тэр уулнаас бууж бас их хөдөлгөөнтэй автозамаар жийсээр гэртээ харьж ирсэн дээ. Тоормосны хүч дамжуулагч тросс ба замыг нь саяхан шинээр сольсон байсан юм. Гэтэл ганц аяллын ая даахгүй ингэсэн тул бас л газар дээр нь шингэн тоормосоор солилоо. Харин энэ хуучин троссон тоормосыг өөр олон хоногийн аялалд явахдаа запас болгон авахад илүүдэхгүй юм гээд жоорлов.

Шалба норолт ба их хатаалт

Чулуут голоор гарсанаас эхлэн бид чийгээс салахаа байсан л даа. Голоор гарахад нороогүй байсан ч бороо, манан гээд ус чийг хүрээгүй зүйл нэгээхэн ч үгүй. Зарим маань мешокоо хүртэл норгосон бол гайгүй нь л гэхэд лав хуурай хөлтэй яваагүй. Ус чийгнээс болж тухгүй хонох эсвэл нойтон хувцаснаас болж гуя цавиа холгуулах зэргээр зутарцгаасан байна. Эдгээрийн талаар манайхан ярьдаг ч яг хэрэгжүүлэх дээрээ алддаг бололтой. Норохын хувьд ч хэн бүхний мэдэх зүйл. Харин цавиа холгуулахын тухайд холгож буй хувцсаа тайлах, солих бас суулт жийлтээ бага зэрэг өөрчлөх зэргээр аргалдаг. Жишээлбэл миний дотуур өмдний оёдол өрөөсөн талаараа холгох гээд байхаар нь эмээл дээрээ бага зэрэг хөндлөн суугаад л явсан нь тэр үедээ ч, одоо ч зүгээр л байна. Бүр болохгүй бол тайлах байсан.

Ингээд аяллын тав дахь өдрийн 11:00 цаг өнгөрч байхад Чулуут голоо буцаж гаталсаны дараа майхан тэргүүтэй хамаг бүхнээ дэлгэн хатаацгаалаа. Чийгтэй бүгдээ хатааж авцгаа гэсэн мэт нар ч сайтар ээж өгөв.

Зураг 22. Их хатаалт

Зураг 23. Естийн рашаан хүрч, Чулуут голын усаар угаагдсан клубийн гишүүний бахархлын тэмдгүүд

Дээрх зурагт бууж үлдсэн угаагдсан тэмдгүүд гэснээс Чулуут голын усны түвшин бидний анх гарсанаас нэмэгдсэн байсныг тэмдэглэх хэрэгтэй. Өмнөх өдрийн үдээс хойш орсон борооны ус ийнхүү тэр хавийн голын усыг нэмэгдүүлсэн нь ундны усаа авч байсан жижиг горхины урсацаас ч ажиглагдаж байлаа.

Аяллын сүүлийн өдөр

Хамгийн сүүлийн 6 дахь өдөр бид хамгийн урт зам туулж харин харьтлаа жийсэн юм. Шинэ уламжлал ёсоороо өглөө 04:00 цагт бослоо. Хангалттай сайн хооллож, ундлаад Нэмэхийн даваа дээрх байгаль хамгаалагчийн байшингийн цонх, хаалгыг дангинатал хааж орхиод даваанаас бууж бараг тэр эрчээрээ Итэмийн даваа дээр гарч ирлээ.

Зураг 24. Итэмийн даваа дээр хоёр дахиа гарч ирээд буй манай багийн гишүүд

4 өдөр тасралтгүй жийх бас нэг өдөр зогсолтгүй алхах буюу нийт 5 өдөр хүнд ачаалалтай явцгаасан ч манай багийнхан цэмбэгэр байгааг дээрх зургаас хараарай.

Итэмийн даваанаас доош буух тусам зам эргээд сайжирна. Цаашлах тусам зам муудаж байсан бол харин наашлах тусам буцаад сайжрах нь сайхан юм даа. Ингээд улам бүр жирийлгэн жийсээр 7 сарын 15-ны өдрийн 10:57 цагт байгаль хамгаалагчийн пост дээр эргэн ирлээ. Энэ үед бидэнд аялал бараг л дууссан мэт санагдана. Гэхдээ л УТГ С.Мөнхбатын аяллын үеэр хэлсэнчлэн "аялал гэртээ орсоноор өндөрлөнө". Ийнхүү жийн жийсээр хамгийн сүүлийн гишүүн гэртээ ороход цаг 23:43 болж байлаа. Өө бас нэмж бичихэд харих замдаа наадмын дугуй хуушуураа олж нөхөн идэцгээсэн юм байна шүү.

Төгсгөл

Орон нутгийн байгаль хамгаалагчийн ярианд үндэслэн бичихэд Естийн рашаан тийш зүглэсэн зам, гүүрийг социализмын үед Түнхэлийн мод бэлтгэлийн аж ахуй гэж байхад улсын хөрөнгөөр барьж байгуулжээ. Мөн тэр замыг цааш үргэлжлүүлэн тавих талаар ч яригдаж байсан гэнэ. Энэ гүүр, замаас гүүр нь бүр эрт ерээд онд шатсан гэнэ. Харин үлдэж хоцорсон зам нь арчилгаа, тордлогогүйн улмаас жил ирэх бүр муудсаар буйг манай клубийн өмнөх хоёр удаагийн аяллын тэмдэглэлээс олж үзэж болно. Энэ байдлаараа уг зам цаашид ч үргэлжлэн муудаж, газрын тээврийн хэрэгслээр зорчиход улам бэрхшээлтэй болох биз ээ. Иймд тус зам нь техникийнхээ хүч чадал болон жолоодох ур чадвараа сорих гэсэн авто клубүүдийн бие биетэйгээ өрсөлдөх талбар болон хувирах болов уу. Одоо ч ийм шинжийг олчихоод буй нь Pajero, UAZ зэрэг пайз тэмдгээс харагдана. Нөгөө талаас Естийн рашаанд хүрэхэд үнэхээр ийм хэцүү юм уу гэх гэтэл бас үгүй бололтой. Учир нь байгаль хамгаалагчийн постоор орсоноос хойш 5 дахь өдрийн өглөө пост дээр Естийн рашаанд хүрсэн гэсэн баталгаа болох фото зураг сэлттэй хүрч ирэхэд мөнөөх байгаль хамгаалагч жишим ч үгүй байхын зэрэгцээ, "жил бүр очдог хүмүүс ч бий" гэснийг бодоход Естийн рашаан орох нь тийм ч хэцүү хэрэг биш бололтой. Үнэхээр аяллаа дөнгөж дуусгаад явж байхад манай багийн гишүүний хэлсэнээр онгирмоор ч юм шиг болж байсан авч үргэлжлэн хэд хоноход ийм сэтгэгдэл аяндаа арилж байна. Аливаа амжилттай үйлийн дараа энэ мэт сэтгэлийн хөөрөл байдаг тул энэхүү аяллын тэмдэглэлийг бичихийг түвдэлгүйгээр зориуд дөрөв, таван өдрийн дараа бичлээ.

Эцэст нь нэг зорилго тэмүүлэлтэй, нэг баг болж хамт аялсан багийн гишүүддээ талархал илэрхийлье. Бас адармаатай замаар 5 өдөр тасралтгүй жийж, нэг өдөр зогсолтгүй алхах буюу нийт 6 өдрийн хүнд ачаалалтай аяллын ард амжилттай гарсанд нь баяр хүргэе. Зүгээр л жий!

Аяллын тэмдэглэлийн дараах хэсгийг клубийн Улбар шар тэмдэгтэй гишүүн Ш.Мөнгөнсүх бичив.

Естийн халуун рашаан зорьсон аяллын тэмдэглэл

УШТГ Ш.Мөнгөнсүх

Наадмын амралтын өдрүүдийг тааруулан зарласан “Естийн халуун рашааны олон хоногийн аялал”-д бараг гурван долоо хоногийн өмнөөс бүртгүүлчихээд, аяллаа хоног тоолон хүлээнэ. Миний хувьд өмнө нь нэг болон олон хоногийн аялалд хэд хэдэн удаа явж байсан бол манай хүний (цаашид хааяадаа админ гэх) хувьд анхны олон хоногийн аялалдаа явах гэж байв. Гэвч энэ чиглэлийг өөрөө сонгоод, өөрөө удирдаад явахаар төлөвлөж байгааг нь хажуугаас нь харахаар бахархмаар бас дэмжмээр. Ингээд хоёулаа дэлгүүр хэсч хоёр хүний майхан, мишок худалдан авч гол аяллын хэрэгслүүдээ базаав. Онгон зэрлэг байгалийн аяллаар явах гэж байгаа тул амьтан үргээх цацлага байдаг гээд хайсан ч олсонгүй. Харин нэг дэлгүүрт амьтан үргээгч гээд нэг долгионоор дуугардаг хэрэгсэл байсанг нь аваад гэртээ ирээд мууран дээрээ турштал нөгөөх маань “Гөлөөг ч” гэж тоож байгаа юм алга бүр үнэрлэж байдаг шүү. Гарч гадаа салхилж байгаа нохойн дээр бас туршив, тэгсэн нөгөөх маань бас урдаас хуцаад, бараг тоглох нь ээ. Гялс буцаж жийж нөгөө дэлгүүртээ аваачиж буцаагаад, гар мухар зэрлэг байгаль руу азандаа найдаад явахаас өөр аргагүй болов.

Аялал болох өдөр нилээн дөхөж байтал буюу 4 хоногийн өмнө нээх сайхан өөхтэй мах чанаж идмээр санагдсанаас хамаг асуудал ундрав. Тухайн өдрийн хоол хүнддэж орой нь ходоод өвдөж, маргааш нь байдал улам дордсон тул яаралтай эмнэлэгт үзүүлж эмэн эмчилгээ хийж эхэлснээр 2 хоногийн дараа бараг зүгээр болов. “За эдгэчихлээ, одоо сайхан иднэ ээ!” гээд нэг хонины шарсан мах өдрийн хоолонд идчихсэн чинь маргаашнаас нь ходоод дахин өвдөж, аяллын өмнөх шөнө бараг л 00-ын өрөөндөө нойргүй хонов. Нойрноос морио, хоолноос ходоодоо гэж ... Энэ байдлаас болоод аяллын бэлтгэлд хошуу нэмэхээс цаашгүй оролцож, хамаг бэлтгэл ажлыг хань маань ганцаараа хийв. Аялал маань 7 сарын 10-аас 13-ны өдрүүдэд үргэлжлэн, болохгүй бол нэг өдрийн нөөц нэмж 14-нд дуусахаар төлөвлөгдсөн байсан тул аяллаа хойшлуулаад 11-нд эхэлбэл гэсэн үг аман дээр үе үе гарч ирэх ч бие эрс муу л биш бол яваандаа зүгээр болно, тэгээд ч энэ чинь хувийн аялал биш клубийн аялал тул цаг нартаа эхлэх нь зөв байх гэсэн бодлоор дарагдаж байв.

