Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #162 - ДУХЫН ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/324
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
75 км
Давааны тоо
2
Өндөр авалт
985 м
Өндөр алдалт
-985 м
Их өгсөлт
14.3 %
Их уруудалт
-15.9 %
Оролцогчдын тоо
33
Эхлэх цаг
2024 оны 4 сарын 13 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар, GS25 дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
48.048639, 106.900583
48°2'55.1"N, 106°54'2.1"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

УТА Д.ЦОЛМОН

Энэ бол аялал биш, энэ бол тулалдаан байсан. Гэхдээ дайн тулалдаан биш өөрийн бие сэтгэхүйг гэнэтийн байдал, байгалийн адармаатай нөхцөл дунд унадаг дугуйтайгаа урд тохиолдох саад бэрхшээл, хүйтэн нойтонтой, олон километр замыг яаж туулахыг мэдрэх сэтгэл зүй, бие бялдрын тулалдаан байсан юм.

Зураг 1. Манай баг, аяллын замд гарахын өмнө. Сэлбийн эх

Энэ жилийн өвөл цас их орсноос үүдэн хаврын сүүл сар ч гэлээ шавар шалбааг, шар усны үер татрах нь битгий хэл нэмэгдсээр байгаа тул клуб нээлтийн аяллаас хойш засмал зам зонхилсон аялалд гарсаар байсан болохоор уулын дугуйн клубынхэн уулын дугуй, уулын замаа санасаар байсан юм. Гэтэл энэ санаашралыг мэдэрсэн УБ хотын зүүн хойт уулын ДТД 2000 м шүргэсэн хоёр өндөр даваатай аялал зарлагдах нь тэр. Энэ бол Сэлбэ голын эхээс Улиастай руу давдаг Духын давааг баруунаас зүүн рүү даваад багахан уруудаад эргээд зүүнээс баруун руу Хандгайтын даваагаар давж эргээд зуслангийн замтай нийлэх далхан км-ийн аялал байлаа. Далхан гэдэг нь клуб угаасаа +100 км аялах нь элбэг тул 70 км бол тоог нь бодоход бага санагдах нь аргагүй юм. Гэвч энэ далхан км хэрхэн 700 км мэт аялал болсон түүхийг та нартайгаа хуваалцья.

Зураг 2. Эхний устай гарамыг тойрохоор бүдэг замаар өгсөх агшин

Маршрут ёсоор бид өглөө эрт Жигжид зуслангийн уулзварт цуглалаа. Их олуулаа харагдсан. 36 гишүүн бүртгүүлсэн байсан аргагүй дээ. Аялал эхлэх цаг болоход Сэлбийн эх хүртэл өөрсдийн тэмпээр гэсэн команд аваад бүгд хөдөллөө. Энэ бол бие халаалт, энэ бол дураараа жийх боломж, энэ бол аяллын эхлэл урам зориг дүүрэн үе. Ийнхүү бид хэсэг хэсгээрээ урд хойноо орон жийсээр Сэлбийн эх дээр хүрч ирэхэд та нарыгаа санасан шүү гэсэн шиг шавар шалбааг мэлтийн угтана. Угаас энэ аяллыг уулын замд цас, шавран дунд өрнөх аялал гэж бүгд мэдэж байгаа тул туршлагатай аялагч нар дор бүрнээ уулын дугуй, сайн гутал базааж иржээ. Харин цөөн хэдэн шинэвтэр гишүүд нимгэн гуталтай ирсэн нь сэтгэл зовоовч өөрөө туулж байж мэдрэх хамгийн зөв туршлагаар хэн ч нэг их юм хэлсэнгүй.

Зураг 3. Хоёр км жийж, түрж явсаар голыг дээгүүр гарах замтай таарав

Эндээс 3 гишүүн аяллын багийг гаргаж өгөөд, цааш 32 гишүүнтэй том баг аяллын замд гарлаа. Бүгд мэднэ дээ. Сэлбийн эх дээр нэг их мэлийсэн том халиа өвөлдөө хөлдөн цайрч, бусад улиралд намаг болон байж байдаг. Хамгийн эхний саад болон ус мэлтийн урссан голын гарам биднийг гаргасангүй. Тиймээс зүүн тийш даялан торлог захалсан бүдэг замыг сонгон 2 орчим км өгсөн явлаа. Ашгүй голоо дээгүүр нь мөсөн дээгүүр хөндлөн гарч нөгөө талаар нь уруудан явсаар үндсэн замдаа орлоо. Энэ жил цас их орж тэрүүгээр хүн амьтан цөөн явсан уу ерөөсөө жим байхгүйн дээр голын халиа үргэлжилж мөстэй атлаа урсан, хуурай хэсэг нь торлогт шахагдана. Өнөөдрийн аялал шавар цасан дунд болно гэж төсөөлж байсан боловч ийм их цас намаг шавар хүлээж байгааг бид тухайн үедээ мэдээгүй юм. Аяллын замд гарсан л бол тухайн аяллыг удирдагч админы үг хууль байдаг. Үүнийг ухамсарласан бол аялал тайван, аюул багатай амжилттай болдог бол харин ойлгоогүй “дураараа” саналаа хэлэх, зөрөх үйлдэл гарвал баг тэр чигтээ эрсдэлд ордог билээ.

Зураг 4. Энэ гол дээр толгойн сэргийлэхийн залуус түр гүүр тавьсан байв

Энэ чиглэл уулан дунд аглагт явах учир эрсдлээс сэргийлж туршлагатай чиглүүлэгч, туршлагатай цоожлогч нарыг админ томилж өөрөө дунд хэрд урагш хойш явж бусдад урам зориг өгөх, газрын байдлыг ажиглах чиглүүлэгч нартай зөвлөлдөх, цоожлогчийн мэдээг сонсох гэх мэт аяллын замд үргэлжилдэг танил дотно удирдлага дунд бид урагшилж байлаа. Бид энэ чиглэлд цөөнгүй явсан ч энэ жил цас маш их орсноос бидний төсөөлөл багагүй зөрж ус, намаг, цас бүүр маш их байгаа нь алхам бүрд мэдрэгдэнэ. Ингээд шар ус, торлог хоёрт шахагдсан бид туулах дайрахаас аргагүй болж зарим нь сийрэгдүү торлог дундуур зүтгэж зарим нь шар усаа туулан ямартаа ч баримжаат цагаас нэлээн хоцорч даваа өгсөх амандаа хүрч чадлаа. Энэ хүртэл нэлээн хүнд зам туулсан ба цаашид туулах зам энэнээс хүнд гэдгийг бүгд гадарласан атал нэг ч гишүүний нүдэнд эргэлзээ айдас, төвөгшөөл харагдсангүй харин ч даваа өгсөх болсондоо баяртай байх шиг надад санагдсан. Эндээс маршрут өөрчлөгдөж арай хөнгөн чиглэл рүү шилжих болов уу гэж би хувьдаа бодсон ч админд бас гишүүнд цуцахгүй явах хүсэлтэй байгаа нь мэдрэгдсэн үү зарлагдсан чиглэлээр аялал үргэлжиллээ.

