Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
ХАВАР
Сайхан өглөө боллоо. Энэ жилийн эхний хоногийн аялал тул оролцогч гишүүд маань хирэндээ догдолж хоносон нь ярианаас нь илт мэдрэгдэнэ. Нэг гишүүн өөрийн автомашинаар Тэрэлжийн цуглах цэг дээр очно гэсэн мэдээ авлаа. Хун цагаахан автомашинд дугуйнууд, ачаануудаа ачаад багийн гишүүд 7.20 цагт хөдлөх Шилжрээн чиглэлийн Х-4 автобусанд суулаа. Ачааны машинд хоёр гишүүн дайгдан хөдлөв. Тэрэлж дээр очоод ачаа, дугуйнуудаа буулган тухлах агшинаа араас автобусанд суусан гишүүд ирлээ. Бүгд ачаалан цагтаа хөдлөх үед автомашинтай гишүүн ирж нийллээ. Хүсмээргүй танил шиг халширмаар, хотоос хүн их ирдэг ч дэд бүтэц нь дэндүү бүдүүлэг, нөгөө л хайс, хашаа, ямбий гүүр, хэт огцом шат, холбирох шахсан модон дамнуурган гүүрээр болгоомжтой гарч, гудамжны шавар шавхай туучин явсаар суурингаас бид гарлаа. Голын ус харин бага байлаа. Баруун хойноос салхилах салхинд таатайхан туугдсаар эхний таталтын цэг болох байгаль хамгаалагчийн байшин дээр ирэв. Энд нэг гишүүн маань Бахархалын улаан тэмдгээ гардан авч баяр дээр баяр нэмлээ. Учир нь бид ачаатай дугуйтайгаа намбалзтал жийхийн жаргал эдлэн хөөрч догдлон явсан юм. Цаг агаар тун тохиромжтой өдөр боллоо. Аргагүй л хаврын урь орж байгаль дэлхий, хүн малын сэтгэл тэнийсэн өдөр байв. Толгойн сэргийлэхийн залууст өдрийн хоол идэх газраа хэлээд бүгд өөр өөрийн хурд, хэмнэлээр голын хөндий өгсөн жийлээ. Айл амьтан мэдэгдэхүйц ихэсжээ. Уулын ам болгоны эхэнд байшин, гэр харагдана. Ирээдүйд энэ голын хөндий ямархуу болох бол гэсэн зөгнөлт бодолд автана. Голын гарам ус багатай байлаа. Манай залуус жийгээд л гарсан гэнэ.Амаа өгсөн жийсээр отог дээрээ бид ирлээ. Майханаа барьж, ачаагаа буулгасаны дараа залуус маань Гүнжийн сүм рүү жийн өгслөө.
Тойрон сууцгааж аяллын тухай яриа өрнөн, амтат шорлогоо идэн амарч ийнхүү суух нь үнэхээр жаргалтай байдаг. Ер нь жил жилийн Гүнжийн сүм рүү зорих хаврын аялал цаана л нэг онцлогтой байдаг. Энэ удаа ч гэсэн нэг оройг тухтай өнгөрөөх хүсэлтэй гишүүдийн ачаа бараа мэдэгдэхүйц их байсан юм. Шөнө дунд болохоос өмнө бороо шивэрч, бие биедээ тавтай амрахыг ерөөн бүгд майхандаа шурган орлоо. Намуухан орох шиврээ бороо майханг тог тог хийн тогшино, аажмаар чимээ намсах нь борооны дусал цас болон хувирсаныг сануулна. Дулаахан шөнө болов.
ӨВӨЛ
.
Уулын амнаас сугаран гарсны дараа жийлээ. Манай цуваа 7-12 км/ цагийн хурдаар урагшилсаар. Салхи яг ар талаас хүчтэй үлээнэ. Хөх Чулууны гол, Баруун Баянгийн голоо гарсаны дараа шороон зам харлан харагдаж, цасан бүрхэвч алаг тарлан болжээ. Нөгөө л байгаль хамгаалагчийн байшингийн дэргэд татлаа. Улбар шар тэмдгийн болзол хангаж буй гишүүндээ тэмдгийг нь гардуулав.
