Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #143 - БАРУУН ХОЙД ЗҮГИЙН САЛХИ БУЮУ САЙНШАНД 24 ЦАГ

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/289
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
450 км
Давааны тоо
0
Өндөр авалт
2054 м
Өндөр алдалт
-2380 м
Их өгсөлт
7.9 %
Их уруудалт
-7.3 %
Оролцогчдын тоо
11
Эхлэх цаг
2023 оны 5 сарын 20 Бямба гараг, 4:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Дүнжингарав худалдааны төв, GS25 дэлгүүр
Цуглах цэгийн солбицол
47.904778, 106.947583
47°54'17.2"N, 106°56'51.3"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

Аяллын тухай ерөнхий удирдамж
Оршил

Баруун хойд зүгээс чиглэсэн хаврын салхи энэ 7 хоногийн Баасан, Бямба гаригт тохиох магадлалтай боллоо. Энэ салхины чиглэл өдрийн турш "өөрчлөгддөггүй" онцлогтой. Мөн дундаж хурд нь  8-11 м/с байдаг ба зарим үед 12-14 м/с хүрдэг. Ер нь ийм салхи нь цаг уурын хувьд аюултай үзэгдэл ангилалд багтдаг. Аяллын үед тохиолдох эрсдэл өндөр гэсэн үг. Иймд гишүүд аялалдаа тун чамбай бэлдэхийг зөвлөх байна.

Энэ салхинд "туугдан" аялах гэнэтийн шийдвэр гаргасан болно. Групп 2020 онд ийм салхины аясаар УБ- Чойр чиглэлд 225 км замыг хагас өдөрт туулж байсан. Энэ жил "даварч" Дорноговь аймгийн Сайншанд хот хүртэл "туугдах" зорилготой.

Аяллын зорилгын талаар
Энгийн зорилго бол Сайншанд хотод 24 цагийн дотор хүрэх. Заавал тэр цэгт хүрэх нь хэтийн зорилго бус гэдгийг гишүүд ойлгох хэрэгтэй. Аяллын замд юу ч тохиолдож болох ба Админ ямар ч шийдвэр гаргаж болно. Энэ аялал нь хэт холын зайтай бөгөөд найдвар тавьж буй нэгэн туслах бол байгалийн салхи. Мэдээж гишүүдийн бие болон сэтгэлийн тэнхээ, хүч бяд, аяллын туршлага хамгийн чухал бөгөөд аюулгүй байдлыг хангах чадвар нөлөөлөх нь дамжиггүй.

Унадаг дугуйн талаар
Аялал 100% засмал замаар явагдана. Хүчтэй салхинд туугдах, хажуугаас цохиулах зэрэг гэнэтийн зүйл гарч мэднэ. Хүндхэн жинтэй унадаг дугуй тогтвортой байдагсан. Хэт хөнгөн унадаг дугуй "хийсэх" эрсдэлтэй. Чангахан хийлсэн уулын дугуй уг нь хүчтнй салхитай үед найдвартай санагддаг. Зарим үед гэнэтийн улаан шуурган зурвас дайран ирж зам дээр гуядан унагаах, замаас гаргах тохиолдол гарна. Тиймээс дассан газрын даавуу ... гэдэг шиг унаж дадсан дугуй л нөхөр болно.

Аяллын замд баримтлах жийлтийн талаар
Гараанаас эхлэн Налайх дүүрэг, Хоолтын даваа хүртэл ердийн хэмнэлээр (65 км орчим зай) жийнэ. Энэ салхитай Хоолтын даваан дээр "уулздаг". Гишүүд гараанд гарахын өмнө халуун хоол унд идэж биеэ "цэнэглэнэ". Багахангай дүүрэг (хөнгөн хоол) дээр нэг татна. Дараагийн таталт Чойр (өдрийн хоол), Айраг (оройн хоол) гэх мэт-ээр таталт хийх зай нь 100-125 км байна. Айраг хүртэл (325 км) засмал замаар бүлэг бүлгээр цуварч жийж болно. Айрагаас Сайншанд хүртэл бүгд цуваанд орж Сайншанд хот хүртэлхи 125 км зайг туулах учиртай.
Аяллын замаас тухайн гишүүн урьдчилан төлөвлөсөний үндсэн дээр буюу гэнэтийн шийдвэрээр гарч болно. Гарц 1. Багахангай дүүрэг ба Баян сум (Мааньт) 100 км. Гарц 2: Чойр 225 км. Гарц 3:  Айраг 325 км.

Аюулгүй байдлын талаар
Гишүүд засмал замаар хамгийн багадаа хоёулаа болон түүнээс дээш нэг бүл болон жийх хэрэгтэй. Ганцаараа хэт тасрах, хоцрох нь эрсдэл үүсгэхийг анхаарна уу. Мөн унадаг дугуйны урд (цагаан гэрэл) ба арын гэрэл (улаан)-ийг өдрийн турш анивчуулан жийнэ. Улаан шуурган зурваст орсон тохиолдолд хөдөлгөөнийг зогсоож замаас гарч зогсон өнгөрөхийг нь хүлээх хэрэгтэй. Хамгаалалтын малгай, бээлий, нүдний шил бусад хэрэгсэлээр "өвч зэвсэглэн" тухайн өдрийн цаг агаарт тохирсон хувцас өмсөнө.

Галт тэрэгний тасалбар захиалга ба замын зардлын талаар
Аяллын явцад гарах хоол хүнс, буудал, тээврийн зардлыг гишүүн бүр өөрөө хариуцна. Ням гаригийг Сайншанд хотод зочид буудал буун амарч өнгөрөөх болно. Ням гаригийн орой (5 сар 21 өдөр) 19:40 цагт хөдлөх Сайншанд- Улаанбаатар чиглэлийн 285 дугаар галт тэрэг (унтлагын 23700 төг + нэмэгдэл)-нд сууна. Унадаг дугуйгаа урьдчилан тээшний вагонд өгнө. Даваа гаригийн (5 сар 22 өдөр) өглөө 07.05 цагт УБ хотод бууна.

Бид хамтдаа гараанаас гарна, хамтдаа барианд орж гэртээ ирэх болно. Зүгээр л жий.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Шуурхай мэдээ
Манай баг УБ хотоос өглөөний 4.00 цагт гараанаас гарч, шөнийн 00.00 цагт Дорноговь аймгийн Сайншанд хотод ирж бариандаа орлоо. Ийнхүү 24 цагт багтаан 450 км зам туулах зорилготой зохион байгуулсан аялал-төсөл амжилттай хэрэгжлээ. Аяллын замд Хөх тэмдгийн болзолыг хоёр гишүүн, Улбар шар тэмдгийн болзолыг нэг гишүүн хангалаа.

Зураг 1. Манай баг, аяллын барианд орлоо
Багийн хамт олон болон аяллын аюулгүй байдлыг ханган автомашинтай дагасан УШТГ Э.Ууганбаяр, Сайншанд хотод байрлах байрны асуудлыг зохицуулж өгсөн УТА Д.Цолмон нартаа халуун талархал дэвшүүлье, Зүгээр л жий. Сайншанд хотоос мэдээ дамжуулав.

