Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #37 - ГҮНЖИЙН СҮМ 2024

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/325
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
139 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1216 м
Өндөр алдалт
-1444 м
Их өгсөлт
12.7 %
Их уруудалт
-12.6 %
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2024 оны 4 сарын 20 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Тэрэлж амралт
Цуглах цэгийн солбицол
47.9865, 107.463556
47°59'11.4"N, 107°27'48.8"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ХАВАР

Зураг 1. Өглөө 6.00 цагт Офицеруудын ордоны урд талын автобусны буудал дээр цуглав
Сайхан өглөө боллоо. Энэ жилийн эхний хоногийн аялал тул оролцогч гишүүд маань хирэндээ догдолж хоносон нь ярианаас нь илт мэдрэгдэнэ. Нэг гишүүн өөрийн автомашинаар Тэрэлжийн цуглах цэг дээр очно гэсэн мэдээ авлаа. Хун цагаахан автомашинд дугуйнууд, ачаануудаа ачаад багийн гишүүд 7.20 цагт хөдлөх Шилжрээн чиглэлийн Х-4 автобусанд суулаа. Ачааны машинд хоёр гишүүн дайгдан хөдлөв. Тэрэлж дээр очоод ачаа, дугуйнуудаа буулган тухлах агшинаа араас автобусанд суусан гишүүд ирлээ. Бүгд ачаалан цагтаа хөдлөх үед автомашинтай гишүүн ирж нийллээ.

Зураг 2. Манай баг. Баруун Баянгийн голын хөндий рүү орох
Хүсмээргүй танил шиг халширмаар, хотоос хүн их ирдэг ч дэд бүтэц нь дэндүү бүдүүлэг, нөгөө л хайс, хашаа, ямбий гүүр, хэт огцом шат, холбирох шахсан модон дамнуурган гүүрээр болгоомжтой гарч, гудамжны шавар шавхай туучин явсаар суурингаас бид гарлаа. Голын ус харин бага байлаа. Баруун хойноос салхилах салхинд таатайхан туугдсаар эхний таталтын цэг болох байгаль хамгаалагчийн байшин дээр ирэв. Энд нэг гишүүн маань Бахархалын улаан тэмдгээ гардан авч баяр дээр баяр нэмлээ. Учир нь бид ачаатай дугуйтайгаа намбалзтал жийхийн жаргал эдлэн хөөрч догдлон явсан юм.
Зураг 3. УТГ Б.Баттөмөр аяллын замд
Цаг агаар тун тохиромжтой өдөр боллоо. Аргагүй л хаврын урь орж байгаль дэлхий, хүн малын сэтгэл тэнийсэн өдөр байв. Толгойн сэргийлэхийн залууст өдрийн хоол идэх газраа хэлээд бүгд өөр өөрийн хурд, хэмнэлээр голын хөндий өгсөн жийлээ. Айл амьтан мэдэгдэхүйц ихэсжээ. Уулын ам болгоны эхэнд байшин, гэр харагдана. Ирээдүйд энэ голын хөндий ямархуу болох бол гэсэн зөгнөлт бодолд автана. Голын гарам ус багатай байлаа. Манай залуус жийгээд л гарсан гэнэ.
Зураг 4. Баруун Баянгийн голын гарам гаталсан нь

Энд бургас хаяалан голын эрэг дээр түр бууж өдрийн хоол, цайгаа хийж идэн амрав. Цааш явсаар Хөх чулууны голын хөндий рүү орж ирлээ. Чиглүүлэгч маань нэлээд зүүн талаар яваад байх шиг. Уг нь ингээд л голын хөндийгөө өгсөх болсон доо гэж бодогдоно. Гэхдээ дуугай л явлаа, залуус маань өөрсдөө замаа олж, газар орноо баримжаалж, аялаж сурах нь хамгийн чухал зүйл. Цувааны сүүл барьж хамт явсан бүсгүй маань Та хэлээч ээ, дуудаач ээ гэж байна. Хүн аливааг өөрөө биеэр мэдэрч байж ойлгодог тул дагаад л явав. Хоёрын зэрэг салаа гарлаа. Хүлээж зогсоно. Очоод та нар маань Алтан Өлгий уул руу явж байгаа юм уу гэлээ. Голын цаадах зам уулын бэл дагаад өгсөх болов уу гэж хараад байсан чинь үгүй юм байна гэсээр угтав. Энэ зэргийн эндүүрэл, андуурал байлгүй л яах вэ.
Зураг 5. Аяллын замд
Гол даган өгссөн малын жимээр залуус маань өгсөж яваад замтайгаа нийлчихье гэлээ. Өвстэй, зөөлөн шаварлаг бас ч гэж бага шиг дов сондуултай жим байв. Ачаатай дугуй нь ийм замаар явахаас "дургүйцэн" амаа булаах нэг бүсгүйгээ дагуулан бид хоёр буцлаа. Товлосон отог явах замдаа орон бид хоёр голоо нэг гараад өгслөө. Залуус маань уулын амны дор байх айлын хойд бэл дээр бид хоёрыг хүлээж байлаа.  
Зураг 6. Энэ жимээр голоо өгсөж явах боллоо