.
Уулын хоёр давааг цас хагалан өгссөөр давсан, Их Хуандийн амын шавартай замаар уруудсан, Гацууртын засмалаар 30 км цагийн хурдтай буудсан, шөнийн 23.30 цагт гэртээ ирсэн гэдэг бахархалт мэдээг маргааш өглөө сэрээд сонссон билээ. Үнэхээр залуу насны шандас, хүн бүхний сэтгэл зүйг шалгасан хавар, өвлийн улирлын зааг дээр энэ аялал амжилттай болж дууссан юм. Багийн бүх гишүүдэдээ баяр хүргье. ЗҮГЭЭР Л ЖИЙ.
АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ, УШТГ Б.СҮХБАТ
Унадаг дугуйтай хоногийн аяллын нээлт Тэрэлж – Гүнжийн сүм – Тэрэлж – Шилжрээгийн даваа – Хоёр даваа – Гачуурт – Улаанбаатар гэсэн маршрутаар дахин нэг мартагдашгүй, шандас шаардсан аяллыг хийгээд ирлээ. Дахин нэг гэдгийн учир энэ аяллын өмнөх аяллаар Духын даваа болон Хандгайтын даваагаар дугуйгаа түрж, цас ханзалж, ус туулж аялсан аялал тэр болгон зарлагдаад байхгүй онцгой аялал, хүнд аялал гэж бодож байсан ч Гүнжийн сүмийн аяллын бэлтгэл шат байсан гэдгийг төсөөлөөгүй байж ээ.
2024 оны Дөрөвдүгээр сарын 20-ны өглөө 10 цагт товлосон ёсоор аялал Тэрэлжийн УБ2-ын гаднаас хөдлөв. Өнгөрсөн жилийн Гүнжийн сүмийн аяллаар явахад бараг нурах дөхөж байсан модон гүүрнүүдийн заримыг нь шинэчилж сайжруулж ээ, бодвол зуны үерээр бүгд урссан биз. Аялал эхлээд эхний татах цэг Горхи- Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын байр байв. Тэр хүртэл бүгд өөрсдийн темпээр жийцгээнэ. Гэтэл урд нэг хүн урам зориг, бяр тэнхээ гэж жигтэйхэн жийж байна шүү. Мэдээж энэ бол тухайн татах цэг дээр Улаан тэмдгийн болзол хангасан (яг тухайн мөчид бол Улбар шар тэмдэгтэй байсан) гишүүн Баттөмөр ах байлаа. Ер нь аяллуудаас ажиглаад байхад тухайн өдөр тэмдгийн болзол хангаж байгаа гишүүн бол их л хүчтэй, урам зоригтой аялж байх шиг санагддаг. Энэ нь манай клубийн аяллын тэмдгийн, тэрийг авч байгаа баярт өдрийн мөн өөрөөрөө бахархаж байгаа нууцхан сэтгэлийн урам зориг байдаг байх.
