Өвөл голын мөсөн дээгүүр жийж болно гэсэн гэнэн бодол, төсөөллийн дагуу ээлжит аяллаа Туул гол дээгүүр хийе гэж төлөвлөв. Судалгааны аяллаа ч хийсэнгүй. Харин дотроо бол өгсүүр, уруу байхгүй тэгээд ч унадаг дугуйтай жийхэд цас бүрхсэн мөсөн дээгүүр саадгүй явчихна гэж "цагаахан" бодож байлаа. Аргагүй л өвөл гол, мөсөн дээгүүр унадаг дугуй жийж огт үзээгүй, хар таамгаараа болно гэж сэтгэж байсан үе.
Үүнээс хойш групп-ээс голын мөс дагасан чиглэлээр өдрийн аялал зохиогоогүй. Харин өвлийн хаалтын үеэр, урьдчилан тандаж байгаад Гэнэтийн жийлтийг дор дурьдсан чиглэлд хийдэг болсон. Өвөл голын цас мөсөн дээгүүр унадаг дугуйтай жийхэд, юуны өмнө тухайн жийх чиглэлд автомашины зам гарчихсан байх нь нэн чухал. Хэрэв замгүй бол голын мөсөн дээгүүр жийх нь тун хүнд бөгөөд, амаргүй байх болно. УБ орчимд Туул голын мөсөн дээгүүр зүүн тийш Гацуурт суурин хүртэл, баруун тийш Яармагын гүүр хүртэл жийхэд их эвтэйхэн байдаг. Автомашины мөрөөр цас нь дагтаршиж, салхитай тохойд нүцгэн мөс хэдэн газар байдаг ч гэсэн саад болдоггүй.
Энэ удаагийн аяллыг группийн 038 дугаартай гишүүн Т.Баярсайхан удирдан хийлээ. Группын гишүүд анх удаа Туул голын мөсөн дээгүүр жийсэн онцлог аялал боллоо.
Аялалд анх удаа оролцож гишүүний хувийн дугаар авсан Дөлгөөн (056), Т.Зоригоо (057), Ганболд (058) нарт амжилт хүсэхийн ялдамд, аяллын бүх гишүүд, түүхийн гэрч болсон сайхан зураг авсан О.Ууганбаяр (045) гишүүнд талархал илэрхийлье.