Зураг 7. Жимээр өгссөн гишүүд замдаа ийм сэнжит хад нээсэн юм

Амаа өгсөн жийсээр отог дээрээ бид ирлээ. Майханаа барьж, ачаагаа буулгасаны дараа залуус маань Гүнжийн сүм рүү жийн өгслөө.

Зураг 8. Гүнжийн сүм дээр очсон гишүүд сэлфи-дсэн нь

Отог дээр 3 хүн үлдэв. Удахгүй залуус маань тоос татуулан хүрээд ирэв. Оройн хоол цайгаа хийж отог бужигнана. Амтат шорлог хорхой хүргэн үнэртэж, гал дээр шаргалтана.
Зураг 9. Тун амттай шорлог

Тойрон сууцгааж аяллын тухай яриа өрнөн, амтат шорлогоо идэн амарч ийнхүү суух нь үнэхээр жаргалтай байдаг. Ер нь жил жилийн Гүнжийн сүм рүү зорих хаврын аялал цаана л нэг онцлогтой байдаг. Энэ удаа ч гэсэн нэг оройг тухтай өнгөрөөх хүсэлтэй гишүүдийн ачаа бараа мэдэгдэхүйц их байсан юм. Шөнө дунд болохоос өмнө бороо шивэрч, бие биедээ тавтай амрахыг ерөөн бүгд майхандаа шурган орлоо. Намуухан орох шиврээ бороо майханг тог тог хийн тогшино, аажмаар чимээ намсах нь борооны дусал цас болон хувирсаныг сануулна. Дулаахан шөнө болов.

ӨВӨЛ

Зураг 10. Отогын өглөө, цасан дунд бөмбийх майханууд

Шөнө дунд майханы гадна тогтсон цас жингээ даалгүй доош унах танил чимээг нойрон дундаа хальт сонсон унтсаар байсан. Бараг өглөөний 6.00 цагт бүгд сэрчихсэн. Майханы хаяаг цас дарж, цав цагаан орчин харагдана. Бас хажуугаар нь явган шуурга шуурч байлаа.
Зураг 11. Гайхалтай бүтээл
 
Өвөл болжээ. Цасны зузаан 15-20 см орчим байв. Жийж болдог л байгаасай гэж санаа зовон бодлоо.

Зураг 12. Бас нэг бүтээл

Ийм үед юу хийхийг манай туршлагатай гишүүд сайн мэднэ. Майхандаа өглөөний цай хоолоо хийж идээд, бүх ачаагаа баглан дугуйнд ачихад бэлэн болгосны дараа майханаа хурааж, ачаагаа ачаалдаг.

Зураг 13. Отог бужигнаж байна
Яг л ном ёсоор ачаалаад бүгд 10.00 цаг гээд хөдлөв. Эхлээд дугуйгаа түрээд алхлаа. Нэг залуу маань жийчихлээ, болж байна гэнэ, санаа амрав. Гэхдээ яарч яахан болно. Уулын бэл даган цастай замаар уруудан жалга судаг өгсөн уруудан алхлаа. Аажмаар бие ийм орчинд зохицон одоо жийхгүй юм биш үү гэж дотроос ятгана

.

Зураг 14. Цасан цагираг

Зураг 15. Одоо ачаална
Уулын амнаас сугаран гарсны дараа жийлээ. Манай цуваа 7-12 км/ цагийн хурдаар урагшилсаар. Салхи яг ар талаас хүчтэй үлээнэ. Хөх Чулууны гол, Баруун Баянгийн голоо гарсаны дараа шороон зам харлан харагдаж, цасан бүрхэвч алаг тарлан болжээ. Нөгөө л байгаль хамгаалагчийн байшингийн дэргэд татлаа. Улбар шар тэмдгийн болзол хангаж буй гишүүндээ тэмдгийг нь гардуулав

.