7 сарын 10. Юутай ч эмчилгээний эмээ ахиухан базааж аваад, өглөөтэй залгахад биеийн байдал бага зэрэг сулбагар ч харьцангуй тогтвортой байсан тул гялс босч хувцаслаад, хоёулаа хөнгөхөн цайлаад, зэхсэн ачаа бараагаа аваад аян замдаа гарлаа. Хүн дуртай юмандаа дуртай л байдаг юм байна. Гэрээс гараад жийж эхлэхэд хүсэн хүлээсэн олон хоногийн аялалдаа ингээд гарчихлаа гэж үү гэж бодохоор хөл хөнгөрөөд, улам л хүчтэй болох шиг. 6 буудал өнгөрөөд жийж явтал манай багийн нэг гишүүн (цаашид ах гэх) маань урд жийж явахтай таарсанаар манай “Алтан гурвал” баг бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэв. Ах 7 сарын 4-өөс 7 сарын 9 хүртэл олон хоногийн аялалд явчихаад шууд үргэлжлүүлээд энэ аялалд явж байгаа юм. Жигжидийн GS25 дээр хальт татаж, нэг зураг авахуулчихаад цагаа нөөцөлж гялс цааш хөдөлгөцгөөв. Учир нь Батсүмбэр хүртэл засмалаар яваад дан шороон замаар явах ба замын бартаа цаашлах тусам нэмэгдэнэ гэдгийг хэд хоногийн турш админ маань миний толгойнд шингээж чадсан байв. Иймээс би өнөөдөр зам амархан байгаа дээр хамаг байдгаараа жийхгүй бол дараагийн өдрүүдэд хэдэн ч км жийгээ билээ гэж өөрийгөө хурцална. Энэ нь өмнөх олон хоногийн аяллын тэмдэглэлүүдийг уншиж байхад замын бартаа их үед 5, 10 км л өдөртөө явж байсан гэсэнтэй олонтой таарч байсантай нь туршлага судалж хурдан явахыг шаардана. Гадаа халуун, дотор шингэний дутагдалтай байгаатай холбоотойгоор байсхийгээд л зогсож ус ууна. Байсхийгээд л таарах дэлгүүрээс шингэн юм авч уух ба өмнөх гашуун туршлагаасаа суралцаж гайгүй болж байгаа ходоодоо сэдрээчихгүйн тулд жимс ногооны нухаш маягийн хүнсээр хооллож явлаа. Батсүмбэрийн дэлгүүр дээр хүнс, ундны хангалт хийж зогсоход нэг дугуйчин ах маань таарч, аян замын ерөөл өргөн биднийг үдэж өгөв.

Дэлгүүрээс хөдлөөд, шороон замаар хөдлөөд төд удаагүй байтал манай хүний урд ачаан дээр ачсан байсан миний барны цүнхний нэг тогтоогч уяа нь унжиж урд дугуйны голтой нь орооцолдож хэсэг саатав. Цүнхний тогтоогч нь гулзайсан ч дугуйн эвдрэл азаар байхгүй тул цааш хөдлөв. Батсүмбэрийн уулын ард байх рашаан дээр очлоо. Тув тунгалаг, цэв хүйтэн тэр рашаанаас хүртэж хийморио сэргээгээд цааш хөдлөв. Хавар маш их бороо орсон ч зун тэгэж аймар их ороогүй бололтой гол усны шавар шавхай харьцангуй бага сайхан байв. Сөгнөгөрийн гүүрээр гарч байгалийн сайхныг магтан нилээн их явж байгаад баруун тийшээ хартал нөгөө Батсүмбэрийн уул маань хажууханд харагдахад бараг цочив. Яахаараа аль дивангарт өнгөрсөн уул хажууд байдаг билээ гэж бодогдсоных. Баянбуурал орохын өмнөх хошууг ороож байтал уулын дээр ишиг тасралтгүй майлах сонсогдож дээшээ харвал уулын хярлаад нэг жижиг бор ишиг гүйж яваа харагдана. Эргэн тойрон ямар ч хонь ямаан сүрэг алга. Ижлээсээ унтаж хоцорсон нь тодорхой. Дээгүүр нь хэдэн шувуу эргэлдээстэй. Нялх амьтны унтахаар нүдийг нь ухчих вий гэж бодохоос орхиод явж зүрхэлсэнгүй. Дугуйгаа тавиад шууд уул руу гялс өгслөө. Нөгөөх маань ядаж байхад цаашаа гүйгээд байх юм. Тэгэж байтал ашгүй нэг чулууны араар ороод зогсчих шиг болохоор нь баярлах боловч бас майлахаа болихоор нь айх ч шиг, тэнд нь нэг амьтан байж байгаад нухчихав уу гэж бодоод, хаха. Хаширлаад аажуухан дөхтөл нөхөр байж байна шүү гялс очоод бариад авлаа. Хариугүй жоохон, хөнгөхөн бор ишиг байв.

Доошоо буулгаад ирэхэд араас ах хүрээд ирлээ. Бид хоёр яаж авч явах учраа олж ядаж байтал, урагшаа явсан админ энэ уулыг ороогоод жижиг мод байна тэнд цайлъя, хажууд нь гол ч байна гэсээр ирэв. Ингэж байтал сайн хүн санаагаараа гэгчээр урд зүгээс нэг портертой тэр нутгийн бололтой ах эгч хоёр ирж яваатай таарч хэрэг явдлаа хэлээд ишигний эзнийг олж, ижил сүрэгт нь нийлүүлж өгөхийг хүсээд, ишгээ өгч явуулаад гурвуулаа нөгөө голын эрэг дээр сайхан хоол хийж идэж цайлав. Ханийхаа бэлдсэн шууз болон гоймонгийн дөрөвний нэг хэсгээр нь ахиухан сайхан шөл хийгээд идэж байтал ах “Та хоёр хэдэн удаагийн хоолны нөөцтэй байгаа вэ?” гэхэд 4 хоног аялах юм чинь дөрөв хоол хийнэ гэж яагаад ч юм бодсон байснаа санаж, нээрээ өдрийн 3 хоол хийнэ үзвэл дор хаяж 12 удаа хоол хийх нь гэж бодсоноо хэлэхэд тэрнээс гадна “аваарын” нэг удаагийн хоолны нөөцтэй заавал явах хэрэгтэй шүү, би бол өдрийн гурав хооллохоор таваас зургаан өдрийн хоолны нөөцтэй яваа гэв. Ах өмнөх хоногийн аяллаас их юм сурчээ. Бид 2-тоо л аяллын хоолны бэлтгэлийн талаар багшилж байв. Ингээд бид 2 хоол хүнсний дахин төлөвлөлт хийж, материалаа арай гамтай хэрэглэх талаар туршлага суусан ба энэ нь үлдсэн хоногуудад ёстой л аминд орсон доо. Тэр байтугай ходоодны хямралтай байгаа миний нөхцөлд энэхүү багасгасан хооллолт нь бараг төгс эмчилгээ болж, тэрхүү асуудал маань бүрэн шийдвэрлэгдсэн юм. Бид гурав хооллож дуусах гэж байхад нөгөө портертой хоёр хос буцаад явж байх ба бидний хажууд зогсож “Нөгөө ишгийг эзэнд нь өглөө. Хоёр хоног хайгаад олдоогүй ишиг нь байсан байна. Баярлалаа.” гэв. Аштай юу нэг ч гэсэн амьтан эсэн мэнд эхээ амлаж, ижил сүрэгтэй нийлжээ. Буян нь дэлгэрч яваг ээ!

Бид цааш хөдлөн явж Баянбууралын тавгийн чихэртэй найрсаг худалдагч охинтой, сэрүүхэн саруулхан дэлгүүрээр орж аваарын хүнсэндээ зориулж нэг тушёнк болон дэл сул хүнс авч, зам заалгаад цааш хөдлөв. Төмөр замаа зүүн талаар нь дагасан замаар явснаар Шатанги болон нэг жижиг суурин өнгөрөөд нилээн цааш явж байтал нөгөө төмөр замын төмөр хашаа маань хад чулуутай уул даваад явж байгаа урд харагдлаа. Хашаанаасаа салах уу дагаад явах уу гэж эргэлзэж амжаагүй байтал төмөр замын хашааны төмөрний зэвэрч унасан байсан нилээн урт хэсэг нь өвсөн дунд харагдахгүй нуугдаж байгаад ахын дугуй хагалаадахав. Төмөр зам дагаж явахад замаа сайн харж явахгүй бол сарзгар хашааных нь төмөр энд тэнд тасарч унасан байх энэ нь бидний унааны томоохон дайсан болдог билээ. Ах олгойгоо сольж байх хооронд админ зам үзэхээр дугуйгаа үлдээгээд дээш явав. Эргэж ирээд “Энэ хэсгийг давчихвал цаашаагаа зам давгүй юм байна.” гэсээр ирэв. Бид 3 дугуйнуудаа нийлж түрэхдээ түрж, өргөхдөө өргөсөөр тэр хэсгийг даваад, замаа даган явсаар гол дээр ирэв. Бид 2 гутлаа тайлж, гол гараад өмсөх зэргээр жоохон цаг авах хооронд ах таавчигтай тул туулж гараад голын цаана байх суурингийн ахтай зам асуун хөөрөлдөнө. Ингээд гурвуулаа тэр суурингаас жоохон зайдуу явж нэгэн дэнж дээр бага зэрэг оройхон отоглов. Майхан бариад удаагүй байтал нар гудайж, хоол хийх ус авахаар манай хүн гол руу явтал нурчихаар өндөр эрэгтэй байна гэсээр ирж дугуйгаа унаад буцаж голын гарам руу явав. Ингэж нилээн оройтож хоол ундтай залгаснаар отог оройтож амрав. Эхний өдөр бид 106 км гаран жийсэн гэж стравад бичигдсэн байна.

