Ой модон дунд байдаг давааны оройн бяцхан нарлаг чөлөөнд өдрийн хоол идэн, аяллын тухай амттай яриа сонсон амарч аялна. Гишүүд өөрсдийн гал тогоо, хоол хүнс, цэвэр усны нөөц, амарч суух сандал "ширээ"-гээ бэлдэж оролцоно.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Маш сайхан нэгэн аялал амжилттай зохиогдон группийн түүхэнд үлдлээ. УБ хотоос буйдхан орших тэр бүр хүний хөл хүрээд байдаггүй Зүүн Ацын давааны ойн цоорхой руу аяллын баг цуглах цэгээс цагтаа хөдөллөө. Майхан толгойн зуслан руу салдаг зам дээр хальтхан татаад амаа өгсөн жийсээр Дугуйчдын даваа хүрлээ.
Өвс ургамал ногоорон аргагүй зун цаг ирсэнийг сануулна. Харин салхи хүчтэй нь аргагүй баруун хойноос үлээж байв. Төд удалгүй ойрхон орших Зүүн Ацын даваа хүрч баг "отоглов". Өнөөдрийн аяллын зай харьцангуй богино бөгөөд дараагийн 7 хоногт явагдах УБ 240 аяллын өмнөх "ээлжийн амралт" маягтай зохиогдсон юм.
Гишүүн бүр хоол хүнсээ гарган, хийн тулгаа асааж нэг нэгнээ гэртээ бэлдэж ирсэн хүнс, хээрийн амтат хоолоор дайлж, дөрвийн зэрэг пот-д кофе нэрж аяллын тухай хөгжилтэй ярианд умбан, хамтдаа дуулж тун сайхан амарлаа.
Ялангуяа жижиг пийшинд өрдөх галын цогон дээр шарсан элэг сэмж, хонины өөх төмс энэ өдрийн хоолны оргил болон амтаараа гайхуулж байв. Нэг гишүүн маань аялагчийн Ногоон тэмдгийн болзол хангаж тэмдгээ гардан авлаа. Мөн групп-ээс зохиох олон хоногийн аяллын чиглэлийн талаар мэдээлэл хийв. Ийнхүү даваан дээр 13 цаг хүртэл амраад бид буцлаа.
Ирсэн замаараа цоглог жийсээр шууд Жигжид зуслан хүртэл салхи сөрөн "буудав". Дараагийн аяллаа амжилттай хийхийн ерөөл өргөн бүгдээрээ гэр гэрийн зүг жирийлгэн түгжрэлээс халширсан хотын замаар сэтгэл хангалуун жийж билээ.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
А.Отгонбаяр | Умард өмнөд 1259 км цэнхэр тэмдэг | 1289 км |