Оршил буюу үл төгсөх зам
Шинэ өдөр наран мандаж, амьдралын давтагдашгүй хэмнэлээр буцалсан жирийн өдрүүд үргэлжилнэ. Яг л үүний нэгэн адил аяллын зар товлогдон УУДАГ-ын аяллууд ар араасаа төрдөг. Аялал бүхэн өөр өөрийн түүхэн үүргээ гүйцэтгэж давтагдашгүй өнгө аястай байгаль цаг агаарын нөхцөлд явагдаж дахин гишгэх аргагүй мөрөөр замнаж дуусдаг билээ. Иймээс аялал бүрийг хооронд нь харьцуулна гэдэг зэрэмдэг ойлголт бидэнд байдаггүй. Төрүүлсэн үр болгоноо хайрлах эхийн гүн хайрын аязаар УУДАГ-аас "төрсөн" аялал бүхэнд бид хайртай. Өндөр нам, өргөн нарийн гэж байдаг шиг аяллын зам бүхэн өөрийн өвөрмөгц шинжийг агуулсан замын харилцан адилгүй хэмжээстэй байдаг. Хэмжээсний уртаар аяллыг үнэлэх гэж бид оролдоггүй, аялал бол амьдралд байдаг жирийн зүйл гэж хүндэтгэн боддог. Энэ л сэтгэхүйн уужим нэгэн илэрхийлэл болох Зүгээр л жий гэсэн чин уриатай манай гишүүд хорвоогийн ээлжит өдрүүд шиг дэндүү эгэл нэгэн аяллаа амжилттай дуусгаад 24 цаг ч өнгөрөөгүй байна.

Аяллын тойм тэмдэглэл
Өчигдрөөс муудаж хуйсагнасан тэнгэрийн хилэн намжиж томоожсон ч хүслэн болсон салхины чиглэл яг бидний аяллын замыг заах мэт нэгэн аясаар итгэлтэй урсаж асан өглөө боллоо. Цуглах цэгтээ яаранхан очиход манайхан хараахан ирээгүй байв. Онгорхой байх ёстой гэж бодсон GS25 хаалттай байлаа. Холын замд гарах аяллын багынхан цуглан өглөөний мэнд мэдэлцэн баяртайгаар уулзаад, товлосон 4 цагт гараанаас гарлаа. Дүнжингаравын замаар жийсээр нойрмог хотоос гарч байлаа.

Зураг 2. Манай баг. Үдэн гаргагч анд нарын хамт. Хоолтын давааны өмнө энгэр

Налайх дүүрэг өнгөрч шууд Хоолтын даваа руу зүтгэлээ. Аяллын эхний шат болох уулын хэсгийг хоёр цагийн дотор туулан Хоолтын даваа уруудан түр амсхийж үдэн гаргаж буй гишүүд (УТА Д.Цолмон, УШТГ Б.Баттөмөр нар)-тэй хууч хөөрөн, цайлаад цаашдын зам шуударч билээ.

Зураг 3. Багахангай дүүрэг
Багахангай дүүрэг, Баян сумын дундуур сүвлэн гарч явсаар хотоос 125 км зайтай байх төмөр замын багахан өртөө бүхий "Болор 1" зоогийн газар ирж өглөөний хоол идэж амрав. Цаг 9 болж байлаа. Эндээс 100 км зайтай Чойр сууринд дараагийн таталт хийх тул замдаа гарав. Залуус ч буудаж байна. Таталтын цэг тодорхой тул хорхойгоо дарж, араас түлхэх салхины аясаар араа ханахын зовлон жаргалыг эдлэн, дуусашгүй урт санагдах замыг эвхэнэ гэдэг залуу насны хүсэл тэмүүллийн тод нэгэн гялбаа байдаг болов уу.

Цувааны сүүл барин урагшлах миний хувьд дундажаар 25-27 км/цагийн хурд барьж өгсөж, шулуунд 31-35 км/ цагийн хурд барьж байлаа. Уруудахад тун түргэн 40-45 км/цагийн хурд хүрнэ. Уужуухан урууд 55-64 км/ цагийн хурдтай хирэндээ л нисэж явлаа. Толгойн хэсгийн бараа бүр "сураг" үгүй. Тэнгэр бүрхэж цасан бударга хаялж, алсын бараа үл харагдана.

Зураг 4. Говьсүмбэр аймаг, Чойр хот
Нойтон зам дээр дугуйны гүйлт хурдасаж ирж буй зуны сарын эхний өдрийн мэнд хүргэх мэт чийг үнэртэх нь тун таатай байв. Чойр сууринд эхний гишүүн 12.00 цагт очсон мэдээг цоожилж яваа автомашинаас сонслоо. Ийнхүү манай баг товлосон замын 50%-ийг гялалзтал тууллаа. Энэ гарц дээр ирээд, миний бие автомашиндаа суусан юм.

Өдрийн хоолоо тавтай идэн амараад 14.00 цагт цааш хөдлөв. Дараагийн таталтыг 100 км замтай Айраг суманд хийнэ. Эхний гишүүн 17.00 цагт очоод хоол идэх цайны газар хүлээж байгаа мэдээ авав. Салхины хурд багасаж 4 м/с хүрч тогтуухан үлээнэ.

Зураг 5. Дорноговь аймаг, Айраг сумын төв
Хооллож амараад 19.30 цагт аяллын сүүлийн шат болох 125 км замыг туулахаар хөдөллөө. Чиглүүлэгч гишүүний санаачлагаар 40х45х40 км гэсэн зайтай таталт хийх тактик боловсруулав. Гэрэл чийдэнгээ асаан бөөндөө хоёр эгнээ болон хөдлөв. Автомашин маань цувааг хамгаалан яг ард зай барин явна. Наран жаргаж шөнө нэгэнт эхэлсэн тул зам дээрхи хөл хөдөлгөөн мэдэгдэхүйц ихэссэн байв. Автомашины цонхоор урд талд маань итгэлтэй урагшлах залуусынхаа бяр тэнхээ, сэтгэлийн хүчийг бахдан харж, ээлжит таталт хийх км-ийн шон удахгүй болоосой гэсэн догдлолтой "хамт жийж" явлаа.
Зураг 6. УБ- Сайншанд чиглэлийн 410 км-ийн шонгийн дэргэд гишүүд аялагчийн тэмдгээ гардан авлаа

Сайншандын угталтын хаалган дээр 00.00 цагт манай баг ирж, бие биедээ баяр хүргэн дурсгалын зураг авахууллаа. Ийнхүү группийн түүхэнд тод үсгээр сийлэгдэн үлдэх гайхалтай дурсамж дүүрэн түүхийг залуус маань бүтээж чадлаа. Тийм ээ, багаараа бид 450 км замыг 20 цагт багтаан туулж, аялал- төслийн зорилгыг бүрэн биелүүлж чадсан юм. Зүгээр л жий.

Жич: Аяллын тухай өөрсдийн тэмдэглэлийг оролцогч гишүүд маань сийрүүлэн бичнэ гэдэгт итгэж байна. Энэ аялал- төслийн тухай бичихгүй байхын аргагүй гэдгийг залуус маань ч мэдэж буй.

