Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #38 - Орхонтуул

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/317
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
83 км
Давааны тоо
0
Өндөр авалт
409 м
Өндөр алдалт
-883 м
Их өгсөлт
10.4 %
Их уруудалт
-7.1 %
Оролцогчдын тоо
6
Эхлэх цаг
2024 оны 5 сарын 24 Баасан гараг, 17:30 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

5 сар 24 өдөр, Баасан гариг
Оролцогч гишүүд тээшний вагонд унадаг дугуйгаа өгч 18:40 цагт хөдлөх Улаанбаатар- Эрдэнэт чиглэлийн 273 дугаар галт тэргэнд сууна. Тасалбарыг 2 талдаа урьдчилан захиалж унтлагын/ плацкарт вагонд авсан байна. Очих Улаанбаатар- Эрдэнэт (33200 төг), ирэх Орхонтуул- Улаанбаатар (30000 төг) гэсэн чиглэлд тасалбар захиална. Тасалбар захиалахад цагаан хэрэглэл, доод суудал (цай кофе сонголтоор) зэрэг нэмэлт үйлчилгээний төлбөр төлнө.

5 сар 25 өдөр, Бямба гариг
Орхон аймгийн Эрдэнэт хотод өглөөний 07:40 цагт бууна. Аяллын өдрийн замын хүнсээ хүн бүр бэлдэж явах шаардлагтай. Автомашины засмал замаар 11 орчим км жийгээд Хангал голын татам руу салж гол гаран, төмөр замын нүхэн гүүр доогуур шурган төмөр замаа даган уруудана. Хангал зөрлөгийн харалдаа ирж төмөр замын нүхэн гүүрээр гарч бэсрэг уулын замаар даваа нугачаа даваж Орхон голын хөндий уруудан аялана. Орхон голыг перевоз (бирвааз) юм уу, баригдаж буй гүүрээр гарч Сэлэнгэ аймгийн нутагт орших төмөр замын Орхонтуул зөрлөг хүрч аялал дуусна. Нийт зай 83 км орчим болно. Зөрлөгөөс шөнийн 23:01 цагт хөдлөх Эрдэнэт- Улаанбаатар чиглэлийн 274 дугаар галт тэргэнд сууна.

5 сар 26 өдөр, Ням гариг
Өглөөний 08:05 цагт УБ хотод бууна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

УШТГ Э.УУГАНБАЯР
Дэлхий дэлэгнэж зун цаг хэдийнээ айлчлан ирж тэнгэр хангай хураар үдсэн нялхамсуу ногоон навчит хайлаас, улиас, навчит моддоор өөрийгөө чимсэн Улаанбаатарын илчит тэрэгний зогсоол өөд баасан гарагийн их үдэд нар нэлээд бодлогоширсон ахуйд хүрч, орон нутгийн тээшинд дугуйгаа жинлүүлэн орхивой.

Зураг 1. Андууд

Дараагийн ахуйд Төгөлдөр дизайн хэмээх ур ухаан дэлгэрсэн газраар зочилж “хааны хар” хэмээгч шидэт умдаанаар дайлуулсанаар бид хэдүүл буцаж дүнгэр дүнгэр, гангар гунгар хөөрөлдсөөр вогзалд ирвээс, УДА-ийн аялагчид нэжгээд цугларч аялалд гарч буй зургаан гишүүнээ үдэн гаргахаар ирцгээсэн ажгуу. Мөн хормын дараа дүрс татуулцгааж даннн-даг-татата-даа тухалж, хожмын өдөр ирэх (тэр нь маргаашийн жийлт л дээ) аз жаргалаа хөөрөлдөн байвай. Үдсэн нөхөд гэр гэрийн зүгтээ мөн л маргаашийн "машингүй өдөр"-ийнхөө тухай хөөрөлдөж байсан байх аа.

Зураг 2. Агшин

Арван харын сургууль гэдэг шиг УДА-гийн хар юмнуудын дотор өдрийн од мэт хэдэн бүсгүй чимж байдаг л даа. Түүний нэг нь биднийг чимэхээр “тугалынх” шиг том алаг нүд эргэлдүүлсээр бас чиг инээд хөөртэй.

