Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #35 - Энхтал II

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/307
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
104 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1098 м
Өндөр алдалт
-1024 м
Их өгсөлт
8.9 %
Их уруудалт
-10.4 %
Оролцогчдын тоо
3
Эхлэх цаг
2023 оны 10 сарын 13 Баасан гараг, 19:30 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

АЯЛЛЫН ХУВААРЬ

10 сарын 13, Баасан гараг, Аялалд бүртгүүлсэн гишүүд унадаг дугуйгаа тээшний вагонд урьдчилан өгөөд УБТЗ-ын төв вокзалаас 20:30 цагт хөдлөх Улаанбаатар- Сүхбаатар чиглэлийн 263 дугаар галт тэргэнд сууна. Галт тэрэгний тасалбарыг очих болон ирэх чиглэлд урьдчилж авбал зохино. Тасалбарын үнэ унтлагын вагоны хувьд Улаанбаатар өртөөнөөс Сүхбаатар өртөө хүртэл 31800 төгрөг, Дархан I өртөөнөөс Улаанбаатар өртөө хүртэл мөн адил 27800 төгрөг байна. Тасалбарын үнэ дээр цагаан хэрэглэл, доод суудлын үнэ заавал, цайны үнэ сонголтоор нэмэгдэнэ.

10 сарын 14, Бямба гараг, Өглөөний 5.45 цагт Сүхбаатар хотод бууна. Вокзалын хүлээлгйн танхимд өглөөний цайгаа уугаад аяллын замдаа гарна. Шаамар сум өнгөрч Орхон голыг гүүрээр гаран урагш эргэж Орхон голын баруун талын хөндий, бэсрэг уулсын хормой хотос, бага шиг даваа даван жийсээр Энхтал точка-ын баруун талын гүүрээр Орхон голыг гарч, Дархан хот хүртэл жийгээд аялал дуусна. Тээшний вагонд унадаг дугуйгаа ачуулж, оройн 23:20 цагт Сүхбаатар- Улаанбаатар чиглэлийн 264 галт тэргэнд сууна.

10 сарын 15, Ням гараг, УБ хотод өглөөний 06.16 цагт бууна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Намрын налгар өдрүүд төвийн болон хойд аймгийн нутгаар тогтуун үргэлжилж буй аятай "цонх"-ыг ашиглан Энхтал II  нэртэй хоногийн аяллыг хийлээ.

Зураг 1. Энхтал II аяллын баг
Манай баг 3 хүнтэй байв. Андууд маань биднийг буудал дээр гарган өгч сайн явахын ерөөл өргөн үдлээ. Аяллын төлөвлөгөөний дагуу галт тэргэндээ суулаа, манай вагонд хүүхдээ дагуулсан гэр бүл, залуус бужигнасан ёстой л цэцэрлэгийн нэг ангид орсон мэт байв.
Зураг 2. Үдэн гаргагч андуудын хамт
Шөнө аятайхан унтаж чадахгүй нь бололтой гэж гундуухан бодсон ч, энэ мэт зүйлд халшираад байх нь ямар ч нэмэргүйг мэдэх тул тайван суудлаа эзлэн явж байлаа. Түнхэл суурин дээр галт тэрэг зогсоход манай вагонд байсан 54 хүнээс 48 нь бууж, 6 хүн үйлчлэгчтэй хамт үлдэн гүм нам боллоо.

Зураг 3. Аяллын гараа эхлэх цэг дээр
Ийнхүү тайван амарч унтан Сүхбаатар хотод ирлээ. Хүлээлгийн танхимд өглөөний цай уух төлөвлөгөө нурсан тул, дугуйндаа мордон, гэрэл чийдэнгээ асаан харанхуй хотын гудамжаар жийн хотоос гарлаа. Тун дулаахан өглөө болж үүр цайж байв. Салхи зүүн хойноос овоохон салхилж бидний түрэх нь дэмтэй.
Зураг 4. Өглөөний цай, Шаамар сум руу явах замын салаа
Шаамар сум руу салдаг уулзвар дээр ирж, замын хажуугийн байшин нөмөрлөн бууж өглөөний цайгаа хийж идлээ.