Аялагч гишүүн А.Отгонбаярын аяллын тэмдэглэл
Анх удаа унадаг дугуйгаар нэг өдрийн дотор 463км туулж үзлээ. Гэхдээ цаашид ч ингэж уртын аялал тэр бүр олон удаа хийгээд байхгүй л болов уу. Учир нь 460 км бол унадаг дугуйгаар нэг дор байнга жийгээд байх зай биш юм. УУДАГ /Улаанбаатар уулын дугуйн аяллын групп/ дээр анх энэ аялал зарлагдсаныг хараад оролцохоор бүртгүүлэх эсэхээ 2 хоног бодсон. Миний хувьд УУДАГ-т 4 сарын 8-нд анх элссэнээс хойш ердөө 4 аялалд оролцсон шинэхэн гишүүн. Өөртөө итгэлгүй байлаа. УУДАГ-н хагас сайнд хийдэг өдрийн аялал голдуу 100-с дээш км туулдаг аяллууд байдаг. Хэдийгээр би ажил гэрийн хооронд өдөртөө 20 км дугуй унаад байдаг боловч УУДАГ-н хагас сайны аялал чанга санагдана. Гэвч их сонин. 4 дэхь жийлт маань "Морь Хурдан уу Дугуй Хурдан уу" уралдаанаас шалтгаалан 100-с бага км жийсэн нь дараа хагас сайндаа нэг л сайхан жийсэн юм шиг санагдахгүй байсан.

Ингээд 450 км-ын аялалд эргэлзэж байгаад юутай ч бүртгүүлсэн. Яагаад гэвэл энэ аяллын төслийг санаачлахдаа салхины чиг буюу салхинд уруудаж жийхээр тааруулсан, мөн нэг өдрийн аяллаар хол зам туулах нь гол зорилго тул 100 хувь засмалаар Улаанбаатараас Сайншанд явахаар төлөвлөсөн зэргийг бодоод зориглосон юм. Гэхдээ л дотроо айж байлаа. Энэ замаар машинаар миний хувьд олон явсан тул Богд уулаас гарчихвал ер нь тэгээд л тэгшхэн зам байдаг санагдаж байв.

Аялал эхлэх өглөө 4 цагт хөдлөх цэг дээр бэлэн байх ёстой ба хөдлөх цэг нь манай гэрээс бас арваад км зайтай. Би өглөө үүрээр мунгинаж байгаад 15минут хоцроод ирэхэд манайхан аль хэдийнээ яг цагтаа хөдөлсөн байлаа. Хойноос нь жийгээд замдаа холбоо бариад Налайхын Оргил дээр ирэхэд Жавхлантөгс, Адъяа хоёр хүлээж байв. Нийлж аваад жийсээр бусдыгаа уулын өгсүүрүүдэд гүйцэж авлаа. Хоолтын даваа арай хүрээгүй явтал манай группийн Цоко, Баттөмөр нар өглөө машинтай ирээд дагаж явсаар уулнаас гараад халуун цай хоолоор дайлаад гаргаж өглөө, бүр сэтгэл шүү баярлалаа. Мөн дугуйчин Ууганбаяр бидний аюулгүй байдлыг ханган бага оврын ачааны машинаар дагахаар хүрээд ирсэн байлаа. Алив асуудал үүсвэл дугуй ачихад бэлэн байдалд. Ёстой бас л сэтгэл шүү. Аяллын явцад ёстой тустай байсан.

Цайлж, үдүүлж дуусаад 11 дугуйчин үндсэн замдаа ороход бэлэн болж жийж эхлэв. Эхний зогсоол Багахангай өнгөрөөд Болор хоолны газар хүртэл "өөрсдийн хурдаар" яваад зогсохоор ярилцаад хөдөллөө. "Өөрсдийн хурдаар" гэдэг бол за хоорондоо уралдаж болно гэдэг код юмдаа ккк. Ингээд 100 км салхины уруу дураараа буудлаа. Болор дээр ирэхэд бүгд цоглог гайгүй санагдаж байв. Гэхдээ л миний хувьд гарын алга бадайрах, бөгс суудлан дээрээ бадайрах, нуруу чилэх байдал анзаарагдаж эхлэсэн дээ. Дараачийн зогсоол хүртэл дахиад л 100 км өөрсдийн хурдаар буудлаа. Жавхлантөгс gravel дугуйтай дээрээс нь өөрөө мундаг дугуйчин харваа л алга болно доо. Би 200 км-т нэг зогсож селфидэнгээ юм уув. Миний хувьд дугуйн дээрээ юм уух шийдэлгүй байгаа нь дутагдалтай, заавал зогсож юм ууна. За тэгсэн улаан машинтай нэг нөхөр зогсоож сурвалжлага авах юм болоод, нэг гадаад нөхөр Хамарын хийд орж мөргөх гэж байгаа, биднийг бас тэгэхүү энэ тэр гэж хэл ам сугалах шахаж намайг нэлээн саатуулав. Жийлтээ үргэлжлүүлсээр Чойр дээр ирэхэд эхний хүнээс 15 минут хоцорч ирэв. Гэрээс гарснаас хойш харсан дундаж хурд 31 км/цаг минийх, эхний хүнийх 33 км/цаг гарсан байлаа. Салхи араас бага зэрэг цастай сайхан жийсээн. Чойр дээр биеэ анзаарахад нөгөө бадайрсан чилсэн байдал нэмэгдсэн боловч ядрал гайгүй л санагдаж байлаа. Өвдөгний тойгны хуудас шөрмөс жоохон хөндүүрлэж эхлэв.

Хооллож амарч аваад Чойроос дараагийн зогсоол Айраг сум гээд дахиад л уралдах шахуу жийцгээлээ. Энэ 100 км-т би эхний хүнээс 20 минут хоцров. Энэ хооронд нэг ах маань өвдөгний шөрмөсний гэмтэл нь өвдөөд машинд суусан байлаа. Ингээд үлдсэн 10 дотроо 52 настай би хамгийн ахмад нь болов. Эхний хүнээс 20 минут хоцрон Айраг дээр ирлээ. Энэ замд салхины чиг хажуугаас хөндлөн салхитай байлаа. Айраг дээр үзэхэд дундаж хурд 30 км цаг болж яльгүй буурсан байв. Биеийн байдал нуруу айхтар чилж, салтаа аймаар өвдөж, гар аймаар бадайрч, өвдөгний шөрмөсний өвдөлт нэмэгдсэн байсан ч би ганцаараа ингээд байна уу гэтэл манайхан бас л өвдөг дээр өвдөлт мэдэрч л байгааг сонсоод тайвшрав. Гэхдээ хамт яваа нөхөд ч бүгд л тэсвэр тэвчээрийн туйлууд л даа.

Хотоос авч гарсан хоолны үлдэгдэл Айраг дээр идээд дуусав, сайн цадаагүй боловч гайгүй биз гээд энэ чигээрээ хөдөллөө. Энд нар шингэж байсан болохоор аюулгүй алаа бодоод уралдахаа больж цувааны зохион байгуулалтанд орох чиглэл аваад хөдөллөө. Үлдсэн 125 км гээд юу байх вээ л гээд хөдөлсөн. Гэвч салхи үндсэндээ зогсоод салхигүйд дундаж хурдаа 27км/цаг дээр бариад бөөнөөрөө жийв. Харанхуй ч болов. Гэрлээ асаагаад л харанхуйд өгсүүр уруу мэдэгдэхгүй жийгээд л байлаа, ер нь бол Сайншанд руу алгуур өгсүүр байгаа нь мэдрэгдэж байсан. Гэнэт л өлсгөлөн мэдэрч гэдэс хоос оргиж биед ядралт айхтар мэдрэгдэж эхэллээ. Ашгүй 80 км дээр зогсохоор ярьсан байсан дээр зогслоо. Багийнхандаа би үнэнээ л хэллээ. Гэтэл бүгд санаа тавиад өндөг, печень, хүлхэх чихэр энэ тэрээр намайг бордлоо. Халуун саванд авсан цай бүр үнэн сэргээж байв. За ингээд цаашаа хөдөллөө. Өө бүр овоо гайгүй сэргээд ирсэн.

