Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #164 - Ар шижир ба Ар гүнт

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/327
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
80 км
Давааны тоо
3
Өндөр авалт
903 м
Өндөр алдалт
-904 м
Их өгсөлт
15.7 %
Их уруудалт
-15.1 %
Оролцогчдын тоо
29
Эхлэх цаг
2024 оны 4 сарын 27 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Тахилтын автобусны эцсийн буудал
Цуглах цэгийн солбицол
47.936028, 106.682833
47°56'9.7"N, 106°40'58.2"E

Маршрутын талаарх нэмэлт мэдээлэл

Аялалд оролцохоор бүртгүүлсэн гишүүд цуглах цэгээс хойш Тахилтын амаар өгсөн Тахилтын даваа давж Тахилтын хөндий улмаар залгуулан Шижирийн хөндийгөөр уруудаж Хүйн голын хөндий рүү орох буюу Ар шижир дэх сууринд хүрнэ. Суурин руу оролгүй Шижрийн уулын бэл даган араар нь тойрно. Цааш Хүйн голын хөндийгээр чигээрээ жийсээр Бурхантын уулны хойд хошууг тойрч Толгойтын ам руу буюу Ар гүнт рүү орно. Эндээс цааш Толгойтын ам руу бус харин Бурхантын уул ба Цагаан бургас уул хоорондын ам руу орж улмаар Цагаан бургас уулын хамар дээгүүр давах буюу буцаад Толгойтын ам руу орно. Үүнээс цааш цардмал автозам руу орж жийн Гүнтийн давааг давж Жигжид хүрсэнээр аялал өндөрлөнө.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Аяллын баг цуглах цэг буюу Тахилтын автобусны эцсийн буудлаас 09:01 цагт хөдлөв. Аялал эхлэх цагтай уралдан 09:00 цагт нэг гишүүн ирэв. Мөн араас хоёр гурван гишүүн нэхэн иржээ. Ийнхүү аялалд оролцохоор бүртгүүлсэн 33 гишүүний 29 нь хүрэлцэн иржээ. Харин ирээгүй гишүүдийн нэгний унадаг дугуйд техникийн асуудал гарсан гэсэн мэдээг хожим авлаа.

Хаврын сэрүүн өглөө, давааны алсуур өгсүүр, чанх өөдөөс үлээх салхи. Тахилтын хэмээх уртаас урт уг амны алсуур өгсүүр өөд зүтгэхэд зарцуулах нэмэлт ачааллаас халсан биеэ энэхүү сэрүүн салхиар сэрүүцүүлэн жийх туйлын таатай. Манай нэг гишүүний хэлдэгчлэн жаргах жийх гэдэг ёстой л энэ гэлтэй.

Тахилтын даваа нь нүцгэн буюу модгүй даваа тул давааны өвөр ба ар талд цас төдийлэн хуримтлагдаагүйн дээр нар салхинд аль хэдийн хайлж ууршин алга болжээ. Харин жалга судгаар нь мэр сэр цас байсны бараг бүгдийг нь аргалаад жийн гарч болж байна. Хайлаагүй үлдсэн бусад цас нь 6 хоногийн өмнө орсон сүүлийн цас л болов уу. Ерөнхийдөө энэ удаагийн аяллын маршрутын дагуух зам яг төсөөлж байснаар шууд хальтираад бүр яагаад ч тогтож болдоггүй улгүй шавар нь багасаж, дугуй зоогдоод явах ямар ч аргагүй болгодог цас нь яг алга болсон буюу ид жийдэг дээрээ байлаа.

Зураг 1. Аяллын багийн бүрэлдэхүүн Тахилтын даваа дээр

Тахилтын давааны алсуур өгсүүрт манай багийнхан ихэд цуварчээ. Даваанаас баруун тийш уул хярлан жийж өндөрт гараад харахад цувааны сүүл нэлээн хол харагдана. Уулын бэл рүү алгуур уруудаж болох бяцхан хошуу даган дугуйгаа аажуу өнхрүүлсээр бууж очтол УШТГ Ган-Очир хоёр гартаа нэжгээд дугуй түрэн алхана. Бие нь түр тавгүйтсэн нэгэн ахдаа туслан, давааны өгсүүрийн сүүлийн огцом хэсгийг давуулж өгөхөөр яваа нь тэр ажээ.