Зураг 3. Хөрөг

Зураг 4. УШТГ Э.Ууганбаяр

Энэ орой ингэж тэгсхийгээд нойрондоо дийлдэн нам явж зүүд нойр, зүг мөрөөдлийн далайд сэлж ахуй гэснээс манай Ожго ах чинь усчин хүн байна лээ шүү дээ. 3 метр 60 см-ийн урт хийлдэг завиар бас л өөр мэдрэмжийг өөр газраас тултал нь хүртэж чаддаг жинхэнэ “эмо” гар. Загас барьдаг хүмүүс эхлээд амьдралын эрхээр алтан загасны өвгөн болдог байсан ч хожмоо дур сонирхлын үүднээс хобби болгож шүүрдэж, буцаасаар бас л өөр нэг ертөнцөд очдог оо гэж ярилцаж байхыг нь сонсож байлаа. Би ямар загас шүүрдэх биш, уснаас ер нь айдаг талдаа, айх нь ч зөв. Тэнгэр өршөөг.

Зураг 5. Эрдэнэт хотод буулаа

Зураг 6. Эрдэнэт хотоос гарч байна

Зураг 7. Галт тэрэг, унадаг дугуй хосолсон аялал маш нийцтэй байдаг

Уурын тэрэгний жигдхэн амьсгал мэт чимээ, хааяа хаа нэгтээ дүүүүд хийх сэрэмжлүүлэг, саляааркны хурцдуу ч гэмээр юм уу нялуундуу ч гэмээр юмуу үнэр цонхны сиймхийгээр нэвтрэн тасалгаан дундуур холхих гээд үргэлж хөлөглөдөггүй ч заримдаа суухлаар бас л өөр орчин, ахуй санагддаг. Ус ихтэй том далай нуурын хөвөөнд эсхүл том гол мөрний ай саваар эсхүл бүр уул уулын оргилд ургамал моддын өнгө үнэрт тансаглаж амьдардаг ахуйн хүмүүс бас л нэг өөр ахуй, мэдрэмж.

Зураг 8. Зам дардан, бие цоглог, салхи араас ...

Зураг 9. Аяллын зам

Зураг 10. Буйдхан орших Хангал зөрлөг

Ахалж яваа хүнээ ахлагч гэчихье. Ганцаараа яваа бол малгай нь ахална гэдэг дээ. Ахлагч хар үүрээр сэрчихээд /нойр нь хулжин одсон бололтой/ алсыг ширтэн тэнд тийм байна, энд ийм байна гэж амаараа цөөнхийг гаргаж тархиндаа олонхийг бодсоор байсан болов уу? гэж санагдахаар, Эрдэнэт уул дөхөх үеэр тэр хөндийг холбосон шаргал даланг харж байна уу, - аль, хаана гэхээр, - тэрээ тэр тэр их шаргал юм чинь далан шүү дээ гэнэ. Их мэдэх нэвтэрхий толиос бага мэдэх би унших бүрийд л нэжгээд мэдлэг хуримтлуулж байдаг юм. Заримдаа тэр хураасныгаа мартчихна, заримдаа мартахгүй, ер нь л мартахгүй байх нь зүй.

Зураг 11. Гүвээ нугачаа уруудах замд

Зураг 12. Алагийн даваа өгсөх замд

Сэвэргэндүү салхитай сайхан өглөө буулаа. Бидний туулах аяллын зам сайхан /зам бий гэсэн нь туулаад өнгөрсөний дараа хөнгөн сайхан зөөлөн замтай хангай байсан шүү/ Эрдэнэт хотын вогзалаас 10 км явж хаалганы харалдаа зургаа татуулж, дараа нь 35 км явж Хангал зөрлөгт ирж Хангал голын эрэгт үдэлцгээлээ. “Бүх зүйл утга учиртай, бүх зүйл ямар нэг сэжмээр холбогдсон нөлөөтэй, хүн ганцаараа урагшилдаггүй, хэн нэгэн бусдын дэмээр урагшилдаг”.

Зураг 13. Хайлаас модны сүүдэрт

Зураг 14. Орхон голын хөндийн замд

Ийн галигуулсаар Алаг уулын даваагаар давж Орхон гол, төмөр замын хойгуураа урсгал уруудсаар Аршаантын тавилангийн гарамд тулж ирлээ. Энд баригдаж буй төмөр бетонон гүүрийн хэдэн багана байх ба Орхон голоо перевоз (бирвааз) -аар /гэж сонсож байсан ч гарч үзээгүй сонирхолтой завь байлаа. Түүний дээр машинуудыг хоёр хоёроор нь зогсооно. Усны урсгалаас сэргийлэх троссон татлага байх ба мөн голоо хөндлөн туулах мөн троссон татлагатай. Ногоон пад тракторын моторыг ашиглаж хийсэн инженерийн хөдөлгүүртэй цэргийн хөвдөг гүүрийн нэг хэсгээр хийсэн, тус бирваазын ахмад нь тос даасан бор бүсгүй эвлэгхэн хөдөлж хүмүүсийг зохицуулж байгаа харагдсан. Жич. Тэр гүүр нь ашиглалтад битий ороосой.

