Эхний аяллаар УБ хотынхоо хоёр давааг унадаг дугуйгаар давчихсан болохоор их урам оров. Газрын зураг дээр зам харж байгаад огт даваж байгаагүй даваа сонголоо. Мөн аяллын зайг уртасгасан юм. Аялалд оролцсон гишүүдийн аяллын зайг тэмдэглэж статистик хөтлөхөөр шийдлээ. Уул давааны орой дээрхи овооны зураг авах нь сайхан санагдаж байв.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Нүүр номоо хамгийн түрүүнд хардаг боллоо. Ганц гишүүнтэйгээ "найзлан" чат-аар харилцан өглөө Тэнгэс кино театрын буудлаас Санзай руу явдаг автобусанд суухаар тохиролцов. Аяллын өглөө яваад очтол бага оврын автобус тэгээд ч хүмүүс ихтэй байв. Жолоочид нь зорилгоо хэлж ярилцаж байгаад, хойд зайд нь хоёр дугуйгаа ачуулав. Дараагийн аялалд ингэж явж болохгүй юм байна гэдгийг шууд ойлгосон.
Тэнгэр цэлмэг, халуун өдөр болох төлөвтэй. Аяллын гараа Санзай амны дэлгүүрээс Хадлангийн даваа руу салдаг уулзвар байлаа. Манай залуу Fit bike- тэй иржээ. Жолооч нь ямар бүдүүн дугуй вэ гээд байсансан. Давааны өгсүүрт тун дажгүй надад ойрхон өгсөөд гарчихлаа.
Даваа уруудан нэг өгсүүр овоотой хяр дээр зураг авлаа. Цаашаа хоёулаа ёстой л жаргалаараа их урт Халзангийн ам уруудан жийлээ.
Амаа дуусган Хүй хөндйи рүү орж төмөр зам гарах нүхэн гүүрийн зүг шавартайхан замаар шарванхан жийсээр засмал зам хүрчихлээ. Засмал замд ороод дүнгэнүүлэн жийсээр Рашаант суурин, 361 гарам өнгөрч явсаар Баруунтурууны даваа өөд өгслөө. Даваан дээр гараад эргээд хартал байдаггүй, хүлээлээ. Доод тахир зам дээр түрчихсэн өгсөж байна. Даваан дээр амарч жаахан юм идэв. Энэ бүдүүн дугуй засмалаар явахад их ядраах юмаа, дараагийн аяллаар яг уулын дугуй авнаа гэж хэлж байна. Тэгээрэй хө, харин одоо энэ давааны уруу болгоомжтой бууна шүү гэж захиад уруудлаа.
Дээд тахир замаа өнгөрөөд шулуунд сул тавьчихлаа, салхи шуугиад л халуун өдөр ингэж сэнгэнүүлэх сайхан даа гэж байтал гэнэт зам дундуураа тасарсан байлаа. Тоормос атгаж болохгүй шүү гэж өөртөө хэлээд жолоогоо дээш татах агшинд агаарт хөөрлөө. цаад талд нь хөндөлдөж бууж болохгүй шүү гэсэн бодол харван орж ирэх үетэй зэрэгцэн тэп хийгээд л зам дээр бууж үл ялиг гулбилзаад доош жирийв. Ёооё, яг үхэх нь байна гэсэн айдастай хамт гоё байсан шүү гэсэн хөөрүү бахархал тархи руу урсан орж байлаа. Хурдаа багасган хөөрөлөө дарж зөнгөөрө уруудав.
Зам дээр олон тооны нүх, хагархай харагдана. Төмөр замын гарам дээр очоод залуугаа хүлээлээ. Хамтдаа хот руу орж энэ удаагийн аялал амжилттай дууссан билээ. Дараагийн аялалдаа өөр дугуйтай ирнээ гэж инээмсэглэн хэлээд Рагчаабазар гэрийн зүг салсан юм.