Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Энэ аялал бол хоёр долоо хоногийн дараа зохиох УБ 240/24 2024 аяллын бэлтгэл хангах гэсэн үндсэн зорилготой байлаа. Уг зорилгын хүрээнд бид дараах хэдэн зорилтыг хэрэгжүүлнэ. Үүнд:
Аяллын баг 09:01 минутад цуглах цэгээс хөдөлж 25 минутын дараа Төв аймгийн товчоо дээр эхний таталт хийлээ. Цуглах дээр биднийг ШТГ Д.Ганбат ах гаргаж өгөөд хот руу буцлаа. Түүний аяллын оролцоог зохих ёсоор хувийн хэрэгт нь бүртгэв. Ахиад цагийн дараа Төв аймгийн замаас салж "танихгүй" замаа хөөж эхлэхэд бэлэн болсон байв. Хэдий тийм боловч Алтанбулаг сумын төв хүртэл ус, унд залгуулах дэлгүүр сэлт юу ч байхгүй тул зам дагуух дэлгүүрээс унд усыг нь сэлбүүлэхийн тулд энд хэдэн арван минутаар саатлаа. Ингээд ямартаа ч өнөөдрийн аяллын үеэр "хатаж үхлээ" гэх үг сонстоогүй.
Засмал зам шинэ нисэх буудлын уурын зуух хүртэл үргэлжлэв. УБ 240/24 аяллын маршрутын Сэргэлэн сумын төвөөс Алтанбулаг сумын төв хүртэлх зам яг энд нийлэх ажээ. Өөрөөр хэлбэл Сэргэлэн сумын төвөөс хөндий даган уруудсаар тус уурын зуухын янданг чиглэн ирнэ. Мөн үүнээс цааш яг 15 км явахад Алтанбулаг сум хүргэх замын эргэлтийн цэгт очих аж. Энэ дунд нэг зам зүүн гар тийш салах нь эцэстээ чанх өмнө зүг рүү одох аж. Түүгээр ороогүй буюу зөв замаар яваа бол Бөхөг нарны цахилгаан станцын нарны хавтангууд нүдний буланд харагдсаар байх аж. Мөн мэдээж тэр станц руу хүргэх зам хэдэнтээ салах аж. Ингээд тод замаа дагаж чив чигээрээ жийсээр уулын намхавтар хамар дээр 10:50 цагт гарч, үргэлжлэн цувсан багийн гишүүдээ татан бөөгнүүллээ. Эндээс газар орны байдлыг газрын зурагтай харьцуулан харвал явах чиг нэн тодорхой болов. Хөндлөн гарах хоёр замыг огтлон өнгөрч бас тэр хоёр замын дунд байх хөтлийг шувт дайран гараад, уулын хөндий дэх тойром өнгөрүүт л давааны өгсүүр залган авах аж. Үүнээс цааших зам эргэлзээгүй хөтөлсөөр Алтанбулаг сумын төвд хүргэх аж. Түүнчлэн мөнөөх эргэлтийн цэгээс Алтанбулаг сумын төв рүү чиглүүлэн татаж буюу өндөр хүчдэлийн цахилгааны шугамын тулгуур шонгууд ярайн харагдах нь хөдөлбөргүй газарчин болох юм.
Шороон замд багийн гишүүдээ татан бөөгнүүлсэн татах цэг буюу мөнөөх эргэлтийн цэг бараг л Алтанбулаг сумын хилийн дээс дээр байна. Эндээс Алтанбулаг сумын төв хүртэл 27 орчим км, дэржигнүүртэй, элсэрхэг сул шороон зам үргэлжилнэ. Багийн чиглүүлэгч энэ замд ямар нэг таталтгүй шууд "бууджээ". Татах тохиромжтой цэг гэвэл дээр цухас дурдсан даваа байсан ч тэр нь эргэлтийн цэг буюу сүүлийн таталтын цэгээс холгүй байсан тул ийнхүү Алтанбулаг сум хүртэл нэвт буудсан нь зөв шийдвэр юм.
Алтанбулаг сум хүртэлх шороон зам багийн гишүүдийн хүч тамирыг овоо сорсон болов уу. Гэвч энэ талаар "үглэж дуулах" гишүүн нэг ч байсангүй. Гэлээ ч одоо залгуулаад автомашины хөдөлгөөн ихтэй засмал замаар жийх тул аюулгүй байдлын үүднээс багийн гишүүдээ сайтар амраах хэрэгтэй. Ингээд багийн толгойд явсан 4, 5 гишүүн бараг 12:40 цаг гэхэд Алтанбулаг сумын төвд ирсэн бол багийн бусад гишүүдийг хүлээх, амраах зэргээр 14:00 цаг хүргэн байж цааш хөдөллөө.
Өнөөдрийн аяллаар манай клубийн хоёр гишүүн улаан бас цэнхэр тэмдгийн болзол биелүүлсэн юм. Тэдгээр гишүүдийн тэмдгийг Алтанбулаг сумын хаалганы харалдаа, ёслол төгөлдөр гардуулсан. Гишүүдийн цаашдын аяллын зам дардан байг хэмээн ерөөе.
Бид цааш үргэлжлүүлэн Туул тосгон хүртэл өөр өөрсдийн эрчмээр жийгээд, түүнээс цааш Био комбинат хүртэл хоёрын цуваагаар явцгаасан бол Морингийн давааны өгсүүрээс эхлэн "амь амиа бодох" тактикаар дайран дайрсаар Буянт-Ухаа дахь тарах цэгт 16:00 цагаас эхлэн ээлж дараалан хүрч очсоноор өнөөдрийн аялал амжилттай өндөрлөлөө.
Мөн биеийн байдлын улмаас аяллаа замын дунд дуусгах болсон өөр нэг гишүүнд тээврийн хэрэгслээр тусалсан Т.Энхтөр гишүүнд талархал илэрхийлье.
Удахгүй болох УБ 240/24 2024 аялал дээр уулзацгааж, хамтдаа ЗҮГЭЭР Л ЖИЙцгээе.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Б.Бадрах | Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг | 8304 км |
Т.Батдөлгөөн | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1259 км |