Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Намрын налайсан уртын урт өдрүүд үргэлжилсээр. Наран гийсэн цэлмэг өглөө цуглах цэгээс 9.00 цагт хотын зүүн зүг жийсээр аялал эхлэв. Дүнжингаравын замаар хоёр эгнээ болон зүүн урдаас үлээх салхи сөрөн явсаар Амгалангийн төмөр замын гарам хүрэхэд нэг гишүүн бидэнтэй нэгдэв.
Өнөөдрийн аялалд гурвын зэрэг шинэ хүн анхны аяллаа хийхээр иржээ. Мөн 2016 онд групптэй нэгдсэн НТГ (одоогийн байдлаар хөх тэмдэг) аяллын замдаа ахин ирж жийлээ.Баянзүрхийн гүүрээр гарч, Сансар худалдааны төв өнгөрөн далангийн замаар урагш өгсөн, төмөр зам дагуух замд шилжин Туул зөрлөг өнгөрч, дондогносон замаар дондогнуулан жийлээ.
Энэ жил Хөлийн гол ус ихтэй байв. Төмөр замын гүүрийн доогуур шурган гарч, голын урд талын хөндий өгсөн жийсээр Хонхор суурингийн наана ирээд татлаа. Арын хэдэн гишүүдийн бараа хараахан харагдсангүй, нэг л юм болж дээ гэж бодоод цааш хөдлөв.Төмөр зам, уулын бэлийн хоорондох шахааны зам ус ихтэй байв. Шөнөдөө хөрсөнд цочир хүйтрэл эхэлсэнийг гэрчлэн зайрмагтан хөлдсөн нугын чийгтэй замаар жийсээр Төрхурахын амны байгаль хамгаалагчийн пост хүрлээ.
Энд бидэнтэй Налайх дүүргээс ирсэн УШТГ анд нэгдлээ. Амны эх руу ороход нөгөө салхи хоромхоноо "алга болж" намрын наран шарж эхлэв. Амны дунд хэсэгт байх амралтын газрын хашааны тэнд татан хувцсаа нимгэлэв. Арын гишүүд маань шожигнотол жийгээд хүрээд ирэв. Яг бодсоноор хоёр ч дугуй хагарсан байжээ. Амаа өгсөн жийсээр саравч, ширээ, сандал бүхий тавиухан задгай газар 11.50 цагт буулаа. Хөлийн гол захаасаа зайрмагтан тунгалаг ус нь боргиотон урсахыг харж баясах нь аялагч хүний бас нэгэн сэтгэлийн таашаал болой. Голоос ундны усаа авч энд өдрийн хоолоо идэн, дурсгалын зургаа авахуулан 13.00 цагт доош уруудав.Өглөө зайрмагтсан нугын зам одоо наранд гэсэж нил ус болсон байгаа тул буцахдаа уулын замыг сонгон өгслөө. Бумбатын ам, Чулуутын ам, Бага Хүрэл тогоот, Хүрэлтогоотын амыг хөндлөн туулж Хүрхрээгийн амаар уруудан Скай ресортын хаалга хүрч татлаа.
Эндээс хоёр эгнээ болон багийн чиглүүлэгч урдаа гарч жавхаатай жийсээр Маршалын гүүр хүрч аялал өндөрлөв. Намрын шар наран дор хамтдаа аялсан багийн бүх гишүүдэд халуун баяр хүргье. Зүгээр л жий.Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ж.Батдаваа | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1286 км |