Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #34 - Босгын гүүрийн намар

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/300
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
151 км
Давааны тоо
6
Өндөр авалт
1902 м
Өндөр алдалт
-1898 м
Их өгсөлт
20.2 %
Их уруудалт
-20.7 %
Оролцогчдын тоо
7
Эхлэх цаг
2023 оны 9 сарын 16 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Гацуурт, Монгол шилтгээн
Цуглах цэгийн солбицол
47.924917, 107.140944
47°55'29.7"N, 107°8'27.4"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

УТА Д.Цолмонгийн бичсэн аяллын тэмдэглэл

Энэ зун ажил амьдралын завгүй байдлаас болоод Улаанбаатар уулын дугуйн аяллын группийн найзуудтайгаа төдийлөн олон аялаж амжилгүй намрын ажилтайгаа золгосон билээ. Гэвч хүн өөрөө л зохицуулж амралтын өдрөө амралтын өдөр шиг байлгаж чадвал болохгүй зүйл үгүй тул өнгөрсөн бямба гаригт группээс зарлагдсан “Босгын гүүрний намар” гэдэг яруу найраг шиг сайхан нэртэй хоногийн аялалдаа догдлон догдлон мордсон билээ.

Зураг 1. Өглөөний наранд зүүрмэглэх морьд минь

Аяллын маршрут: Монгол шилтгээн-Их хуандай ам өгсөж эхээр 2 даваа даваад-Тэрэлж-Босгын гүүр бөгөөд энэ хүрч нэг хоноод очсон маршрутаараа эргээд ирэхээр зурагдсан байлаа. Өмнө нь хоёронтоо энэ гүүрлүү жийж, тэнд намар намартаа байгалийн үзэсгэлэн ямархуу байдгийг төсөөлдөг болохоор баярлахгүй байхын аргагүй. Миний аялал, ерөнхий админы хамт автомашинаар Тэрэлж суурин хүрээд тэндээс эхлэсэн юм. Харин хоногийн аялалд явж амжихгүй гишүүдэд энэ чиглэлээр өдрийн аялал давхар зарлагдаж, Босгын гүүр хүрээд Замтын даваагаар давж Цонжин болдог хүрч, Налайх дүүрэгийн замаар УБ хотруу жийхээр зурагдсан юм.

Зураг 2. Тэрэлжээс аяллаа эхлүүлсэн ерөнхий админ бид хоёр

Тэрэлж суурингаас админы хамт өглөөний 10:30 цагт аяллаа эхлүүллээ. Энэ аяллыг зарлагдсанаас хойших 7 хоногт цаг агаар биднийг багагүй сонжсон. УБ хотын зүүн хэсэг, зүүн аймгуудаар үргэлжилсэн бороо, нойтон цас орно л гэнэ, салхи шуургатай байна л гэнэ. Энэ мэдээг батлах мэт мягмар гариг хүртэл нарлаг байсан тэнгэр бүүдийж зарим өдөр бороо орох нь жоохон тиймхэн. Гэвч муу цаг агаар гэж үгүй, хувцасаа тохируулаагүй муу аялагч л гэж бий гэдэг ёсоор аяллаасаа хойш суутал хямралгүй битүүхэндээ бэлтгэлээ базааж өнгөрсөн хавар 4 сард Гүнжийн сүмийн орчим арай л осгохоос наагуур хоносоноо санан зузаан нимгэн хоёр мишок бэлдсэнээ авсан болохоор сэтгэл тайван жийж эхлэсэн билээ. Тэрэлж суурингийн хүмүүсийн таван салаа гэдэг голын салаан дээр ирээд би мэл гайхсан. Анх удаа энэ салаанууд тийм их устай, төмөр гүүрэнд ус бараг хүрэн алдан догшин урсахыг хараад тэр юм. Явган хүний жижиг гүүрүүд бүгд нурж, нурсан хэсгүүд далан шиг овоорч, усан дотроос балгас адил ёрдойн таагүй харагдана. Зарим жижиг салааны явган гүүр хэлтийж, тун тэнцвэргүй болсон нь монголчууд бидний юмыг аюулгүй талаас нь боддоггүй, тухайн үеэ аргацаан өнгөрөөдгийг илтгэнэ.

