Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #151 - Зүүн ацын даваа

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/303
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
66 км
Давааны тоо
1
Өндөр авалт
877 м
Өндөр алдалт
-877 м
Их өгсөлт
13.3 %
Их уруудалт
-15.2 %
Оролцогчдын тоо
9
Эхлэх цаг
2023 оны 9 сарын 23 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар, GS25 дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
48.048639, 106.900583
48°2'55.1"N, 106°54'2.1"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Өнгөрөгч гурван долоо хоногийн бямба гарагуудад намрын улирлын цаг уурын харьцангуй аятай үеийг ашиглаж Долоон давааны сорилго, Шөнийн аялал, Чингис хаан Азийн унадаг дугуйн наадмын замаар гэсэн экстрем аяллуудыг шахуу хөтөлбөрөөр завсар зайгүй дараалуулан зохиолоо. Ингээд налгар намрын энэ цаг үед бүх гишүүд оролцох бүрэн боломжтойн дээр бидэнтэй хамт жийх хүсэл зорилготой хүмүүст ч тохирсон аялал зарлалаа.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Аялал эхлэх мөчид

Өглөө гэрээс гарахад л мэр сэр дусал мэдрэгдэх нь өнөөдрийн бороог сануулах мэт. Цаг агаарын урьдчилсан мэдээ харахад өнөөдөр өдөржин бороотой байсан юм. Өнгөрөгч бямба гарагийн аяллаар бас л усан бороо, балчиг болсон шавар дундуур жийсэн тул өнөөдрийн бороо байдаг л энгийн зүйл мэт санагдана. Жийн жийсээр аялал эхлэх цэг хүрэх замын талд ороход бороо жинхэнээсээ орж эхэллээ. Нэн даруй зогсож борооны хүрмээ өмсөөд цааш үргэлжлүүлэн жийсээр Жигжид дэх GS25 дэлгүүрийн гадаа очиход дөрөв таван унадаг дугуй харагдана. Энэ бол цаг агаар яаж ч байсан хамаагүй зөвхөн ажил, амьдралын зай завсар олдож л байвал жийж л байдаг хэдийн төлөөлөл аль хэдийн ирсэн гэсэн үг гэхэд алдас болохгүй. Төд удалгүй, аялал эхлэх цагтай уралдах шахам ахин гурван гишүүн ирэв. Ингээд өнөөдрийн аяллын баг "бараг" бүрдлээ. Бид өнөөдөр есүүлээ хамт жийсэн. Үүнээс нэг нь бүсгүй.

Аялал яг 10:03 цагт эхлэв. Жигжидээс Гүнтийн давааны хормойд хүрэх зам нил ус болжээ. Энэ бороо чамгүй усархаг ажээ. Тийнхүү нэлийтэл ус тогтсон замаар манайхан элдвийг хүүрнэлдэн зуузай холбон жийцгээнэ. Бас ганц нэг нь ганц бүсгүйгээ цуваанаас сугарч, алсран холдох вий гэсэн янзтай байн байн эргэж харсаар явна. Саахь бүсгүй нөхөртэйгээ хамт яваа бас нөхөр нь огт салж холдолгүй жийх тул санаа зовоох нь гайгүй. Мөн аялал эхлэхийн өмнө, GS25 дэлгүүр дотор байхдаа курткаа ус нэвтрэх эсэх талаар нөхөртэйгээ ярилцаж байхад нь анзаарсанаар энэхүү усан бороонд алзахааргүй сайн гэгчийн бэлтгэл базааж ирсэн байсан юм.

Бороотой бас өмнө зүгээс ширүүн салхитай байсан тул Гүнтийн даваа дээр зогсолгүй шууд уруудаж замын баруун гар талд хамгийн эхэнд дайралдах дэлгүүрийн гадаа татахаар тохирцгоов. Тус татах цэгт ганц бүсгүйгээ хүлээж байтал огт өөр дугуйчин жирийлгэсээр айсуу. Хурц хараатангууд хувцас хийгээд дугуйных нь өнгөөр түүнийг таньж хэлэх нь араас нэхэн ирдэг зуршилтай нэг гишүүн маань ажээ. Дээр өнөөдрийн аяллын баг "бараг" бүрдлээ гэж бичсэн нь ийм учиртай. Мөнөөх гишүүн маань ирээд л борооны тухай, бороонд норж ирсэн тухайгаа улмаар борооноос болоод гэх мэтчилэн шалтаг заан аялал өнжчихөөр дараа нь "миа" байдаг талаар ярина.

Ар гүнтийн замаар явахад үнэндээ жийх шаардлага гарсангүй. Бага зэрэг урууд өнхрөх бас араас үлээх хүчтэй салхинд туугдах гэсэн хоёр зүйлийн нөлөөгөөр тувт шааригдсаар Зүүн ацын даваа уруу салах шороон замын уулзварт хүрч очсон.

Ингээд эгц зүүн зүг рүү жийхэд өнөөх хүчтэй салхи уулын ам даган урсахдаа яг бидний өөдөөс "үлээнэ". Гүнтийн давааны оройгоос хойш уруудах замын мушгиа хэсэгт яг энэ салхийг хэсэг зуур мэдэрсэн юм. Зориуд жийхгүй байж янзыг нь үзэхэд дугуй бараг өнхрөхөө болих шахаж байсан. Энэ бол усан бороо ба хүйтэн салхи хоёр хоршсоны тэмдэг байсан юм. Шууд хэлэхэд осгуузай гэсэн анхааруулга л даа. Иймээс зам зуурт түр татах нөмөр нөөлөгтэй газар юу билээ гэдэг бодол толгойноос үл холдоно. Энэ удаагийн аяллын баг эмэгтэй гишүүнтэй ба тэр маань уулын амаар өгсөх шороон замд сугарах нь зайлшгүй юм. Иймд эрчээрээ жийсээр Зүүн ацын даваа дээр гарчихаж болохгүй. Ингээд нөмөртэй, дулаахан ер нь л налайж байдаг газар даа гэж түрүүнээс хойш бодож явсан газарт очтол салхи жавартай байна. Уулын хормойд байдаг, баруун ба баруун хойд талаараа жижиг хөтлөөр урдаасаа моддоор хаагдсан нам дор тэрхүү газар өнөөдрийн салхины онцгой чиглэлээс болоод хоргодож суухын аргагүй болжээ. Харин цааш жийж явахад тааралддаг зурвасхан ус, шаврын орчимд, уулын жижиг амны төгсгөл дэх уулын хормойд очиход зүүн зүгээс эрчлэн үлээх салхинаас хоргодох нөмөртэй байв.