Тахилтын даваа дээр цувааны сүүлийн гишүүдээ ирэхийг хүлээж бас хэсэг амсхийн амарч уруудахад бэлдэв. Үүний зэрэгцээ клубийн гишүүний бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн хоёр гишүүндээ тэмдгийг нь ёслол хүндлэлтэйгээр гардуулж өгөв.

Зураг 2. Бахархлын улаан болон ногоон тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Ингээд 10:15 цагт Тахилтын даваанаас уруудаж эхэллээ. Тахилтын давааны арын урууд гуч дөчин км/ц-ийн хурдаар хийсэх мэт урууддаг даа. Гэтэл энэ удаад жийгээд жийгээд хурд дөнгөж хорин хэдэн км/ц-т л хүрч байна. Хаврын салхины хүчээ гэж.

Давааны уруу жийж жийсээр амны адагт хүрэхэд манайхан татчихаж. Амны адагт байдаг суурингийн хамгийн эхний хашааг салхины нөмөр болгон татаж зогссон нь маш зөв шийдвэр юм. Энэ бол хашир туршлагатай чиглүүлэгч маань энэ удаагийн аялалд яваагийн давуу тал л даа. Баг яг нэг баг болж аялахад цувааны толгойд явах хүн буюу чиглүүлэгч гол үүрэг гүйцэтгэдэг. Замын салаа, эргэлтийн цэг, маршрутын уртаас болж тасарч цувсан аяллын багийн гишүүдэд эргэлзээтэй болох хэсэг зэргийг алдалгүй мэдэрч багийг татах нь чиглүүлэгчийн л сайных юм.

Өнөөдрийн аяллын маршрутын өндөршлийн зураг дээр хоёр том давааны дунд харагдах жижигхэн шовгор бол өнөөдрийн аяллын чимэг юм. Цагаан бургас уул хэмээх намхан уулын хамраар давах замын өгсүүр уруу нь манай багийнхныг тэрүүхэн тэндээ доруйхан сорьж чадсан. Хамар дээр түрүүлж гарсан нь араас гарч ирэх нэгнээ дэмжинэ, зөвлөнө, хүч алдаж эсвэл хальтирч буух бүр унахад нь гэм хоргүйгээр инээлдэн хөгжилдөцгөөнө. Эдгээрээс хамгийн оргил нь гэвэл өгсүүр өөд зүтгүүлэх унадаг дугуйных нь араа шүд яалт ч үгүй дутан явахаа болиход нь шифи-гээ мултлан бууж амжилгүй унасан нэг залуу гишүүнийг "За одоо наашаа харчих" хэмээн байж нүүр царайг нь видео бичлэгтээ оруулсан нэг эгчийн үйлдлийг хэлж болох юм. Камер өөдөө харан инээмсэглэх залуу хүүгийн инээмсэглэлд ичих байдал огт үгүй. Хурд гаргахад зориулан тоноглосон жижиг араатай дугуйг явахаа больтол нь зүтгүүлж тэр өндөр гаргаж чадсан түүнд ичих зүйл юу байх сан билээ.

Уг бяцхан боловч хэрдээ таарсан өгсүүр хамарыг жийж давахаар зориглоогүй гишүүд харин өгсүүр өөд шунан жийсэн мань мэтийнхээ анзааралгүй өнгөрүүлсэн хаврын яргуйг олж үзсэнээ гар утасны камераар фото зураг болгон буулгацгаажээ. Ердөө УБ хотын хилийн дээс давалгүй ойрхон аялахад л ийм гоё зүйл үзэж болдог ажээ.