Аялал маань цааш үргэлжлэн үдийн хоолоо хийж идэх газраа ирж голынхоо эрэг дээр дор бүрнээ өөрсдийн хэрэгслээр хоол ундаа хийж идэж байлаа. Гэтэл хажууд ШТГ Ёндонжамц хоолоо тусгай түлхүүрээр хутгаж мөн өлгөж гарган идэж байхыг хараад халбага авах уу гэтэл үгүй ээ бэлтгэлээ муу базаасан учир өөрийгөө шийтгэж ингээд аргална дараа мартахгүй гэж хэлэв. Нээрээ ч хүнээс аргалаад яваад байвал өө болдгийн гэсэн бодлоор дараагийн хоногийн аялалд бэлтгэлээ муу базаан хоолгүй ч ирж магадгүй шүү дээ гэх бодол толгойд орж ирж байв. Манай хоногийн аяллын онцлог нь хэдий нэг баг болж аялж байгаа ч гэсэн хүн болгон тусдаа майхан, мишок, хоол унд, тогоо шанага гэх мэт бэлтгэлээ базаан ирдэг бөгөөд энэ нь аяллын замд юу ч тохиолдож болох бөгөөд магадгүй тухайн хүн ганцаараа үлдэх эсвэл ганцаараа үргэлжлүүлж аялах тохиолдолд биеэ даагаад хэн нэгнээс хамаарахгүй байх ёстой гэдэг нь хамгийн зөв санагддаг даа.Орой 16 цагт манай аяллын баг отоглох цэгтээ хүрэв. Отоглох цэгтээ ачаагаа буулгаж орхиод гүнжийн сүмээ үзэх хүмүүс нь "шалдан" дугуйтай явж Гүнжийн сүмээ үзээд ирдэг бөгөөд яг энэ зарчмаараа 6 хүн Гүнжийн сүмээ үзээд буцаж отог дээр ирэв. Мэдээж оройн хоол ундаа хийж иднэ. Энэ удаад би будаатай цай чанаж уух санаатай цай чанаж байх зуураа биднийг шорлогоор дайлах гээд шорлогын мах дарж шорлогын зуух гээд шаардлагатай бүх зүйлсийг дугуйн дээрээ ачиж ирсэн Жавхаа ахын шорлог хийх явц болон шорлогын хэмжээг харвал миний хувьд цайгаа уугаад л шорлогоос нь идэхэд өөр оройн хоол хэрэггүйн байна гэсэн бодол төрж байв. Яг бодсоны дагуу болж янзын амттай, зөөлөн махтай шорлог идэн оройг хөгжилтэй яриа өрнүүлэн өнгөрөөв.
Шөнө унтаж байтал духан дээр нэг л хүйтэн оргиод болдоггүй сэрээд хартал майхан бүүр налаад духан дээр ирээд наалдчихаж. Гараа хөнжлөөсөө гарган майхнаа түлхтэл нойтон цас майхан даган гулсан унаж байна шүү үргэлжлүүлэн өндийж сууж байгаад майхнаа дотроос нь хэд сэгсэртэл бүх талынх нь цас гулсан унаж майхан хэвийн хэмжээндээ очив. Ийнхүү цас орж байгааг мэдэн дахин унтав. Яг энэ байдал шөнө 3 давтагдан майхныхаа цасыг гурвантаа унагаав. Нэг сэрсэн чинь Ожго ахын дуу майхан дотроосоо хадаж байна шүү. Ерөнхий агуулга нь цасны л тухай. Би ч дөнгөж сэрсэн хүн юу гэж шууд өндийхөв. Харин майхныхаа завсраар камерынхаа бариулыг сунган гаргаж богинохон бичлэг хийчхээд буцаж хэсэг хэвтэж байгаад гарав. Майхнаас гарч ирэх тэр мөч өчигдөр уг нь би нимгэн жерситэй л жийгээд ирсэн дээ гэж бодогдохтой зэрэгцэн давхарлаж өмссөн цамц мөн дээл нэвт сэнгэнэх шиг болж байв. Хэсэг өглөөний цэвэр агаар ер нь тэр орчноос авч мэдэрч болох бүгдийг авч мэдэрчхээд буцаж майхандаа орон хоол хийж идэх зуураа майхны доторхоо цэгцлэн бэлдээд хоолоо хийж идчихээд майхнаа буулган хурааж ачаалаад буцах замдаа оров. Мэдээж цас их орсон миний харж баримжаалж байгаагаар 10-20 см орчим. Ийм цасан эхэндээ дугуй жийх боломжгүй учир түрж байв энэ үед гутал норохгүй байх ямар ч боломжгүй ядаад цас нь хүртэл нойтон цас. Өглөө хувцсаа өмсөж байхдаа оймсныхоо гадуур гялгар уут өмссөн нь намайг тэрэлж суурин хүртэл хөл хуурай явах боломжоор хангасан юм.
