Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #149 - Түнхэл буюу Шөнийн Аялал

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/301
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
117 км
Давааны тоо
3
Өндөр авалт
1312 м
Өндөр алдалт
-1006 м
Их өгсөлт
13 %
Их уруудалт
-14.9 %
Оролцогчдын тоо
14
Эхлэх цаг
2023 оны 9 сарын 8 Баасан гараг, 23:30 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
УБ хотын Төмөр замын буудал
Цуглах цэгийн солбицол
47.9085, 106.884611
47°54'30.6"N, 106°53'4.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

9 сарын 8, Баасан гариг
Аялалд бүртүүлсэн гишүүд унадаг дугуйгаа тээшний вагонд урьдчилан өгөөд УБТЗ-ын төв вокзалаас 20:30 цагт хөдлөх Улаанбаатар- Сүхбаатар чиглэлийн 263 дугаар галт тэргэнд сууна. Галт тэрэгний нэг талын тасалбарыг урьдчилж захиалбал зохино. Тасалбарын үнэ нийтийн вагоны хувьд Улаанбаатар өртөөнөөс Түнхэл зөрлөг хүртэл 8000 төгрөг байна. Түнхэл зөрлөг хүрч 23.00 цагт галт тэрэгнээс бууна. Аяллын өмнөх бэлтгэл (техникийн бүрэн бүтэн байдал, хамгаалалтын хэрэгсэл, урд хойд гэрэл, нөөц гэрэл зай, замд идэх хүнс хоол гэх мэт)-ээ базаана.

9 сарын 9, Бямба гариг
Түнхэл суурингаас 00.00 цагт товлосон чиглэлийн дагуу аялал эхлэнэ.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Шөнийн аялал. Манай аяллын бас нэг онцгой төрөл. Гэхдээ "биеэ даадаггүй" бөгөөд Өдрийн аяллын төрөлд багтдаг. Урьд нь гурван удаа зохиогдож байсныг түүх "мэднэ".

Зураг 1. Бид бол бид
Жирийн аяллын эхлэл, төмөр замын буудал, тээшний вагон, аялалд оролцогч болон үдэн гаргагч андуудын хөөрөлдөөн, дурсгалын зураг, проводник, тасалбар....гээд л.
Зураг 2. Ийм зураг ч ховор шүү
Галт тэрэгний тасалгаа, аяллын тухай хөгжилтэй дурсамж хөвөрсөөр Түнх зөрлөг (Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон) дээр 23.00 цагт буулаа.

Амрагчид хотоос их ирж олны хөл бужигнана. Чийгтэй цэвэр агаарт бяцхан чихүүцсэн ч аяллын өмнөх бэлтгэлээ ханган бүгд дор бүрнээ завгүй байцгаана. Түнхэлд өчигдөр шөнөжин бороо орсон гэнэ. Газар чийгтэй, тосгоны харанхуй гудамжны зам шавар шавхаагаар дүүрчээ. Гэрэл гэгээгээ асаан шалчиг балчиг замтай гудамж дундуур нохой хуцуулан жийсээр төв зам дээр гарч багаа цуглуулав. Нийт 14 (3 бүсгүй) гишүүн.

Нутгийн сониуч иргэд хаанаас ирсэн гэж байна, хотоос гэлээ. Хаашаа явж байгаа юм гэж нэмж асуухад нь хот руу манай нэг бүсгүй хариулав. Хот гэж шааж байна гэж хоорондоо ярилцсаар холдсон гэнэ билээ.

Аяллын чиглэл төлөвлөж байхдаа, энэ жил ус ихтэй байсан болохоор В төлөвлөгөөг дотроо боловсруулсан юм. Төв замын хонхор хотгор усаар дүүрч, зарим газар замаар ус хоржигнон урсана. Усны өнгө тунгалаг харагдах нь их үер болоогүйг илтгэнэ. Чиглүүлэгч гишүүнтэйгээ ярилцан тосгоноос 5 км орчим яваад Балжийн голын хөндий өгсөх төв замаа дагахаар шийдэв.

