Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #144 - ХАРГАНА, ТОЛГОЙТЫН ДАВАА

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/292
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
103 км
Давааны тоо
2
Өндөр авалт
1237 м
Өндөр алдалт
-1238 м
Их өгсөлт
11.7 %
Их уруудалт
-21.7 %
Оролцогчдын тоо
10
Эхлэх цаг
2023 оны 5 сарын 27 Бямба гараг, 8:30 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Жигжид зуслангийн уулзвар дээр (Админ хамт явна) цуглаж Сэлбэ голын эхээр гарч Харгана даван Үдлэг суурин хүрнэ.  Эндээс миний бие цааш (Хоногийн аялалд оролцох гишүүд энэ аяллын багтай хамт Үдлэг хүртэл аялаж болно) Сөгнөгөр рүү хоногийн аяллын багтай нийлэхээр салж явна. Багийн гишүүд Үдлэгээс засмал зам руу явж нийлээд Ногоонтолгой суурин дайрч Жаргалант суурин хүрэлгүй Ар Гүнтийн ам руу салж явна. Толгойтын даваагаар даваж хот руу орж аялал дуусна.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Ээлжит нэгэн аяллын бямба гариг эхэллээ. Гэхдээ онцлогтой. Энэ өдөр групп бас Сөгнөгөрлүү "Монос цэцэглэх цагаар" уламжлалт  хоногийн аялалтай тул өдрийн аяллыг давхар зарлаж хоногоор аялж амжихгүй гишүүдэд аялах боломж олгодог уламжлал нэгэнтээ тогтсоноор энэхүү аяллын тэмдэглэл бичигдэх шалтгаан бүрдсэнийг дурдья. Өдрийн аялалд админаас гадна 10 гишүүн бүртгүүлжээ. Энэ удаа өдөр хоногийн аяллынхан Жигжид зуслангаас өглөө хамт гарч Харганаар даван Үдлэг суурин хүрээд 2 тийш салахаар аяллын маршрут зурагдсан нь басхүү баяр хөөрт явдал мэт. Ер нь гишүүд хуваагдаж аялах төдийлөн дуртай биш. Гэвч амьдралын хуулиар дандаа хамт байх тавилан гэж хаа байх билээ дээ. Энэ удаа хэсэгхэн ч гэлээ хамт явах болсон нь бүгдэд л сайхан санагдаж өглөө эрт 08:30-д бүгд хөдөллөө.

Зураг 1. Сэлбийн эх

Танил зуслангийн замаар Сэлбийн эх өөд хоногийн аяллын 6 гишүүн ачаатай дугуйтай /нэг гишүүн Харганы даваан дээрээс, өөр нэг гишүүн Батсүмбэрээс нийлнэ /, өдрийн аяллын 8 гишүүн дан дугуйтай /нэг гишүүн маань хараахан ирээгүй байсан, тэр нөхөр араас салхи шиг шуугиад ирэхийг мэдэж байгаа тул орхиод хөдөлсөн/  Хэрэмхэн дэлгүүр /Майхан толгой өнгөрөх үед байдаг замын дэргэдэх дэлгүүр/ хүрээд татна гэсэн заавар аваад хөдөллөө. Аялал эхлэх агшин ямар сайхан гээч. Зарим өглөө аялалдаа явах эсэхдээ эргэлзэж гарч ирээд "Мориндоо" командаар баг пирхийн хөдлөөд жийж эхлэхэд л "ээ юун сайн аялалдаа гарав аа залхуураад үлдсэн бол энэ мэдрэмжээ мэдрэхгүй байх нь байна шүү дээ" гэж бодогддог гээч. Ингээд хойн урдаа орон жийсээр татах дэлгүүр дээр иртэл хөгжил муутай улс орны минь олон дутагдлын нэг өглөөний 9 цаг өнгөрч байхад онгорхой дэлгүүр алга. Цааш жийсээр Сэлбийн эх хүрэхэд шавар шавхай "ашгүй та нартай баахан зууралдаад авья" гэсэн шиг хүлээж байлаа. Дугуйтай аяллын салшгүй нэг хэсэг бол дугуйгаа түрж алхах.