Зураг 7. Аялагч гишүүн А.Отгонбаяр аяллын барианд орлоо

Сайншанд гэсэн хаалганы бараа харуутаа нөгөө цуваанд явсан залуус маань барианд орж байгаа мэт finish хийцгээж байдаг шүү ккк. Хаалга дээр ирэхэд шөнө дундийн 00.00 цаг болж байв. Гэрээс гарснаас хойш 20 цаг гэсэн үг юм.  Угтах хаалганаас цаашаа Сайншандын төв ортол ёооё зам дуусдаггүй шүү. Хаалганаасаа Сайншанд нь бараг 20 км зайтай юмуу хайшаа юм, буудал хүртлээ бас л гүрийсэн лээ, ядаж байхад ямар ч их өгсөв. Аялал дуусч урьдчилж захиалсан буудалдаа ирэх хамгийн гоё юм билээ. Энэ бол өөрийгөө ялж аяллаа дуусгаж чадсан хамгийн гоё мэдрэмж. Энд үзэхэд дундаж хурд 29 км/цаг болж буурсан байлаа, нийт 463 км явсан байв.

Маргааш нь Ням гаригийн өглөө аяллыг дагаж явсан машиндаа унадаг дугуйгаа ачуулаад өөрөө автобусанд суугаад наашиллаа. УБ-т Тэнгэр плаза дээр ирэхэд дугуй ч удалгүй араас ирээд, дугуйгаа унаад гэртээ ирснээр аялал бүрэн өндөрлөв. Гэртээ ирээд хамгийн түрүүнд хийсэн зүйл гэвэл 00 орж сайхан хүндэрч байгаан хэ хэ, эхнэрийн хийсэн гоё хоолууд ёстой гоё. Харин хотод манай дүүрэг халуун усгүй угтдаг жоохон тийм. Орондоо сайхан унтаж амраад босч ирэх гоё байна. Гарны бадайрал сайн арьлахгүй хэдэн хуруу бадайраад л байна, бусдаар цоглог байноо. Бусад өвчин арилсан байна.

Сэтгэл зүрх бол аялалаа дуусгаж чадсандаа тун их баяртай байна. Энэ хувийн амжилтаа энэ насандаа мэдээж дахиж хийж чадахгүй. Насаараа ярих нэг юмтай боллоо ямар ч байсан хэ хэ. Энэ гайхалтай аяллыг зохион байгуулсан УУДАГ-таа маш их баярлалаа. УУДАГ маань уралдааны биш аяллын групп тул надад маш их таалагддаг бас их тохирдог юм.

УШТ гишүүн Э.Ууганбаярын аяллын тэмдэглэл
Уг нь би энэ аялалд явахгүй гэж байсан юм. Гэхдээ явах шийдвэрийг тулгаж гаргалаа. Аялал эхлэхийн урд шөнө бараг 23 цагийн үед. Аяллын урьд орой маргаашийн "мангас" замын нөхөддөө амжилт хүсээд байж байтал УТГ эгч Золоо "уг нь маргаашийн хол аялалд 1 машин дагавал зүгээр байдаг, минийх уурхайд явчихсан" гэх нь надад нэг юм хэлээд байх шиг санагдав. Угаас хол замд юу ч тохиолдоо билээ. Автомашин дагаж явах нь хаа хаанаа хэрэгтэй байдгийг мэдэх хойно нөхдийн санааг харгалзан хүлээж атал нөхөр Адъяа анд “чи явчаач, машин ямар ч байсан хэрэг болно” гэж байна. Ямартаа ч уржигдараас хойш хуйсагнасан тэнгэр маргааш бас хүчтэй шуурна, цас ч орж болзоогүй гэсэн дүгнэлт хийн нөхөддөө тусалж явахаар зөвшөөрлөө.

Өглөөний аяллын гараа эхлэхэд цаг гарангийн хугацаа үлджээ. Жаахан нойр авдаг юм бил ү? гээд хэвттэл. . .  давхийн өндийж цагаа харвал 4 цаг гозойж байдаг шүү. Ийнхүү яаран гэрээс гарч хотын замаар хурд мэдэн урагшилсаар гэрлэн дохио багатайг нь бодож уулын зам, Налайхын замаар явсаар Хоолтын давааны наад талын түгээгүүрээс машинаа цэнэглэж аваад хөдөлтөл сүүлийн хүн хоолтын наад энгэрийг өгсөж яваатай таарав. Гадаа хүйтэн салхины хүч омголон агаад ширүүн байна. Нар мандах агшинд угаасаа л иймэрхүү байдаг даа. Замд Хоолтын долгиолсон өгсүүр урууг торолгүй давцгааж байна, араас манай улаан ба шар тэмдэгт гишүүд гаргаж өгөхөөр мөн айсуй. Өнөөдөр тэнгэрийн ааш эвдэрсэн өдөр шиг үүлс ууртайгаар хурдалж уулс талбиухан үдэж байгаа нь хүүгээ эрдмийн замд үдэж буй ижий аав шиг л.... Даваа нэлээд уруудаж нөхдөө үдэж багахан цэнэг өгөөд манай хоёр буцлаа, дугуйчид ч нясалсан чулуу шиг засмал замаар нисэх адил шунгинан одоцгоож араас нь "цоож"-лон явсаар эхний таталт 150 км -ийн алсад Болор-1 хэмээх буйдхан газрын багахан тохилог цайны газар өглөөний ундаа ууцгааж дараагийн таталт "Чойр" - буюу 225 км, явах замынхаа яг дунд нь өдрийн ундаа ууцгаалаа, замд цасан шамарга үе үе харанхуйлж, үе үе намсана, бас хааяа хэдэн ширхэг бороон дуслаар шавхуурдсаар л байлаа.

Энэ үеэс нөхдийн эрч хүч багахан суларсан харагдаж байсан ч хэвээрээ байгаа нь царайны давилуун өнгөнөөс харагдсаар тэд ч урагшилсаар авай. Салхины хүч бага зэрэг суларчээ. Өөр өөрсдийн хөлийн хүчээр өөр хоорондоо 20 орчим км-ийн алсын зайтай байна. Дугуй унамаар авч тэдний нэг нь ч сольж унах санаагүй харагдаж байгаад нь шамдаж хэлж үзсэнгүй, Шанд Говийн аараг бор толгодын алсын өгсүүр уруу гүвээнүүд суларсан нэгийг бяцхан чангаах авч хүч буураагүй нь бахдал төрүүлж байлаа. Ер бол дугуйтай /тэнцвэр, тэвчээр, анхаарлаа дээд төвшний төвлөрүүлж явна/ явснаас машинтай нэгэн хэвийн хөшөө шиг суугаад л, эвшээгээд л явахад илүү ядардаг юм шиг санагдсан. 410 дахь км-ээс эхлэн хоёрын цуваанд багаараа үлдсэн 50км-ийг өлхөн туулан шөнийн 00 цагт Дорноговь аймгийн төвийн "хаалга"-ы дэргэд ирцгээлээ. Эндээс аймгийн төвийн гэрэл дэргэд байгаа юм шиг харагдаж байвч, алсын өгсүүрийн нугачаанууд дуусахааргүй урт юм шиг л.