Зураг 16. УШТГ Б.Сүхбат

Манай 4 залуу уулын замаар хот руу жийхээр болж, түрүүлэн хөдлөв. Тэрэлж дээрээс автомашинаар 3 гишүүн хот руу явж, хоёр гишүүн Налайх хүртэл микро автобусанд ачигдан цаашаа хот руу жийсэн юм. Харин тэр үед уулын зам цасанд хаагдсаныг, манай залуус ямархан хүнд зам өмнө нь хүлээж буйг арай л өөрөөр төсөөлж байсан юм

.

Зураг 17. Шилжрээнгийн даваа

Зураг 18. Хоёр даваа

Уулын хоёр давааг цас хагалан өгссөөр давсан, Их Хуандийн амын шавартай замаар уруудсан, Гацууртын засмалаар 30 км цагийн хурдтай буудсан, шөнийн 23.30 цагт гэртээ ирсэн гэдэг бахархалт мэдээг маргааш өглөө сэрээд сонссон билээ. Үнэхээр залуу насны шандас, хүн бүхний сэтгэл зүйг шалгасан хавар, өвлийн улирлын зааг дээр энэ аялал амжилттай болж дууссан юм. Багийн бүх гишүүдэдээ баяр хүргье. ЗҮГЭЭР Л ЖИЙ.

АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ, УШТГ Б.СҮХБАТ

Унадаг дугуйтай хоногийн аяллын нээлт Тэрэлж – Гүнжийн сүм – Тэрэлж – Шилжрээгийн даваа – Хоёр даваа – Гачуурт – Улаанбаатар гэсэн маршрутаар дахин нэг мартагдашгүй, шандас шаардсан аяллыг хийгээд ирлээ. Дахин нэг гэдгийн учир энэ аяллын өмнөх аяллаар Духын даваа болон Хандгайтын даваагаар дугуйгаа түрж, цас ханзалж, ус туулж аялсан аялал тэр болгон зарлагдаад байхгүй онцгой аялал, хүнд аялал гэж бодож байсан ч Гүнжийн сүмийн аяллын бэлтгэл шат байсан гэдгийг төсөөлөөгүй байж ээ.

2024 оны Дөрөвдүгээр сарын 20-ны өглөө 10 цагт товлосон ёсоор аялал Тэрэлжийн УБ2-ын гаднаас хөдлөв. Өнгөрсөн жилийн Гүнжийн сүмийн аяллаар явахад бараг нурах дөхөж байсан модон гүүрнүүдийн заримыг нь шинэчилж сайжруулж ээ, бодвол зуны үерээр бүгд урссан биз. Аялал эхлээд эхний татах цэг Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын байр байв. Тэр хүртэл бүгд өөрсдийн темпээр жийцгээнэ. Гэтэл урд нэг хүн урам зориг, бяр тэнхээ гэж жигтэйхэн жийж байна шүү. Мэдээж энэ бол тухайн татах цэг дээр Улаан тэмдгийн болзол хангасан (яг тухайн мөчид бол Улбар шар тэмдэгтэй байсан) гишүүн Баттөмөр ах байлаа. Ер нь аяллуудаас ажиглаад байхад тухайн өдөр тэмдгийн болзол хангаж байгаа гишүүн бол их л хүчтэй, урам зоригтой аялж байх шиг санагддаг. Энэ нь манай клубийн аяллын тэмдгийн, тэрийг авч байгаа баярт өдрийн мөн өөрөөрөө бахархаж байгаа нууцхан сэтгэлийн урам зориг байдаг байх.

Зураг 19. Цастай өглөө ачаалаж байна. Удахгүй жийнэ дээ
Аялал маань цааш үргэлжлэн үдийн хоолоо хийж идэх газраа ирж голынхоо эрэг дээр дор бүрнээ өөрсдийн хэрэгслээр хоол ундаа хийж идэж байлаа. Гэтэл хажууд ШТГ Ёндонжамц хоолоо тусгай түлхүүрээр хутгаж мөн өлгөж гарган идэж байхыг хараад халбага авах уу гэтэл үгүй ээ бэлтгэлээ муу базаасан учир өөрийгөө шийтгэж ингээд аргална дараа мартахгүй гэж хэлэв. Нээрээ ч хүнээс аргалаад яваад байвал өө болдгийн гэсэн бодлоор дараагийн хоногийн аялалд бэлтгэлээ муу базаан хоолгүй ч ирж магадгүй шүү дээ гэх бодол толгойд орж ирж байв. Манай хоногийн аяллын онцлог нь хэдий нэг баг болж аялж байгаа ч гэсэн хүн болгон тусдаа майхан, мишок, хоол унд, тогоо шанага гэх мэт бэлтгэлээ базаан ирдэг бөгөөд энэ нь аяллын замд юу ч тохиолдож болох бөгөөд магадгүй тухайн хүн ганцаараа үлдэх эсвэл ганцаараа үргэлжлүүлж аялах тохиолдолд биеэ даагаад хэн нэгнээс хамаарахгүй байх ёстой гэдэг нь хамгийн зөв санагддаг даа.