Зураг 3. Усаар гарахын өмнө админ бүх гарцаар эхэлж өөрөө гарч үзэж шалгасан

Хүйтэн усанд дасан зохицох чадвар 0 миний бие бараг ус хараад л даарч айж эхэлсэн. Админ харин хэзээний тайван туршлагатай зангаараа дугуйгаа үлдээн бүх салаагаар эхэлж ганцаараа гарч үзэж шалгаад өөрийн ачаатай дугуй болон намайг гаргаад басхүү араас ирэх дугуйчиддаа “нэг нэгээрээ гараарай, тэнцвэрээ маш сайн олж байж, усны урсгал харалгүй алхаарай, гайгүй салаагаар эвдэрсэн гүүрийг ашиглах бус гарамтай хэсгээр туулж гарах юм шүү” гэж надаар дамжуулан гишүүдийн чатад мэдээлнэ. Ийнхүү админд багагүй төвөг удаж түүнийг хүйтэн усанд нааш цааш нэлээд олон явуулж байж бид хоёр таван салааны цаана гарлаа. Байнга хойшоо өдрийн аяллынхан түрүүлээд ирнэ дээ, бид хоёрын хажуугаар өнгөрөх байх, хоногийнхныгоо ирэхээс өмнө Босгын гүүр хүрээд тухтай отоглох газраа олоод халуун цайтай угтах юмсан. Бид хоёрын дунд ийм яриа өрнөн байн байн эргэж харан жийсээр. Суварга хүрэх алдад үүлний завсараар нар ээж салхи тогтон байгал дэлхийн намрын хайр над дээр асгарах мэт сэтгэлд үнэхээр сайхан байлаа. Залхуураад даарна гэж айгаад аялалдаа гараагүй бол ийм сайхныг мэдрэхгүй өнгөрөх байжээ гэж бодож хувцасаа багахан нимгэлээд цааш хөдлөхөд бидний хүрэх Босгын гүүрний орчим алсад сүүмэлзэх нь Гүнжийн сүмээс хамаагүй наана гэдгийг илтгэнэ. Жийсээр Баруун Баянгийн гол дээр тулаад ирэхүйд Тэрэлжийн гол тийм их үертэй байсан тул мэдээж энэ голын усыг их байгаа гэж баримжаалж байснаар бүүр нэлээн их өргөн ус ихтэй шуугин байлаа. Өнөөх л айдас. Яаж туулнаа гэх зуур голын эсрэг талаас адуугаа туусан хөтөлгөө морьтой адуучин ирж байлаа. Ажиглан хүлээвээс адуугаа услах биш шууд гатлаад явах нь тодорхой болонгуут голын эрэг дээр тосож очоод админ энэ эгчийгээ гол гаргаж туслаач гэв. Адуучин залуу “за” гэнгүүтээ мориноосоо буун эмээлээ аваад хөтөлж яваа морио эмээллэж та энийг уна, одоо миний унаж яваа бор морь омголон бусгамтгай гээд намайг мордуулав. Эгэл даруу, үнэнч монгол эр хүний чанарыг бахархан бахархан голын цаана хийморлог хүлгийн нуруун дээр хув хуурай гарлаа. Адуучин эргээд гол гатлан идээшлэн одсон адууруугаа давхисан.

Зураг 4. Навчсаар гоёж нүд хуурчихаад, нараа дэвсэж сэтгэл зөөлөлчихөөд надаас нэгийг сэмхэн авчих шиг намар заримдаа нэг л хайрлам. . .

Ингээд бид хоёр өдрийн аяллынхан болоод хоногийнхныгоо харуулдан гэхдээ зогсолтгүй жийсээр 13:30-д Босгын гүүр дээр ирлээ. Саяхандаа энүүгээр аяласан гишүүний яриагаар гүүр гараад аятай отоглож болохоор газар бий гэсэн гээд хоёул гүүрээр гарахуйд загасчидын машин олноороо голын зүүн эргээр зогсож хүүхдүүд тоглож хүмүүс цөөнгүй байлаа. Байгалийн байдал үзэсгэлэнтэй ч нэлээд салхитай задгайдуу байсан тул эргээд гүүрнийхээ баруун хойно хөөрхөн дэнж дээр отгоо байгууллаа.

