Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Групп-ээс зохион байгуулсан эхний Хоногийн аялалд 4 гишүүн оролцов. Нэг гишүүн Б.Төмөр Очир (026) биднийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос тосож авч хамтдаа аялахаар тохиролцов. Улаанбаатар- Сүхбаатар чиглэлийн галт тэргэнд тасалбар авсан хоёр аялагчтайгаа хамт алсыг зорьлоо. Өглөөний 4 цаг өнгөрөөж үүрээр буулаа. биднийг тоссон андын гэрт очин цай ууж, хууч хөөрөөд нүдний хор гаргав. Сэлэнгээс нэг гишүүн Н.Дагвасүрэн (053) нэгдэж, хамтдаа Ээж мод чиглэлд жийхээр болов. Өглөө 8 цаг өнгөрөөж замдаа гарав. Буурын гол, Орхон голын өвлийн жаврыг мэдрэн жийж огт өөр өвлийн улирал дунд орсон мэт санагдаж байв. Харин тэнгэр цэлмэг тогтуун өглөө боллоо.
Төв замаас салах зам дээр ирж түр амраад цааш хөдлөв. Аргагүй л Сэлэнгэ хэв шинжийн элсэн зөөлөн, ховилтой, байнга автомашин явдаг нь илэрхий дагтаршсан цас мөсөөр хучигдсан зам байлаа. Эвгүйхэн дарвал өлхөөн аваад явчихаж мэднэ. Гэхдээ энэ удаа ийм явдал тохиолдоогүй юм. Нэг дугуйны маань арааны дотор талын тос хөлдөн хааяа хааяа сув сул эргэнэ. Энэ бол агаарын температур 30 хэмээс дээш хүйтэн байгааг сануулна. Ээж мод дээр очин сонирхож, дурсгалын зураг татуулан буцаад Сүхбаатар хот руу жийж ирэв. Ингээд өглөөний 22 км замд жийж, аяллын эхний төлөвлөгөө биеллээ. Сэлэнгэ аймгийн дугуйчин М.Дамдинхорол (054) ахлагчтай дугуйчид биднийг угтан, өдрийн хоолоор дайлж амарсаны дараа, үдээс хойш Сайханы хөтөлийн чиглэлд гарлаа. Сэлэнгэ аймгийн хэд хэдэн дугуйчид ахлагчтайгаа хамт жийсэн. Нэг автомашин урд хамгаалалтанд явав. Сайханы хөтөл дээр гарч орчныг сонирхон аялаж, зургаа татуулаад буцав. Энэ замд харин Сэлэнгэ нутгийн өвлийн жавар, хүйтнийг амссан даа. Ямар сайндаа өглөө үүрээр УБ хотод галт тэрэгнээс буухад хавар болчихсон мэт санагдах вэ дээ. Нутгийн дугуйчид харин ч гайгүй байна гээд огт анзаарах шинжгүй. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод унадаг дугуй унадаг хүмүүс илт нэмэгдэж байгаа, нутгийн залуус клуб байгуулсан гэсэн нөхөрсөг яриагаар хачирлан оройн хоол хамтдаа идээд, дараа жилийн өвөл заавал ирнэ гэсэн дугуйчин хүний амлалтаа өгөн галт тэргэндээ суусан юм.Жич: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод жил бүрийн өвөл, унадаг дугуйн аяллыг нутгийн дугуйчидтай хамтран зохиодог уламжлалтай болсон юм. Харин давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан нэг жил (Ковид 19) өнжсөн.