Нар ч мандав. Нарсан ой ногоорон найгана. Энд шинэ засмал зам баригдаж, дагтаршуулсан замыг гялгар уутаар өвч бүтээсэн байв.

Зураг 5. Дэнжийн энгэр элсэн дээр
Нойрмог суурингийн шороо бужигнасан замаар жийсээр Орхон голын гүүрээр гаран Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг сум руу зорих шинэ засмалд орлоо.
Зураг 6. Сэлэнгийн хэв шинжит элсэн зөөлөн замаар
Дэнж өгсөн жийсээр, явах үндсэн чигээ аван нарсан ой дундуур зурайх элс, шороотой зам руу салан оров. Цэвэр агаарын "агуулах" болсон ойн замаар урамтай жийсээр, Орхон голын баруун талын өндөр дэнж дээгүүр гарч ирэв.
Зураг 7. Шаамарын шар тохой. Орхон голын баруун дэнж

Алсад хойд зүгт Сүхбаатар хот, Шаамар сум, зүүн талд Арангатын давааны өгсөх хөндий, зүүн урд зүгт Дулаанхаан уул дүнхийн харагдана. Тэнгэр цэлмэж, нартай өдөр эхэлж байв.

Энэ чиглэлээр анх удаа явж байгаа тул алсын чигээ авч, аль болох голын татам руу орохгүй, бас хэт холдон уул руу зүглэхгүй гэсэн дундыг барин аялаж явтал, нэгэн нэргүй огцом хөтөл даваад уруудтал тод зам маань хөтөлсөөр байгаад татамын цэлгэр (Цацын нуга) булан руу уруудаад орчихдог байгаа. Уг нь огцом руу өгсөхийн өмнө уулын руу өгсөн мод руу шургасан бас нэг тод зам байсан юм. Энд чиглэл сарнихын эхний алдааг хийсэн байлаа. Замын хувьд бол засмалаа засмал, үе үе элс (чимээгүй цагдаа) таарах нь эхлээд эвгүй байсан ч яваандаа огт тоохгүй жийгээд гардаг болсон шүү.

Зураг 8. Сэрвэн давааны овоо
Татамын замаараа жийсээр, сүнгэнэсээр Дулаанхаан уулын баруун талаар өнгөрөн, татамын тод замаа хаяж, дэнж өгссөн зам руу ортол бүдэгрээд явчихав. Аяндаа гайгүй болсон боловч нутгийн айлын нүүсэн бууц дамжаад байх нь тэр. Нэг толгой өгсөн гарч иртэл Орхон сум голын цаана харагдаж, бид гол руугаа хэт шахаад явж байгаа нь илт боллоо. Хэт зүүн талаа барьчихлаа. Төв зам баруун талд байгаа гэж бодон аль болох л тэр зүг явах гэж хичээсэн ч намхан толгод өгссөн замаар яахан тэгэж халз зүглэх билээ дээ. Төөрөх боломжгүй чиглэл ч гэлээ, багаа хөтлөн ийнхүү муригнан явах нь сэтгэлийг яахан амар байлгах билээ дээ.

Нутгийнханы холхидог олон салаа замын баруун талыг аван гүвээ давтал бүр айлын дээрээс ороод ирэв, нохдоос нь болгоомжилж хэжиж өгсөөд уруудан жалга руу орох үед цаад энгэрийн замаар нэг мотоциклтой хүн өгсөөд даваж харагдана. Явж байгаа зам баруун урагшаа чигтээ болоод тул ахин голын татам бараадан уруудаад хэт доошлолгүй, гүнзгий жалгаар дугуйгаа түрж хөндлөн гарч өгсөөд нөгөө мотоциклтой хүний зам руу хатгав.

Зураг 9. Аяллын замын Сэлэнгэ хэв шинж
Тэр замтай нийлэн гүвээ давтал, хажуугийн бэл дээр нутгийн хүн явж байв. Дуудаж уулзаад Энхтал руу явж байгаа, энэ зам мөн үү (огт өөр хариу ирнэ гэж бодож байтал) гэтэл, мөөн мөн яг явж байна гэдэг байгаа. Алсын чигээ асуутал гүн жалга бүхий уулын давааг заагаад, түүгээр даваж уруудаад л Орхоны гүүр хүрээд, Энхтал орно гэж хэллээ. Тэр уулыг газрын зургаас харж байсан тул тун их баярлаж бид гурав ч ухасхийн жийлээ.

