Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #163 - Жирмийн цагаан нуур

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/326
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
132 км
Давааны тоо
0
Өндөр авалт
928 м
Өндөр алдалт
-929 м
Их өгсөлт
6.2 %
Их уруудалт
-6.3 %
Оролцогчдын тоо
26
Эхлэх цаг
2024 оны 4 сарын 20 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Номин 22 агуулах худалдаа
Цуглах цэгийн солбицол
47.902528, 106.737111
47°54'9.1"N, 106°44'13.6"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Аяллын багийн бүрэлдэхүүн Монгол наадам цогцолбор дээр

Оршил

Энэ удаагийн өдрийн аялал нь клубийн уламжлалт, хавар цагийн хамгийн эхний майхантай хоногийн аялал Гүнжийн сүмийн хоногийн аялалтай параллел байдлаар зохиогдсоноороо онцлог юм. Клубийн хоногийн аялалд клубийн бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд л оролцох эрхтэйгээс гадна аяллын тусгай бэлтгэл шаардлагатай байдаг тул бахархлын тэмдэггүй болон бахархлын тэмдэгтэй боловч хоногийн аялалд оролцох боломж нь бүрдээгүй эсвэл өдрийн аялалд л оролцох сонирхолтой гишүүдэд зориулсан ийм параллел аялал зохиодог билээ.

Хоногийн аяллын баг Гүнжийн сүм гэсэн түүхэн дурсгалт газар руу аялж байгаатай "барьцан" өдрийн аялалд оролцогчдоо Жирэмийн цагаан нуурын чиглэлд жийлгэх маршрут төлөвлөлөө. Энэ далимаар Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолбороор дайран, хурдан морь уралдааны замаар жийх юм. Энэ замыг унадаг дугуйн уралдаан тэмцээнд оролцдог унадаг дугуйчид "Морь хурдан уу, дугуй хурдан уу" болон "Даагаа нэхэх" тэмцээний зам гэдгээр сайн мэднэ. Гэхдээ манай аяллын багийн хувьд тус замыг эсрэг чигт туулна. Маршрутыг анх зохиож байхдаа Жирэмийн цагаан нуураас буцахдаа ч хурдан морь уралдааны замаар буцах замын зураг гаргасан ч нийт замын урт 130 гаруй км болсон, үүнээс шороон замын урт нь 50 гаруй км болохоор байсан нь жийлтийн эрчмээрээ харилцан адилгүй, өмнөх аяллуудынх шиг олон оролцогчтой байж магадгүй аяллын хувьд хүндэдмээр санагдсан тул буцах чиглэлийг цардмал замаар жийхээр болгож өөрчилсөн юм. Учир нь ийм шороон зам өгсүүр уруугүй хялбархан жийгээд туулчихмаар мэт боловч дугуйчны тамир тэнхээг алсуураа юу ч үгүй болтол сордог билээ. Эхэндээ хорь, зарим нь гуч гаруй км/ц хурдтай жирийлгэж эхлэх авч аажмаар энэ хурд буурсаар дөнгөн данган 15 км/ц цаашилбал үүнээс ч бага болдог.

Зураг 2. Хурдан морины уралдааны зам руу орохоор жийж яваа нь

Эхлэл

Аяллын бүртгэлд 30 гишүүн бүртгүүлсэнээс 26 (+1) нь хүрэлцэн ирж оролцов. Аяллын баг цуглах цэгээс 09:01 цагт хөдөлсөн. Эхлээд бие халаах байдалтай аажуухан жийн жийсээр улмаар хурдаа алгуур нэмсээр Эмээлтийн хэдэн өгсүүрийг өөр өөрсдийн жийлтийн эрчмээр давцгаав. Энэ зуурт цуваа овоо сунаж гишүүд өөр хоорондоо багагүй зайтай болжээ. Өнөөдрийн аялал эрт дуусахгүй шүү гэсэн дохио. Эмээлтээс цааш хүнсний дэлгүүр, гуанз байхгүй тул эндээс замын хүнсээ базаахыг хэлж сануулав.

