Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #36 - өвлийн аялал, сэлэнгэ 2024

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/314
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
51 км
Давааны тоо
0
Өндөр авалт
308 м
Өндөр алдалт
-320 м
Их өгсөлт
7.7 %
Их уруудалт
-8.2 %
Оролцогчдын тоо
6
Эхлэх цаг
2024 оны 1 сарын 19 Баасан гараг, 19:30 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

1 сар 19 өдөр, Баасан гариг
Оролцогч гишүүд тээшний вагонд унадаг дугуйгаа өгч 20:30 цагт хөдлөх УБ-Сүхбаатар чиглэлийн 263 дугаар галт тэргэнд сууна. Тасалбарыг 2 талдаа урьдчилан захиалж унтлагын/ плацкарт вагонд авсан байна. Очих Улаанбаатар - Ерөө (30000 төг), ирэх Сүхбаатар - Улаанбаатар (31800 төг) гэсэн чиглэлд тасалбар захиална. Тасалбар захиалахад цагаан хэрэглэл, цай кофе, доод суудал зэрэг нэмэлт төлбөр төлнө.

1 сар 20 өдөр, Бямба гариг
Сэлэнгэ аймгийн Дулаанхаан тосгоны Ерөө өртөө дээр өглөөний 04:39 цагт бууна. Галт тэрэгний өртөөний буудалд бууж, өглөөний цай ууж амраад аялал эхлэнэ. Аяллын өдрийн замын хүнсээ хүн бүр бэлдэж явах шаардлагтай. Тосгоноос зүүн урагш Ерөө, Орхон голын мөсөн дээгүүр гарч Цацын нугын замаар Орхон голын баруун дэнж рүү өгсөн "төв" шороон замтай нийлнэ. Энэ замаар Энхтал II аяллын үеэр жийж байсан. Цастай, ой модтой замаар жийж явсаар Зүүнбүрэн сум хүрэх автомашины засмалтай нийлж Шаамар сумын төв улмаар Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотод хүрч аялал дуусна. Нийт зай 50 км орчим болно.
Эндээс оройн 20:55 цагт хөдлөх Сүхбаатар- УБ чиглэлийн 264 дугаар галт тэргэнд сууна.

1 сар 21 өдөр, Ням гариг
Өглөөний 06:16 цагт УБ хотод бууна.

Жич: Аяллын аюулгүй байдлыг хангах үүднээс төлөвлөсөн чиглэл өөрчлөгдөн B төлөвлөгөөнд шилжиж болно. Гол мөс, цас хунгар, мөс цасан зам гэх мэт гэнэтийн саад туулах нөхцөл гарч мэднэ. Аялал эхлэх (Ерөө зөрлөг) болон дуусах цэг (Сүхбаатар хот) ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт жийдэг өвлийн уламжлалт хоногийн аяллаа амжилттай хийлээ. Манай баг 7 хүн (нэг бүсгүй, Дархан хотын шинэ залуу)-тэй байв. Энэ аялал хийхийн өмнө, нэг гишүүн урьдчилан 9 цагийн өмнө Ерөө зөрлөг (Шаамар сумын Дулаанхаан тосгон) очиж, Орхон голын хөндийн өвлийн замын талаар лавлан нутгынхантай уулзсан билээ. Голын хөндий хойш урагш гарсан өвөлжөө, тосгон хоорондын нутгийн зам бол байдаг. Харин Орхон голын хөндий уруудан явдаг өвлийн зам тэр бүр "байдаггүй" юм байна. Тухайн өвлийн байдлаас шалтгаалдаг бололтой. Энэ жилийн хувьд голын хөндий өвдөгнөөс дээгүүр цастай байна гэнэ. Нөөц В төлөвлөгөөнд аялал шилжсэн тул үүрээр ирэх гишүүдээ хүлээн зөрлөгийн дулаан байранд нам унтлаа. Хажуудаа Дулаанхаан нэртэй сүрлэг уултай болохоор энэ тосгон цаанаа нэг нөмөр дулаан санагддаг.