Энэ давааг Сэрвэнгийн даваа гэж нэрлэдэг. Их сайхан өгсүүртэй, жийгээд гарахад маш урамтай, даваа өгсөж байхдаа хүртэл уруудаж шарика-ддаг замтай. Урд явсан гишүүн маань давааны доор айл руу салдаг татам, шахаа чиглэсэн замаар ороод явсан мөр тод дурайна.

Зураг 10. Өдрийн хоол, Орхон голын гүүр
Ацаар нь жийчихжээ, хаа холдов гэж явж байтал цаана таарна даа гээд хоёулаа даваагаа өгсөн даваж, даанч сайхан замаар сүнгэнэтэл уруудсаар Орхон голын гүүрэн дээр ирэхэд нөгөө гишүүн маань салхинаас далан нөмөрлөсөн аятай газар хүлээж байлаа. Цаг 13.35 болж байв. Айлын нохойд хөөгдсөн л гэнэ, зам алга болсон л гэнэ, давсан л гэнэ, шахааны чулуутай газраар түрсэн л гэнэ.

Хөгжил хөөр инээдээр хачирлан, тавтай сууж амттай үдийн хоолоо хийж идээд хөдлөв. Энхталын хажуугаар өнгөрөн олон нугачаа бүхий дуусашгүй алсын өгсүүрийн элстэй замаар торойтол жийлээ, гүүрнээс хөдлөөд яг нэг цаг махийгаад Ноён хан уулын урд шилээр давлаа.

Зураг 11. Энхталын зүүн урд орших гурвөн нугачаатай гүвээний орой дээр

Тун халуун намрын өдрүүд үргэлжлэн буй Дархан хотод 16.40 цагт ирлээ. Ийнхүү энэ удаагийн хоногийн аялал тун амжилттай болж дууслаа. Хамтдаа нөхөрлөн аялсан хоёр анддаа баярлалаа, зүгээр л жий.

ЭНХТАЛ II аяллын тэмдэглэл, УТА Д.Цолмон
Намрын налгар өдрүүдийн тохиромжтойг сонгон группээс өмнө нь аялаж байгаагүй шинэ чиглэлээр Энхтал II нэртэй аялал зарлагдсан байлаа. Учир нь хавар цас ханзрах цагаар Энхтал I нэрт аяллыг Хөтөл өртөөнөөс Энхтал өртөө хүртэл хийсэн бол энэ удаа Сүхбаатар хотоос Энхтал өртөөгөөр дамжин Дархан хот хүрэх маршрутаар ийнхүү ижил нэртэй аялал зарлагдсан нь энэ юм. Ямарваа нэг зүйл янз бүрийн шалтгаанаар хүний сэтгэлд тааламжтай, тааламжгүй янз бүрийн сэтгэгдэл дурсамж үлдээдэг болохоор Энхтал гэдэг нэр анхны аяллаасаа эхлэн сэтгэлд нэг их гоё тунаран тааламжтай мэдрэмж үлдээсэн тул, ийм нэртэй аялал дахин зарлагдахад цаанаасаа л явмаар санагдсан билээ. Дээрээс нь багахан гэмтэл аваад эдгэртэл хоёр бямба гаригийн аялал өнжсөнийг ч хэлэх үү ямартаа ч унадаг дугуй, галт тэрэгтэй хослосон аялалд явахаар догдлол дүүрэн ажлын таван өдрийг үдлээ. Уламжлал ёсоор баасан гаригийн орой ажил тараад гэртээ хурдан харьж бэлтгэлээ базаагаад 20:30 минутанд хөдлөх Сэлэнгийн галт тэргэнд аяллын багийн хоёртойгоо анд нөхдөөрөө үдүүлэн тухаллаа.