Зураг 5. Концерт эхэллээ. Духын давааны замд

Аяллыг бараг албан ёсоор эндээс эхлэсэн гэж хэлж болно. Өмнө нь дугуйгаа жийж болж байсан замыг хэтэрхий их ус шалбаагт идэж бас ус урсаж байгаагаас болоод огтоос жийж болохгүй бид дугуйгаа түрж урагшилсаар. Зам улам л бартаа саад ихтэй болно уу гэхээс сайжрахгүй. Бартаа саад нь доороосоо хайлж усжсан биегүй гүн их цас, гүнзгий нойтон шавар байлаа. Хамгийн урд замчлан зам гаргах ажлыг хэдэн шижигнэсэн залуус гартаа авсан даа. Тэдний ачаар араас нь баг бүтнээрээ аюулгүй тэднийг бодвол цуцалт багатай явж байгаа юм. Тэд хэний ч хөл хүрээгүй гүн цас руу дугуйтайгаа орно. Зарим газар тэр чигтээ цөмөрч дугуйтай юутай хээтэйгээ унана, босно дахиад урагшилна. Харин бид гаргасан мөр ховилоор зүтгэнэ. Гэвч ийм хэцүү замд уурласан урвайсан хүн нэг ч үгүй, бүгд л ямар нэг зүйлийг ойр тойрныхонтойгоо ярилцан инээлдэн урагшилах нь бахдалтай. Хааяа нэг зам багахан даяласан ч эргээд гүн цастай зам руугаа орно.

Зураг 6. Найрал хөгжим нижигнэн цуваа цасан дундуур аажим урагшилна

Ийнхүү зүтгэсээр давааны наах нь байдаг уулын энгэр хаяалсан хэсэгт иртэл байдал нэлээн хүндрэв. Энгэр дагасан бүдэг машин замыг цас бүүр их өвч хучсан тул үнэхээр амаргүй байлаа. Энэ хэсгийг туулчихвал эхний Духын даваан дээр гарах тул ёстой байдагтаа хийгээд зүтгэсэн дээ. Өвдөгнөөс дооших өмд гутал аль хэдийнээ уулын цасанд эзлэгдэн бүгд нойтон ч одоо үүнд дассан болохоор юу ч бодогдсонгүй. Харин ч цэмцэгнэж норгохгүй байх сан гэхгүй нэг бодлын бүүр амар юу ч таарсан туулаад л. Жийлт багатай дугуйгаа түрж цас туулж яваа болохоор ам цангана гэж тоймгүй. Залуус цас үмхэлж, суларсан усны савандаа цас нөөцлөж хайлуулан цангаагаа тайлж яваа харагдана. Ямартаа ч цастай газар ангана гэж юу байхав. Амьд хүн аргатай гэдэг дээ.

Зураг 7. Энэ аяллын орчинг илэрхийлсэн мэт зургийг хэн нэгэн ийнхүү буулгажээ

Ингээд бид ёстой зүтгэсээр Духын даваан дээр баг бүтнээрээ гарч амсхийлээ. Гэвч цаг агаарын мэдээнд байсан шуурга ойртож байгааг илтгэн тэнгэр бараантан салхи сийгэнэ. Энэ хүртэл ойд харин ч бид салхи шуургыг огт мэдрэлгүй, харин цасыг бол ханатлаа мэдэрч ирсэн юм. Даваан дээр бид биесдээ баяр хүргэн норсон оймс гутлаа мушгин бага ч гэсэн хөнгөрөөд одоо цааш дахин Улиастайн баруун голын хөндий, Хандгайтын даваа хүлээж байгаа тул удалгүй хөдөллөө. Өмнө нь энэ даваанаас дугуйтайгаа гялс л өнхрөөд бууж байсан бол энэ удаа хунгар их цас ёстой дугуйн дээр чинь мордуулахгүй шүү л гэж байгааг бүгд ойлгон дугуйгаа түрээд уруудлаа бүүр уулнаас буутал түрсээр баруун голд иртэл шар усны үер “улаанаараа” эргэж байх нь тэр. Баг бүгд зогслоо. Гол туулахгүй гэвэл Хандгайтын даваа чиглэсэн битүү торлог дундуур зүтгэнэ. Өдийд торлог ногоорч эхлээгүй хамгийн хатуу үе. Торлог бол бүтэхгүй. Админ туулаад гэж хэлээд хамгийн түрүүнд яваад орлоо. Ороод удалгүй ус сайхан бүлээхэн байнаа гээд цаашлав. Энэ аглагт админы үгээс зөрөх хэн байх билээ. Зөрөөд ч өөр зам байхгүй юм чинь.

Зураг 8. Дух уулын хойд энгэрийн замаар манай цуваа урагшилна

Хүйтэн мөстэй шар ус, доогуур нь газар биш мөс. Халтирч усанд унавал бүтэн бие нороод зогсохгүй үзүүртэй мөснүүдэд гэмтэж ч мэднэ. Нэг хүний бие болоод дугуйн гэмтэл аль нь ч байсан энэ аглагт багийн гэмтэл байдаг тул бүгд л хичээж болгоомжтой туулаад торлогийн захтай золголоо. Түрүүн цасанд норсон хөл бол юу ч биш бараг хуурай явсан юмуу гэж бодогдсон. Өвдөгнөөс доогуур татах гүн хүйтэн ус ёстой аймаар, дээрээс нь миний гутал дотортой байсныг хэлэх үү ус шингээгээд чулуу мэт хүндрээд бас ус нь удаан гадагшилж хөл бараг мэдээ алдлаа. Гэхдээ л туулаад гарчихсан бөөн баяр урагшилж дараагийн давааныхаа харалдаа иртэл түрүүний туулсан гол мушгирч ирээд түрүүнийхээс арай өргөн урдуур мэлтийнэ. Одоо энийг л туулчихвал даваа руугаа өгсөнө. Даваа гэхдээ түрүүний даваа шиг цастай байгаа.