Зураг 15. Ийм саатал аяллын замд гаралгүй яах вэ

Зураг 16. УТГ С.Мөнхбат

Ийм сонирхолтой гарам байгаа нь цаашид хэрэгтэй л санагдсан, аялал жуулчлал гэж олон сая төгрөг салхинд хийсгэж байхаар орон нутгийн тэр гоё гүүрээр гарахдаа би л лав мөнгө төлөхөөс татгалзахгүй ээ/ гаталж гарсаны дараа Ахлагч – “За баярлалаа миний дүү, сайн сууж байгаарай гэхээр нь адилхан л юм бодсонгүй араас нь жийж явтал хөөе тэднүүс тооцоогоо хийхгүй юм байх даа, гэсэн чинь гарсан машины жолооч биднуус л хийх болж дээ гэсээр хоцорлоо. Ямартай ч баярлалаа, дараа нь зөндөөн гарч мөнгөө төлнө өө хө.

Зураг 17. Бирваазаар Орхон голыг гаталдаг

Голоо туулсаны дараа жаахан өгсөж Өгөөмөр уулын хойд хяраар мотоциклын зам дагаж уруудлаа. Хуучин Орхонтуулын зөрлөгт ирж цуйвандацгааж, аа бас квас гэж сайхан ундаа ууцгааж оройн вагоноо хүлээцгээлээ. Хаа байсан 23 цаг вэ тэ. Эхлээд гадаа, дараа нь дотор Ёндоо-ийнхоо мишокыг дэвсэн дуг дуг хийж байтал тэгээд боллоо.

Зураг 18. ШТГ Г.Ёндонжамц

Зураг 19. Орхон голын хөндий Өгөөмөр уулаас ийнхүү харагдана

Зураг 20. УТА Д.Цолмон

Зураг 21. Орхонтуул зөрлөгийн буудал

Өглөөн нарны туяа вагончиг нэвтлэн гийгүүлж, танил дүр зураг ойрмогхон жирэлзэн өнгөрсөөр буулаа. Нэгэн жаран бараг наслах арай болоогүй атал тэр жарны бүхий л зүйлийг хураангуйлан үзэж байна уу гэлтэй. Дэлгэр цаг айсуй даа. Дэлхий уудам бөгөөд үзэх, сурах юмс бишгүй л … Зүгээр л жий.

“МАРТАГДАШГҮЙ ЗУН” аяллын тэмдэглэл УТА Д.Цолмон
Улаанбаатар уулын дугуйн клубын зохион байгуулдаг хэд хэдэн төрлийн аяллууд байдаг. Бүгд л өөр өөрийн онцлогтой өөлөх юмгүй сайхан аяллууд. Яагаад өөлөх юмгүй гэвэл аливаа аяллыг зарлахдаа клубын админууд аялах газар орон, зам харгуй, уул даваа, туулах цаг хугацаа, цаг агаарын байдал, клубын онцлог, зорилго, гишүүдийн байдал гэх мэт олон талыг бодож боловсруулж зарладаг болохоор тэр юм. Ийнхүү үе үе зарлагддаг өвөрмөц аяллын нэг бол галт тэрэг, унадаг дугуй хосолсон хоногийн аялал байдаг.

Энэ удаа ийнхүү галт тэрэг хөлөглөсөн аялал маань Орхоны хөндийг туулахаар зарлагджээ. Бидний өмнө аялаж байгаагүй цоо шинэ чиглэл. Галт тэрэгтэй аялал нь өдрийн аяллыг бодвол мэдээж нэг хоног орно, дээрээс нь хоёр талын галт тэрэгний тасалбар, ачааны вагонд дугуйгаа ачуулах хоёр талын хөлс, хэд хэдэн удаагийн хүнс гэх мэт нэмэлт зардлууд ордогоороо жоохон “зардал”-тай аялал юм. Гэвч дандаа завгүйгээ гайхан мөнгө санхүү бодож баригдах юу билээ. Өөрийн дуртай, зорьсон аялалдаа цаг хугацаа хөрөнгө санхүү зарцуулах нь амьдралын нэг хэсэг болохоор гишүүд дуртай байдаг. Тиймээс ийм аяллыг хэдэн долоо хоногийн өмнө тухайн аяллыг сонирхож байгаа гишүүд, амь албаны ажил бусад зүйлээ зохицуулаг гэсэн утгаар урьдчилж зарладаг.