Шинэ хүн шинэ техник хоёр хэн хэндээ халгаатай

Ингээд Эмээлт суурингаас гарахад байдаг өгсүүр өөд гайгүй жийдэг хэд нь нэг нэгдээ хаягдчихгүйхэн шиг бөөндөө, үлдсэн хэд нь гурваараа хоёроороо буюу ерөнхийдөө бөөндөө явцгаасаар Монгол наадам цогцолборт хүрэв. Энэ зуурт саяхнаас эхлэн хамт жийж эхэлсэн, жийлтийн эрчим нь бүрэн жигдрээгүй зарим гишүүдийг өгсүүр өөд гарахад дэмнэн түрж өгөв. Мөн унадаг дугуйгаа сольсон нэг гишүүн нэлээн хоцорч явсаныг түрэх үү гэтэл хэрэггүй гэхээр нь өмнө хэд хэдэн аялалд амжилттай оролцож байсан түүнийг алзахгүй биз гээд түрүүлээд явтал сүүлдээ газрын гаваар орсон мэт алга болсон нь эцэстээ засмалаар нэвт чигээрээ явсан болж таарав. Түүний шинэ дугуй нь хэт шинэдээд жигдрээгүй байгаа бололтой.

Зураг 3. Шинэ хүн шинэ техник хоёр хэн хэндээ халгаатай

Дугуйных нь хоёр шатуныг цэвэр эсрэг чигт биш, сөөлжүү гэмээр угсарчихсан байсныг манай нэг гишүүн анзаарч засаж өгсөн байна. Гэсэн ч бүрэн "хуучраагүй" л байсан бололтой гэж одоо бодогдох нь түүний сүүл мушгиж явсаныг нэхэн санасантай холбоотой. Ийнхүү явахдаа манай хүн маршрутаас дур мэдэн хазайж Лүнгийн замаар орсон байна. "Нэгэнт багийн хэмнэлийг гүйцэж явж чадахгүй нь. Иймээс буцах замд нь амдаад нийлье." гэж бодсон гэнэ. Үүнийг нь зэмлэсэн шүүмжлэл ч клубийн гишүүдийн дунд өрнөөд өнгөрчээ. Энэ нь манай клуб бүтэн багаараа, төлөвлөсөн маршрутын дагуу аялдагтай холбоотой. Зүй нь нэгэнт ойрхон байсан таталтын цэг дээр хүрч очоод энэ учраа мэдүүлбэл зохих байсан гэдгийг шинэ гишүүд анхааралдаа авна биз ээ. Мөн түүнчлэн унадаг дугуйчинд тодорхой хэмжээний техникийн ойлголт шаардлагатайн дээр аяллын өмнө унадаг дугуйгаа шалгаж бэлэн байдлыг нь хангасан байвал зохилтой.

Өрнөл

Энэ хооронд манай багийнхан морь барианы хэсгээр дайрч гаран улмаар хурдан морьд тарлахтай тааралдах зэргээр сонирхолтой сайхан жийсэн байна. Тухайн үед сэтгэл нь хөдлөн огшсон гишүүдээс видео бичлэг хийж улмаар нийгмийн сүлжээнд шейрлэсэн ч нь байна.

Зураг 4. Хурдан морь ба унадаг дугуй нэг дор

Өрнөл хэтэрсэн нь буюу аяллын багийн бүрэлдэхүүнийг хоёр хэсэгт салгасан гэнэтийн зогсолт

Даваагүй боловч 132 км урт зам гэдэг тоглоом биш. Учир нь уул, даваагүй газарт салхи гэж эрсдэлт хүчин зүйл бий. Мөн бид аяллын эхнээс дуустал тувт салхи сөрсөн. Түүнчлэн энэ үед дээр дурдсан дугуйчны тамир тэнхээг сордог шороон замаар жийж явсан. Гэтэл урдхан явсан манай багийн гурван гишүүн гэнэт зогсоодохов. Уг нь замын дунд ингэж зогсох явдал манай клубийн хувьд нүдний гэм билээ. Нэг гишүүний бие хямарчээ. Ачаалал нь хэтэрсэн явдал болж таарав. Аяллын эхнээс л хүн бүртэй л уралдаад урд хойно нь ороод явсан гэнэ. Өөрийн бус эрчмээр ингэж хамаагүй жийгээд байсныг нь гишүүд хэлж сануулж байсан ч тоохгүй байсан гэнэ. Ингээд түүнийг ойр байсан суурин руу алгуурхан явж хүрээд биднийг буцаж иртэл амран хүлээж байхыг бүгдээрээ хэлж зөвлөв. Энэхэн зуурт чамгүй хугацаа өнгөрч багийн түрүүч ёстой бараа сураггүй болжээ. Ийнхүү баг хоёр хуваагдав.