Зураг 1. УБТЗ-ын Төв вокзал

Галт тэрэг ирдэг цагтаа ирж хамтдаа зөрлөгийн байранд өглөөний хоол цайгаа хийж идэн тавтай амарлаа. Тэнгэр бүрхэг дулаан өглөө боллоо. Цасан хялмаа хааяа хаялана. Үүрийн гэгээ орохыг хүлээлгүй 7 цаг гээд хөдөллөө. Цас чахран дуугарч, өвлийн шөнийн жийлт ийнхүү эхлэв. Эхний 10 орчим минутанд бие жаахан тавгүй байсан ч удалгүй явалтын хэмнэлд дасан итгэлтэй урагшилж явлаа. Тосгон өнгөрөн 4 зам дээр ирэхэд тэнгэрийн хаяа онгойж үүр цайж байлаа. Нөгөө л танил цагдаагийн байр, шатахуун түгээх станц, дэлгүүр гээд л нэг жил өнгөрөөгүй өчигдөр мэт санагдана. Салхи зүүн талаас чигтэй байв. Замын цагдаа нар дулаахан байрандаа биднийг урьж, алсын бараа тод харагдах мөчийг хүлээн хэсэг зуур сайхан амарлаа.

Зураг 2. Цан хүүрэг савсуулагч мөсөн сахалт өвлийн өвгөн аав

Эндээс Арангатын давааны орой хүртэл 11 км орчим алгуур өгссөн замтай. Гэрэл гэгээгээ асаан даваа хүрэх замаар өөр өөрийн хэмнэлийг барин жийсээр, урдаас автомашинууд зөрж араас биднийг гүйцэн өнгөрнө. Хөдөлгөөн бараг тасрахгүй үргэлжилнэ. Толгойн сэргийлэх хэсэгтэй арын дугуйчид богино долгионы радиогоор харилцах нь аяллын явц хэмнэлд эерэгээр нөлөөлж байв. Арангатын даваа даван уруудаж хальтхан нэг татаад, дараагийн таталт Шаамарын хойд талын уулзвар (Шаамар 13 хэмээн нэрийднэ) гэж товлон Шарын хоолой уруудан жийлээ. Орхон голын жавар өөдөөс хайрч байсан ч удалгүй Тужийн нарс руу эргэн өгсөхөд дулаахан нөмөр болж байв. Зам харин хэсэг бусаг мөстэй байлаа. Ганц нэгээрээ шарван, халтирч унах, дугуй хагарах тохиолдол мэр сэр гарч л байв. Аяллын явцад юу ч тохиолдож болдог, бид үүнийг мэднэ, бас бэрхшээл шаналлыг даваад гарч чаддаг.

Эхний хэсгийнхэн Шаамар 13 дээр ирж, арын хэсгээ 40 орчим минут хүлээж, хооллон амарч байв. Мөн "Дугуйтай Сэлэнгэ" клубын анд дугуйчид энд угтан биднийг халуун цай, амтлаг хуушуураар дайлав. Жил жилийн энэ л уулзалт учралыг хүлээн хамтдаа аз жаргалыг бүтээх хувьтай та нартаа тун их талархаж баярлаж явдаг шүү. Тэнгэр онгойн цэлмэж, өвлийн наран дор Сүхбаатар хотын зүг жийсээр 13.30 цагт товлосон газраа ирэв. "Дугуйтай Сэлэнгэ" клубын тохилог дотно байранд унтаж амарч, хооллож дайлуулан, аяллын тухай дуусашгүй яриагаа үргэлжлүүлэн нэгэн өдрийг өнгөрөөж, анд нөхдөөрөө үдүүлэн аяны жолоог гэрийн зүг эргүүлсэн билээ. Ийнхүү 2024 оны ууган аялал амжилттай болж өнгөрлөө. Хаврын нээлтийн аяллаар ахин уулзацгаая.

Зураг 3. Дугуйтай Сэлэнгэ клубийн байранд

Урьд жилүүдэд Сэлэнгийн галт тэрэгнээс буухад УБ хотод хавар ирсэн мэт дулаахан санагддаг байлаа. Харин энэ удаа тас хийсэн хүйтэн өглөөтэй төрөлхи хот маань угтсан юм. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Н.Даваасамбуу Б.Сүхбат Т.Ган-Очир Г.Махгал Д.Цолмон Э.Ожго
Н.Даваасамбуу
  • 4422 км
  • 42
  • 12
  • 0
  • 3
  • 1
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!