Зураг 25. 7 сарын 11 буюу наадмын өглөө

7 сарын 11. Өглөө 7 цагт сэрж, цай хоолоо хийж идээд хөдлөв. Өмнөх өдрийн нөхцөлөөс манай баг орой 19:30 гэхэд отоглох тохиромжтой газар хайж 20:30 гэхэд заавал отоглосон байх ба усгүй газар бууж магадгүй байх тул 19:30 дөхөх үед усаа нөөцөлж авч байхаар тохиролцов. Өмнөх өдрүүдэд хэрэглэсэн ус ундааны савнуудаараа усны нөөцний сав болгож явав. Энэ өдөр бид стравагаар 106 гаруй км явжээ. Бид повер банкаар утсаа цэнэглэж эхний дөрвөн өдөр стравагаар замаа бичсэн ба модтой ихтэй хэсгээр явах болон уулаар явах зэрэг зарим үед страва буруу болон дутуу бичсэн тохиолдлууд гарсан байлаа. Гэхдээ л ерөнхий багцааг харуулах байх мөн энэ чиглэлд аялах дараагийн аялагчдад хэрэг болох болов уу гэсэн үүднээс цэнэг их зарцуулдаг тухайн апплейкешнийг аль болох бичиж явахыг хичээсэн. Отгоос хэсэг жийгээд нэг жижиг байшинтай цоожтой хашаа дайралдаж, түүнийг дугуйгаа өргөөд давах үед цаана нь нэг машинтай хүн ирээд зогссон нь байгаль хамгаалагч ах байж. Бид хэдийг буу, загасны уурга зэрэг зүйлс авч явж болохгүйг сануулаад, санамсаргүйгээр уурга байх магадлалтай гэх хоёр цүнхийг сонгон задлуулж шалгаад, цааш жийгээд хэсэг явахаар манай пост байгаа тэнд хүрээд ирээрэй. Би энд нэг юм хүргэхээр явж байгаа юм тэгээд очно гээд үлдэв. Пост руу жийж явахад хажуугаар машинтайгаа сүнгэнээд өнгөрөв. Постон дээр очиход, тэнд байгаль хамгаалагчийн маань худ ураг болон үр хүүхдүүд нь байх ба сайхан зассан ширээнд биднийг урилаа. Нээрээ чинь өнөөдөр улсын маань их баяр наадам тохиож байгаа юм байна. Сайхан талх хиам идэж байтал үзэсгэлэнтэй, зочломтгой гэрийн эзэгтэй нь паштет задлан нэмж тавихаар нь дахиад нэг талх идээд бод идсэн боохой шиг болов. Тэр хооронд байгаль хамгаалагч биднийг бүртгэж, байгалийн тусгай хамгаалалттай газар нэвтрэх хүний 5000 төгрөг хурааж аваад, энэ жил зэрлэг амьтад эрс их байгаа ялангуяа баавгай! Баавгайтай таарвал зугтаж огт болохгүй аль болох нийлж зогсож өөрөөс том харагдах хэрэгтэй. Ойрд манай үүгээр ч бамбарууштай баавгай үзэгдээд байх болоод байгаа гэж сэтгэлийн мухардах айдсыг маань ухаад гаргаад ирэв. Яаж ийж байгаад амьтан үргээгч цацлага олоод авдаг байж гэж харамсах... Одоо яалтай билээ, дурандаа явж байгаа улс бодогдох. Ах харин цүнхнээсээ хутга гаргаж ирээд, яг тулаад гараад ирвэл суга руу нь хэд хэд дүрээд авна л гэнэ. Байгаль хамгаалагч “Тэглээ гээд өөрийгөө аварч чадахгүй л болов уу” гэхэд “Тэр шархадчихаад үсрээд хоёр гурав хононо биз. Тэгээд шархаа даахгүй өнгөрнө. Хамт л дуусна даа” гэсэн шүү юм яриад өнгөрөв. Бас л боддог л бодол, хаха. Ингээд биднийг эрсдэл таарвал гомдолгүй гэж гарын үсэг зуруулж аваад үлдэх нь тээр жил охиноо төрүүлэх үед эмнэлэгт баахан гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулж байсанг сануулав, эвгүй мэдрэмж шүү ... Албан бүртгэлээ дуусгаад байгаль хамгаалагч маань бидэнд Чулуутын голыг яаж гарах уу, ямар замаар явах уу, хаана юу анхаарах вэ зэрэг маш чухал хэрэгцээтэй мэдээллийг нүдэнд харагдтал дэлгэрэнгүй зааж өгөв. Аяллыг амжилттай болгоход тусалсан тэр сайхан сэтгэлт байгаль хамгаалагч болон гэр бүлийнхэнд нь талархаад барахгүй.

Энд бид овоо саатаад цааш нилээн явж байтал ах “Та 2 явж бай, би хувцсаа нимгэлээдэхье” гээд үлдэв. Бид 2 хөдлөөд нэх удаагүй байтал замын хоёр талаар дугуйтай надаас ч өндөр ургасан байх халгайн төгөл рүү ороод явчихлаа. Халгайнаас зугтах ямар ч боломжгүй ба хатгалаа гээд хальт хурд удаашрахад бүр их хатгуулж халуу оргино. 4-5 метр үргэлжлэх энэ халгайт замыг туулж гарсны дараа араас цээж нүцгэн ирж яваа ахыг хувцастай биднээс ч илүү хатгуулна гэж бодохоор хүрэл зүрх хайлмаар. Төд удалгүй ард “Яая! Яая! …” гэх дуу гарна, халгайн төглөө туулж яваа бололтой, тэсэлгүй инээд хүрч явлаа. Нэгнийгээ халгайнд хатгуулж байхад инээгээд явж байх даа ч яахав дээ, хаха.

Үүнээс цааш нилээн жийж явсаар Итэмийн давааныхаа хормойд ирлээ. Давааны доод хэсэг болон хажуугийн хэсэг усанд идэгдэж, дээшлэх тусам том том чулуурхаг урт даваа байсан нь ганцаараа дугуйгаа түрээд гаргах боломжгүй болгов. Галаатайгаа элбэж нэг нэгээр нь дугуйгаа ээлжилж гаргав. Түүний хэлж байсанчлан өчигдрийн дугуй өргөж гаргаж байсан нь өнөөдрийн трейлер гэж хэлсэн үг нь үнэхээр биеллээ олж байлаа. Ахын дугуй хүнд ачаатай ч түүндээ нэх түүрдэхгүй өөрөө гаргачихаж байв. Өнөөдрийн эхний том даваагаа даваад авлаа. Дараагийн даваа болох Нэмэхийн даваа нь үүнээс нэх холгүй гэх ба энэ 2 даваа нийлж M үсэг шиг хэлбэрийг үүсгэж байгаа юм байна гэж ярилцана. Итэмийн даваан дээр зургаа даруулаад цааш хөдлөв.

Зураг 26. Итэмийн даваа дээр

Уруудах чинь нээрээ ийм байдаг билүү гэж түрүүн өгссөнийхөө “шагналаа” хүртэв. Нэг их удалгүй аажмаар өгсөв. M үсгийнхээ нөгөө орой руу нь явж байгаа бололтой. Итэмийн даваа шиг тийм чулуурхаг биш замаар жийхдээ жийж, түрэхдээ түрж явтал нэг байшин харагдах нь Нэмэхийн давааны дээр байрлах байгаль хамгаалагчийн постны байшин байж. Цаг хожиж, цааш уруудаад гол дээрээ очоод эсвэл гол руугаа дөхөөд отоглох уу яах уу гэж ярилцацгааж, гол дээр очиж амжих эсэх тодорхойгүй дөхөөд отоглоё гэхээр M үсгийнхээ сүүлийн хэсэг дээр уруудсан замаар явах тул тэгшхэн газар олохгүй биз гэсэн шалтгаанаар, дээрээс нь байгаль хамгаалагчийн онцгой анхааруулсан байвгайтай таарчих ч юм билүү гэсэн эрсдлээс сэрэмжилж тус байшинд хоноглох болов. Давааны орой дээр хоног гэж байгаа ч бид өмнөх өдрөөс туршлагажиж хангалттай хоол ундны усаа нөөцөлсөн байсан тул санаа зовох зүйлгүй байлаа. Түгжээгүй хаалгатай тус байшинд ороход тэрүүгээр дайрж өнгөрсөн бараг хүн бүр хоноглоод явдаг болохыг батлах мэт ханаар нь дүүрэн төдөн сарын төдөнд тийм баг ирэв, буцав болон муужигны тоглолтыг хөтөлсөн ноорог, хүүхдүүдийн тоо бодсон бичиглэлүүд байлаа. Бид нэрмээс болж ханыг нь завааруулаад яахав гээд ирэхдээ ч буцахдаа ч тэнд юм бичсэнгүй өнгөрөв. Аяллын хоёрдахь өдөр бид стравагийн бичилтээр 40 орчим км жийжээ.

Зураг 27. Нэмэхийн давааны замын харалдаа байх хавцлын ирмэг дээр, 7 сарын 12

7 сарын 12. Бид өмнөх өдрүүдийн адил 7 цагт сэрүүлгээрээ сэрцгээж хоол ундаа хийж идэж явах бэлтгэлээ базаав. Нөгөө гайхалтай амьтантай таарах магадлал улам нэмэгдэж байгаа тул гурвуулаа ойрхон явцгаая гэж ярилцав. Майхан барина, буулгана гэхгүй байгаа нь бидэнд ихээхэн цаг хэмнэж өгч байлаа. Гялс уруудаад гол дээрээ очъё гээд буутал санасан шиг тийм ойрхон биш байв. Замдаа өдрийн хоолоо хийж идээд хөдөллөө. Машин замын хажуугаар битүү мод ургасан ногоон төглөөр явж байхад зөөлөн бороо шиврэх нь үлгэрийн орноор явж байгаа мэт. Хэсэг яваад замаасаа урагшаа эргэтэл хүссэн хүлээсэн Чулуут гол маань харагдлаа. Бөөн баяр.

Хэдэн зураг дарж аваад байгаль хамгаалагч ахын зааж өгсөн замын зураглал нүдэнд харагдаж, түүгээр баримжаалж голын гармаа ч гялс оллоо. Ах гол гарах боломжтой эсэхийг шалгахаар дугуйгаа орхиод голоор гарлаа. Гол дотор явахыг нь харахад зүрх түг түг цохилно. Голын цаана гарахыг нь харахад үгээр хэлэхийн аргагүй баяр болов. Учир нь хоёр залуугийнхаа ярианаас энэ чиглэлд манай клубийнхэн 2 ч удаа ирээд голоо гаралгүй буцсан гэдгийг замдаа сонсож явсан болохоор тэр. Би ч ачаатай дугуйтайгаа урсчихгүйхэн шиг гарч чадах магадлал тун бага санагдана. Ах буцаад голоо гаталж гарч ирээд, би дугуйгаа гаргаад, дараа нь Мөнгөнөөг дугуйтай нь гаргачихъя гэхэд нь айдас багаслаа. Ингээд хэлсэн ёсоороо, эхэлж дугуйгаа гаргаад, дараа нь намайг хөтлөн алхлаа. Хэсэг явахад голын урсгал улам ширүүсч, гүн нь нэмэгдэж ирэхэд ах сандрахгүй яваарай гэх ба голын урсгал талд явж байсан тул биеэ суллаад зоригтой бас болгоомжтой алхсаар голын ихэнхийг туулж арай гүехэн хэсэг дээр ирж цааш голын цаад эрэг рүү дөхөж алхав. Эндээс голын эрэг хүрэхийн наах нь хамгийн гүн хэсэг таарах ба голын түвшин миний өрц хавьцаа хүрч байлаа. Цаашаа усны түвшин багасах ч эрэг харьцаа маш их элсэрхэг тул хөл зоогдоод арай гэж гарав. Ингээд би нөгөө эрэг дээр үлдэж, ах миний дугуйг авахаар буцав. Би энэхүү баатарлаг үйлсийг нь баталгаажуулж хэдэн зураг дарж, бичлэг хийж хүлээв.

