Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #152 - Намрын марафон

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/304
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
128 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1171 м
Өндөр алдалт
-1170 м
Их өгсөлт
13.4 %
Их уруудалт
-7.4 %
Оролцогчдын тоо
16
Эхлэх цаг
2023 оны 9 сарын 30 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Номин 22 агуулах худалдаа
Цуглах цэгийн солбицол
47.902528, 106.737111
47°54'9.1"N, 106°44'13.6"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Аяллын баг Ногоон толгой сууринд

Цуглах цэгт 08:17 цагт "Эрт ирлээ дээ" гэж бодсоор очтол өчнөөн дугуй дараах зурагт буулгасан байдлаар ярааж байлаа. Ойрд тохиогоогүй налгар өдөр болж байсан тул гишүүд эрт ирээд налайж буй нь тэр ажээ.

Зураг 2. Эртэч гишүүдийн унадаг дугуйнууд

Эхлэх цагт 10 минут дутуу байхад хүрэлцэн ирэх гишүүд цөм ирсэн байв. Ингээд аялал уламжлалын дагуу яг цагтаа эхэллээ. Аяллыг марафон гэж зарласан тул гишүүд өөр өөрсдийн эрчмээр жийсээр замаар нэлийтэл тарцгаав. Үүнд Баруунтурууны даваа ч чамгүй "нэмэр" болох нь ажиглагдав. Ингээд 361 гарамд эхний таталт хийлээ. Цаг 10 дөхөж байна.

Зураг 3. 361 гарам дээрх, эхний таталт

Энд хамгийн сүүлийн гишүүн иртэл татаж хүлээлээ. Шальтай ч хүлээсэнгүй. Энэ хооронд түрүүлж ирсэн гишүүдийн хэн нь ч хөдлөх санал гаргасангүй. Уг нь энэ аяллын багийн хуваарилалтыг "жийлтийн эрчмээр хуваагдсан олон баг" гэж анх зарласан байсан ч аяллын турш бүгд хамтдаа нэг баг болж явсаар аяллыг өндөрлүүлсэн юм. Энэ нь аялалд манай нөгөө админ оролцоогүйтэй ч холбоотой байж болох юм. Гэхдээ өнгөрсөнд хэрвээ гэдэг нөхцөл тавих нь зохимжгүй байдаг тул үүнийг дүгнэлгүй зүгээр л нээлттэй таамаглал хэвээр орхиё. Ийнхүү бүгд нэг баг болж аялсан тул багийн хуваарилалтыг "нэг баг" болгож өөрчиллөө.

Зураг 4. Өгзөг жаргаагч Brooks эмээл

361 гармаас 10 цаг өнгөрөөж хөдөлсөн. Олны ярианд 52-ын даваа нэрийг олсон Хар модотын давааны өгсүүрт жийлтийн эрчмээрээ шигшигдсээр аяллын цуваа мөн л замаар нэг сунав. Цувааны магнайд яваа бяртай нэг нь 52-ын даваа руу гарахдаа араагаа нэгээр л хөнгөлж байна. Зарим нэг нь түүний араас дөрөөн дээрээ босож жийх гэх мэтчилэн хүчээ шавхан зүтгэх нь ажиглагдана. Ингээд 11 цагийн орчимд шороон зам руу салах замын уулзварт, шороон овоолгоор нөмөрлөн, хоёр таталт хийлээ. Хойноос үлээх салхинд туугдсаар багийн гишүүд ар араасаа төд удалгүй ирэх аж.

Зураг 5. Шороон зам руу орохын өмнө буюу хоёр дахь таталтын үеэр

Хөдлөөд 2 цаг болсон тул гишүүдийн дийлэнх нь дор дороо "ам хөдөлгөнө". Урт аяллын үеэр нэг дор бөөн идсэнээс ингээд ойр ойрхон, бага багаар идээд явбал алдсан эрч хүчээ тогтвортой нөхөх давуу талтай.

Зураг 6. Таталтын үеэрх халуун яриа

Бас зарим нь яг дээрх зураг шиг ам хамхилгүй яриа өрнүүлнэ.

Дээрх зургийг манай нэг гишүүн Нарийны хөндийгөөр жийж явахдаа дарсан бололтой. Нарийны хөндий бол ёстой л унадаг дугуй жийж баймаар сайхан шороон замтай, уужим цэлгэр хөндий билээ. Хөндийн дунд байх Шархадны ферм гэсэн хаягтай жижиг сууринд хүрч очиход аяллын багийн хоёр ч гишүүн "Өлдлөө. Идье. Ууя. Болохоо байлаа." гэж дуу алдав. Мөнөөх цэгт сүүлд ирсэн нэг гишүүн "Энд татаж байгаа юм уу?" гэж гайхсан байдалтай асууна. Хариуд нь "Юм идье гэхдээ бараг бослого гаргах шахлаа" гэж тоглоомоор хэлсэн нь бараг үнэний ортой л доо. За тэгээд жаал жуул юм идэцгээв ээ. Гэтэл бослого гаргах шахсан саахь гишүүн маань "За болчихлоо" гээд дугуйндаа мордон аяллын багийн толгойд гараад, хөндий уруудан харсан зүгтээ давхин одоход түүнийг даган идэж, ууж эхэлсэн мань мэт нь амаараа дүүрэн, атгаараа дүүрэн хоолтой хоцров оо гэж.

