Наадмын "урт" амралтын үеийг тохиолдуулан хөнгөхөн жийлт хийнэ. Баянтөхөмийн ам буюу Гүнжийн хоолой өгсөн хяр даваж Булгийн ам уруудаж Гацуурт суурин хүрнэ. Улмаар Дүнжингарав ХТ-ын талбайд ирж жийлт дуусна.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Группийн аялал хаалтаа зарлах хэсэгхэн хугацаанд гишүүдийн хувьд дор бүрнээ нам жим болдог хэдий ч сонирхол нэгт нөхөдтэйгээ хурдхан дөрөө нийлэн жийх битүүхэн хүсэл нь оргилсоор байдаг билээ.
Унадаг дугуй хэмээх энэ сайхан "амьтан"-тайгаа уул давж, усыг гатлан алсад цэнхэртэх тэнгэр газрын хаяа, номин ногоон хөндий талаар хээрийн салхинд илбүүлэнхэн жирийлгэх нь дугуйчин аялагч бидний жаргалын нэгээхэн хэсэг байдаг билээ.
Аялал амралтын цаг хэдий ч гэнэтийн жийлт зарлагдаж бас ч үгүй нэлээд олон гишүүд энэ аялалд ирсэн байлаа. Аяллын өглөө уламжлал ёсоор бараг цагийн өмнө эртлэн очиход 2 гишүүн аль хэзээний л цуглах цэгт ирчихсэн байлаа.
Админ ажилтай болсон тул энэ удаагийн аялалыг авч явах хариуцлагтай үүргийг миний бие хүлээсэн тул группийн уламжлал ёсоор 9.00 цагт мориндоо командыг өглөө.Гачууртын МТ колонк дээр татая гэж хэлээд гишүүдээ явуулчихаад бэртсэн өвдгөө гамнан 20км жигд барин жийж явахад манай хэд бараа сураггүй болсон байлаа.
Таталтын цэг дээрээс 3 км орчим жийсээр огцом нугачаа бүхий даваа өөд эхний хэд торох зүйлгүй жийн гарч оройд нь гарч хэсэгхэн саатаад Шар хоолойн булаг хүрч очив.
Засмалын төгсгөл дээр багаараа хуушуурдаж цайлж аваад аяллын төгсгөлийн цэг болох Дүнжингарав руу жийсээр энэ удаагийн аялал 13 цаг гэхэд амжилттай өндөрлөлөлөө.