Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Жийлт #59 - Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулсан өвлийн жийлт

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/313
Аяллын төрөл
Жийлт
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
44 км
Давааны тоо
1
Өндөр авалт
454 м
Өндөр алдалт
-455 м
Их өгсөлт
12.2 %
Их уруудалт
-12.4 %
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2023 оны 12 сарын 29 Баасан гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв, GS25 дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
47.904778, 106.947583
47°54'17.2"N, 106°56'51.3"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Оны отгон жийлтэд оролцогсод

Жийлт 10:03 цагт эхлэв. Аяллын зард заасан цуглах цэгээс есүүлээ хөдлөв. Биднийг УШТГ Г.Бат-Оргил гаргаж өгөөд буцлаа. Унадаг дугуйндаа шулуун ац, троссон дамжуулагчтай тоормос тавьж ёстой өвлийн унадаг дугуй болгосон нь бидний анхаарлыг татаж ярианы сэдэв болсон доо. Цуглах цэгээс маршрутын дагуу Дүнжингаравын замыг дуустал шахуу жийж, шинэ дугуйн замын төгсгөл дэх тохижуулсан талбайд хүрч эхний таталт хийлээ. Энэ хүртэл манай багийнхан үргэлж өөдөөс үлээж байдаг эндхийн салхийг ажралгүй сөрөн, жигд сайн жийсэн. Жийлтэд оролцсон ихэнх гишүүд форм сайтай л байгаа юм байна. Энэхүү таталтын цэгт хоёр гишүүн сүүлдэсхийн ирсэний нэг нь УШТГ Г.Бат-Оргилоос УТГ Ч.Мажигсүрэн болж солигджээ. Дээр дурдсанчлан УШТГ Г.Бат-Оргил буцаж, түүний оронд өөрийнх нь тодорхойлсоноор "сүнслэг" явдалтай мөнөөх гишүүн нэхэн ирсэн нь тэр ажээ.

Одоо бид маршрутын дагуу цас, мөсөөр хучигдсан шороон зам ба Улиастай болон Туул голын гольдрилоор жийнэ. Энэ бол жийлтийн өрнөл үе юм. Ийм замд хунгар цас руу годройтож унах, мөсөн дээр хальтирч унах зэрэг нь нэн зугаатай. Үүндээ шунаглан явсаар Скайресортын араар өнгөрөх төмөр зам дээгүүрх автозамын гүүр өнгөрөөн байж автозам дээр гарсан. Эндээс автозамын хөвөө даган жийсээр Баянзүрхийн товчоо улмаар цааш нэвт жийгээд Ургахнаран бичил хороолол хүрлээ. Энэ жил цас их орсон тул Налайхын дугуйн зам унадаг дугуйгаар явахын аргагүй хунгарласан, овоолсон цастай болсон байх болов уу гэтэл танхай жолооч нар дээгүүр нь хөлхсөөр байгаад "ердийн зам" болгочихсон нь тийнхүү нэвт шувт жийх боломж олголоо. Нэг үгээр хэлбэл Налайхын автозам 4 урсгал, 6 эгнээтэй болжээ.

Ургахнаран бичил хорооллын зүүн хойхно хүрэхэд багийн бүрэлдэхүүнд ахин өөрчлөлт орлоо. Нэг гишүүний шөрмөс татаад аргагүйдэн буцсан бол өөр нэг гишүүн ардаа ажилтай тул Баянзүрх хайрхан руу өгсөлгүй эндээс буцлаа. Харин тэдний оронд УТГ У.Одбаяр автомашинаар нэхэн ирж бидэнтэй нэгдээд Баянзүрх хайрхан руу унадаг дугуй хөлөглөн жийж гарлаа. Ар гэрийн ажлаас болоод бүтэн жийх боломжгүй болсон ч аргалаад ийнхүү хүрээд ирсэн ажээ. Тэрбээр клубын аяллуудад өмнө 70 удаа оролцож, 11 мянга гаруй км зам туулсан ч Баянзүрх хайрхан руу өгсөх иймэрхүү жийлтэд оролцож байгаагүй гэнэ. Энэ мэтчилэн өчнөөн олон аялалд оролцсон ч огт явж байгаагүй маршрут, давж байгаагүй даваа аль ч гишүүнд байдаг. Тэр байтугай ямар ч хүнд маршрутыг давах потенциалтай атлаа жишээлбэл УБ240/24 аяллын маршрутыг бүрэн дуусгах гэхээр нэг л болж өгдөггүй хяслантай гэмээр гишүүд ч хэд хэдээрээ санаанд орж байна.