Зураг 5. Өдрийн аяллын багтай хамт

Тус тусын майхнаа барьж шинээр авсан аяллын хэрэгсэллээ гарган ярилцаж туршин цай чанаж хоол хийж байхад өдрийн аяллын залуус маань ороод ирлээ. Олуулаа хөөр баяраар гэрэлтэвч зарим нь нэлээдгүй цуцаж, Тэрэлжийн их уснаа зарим нь газардан норж гэхдээ эрч хүчтэй байгаа нь мэдэгдэж бөөн хөгжил хөөр болж аваад байгаа хүнсээ хуваан идээд Улаан тэмдэгийн болзол хангасан вэб админд тэмдэгийг нь гардуулж дурсгалын зураг татуулаад УБ хот орох тул яаравчлан 15:45-д хөдөллөө. Отог маань нэг сүрхий бужигнаад нам гүм болов.

Зураг 6. Аялагчийн Улаан тэмдгийн болзол хангасан вэб админ Г.Махгал

Дахиад л алсыг ширтэн хоногийн аяллын хэдийгээ хүлээж эхэллээ. Эхлээд хамтдаа харж бүртэлзэх бараа бүхнийг тэр мөн үү биш үү гэж байснаа сүүлдээ ээлжилж харсаар 17 цаг 30 минутын алдад багаа чиглүүлж яваа Жавхлантөгс дугуйчин орж ирснээр отог маань дахин амилан бужигналаа. Гадаа сэрүүвтэр бороо бударч байсан тул яаравчлан майхнаа бариад 7 майхан эгнэсэн дэнж дээр хоногийн аяллын оргил нандин хэсэг дугуйчин бүр хувийн жижиг хийн тулганд хоолоо хийж, түүдгээ асаан ярилцан суух үдшийн цаг эхэллээ. Байгалийн өгөгдөлд уусан аяллын ярианд умбан ингэж л суух гэж хоногийн аялалд зүтгэдэг гэмээр.

Зураг 7. Аяллын отог амтат яриа

Босгын гүүрний намар нэрт дурсгалын зургаа хүн бүр дундуур нь амжуулан өөр өөрийн мэлмийд харагдсан байгалийн үзэсгэлэнг буулгахаа мартахгүй. Бас өдрийн аяллынханыхаа тухай баримжаалан ярьж тэнд яваа байх, тэр маань гайгүй байгаа тэдэн цаг гэхэд тэнд хүрчих байх гэх мэтээр ярилцана. Хөгжил хөөртэй яриагаар нэгнийгээ цаашлуулахаа ч мартахгүй. Туулаад өнгөрсөн, ирээдүйд туулах аяллын амтат яриа хөвөрсөөр хэдийнээ 23 цаг дөхжээ. Дундуур нь хоёронтоо бороо шивэрч майхан майханруугаа шургасан ч намдангуут эргээд л түүдгээ тойрно. Сэтгэл дүүрч, бахархал аз жаргалаар бялхсан хоногийн аяллын шөнө. Орчмын айлуудын хэсэг ноход бидэнтэй нөхөрлөсөн нь эхлээд унтахад жоохон төвөгтэй хөв хөв хийж байсан ч төдөлгүй давсанд явсан би л лав илүү дутуу чимээг огт мэдрэхгүй нэг мэдэхэд өглөөтэй золгосон. Шөнө даарах болов уу гэж 2 мишок давхарласанаас болж нэлээдгүй бүгчимдсэн ч хаалгаа нээж сэрүүцэх зориг хаана байх билээ. Тэр чигтээ бүгчимдсээр өглөөтэй золгосондоо.

Зураг 8. Босгын гүүрний намар-1

Өглөөний дүр зураг. Бүгд босно. Нэг дороо өөрсдийн гал тогоогоо угсран хоолоо хийнэ. Биенээ дайлна. Дахиад л зөндөө халуун дотно яриа, инээд хөөр. Ингээд бид ачаагаа хураан баглаж ачаад 10:00д буцах боллоо.