Орой 16 цагт манай аяллын баг отоглох цэгтээ хүрэв. Отоглох цэгтээ ачаагаа буулгаж орхиод гүнжийн сүмээ үзэх хүмүүс нь "шалдан" дугуйтай явж Гүнжийн сүмээ үзээд ирдэг бөгөөд яг энэ зарчмаараа 6 хүн Гүнжийн сүмээ үзээд буцаж отог дээр ирэв. Мэдээж оройн хоол ундаа хийж иднэ. Энэ удаад би будаатай цай чанаж уух санаатай цай чанаж байх зуураа биднийг шорлогоор дайлах гээд шорлогын мах дарж шорлогын зуух гээд шаардлагатай бүх зүйлсийг дугуйн дээрээ ачиж ирсэн Жавхаа ахын шорлог хийх явц болон шорлогын хэмжээг харвал миний хувьд цайгаа уугаад л шорлогоос нь идэхэд өөр оройн хоол хэрэггүйн байна гэсэн бодол төрж байв. Яг бодсоны дагуу болж янзын амттай, зөөлөн махтай шорлог идэн оройг хөгжилтэй яриа өрнүүлэн өнгөрөөв.

Шөнө унтаж байтал духан дээр нэг л хүйтэн оргиод болдоггүй сэрээд хартал майхан бүүр налаад духан дээр ирээд наалдчихаж. Гараа хөнжлөөсөө гарган майхнаа түлхтэл нойтон цас майхан даган гулсан унаж байна шүү үргэлжлүүлэн өндийж сууж байгаад майхнаа дотроос нь хэд сэгсэртэл бүх талынх нь цас гулсан унаж майхан хэвийн хэмжээндээ очив. Ийнхүү цас орж байгааг мэдэн дахин унтав. Яг энэ байдал шөнө 3 давтагдан майхныхаа цасыг гурвантаа унагаав. Нэг сэрсэн чинь Ожго ахын дуу майхан дотроосоо хадаж байна шүү. Ерөнхий агуулга нь цасны л тухай. Би ч дөнгөж сэрсэн хүн юу гэж шууд өндийхөв. Харин майхныхаа завсраар камерынхаа бариулыг сунган гаргаж богинохон бичлэг хийчхээд буцаж хэсэг хэвтэж байгаад гарав. Майхнаас гарч ирэх тэр мөч өчигдөр уг нь би нимгэн жерситэй л жийгээд ирсэн дээ гэж бодогдохтой зэрэгцэн давхарлаж өмссөн цамц мөн дээл нэвт сэнгэнэх шиг болж байв. Хэсэг өглөөний цэвэр агаар ер нь тэр орчноос авч мэдэрч болох бүгдийг авч мэдэрчхээд буцаж майхандаа орон хоол хийж идэх зуураа майхны доторхоо цэгцлэн бэлдээд хоолоо хийж идчихээд майхнаа буулган хурааж ачаалаад буцах замдаа оров. Мэдээж цас их орсон миний харж баримжаалж байгаагаар 10-20 см орчим. Ийм цасан эхэндээ дугуй жийх боломжгүй учир түрж байв энэ үед гутал норохгүй байх ямар ч боломжгүй ядаад цас нь хүртэл нойтон цас. Өглөө хувцсаа өмсөж байхдаа оймсныхоо гадуур гялгар уут өмссөн нь намайг тэрэлж суурин хүртэл хөл хуурай явах боломжоор хангасан юм.