Манай хүн бэлтгэлээ овоо базаагаад, нааш голоо гаталж байгаа харагдана. Ах урдаас нь тосож очоод хамт гараад ирлээ. Бид хоёрыг хөнгөн жингийнх болохоор хөвчихөж магадгүй гэж санаа зовсон гэж гарч ирээд хэлэв. Ингээд нэг том бэрхшээлээ давлаа. Гэхдээ буцахдаа гол гарна гэдгээ санаж, одоо орж байгаа бороо хурдан зогсоосой, гол битгий үерлээсэй гэж дотроо залбирна. Цувнуудаа өмсөөд шиврээ бороонд хоёр гурван цаг орчим жийгээд, нэг отгийн буурины хажуугаар өнгөрөхөд ах отоглох санал гаргахад хэдүүлээ машин замаа дуустал явна гэсэн жоохон ч гэсэн газар дөхсөн нь дээр гээд админ хэлснээр замаа хөөв. Цаг орчим явж байтал үнэхээр байгаль хамгаалагчийн хэлсэнчлэнгээр ачаатай дугуйтай цааш жийх боломжгүй намагхаг газар тулж ирснээр тухайн газар отоглов. Аз болж тэр үед бороо зогссон байлаа. Шумуул, хөх түрүү бараг мөлжих гэж байсны дээр нойтон хувцастай голын жаварт даараад байх тул майхнаа бариад, гялс дотогшоо ороод хуурай хувцасаа өмсөөд, майхнаасаа хамраа ч цухуйлгахгүй “ичихээр” сэтгэл шулуудав. Ядаж байхад гуяны дотор хэсэг холгочихож. Нойтон дотуур хувцастай жийхээр арьс дэвтээд суудалд үрэгдээд хурдан холгогддог юм байна. Манайхаан иймэрхүү үед турсикгүй жийдэг тухай чих дэлсээд байдаг байсан нь ийм учиртай юм байна. Сайхан туршлага хуримтлуулав. Майхан дотроо хөнжил, гудсаа хийлэх, нүүр гараа цэвэрлэх зэрэг ажил амжуулах хооронд манай хүн хувцсаа давхарлаж өмсөж, шумуулны эсрэг өвч бүрэн зэвсэглэж аваад, майхны гадна хоол ундаа хийв. Нөгөө амьтнаасаа айж 2 майхнаа ойрхон барив. Ах майхан дотроосоо байсхийгээд л харамсан уулга алдаж эхлэв. Яасан гэсэн чинь гол гарах үед майхан, аяны хөнжил нь норчихсон ба дээр нь ууттай боов тэр бүү хэл хоёр ширхэг ууттай бэлэн хоол нь нороод бамбалзсан юм болчихсон байв. Энэ нь нэгээс хоёр өдрийн хоол нь байв. Ингээд ах мөн хоолны дахин төлөвлөлт хийв. Харин нойтон мишоконд унтах нь гэж бодохоос өмнөөс нь даарах шиг, ий тий тий. Ах “Хэдүүлээ маргааш майхнуудаа энд бариастай нь үлдээгээд, цааш дугуй явах боломжгүй газар хүртэл нь шалдан дугуйтай явъя. Зам шавар, торлог ихтэй гэсэн. Замаа нарийн мэдэхгүй тул эртхэн хөдөлье. Мөнгөнөө 4-т сэрүүлгээ тавьчих.” гэснийг бүгд дуу нэгтэйгээр дэмжив. Харин цааш үргэлжлүүлэн “Байгаль хамгаалагчийн хэлснээр цааш 12 км алхана гэсэн. Дунджаар 5 км/ц хурдтай явлаа гэхэд хэдүүлээ рашаан дээрээ 8 цагт очоод, буцаад отог дээрээ 12 цагт ирчих байх.” гэхэд нь ямар өөдрөг байнаа. Юутай ч үзээд алдацгаая, орой 17 цагаас өмнө ирвэл отгоо хурааж газар дөхөж отоглоё. Хамгийн наанадаж саяхан өнгөрсөн отог дээр, бүр эрт бол голынхоо наана, тэрнээс эрт ирвэл голоо гарч отоглоё гэж ярилцаад унтав. Аяллын гуравдах өдөр бид 42 км орчим явжээ гэж страва бичсэн байна.

Зураг 28. Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт нэвтэрлээ

7 сарын 13. Өглөө сэрүүлэг дуугарч, “Босоорой! 4 цаг болчихлоо” гэсэн миний дуудлагаар, зорилго нэгт хоёр залуу маань түүртэх юмгүй сэрж, хоол ундаа хийж идэцгээв. Өмнөх өдрийн норсон хувцсаа өндөр өвснүүд дээр тохож өдрийн наранд сайхан хатчихна биз гэж орхиод, хуурай хувцсаа өмсөөд, борооны цуван курткээ авав. Харин намагтай газраар явах тул өчигдрийн нойтон гутлаа өмсөнө. Хүйтэн нойтон гутал өмсөнө гэдэг хүсэх зүйл юм биш, гэхдээ яахав зоригоо чангалж байгаад л углаж орхиж байгаа юм. Ингээд 5:15 цагт отгоос шалдан дугуйгаа жийн хөдөлсөн ч, намагт дугуй зоогдоод 2, 3 алхам ч жийж чадахгүй байсан тул дугуйгаа майхан дээрээ буцааж аваачиж тавиад явган алхахаар шийдэв. Намагтай хөндийн цаана уулын хошуу харагдах ба тэр хүртэл дугуйгаа яаж ийж байгаад авааччихвал тэндээс эхлээд цааш жийх газар байх ч юм билүү гэж бодогдох ч дугуйгаа үлдээцгээв. Энэ нь ч зөв болсон байв. Байгаль хамгаалагчийн хэлсэнчлэн эндээс эхлэн цааш дугуйтай жийх ямар ч газар байгаагүй ба бид тооцооллоор эсвэл азаар дандаа зөв шийдвэр гаргаж байсан юм байна гэж дараа нь бодож баярлацгааж явлаа.

Намагтай дов дээр гурвуулаа дамжин алхахдаа алхаж, харайхдаа харайна. Ах үүн дээгүүр таавчигтай явах тул хөл нь таавчигнаасаа, таавчиг нь довнуудаас холбироод их хэцүүхэн явж байна гэж ярих ба довон дээрээс хөл нь хальтрахад таавчиг нь гүн шаварт зоогдож үлдээд, таавчигтайгаа муур хулганадах ажил бас нэмэгдээд байгаа бололтой харагдана. Миний хувьд 2022 онд клубийн туршлагатай аялагч эгчийг дагаж "Хагийн хар нуур”-ын чиглэлд үүргэвчтэй олон хоногийн алхалтын аялал хийсэн маань ихээхэн дадлага болжээ. Довнуудын орой олж гишгэж тогтох, тэдгээрийн хооронд харайх, шавар намагт алхах гэдэг бол ихээхэн танил мэдрэмж байлаа. Үүнийхээ хэргийг гаргаж, ойрын өдрүүдэд дугуйн унахад байнга шахуу сүүл мушгиж явсан би энэ өдөр түрүү магнайд явж эхлэв, хэхэ. Харин урд алхах үед халз ямар нэг амьтантай таарчихаж магадгүй юм шиг санагдаж, бас л байгаль хамгаалагч ахын зөвлөсөнчлөн хоолойгоо засах, дуу дуулах, чанга ярих зэргээр чимээ гаргаж явлаа.

Байсхийгээд жим эсвэл зам таарах ба энэ чиглэлд “Естийн халуун рашааныг” л хүмүүс зорьдог болохоор түүнийг бодох санах юмгүй дагаж болох нь амар санагдав. Ингээд жим, зам, намаг, торлогоор хослуулан алхсаар нэг мэдэхэд маршрутын дагуу бичигдсэн сүүлийн даваа болох Буурлын давааг даваадахав. Жоохон явж байгаад шаварт сууж, 2019 оны хавьцаа хаягдсан улбар шар толгойтой камаз машинтай таарч, зургаа авахуулж хэсэг саатлаа.

Зураг 29. Буурлын давааны замд хаягдсан Камаз машины өмнө

Өмнөх янзаараа байгаа замаа дагаж цааш нилээн явтал хүмүүсийн отоглодог бололтой нэгэн хагас агуйрхуу байталтай чулуурхаг уултай таарсан ба гол тэрхүү том чулуутай ууланд шахагдах цааш алхах боломжгүй харагдав. Туулж цаашаа явна гэж худлаа юм чинь гурвуулаа чулуурхаг хэсгийг дагаж уулаа давъя гээд алхтал тийшээ өгссөн ямар ч жим байхгүй байгаа нь гайхаш төрүүлнэ. Ингээд уулын дээрээс доошоо голоо харвал машин гарсан голын гарам зурайтал харагдана.

Зураг 30. Голын гармын харалдаа байх хадан цохионы дор

Тэрүүгээр л явчих юм байна гээд гурвуулаа голоо гараад цааш нөгөөх л намагтай замаараа алхана. Голын түвшин миний гуя хавьцаа хүрч байв.

Замын байдал рашаан руугаа дөхөх тусам бартаа саад нь улам нэмэгдсээр л байлаа. Гэхдээ хүсэл зорилгодоо хүрэх боломж улам ойртож байсан тул бидэн замын бартаа тийм ч чухал биш байсан юм. Хэзээ ч олон хоногийн аяллын чиглэл гаргаж, аяллын баг ахалж явж үзээгүйгээр барахгүй ганц ч олон хоногийн аялалд оролцож үзээгүй аяллын админ маань аяллын маршрутаа зурахдаа машин очдог зам сонгож замын зураглалыг маш нарийн гаргасан нь бидний аялалд маш их хэргээ гаргаж байлаа. Юмыг нарийн төлөвлөж, аливааг чамбай, хийсэн шиг хийдэг түүнийхээ энэ чанараар үргэлж бахархах юм даа.

Өндөр өндөр торлог дундуур эрс бага торлогтой зурайтал харагдах хэсэг байх нь машин явж өнгөрсөн болохыг нотолж, түүгээр алхах нь өндөр өндөр торлогийг туучин алхах бэрхийг багасгаж, мөн зөв чигт явж байгааг маань баталж өгч байсан юм. Энэ зам холоос харахад маш гоё тэгш зам харагдах ч нуль намаг, дов, торлогны үндэс болсон зам байх нь биднийг мөн л харайхдаа харайлгаж, үсэргэхдээ үсэргэж байлаа.