Манай баг 6 гишүүнтэй баасан гаригийн орой 18 цагт хөдлөх Улаанбаатар Эрдэнэт чиглэлийн галт тэргэнд зарим нөхдөөрөө үдүүлэн суулаа. Гишүүд хол явж буй нэгнийгээ ийнхүү үдэж гаргадаг нь нэгэнт хэвшил болжээ. Сайхан чанар шүү. Бямба гаригийн өглөө 7 цагт Эрдэнэт хотын галт тэрэгний буудалд буух бид тус тусын суудлаа эзлэн аяллын тухай яриа өрнүүлэнгээ бидэнд зайлшгүй хэрэгтэй ч тэр бүр дэлгээд байдаггүй зүйлийн нэг гоо сайхны барааг үзэж сонирхон хэрэглэцгээлээ. Энэ нь хамаг бүдүүн админы гишүүдэд хүрэлцээтэй авчирсан нүүр цэвэрлэгч, нүүрний маск, нарны тос  байсан юм.

Зураг 22. Аялал бид хоёр
Вагоны гэрэл унтарч унтахыг сануулахад бүгд маргаашийн аяллаа төсөөлөн унтсан нь гарцаагүй. Аанай л бага нойртой би хөрвөөж ядаж байхад шатахууны утааны үнэр хамарт мэдрэгдээд зүүрмэглэж унтаа сэрүүний дунд эргэлдсээр үүр цайлгалаа. Шөнө бол шөнө, өглөө бол өглөө. Өглөө бүхэн надад нар шиг санагддаг. Эрт сэрцгээсэн бид элдвийг ярилцан буух бэлтгэлээ базааж өглөөний цай уух зуур админ бидний жийх замыг галт тэрэгний хоёр талын цонхоор ээлжлэн тайлбарлаж Эрдэнэт хот дөхөх тусам хотын наана байх далан бусад олон зүйлийг тайлбарлан таниулж явлаа. Аялал бүхэн дээр ийм л янзаараа мэддэг зүйлсээ харамгүй хуваалцаж явдаг билээ.

Галт тэрэг зөөлөн зогслоо, буулаа. Багавтар үүлсийн араарх цэв цэнхэр тэнгэр, зуны өнгө орсон нов ногоон модод, нарлаг өдөр гэхдээ тийм ч халуун биш яг дугуй жийхэд таарах сайхан өдөр байх нь гэж бодогдлоо. Үнэхээр л хааяа сэвэлзсэн салхи, хааяа дулаахан төөнөх нар, нов ногоон тал, унадаг дугуйнд засмал зам гэж хэлэхээр уулын зөөлөн зам энэ өдрийн аяллын аз жаргалыг бүтнээр нь мэдрүүлсэн билээ. Эхний дэлгүүрээс ойр зуурын хүнс базаагаад бид хөдөллөө. 9 км яваад Эрдэнэт хотын угтах хаалган дээр ирэв. Мэдээж аяллын эхний догдлолоо дарж, хол зам туулах дугуйнуудаа шинжээд дурсгалын зураг татуулаад хөдөллөө. Өглөө эрт зам сэлүүхэн, шинэ газар нутгаар зуны өглөө дугуйгаа жийж явахад ямар сайхан гээч. Дахин цөөхөн км жийгээд зүүн гар тийш эргэн Хангал голд туллаа. 4 сард цэл хүйтэн мөстэй гүнзгий ус өдөржин туулж явсан бид энэ удаа зуны өглөө юунд уснаас халшрах билээ хү ха гээд л туулцгаав. Худлаа худлаа Цокогоос бусад нь тэгж туулахгүй юу. Усны харшилтай би мэт нь өнөө л аймхайгаараа арайхийн туулаад голын цаана хөлний хага ташилтаа намдаах гэж хэсэг дэвхцээд тогтсондоо хэ хэ.