Маргааш өглөө Замд бидний олсон гэх үү, биднийг олсон гэх үү, "УУДАГ" нэртэй бор ишиг харуй бүрийгээр өлссөн ч юм уу даарсан ч юм уу өрөөгөөр нэг майлан бэдэрч бүхнийг дуг нойрноос дугтран сэрээлээ. Бидний хэдэн нөхдийн урьд шөнийн их замын алжаал арчсан тэнгэр мэт арилан одсон байлаа. Өнөөдөр бол амралтын өдөр, орой зарим нь уурын тэргээр, зарим нь автобусаар, зарим нь ирсэн машинаараа их хотын шуугиант амьдрал руугаа жолоо залахаар эглээ. Жич: Миний дугуйтай хамгийн хол явсан нэг өдрийн зам 350км байсан, өглөө нар мандахаас орой жаргах хүртэл. Түүнээс бараг 100км илүү замыг эвхэж чадсан та нартаа баярлалаа. Бас баяр хүргэе.

УШТ гишүүн О.Адьяагийн аяллын тэмдэглэл
Хурд хэмжигч дээр нэг нэг метрээр туулсан замын урт нэмэгдэвч 450000 метрийг ийн тоолж дуусгана гэхээр ядарч цуцах тусам бүтэшгүй зүйл мэт санагдана... гэвч дугуй унаснаар юу сурдаг гээч энэ бол тэвчээр. Зүгээр хэвтэж байгаад 450000 тоолоход хэр хугацаа орох вэ? Мэдээж мэдэхгүй ийм залхмаар зүйлийг хэн нэгэн хийхийг бүр бодохыг ч хүсэхгүй биз, гэхдээ УУДАГ-ын мундаг залуустай энэ бэрх давааг хамтын хүчээр давсан тухай, байгальдаа уусан шингэж түүний аугаа их хүчийг ашигласан тухай доор өгүүлье.

Хүний ажил гэдэг хийх тусам хоолойд тулж байдаг хойно миний ажлууд дутахгүй гэсэн үү яасан нэг мэдсэн жийх ч завгүй болгоод сар болчихож, ийн завсарлаад нөгөө Форм гэгчээ тайлж хаячихаад уулын мухарт бараг алмас болчихоод, мишээсэн дагина шиг хотдоо иртэл хаврын салхи урин дуудаж буй мэдээг цаг агаарын мэдээнээс олж харлаа. Бүүр түүрхэн чихний үзүүрт Чойрын гэх үлгэр домог шиг яриа аялал болгон дээр дурсагдсаар энэ аялалд нэг явж үзэхсэн гэх хүсэл алгуур урган бий болсон байлаа. Тэгээд цаг агаар харах болгондоо урд зүгрүү салхи яаж байна гэж хардаг дон туссан гэхэд хилсдэхгүй болсон байв. За тэгээд баярт мэдээгээ Хамт Жийх үү гэх чат руугаа шидэж орхиод хүлээж байтал, би бас ганцаараа анзаарсан биш нилээд хэдэн хүн над шиг далд хүсэлтэй бүр цаашаа ахиад энэ аяллаа Сайншанд хүртэл ахиулах шийдвэр  гаргасан байлаа. Миний явуулсан цаг агаарын мэдээний зураг энэ нуугдмал хүслийн галыг өрдөх оч болсон байв. За тэгээд хүн бүхний хүлээдэг алдарт аяллын зар гарлаа даа. Аялана гэнэ, бүр 225 км биш 450 км.

Эргэлзэж тээнэгэлзгүйгээр бүртгүүлж орхилоо. Эхнэр бас ойр тойрны хүмүүс “чи ч болдог өдрөө явах нь дээ” гэж үгээр иднэ. Гэхдээ боль бай гэж хэн ч хэлсэнгүй. Угаас үгэнд нь орохгүй “тэнэг” гэдгийг мэддэг болохоор энэнтэй юу ярихав гээд тоохгүй байх шиг. Бас нөгөө ажил гэдэг зүйл намайг юу гэж орхихов ахин нэг тайлан бичих шаардлагатай болов. “Надад тулах цэг өгвөл, би дэлхийг өргөе” гэдэг шиг хагасайны аялалдаа явах гэдэг тулах цэг дээр зогсон 2 өдөрт ажлаа жин тан болгож аваад, аяллын цэг дээрээ үүрийн 4 цаг гэхэд нэг мэдэхэд ирсэн байв.

За тэгээд угаас формоо тайлчихсан хүн чинь, байгаа хүчээ аль болохоор зөв тохируулан жийнэ дээ гэж бодсоор алгуур жийн нөхдийн бараа нөмөрт хорогдон аялалдаа гарлаа. Араас түрэх хаврын сүүлийн, зуны эхэн сарын анхны өдрийн зүггүй салхи багахан орох цасыг туун тоглож нэгэн үзэсгэлэнт зургийг танил дотно Налайхын гэх тодотголтой зам дээр зурж байлаа. Эрт эхэлсэн аялал зүүд шиг өрнөсөөр хэзээ энд ирчихвээ гэж гайхмаар хурданаар Хоолтын даваа өөд өгсөж байтал “диа диа” гэсэн танил дуу сонсогдов. Эргэн хараад гараараа Like үзүүлээд үдэн гаргагч хоёртойгоо мэндлэв, бас биднийг цоожлож арын албыг маань хариуцахаар өөрийн амралтын нэгэн өдрийн үнэт цагаа зарцуулахаар ирсэн анд маань ирж мэндлэв би бас Like аа үзүүлэн мэндлэв. Энэ анд нөхрөө ирээсэй гэж их хүлээж байсан тул ирсэнд ихэд сэтгэл огшин хүч ороод нэгэн амисгаагаар эхний даваагаа гялс давчихлаа. Салхины нөмөр нөөлөгтэй давааны доохон газар үдэн гаргагч 2 оороо дайлуулж халуун цай, дулаан сэтгэлийн илчинд хүйтэн өдөр бүлээцэж аваад цааш хөдлөлөө.  Ингээд салхинд туугдан нэг мэдэхэд 100, хоёр мэдэхэд 200, гурав мэдэхэд 300 км явсан байв.

300 дахь км ээс салхи эргэн эгээтэй яг надруу, зөвхөн миний өмнөөс салхилаад буй санагдаж эхлэв. Цэлийсэн талаар жигтэйхэн урт хүзүүгээ сунган хэвтэх тэмээ шиг энэ зам дуусахгүй мэт, хүний бараа сураггүй болсон тул жигтэйхэн ганцаардаад цаашаагаа явах шинжгүй болоод, гиюүрэн жийж явтал  араас нэг нөхөр маань гүйцэн ирэв урдаа гаргаж аваад хүний бараатай болоод цааш явлаа. Бидний арыг хариуцаж явсан анд маань яг надруу салхилах салхитай үед тосон ундаа идээгээр дайлан хүч сэлбэж өгөөд одоо ойрхон 9-хөн км яваад хооллож амрах цэг бий гэж хэлж сэтгэлийн үзүүрт 1000 лаа асааж өглөө. Энэ асаасан лаатай хамт жийх нөхрийн сонирхолтой яриаг сонсон жийсээр 9 км ээ дуусган “Айраг” гэх ангаж цангасан миний араа соёоны шүлсийг гоожуулам нэртэй газар ирж Цуйван гэдэг хоолыг ууж үзүүлэн зарим хүний нүдийг орой дээр нь гаргаад амжаатхав.