Ахын өглөө гарахдаа өмсөж гарсан жинсэн өмд нь биеийг нь үрээд байж. Биед нь зовиуртай ч гүрийгээд рашаан хүргэчихье гэж бодож явсан нь байдлыг улам дордуулж биеийн хэсгийг нь холгоод байсан тул жинсээ тайлж гадуурх борооны өмдөө өмсөөд цааш үргэлжлүүлэв. Биеийн байдал нь харьцангуй дээрдсэн ч тэрхүү шарх болон таавчигны ирмэгнийх нь хөлийг нь холгосон шарх ахыг эмзэглүүлж яваа харагдана. Ёстой эр хүн шиг гүрийж байна гэж бодогдох. Рашаан руугаа дөхөх тусам торлогон дундах дов, намаг нь хөвдөрхүү болж буйдан дээр явж байгаа аятай бамбалзаж байх нь өмнөхтэй харьцуулахад хамаагүй зугаатай байлаа. Нэг уулын модтой хошууны наадах машин зам бидний замыг хөндлөн хатгаж доошоо чиглэхэд админ газрын зургаа гаргаж хараад, рашаан маань бидний замын чигт байгааг хэлэхэд бараг анх удаа бид зам, жимгүй хэсгээр шууд хошуугаа даван хатгалаа. Тухайн машин зам модтой уулаа доогуур нь тойрч байгаа байх гэж бодсон нь зөв байсан юм. Нэг их удалгүй хошууныхаа цаана гарахад нөгөө зам маань хошуугаа нилээн доогуур ороогоод орж ирж байгаа болов уу гэмээр бас л бидний замд хөндөлсөөд ороод ирэв. Тэр замыг дагаж явсан бол бид нилээн цаг алдах байжээ.

Админ 2 хүрэхгүй км үлдэж гэхэд хүч ч орох шиг. Ах урд байж байснаа “Хүүе! Тэр байшингийн дээвэр” гэх ч би харж хайгаад огт харсангүй. Хэсэг алхахад харагдаж эхэлсэн нь өндрийн зөрүүнээс болсон байж, ккк.

Зураг 31. Өндрийн зөрүү

Ингээд хажууханд харагдах тэдгээр гурван байшин руу алхахад, харагдаж байгаагаасаа хамаагүй хол явуулж байж очуулав. Цаг 10:40 болж байв.

Зураг 32. Рашааны байшингууд харагдаж эхэллээ

“Тийм ээ, ирчихлээ гэж үү” гэж гурвуулаа баярлах бахархах сэтгэл өвөрлөн, рашааны наагуур урсах тунгалаг, хүйтэн голын уснаас хүртээд байшин дээрээ очлоо. Үгээр хэлэхийн аргагүй тансаг мэдрэмж. Тэр хавийг харахад маш их хүн ирдэг бололтой байсан юм шиг санагдана. Энд тэндгүй жижигхэн гүүрнүүд, амарч суух саравч байх ба төрөлжүүлж хаягласан рашаанууд харагдана.

1992 онд байгаль хамгаалагч ахыг энд анх ирж байхад Чулуут гол дээгүүр гүүртэй байсан ба дараа нь ирэхэд тухайн гүүрийг шатаасан байсан гэсэн. Тэр үеэс хойш ийшээ ирэх хүмүүсийн хөл эрс татарсан бололтой. Одоо ийшээ хүссэн болгон нь ирээд байдаг биш хүсэл зорилготой нь ирдэг бараг сорилго маягийн газар болсон шиг санагдав.

Гурван байшингийн нэгэнд халуун рашаан маань байх ба түүнд хүмүүс ороход нь зориулж тусгайлан тохижуулжээ. Ус нь бүлээхэн таатай байх ба усан доорх газраас нь үе үе пор пор гээд хий гарах нь газраас халуун рашаанаа шахаж байгаа бололтой.

Рашаан дээр бид нэг цаг орчим саатаад отгийн зүг буцав. Энэ удаа ирсэн замаараа буцах тул замын байдал дотно танил санагдана. Газрын багцаатай болсон тул замд таарах зарим хошуунуудыг замтай, жимтэй эсэхээс нь үл хамааран хатгана. Хэсэг яваад ирсэн замаасаа жаахан дээгүүр буюу ертөнцийн зүгээр зүүн талд байх машин замтай таарч түүнийг дагав. Тэр зам харин биднийг бараг торлог руу оруулсангүй, торлогийг захалж, бага зэрэг тойруулж явуулсаар нэг гарам дээр хүргэсэн нь бидний гарсан гарам биш байлаа. Ах гармаар гарч цаашаа харчихаад буцаж ирээд “Цаана дахиад нэг гол байна. Тэр нь ямар ч замтай, гарамтай юм билээ, үүгээр гарахгүй цаашаа явсан зам байвал түүнийг хөөвөл анхны гарсан гармаар гарчихна байх” гэв. Админ гол гарахгүй цааш үргэлжлэх зам байгааг олж, гурвуулаа тэр замаар бие биетэйгээ бараатай алхацгаав. Хэсэг явж байтал өглөө гол гараад явж байсан намагтай торлогтой замынхаа зүүн бөөрнөөс хатгаад ороод ирэв. Түүнийг нэвт гараад хэсэг явахад тэрнээс хамаагүй торлог багатай зам таарахад түүнийг даган гол руугаа чиглэв. Торлог бага, эргэн тойрон хамаагүй цэлгэр харахад тэр өргөн жимийн сул тал нь хамаагүй их дов намагтай санагдав. Бидний отгийн зүг рүү тэнгэр сааралтах нь тэнд бороо орж байгааг илтгэнэ. Тэр хэсгээ дуусахын алдад өглөөний хадтай уулын хажуудах голын гарам харагдаж санаа амрав. Ах урд явах ба голын гармаа гарч байгаа харагдана. Өглөө тэр хавьд байхгүй ганц гоё цэцэгтэй таараад зургийг нь авчих гэхээр цаг авах юм шиг санагдаад байсан цэцэгтэй дахин таарсан тул тэсэлгүй зургийг нь авав.

Зураг 33. Хээр талд ургасан хичнээн сайхан цэцэг вэ!

Бид 2 гараасаа хөтлөлцөн гол гарч явахад шиврээ бороо орж эхлэв. Мэдсэн бол гол руу орохоос өмнө борооны цуваа өмсдөг байж гэж бодогдоно. Гэхдээ нээх их ч норсонгүй, бага зэрэг чийгтээд гармаа гараад гялс нөгөө хагас хадан агуйны хэсэг очиж, хальт цайлж, борооны цувнуудаа өмсөөд цааш хөдлөв. Борооны хүч улам нэмэгдэх ч цувныхаа ачаар дээгүүрээ хуурай байх нь жиндэж даарснаас осгодог эрсдлээс хол байлаа. Харин Чулуутын гол үерлэж байх вий! гэсэн айдас төрнө. Танил замаар, жимээр эрчтэйхэн алхсаар нэг л мэдэхэд нөгөө хаягдсан камаз дээр хүрээд ирэв. Баярласан гэж. Мэддэг замаар, харьцангуй уруудаж яваад болохоор харьцангуй хурдтай яваа бололтой. Бас байсхийгээд газрын зургаа харцгаах шаардлага ч гарсангүй. Харин өмнө нь яагаад анзаараагүй юм болоо гэсэн шиг зам дагасан гүзээлзгэнэ харагдах нь намайг идээч гэх шиг. Тэсэлгүй саатаж, хэсэг “гүзээлзгэнэдэв”.

Зураг 34. Амтат гүзээлзгэнэ жимс

Отог руу очихын алдад бороо зогсож нар ээж байв. Нэг уул тойртол отог маань харагдав. Отог дээр 18 цаг дөхүүлж ирэхэд гадаа нартай, дулаахан байлаа. Өглөө хатаахаар тавьсан хувцаснууд маань хатдагаа хатаад, буцаад нордогоо норж, шал нойтон байна. Мушгиад торонд хийгээд цүнхлэв. Багаараа ярилцаад гялс майхнаа хураагаад жоохон ч гэсэн дөхөж, дараагийн отог дээр буухаар хөдөлцгөөв. Цаг орчим яваад нөгөө отог дээрээ майхнаа барихад нар жаргаж байв.

Ахын дөрөө хазайсан байгааг анзаарч, энэ нь дөрөөний дугуйн рам руу орж холбогддог гол төмөрнийх нь таглаа алга болсон байгаатай холбоотой байна гэж оношилцгоож байгаа харагдана. Тэр нь байхгүй болохоор сугарах гээд дөрөө нь хазайх ба энэ үеэс хойш байсхийгээд жийж явахдаа түүнийг нь цааш нь хийж түлхүүрээр боолтыг нь чангалах ажилтай болсон юм. Миний хувьд юмаа цэгцлээд, аяга халуун аарц уугаад эртхэн унтахаар хэвтэв. Бид 2-ын хүнс бага тул юмыг яаж мэдэхэв усны түвшин эрс ихсэж гол үерлэсэн бол хэд хоног хүлээх хэрэг гараа ч билүү гэж бодон хоол хийж идээгүй юм. Гэхдээ 16-ны өдөр эхлэх ажилдаа бас хоцрохгүй оччих санаатай байлаа. Гэнэтийн саад, бэрхшээл таарахгүй бол 16-ны өглөө хотод очсон байх хүсэл маань багийг яаравчлуулж, хоног хугацаа алдахгүй байх, өглөө эрт хөдөлж, хамаг сайнаараа хол явж, оройхон буудаллах (гэхдээ нар буухаас өмнө) нөхцлийг бүрдүүлж, энэ нь багт цаг хугацаанд багтах гэсэн бас нэгэн зорилтыг бараг хүчээр “тулгаж” явсан юм. Үүнд манай багийн хэн нь ч түүртээгүйгээр барахгүй бүгд нэг сэтгэлээр энэ зорилтод нэгдэж, хичээж байсныг бодохоор үнэхээр их баярлаж, энэ нь эргээд надад маш их урам зориг, хүч өгч явсан билээ. Ийнхүү хувийн зорилго маань багийн зорилго болсноос хойш бид дөрөв дэх өдрөө үдсэн юм. Энэ өдөр бид 34 км гаран зайг алхаж жийжээ.