Бид Хангал голоо уруудан баруун дэнжийн замаар явсаар, Хангал зөрлөгийн наана голын татам дээр өдрийн хоол идэж амраад Хангал голыг жижиг модон гүүрээр гарч Хангал зөрлөгөөр дайран Ямаатын нурууны урд үзүүрийн Алаг уулын хойд талаар жийхэд байгалийн сайхныг ай ёстой хэлэх юм биш. Дуу алдам байгалийн сайхныг бахархаж баярлаад ханашгүй. Алсад уулын бэл даган Туул гол минь айсуй. Биднээс жаахан доогуур Орхон гол маань айсуй. Удалгүй хоёр гол маань нийлж бид Орхон Туулын бэлчирийг дэнж дээрээс тольдоно. Алагийн даваа хэмээх өвөрмөц даваа. Яагаад гэхээр талаар давхиж давхиж гэнэт л хойшоо эргэж уулын бөгчим амруу өгсөж эхлэсэн. Салхи нам гүм ойр орчим юу ч үгүй мэт ганцаараа яваа мэт мэдрэмж их сонин. Зам аяндаа аажмаар өгсүүр чулуулаг болж хоёр уул хажуугаас хавчаад ирэхэд шөнө энүүгээр жийвэл ямар байх бол, гүн хар ангалруу явж байгаа мэт байна байхдаа гэсэн бодол орж ирэх нь миний л аймхайгийнх байхдаа. Өгссөөр дахин жоохон эргэхэд манайхны эхний хэд даваан дээр гарсан даллаж байлаа. Хавчиг ч гэлээ огцом бус жийгээд гарч болохоор давааруу ойртож очоод тайван түрсээр гарсан даа би. Ер нь энэ аяллын зам тэр чигтээ маш үзэсгэлэнтэй байснаас тул жийгээд өнгөрөхөөс илүү дугуйгаа хөтөлж орчноо мэдэрч явмаар тийм сайхан байгал дунд бүтэн өдөржин явсан азтай улсдаа бид. Ямар сайндаа админ замын сайхныг ярьж байхдаа ийм сайхан замаар клубынхнийгэ гуч дөчөөр нь дагуулаад жийхсэн, залуусаа бууд гэж хэлээд дураар нь давхиулахсан. Жавхаа, Сүхээ хоёртоо дараагийн таталтаа хальт хэлээд тавьж орхихсон гэж байхав дээ. Сайхныг мэдрээд бусдыгаа санана гэдэг нандин чанар мөн гэж би боддог.

Зураг 23. Зам бид хоёр
Ингээд бид Алагийн даваагаа даваж Орхон голын хөндийгөө дахин уруудан жийсээр Халтар ишиг уулын хойд талаар гарлаа. Замд хайлаас модод халуун орны дал мод мэт доогуураа нүцгэн дээгүүрээ хүглийх нь энэ халуунд бидний доор зогсож сэрүүцээрээ гэх шиг. Энэ аяллын турш аяллын замын сайн сайхан бүхий л явцыг түүх болгон үлдээхээр Махгал админ маань зургийн аппаратаа аваад гарсан тул хаана ч явсан зураг аваад завгүй. Ер нь аяллын дунд ийнхүү бусдын сайн сайхны төлөө өөртөө үүрэг хүлээдэг гишүүд зөндөө байдаг. Чиглүүлэгч, цоожлогч, зурагчин, аяллын замын зохицуулагч энэ олон үүргийг сайн дураар хүлээн бусдын төлөө өөрийгөө жолоодож явдаг гишүүдийн нөмөр нөөлөгөөр аялал амжилттай амттай халуун дулаан болдог билээ.

Бидний аялал үргэлжилсээр дугуй хагарах, хий нь сулрах гэх мэт бага сага гэмтлийг эс тооцвол /ийм гэмтэл саад бол энгийн л байдаг зүйл/ аялал ямар ч саадгүй үргэлжилсээр хоёр голын бэлчирийн харалдаа ирлээ. Орхон Туулын бэлчирийг алсаас харахад энэ хүрээд Хэнтий нуруунаас эх авч урссан Туул гол маань Орхон гол болоод цааш явдаг байх нь гэсэн хөнгөхөн ч гэлээ санаа алдам бодол орж ирээд өнгөрсөндөө.