Татах цэгт манайхан хоёр, гурваараа шахуу бараа бараандаа ирцгээж байлаа. Сүүлийн хоёрыг хашруудын нэг нь цоожилжээ. Нэг гишүүний хийсэн бичлэгээс харвал өнөөх маань зам зуурын ойлгомжгүй салаа замуудад тэднийг хүлээж, "одоо ийшээ" гэх мэтчилэн заан замчилж явжээ. Тэр бол аялал эхлэхэд л эргэн эргэн харж явсан саахь гишүүн л дээ. Ийнхүү хамт аялж буй багийнхныхаа төлөө гэсэн чин сэтгэл гаргадаг залуус манайд олон бий.

Цааш үргэлжлүүлэн жийхэд дугуй дор ороогдох замын байдал өнөөдөр хэр их ус чийг буусныг тодорхой илтгэж эхэллээ. Өдийд бараг усгүй хуурай болчихсон байдаг газраар горхи шожигнон урсана. Газрын хөрс ч шалбайтал дэвтжээ. Хаа нэгтээ манайхны "архиралдах" чимээ хадах нь шаварт хальтирсаны дохио болон тархана. Ийнхүү зам зуурт газарт хөл хүргэх явдал цөөн хэд гарсан ч яг Зүүн ацын давааны өгсүүрт цувааны толгойд явсан хэд тасралтгүй, сааталгүй жийсээр гарч чадлаа. Шинэхэн гишүүн байх үест энэ өгсүүрээр жийгээд гарахад "Ёстой янзын өгсүүр өөд жийгээд гарчихлаа" гэж сэтгэл их ханамжтай байдгийг нуух юун. Гэтэл ийшээ бороотойд, шалба дэвтэж норсон байхад нь жийгээд гарцгаачих юм даа, бид. Энэ бол олон олон аяллаар, хэдэн мянган км замаар дадлагажиж түүнчлэн энэ хэрээр унадаг дугуйгаа өөрийн биеийн нэг хэсэг мэт болгосны л үр ач биз ээ.

Зураг 2. Зүүн ацын даваа дээр, ид бороонд, моддын дор цайлах мөчид

Өнөөдрийн аяллаар зорьсон цэг Зүүн ацын даваа дээр гараад бид төдийлөн удсангүй. Удах нөхцөл ч үнэндээ байсангүй. Ийнхүү 11:30 орчимд даваанаас бууж, Дугуйчдын давааг тэр эрчээрээ нэг алхахын төдийд даваад улмаар Санзайн засмал хүртэлх шавар, шалбаагтай замыг ёстой цагаандаа гарна гэгчээр ус шавхай үсчүүлсээр дуусгав. Жигжид хүртэлх засмал замын ус ч саяынхаас дээрдэх юм үгүй байв.

Зураг 3. Хэрээ хэрээнийхээ харыг гайхсан нь буюу шавартай нэгнийхээ зургийг нөгөөх нь дарж байхуу дор

Жигжид дээр багийн гишүүдийн түрүүч нь хүрч очиход дөнгөж 13 цаг өнгөрч байв. Усан бороо хөөгдөж, хүйтэн салхинд туугдсаны дээр өнөөдрийн аяллын маршрут тун богино байсан нь аялал ийнхүү эрт өндөрлөх нөхцөл болсон. Нэлээн хэд хоногийн өмнө товлосон жархан км урт маршруттай энэ аялал өнөөдрийн цаг агаартай ингэж нийцэхийг тэр үед яахан таах билээ. Үнэхээр өнөөдрийн аялал үүнээс урт маршрутаар явагдсан бол гишүүд бээрч бүр цаашилбал осгох байсныг үгүйсгэх аргагүй. Ийнхүү цаг агаарын үзэгдэлтэй шууд нийцсэн маршрут байсан нь аяллыг "Б төлөвлөгөө" рүү шилжүүлэх шаардлагагүй болгож харин цаг агаар нь цоо шинээр нэгдэж аялах гэсэн хүмүүс болон хэдэн аялал алгассаны дараа одоо л нэг жийе дээ гэж байсан гишүүдийг хойш суулгах нөхцөл болсон онцлогтой аялал болж өндөрлөлөө.

Ийнхүү өнөөдрийн усан бороо, хүйтэн салхи бүхий бас нэг экстрем аялалд нэг нэгдээ хань болон хамт жийсэн гишүүн нэгт бүрт хамт жийсэн гишүүн нэг бүрийн өмнөөс талархал илэрхийлье. Аялал бүрийг алгасалгүй, хамтдаа Зүгээр л жийцгээе!

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
О.Отгонбаяр Б.Сүхбат Г.Ёндонжамц Т.Ган-Очир П.Батмөнх Б.Бадрах Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал
О.Отгонбаяр
  • 1037 км дутуу
  • 222 км
  • 4
  • 0
  • 0
  • 0
  • 0
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Зүгээр л жий!