Зураг 9. Цастай замд түгжирээ үүснэ

Дэмий зүйлс ар араасаа бодогдоно. “За Цоко дуугай л яв. Эхний голыг сайн л туулсан одоо ганцхан гүрийчих” өөртөө хэлээд давхиад л орсон. Мэдээж манайхны зарим нь миний урд, зарим нь миний ард яваа. Энэ удаагийнх арай өргөн илүү гүнзгий их замыг усанд туулсан. Өөртөө итгэмээргүй. Би хэзээ ч ингэж явж чадна гэж өөрийгөө үнэлж үзээгүй. Хичнээн аймаар байсан ч усны цаана бусдад төвөг бололгүй гарсандаа өөртөө баярлаж байсаан нуулгүй хэлэхэд хэ хэ. Голын цаана дахин гутал хувцасаа сэврээх зуураа энэ аяллаар тэмдэгийн болзол биелүүлсэн гишүүндээ тэмдэгийг нь гардуулж, байгаа амттанаа хувааж идэн, инээд хөөр болоод хөдөлсөн. Амралт, таталт бүр дээр админ яаруулахгүй ч гэлээ удаан амраахгүй байгаа нь мэдрэгдэж байлаа.  Энэ бол үнэхээр ухаалаг тактик гэж би боддог. Хэрэв над мэт туршлагагүй нөхөр админ байсан бол амралт дөхөхөөр одоо энд удахгүй жоохон амраад хөдлөнө шүү гэж сануулаад, байн байн болгоомжтой яваарай гэж орилоод багаа хайрлаад ч байгаа юм шиг хорлоод ч байгаа юм шиг явдгаа энэ хэдэн жил ажиглаж мэдсэн юм. Харин админы арга барил бол огт өөр. Багийг удирдаж биш дагуулж сургадаг. Хэлж биш хийлгүүлж туршлагажуулдаг билээ.

Зураг 10. Шигдэнэ, цөмрөнө гэхдээ л зүтгэнэ

Одоо сүүлийн даваа Хандгайт. Огцом богино өгсүүр гэж мэдэж байсан ч Духын давааны ар өвөрт цасанд ялагдсан энэ хүртэл явснаа бодохоор ялсан ч юм уу сэтгэл зүй жоохон халширч байсан ч энэ аяллын чиглэл бол би ядраад байна чадахгүй гээд буцчих, эсвэл арай амар гээд өөр зам сонгочих чиглэл биш тул бүгд л нэг хүн шиг дугуйгаа түрээд өгссөн дөө. Тэмдэглэлийнхээ түрүүнд бичсэн. Энд дахиад бичье. Олон хүнийг аялалд нэг хүн шиг авч явна гэдэг тоглоом биш. Энд зөв чиглэл, удирдлагаас гадна аялагч нарын биесээ хүндэтгэх нэгдмэл сэтгэл зүй хамгийн чухал юм. Энэ удаагийн тулалдаан мэт аялалд оролцсон 32 гишүүн ийм байж чадсан нь хамгийн гайхалтай бахархал байлаа. УУДАГ-ийнхан ийм л байдаг. Аяллын замд хэн ч байсан өөрийн хүсэл сонирхол, дуртай дургүй байдлаа урдаа бариад санал хүсэлт олон юм хэлээд байлгүй тухайн аяллыг ахлагч админы үгийг дагах, хэрэв санаа бодлоо нийлүүлэх бол олны дунд орилоод байлгүй зөвхөн админтай чимээгүй зөвлөлдөх, өөрийн сэтгэл зүйн тэнцвэргүй байдлаа орчин тойрныхонтойгоо эрээ цээргүй хуваалцан бусдыг сэтгэл зүйг хямраах зэрэг уршиг үйлдэл гаргахгүй байх зэрэг наад захын зүйлсээ мэдэж байх нь аялал амжилттай дуусахын нэг үндэс юм. Нэг л уулын хоёр хэсэг тул Духын даваа ямар байсан Хандгайтын даваа яг ижил. Гүн хунгарласан, доороосоо хайлж сийрэгжсэн цастайгаа биднийг угтсаныг урд зам гаргах залуусын ачаар баг амжилттай туулан даваан дээр гарахад 18 цаг дөхөж байсан. Энэ хүрэх бүх л зам өчүүхэн ч амар байгаагүй. Ялангуяа урд цас ханзалж зам гаргах залуус араас нь харахад л маш их ядарч цуцаж байгаа нь мэдрэгдэж байсан ч хэн ч ядарлаа гэж ганц ч хэлэхгүй байгаа нь аяллын төлөвшил тухайн хүний хатуужлыг харагдуулж бахархал төрүүлнэ.

Зураг 11. Хэдхэн алхамын цаана хуурай газар харагдавч нойтон гүнзгий цас биднийг чангааж дөнгөнө

Одоо уруудаад Хандгайтын ам, зуслангийн засмал. 20иод км цаана УБ хот маань байгаа. Бараг л гэртээ харьсан мэт мэдрэмж үнэхээр сайхан. Өмнөх аяллуудаар энэ давааны уруу дугуйтайгаа бас л гялс бууж байсан бол цасанд түрээд алхахад Хандгайтын даваа дуусдаг юм биш. Гэвч нойтон цас шаварт дугуй унах чадвар, зориг хүрэхгүй тул давааны бэл хүртэл түрсэндээ би. Харин залуус маань ядарсан нэгнээ хүлээн бөөндөө урагшилж зам зөөлрөөд ирэхээр жийцгээсээр 19 цагт Хандгайтын амны эхэнд байх зуслангийн замын дэлгүүр дээр энэ өдрийн аялал төлөвлөгдсөн замаар 100 хувь ажилттай дуусч бүгд ирсэн билээ. Өнөөдрийн аяллын зам адармаатай хэцүү байсан ч цаг агаар биднийг ивээж ууланд нэг ч удаа дааруулах хүйтэн, жиндээх салхитай таараагүй билээ.

Зураг 12. Духын даваа дээр ирлээ

Ийм хүнд аяллын ард гарсан 32 хүн биесдээ баяр хүргэн зуслангийн дэлгүүрт нэлээн орлого оруулж аваад гэрэл чийдэнгээ асаан бөөнөөрөө хотруу жийлээ. Та хэрэв өчигдөр орой 20 цагаас хойш хойд зуслангийн замд олон дугуйчидтай таарч зөрсөн бол тэд чинь Улаанбаатар уулын дугуйн клубийнхэн байсан юм. Тиймээ бид УУДАГ-ийнхан. Ийм аялал тэр бүр зарлаад байдаггүй, ийм замыг урьдчилж мэдсэн бол за гээд зүтгэх хүн тийм олон биш. Хүн өөртөө ямар их боломж байгааг мэддэгүй юм. Харин таныг хэн бэ гэдгийг аялал өөрт тань мэдрүүлдэг.

ЗҮГЭЭР Л ЖИЙ

Зураг 13. Гутлаа тайлж оймсоо мушгина. Оймсоо буцаад өмсөхөд модонд углаж буй мэт мэдээгүй санагдана. Дараа нь харин хөл дулаацна.

