Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #154 - Нэртэй нэргүй хоёр даваа

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/306
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
86 км
Давааны тоо
2
Өндөр авалт
927 м
Өндөр алдалт
-929 м
Их өгсөлт
22.8 %
Их уруудалт
-21.2 %
Оролцогчдын тоо
19
Эхлэх цаг
2023 оны 10 сарын 14 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв
Цуглах цэгийн солбицол
47.905472, 106.948917
47°54'19.7"N, 106°56'56.1"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Аяллын баг Дэндийн голын хөндийд 12:15 цаг

Өнөөдрийн аялал хоёр онцлогтой. Нэг нь өмнө давж байгаагүй даваануудаар давах бол нөгөө нь хэдэн шинэ аялагч оролцсон явдал юм. Шинэ гишүүн оролцсон аялал нь жийлтийн хэмнэл, татах цэг, аялал дуусах цаг зэрэг олон зүйлээрээ арай өөр болдог. 09:03 цагт хөдөлсөн аяллын баг Амгалангийн уулзвар дээр эхний таталтаа хийлээ. Ийнхүү бөөгнөрсөн бид тус уулзварыг явган зорчигчийн гарцаар гараад Улиастайн замаар хоёрын цуваагаар жийсээр Гацууртын эцэст хүрсэн.

Ийнхүү Гацуурт хүрэх замд манай хашир, туршлагатай гишүүд шинэ гишүүдэд араа хүрдээ хэрхэн зөв тохируулах, яаж зөв жийх талаар зөвлөж явлаа. Бүр зарим нэгийг нь түрж урагшлуулах аж. Түүнчлэн аялал эхлэхээс өмнө цуглах цэг дээр ч шинэ гишүүн бүсгүйн унадаг дугуйн эмээл хэт тонгоруу байсныг тэгшилж өгөх гэх мэтчилэн аяллын бэлтгэлийг нь хангуулсан. Гэсэн хэдий боловч тослоогүй гинж, гулзайсан шийр зэрэг зүйлс Гацууртын замд анзаарагдаж л байлаа.

Маршрутын дагуу цааш жийхэд Гацууртын автобусны эцсээс цааш 2 км гаруй замыг хатуу хучилттай болгох ажил дууссан нь шууд анзаарагдав. Тэрхүү шинэ замаар бөөнөөрөө буудаад шороон зам руу салахын өмнөхөн ахин нэг татлаа.  Ингээд бөөнөөрөө Бага Хуандын ам руу орж Өлтийн даваа руу салах замыг эрэлхийлэн жийцгээлээ. Учир нь тус давааг бид өмнө давж байгаагүй юм. Давуу руу салах зам тов тодорхой аж. Мөн хойноос нь өгсөж гарахад ч хялбар аж.

Зураг 2. Өлтийн даваа 11:00 цаг

Харин Өлтийн даваанаас урагш уруудаж буух зам сул шороо чулуу ихтэй тул хальтирч шарваж болзошгүй байлаа. Дэндийн ам руу гол ус туучилгүйгээр орох хамгийн дөт зам энэ болохоор үүгээр машин их цуваад уг замыг ийнхүү эвдсэн болов уу. Бага Хуандын амыг дуустал өгсөөд уул давах өөр зам байдаг нь ч бас л үүн шиг эвдэрч маш их сул шороо чулуутай болсон байсан. Гэхдээ л Өлтийн даваа бол унадаг дугуйгаар давах бүрэн боломжтой даваа гэж тооцогдоно.