Сүүлийн жилүүдэд нүүр номоор Түнхэл тосгоны аялал хэмээх пост мэдээлэл багагүй гарах болсны тэмдэг галт тэрэг дүүрэн хүн бүгд л Түнхэл орно хэмээн шуугилдах аж. Монголчуудын бусаддаа төвөг удахдаа юман чинээ боддоггүй нийтлэг зан энд харагдаж, дээд суудал авсан атал мэдэн будилан доод суудал “дээрэмдэн” ачаа бараа юутай хээтэйгээ тухлах хүмүүст учир байдлаа хэлэн доод суудал авсан тасалбараа үзүүлж цүнх саваа эмхлэн хамтран суухыг тайлбарлахад төдийлөн таатай бус баахан хэлүүлж дуртай дургүй ойлгоно, үймэн шуугиж бусдын ширээн дээрх зүйлийг бужигнуулах хүүхдүүддээ байн байн гар хүрч уйлуулана, бас болоогүй нийтийн шахам унталгын галт тэргэнд тасалбар авсанаа мартсан аятай хажуудах суудлын хүнрүүгээ хялалзан бидний билетийг хэн авсын, өөрсдийн гэр бүлээрээ нэг дор авахгүй яасын гэж бусадруугаа бухимдах гэх мэт зүсэн зүйлийн араншинг мэдэрсээр 23:20 цагт ашгүй нэг Түнхэл тосгон хүрч замын адал явдалт таагүй ачаалал хоромхоноо үгүй болон, аялал цааш үргэлжиллээ. Энэ бүхнийг тоочин бичсэний учир аялал ч бай ажил ч бай өөрөө оролцож л байгаа бол хэн боловч билет захиалахаас эхлээд бүх зүйлдээ судалгаатай хариуцлагатай хандах, бусдад төвөг болохгүй нийтийн газар биеэ авч явах учиртайг л ойлгуулах гэсэн хэрэг л дээ.

Галт тэрэг үүрийн 05 цаг өнгөрөөгөөд Сүхбаатар хотод буухад мөн л бусад галт тэрэгнээс буусан аялагчдыг тосох хүн машин багагүй холхиж галт тэрэгний буудлын танхим дүүрэн хүнтэй байлаа. Энд мөн л аялал жуулчлал тодорхой хэмжээгээр хөгжиж Сайханы хөтөлөөс эхлэн Ээж мод гээд эндэхийн үзэсгэлэнт газруудыг тойруулан үзүүлж оройн галт тэргэнд суулгаж өгдөг аяллын хэлбэр байдаг тул аялагчдаа тосох, дэл сул аялагч байвал авах гэсэн жолооч хөтөч нар холхино. Бид гурав вокзал дотор өглөөний цай уух бодолтой байсан ч ийм их хүн байхад галт тогоогоо хэрэглэн цайлах боломжгүй тул шууд аяллын замдаа гарч урд зүг Шаамар чиглэн жийлээ. Энд УБ хотоос нэлээн дулаан байгаа нь мэдрэгдэж жийж эхлэх мөчид халууцах мэдрэмж төрж тэртээд үүр хаяарах туяа, шинэ газар унадаг дугуйн дээрээ гээд мэдрэмж бол үнэхээр сайхан. Гэхдээ би галт тэрэгнээс буугаад халуун цай чанаж өглөөний цайгаа уугаад аяллаа эхлэнэ гэдэг сэтгэхгүйгээсээ салж чадахгүй шууд жийсэн болохоор “Бидний аялал ямар драм-гүй эхлэчихвээ” гэж админд хэлвэл (нэг тийм эв хавгүй нөхцөл байдлаа бид хошиноор ямар драмгүй юм бэ гэж инээлддэг ёсоор хэлсэн хэрэг) удахгүй жийлт жигдрээд драмандаа орноо” гэхээр нь нээрээ л тиймдээ гэж бодон гурван биендээ ямар сайхан байнаа гэсээр 13 км орчин жийх үед үнэхээр аялалд бэлтгэгдсэн бие сэтгэхгүй цэгцэрч ёстой л бүх зүйл драмтай боллоо.