Цастай тулалдсан нь, УТГ Б.ЖАВХЛАНТӨГС

Өглөө сэрүүлгээсээ өмнө сонин зүүд зүүдэлж байгаад сэрчхэв. Аяллаасаа унтаж хоцроод. Ожго ах руу хоцорчихлоо гэрээсээ гарч байна гэж мессеж бичиж орхиод, аяллын багийнхаа араас нь яваад л байх юм. Нэг л урагшилж өгөхгүй юу ч болоод байгаа юм, өөрийн тааваараа явж чадахгүй бүр аргаа барж байтал ашгүй зүүд байсан байна. Цагаа харвал 6:30, аажуу уужуу унд цайгаа уугаад цуглах цэг рүү гараад жийлээ. Салхи өмнө зүгээс үлээж байгаа бололтой араас дэмжиж байсан тул хөнгөхөн жийгээд цуглах цэг дээр ирлээ. Манай эртэч хэд хэдийн нь ирчихсэн Жигжидийн уулзвар дээр GS25-д тухлан цай цүү болон бужигналдаж байна. Ар араасаа хүмүүс нэмэгдсээр 36 хүн болсон гэх шиг болсон. Яг баттай бол мэдээгүй, гэхдээ л олон хүн цуглажээ. Ойрд зарлагдаагүй ойрхон буюу 75 км-н аялал зарласан нь ч нөлөөлсөн байх.

Зураг 14. Баруун голын эх

Аяллын удирдаач Админ Сэлбийн эх рүү ордог хаалган дээр татах заавар өгөөд хөдөлцгөөлөө. Сэлбийн эхээс цааш дураар жийх газар байхгүй болох тул сайхан жийж авъя гээд хөдлөөд л буудчихлаа. Хоорондоо уралдаж хорхойгоо дарж авсан залуус юу юугүй л таталтын цэг доор очин хөөр хөгжөөн болцгооно. Бид ч эндээс цааш шавардана л гэсэн ойлголттой байсан. Гэтэл сэлбийн голын эх битүү мөс, дээгүүрээ хайлмагтан шар ус үерлэн урсаж байв. Юу юугүй аяллын эхэнд гутлаа норгох хүсэлгүй байсан тул эргэлзэн админы шийдвэрийг сонсохоор түр хүлээн саатлаа. Дээгүүр нь тойроод явцгаая гэсэн шийд гарсан тул голын урд эргийг дагасан замаа даган жийж эхэллээ. Хэсэг яваад зам цастай жийх боломжгүй болсон тул дугуйгаа түрсээр боломж гарвал жийсээр манай баг урагшилсаар. Голын хойд талаас наашаа орж ирсэн зам байх болов уу гэж үе харсаар л явав. Ашгүй 2 км орчим яваад нэг зам хойноосоо ороод ирлээ. Нэгэнт зам байгаа тул доошоо уруудсан л байж таараа гээд голын мөсөн дээгүүр болгоомжтой алхсаар амжилттай гараад буцаад уруудав. Энэ зам харин ирсэн замаас маань тэс өөр юм, зам ч гэж бараг гол шахуу болсон байна. Цаашаа нэгэнт норох нь тодорхой болсон тул эртхэн цайръя гээд Октябрь ахын хамтаар дугуйгаа түрээд туучлаа. Шагай давсан усаар туулаад боломж гарвал жийсээр Сэлбийн эхийн нууран дээрээ буцаад хүрээд ирлээ.Манайхнаас эрт гутлаа норгох хүсэлгүй байсан хүмүүс нь торлог дундуур гарсан гэнэ. Ихэнх нь гутлаа норголгүй хүрээд иржээ. 700 м ус тойрохын тулд 3.5 км туулаад ирэв.

Зураг 15. Баруун голыг ахин нэг гаталлаа. Үүнээс цааш ус үгүй

Анхнаасаа л шууд дайраад гарах байж гэж ярилцсаар хамт явсан Бямбаа дүүтэй дээшээ өгслөө. Духын даваа руу өгсдөг замын салааны наана нэг их устай гол урсаж байв. Торлог дотроос нэг гайгүй бадируун шургааг олж ирээд дүү хүүтэй хамжилцаж байгаад гүүр хийж орхиод Духын даваа руу өгсдөг замын эхлэл дээр очин багийнхнаа хүлээв. Бүгд цугларахад 11 цаг өнгөрч байсан тул Админ бага шиг юм идэж хүчээ сэлбэж авахыг зөвлөлөө. Өглөө GS25-аас дөрвөн хуушуур авсан байсныхнаа нэгийг нь идэж орхив. Эрч хүч буцаад эргээд ирэх шиг боллоо. Духын давааны орой хүртэл явж болно гэхдээ салаа зам таараад эргэлзээтэй бол хүлээгээрэй гэсэн тул Одбаяртай хамт багаа замчлан өгсөж байлаа. Өгсөх тусам жийх боломжгүй болсоор сүүлдээ замын цас их болсон тул замаа орхин хажуу талын ойгоор цасны нимгэнийг барин мод сүлжин үе үе хажууд зам байгаа эсэхийг нягтлан урагшилсаар. Салаа зам таарвал зогсож админыг хүлээнэ. Энэ явдал хэд хэд давтагдсаны дараа 13 цагт ээлжит нэг салаа замын уулзвар дээр баг зогсон үдийн хоолоо идэхээр боллоо.

Зураг 16. Одоо биднийг юу ч зогсоохгүй

Нэгийг нь эцсийн мөчид бүр сульдвал идье гэж тооцоод хоёр хуушуур идэж орхив. Усгүй болсон тул ам цангаад байв. Цас ухаж байгаад арай цэвэрхнээс нь идэж цангаагаа түр ч атугай дарангаа дууссан ундааныхаа саванд хийж авч байхтай зэрэгцэн Админы мориндоо командаар хөдөлцгөөв. Шавар бол туучвал туучаад тойрвол тойроод аргалж болдог сон, Энэ их цас чинь харин зам барьчихаараа яаж ч болдоггүй яггүй эд байна. Анх удаа л хаврын ийм цасан замаар дугуй түрэн алхаж байгаа тул алхам тутамдаа л туршлага сууж байв. Өвөл хунгарлаад хатуурсан цас хавар дулаарахаар доошоо хайлж урсаад сэвсийгээд зөөлөрчихдөг юм байна. Дугуй түрээд явахаар шигдэж ороод зуугаад амар урагшлуулахгүй юм.

Зураг 17. Ээлжит оймс мушгилт

Ер нь л аяллын толгойд явж сурсан зангаараа цас хагалан урагшилсаар л байлаа. Духын давааны наад энгэрийн зам нь доод талдаа унанги мод, дээд талдаа хадан нурангитай байсан тул хэчнээн цастай ч зам руугаа орон цастай тулалдахаас өөр сонголтгүй болов. Админ ахтай хамт ээлжлэн заримдаа салтаа тулсан цасанд зоогдон дугуйгаа чирч гулдчин байж Духын давааны орой дээрх ганц хувхай модон дээрээ хүрээд ирлээ. Энэ цэг өнөөдрийн аяллын замын дөнгөж тал нь байлаа.

