Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Цэнхэр тэмдэгтэй гишүүн А.Отгонбаяр
Улаанбаатар уулын дугуйн клубийн маань хаврын аяллын улирлын нээлтийг аялал 3 сарын 2-нд зарласан байлаа. Миний хувьд энэ өвөлжин ажил, гэрийн хооронд дугуйгаа унасаар байсан билээ. Гэхдээ клубийн хагас сайн болгонд хийдэг аялал бол үнэхээр гоё байдаг юм. Хотоос гарч цэвэр агаарт аахилан, байгалийн сайхныг харан жийх бол үнэхээр сайхан. Өвлийн хугацаанд энэ аяллаа үгүйлж байсан тул аяллын өглөө Шар хадны эцэст 9 цагт цугларах товын дагуу, Яармагаас өглөөний 7 цагт эртлэн гарав. Нэлээн зайтай гэж бодоод 2 цагийн өмнө гарсан нь арай эртэдсэн байлаа. 8 цаг гэхэд цугларах газарт хамгийн түрүүлээд ирсэн байв.
Ингээд аялалд оролцогчид цуван ирсээр байлаа. Удаан уулзаагүй дугуйн андууд хоорондоо мэнд мэдэж бараг л золголт шиг сайхан мэндчилгээнүүд явагдсаар байлаа. Энэ удаад 55 хүн бүртгүүлсэн байсан нь клубийн түүхэнд тэмдэглэхүйц олон хүн оролцсон аялал болж байгаа юм. Ингээд 9 цаг болж Шар хадны эцсээс Улиастайн голыг өгсөж Бурхант хошуу орох аялал хөдлөв. Шар хаднаас гараад голын хөндий рүү орж өгсөх энэ агшинд тас хийсэн жавартай Улиастайн хөндийн хүйтэн салхи угтлаа. Сэнгэнэсэн хүйтэн агаарыг цээжний гүнд ортол сорон амьсгаадах энэ мэдрэмж янзтай. Харин нүүр рүү үлээх хүйтэн салхи өвөл хөлдөөсөн хацрыг минь дахин хайрсан байсныг дараа нь мэдсэн.
Ингээд хотоос хөндийрч голын хөндийд нэг сайхан тэгшхэн талбайд тойрч зогсоод биеэ тэнийлгэх болон дугуй унахад чангардаг гол булчингуудыг сунгах дасгалууд хийцгээв. Энд эхний байдлаар тоо авахад 41 хүн цугласан байлаа. Мөн энд аяллын гол маршрут, УДА клубийн товч танилцуулга зэргийг клубийн админ танилцууллаа. Бидний ярьж заншсанаар Еэвэнгийн дэлгүүр дээр дараагийн таталт буюу дахин нэг удаа бөөгнөрөх чиглэлийг аваад хөдөлцгөөлөө. Еэвэнгийн дэлгүүр нь Шар хадны эцэс, Бурхант хошууны замын тэн хагас буюу 20 км орчим зайтай цэг юм. Энэ хооронд ерөнхийдөө машин замаар явцгаах бөгөөд энэ нягтаршсан цас дугуйгаар явахад харьцангуй асуудалгүй боловч заримдаа ховилын дагуу хашигдаж зөөлхөн хажуулдан хөвсгөр цасан дээр унах явдал мэр сэр байгаа ч осолгүй. Хүн ингэж халтирч ойчин цочрол авахад адгуусны рефлексийн дагуу бие давхийн сэргэлт авдаг нь харин ч аятайхан. Харин голын халиа мөснүүд хаад тааралдана. Энд туйлын болгоомжтой явах хэрэгтэй, дугуйгаа хөтлөөд алхаж болно, болгоомжтой жийсэн ч болно. Миний хувьд болгоомжтой, жийх, заримдаа нэг хөлөөрөө тулан урагшлах аргыг голдуу хэрэглэн явлаа. Ингээд Еэвэнгийн дэлгүүр дээр нэг ар талаа татаж цуглахад тоологдоогүй хэдэн хуучин гишүүд араас гүйцэж ирж нэмэгдэв.
Цаашаа Бурхант хошуу руу шууд хөдөллөө. Би хамгийн түрүүнд нэг хэсэг давхив. Нэг уруудсан хэсэг дээр халтирч ойчив. Шууд замын хажуугийн цас руу биеэ бөөрөнхийлж өнхрөөд л босож ирлээ. Энэ хооронд толгойнд явсан манай хэд гүйцэж ирэхээс өмнө гялс дугуйгаа татаж замаа чөлөөлөөд цасаа гөвөөд үүргэвчээ цэгцлээд хөдөллөө. Ингээд Бурхант хошуун дээр ирж үдлэн хоол, цайгаа идэж уулаа. Хотоос авч гарсан халуун цай, цуйвангаа хадны энгэрт багийнхантай гангар гунгар гэж идэх нь аяллын бас нэг оргил таашаалтай хэсэг.
Энд дахин тоо гаргахад нийт 47 аялагчид оролцжээ. Клубийн түүхэнд оролцогчдын тоогоороо томд тооцогдох тоо ажээ.