Зураг 12. Өглөөний цайгаа уусан

Удалгүй Шаамар 90 гэсэн бичигтэй зөгийний дүрс бүхий хөшөөтэй хэсэгт тухлан өглөөний цайгаа уухаар дор бүрнээ галт тогоогоо угсарлаа. Амттай хоол цай идэж кофегоо нэрж уугаад өглөөний 8 цагт Шаамар сууринг чиглэсэн шороон замаар жийлээ. Энэ замыг монгол хятад ажилчид хамтран барьж байгуулж байлаа. Удалгүй Шаамар өнгөрч Орхон голын гүүр хүрэхэд зүүн гар талаас их өндөр гүүртэй Зүүнбүрэн сумруу чиглэсэн шинэ автозам орж ирлээ. Бид баруун талаар нь зэрэгцэн, уутай ааруулыг газар савсан мэт бутарсан хуучин замаар жийж байсан тул шинэ замтай нийлэхийн хүслэн болон жийсээр хүссэн зам дээр гарав. Нэг сайхан үзэсгэлэнтэй толгой ороон жийгээд, дэнж өгсөн гараад урагшаа аяллын маршрут ёсоор Тужийн нарсруу эргэсэн дээ. 

Сэлэнгэ нутгийн замын нийтлэг онцлог элсэн зам биднийг угтана. Зарим газар нэлээн гүн элс байж урд дугуй зоогдон зогсооход өө чимээгүй цагдаа гэж би өөрөө өөртөө нэрлэн явлаа. Үнэхээр л сайхан жийж явтал зузаан элс замын цагдаа шиг л нам зогсооно. Орхон голын баруун талын уулыг хэжиж ороосон өндөрлөг тэгш дэнжийн замаар ийнхүү бид үнэхээр жаргаж жийнэ гэгч л болж байлаа. Тэртээ доор Орхон голын голдрил үзэсгэлэнтэй мурилзаж алсад Дулаанхан хайрхан дүнхийнэ. Бүхэлдээ алсын бараатай нүд алдам сайхан энгэр талаар торолгүй л давхиад байлаа бид гурав.

Бод л доо. Намрын налгар дулаахан өдөр, Тужийн нарс дундуур, Орхон голын сав газраар өглөө эртийн агаарт унадаг дугуйгаа жийгээд явж байна гэхээр зүрх сэтгэлд аз жаргалаас өөр зүйл мэдрэгдэнэ гэж үү.

Зураг 13. Аяллын замын хараа булаах үзэсгэлэнтэй олон газрын нэг Орхоны хөндий дэх Шаамарын шар тохой.

Сайхан мэдрэмжээ тээсээр нэлээн удаан жийсний эцэст алсад харагдах уулыг давах нь тодорхой, анх удаа жийж байгаа зам тул админ өмнө нь судлаад газрын зураг дээр харж тогтоосон замаа илүү тодруулахаар нутгийн хүнээс лавлавал Хушаатын гүүр хүрэх гэж байгаа бол та нар яг зөв явж байна. Урд харагдах уулын тэр гүн жалганы дээгүүр ороосон замаар даваагаа даваарай гэв. Нутгийн хүний хэлсэн даваа үнэхээр сайхан даваа байлаа. Нэг том гүн жалгын дээгүүр хамгийн алсын өгсүүрээр уулаа давсан замаар жийсээр даваад ямар сайхан даваа вэ гэж магтан уруудах зуураа давааны нэр нь юу юм бол гэсэнд админ "харин түрүүний хүнээс асуух гэснээ бас нутгийнх нь газар орныг хүндэтгээд шууд асууж чадсангүй" гэв. Цааш нэлээн уруудаад буух үед өөдөөс ирсэн мотоциклтэй хүнээс давсан даваагаа асуувал Сэрвэнгийн даваа гэж хэлж өгсөн билээ.

Давааны шагнал пижигнэтэл уруудуулсаар Хушаатын хойдох Энхтал өртөөний баруун талын Орхоны том гүүрэн дээр аваад ирлээ биднийг. Гүүрнээс буун салхи нөмөрлөн гурвуулаа өдрийн хоол цайгаа тухтай хийж идээд 14 цагт, за ингээд Дархан хот эндээс 27 км гээд хөдөллөө. Бодоход 27 км гэдэг уг нь гайгүй. Гэвч анх удаа явж байгаа зам ямар бартаатайг таашгүй. Админ тэр зурайсан хөтөл дээгүүр ямартаа ч давна гэж хэлсэн ёсоор элстэй замаар жийгээд л байлаа. Энэ замаар харин машин их явах юм. Зарим нь алсуур бидэнд төвөг бололгүй өөр зам сонгон өнгөрөх бол зарим нь эгээтэй л хамж авах нь холгүй ойрхон өнгөрөнө. Бас л хүн хүний хандлага юм даа.