Бид цааш явсаар Баруун Баян голоо гаран нэвт жийсээр байгаль хамгаалагчийн байран дээр ирж татан бусдыгаа хүлээв. Удалгүй бүгд цуглан эндээс маршрутынхаа дагуу явах хүмүүс нь түрүүлээд явж бай гэж Ожго ах хэлэн одоо Сүхбатынхаа улбар шар тэмдгийг өгнө өө, Миний хүү болгоомжтой яваад аяллаа дуусгаарай гээд улбар шар тэмдэг гаргаж алдарт Цаашдын аяллын зам нь дардан байг гэх үгтэй хамт надад гардуулав. Аялал эхлэхэд улаан тэмдгийн хүчийг Баттөмөр ах гаргаж байсан бол одоо үргэлжлэх аяллын замд би Улбар шар тэмдгийн хүчийг гаргана гэж бодтол Тэрэлжээс Шилжрээгийн даваа өгсөх зам жийж болохгүй байсан тул ачаатай дугуйгаа түрж алхаж байхад аль хэдийн бяр дуусжээ. Түрж түрж даваан дээр гараад ирэв үү гэтэл тэр нь бараг л давааны доод хяр болж таарав. Ээ гөх тэнгэр минь нүд харанхуйлах ч шиг. Тэрэлжээс хөдлөн жийж эхлэхэд УТГ Жавхлантөгс ах 10км өгсөнө гэж хэлж байсныг санаж нээрээ тийм шүү дээ гэсэн бодол төрж байв.
Мэдээж даваан дээр гарчихвал цаашаа дугуйгаа унаад уруудчихна гэсэн бодолтой түрсээр байж арай хийн гартал урд явсан 2 гишүүн маань шууд уруудсан бололтой мөр байв. Тэр мөрийг дагаад дугуйгаа түрсээр уруудаж эхлэв. Унахгүй юм уу гэж үү тийм боломж үнэхээр байсангүй ээ дугуй зоогдож зогсчхоод уруу ч унаж явах боломжгүй их цас. Одоо ахиад нэг даваа тэгээд л дан уруудна гэж дараагийн давааны өмнө дөрвүүлээ цуглаж ярилцаад ахин дугуйгаа түрэн өгсөж эхлэв. Хоёрын даваа руу өгсөх боломжтой хэд хэдэн зам байгаа харагдаж байв. Урд явсан ШТГ Ёндонжамц шууд халз өөд түрж гарахаар чиглэн явж байсан тул би ч мөн адил мөрөөр нь араас нь түрж эхлэв. Гэтэл ард УТГ Мөнхбат арай тойруугаар алсуур өгсүүртэй замаар түрнэ хэмээн нөгөө замыг даган түрж байна. Бид ч дээр бүгд л нэг цэгт уулзах юм чинь хэмээн сонгосон замаараа явахыг нь харчихаад үргэлжлүүлэн түрж байв.
Орой 19:50 цагт бид Хоёрын даваан дээр гарч ирэв. УТГ Жавхлантөгс ах ШТГ Ёндонжамц бид гурав даваан дээр УТГ Мөнхбатыг хүлээн хаана явна хэмээн дуудаж байтал харин давааны бүүр дээгүүр өндөр хэсгээр нь давчихсан одоо уруудъя аа хэмээн дуудахыг сонсон бид уруудаж эхлэв. Машин байтугай мал ч яваагүй уулын нойтон цасан дундуур ачаатай дугуйгаа түрэн алхах нь бие болоод сэтгэлийн тэнхээ шаардаж байсныг хэлэхийн зэрэгцээ өмнөх долоо хоногийн аяллаар энэ аяллын бэлтгэлийг хийсэн дээ баярлаж байсан даа. Магадгүй Духын давааны аяллыг хийгээгүй байсан бол энэ аялал улам хүнд магадгүй сэтгэлийн тэнхээ хүрэхгүй байсан ч байж болохоор санагдсаныг би цохон тэмдэглэмээр байна.
Аялал нь өөрөө сэтгэлийн амар амгалан боловч бас шинэ саад бэрхшээлийг давах бэлтгэл болдог юм байна. Мөн Монголоос өөр хаана ч ийм олон цаг агаарын хүнд хөнгөн нөхцөл байдлыг ганцхан аяллаар үзэх боломжгүй байх гэсэн бодол төрж байлаа. Хамт аялсан аяллын багийнхандаа бүгдэд нь баярлалаа. Аяллын зам нь дардан байг ээ.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Б.Баттөмөр | Дөрвөн зүг 8252 км улаан тэмдэг | 8344 км |
Б.Сүхбат | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4714 км |