Зураг 3. Цагаан бургас уулын хамар даван уруудаж буй уулын унадаг дугуйчид

Цагаан бургас уулын хамар даван уруудаж эхлэхэд 11:50 цаг болж байв. Уг уулын ташлан нь овоо огцом аж. Огцом уруу байгааг нэг нэгдээ анхааруулж улмаар өөр өөрсдийн ур чадвар, унадаг дугуйн онцлогтоо тохируулан осолгүй бууцгаалаа.

Зураг 4. Аяллын цувааны сүүлийн хэсэг уул энгэрээр уруудаж буй нь

Зураг 5. Цагаан бургас уул дээрээс Толгойтын ам буюу Ар гүнтийн харагдах байдал

Замын сүүлийн эргэлтийн цэг болох Ар гүнтийн цардмал замтай нийлэх шороон замын уулзварт ирэхэд цаг 12:15 болж байв. Замын уулзварын ар байх жижиг дэлгүүрийн урд талбай дээр багаараа хамт сууцгаан үдийн хоолоо идэж 12:40 цаг хүртэл амрав.

Ийнхүү хориод минут амраад сүүлийн даваа болох Гүнтийн даваа руу дайрлаа. Гүнтийн даваа өнөөх л байдаг янзаараа буюу замын шороо хаашаа хийсэх нь ойлгомжгүйгээрээ. Ингээд 20 дугуйтай машинаас үл дутахаар шороо босгох суудлын машинуудын дундуур шувт гарч Өвөр гүнтийн эвдэрхий, нойтон, шалбаагтай замаар уруудсаар өнөөдрийн аяллын тарах цэг болох Жигжидийн уулзвар дээр ирцгээлээ. Эхний гишүүд яагаа ч үгүй эрт тэнд очицгоосон бол харин хамгийн сүүлийн хүн 14:00 цаг гэхэд ирсэнээр өнөөдрийн аялал амжилттай болж өндөрлөлөө.

Зураг 6. Хэн нэг нь баас дайрчээ

Дараагийн аяллаар эргэн уулзаж хамтдаа ЗҮГЭЭР Л ЖИЙцгээе.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Энххуяг Э.Уранзул Э.Сарангарав С.Бөхбат Б.Батбуян О.Шинэбаяр Д.Ганболд Д.Бямбасүрэн С.Отгонбаатар У.Хосбаяр А.Отгонбаяр Н.Даваасүрэн Б.Элбэгзаяа Б.Сүхбат Д.Сонинбаяр Г.Ёндонжамц Т.Ган-Очир П.Батмөнх Т.Баярсайхан Б.Бадрах Д.Баасансүрэн Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс Н.Төгөлдөр С.Мөнхбат Г.Махгал У.Одбаяр П.Золзаяа
Э.Энххуяг
  • 1179 км дутуу
  • 80 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Уранзул
  • 646 км дутуу
  • 613 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Сарангарав
  • 405 км дутуу
  • 854 км
  • 8
  • 0
  • 0
  • 1
  • 0
С.Бөхбат
  • 400 км дутуу
  • 859 км
  • 10
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Батбуян
  • 1414 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 1
О.Шинэбаяр
  • 1478 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 1
Д.Ганболд
  • 2092 км
  • 27
  • 1
  • 0
  • 0
  • 0
Д.Бямбасүрэн
  • 2401 км
  • 24
  • 1
  • 0
  • 1
  • 1
С.Отгонбаатар
  • 2479 км
  • 27
  • 0
  • 0
  • 1
  • 1
У.Хосбаяр
  • 2690 км
  • 27
  • 0
  • 0
  • 0
  • 1
А.Отгонбаяр
  • 3044 км
  • 26
  • 0
  • 0
  • 1
  • 1
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Т.Баярсайхан
  • 8419 км
  • 94
  • 2
  • 0
  • 3
  • 0
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
Н.Төгөлдөр
  • 11350 км
  • 83
  • 16
  • 3
  • 2
  • 2
С.Мөнхбат
  • 11381 км
  • 99
  • 13
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11426 км
  • 115
  • 7
  • 1
  • 2
  • 4
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Т.Баярсайхан Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг 8267 км
Зүгээр л жий!