Энд нийтийн зураг авалт болон тэмдгийн болзол биелүүлээд тэмдгээ аваагүй байсан гишүүдэд бахархалын тэмдэг гардуулах ёслол болов.
Аялал буцах чиглэлдээ орж буцаад Еэвэнгийн дэлгүүр рүү хөдөлцгөөв. Еэвэнгийн дэлгүүр дээр дахин нэг таталт хийгээд мөн зураг авах зэрэг ажлууд явагдсаны дараа аялагчид хоёр хэсэгт хуваагдаж нэг хэсэг нь Шар хадны эцэс рүү ирсэн замаараа буцах, нөгөө хэсэг нь Улиастайн голын зүүн талаар Амгалангаар явах хоёр хэсэгт хуваагдаад явж эхлэв. Миний хувьд Улиастайн голын зүүн талаар явах маршрутын дагуу явав. Энэ хэсгийн машин зам нь харьцангуй цөөн машин явдаг тул цас нь нягтраагүй нунтаг цастай хэсгүүд нэлээн байлаа. Унадаг дугуйгаа мурчганаж зүтгүүлэх тохиолдол нэлээд элбэг бөгөөд дугуйчдын бярыг нэлээд барна.
Ингээд явж байтал бидэнтэй зөрж буй нэг машины жолооч бидний хойд хэсэгт явж байгаа дугуйчдын нэг нь халтирч унаад даллаж байна гэж хэлэв. Ингээд биднээс хоёр нь буюу би, клубийн аялагч Ган-Очирын хамт буцаж жийж очив.
Энэ хэсэг яг мөсөн дээгүүр явдаг нэг хэсэг бас байгаа юм. Очтол клубийн нэг эмэгтэй аялагч маань халтирч унах үед чулуунд шагайны гадна талаараа цохисны улмаас гишгэж чадахгүй болсон байлаа. Мэдээж хөдөлж болохгүй шүү гэдгийг хэлээд өмнө хамт явж байгаад хүлээж байгаа админд утсаар юу болсон талаар мэдээллээ. Одоо унаагаар хот орж эмнэлэгт үзүүлэх нь гарцаагүй зөв зам гэдгийг ярилцаад хотоос унаа дуудахаар тал талаараа ярихын зэрэгцээ замаар ганц нэг өнгөрөх машинаас дайгаад аваад явах боломж асууж байлаа. Ингэж байтал ашгүй дээрээ ачаатай нэг Prado машинтай эхнэр нөхөр хоёр авч явахаар боллоо. Ингээд дугуйг нь ачаад гэмтсэн гишүүнээ суулгаад явуулав. Бусад маань түрүүлээд явсан бөгөөд админ болон бид хэдийн 6 гишүүн үлдсэн байлаа. Бид жийсээр Улиастайн зүүн дэнжээр уруудахад цас хайлж шавар болсон хэсэг нэлээд таарч тодорхой хэмжээгээр шавар мялаалгатай явсаар Гачууртын засмал дээр ирцгээв. Тэндээсээ явсаар Амгалангийн төмөр замын гарам дээр зургуулаа нэг цуглаад аяллын эцсийн цэг болох Дүнжингарав руу хөдөлцгөөлөө. Манай зарим гишүүд маань Дүнжингарав дээр хүлээж байгаа чаат мэдээ үлдээсэн байлаа.
Ингээд хөдлөхөд би хувьдаа нэг "тэнэг" үйлдэл хийв. Учир нь одоо Дүнжингарав ойрхон гэж бодогдохын зэрэгцээ аяллын туршид халтиргаанаас болгоомжлоод дураараа буудаж чадаагүй тул буудмаар санагдаад хамт явсан хэдээ хаяад ухасхийлээ. Ядахад миний дугуй араа доголдолтой байгаагийн улмаас хамгийн хүнд араагаараа хэсэг жийлээ. Сайхан буудах эхэндээ гоё байсан ч төд удалгүй хүчтэй салхины өөд ядарч эхлэв. Ёстой нөгөө хялайх гэдгийг шууд мэдэрч биед хүчтэй ядралт огцом мэдрэгдэж хүч саарав. Араагаа ч хөнгөлөв хурдаа ч хасав. Ядрахын зэрэгцээ ойрхон санагдаж байсан Дүнжингарав хол санагддаг юм байна лээ. Гэтэл манай нөгөө тав маань салхиа ээлжилж аван багийн ажиллагаа хийсээр намайг гүйцээд ирлээ. Ингээд буцаад бусадтайгаа нийлж ээлжилж салхиа аваад жийх явцад гайгүй сэргээд бариандаа орлоо. Бид хамтдаа хоолны газар хоол идэж аяны сониноо ярилцах энэ хэсэг, аяллын хамгийн оргил сайхан хэсэг.
Мөн өөрийнхөө тэнэг шийдвэрээр тэгж буудаж өөрийгөө тэгж ядраах нь дараа нь ядралт, булчингийн булраа зэргээ мэдрэхэд бас гоё л доо. Уг нь замын эхэнд биш төгсгөл дээр тэгж өөрийгөө ядрааж бууддаг юм билээ. Хаврын нээлтийн аялалд албан бүртгэлээр 47 гишүүн оролцжээ.