Баянзүрх хайрханы ноён оргил нь УБ хотыг тойрсон дөрвөн уулаас унадаг дугуйгаар оргилд нь дөхөж очиход хамгийн хялбар гэдгээрээ онцлогтой. Энэ удаад уулын зарим нэг судаг суга газарт л цас хунгарласныг эс тооцвол торох юмгүй жийж болж байсан. Ингээд бид жийлтээ эхлүүлсэнээс хойш 2 цаг 10 гаруй минутын дараа Баянзүрх хайрханы ноён оргилын доохно байх автозогсоолд жийж хүрцгээлээ.

Өнөөдрийн цаг агаарын байдал та нар тааваараа жийгээч, тухлаж саатаач гэсэн юм шиг л нэн таатай байсныг хэлэхэд ямар ч үг багадна.

Зураг 2. Аяллын оргил цэг дээрх нэгээхэн мөч, 12:23 цаг

Салхи жаваргүй, зөөлөн цас бударсан буюу нэн тааламжтай байсан ч нэг талаас өвлийн богино өдөр нөгөө талаас жийлтийн адагт өөр нэг арга хэмжээ төлөвлөсөн байсан тул бид тэнд түргэн тухалж цайлж ундлаад бас дурсгалын зураг татуулаад буцах замаа хөөж эхэлсэн. Буцах замыг манай багийнхан ёстой л эвхээд хумхиад тавьсан. Ингээд ... Харз дэд үйл ажиллагаа

Зураг 3. Туул голын харзанд шумбасан манай багийн гурван гишүүний нэг нь, 13:46 цаг

Харз дэд ажиллагаа гэснээс Auto SOS гэсэн өөр дэд ажиллагаа бас болсон юм байна. Ээ дээ жолооч та нар минь өвлийн цагт болгоомжтой явцгааж бай л даа. Энэ удаад далан дээрээс бөгсөөрөө гарчихсан машиныг аварсан бол өнгөрсөн жил хунгар цас руу хамраараа шаагаад орчихсон машиныг гаргаж өгч байлаа.

Харз дэд ажиллагаанд манай багийн 6 гишүүн оролцсоноос 3 нь Туул голын хүйтэн усанд шумбаж биеийнхээ эд эсийг цочроон сэргээв. Харзны усанд шумбасан мань гурав халуу дүүгүүлэн яриа өдөж зогсоход шумбаагүй үлдсэн гурав жийлтээ үргэлжлүүлэхгүй бол жиндлээ гэснээр тарах цэг рүү хөдөлцгөөв. Харин тарах цэг рүү ёстой аажуу тайван жийсээр 15:00 цагт Дүнжингарав худалдааны төв дэх нэг цэгийн үйлчилгээний төвийн өмнөх талбайд хүрэлцэн очсоноор өвлийн туйл үе, Тусгаар тогтнолын өдрийг тохиолдуулсан энэхүү жийлт өндөрлөсөн юм.

Хамт жийсэн клубын гишүүддээ талархал илэрхийлье. Мөн клубын бүх гишүүд болон уулын унадаг дугуй сонирхдог нийт дугуйчдад 2024 шинэ оны баярын мэнд дэвшүүлье.

Зүгээр л жий!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
У.Одбаяр Ц.Наранхүү Ж.Батдаваа Н.Даваасүрэн Ц.Гантулга Т.Ган-Очир Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Ж.Батдаваа
  • 1933 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Ц.Гантулга
  • 5118 км
  • 41
  • 4
  • 1
  • 5
  • 0
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Т.Ган-Очир Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4732 км
Зүгээр л жий!