Зураг 3. Аяллын замын В төлөвлөгөө
Энэ замаар манай багийн нэг гишүүн урьд нь автомашинтай явж байсан тул бүр ч найдвартай боллоо. Ийнхүү аялал В төлөвлөгөөнд шилжлээ. Энэ чиглэл нь төлөвлөсөн А чиглэлээс 8 км тойруу юм.

Сайжруулсан нэртэй өргөн замыг захлан гэрэл чийдэнгээ асаан манай баг урагшилж байлаа. Товолсон газраа ирж Балж голын хөндий өгсөн тун дажгүй уулын бэл дагасан замаар жийв. Бага шиг голыг автомашины гарамаар гарлаа. Гол ус багатай байв. Энэ гол нь Балж голын баруун цутгал Гацуур гол байв. Цааш хөндий өгсөн зүүн салаагаар нь салж жийсээр Балж голыг жижиг гүүрээр гарч алсын өгсүүрт урагшилсаар. Айл их бололтой, хаа сайгүй ноход шөнийн чимээ аван хуцалдана. Шинийн 25-ны хавирган сар мэлтийж, тэнгэр цэлмэг дулаан шөнө боллоо. Чиглүүлэгч гишүүнээ, замаа мэддэг гишүүнтэй хамт урдаа явуулж дараа нь даваа дээр татаарай гэж захьсан тул тааваараа өгссөөр. Тэдний улаан гэрэл тээр урд гялалзан замчилж, нэлээд өндөрт харагдаж байв. Хэсэг мод гарч ирээд давааны огцом өгсүүр эхэллээ.

Зураг 4. Манай баг. Хамар даваа
Махийтал жийж, зарим хэсэгт түрсээр Хамар даваа дээр гарлаа.

Дунд зэргийн овоо харагдана, тойрлоо. Энэ замаар явж буй автомашинтай хүмүүс манайхантай ярилцсаар өнгөрч байв. Даваа дээр Батсүмбэр 24 км, УБ 111 км гэсэн мэдээлэх самбар, амарч суух бяцхан саравч байрлуулжээ. Даваан дээр түр амраад уруудан Хавчиргангын дээд амаар хөндлөн гарч Банзан даваа өгслөө. Өгсүүр бараг үгүй тэгш шахуу ёстой л "банзан" дээгүүр жийсээр давлаа. Эхлээд итгэсэнгүй. Зүүн гар талын замаа дагаж уулын бэл ороосон хээрийн замаар түнэр харанхуйг гэрлээрээ яран мөн ч хол замд уруудлаа. Баруун гар талд нэг голын хоржигноон сонсогдоно. Мэхээрт гол гэнэ.

Замд хааяа шавар гулгаа гэнэт орж ирнэ, ганц нэгээрээ шарваж, гулгаж уналгүй яах вэ. Голоо гарахгүй дагаж уруудсаар Батсүмбэр сумын төвийн хойд талын суурин хүрээд гол гарлаа. Энэ голын нэр Хужир. Мэхээрийн гол, Хунцалын гол нийлж энэ богино голыг үүсгэдэг.

Гүн нойрондоо умбах Батсүмбэр сууринд эхний гишүүд 4 цагт орж ирэв. Арын гишүүдээ хүлээж, багаа бүртгэж байтал нэг бүсгүй гишүүнээ "алдсан" байв.

Зураг 5. Аяллын замд, вагон дотор тэмдгээ авлаа
Уламжлал ёсоор хоёр залуу өөдөөс нь явлаа. Бид энд хоёр цаг орчим хүлээв. Үүр цайж, гэгээ оров. Гишүүдийн нойр хүрч, бие чихүүцэнэ. Шөнийн аяллын нэг онцлог нь гадаа хэт удаан зогсох нь бие нозооруулж нойр хүргэх, чихүүцэж даарах сөрөг талтай байдаг. Ороод хорогдох дулаан орон байр яахан тийм амар олдох (энэ талаар урьдчилан төлөвлөөгүй байсан) билээ. Манай нэг гишүүн бидний аяллыг тандан санаа чилээж, айл таньдаг хүн рүү утасдаж дэлгүүр онгойлгох уу гэж утсаар асуулаа. Бусдад түвэг удах нь группийн уламжлалд нийцдэггүй тул, баярлалаа энэ удаа бид өөрсдөө болгочихно гэж хариулав.