За тэгээд олон тоонд сайн хүмүүс явсан болохоор үлдсэн замд 3 удаа амарвал яг таарна гэсэн тооцоог миний хоол идэхээс хурдан шийдээд цааш хөдлөлөө. Хуурай хоолыг уусан хүн чинь нөхдийн салхинд суун замыг эвхэж гарлаа. Нөгөө хурд хэмжигчийн дэлгэцэн дээрх тоо чинь мээтр мээээтрэээр нэмэгдэн нүдэн анзаарагдаад ядрах тусам улам удаашраад, надаас бусад нь улам хурдлаад буй мэт санагдаж эхлэв. Гэхдээ бүгд л ядарч бүгдэд нь над шиг сэтгэгдэл төрж байсныг сүүлд мэдсэн л дээ6

Хоёр дахь төлөвлөсөн амралтаа хийж байхад очих хотын их гэрэл алсад цайран хөөрхөн харагдаж эхлэв. Нэгэнт наран авхай жаргаж, саран эгч амарсан тул тас харанхуй. Ийм үед өгсөөд ч байгаа юм уу, уруудаад байна уу мэдэгдэхгүй тул ёстой “зүгээр л жийж” эхэллээ дээ. Нөгөө шүдний өвдөлт шиг хурд хэмжигчний тоогоо аль болохоор харахгүй байхыг хичээн цуваан дахь байрлалдаа анхаарлаа төвлөрүүлэн, урд зүгээс ачаа зөөх аврага машаануудын гэрлээс нүдээ хамгаалан явсаар Сайншанд хотын хаалганы барааг хараад авав. Гэтэл гишүүд маань урагшаа хаалганы барааны зүг сугаран жийв би бас зорьсон газраа ирчихлээ хэмээн сэтгэж, хөших хөндүүрлэхээ үл тоон эцсийн хүчээ шавхан араас нь буудав.

Зураг 8. УШТГ О.Адьяа аяллын барианд орлоо

Хаалга мөн үү, биш үү гэж өөрөөсөө хоёр удаа хажуудах хүнээсээ гурван удаа асуун жийсээр очтол, яаааг мөөн намайг хүлээгээд аргагүй л үнэтэй эд чинь жигтэйхэн сүртэй дүнсийж байваа. Хаалган дээрээ ялсан баатрын дүрээр зургаа даруулж аваад, за хот хажууханд биздээ гэсэн шүү юм бодон цааш жийтэл, байдаггүй дээ Сайнншанд чинь биднээс зугтаад цаашаа нүүчихэж хэ хэ. Жийгээд л байлаа жиийгээээээд л байлаа байдаггүй дээ ихээ хол нүүж нүүх нүүхдээ. Би явж байна Бээжин сууж байна гэдэг шиг нүүсэн хотоо гүйцэн ирээд, “энүүхэн энд буух буурчийн газар бий” гэж сонсов уу үгүй юу миний дугуй бууж өгөөд хий нь сулран шалчийгаад өглөө. Хөөрхий анх удаа ийм хол явсан дугуй минь аргагүй ядарч цуцаад ийм зан гаргав бололтой. Миний бие дугуйтайгаа барьцан энд тэндээ чилж хөшин өвдөхөө бас мартсангүй. Тэндээс тавхан алхмын газар андын машаанд ачуулан уруудаад амрах газраа ирлээ.

Мэдээж унтах идэхдээ уургын морь шиг би чинь сайхан амраад авав. Буудал захиалж өгсөн эгч, аяллын турш 30-40 км/цаг ийн хурдтай гэлдрэх хүндхэн нойрны ажлыг хийсэн анд, салхи авч оройлон жийсэн 2 нөхөр, нэг баг болж хамт аялсан бусад андууддаа, аан нээрээ тийм сайн ядарсан өөртөө талархаад ханашгүй. За тэгээд удахгүй зам дээр уулзацгаая нөхдөө.

УШТ гишүүн Б.Жавхлантөгсийн аяллын тэмдэглэл буюу Би-гээс Бид
Эхлэл
Эргэлзэж эргэлзэж gravel дугуйгаараа явах шийдвэрийг аяллын өмнөх орой ажил тарж ирээд л гаргалаа.
Учир юу вэ гэвэл уулын дугуйн 36 шүдтэй том хүрд элэгдсэний улмаас хүч гаргахаар мултраад явахаа больсон бөгөөд бүтэн сар шахуу хайгаад тохирох хүрд олдоогүй тул 32-той хүрд тавиад ажил гэрийн хооронд шалчигнуулан аргалж байгаа билээ. Маргаашийн аялал дан засмалаар, салхины уруу явах тул 32 шүдтэй хүрд, 11 шүдтэй араагаар явахад араа ханаад явахгүй дээ гэж мэдэж байлаа. Энгийн өдрийн аялалд бол хамаа алга яваад ирж болно. 450 км 24 цагт туулах аялалд бол бүтэхгүй нь тодорхой. Эргэлзээ үүсгэж байсан учир нь салхи, шуурганд өндөр хурдаар явахад уулын дугуй, түүний торомз түшигтэйдээ гэсэн ганц л том шалтгаан байлаа. Ингээд сонголтгүй сонголт болсон грэвел дугуйтай явахаар болов. Энэ дугуйтайгаа өмнө нь нэг л удаа 100 км-с дээш аялсан. Ер нь бол яг дугуй бид хоёр уусан нэгдэж нэгэн цул болоогүй болохоор айдастай л байна.

Аяллын бэлтгэлээ хангаж дуусаад 03:00 цагт сэрүүлэг тавиад 22:00 цаг өнгөрөөд унтахаар хэвтэв. Дэрэн дээр толгой тавиад л сэрэх шиг болов, цаг харвал 02:05 болж байна. Хэсэг нүдээ аниад хэвтэх унтах гэж оролдов, нэгэнт сэргэсэн нойр буцаад ирэх шинжгүй тул босоод гэр гийгүүлэгчийнхээ бэлдэж тавьсан хоолоо идээд сэрээчихгүйг хичээн чимээгүйхэн юм хумаа хамаад гарч явлаа.
Болор
03:45-д Дүнжингарав худалдааны төв дээр очиход Ожго ах, Ганаа 2 түрүүлж ирээд хүлээж байна. Төд удалгүй манайхан нэг нэгээр цугласаар аяллын баг бараг бүрдэв. Бараг гэдэг нь Отгонбаяр ах л ирээгүй байв. Юу болсон юм бол гээд утсаар залгаж үзтэл авсангүй. Ингээд яг цагтаа буюу 04:00 цагт аялал эхэллээ. Налайх хүртэл өөрсдийн темпээр жийж гарлаа. Налайхын Оргил хүртэл дан өгсдөг бөгөөд энэ бол миний явахаас халширдаг чиглэлүүдийн нэг билээ. Цуглах цэгт очих гэж л хамаг байдгаа шавхах шахан очдог сон. Энэ удаад араас салхи түрээд юу юугүй л ганцхан цаг хүрсэн үү үгүй юу хөнгөхөн жийгээд хүрээд ирлээ. Утсаа хартал Отгонбаяр ах баахан залгажээ. Зөрүүлээд залгаад асуутал ойрхон ирж явна гэнэ. "Ойрхон ирж яваа гэнээ, та хэд явж байгаарай араас чинь хамтдаа гүйцээд очъё" гэж админд хөдлөхөд нь хэлж амжлаа. Адьяатайгаа хамт хүлээв. Тун удалгүй гурвуулаа болж аваад урд яваа багаа гүйцэхээр араас нь нэхэн хөөлөө.