Зураг 5. Аяллын багийг түр зуур хоёр хуваагдахад хүргэсэн гэнэтийн зогсолт

Оргил хэсэг буюу Жирэмийн цагаан нуурын дэргэд "хоёр баг" зөрөлдсөн нь

Нөгөө Морь хурдан уу, дугуй хурдан уу тэмцээний замын эхлэл буюу азарга ба их насны морьдын уралдааны гарааны зурхай руу дөхөж ирэхэд урдах Хустайн нуруу ба арын уулс улам шахаж, хөндий нарийсдаг бас хөндийн төгсгөл болсон бэсрэг уул байдаг билээ. Энэ нь топографийн зургаас ч тодорхой харагдана. Ингээд маршрутын төгсгөл рүү ойртож очоод давчуухан тэр газраас "нөгөө баг"-аа зүг бүр тийш хараа сунган хараад хараад олдоггүй дээ. Энд тэнд юм бүртэлзэж үзэгдэх нь эцэстээ үхэр мал болж таарна. Толгойн группээ шууд олж харж чадахгүй байсан тул манайхны нэг нь утсаар ярив. Айлын гэр гэх мэтчилэн ярих аж. Бидэнд гэр харагдахгүй л байв.

Тэгээд нуураа зүглэхээр урагш чиглэн дэрсний сул чөлөөг харан явж байтал "нөгөө баг" маань жагсаалаараа жийгээд нүдний өмнө гараад ирэв. Тэгсэнээ юу юугүй зөрөөд яваад өгөх юм. Дэрс ихтэй замаа анхаараад бас баруун хойд талаас уулын хөндий даган чанх өөдөөс нь шахуу үүлээх салхи сөрөөд толгой өөд татах сөхөөгүй явцгаасан бололтой. "Нөгөө баг" бидний нүднээ гэнэт гарч ирсэн шиг нуур ч бас л гараад ирэв. Яг энүүхэндээ хонхор ажээ. Жирэмийн цагаан нуур гэж тал талаасаа уулсаар хашигдсан багавтар нарийн хөндийн адаг дахь ийм бяцхан хонхорт байдаг, нэр шигээ давс хужир болсон цагаан нуур байна.

Бараг хажуугаар зөрөөд өнгөрч буй "нөгөө баг" руу шууд эргээд буцчих вий гэж санаа нь зовсон бололтой зарим гишүүд "нуураа үзнэ биз дээ, нуураа үзнэ шүү" л гэнэ. Ингээд багийн сүүлийн групп 14:40 цагийн орчим Жирэмийн цагаан нуурын эрэгт очлоо.

Зураг 6. Жирэмийн цагаан нуурын эрэгт

Зураг 7. Жирэмийн цагаан нуурын эрэгт

Аяллын төгсгөл буюу буцах замд

Аяллын хамгийн хэцүү хэсэг гэвэл буцах зам л байдаг гэчихэд ерөнхийдөө зөвдөнө. Өнөөдрийн хувьд гэвэл шороон замаар, салхи сөрж, олон цагаар жийсэн. Энэ бүгдийг урьдчилан тооцож, маршрутын тал хагас буюу буцах замыг цардмал зам дагуулан зурсан. Шороон замаар удаан жийж ядарсан дугуйчин цардмал зам дээр гарахаараа аажмаар сэргэж сүүлдээ бүр давраад жирийтэл давхиж эхэлдэг. Иймээс энэхүү харьцангуй урт аяллын төгсгөлийг засмал замаар жийж дуусгахаар төлөвлөсөн. Бас хэрэв аялал хангалттай эрт дуусахаар байвал буцахдаа ч шороон замаар жийж болох юм хэмээсэн боловч ийм явдал тохиох нөхцөл бүрдсэнгүй.

Энэ аяллын хамгийн эвгүй хэсэг бол "наадмын зам"-тай нийлэх хүртэл үргэлжлэх хоёр эгнээтэй нарийн зам юм. Бөөн хэл ам татланхан тавигдсан энэ зам үнэхээр нарийхан. Жолооч нар үүнийг нь үл ойшоон, өөрийнхөө болон өөр бусдын үхлийг эрэх мэт чихэн байж гүйцэж түрүүлэх үйлдэл хийх нь хачирхалтай.