Анхны аялалдаа оролцсон нэг бүсгүй маань эндээс аяллаа дуусган, вагонд суухаар найз залуутайгаа вокзал руу явлаа. Аяллын адармаатай замд амжилттай аяласан дүүдээ сайн сайхныг хүсье.

Нэг бүсгүйгээ аван би түрүүлээд хөдөллөө. Хөрсөн бие ахин ачаалахдаа үе мөч хатгах мэт өвдүүлэн хэсэг явсанаа гайгүй болов. Бид хоёр бага хурдаар зогсолтгүй урагшлан явсаар Бургалтай өнгөрөн, Батсүмбэр сумын хаалга хүрэх хамгийн уужим өгсүүрт махийж байтал араас залуус шуугин орж ирээд хамтд нь хамаад өгсүүрт гаргачихав. Замдаа таарсан онгорхой эхний дэлгүүрт шууд татаарай гэж хэлээд залуусыг урагшаа явууллаа. Төөрсөн бүсгүйгээ олоод аваад ирсэн, араас ирж буй гэсэн мэдээ авав.

Наран уулын цаанаас мандан дулаахан нартай өдөр болох бололтой. Ногоонтолгой суурин унтаж байв, Жаргалант суурин арай л босоогүй байв. Өөдөөс нэг гишүүн ирж байлаа, арын гишүүний дугуй хагарч тусламж хэрэгтэй байна гэж зөрөхдөө хэлээд саохи татуулан одлоо. Аяллын замын ийм нөхөрлөл, тусламжийн ачаар бидний аялал бүтсэн нь даанч олон. Рашаант суурин хүрэхэд товлосон дэлгүүрийн гадаа толгойн хэсэг хүлээж байв. Энд бид өглөөний цайгаа уулаа.

Зураг 6. Ийм явдал хааяа тохиолддог
Ард үлдсэн гишүүний дугуйны покрышка бөөрөө зад буудсан байв. Залуус маань нөхөж янзлаад ирлээ.

Хотын зүг жолоо хумхилгүй жийсээр 361 сууринг нэвт сүвлээд, Баруунтурууны даваа даваж уруудан орж ирэхүйд бүгчим халуун, автомашины уламжлалт гацаа түгжрэл, бухимдсан олны хараал ерөөл буцалсан орчин угтлаа. Цаг 12 өнгөрч байв. Дугуйн дээр бэхэлсэн GPS-ийн заалт 128,8 км байлаа. Ийнхүү энэ удаагийн шөнийн аялал амжилттай болж, манай залуусын хамтач тусархаг харилцааны илрэл болон бидний түүхэнд бичигдлээ. Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Чамингэрэл Г.Ёндонжамц Ч.Гомбосүрэн Э.Дөлгөөн Б.Элбэгзаяа Б.Сүхбат Э.Ууганбаяр Т.Ган-Очир Ш.Мөнгөнсүх Б.Баттөмөр Б.Жавхлантөгс Г.Махгал Д.Цолмон Э.Ожго
Б.Чамингэрэл
  • 1213 км дутуу
  • 46 км
  • 1
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Ёндонжамц
  • 5575 км
  • 48
  • 5
  • 1
  • 1
  • 0
Ч.Гомбосүрэн
  • 1489 км
  • 19
  • 0
  • 0
  • 0
  • 0
Э.Дөлгөөн
  • 1916 км
  • 21
  • 0
  • 0
  • 0
  • 1
Б.Элбэгзаяа
  • 3776 км
  • 33
  • 0
  • 0
  • 2
  • 1
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Э.Ууганбаяр
  • 6352 км
  • 38
  • 9
  • 2
  • 1
  • 1
Т.Ган-Очир
  • 6865 км
  • 71
  • 6
  • 0
  • 2
  • 2
Ш.Мөнгөнсүх
  • 7584 км
  • 72
  • 8
  • 2
  • 1
  • 3
Б.Баттөмөр
  • 9457 км
  • 97
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10366 км
  • 99
  • 10
  • 1
  • 2
  • 3
Г.Махгал
  • 11142 км
  • 111
  • 7
  • 1
  • 2
  • 4
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3
Зүгээр л жий!