Цаашаа Баруун голын эх хүртэл уруу тул харьцангуй гайгүй гэхдээ л өнөө цастайгаа тулалдсаар Урд талд УТГ Одбаяр, УШТГ Бадрах, УШТГ Сонинбаяр, ШТГ Сүхбат, ШТГ Ёндонжамц, НТГ Элбэгзаяа, Бямбасүрэн тэргүүтэй шижигнэсэн залуустай ээлжлэн зохион байгуулалттайгаар цас хагалан явсаар Баруун голд тулж ирлээ. Цас хагалах нь дугуйтай салхи сөрөхтэй төстэй юм. Нэг нь түрүүлж цас хагалж зам гаргаад араас нь цуваагаар явж гаргасан замыг дагтаршуулсаар арын хүнд бол бараг сайжруулсан зам шахуу болгож өгдөг юм байна. Цувааны хамгийн эхэнд яваа хүн амархан ядарна. Хоёрдугаарт яваа хүн арай гайгүй гэхдээ л чамгүй ачаалал авна. Гурав дахь нь ч бас л хүч гаргана. Тэрнээс хойш арай гайгүй болно. Эхний хүн ядарвал түр замаас гарч зогсоод цас хагалагч нарыг өнгөрөөгөөд хамгийн сүүлд явж хэсэг хүчээ сэлбэнэ гэх мэт тойргоор ээлжилж ачаалал авч явна. Үнэхээр ам цангаад тэсэхгүй болсон тул шар усаар үерлэж байгаа Баруун голын уснаас саваа дүүргэн ууж амныхаа цангааг ханатал тайлав. Ус нөөцөлж авахаа ч мартсангүй. Сүүлийн ганц хуушуураа идэхэд нүд нээгдэх шиг л болов.

Зураг 18. Залуус хөгжилдөн инээлдсээр

Манайхан ч шууд торлог руу дайрч гараад голын цаад талын Хандгайтын даваа руу өгсдөг зам руу оръё гэж байсан боловч туршлагатай Админы зөвлөгөөг даган голоо дээд талаар нь шууд туулаад гарсан нь зөв шийдвэр байлаа. Голоо туулж гарахад гутал хувцас шалба норох боловч замгүй газраар торлог дунд дугуйгаа чирээд туулснаас бага хүч зарцуулан голын цаад талд гараад гутал, оймсоо тайлан мушгиж сэврээгээд сүүлийн даваа руу цастай тулалдахаар өгсөцгөөлөө. Одоо нэгэнт үггүйгээр ойлголцдог болжээ.

Зураг 19. Манай багийн бүсгүйчүүд дайчин аялсан шүү

Цас зүсэгч багийнхан маань бахархалтайгаар ээлжлэн зүссээр, замаасаа хазайсан эсэхийг үе үе нягталсаар давааны оройд гараад ирлээ. Овоон дээр дурсгалын зураг татуулаад хүнээ тоолтол нэг хүн дутуу байлаа. Ган-Очиртой хамт буцаад уруудтал холгүйхэн нэг шинэ гишүүн өгсөж байсан тул хоёулаа дугуйг нь аваад даваан дээр авчран багтаа нэгтгээд хөдлөв. Одоо уруудсаар байгаад л засмал замд нийлнэ дээ гэж бодохоор өөрийн эрхгүй инээд хүрнэ. Дугуйгаа түрээд алхахаар удаан дээрээс нь ядраад байсан тул дугуйн дээрээ мордоод нэг хөлөө тулан тормозоо базаад уруудахад амрах шиг л болж байлаа.

Зураг 20. Шар усны үерээ гэж ...

Замтай замгүй уруудсаар юу юугүй л Хандгайтын амны дэлгүүр дээр ирснээр хүсэн хүлээсэн хүнс, ундтайгаа залгаж хүчээ сэлбэж авлаа. Нэг ахмад аялагчийн маань бие хэт ачааллын улмаас тавгүйрхэж биднийг багагүй сандаргаад авав. Харин манай аяллын багт шинээр нэгдсэн эмч залуу байсан тул хурдан арга хэмжээ авсан нь юутай завшаан. Оогий ах Цоко эгч хоёрыг авахаар автомашин ирсэн тул, Ахыг дугуйтай нь ачаад хүргэж өгөхөөр болсон нь том тус болов. Одоо нэгэнт харанхуй болсон тул байгаа гэрлүүдээ асаан хот ортол хоёрын цуваагаар явж аяллаа амжилттай дуусгах шийдвэрээр хөдөлцгөөлөө. 17-ын уулзварт түгжрээний захтай залгасан тул цуваагаар явах боломжгүй болсноор эндээс өөр өөрийн замаа хөөн бутарснаар аялал албан ёсоор өндөрлөж орой 21:30 цагт гэртээ ирэв. Ийнхүү хэдийгээр хүнд замыг туулсан ч дурсамж дүүрэн нэгэн аяллыг бид багаараа хамтдаа амжилттай бүтээлээ. Магадгүй өглөөний тэр сонин зүүд өнөөдрийн хүнд аяллыг зөгнөсөн байх. Нэг л урагшилж өгөхгүй аргаа бараад байсан нь энэ цас байсан бололтой.

Үнэнээ хэлэхэд хэрвээ би жирийн гишүүн байсан бол энэ аялалд оролцохоор очихгүй байсан

УТА Г.Махгал

Манай том админ Э.Ожго ах клубийг анх үүсгэн байгуулсан цагаасаа л эсэн бусын экстрем аялал төлөвлөж, удирдан явуулсаар ирсэн билээ. Биеэр үзэж мэдрээгүй хүн төсөөлөхөд бэрх тэдгээр аяллуудад юу эс тохиолдсон гээч. Иймдээ ч би вээр шинэ гишүүд хийгээд унадаг дугуйн аялал сонирхогчдод "ангаж үхэхээс осгож үхэх, туйлдаж үхэхээс хэмхэрч үхэх хүртэлх эрсдэл дундуур жийдэг" гэж хэлдэг. Клубийн баримталдаг "Зүгээр л жий" гэсэн уриа - зарчим дагасан санамж дотор "надад ямар ч эрсдэл учирч болно" гэж бичсэн байдаг нь угтаа чухам үүнийг л сануулсан хэрэг юм.