Авч явсан Power bank-ны цэнэг дууссан ба цааш ирсэн замаараа буцах болохоор дахин страва бичих шаардлагагүй гэж үзэн, утасны 30 хувийн цэнэгээ “аваарын” байдлаар хадгалж, өглөөний сэрүүлгээ тавиад утсаа ч унтаав. Өнөөдөр аадар байдлаар их хэмжээтэй бороо ороогүй ч бүх хэсгийг бүрхсэн нилээн бороо орсон нь гол үерлэчихсэн байх вий гэсэн айдсыг маань улам нэмэгдүүүлж, нойр хулжиж байв. Ядаж байхад гүн нойронд унтахгүй болохоор энд тэнд амьтдын янз бүрийн дуу ч сонсогдох шиг, майхны хажуугаар зарим нэг амьтад ирэх шиг болж, нөгөө айхтар амьтан нь ирчихгүй байгаа гэж бодогдоод үнэндээ л тайван ч унтаж чадсангүй.

7 сарын 14. Гэгээ орж өглөөний 4 цагийн сэрүүлэг дуугарахад бараг баярлаад год үсэрч босоод хамаг юмаа ачаалахад бэлдэж хураав. Хоёр залуу маань ч сэрж, хоол ундаа хийж, ачаа бараагаа янзалцгаана. Гадаа битүү манантай байх ч ойр орчмын юм тод харагдана. Сүүлийн хоёр өдөр нойтон гутал хувцастай явсан миний бие нөхцөл байдалтайгаа эвлэрч, өнөөдөр гол гарвал угаасаа норох юм чинь гээд доогуураа хуурай хувцас ч өмссөнгүй. Хоёр нойтон өмдөө шумуул, хөх түрүүнд хатгуулахгүй байхын тулд давхарлаж өмсөөд, дээрээс нь нойтон оймс гутлаа зоригтойхон углаж орхив. Жийж, хөдөлж явахад биеийн дулаанаар ямар ч нойтон хувцас бүлээхэн болдог тул хэсэг хугацаанд л мэдрэгдэх жихүүцсэн тухгүй байдлыг давчихад болно. Харин дээгүүрээ хуурай цамц өмсөж, жиндэхгүйн тулд борооны курткаа өмсөөд, нойтон цамцаа гол гарахдаа сольж өмсөхөөр ойрхон авав. Өнөөдөр бид хамгийн том даваа болох Чулуутын голоо гарах, Нэмэхийн даваан дээр байрлах байгаль хамгаалагчийн постны байшин дээр очих зорилт тавин хөдлөв. Бид ирсэн замаараа буцаж байгаа тул байвгайнаас огт айхаа болин “Тулгын гурван чулуу шиг Туждаа хамт явах юмсан” гээд хэлхээтэй хэд хоног явж байснаа болин, заримдаа бие биенийхээ бараа харагдахгүй зайтайгаар урагшлах ба “Байгаль хамгаалагч ах биднийг айлгах гэж л байвгай онцгой их байгаа шүү гэж хэлсэн байна.” гэж хоорондоо ярилцаж байв.

Гол руу нилээн дөхөж явахад ард цоожилж байсан админ бараагүй байх ба хэсэг хүлээхэд араас ирсэнгүй. Гайхаад явган урдаас нь тосоод очиход шипиний дөрөөг дээр нь тавьж хавтгай дөрөө болгодог төмрөө уначихлаа гээд хайж зогсоно. Саяхан гарсан зам дээрх 5-6 м урттай тогтоол усыг гараараа самарч, хэд хэдэн удаа хайлаа, олдсонгүй. Ингэж байтал бид 2-ын урд явж байсан ах бас буцаж ирж яваа харагдах ба одоо эндээс юм олно гэж байхгүй явъя гэснээр тус эрлээ мухарлан цааш хөдлөв. Хэсэг яваад нөгөө үлгэрийн юм шиг хоёр талаараа өндөр ногоон төгөлтэй замаараа явах ба энэ нь гол руу тун ойрхон ирж байгааг илтгэнэ. Голын хоёр талд байх үзэсгэлэнт төгөлийг би хэзээ ч мартахгүй байх аа, үнэхээр үзэсгэлэнтэй.

Төгөл дуусч, голын дэргэд ирэхэд 2 залуу маань гол гарах бэлтгэлээ базааж, хүч тамиртай байх үүднээс ойр зуурын юм идэх ба намайг бас юм идэж хүч ор гэж зөвлөнө. Миний хувьд гол үерлэсэн байх вий гэсэн айдас эцсийн цэгтээ хүрч, хоолойгоор хоол давуулах байтугай ус ч давах нөхцөлгүй санагдана. Гялс гүйж очоод голын түвшинг харлаа. Санасныг бодоход гайгүй ч байх шиг, дотор уужирлаа. Өмнө нь гарахад авсан зургаа гаргаж, одоогийнхтой харьцуулахад бараг хэвээрээ чүд нэмэгдсэн байж магадгүй харагдаж бага зэрэг тайвшрах ч голын урсгал нилээн ширүүн байгаа юм шиг санагдана. Давхарлаж өмссөн 2 өмд дээд хэсгээрээ бараг л хатчихсан байсан тул нэгийг гол гараад өмсөхөд арай хуурай юмуу гэж тайлж далд хийгээд, хуурай цамцаа сольж өчигдрийн нойтон подволкоо өмсөж, гутлынхаа үдээсийг чангахан үдсэнээр бие, сэтгэлийн хувьд гол гарахад бүрэн бэлэн болов.

Ах өмнөх удаа голоор 5 удаа гарсан ба энэ удаа гурван дугуйгаа гаргаж 3 удаа гол гарахаар тохиролцсон байв. Ингээд эхлээд өөрийнхөө, дараа нь манай хүний дугуйг, дараа нь миний дугуйг гаргалаа. Усны урсгал өмнөхөөс нээрээ л арай ширүүн байгаа бололтой ах барьж яваа дугуйгаа үе үе урсгалтай булаацалдаж, гудчиж яваа харагдана. Бид 2 тулгуур болгож 2 модоор таяг хийж аваад, хөтлөлцөөд голоо гарахаар ус руу оров. Үнэнтэй нүүр туллаа ... Санасных бодоход ус тийм аймар хүйтэн санагдахгүй ч урсгал нь нилээн ширүүвтэр байх тул нэг хөлөө бат гишгэсний дараа нөгөө хөлөө зөөж, аль болох тайван алхахыг хичээцгээнэ. Урсгалын дээд талд явах манай хүний таяг доошоо зооход урсгалд цохигдон хөл рүүгээ зоох гээд байгаа тул усанд урсгаж явуулав. Би урсгалын доод талд явах ба таягаа эрчтэйхэн доош зооход бас ч гэж тулгуур болохоор тогтож байлаа. Голын гүн хэсэг дээр манай хүн тэнцвэр бага зэрэг алдахад манийгаа таяг болгох шиг болж гарт ачаалал ирнэ. Эсрэгээрээ би урсчих шахаж бага зэрэг тэнцвэр алдахад гараас нь татаж тогтоод тэнцвэрээ олж тогтоно. Ингэж дэм дэмэндээ явсаар ямартай ч энэ аяллын хамгийн том бэрхшээлээ давж голоо гарлаа. Суга хүртэл цамц норсон байгаа харагдах нь усны түвшин өмнөхөөс 10-20 см-ээр нэмэгдсэн байсанг илтгэнэ. Голоо гармагцаа халуун цай чанаж, гурвуулаа хүйтэн гол руугаа бүлээн юм оруулж дулаацацгаав. Өдөр хоол хийж цаг алдахгүй шууд зүтгээд байшиндаа эртхэн очиж гал түлж юмаа хатаана гэж бид өглөө төлөвлөж байсан боловч гол гарсны дараа дулаан наран янзын сайхан ээж байсан тул голын хажууд байх зассан юм шиг цэлгэр сайхан том зүлгэн талбайд хамаг юмаа дэлгэж хатаан, бас том даваагаа давсан өөрсдийгөө шагнан хоол унд хийж идэн тухлахаар болцгоов.

Зураг 35. Бараг майхнаас маань том шавж

Гал түлж хэдэн өдрийн турш авч явсан өөрсдөөс гарсан шатах боломжтой хог болон тэр хавийн талбайн хогийг цэвэрлэн шатааж ачаагаа хөнгөлж, байгалиа цэвэрлэв. Хоёр цаг орчим саатахдаа бор ходоодоо бондойлгоод, хамаг юмаа хатааж чадав. Тэр байтугай үсээ угааж толгойгоо сэргээгээд ч амжив. Цэвэрхэн болсон цэлгэр сайхан дэнжээ орхин замаа хөөж хөдлөхөд сэтгэл нэг л хоргодоостой. Та хэд маань юмаа хатаагаад одоо явах гэж байна уу гэсэн шиг хурц ээх нарны элч эрс багасаж, жийхэд тохиромжтой зөөлөн цаг агаар залгаад авав. Энэ аяллын мөч бүрийг тэнгэр хангай маань ивээж тохиромжтой цаг агаараар солигдож байгааг харахаар өөрийн эрхгүй байгаль дэлхийгээрээ бахархаж, баярлаж явлаа.

Ахын дугуй шатуны гэмтэлтэй байгаа тул аргадаж аль болох замаа хороохоор урд явж, манай хүн намайг цоожлон хойно явна. Гол дагасан нөгөө л нэг үлгэрийн ойгоороо дайрч өнгөрөөд нилээн явсны хойно хөлийн шилбэний урд хэсгээр өчигдрөөс хойш бага зэрэг хөндүүрлээд байсан газар аймар өвчин мэдрэгдээд эхлэхээр нь тэсгэл алдан өвчин намдаах эм ууж орхив. Гэвч онц дэм болсонгүй тул тэр чигээрээ гүрийх ба анзаарахгүй байхыг хичээнэ. Өчигдөр нойр, хоол хоёр дутагдалтай хоносондоо ч юм уу өлсөж, цангаад байхгүй ч бие илт сул байдалтай санагдаж багахан өгсүүрээр ч жийж чадахгүй ихэнхдээ түрнэ. Энэ хооронд урд байгаа ах бараагүй байх ба аль болох гүйцэж очихыг хичээж нилээн хичээж зогсолтгүй шахуу жийж байгаад сүүлдээ ч гүйцэхгүй юм байна гэдэгтэйгээ эвлэрч, замдаа хөнгөн юм идэх, шингэн юм уух, зураг авах зэргээр өөртөө амралт өгч явлаа.