Зураг 9. Отог бужигнаж байна

Байгалд аялаж яваа аялагч байгалийг хэр сайн уншина төдийчинээ аюулгүй аялах нь хууль билээ. За маршрут ёсоор ирсэн замаараа хэд хэдэн өргөн гол гатлан явах уу, өдрийнхий явсан Замтын даваагаа даван Цонжин болдогоор хотруу жийх үү гэдэг сонголтонд туллаа. Админ, би нүдэн баримжаагаар өчигдөр орой усны түвшинд хэмжээ тавьсан нэмэгдсэн байна гэхүйд өглөө эрт загас жараахай хөөцөлдөөд ирсэн манай хоёр залуу ч өчигдрийнхөөс ус нэмэгдсэн байна гэж баталсан тул аюулгүй байдлаа бодоод тойруу ч гэлээ давааны замаа сонгосон билээ. Аяллын замд хэн нэгэнд тохиолдох саад бэрхшээл бол ганц тэр хувь хүнийх бус аяллын багийн саад болж хувирдаг тул хэн ч зөв шийдвэрээс татгалзахгүй байх нь аялал амжилттай болохын гол тулгуур юм.

Зураг 10. Манай баг. Босгын гүүр

Ингээд өмнө нь 2018, 2019 онд болж байсан “Чингис хаан 88” буюу 125 км туулах унадаг дугуй фестивалийн оргил даваа байсан 12 км өгсөж давдаг Замтын даваагаараа дахин давахаар бид долоон дугуйчин жийж эхэллээ. Жийхдээ жийж түрэхдээ түрсээр 12 цагт бүтэн багаараа Замтын давааны оройд гарав. Миний хувьд өмнө нь 2 удаа давахдаа багагүй зайд түрж даваан дээр гарч байсан бол энэ удаа ачаатай дугуйгаа жийсээр нэг ч буулгүй давааны оройд гарсандаа үнэхээр өөрөө өөртөө баярлаж энэ хэдэн жил дугуйн групп маань надад ямартаа ч энэ удаа энэ өөд жийгээд гарах хүчийг бэлэглэжээ гэж талархан талархан давааны уруу аз жаргал дүүрэн уруудсандаа. Эндээс уруудаад 30 км 3 том хөндийг туулан Цонжин хүрнэ гэж мэдсээр байж эхний хөндийг бараад гүвээ давж байхдаа цаана нь их хааны морьт хөшөө харагдах юм шиг л догдолно, дараагийн хөндийг туулаад бас л тэгж догдолно хашрахгүй ёстой.

Зураг 11. Замтын давааны өгсүүрт

Замд хүйтэн бороо тасралтгүй шаагиж бид долуулаа усан хүн дугуйчид л Цонжин болдогийн наад гүвээн дээр гарахад ашгүй бороо зогсов. Одоо надад нэг бэрхшээл тулгарсан нь гэдэс өлсөх хэ хэ. Яагаад ч тэвчдэггүй зүйлийн маань нэг дугуй жийж явахад өлсөх. Баг бөөгнөрөх агшинд “Би яг өлсөж үхлээ” гээд хашгирч амжлаа. Одоо гүрийгээд засмал зам орж дэлгүүрээс ус авч хоолоо хийж идэцгээе гээд хөдлөхөд нь 5 хүрэхгүй км зам надад ертөнцийн хязгаар шиг л санагдахыг нь яана. Их хааны хөшөөний дэргэд ирэхэд жуулчид олон ч хоолны гэр ганц. Дүүрэн очер. Үүнийг бодлогоор зохицуулж хэдийгээр жуулчны улирал харьж байгаа ч хэдэн гэр зэрэг зэрэг хуушуур хоолоо хийж байвал энэ хүртэл ирсэн жуулчдад хэрэгтэй л байхдаа гэж бодоод бид хотруу эргэх замд хамгийн эхэнд байх гаднаа том сайхан довжоотой шар гадартай дэлгүүрийн гадаа тухаллаа. Тойрон сууж дор бүрнээ хоолоо хийх хооронд би өөрт байсан бэлэн хүнсээ нэг вафль печеньтэй цааш харуулж хүн танихтайгаа болж аваад хоол болонгуут дахин нэг аягыг хоослоод одоо л ёстой бяр чадалтай дугуйчны төрхөндөө эргэж ирсэндээ.