Хоолтын өгсүүрт багтайгаа нэгдэж аваад цааш Хоолтын давааны эхний өгсүүрт жийж явтал араас бидний аялалд дэмжлэг үзүүлэхээр Ууганаа анд машинтайгаа гүйцээд ирэв. Явдал дундаа мэнд мэдэлцээд Хоолт даваад нэг контейнер байгаа тэнд татаарай гэж админ хэлсэн байсан тул цааш жийв. Нэг их удалгүй гаргаж өгнө гэж урд орой хэлж байснаараа Баттөмөр ах, Цолмон эгч 2 мөн л гараараа далласаар гүйцээд өнгөрлөө. Хэсэг яваад урдхан талд манай машинтай хэд зогсоод хүлээж байна. Таталтын цэг хүртэл зогсож саатах санаа байгаагүй тул эрчиндээ жийгээд л өнгөрлөө. Хоолт дээр гараад нөгөө контейнероо хайж эхэлтэл аль хэдийн шатаад, хогийн цэг болсон байлаа. Ойрхон явсан Галаатай явдал дундаа зөвлөлдөөд тээр жил Багахангайгаас нааш бөөндөө нээх айхтар салхи сөрөн жийж явахдаа түр амь хорогдон нөмөрлөж байсан хураалттай бетон ойрхон байгааг санаад тэрийг хэлсэн байх гэж бодоод буудчихлаа. Энэ урууд 73км/цаг хурд гаргасан байв. Хоёр жилийн өмнө байсан хураалттай бетонууд алга болжээ. Ямар ч байсан энд хүлээе гээд зогсож байтал машинтангууд ч гүйцээд ирлээ. Замаас гараад машинд сууж тэдний авчирсан халуун цай, боорцог идэн сууцгааж байтал баг дахин бүрдлээ.

Ийнхүү гаргаж өгөхөөр ирсэн ах, эгч хоёртойгоо эндээс салах болов. Дараагийн таталтын цэг Болор гэх цайны газар гэсэн команд аваад хөдлөв. Буудсаар байгаад юу юугүй л Багахангай дүүрэг, Баян сум өнгөрөн Болор ресторанд 08:00 цаг гэхэд хүрээд ирлээ. Энэ хүртэл бид 125 км туулжээ. Нэг цаг тухалж өглөөний цай ууж аваад 09:00 цагт дараагийн таталт Чойр гэсэн командаар хөдлөв.
Чойр
Жинхэнэ өөрийн темпээр жийнэ гэдгийг үзүүлж явна. Болор дээр хооллож суухад админ ах нэг их шатаж жийгээд хэрэггүй, хөнгөхөн эргүүлээд явахад 35 км/цагийн хурдтай явж байвал тэгээд л яваад байгаарай 40 болгох гэж битгий шунаарай гэж бүгдийн дунд сануулан захиж байсныг санаж явлаа. Ерөнхийдөө өмнө нь 2020 онд салхи уруудан энэ чиглэлд аялсан аяллын цагийн графикийг санаж байсан тул ямартай ч өмнөх графикаас хоцроогүй яваа юм байна даа л гэж бодож явав. Чойр дээр эхний хүн 14 цагт очиж байсан гэж сонсож байсан. Болороос хөдлөөд 50 км яваад Оорцог гэх гэр буудал дээр түр зогсож зураг дараад, усаа уугаад хөдлөв. Ер нь бол салхи дугуйчин хүний дайсан гэдэг, энэ удаад бол бүр найз, хөхүүлэн дэмжигч болж байгаа нь сонирхолтой.

Цааш жийж явтал цас шуурах маягтай бүүдийгээд явчихав. Грэвел дугуйндаа одоо нэгэнт дасжээ, явах тусам л тухтай болоод байна. Бие чинь л дийлдэг юм бол хаа ч хүргэнэ дэ чамайг гэсэн шиг нисэж байна. Дахин 50 км яаж ч өнгөрсөн юм бүү мэд ганцаараа дотоод хүнтэйгээ ярилцан элдвийг тунгаан явтал нэг мэдэхэд л Чойр дээр 12:00-д ороод ирлээ. Чойрт ирснээ баримтжуулж зураг даран мэдээ хүргэчхээд зааж өгсөн хоолны газар хүлээж суутал дараагийн хүн болох Галаа маань 10 минутын дараа ирэв. манайхан ч цувсаар бүрэн цуглав. Хооллож байтал Ожго ах ядраагүй биз дэ хүчээ гамнаж яваарай гэв. Хэмнэсээ хүч чинь Айрагаас цааш хэрэг болно шүү гэнэ. Цаашаа цуваанд салхи аваарай гэж байгаа нь тэр. Сайхан хооллож ундалж хангалттай амарч тухалж аваад 13:50-д цааш хөдөллөө. Энэ удаад дараагийн таталтын цэг Айраг гэсэн командтай.
Айраг
Дотор нэг л бодол бодогдоод байв. Сайншандад 23:50 цагаас өмнө буюу хот руу буцах вагон хөдлөхөөс өмнө амжиж очих болов уу гэсэн бодол. Амжиж очсон ч оройдоо суухгүй Сайншанд хотод амраад маргааш орой 19:40 цагийн вагонд суухаар төлөвлөцгөөж билетээ захиалж, буух буудлаа хүртэл захиалчихсан хүмүүс шүү дээ. Оройны Замын-Үүдийн вагонд суухаар очиж болох эсэхийг л үзчихмээр бодолд дарагдаад яваад байсан хэрэг. Цааш 3 цагийн турш огт зогсолгүй явдал дундаа 600 гр ус уун 100 км туулан Айраг суманд хүрч ирэхэд 17:00 цаг болж байв. Энэ хүртэл 325 км зам туулжээ. Тэгэж байтал арын хүн маань 25 минутын дараа хүрээд ирлээ. Тэр хүн нь Отгонбаяр ах. Юу вэ энэ чинь 50 гарсан хүн шүү дэ. Замыг жинхэнэ эвхэж жийжээ. Энэ хүн чинь явах тусам бие нь чангараад залуужаад байна уу да. Би дотроо Галаа юм уу, Адьяа л орж ирэх байх гэж хүлээж суусансан.

Сумын төв орж цайны газар хайж яваад олсонгүй. УДА чат дээр харин нэг гишүүн төв Айраг руу оролгүй Сайншанд орох төв замаараа явж байтал 1 км яваад цайны газар байдаг тухай мэдээлэл өгөв. Заасан заавраар яваад очтол үнэхээр байж байна шүү. Админд цайны газар олсон тухай мэдээлэл өгөөд арын хүмүүсээ ирэхээр халуун цайтай угтъя гэж бодоод нэг халуун сав цай аван өөрийн авч гарсан цуйвангаа гаргаж ирэн идэж суулаа. Манайхан ч төд удалгүй цувсаар бүгд цугларлаа. Одоо дахин 125 км дутуу. Яг саяны явдлаараа, арай аажуухан явлаа гэхэд 4 цагийн дараа Сайншанд орчих юм байна даа гэж бодож байлаа. Админд тэр талаар хэлээд орхив. Санаа нь буудаад орвол орчих гэж хэлэх болов уу л гэж горьдож байгаа царай нь. Тиймээ энэ хүртэл сануулсаар байхад нь шатаж, хувийн цагийн амжилт хөөн жийсэн байжээ. Сануулаад байхад нь л шатаад жийж байж. Эндээс цааш багаар явна гэж хэлэх хүртэл буудчих гээд л байсныг яана. Айргаас цааш харанхуй болох тул эрсдэлтэй багаар явна гэж аль Чойр дээр байхад л сонссон байж л буудаад хэдэн цагт орохоо үзмээр санагдаад байсныг нуугаад яах вэ. Аажуу уужуу цайлж, хооллож аваад 19:30 гэхэд цааш Сайншандын зүг хөдөллөө. Шийдвэр нэгэнт гарсан үүнээс цааш багаар явна. Ингэж л нэг би биш бид гэсэн аяллын темпдээ орж бие минь номдоо орсон доо.