Бор хоногтоо л байшиндаа очиж байвал барав, харанхуй болсон ч хойно хань маань цоожилж яваа гэж бодохоор айх ч юм алга байв. Ирэх замдаа ихэвчлэн ураадаж яваад анзаараагүй бололтой Нэмэх рүү ямар зам чинь ямар их хошуу тойрч очдог юм бэ! Нэг уулын хошуу ороогоод л одоо дөхөж байгаа болов уу гэж бодсоор хэдэн арван хошуу тойрсны эцэст арай тэгшивтэр газар таарахаар нь бушуухан жийж авав. Ийм үед түрж явахаас жийж явах нь хөлд амар юмсанж. Хэсэг гүрийгээд жийж байтал ах тэнд алхаж яваа харагдах ба нар бууж эхэлсэн ч гэгээтэй байлаа. Эрт сэтгэлдээ хүлээлт өгчих вий гэж байшин дээр очоогүй зүгээр бид 2-ыг татаж байж магадгүй шүү гэж өөртөө хэлж амралт болсон гэж хүлээлт үүсгэж бие маань амрах байдалд шилжчих вий гэж өөрийгөө хурцална. Гэхдээ дахиад жоохон явахад байшин харагдахад л жинхэнээсээ бие, сэтгэлээ амрааж баярлав. Хүн гэж сэтгэлийн амьтан юм хойно доо ...

Рашаан хүртэл зам маань хүндэрч байсан бол эсрэгээрээ буцах зам улам л амархан болж байгаа юм шиг санагдах нь биднийг өмнөхөөс илүү сайн явах нөхцлийг бүрдүүлж байв. Байшиндаа орж, тогоо шанага залган хоол хийхээр суув. Ах өнөө орой, маргааш өглөө хоёр л хоол хийж идэхэд болно. Цааш хоол хийх бараг шаардлагагүй гэхээр нь гоймон, шуузныхаа гуравны нэгээр нь байнга хийж идэж байгаа шингэвтэр шөлөө хийж идэв. Олон хоногийн турш идсэн энэхүү хоол нь манай хүнд багадаж явааг анзаарах ч хоолоо хүргэхийн тулд үүнээс өөр арга байсангүй. Харин энэхүү сувиллын хоол нь миний муу ходоодыг бүрэн эмчилсэн юм. Гэртээ байсан бол эдгэчихлээ гээд тэсэлгүй хүнд хоол идээд дахин сэдрээгээд эвхэрч хэвтэж байхыг үгүйсгэхгүй. Хаа очиж бид хоёр хатаасан жимс, самар, хиам зэрэг завсрын хүнс нилээн авсан байсан нь хоол хооронд, зам зуур идэж явахад ихээхэн хүч өгч байлаа. Гурвуулаа уламжлал ёсоор өглөөний 4:00 цагтаа сэрүүлгээ тавиад, хуурай хөнжилнүүддээ шургаад, ёстой бодож санах зүйлгүй нам унтав.

7 сарын 15. Өглөөний сэрүүлэг дуугарч, отог сэрлээ. Олон өдрийн аяллын туршлагаар хэзээ, хэдүйд юу хийж, яаж бэлтгэх вэ гэдэг нь нэгэнт бидний гарт орцгоожээ. Үлдсэн шуузныхаа талыг усандаа хийж гал дээрээ тавиад, хөнжил, гудсаа гялс эмхэлнэ. Хоолны ус буцлах үед гоймонгийнхоо талыг хийтэл арай л шингэн санагдахаар нь сүүлийн удаа арай өтгөн шөлтэй гоймонтой хоол хийж идье гэж бодоод бүгдийг нь тогоо руугаа тонгойлгож орхив. Хэсэг хугацаанд хоол пор пор хийж, овоо “хүн шиг” гоймонтой шөл маань буцлахын даваан дээр газ дуусчихав. Битүүмж сайтайг нь бодож дууссан өндрийн газны савандаа энгийн газ шахаж явдаг ба энэ нь энэ удаагийн аяллын туршид яг хоол, цай болохын даваан дээр дуусаж дахин цэнэглүүлж байгаа нь ерөнхийдөө тэвчээр шалгаж явсан юм. За яахав, сүүлийн удаагийн хоол хийж идэж байгаа юм чинь гээд өөрийгөө тайвшруулна. Манай хүн зуухан дээр байрласан байх хоол тавьсан плиткатэй холбоотой өндрийн газны саваа салгаад энгийн газ холбож шахах мөчид зуухны таг дарагдаж хөндийрөөд, дээр нь байсан өтгөн сайхан гоймонтой шөлийг маань шалаар нэг асгаж орхив. “Ээ хайран юм!” гэж халаглах. Нөгөө “Тунгалаг тамир” кинон дээр гардаг шиг “Хорин сайхан шарыг минь хоёрхон хулгана идчихлээ гэж үү” гэдэг болов.

Уйлаад яахав Цэнцэрэн минь гээд одоо яах уу гээд газаа цэнэглээд дээр нь бор цай буцалгаж уучихаад, үлдсэн шуузаа усанд хийж, амтлагч нэмээд сайхан усан шөл хийж уугаад, аваарын хоол болгож аяны турш дүүрч явсан эцсийн ганц тушёнкоо лаазтай нь халааж хувааж идснээр, бод идсэн боохой шиг болж бүр цатгалдах маягтай болоодохов, хаха. Ах мөн сүүлийнхээ “Талын монгол”-ын гоймонтой шөлөө буцалгаж идэх зуур нөгөө кинон дээр гардагчлан “Хорьхон шаранд хотойх баян биш” гэдэг шиг та хоёр харин бүр нүнжигтэй байгаа юм биш үү гэж бид хоёрыг сэтгэлээр дэмнэж, хөөрөлдөцгөөв.

Ингээд ачаа бараагаа бүрэн цэгцлээд явахад бэлэн болох үед ах нөгөө дөрөөнийхөө боолтыг байсхийгээд чангалж байхаар гээд доруйхан мушгисан нь “Сахил хүртээд шал дордов” болж, боолтны толгой нь алагдаж, дахин түүнийг чангалах ч шаардлагагүй болгож, энэ нь тэр дөрөөг аятайхан аргадаж яваад засмал оруулах зорилтыг бий болов.

Өнөөдрийн хувьд Итэмийн даваагаа аятайхан давчихвал айдагаа ардаа хийсэн хүмүүс чинь аль болох хурдан явж бор хоногтоо гэрийн бараа харахыг хүснэ. Өнөөдөр хөлийн урд шилбэ өвдөх ч биеийн байдал эрс сайн байж, хамаагүй хүчтэй байгаа юм шиг санагдах нь нэгэнт рашаандаа очоод гол зорилгоо биелүүлчихсэн, голоо гараад том даваагаа давчихсан, байвгайтай таарахгүй нь тодорхой санагдаж, гэр лүүгээ харих сүүлийн өдөртэй залгаж байгаа зэрэгтэй шууд холбоотой биз ээ. Мөн боломжоороо ходоодоо дүүргэчихсэн ба бороо л орохгүй бол ойрын өдрүүд шигээ өдөржин нойтон явахгүй тул хуурай хувцас өмссөн нь биед бас нэн таатай. Хөл бол угаасаа эхний өдөр л цэмцэгнэж гол гарахдаа гутлаа тайлж гарч байсныг эс тооцвол хоёр дахь өдрөөс нь замд байсхийгээд таарах шалбаагт нэгэнтээ хөл алдаж гишгэснээс хойш сэтгэл шулуудаж ус, шавхай туучин алхаж яваа, хуурай байх заяагүй яваа эрхтэн тул түүний нойтон байх асуудал биш болоод тав хоножээ.

Ингээд цааш ах дугуйгаа аргадан урд явах ба манай хүн намайг цоожлон хойно явсаар Итэмийн даваа руугаа жийхдээ жийж, түрэхдээ түрж урамтайхан өгсөнө. Дугуйгаа түрэх олон хэлбэр байдгийг энэ аяллаар өөрийн биеэр бүрэн утгаар нь туршиж үзэж дадлагажин, энэ удаа Итэмийн даваагаа ачаатай дугуйгаа хамжиж дэмжихгүй ганцаараа түрээд гаргасандаа өөрөөрөө хальт бахархав. Итэмийн давааны хойд тал нь урдахаасаа хамаагүй бартаа саад багатайгаас гадна харьцангүй богинохон байсан нь бас нөлөөлсөн байх.

