Энэ жил нийт нутгаар цасан бүрхүүл нэлэнхүй тогтсон байгаа тул энэ сардаа автомашины засмал зам дагасан аялал түлхүү зохиогдож байгаа билээ. Тиймээс засмал замаар хоёр эгнээнд орж цуваанд жийх нь аяллын үеийн аюулгүй байдлыг хангах үндэс болох юм. Хонхор суурин дээр цуглан цуваанд (алдарт 20 км/цаг барих) орж Налайх дүүргээр дайран гарч Цонжин болдогийн наана байх шар дэлгүүрийн өндөр довжоон дээр үдийн хоолоо хийж идэж амарна. Гишүүд сандал, тулга, хий, аяны тогоо, кофе нэрэгчээ авч аялахыг зөвлөх байна. Хамтдаа сайхан аялцгаая.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Өнгөрсөн 7 хоногийн Бямбын аялал цаг агаарын тааламжгүй нөхцлөөс болж цуцлагдсан билээ. Энэ удаа тэнгэр цэлмэг ёстой л аялаж баймаар өдөр байлаа. Өглөө 8 цаг өнгөрөөгөөд наран ургах зүг жийсээр, ганцаараа тул Налайхын дугуйн замыг сонгов. Хариуцсан (хариуцсан л байх учиртай) тохижилт үйлчилгээний компани энэ замыг арчлаагүй нь илт байв. Бидний зарим аялал энэ замаар ирж, буцдаг тул зам дээр овоорсон малын баас, шороо чулуу нэн элбэг байдаг. Энэ удаа автомашины замаас зайлуулагдсан цас мөсөн овоолго сүлжин, чулуу шороонд дарагдсан замаар жийсээр цуглах цэгтээ очлоо.
Залуус маань хэдийн ирээд цай унд ууж, аяллын гараанд гарах бэлтгэлээ базааж байв. Дотно танил найз нарын сэтгэл сэргээм яриа хөөрөө, сонин сайханыг сонсох ахуйд цаг ч тун хурдан өнгөрч, 10.02 цагт аяллаа эхлэв. Хоёрын цуваанд орж автомашины замаар жийсээр Оргил худалдааны төв уруудан цуваа задарлаа. Хажуугаар гүйцэх админ залууд товчоон дээр татаарай гэж хэлж амжив. Аяллын замдаа сэтгэл шулуудан сэргэсэн залуусын хүч бярны ирийг мохоох хүсэл даанч үгүй тул өөр өөрийнх хурдаар тавьчихлаа.
Манайхан ч буудсаар, товолсон газар хальтхан нэг татаад Цонжин болдог руу жирийн одлоо. Юу юугүй л Цонжин болдог руу ороод ирэв. Хамтдаа дурсгалын зураг, уран сайхны зураг татуулан хөдөлж шар дэлгүүрийн довжоон дээр сандлаа гарган тухлаж, тогоо тулгаа зоон цай чанаж, хоол хийж идэн тухтай амрав. Мөн цэнхэр, ногоон, улаан тэмдгийн болзол хангасан гишүүдэд бахархалын тэмдэг гардуулав.Манай баг 31 хүн (дөрвөн бүсгүй)-тэй байв. Буцахдаа салхи сөрөх тул очсон маягаар яахан буцаж болох билээ. Хоёрын цуваанд орж "алдарт 20" хэмнэлээр Налайхын зүг зорьлоо. Салхи нь хүйтэн байв. Энэ хөндийд ижлээсээ тасарвал ганц дугуйчин ямархан зовлон туулахыг бид мэднэ. Тиймээс цуваа тасралгүй итгэлтэй урагшилсаар, жарган жийсээр Налайх дүүрэгт ороод ирлээ.
Энд амьдрах УШТГ маань биднийг гэртээ урьсан тул буудаллаж амтат хоол, цай, цагаан идээгээр дайлуулан цагыг тухтай өнгөрөөлөө. Амарч тэнхээжсэн манайхан хоёрын цуваанд орж Налайхын автомашины замаар жийлээ. Урд салхи аван хурд тохируулах залуу, бүсгүй хоёр гишүүн маань тун чамбай мэдрэмжтэй чиглүүлэн жийв. Хурд шууд 27 км/цаг хүрч, нэг харсан 40 км/цаг хүрээд 30-34 км/цаг дээр бариулж байв. Багахан гүвээний өгсүүрийг 16-18 км/цагийн хурдаар эвхэж байв. Юун нөгөө "алдарт 20". Алсын уруутай, хажуугаас цохих ташуу салхитай үед, тэгээд ч айлд дайлуулан амарч тэнхээжсэн залуусын хүчит урсгал урагшилж байхад... ингээд л бөөндөө төгсгөлгүй явах юмсан гэж бодогдоно. Цувааны хурд ийм байхад таталтын тухай бодох нь илүүц тул шууд Дүнжингарав руу гэж хэлэв. Хэн ч хоцорч, "шувтарсангүй". Бүгд барианы цэг дээр ирж өнөөдрийн аяллын тухай яриагаар бие биенээ үдэн, аялал тун амжилттай дууслаа. Аяллын гэрэл зургийг чадмаг авч ажиллан, аялсан УТГ Ч.Мажигсүрэн анд, анхны аяллаа амжилттай дуусгасан шинэ гишүүддээ талархал илэрхийлье. Зүгээр л жий.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Г.Ёндонжамц | Умард хязгаар 3543 км шар тэмдэг | 3586 км |