Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Хаврын улирлын час хийсэн жаварлаг өглөө цуглах цэг болох Нисэх рүү жийж явахдаа, цас их орсон тул аргагүй дээ гэж бодсоор жийх ахуйд, Хүннү молл өгсөх замд нэг дугуйчин бүсгүй маань урд явж байлаа. Хамтдаа гунгар ганган хийн жийж явтал хойд талын явган хүний замаар манай нэг гишүүн хот руу чигтэй жийж явна. "Хөөе, хаашаа явах нь вэ, Нисэх шүү дээ" гээд баруун тийш заавал, "аа тийм үү" гээд эргэн, бид хоёртой нийлж билээ.
Цуглах цэгт яваад очтол хашир гишүүд аль эрт ирээд тухалчихсан, өглөөний цайгаа ууж байлаа.
Аялалд нийт 25 гишүүн бүртгүүлсэнээс 22 нь (+2) оролцов. Спортын ордон өнгөрөөд урагшаа чигтэй явсан нэг гишүүнээ дуудаж бүгд цуглан 9:02 цагт аялал эхлэв. Морингийн даваа даваад доод автобусны буудал дээр татах тул гишүүд өөр өөрийн эрчим хурдаар урагшилна. Нүүр ам ороолгон хайрах хөгшин жавар Морингийн даваа өгсөх замд "алга болж" жигд темп-ээр давааны тахир замаар эхний дугуйчид давааны оройд дөхөж явна.
Даваагаа даван уруу замд дугуйгаа сул тавин чөлөөтэй өнхөрнө гэдэг бас нэг амттай мэдрэмж билээ. Залуус маань тогтсон газраа татсан байв. Араас нэг гишүүн хоцросхийн гараад даваа өгсөж буй мэдээ авлаа. Хүлээж байгаад хоёр эгнээнд орон бөөндөө жийлээ. Чиглүүлэгч гишүүн урдаа гарч хурдыг 20 км/цагт барин өөдөөс салхилах салхиа сөрөн зогсолтгүй урагшилж байв. Цуваан дунд хоорондоо ярилцаж, хөхрөлдөж, бүр нэг гишүүндээ баяр хүргэж ч амжсан шүү. Ийнхүү хурдалсаар, хурд аажмаар нэмэгдсээр 25 км/ц хүрлээ, дараа нь 27 км/ц хүрэх үед толгойн хэсгийн арваад дугуйчин тасарлаа.
Туул (Шувуу) тосгон дээр ирж дэлгүүрийн гадаа татахад нүүрсний эвгүй үнэр ханхалж байв. Суурингаас бушуухан гарах гэж байгаад жаахан драмгүй, мөстсөн, цасан хунгар бүхий балархай замаар багаа хөтлөөд оруулчихав. Манайхан ч тоож байгаа юм алга, туучаад л цагаан зам дээр гарав. Цэлмэг тэнгэр, цав цагаан тал, зулайг нь мөлчийтөл хусаж цэвэрлэсэн өргөн зам урд зурайна, салхи ч байхгүй болчихлоо. Уулын энгэр өгссөн шороон замаар жийсээр, салхигүй нөмөр, шаргал элсэн хөрс нь гарсан зам дээр бид буулаа. Араас ахин хоёр гишүүн бидэн дээр ирэв. Өдрийн хоолоо идэж, дурсгалын зураг авахуулав.
Нэг гишүүн маань Улбар шар тэмдгийн болзол хангасан тул тэмдгийг нь гардуулав.
Энэ жил их цас оржээ, хотын захад ийм байхад хөдөө нутагт ямар байхыг байгаль өөрөө бидэнд төсөөлүүлээд өгөх шиг санагдав.
Буцахдаа өргөн замаараа уруудсаар шууд засмал зам дээр татлаа. Багаа цуглуулж аваад цуваа хоёр эгнээ, хурд 20 км/ц гээд хөдөллөө. Энэ удаа НТГ О.Тэмүүлэн цувааг зохион байгуулж, хойш сугарсан гишүүдэд туслан цуваанд нийлүүлж, хурдаа тогтмол 20 дээр барихыг сануулан зөвлөж жийлээ. Мундаг дугуйчин дүүдээ маш их баярлалаа. Ийнхүү цуваа бүрэн бүтнээрээ Сонгино суурин хүрч хальтхан нэг татлаа.
Эндээс аялал эхэлсэн цэг хүртлээ Морингийн даваа даван бүгд өөрийн хурдаар явна.
Манайхан ч ухасхийж зогсолтгүй урагшилсаар эхний гишүүд 13 цагт бариандаа орсон байв. Хамтдаа цайлж, аяллын сайхныг ярилцан хөгжилдөөд, гэр гэрийн зүг жийж одсон "цахилгаан" мэт хурдан өдрийн аялал ийнхүү амжилттай болж өнгөрлөө, зүгээр л жий.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Д.Сонинбаяр | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4784 км |