Зураг 2. Эвдэрсэн хөрс

Хэзээ ямар үр дүнтэй дуусах нь үл мэдэх бүтээн байгуулалтын "балгаар" онги онги татуулсан газрын хөрс, хүнд техникийн мөрөнд тогтсон ус шавар шалбааг дунд хөөрхөн туучаад торлог өнгөрөөд мододын зах хүрээд арын хүмүүстэйгээ нийлэхээр түр татлаа. Энд групп аяллынхаа үеэр таталт хийж амардаг нэгэн сайхан том мод байдаг юм. Өвөл зун хэзээ ч очсон хүгэлгэр том модны доор цас усгүй байдаг тийм нэгэн дулаахан орчинтой үзэсгэлэнт мод билээ.

Зураг 3. Энэ чиглэлийн аялал бүр дээр амардаг нэгэн үзэсгэлэнт мод

Энд баг хойноос ирэх гишүүдээ хүлээж нийлж аваад Харганы давааруу зүтгэлээ. Оройтож дулаарч байгаа байгалийн өнгө багахан ногоовтор ерөнхийдөө хуурайвтар байлаа. Нойтон замаар боломжтой бол жийгээд боломжгүй бол түрсээр давааны оройд ирэхэд өглөө эрт түрүүлэн ирсэн хоногийн аяллын нэг гишүүн маань биднийг хүлээж байв.

Зураг 4. Сэлбийн эхийн байгалийн өнгө

Аялалд хөгжил хөөргүй цаг минут гэж үгүй. Ачаатай дугуйтай атал давааны өөдөө жийгээд гарах чадварлаг гишүүдийг түрүүлж гарсан хэд нь хурдны морь тайлбарлаж байгаа мэт хөгжилтэйгөөр уралдуулан гаргаж, энэ аяллаар Улбар шар тэмдэгийн болзол хангаж байгаа Мөнгөнсүх гишүүндээ тэмдэгийг нь гардуулж баяр хүргээд бүгдээрээ дурсгалын зургаа татуулаад "бас болоогүй камераа суурилуулахаар янз бүрээр аргадах зурагчин гишүүний нуруу туруу өгзөгийн байрлалыг суугаад хүлээж буй хэд нь жаал цаашлуулж шоолохоо мартаагүй" Үдлэг суурин хүрэхээр даваа уруудлаа даа.

Зураг 5. УШТ-ийн болзол хангасан Мөнгөнсүх

Харгана давааны ар том том чулуу, үндэстэйг мэдэх хойно бүгд л накладаа гиншүү үнэрттэл базан болгоомжтой уруудаж тэгшрэх дөхөх үеэр урдуур харагдах үхэр сүрэг дундуур буга харайн байгааг эхний гишүүд хараад буга гэж хэлэхтэй зэргэцээд харсан хараагүй бүгд л ёстой жолоогоо тавьсандаа. Угаас тэгшрэх дөхсөн уулын урууг хэлэх үү ёстой шавиагаа ханатал уруудна гэгчинэ болов. Нэг л мэдэхэд Үдлэгийн айлууд харагдаж юу юугүй суурингийн захад хүрээд ирлээ. Эндээс хоногийн, өдрийн аяллын багууд сална. Яаж суурингийн захад салах вэ, дэлгүүрийн үүднээс салья гээд цаашлан суурингийн голд байх үүдэндээ хашаатай нэгэн дэлгүүрийн гадаа ирцгээлээ. Хэсэгхэн зуур амарч ундаа ус уугаад, хоногийнхон бас аяллын хүнсээ нэмж базаагаад яах аргагүй салах цаг боллоо доо. Бие биедээ амжилт сайныг хүсээд 2 тийш салав. Сөгнөгөрт монос багсайтал цэцэглэсэн байгаасай. Та нар минь ханатлаа үнэртэн, агаарт сайхнаас сайхан амраад ирээрэй.