Зураг 12. Амь аварсан шар дэлгүүр минь

Дэлгүүрийн залууд баярлаж талархсанаа илэрхийлээд тэндээс өчигдөр шөнө энүүгээр өнгөрсөн өдрийн багийнхныхаа тухай сураг сонсож аваад 15:40-д бид УБ хотруугаа хөдөллөө. Салхи өөдөөс тул 2 эгнээ болж салхиа авч бөөндөө явмаар байвч нарийн зам биднийг автомашинтай зэргэцэн яахан тэгж явахыг зөвшөөрөх билээ. Энд нэг зүйлийг заавал бичмээр. Машин унахаараа тэгтлээ яардаг юмуу, эсвэл хамгийн удаан явдаг унаа гэж машинаа боддог юм уу. Араас ирэх машины жолооч нарийхан замд цуварч яваа дугуйчидтай зэргэцэн ирээд өөдөөс ирэх машинд шахагдан хоёр талруугаа сандрахыг харахаар үнэхээр гайхмаар. 5 хүрэхгүй секунд бидний ард хурдаа хасан хүлээхэд л өөдөөс ирж буй хэдэн машин өнгөрөөд зам ч чөлөөлөгдөж өөртөө ч бидэнд ч аюулгүй өнгөрч чадах атал юунд тэгж үхэн хатан зүтгэдэгийг юу гэж ойлгомоор юм мэдэхгүй. Бид тайван жийсээр. Салхи биднийг эсэргүүцээд байна уу илбээд байна тувт л чихэн дээр нүүрлүү бүжиглэнэ. Биеэ чагнавал тэгтлээ их ядарсангүй байгаад баярлаж л байлаа дотроо.

Нэг эгнээгээр цувран боломжоороо салхиа аван аюулгүй байдлаа ханган жийсээр эхлээд Городок суурин, дараа нь Налайхын арын замыг дуусган Оргил дэлгүүрийн гадаа татахад хотдоо бараг л ирсэн мэт мэдрэмж ёстой гоё. Эндээс админ баг бөөндөө явах шаардлагагүй аяллаа эндээс өндөрлье. Өөр өөрийн аюулгүй байдлаа ханган болгоомжтой харьцгаа гэсэн команд өгсөн тул хэсэг амсхийж аваад жийцгээсэндээ. 19:10т Улиастай гүүрний урдах CU-д кофе ууж цэнэглэгдээд цааш харанхуйд жийсээр харьж энэ удаагийн “Босгын гүүрний намар” шүлэг шиг яруу нэртэй намар шиг олон өнгөтэй нэгэн дурсгалт аялал өндөрлөлөө. Одоо өөрийн авсан зургаа хуваалцана, бусдынхаа дарсан өөр өөр мэдрэмжийг харж баясана, хүн бүрийн сэтгэлд үлдсэн аяллын мэдрэмжийг сонсоно, ирэх 7 хоногийн ажилдаа урам зориг дүүрэн орно. Энэ бол УБ-уулын дугуйн аяллын группийн ээлжит нэгэн хоногийн аялал байлаа.

Зураг 13. Босгын гүүрний намар 2

УШТГ Б.Жавхлантөгсийн бичсэн аяллын тэмдэглэл

Өмнөх орой аяллын ачаа сэлтээ бэлдээд жин тан болгоод орхисон тул өглөө сэрээд хийх ч юм олдсонгүй. Дэмий л утсаа ухаад сууж байтал админ залгаж байна. Цолмон эгчтэй хамт машинаар тэрэлж ороод тэндээсээ түрүүлээд босгын гүүр лүү явж байя гэсэн мэдээ дуулгаад. Өглөө 9 цагт багийнхнаа аваад айхтар норгож зутраачхалгүй тайван яваад ирээрэй гэсэн үүрэг өглөө. Нэгэнт хийх ажилгүй тул эртхэн цуглах цэг дээрээ очоод хүлээж байя гэж шийдээд 7 цагт гараад монгол шилтгээн рүү жийлээ. Гадаа үүлтэй бүүдгэр манан буусан намрын сайхан өглөө болж байв. Замд явж байхад бага зэрэг шиврээ бороо орж эхэллээ. 8 цагт монгол шилтгээн дээр очив.