Өдрийн хамгийн дулаан үе. Нар шарж овоо ч хөлөрч халууцаж байлаа. Тээр урд админ, ард нь аяллын хамтрагч залуу хамгийн ард миний бие. Алсын уужим өгсүүрт ямартаа ч зогсолтгүй жийж болоод л байлаа. Харагдаж байсан гүвээгээ даваад уруудах юм байх гэтэл гонж, цааш багахан хотойсноо дахин өгсүүр зам харагдлаа. Урд яваа хоёр давааны оройд хүлээж харагдахгүй байгаа нь ийм учиртай байжээ. Өө за гээд уруудаад өгсөөд давтал дахиад яг адилхан хотгор, дахин өгсүүр. Халууцана гэдэг ч бүүр замаа алдаж хөлс урсана. Элстэй замд зөрж өнгөрөх машины тоос хөлстэй нүүрийг будаж үнэхээр л аяллын үндсэн төрхөндөө орж байгаа мэдрэмж хэ хэ. Гэхдээ л сэтгэл тайван цаанаа л гоё.

Зураг 14. Аяллын зам дахь амралт

Ийнхүү хотгор гүдгэр үргэлжлэн гурав дахь нугачааг давахаар өгсөж байтал овоо байхыг холоос хараад, за арай ч дахиад цаана нь гүдгэр байхгүй байлгүй дээ гэж аминдаа өөртөө таавар таалган махийтал жийсээр гараад ирлээ. Дархан хотын арын хуучин Дархан билүү тэр хэсэг харагдаж байв. Орхоны гүүрнээс гараад үргэлжилсэн энэ гүвээг давтал бүтэн нэг цаг гаран тасралтгүй өгсүүрт жийсэн байлаа. Ёстой их өгссөний шагнал ханаталаа уруудсаар хойт зүгээс ирэх засмал замтайгаа нийлээд авлаа. Ам цангаж байна гэж тоймгүй. Хаана байна тэр Дархан ам цангаад байхад гэхэд манай хоёр инээгээд одоо энэ хошууг ороогоод цаашаа жоохон гүдэн даваад л Дархан гэхийг сонсоод урд нь ороод жийж өгөв. Яаж ийж байгаад өгсүүлье энэ дугуйчдыг гэсэн аятай өнөө хэлсэн хошуу нь хөөрхөн өгсүүлээд ороолгов. Цааш харвал бас нэг жижигхэн ч гэсэн өгсүүрийг машинууд давж байхыг хараад өгсүүрийн орон Дархан юмаа гэж дотроо үглэхийг админ мэдсэн аятай энэ орчимынхоо үргэлжилсэн уулыг давахын тулд ингээд олон өгсүүр байх нь аргагүй гэв.

Ийнхүү энх өглөө, энх тайван гэх шиг нэг л таатай мэдрэмжтэй нэр бүхийн Энхтал II  аяллаа бид гурав амжилттай дуусган Дархан хотод араас нь сүнгэнэтэл жийсээр 17 цагаас өмнөхөн орж ирлээ. Аялал амжилттай дуусах хамгийн сайхан мэдрэмжээ тээсээр дугуйгаа УБ орох галт тэрэгний тээшинд өгч галт тэрэг иртэл амрахаар явцгаав.

Зураг 15. Аяллын анд ШТГ Ган-Очир

Ирэх долоо хоногт дахиад л аялана, дахиад л шинэ шинэ аз жаргалтай мэдрэмжүүдийг аялал бидэнд өгнө. Зүгээр л жий.

Зураг 16. Бидний хүлэг

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Т.Ган-Очир Д.Цолмон Э.Ожго
Т.Ган-Очир
  • 7120 км
  • 75
  • 6
  • 0
  • 2
  • 2
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Э.Ожго
  • 28399 км
  • 252
  • 33
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!