Нарийны хөндийг дуусгаж Хүйн хөндий рүү ороход буюу Ногоонтолгой сууринд хүрч очиход үдийн цайны цаг яг болж байлаа. Тэнд байсан нэг дэлгүүрийн гадаа бөөнөөрөө сууцгаан үдийн цайгаа уучихаад хөдлөхийн өмнө аяллын багаараа хамт зогсоод дурсгалын зурагаа татуулцгаасан нь аяллын тэмдэглэлийн эхлэл дэх зураг юм. Тэр мөчид цаг яг 13:30 болж байлаа.

Ногоонтолгойгоос хөдлөхийн өмнө засмалаар хэсэг өгсөөд замаас гарч төмөр замын өөр нэг нүхэн гарцаар гарч улмаар Хүйн гол дээгүүр тавьсан гүүрээр гарч хуурай аялцгаах уу гэсэн санал гаргахад "Сая шаварт хөлөө дүрчихсэн. Одоо өнгөрсөн. Шууд чигээрээ явъя" гэнэ. "За тэгвэл шавардвал ч шавардъя." гээд дөнгөж хөдөлтөл манайхны нэг нь Нарийны голы адаг, олон салаа горхины нэгд урд дугуйгаа тээглүүлэн тэрий хадаж ёстой л шавардав. Чанх ард нь мөнөөх гол дээгүүр гарсан автозамын гүүр байсан юм. Ойрд тохиогоогүй ёстой сайхан налгар дулаан өдөр байсан тул тийнхүү шавардацгаахыг тоон юун. Ахиад ч шавар бий.

Дөнгөж сая дээр бичсэн шавар болоогүй байтал бүр цоо шинэ шавар тааралдаатхав. Юу билээ гэтэл төмөр замыг хоёр эгнээтэй болгох зорилгоор төмөр замын гүүрийг өргөтгөх ажлын үеэр тэр хавийн газар шороог самрах үед үүссэн шавар ажээ. Саяхан хийгдсэн ажил бололтой. Газар нь дагтаршиж хатуураагүй, бараг улгүй зөөлөн шороо шавар тул энэ хавийн төмөр замын гүүр доогуур гарахаар төлөвлөсөн маршруттай аялалд "Б төлөвлөгөө" давхар бодмоор болжээ.

Зураг 8. Хүйн гол гаталж буй нь

Хүйн голыг дээрх зурагт буулгасан байдлаар туулан гарцгаав. Хаа очиж хэн нь ч ус руу хөлөө дүрсэнгүй. Хэн нэгний ус руу цүлхийхийг анан хэдэн талаас бичлэг хийцгээнэ. Тэгэх тусам хэн нь ч алдаа үл гарган, амжилттай жийн гол гарцгаана. Бидний гаталсан хэсэг ч дугуйгаар жийж гарахад тун тохиромжтой буюу том чулуугүй, шаваргүй, жижиг жигд ширхэг бүхий хайргатай, тэгш ёроолтой байлаа.

Одоо ганц л "ажил" үлдсэн нь Хадлангийн даваа давах юм. Энэ удаад Хадлангийн давааг сүүлд машин явсаар гаргасан шинэ замаар нь өгсөн давж үзэцгээлээ. Тэр шинэ салаа зам шинэ гэсэндээ эвдрэлгүй аж.

Зураг 9. Хадлангийн даваа дээр

Зураг 10. Энэ дугуй яагаад тэнгэр харав?

Ийнхүү явсаар 16 цагийн орчимд аялал амжилттай өндөрлөлөө. Тарах цэг Жигжидийн уулзвар дээр хамтдаа хуушуурдах гэх мэтээр багийн гишүүд сайтар амарцгаав. Өглөөжин буудаж давхиад тэгээд шороон зам, шавар, гол эцэст нь Хадлангийн давааны өгсүүрт жийхдээ гишүүдийн зарим нь чамгүй ядарсан бололтой. Тийнхүү сайтар амарцгаагаад бөөндөө хөдөлж улмаар гэр гэрийнхээ зүгт хэсэг бүлгээрээ "буудацгаав".

Ёстой л налгар намрын, налайсан жийлт ийнхүү амжилттай сайхан болж өндөрлөв. Нэг баг болж хамтдаа жийцгээсэн гишүүн нэг бүрт нийт гишүүдийн өмнөөс талархал илэрхийлье. Дараагийн аяллаар эргэн уулзацгаая. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Ч.Азжаргал О.Шинэбаяр Э.Дөлгөөн Ш.Лазина Б.Элбэгзаяа Г.Ёндонжамц О.Адъяасүрэн Т.Ган-Очир П.Батмөнх Б.Бадрах Б.Баттөмөр Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал У.Одбаяр П.Золзаяа
Ч.Азжаргал
  • 5353 км
  • 48
  • 2
  • 0
  • 1
  • 3
О.Шинэбаяр
  • 1478 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 1
Э.Дөлгөөн
  • 1916 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Баттөмөр
  • 9730 км
  • 101
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11381 км
  • 99
  • 13
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11426 км
  • 115
  • 7
  • 1
  • 2
  • 4
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Ш.Лазина Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2495 км
Э.Дөлгөөн Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг 1339 км
Зүгээр л жий!