Замын дунд таарах ШТС бараадсан жижиг сууринд цувааны түрүүч буюу нуурын тэнд зөрөлдсөн "нөгөө баг" биднийг хүлээж байжээ. Тэнд бүтэн багаараа хангалттай хооллож, амраад хөдлөв. 17 цаг өнгөрчээ.

Зураг 8. Бууз хийцгээсэн нь

Буцах замыг ёстой л багийн хүчээр туулж дуусгасан даа. Цуваанаас сугарч хоцорсон гишүүдийг түрж цуваанд нийлүүлэх, салхи авах, хойноос ойртон ирж буй автомашинаас сэрэмжлүүлэх зэргээр туршлага, ур чадвартай гишүүд аяллыг амжилттай дуусгахад их үүрэг гүйцэтгэсэн. Яван явсаар өглөө аяллаа эхлүүлсэн цуглах цэг дээрээ 19:10 цагт буюу 10 цагийн дараа буцаж ирцгээв. Үүнээс цааш боломжийн хэрээр бөөндөө жийсээр тарцгааж аялал өндөрлөлөө.

Зураг 9. Гол ба туслах замын уулзвар дахь Жирэмийн цагаан нуур амралтын газрын хаягийн самбар

Ийнхүү Жирэмийн цагаан нуур хэмээх нэгэн аялал хүрэлцэн ирж, баг болон хамтдаа жийсэн олон олон дугуйчдын идэвх оролцоогоор бодит биелэл болон клуб хийгээд хувь гишүүн нэг бүрнээ түүх болон үлдлээ. Дараагийн аяллаар эргэн уулзаж, хамтдаа ЗҮГЭЭР Л ЖИЙцгээе.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Р.Буянбадрах С.Амгалан Э.Жаргалмаа Ж.Төгсбаяр Э.Уранзул С.Бөхбат Т.Батдөлгөөн Б.Батбуян О.Шинэбаяр Ж.Баярсайхан Ж.Батдаваа Д.Бямбасүрэн С.Отгонбаатар А.Отгонбаяр Н.Даваасүрэн Б.Элбэгзаяа Д.Ганбат Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх Ц.Наранхүү Т.Баярсайхан П.Батмөнх Д.Баасансүрэн Ж.Октябрь Г.Махгал Б.Насанбат
Р.Буянбадрах
  • 1127 км дутуу
  • 132 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Амгалан
  • 1054 км дутуу
  • 205 км
  • 2
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Жаргалмаа
  • 934 км дутуу
  • 325 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Төгсбаяр
  • 662 км дутуу
  • 597 км
  • 7
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Уранзул
  • 646 км дутуу
  • 613 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Бөхбат
  • 466 км дутуу
  • 793 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Батдөлгөөн
  • 1259 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Батбуян
  • 1414 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 1
О.Шинэбаяр
  • 1478 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ж.Баярсайхан
  • 1488 км
  • 13
  • 0
  • 0
  • 1
  • 2
Ж.Батдаваа
  • 1867 км
  • 23
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Бямбасүрэн
  • 1978 км
  • 20
  • 0
  • 0
  • 1
  • 1
С.Отгонбаатар
  • 2294 км
  • 25
  • 0
  • 0
  • 1
  • 1
А.Отгонбаяр
  • 3044 км
  • 26
  • 0
  • 0
  • 1
  • 1
Н.Даваасүрэн
  • 3350 км
  • 29
  • 0
  • 0
  • 2
  • 2
Б.Элбэгзаяа
  • 3776 км
  • 33
  • 0
  • 0
  • 2
  • 1
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Т.Ган-Очир
  • 6865 км
  • 71
  • 6
  • 0
  • 2
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7584 км
  • 72
  • 8
  • 2
  • 1
  • 3
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Т.Баярсайхан
  • 8267 км
  • 92
  • 2
  • 0
  • 3
  • 0
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Ж.Октябрь
  • 10738 км
  • 120
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Махгал
  • 11142 км
  • 111
  • 7
  • 1
  • 2
  • 4
Б.Насанбат
  • 12721 км
  • 81
  • 6
  • 4
  • 1
  • 2

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Н.Даваасүрэн Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2465 км
Зүгээр л жий!