Зураг 14. Хоногийн аяллын баг, Монгол шилтгээн

Манайхан ч цуварч ирсээр 9 цаг гэхэд өнөөдрийн аяллын бүрэлдэхүүн болох 6 хүн цуглав. Манай багийн бүрэлдэхүүн хоногийн аялалд явах гишүүдээс УТГ Золоо эгч, УШТГ Баттөмөр ах, УШТГ Мөнхбат, НТГ Лазина нар болон өдрийн аялалд бүртгүүлсэн ч унтаж хоцорсон ХТГ Ёндонжамц нар. Уг нь хоногийн аялалд 15 хүн бүртгүүлсэн байсан юмсан, дахиад хүн нэмэгдэх юм бол вуу гэж бодоод 09:05 хүртэл хүлээгээд хөдлөв. Замаараа гачууртын эцсийн дэлгүүр орж бага сага хүнсний зүйлсээ аваад цааш явцгаалаа. Хэсэг явж байгаад өдрийн аяллаас хоцорсон Ёндонжамц маань цааш явах замаа сайтар заалгаж аваад өдрийн аяллынхныг гүйцэхээр биднээс салан түрүүлээд явлаа.

Хуандийн амны шинэ засмал дуусаад нялцганасан шавар руу орж явчхав. Хуурай үед шуу бадайртай дэрчгэнүүлдэг зам маань өнөөдөр биднийг өөр өнгө төрхөөрөө сорих нь байна. Багаа чиглүүлж яваа хүний үүрэг бол буруу замаар явж маршрутаасаа хазайж төөрүүлэхгүй байх, зэрэгцээ 2 замын аль цагааныг сонгон явах, бартаа саадыг аль болох тойрч багийнхныхаа хүчийг дэмий үрэхгүй байх гэх мэт байдаг гэж ойлгодог. Нялцганаж, халтиран, хий эргүүлэн зүтгэсээр Хуандийн амны төгсгөл, Хоёр даваа өгсөхийн өмнө голоос ус авч энэ хүртэл дугуйнд наалдаж хүндрүүлж байсан шавраа угааж цэвэрлэж аваад даваа руу махийцгаав. Ачаатай дугуйтай ч өөр өөрийн темпээр жийх нь жийгээд түрэх нь түрсээр, нэгэндээ тусалсаар эхний даваан дээрээ 12:30-д гараад ирлээ. Энэ даваа өнөөдрийн давах хамгийн өндөр даваа байсан тул санаа амарлаа. Цаашаа нэг их өндрөө алдахгүй уруудаад Шилжрээгийн даваа даваад л Тэрэлж орчихно. Даваан дээр бага шиг цайлаад цааш хөдлөв.

Зураг 15. Отогын үдэш

Бид шунгинатал жийсээр 14 цагт Тэрэлж сууринд ирлээ. Эндээс цайны газраас хоол аваад идчихье гэж ярилцсан боловч онгорхой юм олдсонгүй тул Тэрэлжийн голоо гараад өдрийн хоолоо хийж идэхээр шийдэцгээв. Эхний явган төмөр гүүр дээр очиход Тэрэлжийн гол маань саваа халин салаа болгон нь дүүрэн урсаж байхтай таарлаа. Зарим явган гүүр нь урсаад, зарим нь урсахад бэлэн болоод хазайчихсан байв. Манай багийнхан олон салаануудаа заримыг нь гүүрээр, заримыг туулсаар сүүлийн салааны өмнө ирээд өдрийн хоолоо хийж идэцгээв. Одоо цаашаа зам цагаан тул яарах ч шаардлага алга. Харуй бүрий болохоос өмнө л очоод майхнаа бариад авбал өнөөдрийн зорилго биелнэ л гэсэн үг. Ямартай ч Тэрэлжийн голоо гутал хувцсаа норгож барьсан хүнгүй амжилттай туулж гараад хэзээний танил Гүнжийн сүмийн замаар жирийтэл жийцгээлээ.