Зураг 3. Өлтийн даваанаас бууцгааж буй нь

Даваанаас буусны дараа Туул голын хөндий дагасан армаг тармаг элстэй зам үргэлжилнэ. Манай клубийн гишүүд энэ замаар чамгүй олон удаа жийж байсан даа. Харин энэхүү элсэрхэг зам шинэхэн гишүүдэд сонин байсан байж магадгүй. Энэ мэтчилэн саад бартаатай зам аяллын цувааг улам сунгаж, үзэгдэх бараагүй болгодог билээ. Энэ ч ёсоор багийн толгойн групп ба сүүлийн групп хоёр аль алийгаа хараагүйн улмаас нэг бяцхан хөтөлийн дээр ба доор тус тусдаа түр саатаж амсхийцгээсэн байгаа юм. Нэгэнт багийн нийт гишүүд амсхийцгээсэн тул баг эргэн нэгдсэн даруйдаа төд удалгүй маршрутын дагуух замаа үргэлжлүүлэн хөөж эхэллээ.

Зураг 4. Аяллын багийн толгойн групп Дэндийн амаар жийцгээж буй нь

Бид 12 цагийн үед Дэндийн голын хөндий рүү орсон. Энэхүү нарийвтар хөндийгөөр тус гол ёстой л мурилзанхан, тахирланхан урсана. Тод шороон зам даган жийсэн бид энэ эдгээр тахирааг овоо хэдэн удаа туулж гарсан даа. Намрын сэрүү орсон болохоор бид голыг шууд туулах бус харин алхаж, харайж гарахыг урьтал болгосон. Гэхдээ л унадаг дугуйгаараа шууд туулж гарах гэж байгаад гэнэ алдаж хөлөө норгож гоомойтох явдал гарсан гарсан.

Зураг 5. Дэндийн голын хөндий

Дэндийн голын хөндийгөөр жийх үеийн сэтгэл ханамж 100%. Уг хөндийн зүүн ба баруун хоёр талаас нь давахад хэцүү даваануудтай өндөр уулс, өмнөөс нь Туул гол хашиж бас эдгээр уулс руу Туул гол ханатал шахаж урсах нь хүн, машины хөдөлгөөнийг овоо хязгаарладаг бололтой. Хүний хөлөөс зайдуухан ийм газраар дураараа жаргаж жийх боломж олгодог нь уулын дугуйны давуу тал юм уу даа. Үнэндээ уулын дугуй бол унасан эзэн нь жийж л чадвал хаана ч, хэчнээн холд ч хүргэж чадах тээврийн хэрэгсэл билээ.

Энэ удаагийн аяллын үеэр нэг наргиантай явдал тохиолдсон. Дэндийн голыг бас нэг удаа гатлах болоход эвтэйхэн гарам олчихоод багийн сүүлийн гишүүдийг хүрч ирэхийг хүлээн зогсож байтал тэдний нэгийг маань таван нохой дагасаар айсуу нь өөрийн мэдэлгүй анхаарал татна.

Зураг 6. Аяллын цувааны сүүлч - ЗУУДАГ багийнхан

Ойртуулж хартал хээлтэй хээлгүй, хазгар доголон, эр эм, янз бүрийн зүс, үүлдэр гарал нь тэр гэхийн тэмдэггүй шахам болсон хэдэн юм байх ажээ. Манайхны нэг тэдгээр нөхдийг ЗУУДАГ баг хэмээн нэрийдэв.

Зураг 7. ЗУУДАГ багийн гишүүд

ЗУУДАГ багийн нөхөд манай багийнхныг аль эртнээс дагажээ. Эхлээд толгойн хэд рүү хуцалдан давхилдан ирээд хөөгдөж туугдаад үлдэцгээсэн гэнэ. Тэгж явцгаасаар сүүлийн бүлэг дугуйчид дээр ирж л дээ.

Зураг 8. Манай аялалд ЗУУДАГ багийнхан аль эрт нэгдсэн байсныг нотлох ул мөр

Өнөөдрийн аяллаар бид хоёр шинэ даваа давсан. Эхнийх нь болох Өлтийн давааг унадаг дугуйгаар жийгээд давчих бүрэн боломжтой байсан бол удаах нэргүй давааг унадаг дугуйгаар жийж давахад туйлын бэрх ажээ. Иймд Дэндийн сайхан булгийн харалдаа тус даваагаар ахин давах нь зохимжгүй гэж дүгнэлээ. Тус давааны өгсүүр нь ерөнхийдөө гайгүй боловч яг давааны оройд гарахын өмнөх зам нь хэт огцом бас дунд зэргийн сул чулуутай байсан.