Гурвуулаа дурсгалын зургаа авахуулаад цааш болгоомжтой уруудан, замд таарах олон олон уулын хошуунуудаа тойрч мушгиралдаж явсаар ойрын дөрвөн өдөр гурван биеэсээ өөр хүний царай хараагүй бид хэд хамгаалагчийн постон дээр ирж өөр хүмүүсийн барааг харав. Байгаль хамгаалагчийн ахын худууд явж, оронд нь өмнө нь байснаас өөр хүүхдүүд нь гэр бүлтэйгээ нэмэгдэж ирээд, илүү өнөр болсон харагдана. Байшингийн замын урдуур нь хэдэн майхан нэмж барьсан байна. Ах байшинд орж байгаль хамгаалагч ахад дугуй эвдэрснээ хэлж тусламж хүсэхэд байгаль хамгаалагч дугуйг нь засахаар ханцуй шамлан оров. Шатуных нь алагдсан чангалагч хоёр боолтыг нь авч хаян оронд хоёр арвын боолт тааруулж, элэгдсэн шүднүүдэд нь дууссан газны савны нимгэн төмрийг зүсэж оруулаад боолтуудыг нь шамбийтал нь чангалж монголчилж хүчлэхгүй хөнгөн дээр нь жийгээд байхад гайгүй тогтоод хот орчих байх аа гэв. Энэхүү үйлдлийг харан зогсоход хавийн хүмүүсийн эвдэрч, гэмтсэн юмыг дор нь монголчилж янзалж өгдөг, юмхнаар юм хийдэг байсан мужаан аавыгаа өөрийн эрхгүй санагалзав. Гэрийн эзэгтэйн дайлсан идээ ундаагаар цайлах зуур замын болон бусад элдвийн зүйлийг ярилцан хөөрөлдөцгөөв. Хамгийн сонин зүйл нь гэвэл өчигдөр өдөр постны байшингийн ойрхон байгаль хамгаалагчийн 4 орчим настай ач/зээ нь зогсож байхад байвгай уулнаас бууж ирээд түүн рүү аажим дөхөж байхыг аав нь харж, гялс хүүхдээ очиж аваад, тэр хавиар нөгөө амьтнаа үргээх гэж буу шийдэм болсон ба шөнө майханд тайван унтаж чадаагүй тухай хүүхдийн ээж бүсгүй ярина. Байгаль хамгаалагч дээр биднийг айлгах гэж байвгайг анхааруулаагүй байж, үнэхээр байсан юм байна гэж бодогдоно. Мөн бид гурав зэрлэг байгалиар тэрхүү амьтантай байтугай мөртэй нь ч таараагүй ирсэндээ байгаль дэлхийдээ бас л талархлаа. Эндээс цааш Баянбуурал болон Батсүмбэр лүү хоёр даваа даваад л орох дөт зам заалгаж аваад гэрийн зүг хөдлөв. Аажмаар өгсөх уужим замыг жийж давааны модтой хэсэгтэй залгаж, модны үндсэн дээр жийхэд төвөгтэй болсон тул дугуйгаа түрж хэсэг явтал байгалийн баялаг болсон гүзээлзгэнүүд маань бас л “Намайг идээч!” гэсэн шиг хаа сайгүй харц булаана. Гүзээлзгэнэ дээр 30 орчим минут сайхан найрлаж байтал “Мөнгөө явъя аа” гэж манай хүн шавдуулав. Зуны амралтаараа 7 хоног ажиллах байж дунд нь нэг хоногийн чөлөө авч ажлаа цалгардуулчихгүй байх юмсан гэж аминдаа л хичээж явсан би админы хэлсэн үгийг гялс хүлээж аваад, замд таарах час улаан, бараг компотны дотор байдаг шиг томорсон байгаа гүзээлзгэнүүдийг харахгүйг хичээн нүдээ даран хэсэг урагшлахад тэд ч алга болсоор давааны орой дээр гараад ирэв. Маргааш би ажилгүй байсан бол ингэж яарах юу байхав, бүр амжихгүй бол бид замдаа хоночихсон ч болох байлаа. Даваан дээр гурвуулаа бөөгнөрч аваад даваа давсны шагналаа авч цааш салхин татуулан уруудав. Гэхдээ энэ үед манай хоёрын тормос усанд норж, наклад нь барихгүй болсон байсан тул уулын уруу механик ажиллагаатайгаар тормозлох буюу хөлөөрөө зогсоож эсвэл хэсэг яваад зам хажуу руу эргэж хурдаа саах байдлаар болгоомжтой бууж ирэв. Байгаль хамгаалагч ахын хэлсэн төмөр сараалжин хашааны хаалгаар гарч, тод замаа дагавал зам хошууг тойрон хойш чиглэх тул урагшаа явсан бүдэг замыг даган урдхан шиг байх айлаас зам асуухаар гурвуулаа урагшлав. Манай хүн арай түрүүлж очиж гэрийн гадаа байх айлын хүнээс зам асуух зуур ах бид хоёр эднийх унагаа татчихаж, айрагтай байгаа юм байна даа гэж ярилцана. Бид хоёрыг хариугүй айлын хажууд очихын алдад манай хүн эргэж ирэх ба ах зөрж очиж айлын хүнтэй яриа өрнүүлж айргаар дайлуулах янзтай болов. Манай хүн нэг наана цаана харагдах хоёр уулын хоорондуур өгсөж харагдах шороон замыг зааж, тэр зам мөн юм байна гээд хөдлөв. Би ч хаданд хавчуулагдсан халиуны зулзага шиг болж “Хүүе ээ! Ах тэнд айраг уух гэж байх шиг байнашт, очихгүй юм уу?” гэхэд манай хүн админ дүрээ гаргаж “Манай хөтөлбөрт айл хэсч, айраг уух гэсэн зүйл байхгүй” гээд эрс шийдэмгий хөдлөв. Би ч нэг талаас клубийн дүрмээ даган нөгөөтэйгүүр өгсүүр өөдөө удаан явдаг гэж өөрийгөө мэдэх тул цаг алдахгүйн үүднээс ардаас нь шууд хөдлөв. Сайхан амттай айраг байсан байхдаа гэж бодогдоход арааны шүлс асгарах ч байгалийн баялаг биш хүний гараар бүтээгдсэн хүнс юм чинь олдох л байлгүй гэж бодох. Үнэхээр ч маргааш нь ажлын ах маань сайхан айргаар дайлж санааг маань амраасан юм. Ийнхүү нилээн удаан өгсөх зам боловч өгсүүр нь гайгүй тул жийсээр байгаад дээр нь гараад ирэв. Давааны орой дээр шавраар арван хоёр жилийг тойруулаад хийсэн овоо байх ба өөрийн жилтэйгээ зургаа даруулав.

Зураг 36. Би туулай жилтэй

Нэг их хүлээж удаагүй байдал ах араас өгсөөд гараад ирлээ. Гурвуулаа нийлж аваад давааны уруу мөн л болгоомжтойхон уруудсаар Баянбуурал руу зүүн урд талаас нь хатгаад ороод ирэв. Өмнө нь орсон дэлгүүрээрээ орж ойр зуурын хүнс авч цайлаад замын хүнээс өмнөх уулынхаа хошууны харалдаа төмөр замаа дагасан замыг дагаж явсаан Батсүмбэр орох боломжтой дөт зам заалгаж аваад гурвуулаа урагшаа жийцгээв. Тэрхүү уулын хошуугаа ороогоод урагшилж байх зуур хэд хэдэн машин биднийг гүйцэн өнгөрөх ба нэг машинтай эгч ямар ч ачаагүй ганцаараа явахтай таарч, ах дугуйгаа ачуулж хот орох унаанд дайгдав. Энэ хүртэл дөрөө нь сугараагүй ирсэнд баярлах ба хэзээ ч салж унах эрсдэлтэй байсан нь боломж гарсан дээр нь унаанд суусан юм. Гурван биедээ болгоомжтой явахыг сануулаад цааш явцгаав. Бид хоёр төмөр замын хажуугаар жийх тул тасарч унасан сараалжин хашааны төмөрний өөдөстэй байсхийгээд таарах тул замаа маш анхааралтай харж жийх ч бид хоёр яах ийхийг зуургүй Батсүмбэрийн хаяанд ороод ирэв. Эрсдлээ бодож эрт босч, эрчтэйхэн жийж явсаныхаа ачаар санасныг бодоход Батсүмбэрт харьцангуй эрт ч ирлээ гэж баярлав. Танил болгон сууриндаа ирээд хамгийн түрүүнд хоолонд орно гэсэн төсөөлөл маань наадмын амралттай давхцаж байсантай холбоотойгоор ажиллаж байгаа хоолны газар байхгүй байсан тул талаар болов. Голсон юм голд гэж Баянбууралд дэлгүүрээс авч идсэн хөнгөн хүнс маань хоолыг орлоно гэж даанч бодоогүй байж. Дандаа бартаа саадтай замаар явсан бидэнд үүнээс цааш ерөнхийдөө дан засмал замаар жийнэ гэдэг үнэхээр их хүч өгч байсан тул 18 цаг дөхүүлээд Батсүмбэрээс хотын зүг хөдлөв. Батсүмбэрийн хаалга өнгөрөөд хэсэг явж байтал хуушуур хийж, зарахаар тохижуулсан автобус таарсан ба тэнд зогсож наадмын дугуй хуушуурнаас нь хоёр, хоёрыг сүүтэй цайтай авахад, ходоод агшчихсан юм уу эсвэл хурц тостойгоос нь болсон уу нэгээс илүү орсонгүй. Уутанд нь хийж аваад цүнхлээд, хэсэг амраад цааш хөдлөв.

Гүнтийн цэнхэр дэлгүүр дээр хальт таталт хийж, нэг нэг ундаа авч уугаад хөдлөхөд цэрийгээд даарах мэдрэмж төрсөн ч хэсэг жийсний дараа Гүнт рүү өгсөхөд харин тэр ундаа маань энерги болон хувирч хүч өгч байлаа. Гүнтийн өгсүүрийн засмал хүртэл дугуйнаасаа буухгүй хамаг байдгаа хийж жийж явсан би шороон замын хэсэг эхэлмэгц нь шууд бууж түрэв. Манай хүн хойно явж байгаад намайг зогсоход хажуугаар жийгээд урагшлаад явав. Шороон замаар өгсөхөд нэгэнт харанхуй болсон байх ба хот руу зүглэх машины цуваа тасрахгүй цувна. Наадамласан нөхөд маньтайгаа адил маргаашийн ажилдаа яарч яваа бололтой хажуугаар шороо манарган, хүчээ алдахгүйн тулд хар хурдаараа давхилдан өнгөрнө. Замын тоосонд булагдан Гүнт рүү өгсөх хүсэх зүйл биш юмсанж. Гэхдээ нэгэнт оройтсон маньд ямар өөр даваагаар давах сонголт байх биш, алхам алхам, сөөм сөөмөөр урагшилсаар байгаад арай гэж орой дээр нь гарлаа. Даваан дээрээ гарч хэсэг амраад, машины завсар харж байгаад багасах үед нь дугуйндаа гялс мордож аваад салхи татуулан уруудав. Цагдаагийн шалганы постны хажууд манай хүн хүлээх ба нийлж аваад цааш уруудав. Голын жавраас болсон уу нилээн жиндүү байх тул Жигжидийн уулзвар дээр байрлах CU-д орж бүлээн сүү ууж, хөнгөн юм идээд хувцсаа давхарлаж өмсөөд, үргэлжлүүлэн жийсээр гэртээ орж ирэхэд 23:40 болж байв. Бор хоногтоо багтаад ирлээ дээ гэж баярлана. Гэрээс гаран гарахдаа л машинд суухгүй ирэх боломжтой биз дээ гэж ханиасаа шалгааж байсан би жийсээр байгаад ирчихлээ шүү дээ гэж бодохоор цаанаа л нэг сайхан байлаа. Аяллын явцад хоног хугацаа давчуу болохын хэрээр үндсэн том зорилгоо биелүүлсэн юм чинь Батсүмбэр хүртэл жийгээд цаашаа хэт оройтвол унаанд сууцгаая гэж ярьж байсан боловч сүүлийн гурван хоног өдөр өглөө бүр 4 цагт босч, өдөржин жийж явсны хүчинд цаг хожиж явсан нь ийнхүү машинд ачуулахгүй байх боломж олгосон байв. Мөн эвдрэл гэмтэл гараагүй ирсэн хүрэн улаан дугуйндаа баярлалаа.

“Ар Монголын ах тэнэг зоригтой” гэгчээр нэгэн том зорилго дор нэгдэж Естийн халуун рашаан дээрээ багаараа очиж, эргээд гэртээ эсэн мэнд явж ирцгээснээр “Алтан гурвал” багийн маань дөрвөн өдөрт төлөвлөгдсөн байсан аялал маань адал явдлаар дүүрэн байж зургаан өдөрт багтан өндөрлөж, бидэнд тод дурсамж үлдээн, зүрх сэтгэлд маань хэзээ ч мартагдахгүйгээр мөнхлөгдөн хадгалагдлаа.

Багийн зүтгэх хүч, тулах цэг болж явсан аялагч ахдаа болон энэхүү гайхалтай аяллыг санаачлан, амжилттай зохион байгуулсан хайрт ханьдаа хязгааргүй их баярлалаа.

Дараа жилийн аялал даанч хол байна даа.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ш.Мөнгөнсүх С.Мөнхбат Г.Махгал
Ш.Мөнгөнсүх
  • 7584 км
  • 72
  • 8
  • 2
  • 1
  • 3
С.Мөнхбат
  • 10811 км
  • 93
  • 12
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11142 км
  • 111
  • 7
  • 1
  • 2
  • 4
Зүгээр л жий!