Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Нар жаргаж үдшийн бүрий аажим нөмөрч асан цагаар манай баг даваан дээр гарч ирлээ. Салхи намдан, шөнийн тэнгэрт шинийн хоёрны хавирган сар харагдана. Ойрын өдрүүдэд орсон багахан хур тунадас УБ хотын хойд хэсгээр овоохон орсон юм болов уу даа. Урьд нь энэ чиглэлээр олон удаа явж байхад таардаг жижиг горхи булгууд ундран урсаж зам шавартай устай байлаа. Даваа уруудан Ар Гүнтийн засмал руу нийлэх замд овоохон шавар ус туулна гэдэг илт боллоо. Хурц тод гэрэл чийдэнгээ тусган, арын улаан гэрлүүд анивчин жирвэлзэж унадаг дугуйны танил араа гинж шожигнон эргэлдсээр, бүрэнхий харанхуйд барайн үзэгдэх цасан нөмрөгөөсөө хараахан салаагүй ойн замаар бид уруудана. Энэ чиглэлд анх удаа ийнхүү шөнийн цагаар явах нь огт өөр мэдрэмж төрүүлнэ.
Цуглах цэг рүү жийсэн зам энэ шөнийн хамгийн хэцүү шалгуур болсон. Хойд зүгээс үлээх салхи сөрөн хотын төвөөс цаг гаруй жийсээр Жигжидийн уулзвар хүрсэнсэн. Аялал яг товлосон цагт эхлэв. Бүртгүүлсэн гишүүд нэлээд хоцорч байлаа. Нэг гишүүн Шадивлан өнгөрөөд ирж яваа гэсэн мэдээг автомашинтай өнгөрсөн хашир гишүүн (шөнийн жийлтэнд оролцоогүй)-ээс сонсов. Яг хөдлөх мөчид чиглүүлэгч гишүүн цуваандаа нийлж, Баянбулагийн зуслан дээр нэг гишүүн нэгдлээ. Майхан толгой руу салдаг уулзвар хүрэхэд салхи "үгүй" болов. Ойн цагдаагийн хажуухан нарсан ой модны захад түрхэн татаад даваа өөд жийлээ. Зам шалчигнаж байсан ч нэг нэгнээ бараадан хоорондоо зайгаа барин өгсөж билээ. Даваан дээр гарах агшинаа араас "хөөсөн" гишүүн маань гүйцээд ирэв. Хамтдаа дурсгалын зургаа авахуулаад дээр өгүүлсэн үйл явдлын өгүүлэмжид бид орсон юм.
Амны дээд хэсгийн айлуудын ноход боргон, зарим нь даган хуцаж давхиж байлаа. Олуулаа тул нохойд боорлуулсангүй. Сайжруулсан шороон замд хоёрын хоёр гишүүний урд дугуй ойрмогхон хагарлаа. Засмал замтай нийлэн хоёрын цуваагаар хамтдаа урагшилав. Салхи хажуу талаас цохино. Зөрж өнгөрөх, араас гүйцэх автомашинуудын урсгал дунд холилдон жийсээр Батсүмбэр сумын төв зорих автомашины уулзвар дээр хальтхан татлаа. Жаргалант дүүрэг, Рашаант суурин өнгөрөн 361 гарам дээр ирэхэд ажиллаж буй цайны газрууд "байсангүй".
Баруунтурууны даваа өөд шожигнотол өгссөөр давлаа. Шөнө дунд давааны уруу гэрэлдээ найдан дугуйгаа сул тавьлаа. Замын хажуу талаар үргэлжлэх цагаан шугам тахир эргэлтийг заан сунайн үргэлжлэх нь таатай. Автомашин бүртгэх товчоо дээр бүгд 13 гишүүн цугларч, тайван хэмнэлээр хотын зүг 20-22 км/ц-ийн хурд барин явсаар, гүн нойрондоо автах хотын зах орж ирсэн юм. Анхны аялалдаа оролцсон залуу, багийн ганц бүсгүй гишүүн тун сайн жийж байлаа. Ийнхүү энэ удаагийн шөнийн жийлт амжилттай болж дуусав. Дараа дараагийн аяллын замдаа ахин уулзацгаая, андууд аа. Зүгээр л жий.