Зураг 9. Цуваа цоожлогчид

Багийн сүүлийн гишүүд дээрх зурагт буусан шиг увж цуван, өгсүүр ба умар зүгээс үлээх хэрдээ л хүчтэй салхийг үл мэдрэх шахуу "налайн" жийж явахад харин толгойн групп даваа руу өгсөх замын салаанд аль хэдийн хүрээд тэнд байсан нэг пүнзний дэргэд үдэлцгээжээ. Тэндээс толгойн групп эхлээд эхлээд хоёр, дараа нь бүр гурав хуваагдаж жийцгээсэн аж. Сүүлийн группийг мөнөөх цэгт хүрэлцэн очиход толгойн группийн гол чиглүүлэгч нь угтаад ирэв. Тэгэхээр толгойн групп чиглүүлэгчгүй яваа аж. Улмаар даваа руу өгсөж явтал толгойн группт жийж явсан зарим гишүүдтэй тааралдав. Даваа руу хаашаа өгсөж давахыг лавлаж асууна. Учир нь тэнд зам салжээ. Толгойн группийнхнээс цааш явцгаасан хэд энд хоёр хуваагдаж өөрөөр хэлбэл зарим нь буцаагаад Дэндийн голын хөндий рүү буулгачих "хулхи" даваа давуулах зам руу оржээ. Мэдээж тэр зам буруу болох нь төд удалгүй мэдэгдэх тул буцаж эргээд зөв замаар даваа давцгаасан аж. Харин тус давааг давчих л юм бол бидний "ба бэ"-гүй сайн мэдэх зам залгана. Үүгээр бид зөвхөн энэ намар гэхэд л хойш урагш хэд хэд жийсэн. Замын хувьд нэлээн дэржигнүүртэй гэхээс өөр онц юмгүй ба тус ам айлаар битүүрч дүүрсэн тул тэрхүү дэржигнүүр замаар зүгээр л нэвт буудаж орхидог.

Зураг 10. Аяллын багийн толгойн групп Гацууртын автобусны буудал дээр

Чингээд багийн сүүлийн гишүүн 17:00 цагт Гацууртын эцсийн буудал дээр ирсэнээр шинэ даваануудтай, шинэ гишүүдтэй, налгар намрын "налайсан" аялал өндөрлөлөө. Хамт жийсэн бүх гишүүддээ талархал дэвшүүлье. Мөн цувааг цоожилж аялсан УШТГ С.Батмөнх, УШТГ П.Батмөнх, УШТГ Ц.Наранхүү болон чиглүүлж аялсан УТГ Б.Жавхлантөгс нарт баярлалаа. Клубийн намрын аяллын улирлын үлдэж буй хоёр аялалд идэвхтэй оролцохыг хүсье.

Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Батгэрэл Э.Уранзул Э.Дөлгөөн Ж.Батдаваа Ш.Лазина Н.Даваасүрэн Б.Элбэгзаяа Ч.Азжаргал Ц.Наранхүү Ш.Мөнгөнсүх П.Батмөнх Б.Бадрах Д.Баасансүрэн Б.Баттөмөр Ж.Октябрь Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал П.Золзаяа
Г.Батгэрэл
  • 1234 км дутуу
  • 25 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Уранзул
  • 646 км дутуу
  • 613 км
  • 8
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Дөлгөөн
  • 1916 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ж.Батдаваа
  • 1933 км
  • 24
  • 0
  • 0
  • 0
  • 0
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Ш.Мөнгөнсүх
  • 7762 км
  • 75
  • 8
  • 2
  • 1
  • 3
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11651 км
  • 101
  • 15
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11696 км
  • 117
  • 9
  • 1
  • 2
  • 4
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Зүгээр л жий!