Жийлтээр УБ хот дахь зарим цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэнг үзэж танилцана. Үүнтэй зэрэгцүүлэн өвлийн улиралд УБ хотын гудамжаар унадаг дугуйгаар зорчих нэн ялангуяа өвлийн хальтиргаа гулгаатай нөхцөлд замд тохиолдох саад бэрхшээлийг хэрхэн давах туршлагаа хуваалцах, дадлага сургууль хийнэ. Энэхүү зорилгын дагуу Бурхан Буддагийн цэцэрлэгт хүрээлэнгээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл Туул голын мөсөн дээгүүр явна. Бусад үед явган хүний замаар юм уу унадаг дугуйн замаар хөдөлгөөнд оролцоно.
Маршрут Сүхбаатарын талбай дээрээс эхэлж дараах нэр бүхий цэцэрлэгт хүрээлэн болон талбайг дайран анх эхэлсэн цэг буюу Сүхбаатарын талбай дээр дуусна.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Улаанбаатар хотоороо овоглосон Улаанбаатар уулын дугуйн клубийнхэн бид Улаанбаатар хотоороо аялж байсан билүү, Улаанбаатар хотоо хэр сайн мэддэг билээ гэх асуулт дугуйн аялал гэсэн сэдэвтэй сүлэлдсэн бодлоос төрмөгц энэхүү аяллыг хэрэгжүүлэх ажилдаа орсон гэхэд болно. Ингээд мягмар гарагийн орой энэхүү аяллын талаар төсөөлөөд, лхагва гарагт маршрутыг нь зохиогоод, лхагва гарагаас пүрэв гарагт шилжих шөнө клубийн гишүүдэд зар түгээсэн юм.
Энэхүү аяллаар УБ хотын цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн зарим нь болох том ба жижиг нийт 19 цэцэрлэг ба цэцэрлэгт хүрээлэнг дайрлаа. Цаг үеийн хувьд өвлийн хүйтэн сэрүүний улирал тул хотын төвөөс алс зайтай цэцэрлэгт хүрээлэнгүүдийг маршрутын гадна үлдээхээс өөр арга байсангүй. Ийнхүү маршрут зохиох буюу Улаанбаатар хотод байдаг цэцэрлэгт хүрээлэнгүүдийн талаар судалж байхад ингэхэд Улаанбаатар хотоо бид хэр мэддэг билээ гэсэн асуулт өөрийн эрхгүй тавигдаж байсныг нуух юун.
Тус аялал нь дээр бичсэнээс гадна өөр давхар зорилготой байсан. Энэ бол товчхондоо technical riding хийх явдал юм. Technical riding гэж дугуйчнаас дугуй унах ур чадвар шаардах замыг ур чадвараа дайчлан байж туулах зорилгоор хийдэг дугуй унах үйлдлийг хэлнэ. Өнөөдрийн жийлтийг ийм хэв маягтай болгохын тулд тулсан саадыг газарт хөл тавилгүй давна гэсэн шаардлага тавьсан. Түүнчлэн автозамаар явахгүй, улаан гэрлээр гарахгүй, хүн шүргэхгүй бас хоорондоо мөргөлдөж, хальтирч унан нүдний булай болохгүй. Ингээд таарсан саад бүрийг давж туулсаар бүр нэг удаа "арай эвгүй ч юм уу" гээд тойрч гарсан нь сэтгэлд сэвтэй байсныг буцаж очоод давж гарах гэх мэтээр зорьсон хэв маягаараа жийцгээлээ. Тийнхүү жийгээд гарангуут "Яагаад үүнээс сүрдэв ээ? Шалихгүй л зүйл байж шүү дээ." гэж ч бодогдох шиг.
За тэгээд маршрутын дагуу жийхдээ унадаг дугуй, унадаг дугуйчид, өөрсдийн болон өөр бусад унадаг дугуйн клуб гэсэн өргөн сэдвийн хүрээнд есөн шид зүйлийн талаар ам хамхилгүй харилцан ярилцсаар 14:30 цагт аялал өндөрлөлөө. Аялал ийнхүү өндөрлөсөн ч нэгэнт эхлүүлсэн яриандаа халсан бид Чингисийн цэцэрлэгт хүрээлэн дэх сандал дээр тухалсаар ахин нэг цаг орчим хугацаа өнгөрөөсний эцэст гэр гэрийн зүг дугуйн жолоо заллаа. Клубийн түүхнээ байгаагүй өвөрмөц аялалд оролцож хамт жийсэн УШТГ Ц.Наранхүү гишүүндээ баярлалаа. Зүгээр л жий!