Ингээд дахиад ямар сайхан юм бээ, ямар гоё юм бээ гэж сэтгэл дотроо дуу алдалтаа үргэлжлүүлэн жийсээр Орхон голдоо тулж ирлээ. Энэ бол аялал дуусах талдаа орсон гэсэн үг. Энэ хүртэл бид Орхон голынхоо баруун талаар дагнан жийсээр ирсэн юм. Одоо харин гол гарч зүүн талд нь гарна. Гэхдээ туулж биш унаа хөлөглөн гарна. Хөлөглөх унаа маань юу гээч. Завь, машин аль нь ч биш бирвааз хэмээх монголчилсон орос нэртэй хөвдөг тавцан. Киноон дээрээс олонтаа харсан, анх удаа өөрийн биеэр дээр нь гарч үзэх гэж байгаа надад үнэхээр сонин байлаа. Бирвааз маань голын цаад эргээс бидэнрүү ирж явлаа. Бас хэдэн машин нааш цааш гарахаар голын хоёр талд хүлээнэ. Уг нь яг энэ хэсгээр Орхон гол дээр шинэ гүүр барьж байгаа ч дунд хүртэл нь бариад орхижээ. Одоо лав нэлээн олон багана барих, түүнийгээ холбох дутуу харагдсан. Гүүр барьж дуустал энэ бирвааз гэдэг тавцан амьдрал залгуулж байгаа нь энэ юм байна. Унаагаа хүлээх зуураа яаж зүгээр байхав. Таван залуугаа эгнээж зогсоогоод гарт нь нэг нэг чулуу бариулан зүүн гараар нь усруу чулуу шидүүлж бичлэгийг нь хийж өөрийгөө чамгүй баясгаж авлаа. Ёстой хөгжилтэй инээдтэй байсан шүү.

Зураг 24. Унадаг дугуй бид хоёр
Урт тросс даган моторын дуу пажигнуулсан том тавцан бидэн дээр ирж машин, дугуй, хүн бүгдийг голын цаад эрэг дээр аюулгүй гаргаж өглөө. Миний нэг гайхсан юм нь гол дээр хөвж яваа тавцан дээрээ байгаа хүнд ерөөсөө хөдөлгөөн мэдрүүлдэггүй их намуухан явдаг юм билээ. Явж байгааг нь хоёр талын эргээ харж л мэдэрсэн. Нэгнээс нь холдоод нөгөөд нь дөхөөд л. Бирвааз аар гол гарсан дараа Өгөөмөр уулын урд талын бэл дагасан нарийн бартаа бүхий замаар явж төмөр замын гармаар хөндлөн гарч хуучин Орхонтуул сумын суурин хүрэхэд оройн 18 цаг болж байлаа. Жижиг суурин нам гүм жаргалын орон. Дэлгүүр орох зуур сураглатал гэртээ амарч байсан гуанзны бүсгүй гүйж ирж 6 хүнд амттай цуйван хийж өглөө. Энэ сууринг одоо Рашаант тосгон гэж нэрлэдэг юм билээ. Харин төмөр замын хувьд Орхонтуул зөрлөг хэмээн нэрлэж байсан. Энэ суурин нь хуучин Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын төв байжээ. Одоо шинэ төв нь энэ суурингаас баруун урагшаа 20 орчим км зайтай газар оршдог гэдгийг мэдэж авсан.

Аяллаа амжилттай гэхдээ бүүр амттай /маш сайхан байгал дунд маш сайхан замаар дугуйгаа жийсэн/ дуусгасан бид 23 цагт ирэх галт тэргээ хүлээн амрах зуураа энэ аялалд явж амжаагүй найзууддаа аяллын сониноо хуваалцах, ар гэрүүдтэйгээ холбоо барих, сууринг үзэж сонирхох гэх мэт завгүй байсаар унаандаа сууж нам унтсаар Ням гаригийн өглөө Улаанбаатар хотдоо бууснаар аялал маань дууслаа.

Орхоны хөндий та ямар агуу вэ. Эрт цагт монголыг эзлэе гэвэл Орхоны хөндийг эзэл гэдэг байсан нь оргүй үг бишийг биеэрээ мэдэрлээ. Орхоны хөндий адуу малын өлгий нутаг ажээ. Адуу хамгийн сайн өсдөг нутаг тул Орхоны хөндийд шунадаг байжээ. Мэдээж адуутай бол монгол хүчирхэг. Бидний замд адуу хонь үхэр ямаа налайж, ногоонд цадсан адуун сүрэг хуулиран давхилдах нь үнэхээр бахтай. Баярлалаа Орхоны хөндий минь, Баярлалаа унадаг дугуйн аялал минь. Баярлалаа хамт аяласан нөхөд минь.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Ёндонжамц Э.Ууганбаяр С.Мөнхбат Г.Махгал Д.Цолмон Э.Ожго
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!