Тэнгэрт хэсэг бараан үүл хуримтлагдан өмнөөс салхилах нь бороо орохын тэмдэг. Хотруу эргэх өдрийнхөн  салхи сөрөх нь дээ гэхэд, за бид дан дугуйтай дүүрч, хүнд дугуйтай хоногийнхон маань салхинд туугдах нь харин болждээ гэж бодоод өдрийн бид хэд салхиа сөрлөө. Юу юугүй Батсүмбэрийн засмал зам хүрээд ирлээ. Одоо дараагийн таталт хүртэл засмал замаар жийх тул туршлагатай дугуйчид урд салхи аван 2 эгнээгээр бөөндөө 9 үүлээ явахаар зохион байгуулалтанд ороод жийж эхлэлээ. Батсүмбэрийн замыг мэдэхгүй бишдээ. Машинаар бол толь шиг тэгш зам, унадаг дугуйнд бол үеэлзсэн олон хотгор гүдгэртэй зам билээ. Нэлээн хэдэн гүдгэрийг салхи сөрөн давах үед Ногоонтолгой суурин харагдлаа. Энд багаараа зогсож өдрийн хоолоо идэх зуур бороо ганц нэг дусалж эхлэв. За дахин бөөндөө 15км орчим яваад Аргүнтийн хөх дэлгүүрийн гадаа татья гээд хөдөллөө. Түрүүний л адил туршлагатай гишүүд салхиа аван, зарим нь ард үлдэх нэгнийгээ түрж урагшлуулан багтайгаа нийлүүлсээр Аргүнтрүү эргэж жийсээр товлосон дэлгүүр хүрэх үед бороо орж эхлэв. Эндээс 2 гишүүн ажилтай тул түрүүлж явахаар хөдөллөө. Хойноос цайраад борооны түрүүч ирсээр л байлаа. Бид маршрут ёсоор урагшаа эргэж Толгойтын даваагаар давж Толгойтын баруун салааны дээрээс уруудах ёстой. Юу юугүй бороо пижигнэн орж тэнгэр дуугарч шаагих үеэр түрүүлж явсан хоёртоо санаа зовж хэдүүлээ ширүүн бороо өнгөртөл эндээ байхаар шийдэв. Энэ жил төдийлөн дулаараагүй болохоор тэрүү бороотой зэрэгцээд агаарын хэм 3 градус хүрч унав. Бүгдээрээ зөвлөлдөн цаг агаарын мэдээ харвал 1 цагийн дараа бороо намдаад дахин орохоор харагдсанд бороо намдангуут хөдлье, гэхдээ гадаа багагүй хүйтэрсэн тул бороонд норсон биед амаргүй гэж ярилцаад явалт ихтэй Толгойтын даваагаа орхин Гүнтийн даваагаар давахаар тохироод борооны ширүүн өнгөрөнгүүт жийцгээлээ. Мэдээж битүү манантан цагаарсан тэнгэрийг гэнэт онгойж нар шарахыг хүлээнэ гэж байхгүй. Тэгээд ч дахин бороо орохоор мэдээнд байгаа тул эртхэн хотруу дөхөхөөр ийнхүү Гүнтийн даваа өөд жийж эхэллээ. Хүчтэй асгарах нь багассан ч тасралтгүй шиврэх бороонд налбайтал норж даваа өгсөж эхлэх үед нойтон замд хий эргэхгүй гэж хүчээ нэмэх машинууд шавар шавхайг бидэнрүү бороотой зэргэцэн нэмэлтээр илгээсээр шавран хүмүүс давааны оройд урд хойноо орон ирж давсаар байлаа.