Бид цааш явсаар Баруун Баян голоо гаран нэвт жийсээр байгаль хамгаалагчийн байран дээр ирж татан бусдыгаа хүлээв. Удалгүй бүгд цуглан эндээс маршрутынхаа дагуу явах хүмүүс нь түрүүлээд явж бай гэж Ожго ах хэлэн одоо Сүхбатынхаа улбар шар тэмдгийг өгнө өө, Миний хүү болгоомжтой яваад аяллаа дуусгаарай гээд улбар шар тэмдэг гаргаж алдарт Цаашдын аяллын зам нь дардан байг гэх үгтэй хамт надад гардуулав. Аялал эхлэхэд улаан тэмдгийн хүчийг Баттөмөр ах гаргаж байсан бол одоо үргэлжлэх аяллын замд би Улбар шар тэмдгийн хүчийг гаргана гэж бодтол Тэрэлжээс Шилжрээгийн даваа өгсөх зам жийж болохгүй байсан тул ачаатай дугуйгаа түрж алхаж байхад аль хэдийн бяр дуусжээ. Түрж түрж даваан дээр гараад ирэв үү гэтэл тэр нь бараг л давааны доод хяр болж таарав. Ээ гөх тэнгэр минь нүд харанхуйлах ч шиг. Тэрэлжээс хөдлөн жийж эхлэхэд УТГ Жавхлантөгс ах 10км өгсөнө гэж хэлж байсныг санаж нээрээ тийм шүү дээ гэсэн бодол төрж байв.

Мэдээж даваан дээр гарчихвал цаашаа дугуйгаа унаад уруудчихна гэсэн бодолтой түрсээр байж арай хийн гартал урд явсан 2 гишүүн маань шууд уруудсан бололтой мөр байв. Тэр мөрийг дагаад дугуйгаа түрсээр уруудаж эхлэв. Унахгүй юм уу гэж үү тийм боломж үнэхээр байсангүй ээ дугуй зоогдож зогсчхоод уруу ч унаж явах боломжгүй их цас. Одоо ахиад нэг даваа тэгээд л дан уруудна гэж дараагийн давааны өмнө дөрвүүлээ цуглаж ярилцаад ахин дугуйгаа түрэн өгсөж эхлэв. Хоёрын даваа руу өгсөх боломжтой хэд хэдэн зам байгаа харагдаж байв. Урд явсан ШТГ Ёндонжамц шууд халз өөд түрж гарахаар чиглэн явж байсан тул би ч мөн адил мөрөөр нь араас нь түрж эхлэв. Гэтэл ард УТГ Мөнхбат арай тойруугаар алсуур өгсүүртэй замаар түрнэ хэмээн нөгөө замыг даган түрж байна. Бид ч дээр бүгд л нэг цэгт уулзах юм чинь хэмээн сонгосон замаараа явахыг нь харчихаад үргэлжлүүлэн түрж байв.

Орой 19:50 цагт бид Хоёрын даваан дээр гарч ирэв. УТГ Жавхлантөгс ах ШТГ Ёндонжамц бид гурав даваан дээр УТГ Мөнхбатыг хүлээн хаана явна хэмээн дуудаж байтал харин давааны бүүр дээгүүр өндөр хэсгээр нь давчихсан одоо уруудъя аа хэмээн дуудахыг сонсон бид уруудаж эхлэв. Машин байтугай мал ч яваагүй уулын нойтон цасан дундуур ачаатай дугуйгаа түрэн алхах нь бие болоод сэтгэлийн тэнхээ шаардаж байсныг хэлэхийн зэрэгцээ өмнөх долоо хоногийн аяллаар энэ аяллын бэлтгэлийг хийсэн дээ баярлаж байсан даа. Магадгүй Духын давааны аяллыг хийгээгүй байсан бол энэ аялал улам хүнд магадгүй сэтгэлийн тэнхээ хүрэхгүй байсан ч байж болохоор санагдсаныг би цохон тэмдэглэмээр байна.

Аялал нь өөрөө сэтгэлийн амар амгалан боловч бас шинэ саад бэрхшээлийг давах бэлтгэл болдог юм байна. Мөн Монголоос өөр хаана ч ийм олон цаг агаарын хүнд хөнгөн нөхцөл байдлыг ганцхан аяллаар үзэх боломжгүй байх гэсэн бодол төрж байлаа. Хамт аялсан аяллын багийнхандаа бүгдэд нь баярлалаа. Аяллын зам нь дардан байг ээ.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Батжаргал Д.Цолмон П.Золзаяа Б.Баттөмөр Э.Ожго Б.Сүхбат Г.Ёндонжамц Б.Жавхлантөгс С.Мөнхбат
Б.Батжаргал
  • 10543 км
  • 75
  • 16
  • 3
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Баттөмөр Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг 8344 км
Б.Сүхбат Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4714 км
Зүгээр л жий!