Хандгайтын даваа ба Духын давааг клубийн шинэхэн гишүүн байхдаа ч, сүүлд аялал санаачлан зохиодог болсон үеэс хойш ч хэдэнтээ давж байсан тул энэхүү замын саад бартааг бараг л гарын таван хуруу шигээ мэднэ гэхэд хэтрүүлсэн явдал болохгүй. Миний хувьд дугуйнаасаа аль болох буулгүй жийх буюу унадаг дугуйгаа түрэхгүй байхыг эрмэлздэг. Гэтэл энэ маршрутын дагуу их торлог дундуур гарах болдог нь дугуйнаасаа зайлшгүй буухад хүргэдэг юм. Нөгөө талаас энэ өвөл, хавар хур тунадас урьд жилүүдийнхээс эрс их унасан нь бас тэр нь хайлж дуусаагүй гэдэг нь өмнөх аяллуудын үеэр жалга судгаар урсах шар уснаас илт байсан нь даваануудын замын онцлогтойгоо нийлээд уг маршрутыг жийсээр дуусгах боломжийг үгүй хийх нь гарцаагүй хэмээн тов тодорхой хэлээд ер болохгүй байсан л даа. Иймээс л хэрвээ би жирийн гишүүн байсан бол энэ аялалд оролцохоор очихгүй байсан гээд байгаа юм л даа. Өмнө нэг аялал өнжиж байсан маань эцэстээ "зуны цасан шуурга" хэмээх алдартай аялал болж клубийн түүхнээ үлдсэн билээ. Тухайн үед цаг агаар огцом муудна гэсэн прогноз гарсан ба түүнд нь тохирох ус нэвтрүүлдэггүй цув гэх мэтчилэн хувийн бэлтгэл дутуу байсан тул тэрхүү аяллыг тийнхүү өнжсөн юм. Харин энэ удаагийн аялал бол өөр л дөө. Үүнийг тайлбарлавал хэд хэдэн зүйл дурдах хэрэгтэй болно. Нэг дүгээрт клубийн админы үүрэг гэж бий. Хоёр дугаарт хэдийгээр маршрут ба цаг үеийн нөхцөл байдал хоёр нь зохицоогүй ч гэлээ клубийн том админ Э.Ожго ах маань зохиоё хэмээн шийдсэн байхад түүнийг нь бодит хэрэг болгоё гэх буюу нэг нэгнээ бүх талаар дэмжих гэсэн явдал юм. Гурав дугаарт нөгөөх зуны цасан шуургыг өнжиж байсан, дадлага туршлагагүй нэгэн одоо огт биш болсон гэх буюу хэр баргийн сорилтыг давах хэмжээнд хүрчээ. Шулуухан хэлбэл би хэн билээ, хэн болсон билээ гэдгээ өөртөө болон бусдын өмнө харуулах гэсэн шуналт хүсэл ч үүний цаана бий.

Энэ удаагийн аяллыг эрсдэлтэй болгох үндсэн гурван хүчин зүйл байлаа.

  1. Нэг дүгээрх нь замын нөхцөл байдал. Үүнийг багцаалж болох буюу тогтмол хүчин зүйл тул төдийлэн санаа зовохгүй байв. Аяллын үеэр болон дараа нь гишүүдийн хэлж ярихыг сонсоход, чатаар бичиж буй зүйлсийг уншихад энэ тогтмол хүчин зүйлийг байх л зүйл хэмээн хүлээн авч, ийнхүү цас туучиж дугуйтай алхалт хийж буйдаа, хийсэндээ баяр хөөртэй ч байх шиг тал илт анзаарагдаж байлаа.
  2. Хоёр дугаар хүчин зүйл цаг агаарын нөхцөл байдал юм. Цаг агаарын урьдчилсан мэдээнд бямба гарагийн үдээс хойш УБ-ын цагаар 17:00 цагийн үеэс эхлэн тэнгэр муудаж, цас хаялна гэсэн нь санаа зовоож байв. Хэрэв нойтон цас орвол ёстой аюул болно. Аяллын үеэр хэд хэдэн гишүүнээс цаг агаарын мэдээ харсан уу гэхэд "20 градус байна гэсэн" гэхээс илүү хариулт хэлсэнгүй. Гэтэл орчин үед цаг агаарын прогноз бүтэн өдрийн турш үргэлжлэх процессыг бүхэлд нь гаргадаг болсон. Харин өнөөдрийн цаг агаар бидний талд байж аюултай үзэгдэл нь холуур өнгөрчээ. Духын даваа дээр явахад тэнгэр баруун хойд бас зүүн өмнө талаас бүрхэж эхэлсэн ч салхины чиг тогтворгүй, хуйсагнасан янзтай байхаар нь "за энэ чигээрээ зад шуураад хөөчихөөсэй" гэж байсан юм. Сүүлд мэдэх нь ээ ёстой тэнгэр газар ялгарахгүй болтол шуурсан гэнэ. Харин тэр нь хангайнхаа нөмөрт явсан бидэнд огт мэдэгдээгүй өнгөрсөн байжээ. Тийнхүү хойшилсон цас шөнөдөө орж өглөөгүүр зогссон юм.
  3. Гурав дугаарх нь гишүүдийн жийлтийн эрчим юм. Энэхүү аялал нь өдрийн аялал категорит хамаарах тул цоо шинэ хүн аялалд нэгдэж болох бөгөөд тэр нь аяллын замыг туулах эрчимд хэрхэн нөлөөлөх нь таашгүй. Түүнчлэн хэдий туршлагатай, бие бялдрын бэлтгэлжилт сайтай ч тухайн өдөр хүний бие ямар байхыг баттай хэлэхэд бэрх. Өөрөөр хэлбэл гишүүдийн жийлтийн эрчим бол санамсаргүй фактор юм.

Аяллын үеэр эдгээр эрсдлийг үнэлсэн нэгэн хашир, ахмад гишүүн надаас одоо хэдэн км туулаад байна, хэдэн цагт аялал дуусах вэ гэж нухацтай асуусан. КМ ба хурдны тооцоо төдийлэн хийдэггүй тул нарийн тооцоотой хариулт алга гэдгээ хэлэхэд үргэлжлүүлэн нэхэж асуусан тул өмнөх аяллуудын туршлагадаа үндэслэн 19:00 цагийн орчимд дуусна гэсэн багцаа гаргаснаа "За гэгээтэйд л дуусах болов уу" хэмээн хэлсэн маань хоёр ч шалтгааны улмаас цаг орчмоор алдаатай предикт болжээ. Шалтгаануудын нэгийг УТГ Б.Жавхлантөгс өөрийн тэмдэглэлдээ дурджээ. Харин нөгөө нь цувааны сүүл мушгисан гишүүдтэй холбоотой л доо. Хэдийгээр багийн аяллын хурдыг хойш чангааж байсан ч бид тэдгээр гишүүдээ адладаггүй. Харин ч аялал алгасалгүй оролцож, тогтмол жийхийг зөвлөдөг. Цагтаа бид өөрсдөө ч мөн л ийнхүү цувааны сүүлд чирэгдсээр, арайхийн аяллын маршрутыг дуусгацгааж байсан. Мөн бид анхны тэр "хүнд" аяллаа умартаж, төрөл арилжин, биеэ огт тоодоггүй. Мөн аяллын дуусах цагийг хойш нь чангаадаг хамгийн хорлонтой үйлдэл байдаг нь дураараа амарч суух явдал билээ. Энэ удаад ийм зүйл огт боломжгүй байсан. Учир нь амарч суух л юм бол хувцас нэвт норохоор байсан.