Зураг 16. Отогын өглөө

Суваргатай гүдэн дээр нэг таталт хийж цуглаад цааш жийсээр салхи араас түрж байсан тул яах ийхийн зуургүй л Баруун Баян гол дээр хүрээд ирлээ. Энд ч мөн элдэв хохирол амсалгүй эвтэйхэн голоо гараад цааш жийлээ. Одоо ч Босгын гүүр хүртэл юухан байх вээ дээ. Манай түрүүлж явсан 2 аль хэдийн отоглох газраа олчихсон хүлээж байгаадаа. Өдрийнхөн маань хаана яваа бол одоо бараг Цонжин болдог орж яваа бол вуу. 17:30-д Босгын гүүрний зүүн хойд дэнж дээр отоглосон Админ, Цоко эгч хоёртой уулзацгаав. Майхнуудаа дугуйлж барин отоглоод оройн хоол ундаа хийж идэцгээв. Баттөмөр ахтай хамт Туул гол руу очиж хэсэг дэгээ шийдэж үзлээ. Гол үерлээд загаснууд хаашаа ч юм алга болсон бололтой цаг гаран оролдоод цайрсан тул өглөө хэсэг шийдэж үзье гэж ярилцаад буцаж отог дээрээ ирэн шиврээ бороонд түүдгийн галаа тойрон хорвоогийн сонин сайхныг хаман ярилцаж суугаа багийнхантайгаа нэгдэн суусаар 23 цаг орчимд тус тусын майханд орон дуг нойрондоо дугжирцгаалаа.

Зураг 17. Босгын гүүр дээр бидний унаа түр зогсов

Өглөө 06 цагт хажуу майхны цахилгаан хүржигнэх дуунаар сэрлээ. Баттөмөр ах сэрж байгаа нь тэр байж. Хоёул дугуйгаа унан голоо уруудаж хэсэг шидэж үзлээ. Загас ч баригдах шинж алга. Нэг нэг навч, замгийн олзтой отог дээр буцаж ирлээ. Манайхан хэдийн босоод цайлж сууна. Өглөөний хоол ундаа хийж идээд, Майхан сэлтээ хурааж дуусаад хөдлөхөд 10 цаг болж байв. Өмнөх өдрүүдийн борооны улмаас Тэрэлжийн гол нэмж үерлэсэн нь тодорхой, Өнөөдөр ч дахин бороо орох тул олон гол туулах нь эрсдэлтэй гэж үзээд Админ буцах маршрутаа өөрчлөн Замтын даваа даван өдрийн аяллынхан маршрутаар буцах шийдвэр гаргалаа. Замтын даваа руу өөр өөрсийн темпээр жийсээр 12 цаг гэхэд сүүлийн хүн гараад ирсэн байна. Хойноосоо дугуйтай жийхэд сайхан байхдаа гээд 2 долоо хонгийн өмнө машинаар ирэхдээ бодож байснаар үнэхээр сайхан дугуй болон дугуйчинд ээлтэй даваа юм. үүнээс цааш Цоко эгчийн тэмдэглэлтэй ижилхэн болох тул залхуурлаа.

НТГ Ш.Лазинагийн аяллын видео тэмдэглэл

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Д.Цолмон Э.Ожго Ш.Лазина Б.Баттөмөр Б.Жавхлантөгс С.Мөнхбат П.Золзаяа
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Э.Ожго
  • 28399 км
  • 252
  • 33
  • 11
  • 4
  • 3
Ш.Лазина
  • 2963 км
  • 30
  • 2
  • 1
  • 1
  • 2
Б.Баттөмөр
  • 9788 км
  • 102
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 11013 км
  • 106
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11708 км
  • 102
  • 15
  • 3
  • 3
  • 1
П.Золзаяа
  • 12793 км
  • 118
  • 22
  • 4
  • 1
  • 1
Зүгээр л жий!