Зураг 6. Гүнтийн давааны оройд жийгээд гарч буй гишүүд

Даваа өөд өгсөж явахад хөл цуцаж норсон хувцас хүнд байсан ч "за дөрвөн хананы дунд бүгчим амьдардаг бидэнд, ингэж бороонд норж байгалийг мэдрэх боломж тэр бүр гардаг билүү, хүйтэн сэрүүн, нойтон зутруу ч гэсэн гадаа ямар гоё байнаа, аяллын бас л нэгэн сонирхолтой хэсэг шүү дээ" гэж өөрийгөө зоригжуулан бас зураг бичлэг хийхээ марталгүй явсан гээ л бод хэ хэ.

Зураг 7. Гүнтийн даваа өгсөж явахад

Угаасаа өгсөж яваа тул энэ хүртэл норсон л болохоос даарсангүй. Харин нойтон хувцас, нойтон биетэй давааны уруу ёстой даарч эхлэсээр сүүлдээ гар бараг мэдээ алдсандаа. Арайхийн давааны зам дуусч засмалтай нийлэх үед Жигжид хүртэлх Гүнтийн давааны замын муухай хонхор ихтэйг хэлэх үү түрүүний их борооны зам дээр тогтсон усаар машинууд биднийг ёстой л усанд оруулсандаа. Зарим нь ус цацруулахгүйн тулд зөөлөн өнгөрөхөд ихэнх нь замын шавартай усыг дугуйтай хүнрүү хайр найргүй цацаад өнгөрөнө. Давааны өөд ширүүн гарах машинуудыг шавартай замд хий эргэхгүйн төлөө аргагүй гэж уучлан бодож байсан бол харин түгжрэлгүй засмал замд хэсэгхэн хором хурдаа хасаад шавар цацахгүй өнгөрөх ухамсаргүй хүмүүсийг яалтай ч билээ дээ.

Ингээд ээлж ээлжээр Жигжид зуслан дээр ирсээр сүүлийн дугуйчин 17 цагт ирж энэ удаагийн аялал хэдийгээр бороонд норж шавартай усаар будуулсан ч амжилттай өндөрлөлөө.

Гэртээ ирээд өнөөдрийн аяллын бахархалаа сэтгэлдээ тээгээд "хоногийн хэд маань зутраагүй байгаа, Сөгнөгөр тийш байгал сайхандаа, туршлагатай админ хэзээ ч тав тух алдуулалгүй гоё авч явж амраагаад ирнэ дээ, монос цэцэглэсэн байгаасай . . ." иймэрхүү яриа чатандаа өрнүүлэн маргааш ирэх нөхдөө хүлээж байна.

Аялал бүхэн сайхан. Зүгээр л жий.

Зураг 8. Харгана даваан дээр өдөр, хоногийн аяллын баг хамтдаа

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
У.Одбаяр Ж.Төгсбаяр С.Отгонбаатар А.Отгонбаяр О.Адъяасүрэн Ц.Наранхүү Б.Бадрах Д.Баасансүрэн Ж.Октябрь Д.Цолмон
У.Одбаяр
  • 12147 км
  • 80
  • 5
  • 3
  • 2
  • 6
Ж.Төгсбаяр
  • 510 км дутуу
  • 749 км
  • 9
  • 0
  • 0
  • 0
  • 0
С.Отгонбаатар
  • 2479 км
  • 27
  • 0
  • 0
  • 1
  • 1
А.Отгонбаяр
  • 3044 км
  • 26
  • 0
  • 0
  • 1
  • 1
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Ц.Наранхүү
  • 7604 км
  • 79
  • 7
  • 0
  • 2
  • 1
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Д.Баасансүрэн
  • 9615 км
  • 65
  • 4
  • 2
  • 2
  • 0
Ж.Октябрь
  • 10885 км
  • 122
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Цолмон
  • 11773 км
  • 111
  • 23
  • 3
  • 2
  • 0
Зүгээр л жий!