17:00 цагт орох цас ба "зуны цасан шуурга" хэмээх аялал хоёроос сэдэвлэн цааш үргэлжлүүлвээс клубийн шинэ гишүүн буюу юугаа ч мэддэггүй байхад энэ мэт эрсдэлтэй аялалд мэр сэр оролцож байсан маань одоо санагдаж л байна. Тэдгээрийн нэг дээр админ "явган аяллын багийнхан бөөнөөрөө осгож үхсэн" нэг явдлыг жишээ болгон яриад аяллын дундаас буцах шийдвэр гаргаж байсан юм. Тухайн үед цаашаа яваад үзэхэд юу нь болохгүй гэж хэмээн бодож байсан сан. Харин "зуны цасан шуурга" нэрт аялалд оролцсон гишүүдийн амнаас осгохдоо шахаж, бөмбөгнөтөл чичирч байсан гэдгийг нь сонсоход жихүүдэс төрөх мэт болж байсан. Хүйтэн бороонд даарсан хүн эхлээд хөмхийгээ тас зуучихдаг юм билээ. Үүний дараа чичирч эхэлдэг болов уу. Миний хувьд өнгөрсөн намрын аялал дээр нэгэн гишүүн тийнхүү даарч хамаг биеэ чангалаад, шүдээ байдгаараа зуучихсан байхыг нүдээрээ харж байсан. Тэр гишүүн дараа ахин тэгж гэнэдэхгүй биз ээ. Гэнэдэх ч гэж дээ. Тэр борооны талаар бүгдээрээ л чатаар бичилцэж мэдэхийн дээдээр мэдсэн. Гэвч аливааг бодитоор мэдэрч байж цочирдог нь хүмүүний гэм биш зан юм хойно яах ч билээ дээ. Нэмж хэлэхэд ийм аюул хүйтэн сэрүүн үед л тохиолддог гэвэл өрөөсгөл болно. Жишээлбэл намрын сорилго нэртэй 300 орчим км-ын урт аялал усан борооноос болж төлөвлөсөн маршрутаа бүрэн дуусгалгүй өндөрлөж байсан. Тухайн үед би гэдэг хүн 300 км-ийг шууд амлаж авах бядгүй шинэков байсан тул бас л тэрхүү аяллыг өнжиж байсан юм. Ерөнхийдөө эвгүй аяллуудыг өнжчихөөд л байдаг байжээ. Харин энэ удаад дээр дурдсан хэд хэдэн шалтгаантай учраас өнжинө гэж үгүй.

Ийнхүү гарцаагүй хүлээх экстрем аялалд зориулсан хувийн бэлтгэлээ базааж эхлэв. Нэн тэргүүнд уулын зориулалттай гутлынхаа усны хамгаалалтыг сэргээхээр нано технологийн цацлага олж авав. Бүрэн төгс хамгаалалт болоогүй ч хоёр давааны хоорондох гол ус туулах хүртэл хөлийг маань бас ч гэж хуурай байлгахад дэм болсон. Дараа нь өвөлжин унаагүйн дээр арааг нь шинээр сольсон уулын дугуйгаа шалгаж жин тан болгов. Бас шавар ус үсчүүлэн явах нь тодорхой тул бөгс рүү үсчих шавар ус хаах шаврын хаалт тогтоов. Бас борооны гялгар хальсан хүрэм үүргэвчиндээ хийв. Энэ хальсан хүрэм өвөл болтол үүргэвчинд явна гэчихэд болно доо. За тэгээд бусад нь насос, нөхөөс, түлхүүр багаж гээд байнга авч явдаг зүйлс. Бас унд, хоол.

Ингээд аялал эхэллээ. Аяллын эхэнд том админ ба гишүүд дуу нэгтэйгээр намайг цувааны цоожлогчоор сонгочихов. Цоожлогчид нэр дэвших өөр өрсөлдөгч гарсангүй. Тийнхүү цуваа цоожлогч хэмээх нэг талаас маш амархан ч нөгөө талаас маш хүнд албан тушаал ямар ч өрсөлдөгчгүйгээр "минийх болов". Цуваа цоожлохын хүндийг хүмүүс янз бүрээр ойлгодог бас янз бүрээр цоожилж явдаг. Клубийнхээ аяллын хэмнэл, онцлогийг харгалзан үзвэл цувааны сүүл мушгиж яваа хүнийг учиргүй бөөцийлж халамжлаад байх нь хэтдээ дэмий. Бас ядарч зүдрэн, хэцүүхэн яваа хүнийг хамаа намаагүй хүчилж шахах ч зохимжгүй. Урам дэм өгч байна гээд шал худлаа цаасан малгай өмсгөж хүний дургүй хүргэлтэй ч биш. Харин энэ удаад цоожлогчийн ажлын амархан тал гэвэл зүгээр л бэлэн мөр дагах явдал байв. Харин эсрэгээрээ цувааны толгойд яваа гишүүд цас зүсэх ажил хийнэ. Цуваа цоожлоогүй бол цас зүсэж зам гаргах ажилд гарцаагүй оролцоно л доо.

Санзайгаас цааш аяллын гол маршрут руу орсоны дараа буюу "аяллын эхэн" үед шинэ гишүүдээс хоцорч сүүлдэх явдал гарсангүй. Харин Духын давааны өгсүүр өөд дөхөх тусам гишүүд шигшигдэж эхэлсэн тул сүүлийн хэдэн гишүүдийг нүдлэх ажил гарав. Ядахад олон шинэ гишүүн яваа тул андуурч эндүүрчих гээд болдоггүй ээ. Цуваа цоожлохдоо байнга хойш урагш явдаг тул сайн нүдлээгүй зарим гишүүдийг "алдчих" гээд л байна шүү. Цуваа цоожлохдоо байнга хойш урагш явдаг маань багийн гишүүдийн эрчим ерөнхийдөө ямар байгааг багцаалах боломж олгодог. Бас хэдийгээр цувааны дунд яваа боловч анхаарал тавих шаардлагатай шинэ гишүүдийг ажиглах, зөвлөгөө өгөх ажил хийнэ. Нөгөө талаас давааны өгсүүр "дотор хүн"-ийг маань даллан дуудах тул давааны орой өөд дайрах гээд өндөлзөнө. Энэ удаад замын ихэнх хэсгийг хунгар цас дараад дугуй жийхийн эцэсгүй болгосон байсан тул тийнхүү бүгдийг хаяад жийгээд алга болсонгүй. Гэхдээ л хэсэгхэн боломж гарахад цувааны сүүлээс толгойн групп хүртэл жийн хүрч амжсан нь сэтгэлд жаахан ч гэсэн өег болов. Давааны замын уруугаар нэлийтэл урсах ус ба замын энхэл донхол чулууг туучин дугуйныхаа хүрдийг сэнсэртэл эргүүлсээр жийн өнгөрөхөд нэг нь "Өө цоожлогч энд явж байна" гэж админд хов хүргэх нь чих дэлсээдэхэв. Учир мэдэх том админ буудаг ээ гэх утгатай үгийг улам холдох надад ч тод сонсогдохоор хэлж байна. Угаасаа ч цагаан хоолойгоор ярьж байгаа юм уу гэж эндүүрмээр тод чанга дуутай хүн л дээ. Бас УТА Цоко эгч "замаас нь холдоод өгөөч" гэж тээр хойноос намайг давуулан байж нөхөртөө хашгиран хэлэх нь миний жийлтийг улам бүр сүржин болгоно.

Аяллын оргил - гол ус туулах хэсэг өнгөрлөө. Үүнээс өмнө гишүүд ерөнхийдөө давгүй явцгааж байсан юм. Харин одооноос эхлэн цуваа сүүлдэсхийн явах гишүүд тодорхой болж эхэллээ. Гэхдээ л зарим нь Хандгайтын давааны өгсүүр урууд хүчээ зөв хуваарилж давгүй явж анхаарлаас гарсан бол зарим нь тэвчээр алдан хялайна. Ерөнхийдөө Хандгайтын давааны өгсүүрт л нэлээн суларцгаасан бололтой. Давааны урууд ёстой л хуруу даран тоолж бүртгэн цоожлов. Ийнхүү явсаар сүүлийн хүн Хандгайтын амны ойгоос гарч ирэхэд 19 цаг нэлээн өнгөрч харуй бүрий болоход тун дөхсөн байв.

Зураг 21. Багийн гишүүд Хандгайтын даваа дээр, 17:56 цаг

Ийнхүү аялал оройтож дууссан нь замын ихэнхийг явганаар туулсантай холбоотой. Унадаг дугуй хэдийгээр автомашинтай адил учиргүй хаазлаад өндөр хурдаар давхин бага хугацаанд их зам туулж чадахгүй ч гэлээ явган нүцгэн явсанаас өчнөөн дахин хурдан явдаг билээ. Үүнийг дугуйчин хүн бүр мэднэ. Харин энэ удаад манай том админ тооцоо алдсан уу, эсвэл нэг сайхан экстрем аялал зохиоё гэж бодсон уу гэдгийг бүү мэд. Урьдах аяллын тэмдэглэлүүдийг уншваас энэ мэт үдэш орой, бүр шөнө дөлөөр дуусаж байсан аялал цөөнгүй бий. Тэгэхээр энэ бол манай том админы онцлог буюу манай клубийн л онцлог юм уу даа. Энэ нь ч биднийг улам бүр хурцалдаг юм байна гэх бодол өөрийн эрхгүй төрдөгийг нуух юун. Миний хувьд ч клубийнхээ аяллын ийм онцлогийг хадгалахыг зорьж мөн адил шандас сорьсон өндөр уул даваатай аялал зохиохыг эрмэлздэг боловч гол нь дугуйнаасаа буулгүй аялах боломжийг үргэлж тооцдогоороо ялгаатай юм болов уу гэж хувьдаа дүгнэдэг юм.

Үнэнээ хэлэхэд хэрвээ би жирийн гишүүн байсан бол энэ аялалд оролцохоор очихгүй байсан. Гэхдээ оролцохоор очоогүйдээ туйлын их харамсах байсан. Иймээс энэ мэт аяллын ард түүртэлгүй гарч бие хийгээд сэтгэлийн ханамж авч чаддаг болох хэмжээнд хүрэхийн төлөө хараахан оройтоогүй байгаа цаг үе болох яг одооноос эхлэн ЗҮГЭЭР Л ЖИЙ!

Тийм ээ, би энэ аяллын үеэр цас зүсэж нэмэлт ачаалал аваагүй ч гэлээ 10 цагийн турш зогсолтгүйгээр цас туучин дугуйгаа түрж алхсан уг аяллыг нийтдээ 4 стакан хэмжээтэй шингэн орох хоёр сав аарц, хоёроор савласан хоёр ширхэг супер контик, нэг адикто дарк өрмөнцөр, нэг ширхэг гадилаар л давж дуусгасан. Ийнхүү яаж бага хүч энерги зарцуулах вэ, уух зүйлээ яаж зөв хуваарилах вэ гэдэг арга туршлагыг өмнөх 90 гаруй аяллын үеэр олж эзэмшсэн. Бас ийм аяллын ард гарах тэсвэр тэвчээр, бие организмын нөөц чадавхийг 9000 гаруй км зам туулахдаа бүрэлдүүлсэн юм. Эцэст нь хэлэхэд энэ мэт экстрем аялал хэзээ болохыг аяллын зар дээрээс хараад шууд мэдэхэд хэцүү буюу ихэнхдээ тохиолдлынх байдаг тул иймэрхүү супер аяллыг алдахгүй байя гэвэл аялал бүрийг алгасалгүй ЗҮГЭЭР Л ЖИЙ!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ш.Мөнгөнсүх П.Тэмүүжин Н.Жагварал Э.Уранзул Ж.Төгсбаяр С.Бөхбат Б.Алтантулга Т.Батдөлгөөн Б.Батбуян С.Лувсан Д.Бямбасүрэн С.Отгонбаатар А.Отгонбаяр Н.Даваасүрэн Б.Элбэгзаяа Д.Ганбат Б.Сүхбат Д.Сонинбаяр Г.Ёндонжамц Д.Жамъяндорж Т.Ган-Очир П.Батмөнх Б.Бадрах Д.Баасансүрэн Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон У.Одбаяр П.Золзаяа Э.Ожго
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Тэмүүжин
  • 1177 км дутуу
  • 82 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Жагварал
  • 1011 км дутуу
  • 248 км
  • 3
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Уранзул
  • 646 км дутуу
  • 613 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ж.Төгсбаяр
  • 510 км дутуу
  • 749 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Бөхбат
  • 400 км дутуу
  • 859 км
  • 10
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Алтантулга
  • 134 км дутуу
  • 1125 км
  • 11
  • 0
  • 0
  • 0
  • 0
Т.Батдөлгөөн
  • 1259 км
  • 13
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Батбуян
  • 1414 км
  • 15
  • 0
  • 0
  • 0
  • 1
С.Лувсан
  • 1702 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Бямбасүрэн
  • 2401 км
  • 24
  • 1
  • 0
  • 1
  • 1
С.Отгонбаатар
  • 2479 км
  • 27
  • 0
  • 0
  • 1
  • 1
А.Отгонбаяр
  • 3044 км
  • 26
  • 0
  • 0
  • 1
  • 1
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
Д.Ганбат
  • 4692 км
  • 43
  • 2
  • 1
  • 0
  • 0
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Д.Сонинбаяр
  • 5168 км
  • 47
  • 7
  • 2
  • 1
  • 2
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Д.Жамъяндорж
  • 6427 км
  • 59
  • 11
  • 1
  • 0
  • 2
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Б.Элбэгзаяа Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2446 км
Зүгээр л жий!