Зураг 9. УШТГ Б.Жавхлантөгс бариан дээр.jpg

Сайншанд
Одоо бидний зорилго үүрийн 04:00 цагаас өмнө Сайншанд хотод бүтэн багаараа очих. Галаатай хамт урд салхи авч явах болов. Үнэндээ салхи авах ч гэж урагшаа хүмүүсээ гаргаж бутаргаж тараачихалгүй урд нь цоожилж л явав. Аяллын баг ерөнхийдөө хүчээ алдаж суларсан тул дараагийн таталт 40 км яваад татах болов. Салхины хүч сулраад бараг тогтуухан болсон байв. Урд хойд гэрлээ анивчуулан өгсөн уруудан цуваагаар явсаар 40 км зам туулан эхний таталт хийх 365 км-ын шон дээр ирлээ. Түр амс хийж хүч чадлаа сэлбэж аваад цааш хөдөлцгөөв. Эндээс хөдөлгөхөд өмнө огт өвдөж байгаагүй зүүн өвдөгний нүд нугалах тоолонд час час хийж эхлэв. Зүв зүгээр явж байснаа сая түр зогсоод хөдлөхөд л өвдөөд эхлэв. Халсан байсан үе гэнэт зогсож даараад л тэгсэн болов уу гэж хувьдаа оношилж байв.

Цааш жийсээр дараагийн таталтын цэг хүртэл 405 км-ийн шон руу хөдлөв. Эндээс хөдлөхөд салхи араас дахин үлээж эхлэв. 400 км орчим явж байхад араас Мөнхбат 5км-р ахиулаад 410 км шон дээр таталт хийх санаачилга гаргав. Олноос санал асуувал эсэргүүцэх хүн байгаагүй тул 410 хүртэл яваад татав. Энэ баярт үйл явдал тохиолдсон нь Сүхбат, Ган-Очир 2 хөх тэмдэг, Адьяа улбар шар тэмдгийн болзол хангасан явдал байв. Админ тэмдгээ гардуулж бид баяр хүргээд цааш хөдлөв. Одоо 40-хөн км яваад зорьсон цэгтээ хүрнэ. Нөгөө цаг маг ч хамаагүй болов 04:00 цагаас өмнө очих нь тодорхой л гэж бодсон кк. Хэсэг амс хийж хүчээ сэлбэсэн залуус цааш замдаа гарлаа. Дахин 40 км шууд жийх боломжгүй болж байна 20 км яваад татая гэсэн санаачилга хэн нэгнээс гаргаж байна. Ок 20 км юухан байх вэ жийж л орхино. 20 км дөхөх үед Шандын хаалга цайраад харагдаад эхлэв. Хаалга хүртэл гүрийх үү гэвэл тэгье л гэцгээж байна.

Тэгтэл Отгонбаяр ах миний зүүн гар талаар орж ирээд 3 эгнээ болгоод урсгал тусгаарласан цагаан шугам даваад нэг л эвгүй яваад байхаар нь та урд ороод явчихаа гээд жоохон арагш суугаад өгтөл ах ч урагшаа гараад явчихав, хажуугаар Адьяа юу болсон юм гэмээр бас баруун гар талаар сүр гээд л жийгээд гарав. Тэр бол сүүлийн 100 км цуваан яваад чилсэн биеийн чилээгээ гаргах гээд тарласан нь байх. Тэгсэн чинь Сүхээ өө уралдаад байгаа юм уу гэж асуух, санал болгох хооронд хэлэнгүүтээ Галаатай хоёулаа буудчихав. Энэ явдал бараг 5 секундэд л өрнөсөн байх. Юм бодож амжилтгүй рефлексээрээ нөгөө өвдөж байсан өвдгөө ч мартаад тэр дөрвийн араас буудаж эрчээрээ 2 км орчим жийгээд хүсэн хүлээсэн Сайншандын хаалган дээр хүрч ирэхэд цаг шөнийн 00:00 зааж байлаа. 430км жийж ирчихээд хурд хурд хийн уралдаж л байдаг бас л зүгээргүй хүмүүс шүү. Дурсгалын зураг татуулаад захиалсан байр руугаа яаран хөдөлцгөөв.

Өмнө нь нэг удаа машинаар Сайншандад ирэхэд хаалга нь аймгийн төвөөсөө нилээн хол байдаг юм байна да, мөн жоохон өгсөж очих юм байна даа гэдгийг аяллын маршрут дээрх рельеф дээрээс анзаарч харсан тул сэтгэл зүйн бэлтгэлтэй л байлаа. Үгээ баран сүхээ ишлэн, ёстой л хүрээ гэдэг хол юм хүний амь бөх юм гэдэг шиг жийцгээсээр Сайншанд хотод ирснээр бидний аялал амжилттай, зорилгоо 100 хувь биелүүлснээр дуусав. Энэ хүртэл жийж зорилгоо биелүүлсэн залуусаараа бахархаад ханашгүй. Зүгээр л жии…

Энэ аяллаар Хөх тэмдэгийн болзол хангасан гишүүн Б.Сүхбатын аяллын тэмдэглэл

Зарлагдсан байсан аялал гэнэт цуцлагдаж өөр аялал зарлагдах тухай шуум чих дэлсэв. Үнэндээ манай туршлагатай аялагч нар бол цаг агаар болон салхины чигийг баримжаалан нөгөө алдарт аялал байх гэсэн таамаг дэвшүүлцгээв. Би ч яахав алдарт аяллыг нь сонсож байснаас өөрөө явна гэж мөрөөдөж ч үзээгүй байсан хүний хувьд аяллын веб рүү орон F5 товчлуурыг хаяа хаяа даран мэдээлэл шинэчлэгдсэн эсэхийг шалгаж байлаа. Гэтэл мэдээлэл шинэчлэгдсэн байна шүү. УБ-аас Сайншанд 450км 24 цагийн дотор гэж уншсанаа цуглах цэгийг (Дүнжингарав худалдааны төвийн урд) хараад л нээх юм бодолгүй бүртгүүлж орхив. Аяллын зар оруулсан админы дараа хамгийн түрүүнд шүү. Тэгээд л бүртгүүлсний дараа үе үе туулах зам болон өөрийгөө чадах эсэхэд эргэлзсэн бодлууд тасралтгүй орж ирж байлаа. Ер нь энэ бодол аялал эхэлтэл бүүр аялал дуустал надаас салаагүй юмдаг.

Аялал үүрийн 4 цагаас эхлэх байтал би шөнийн 1 цаг гэхэд унтаагүй л байва. Гэтэл 4 цагт эхлэх аялалд оройтлоо гэхэд 3 цагт босохгүй бол болохгүй гэхээр 2 цагийн л нойр авах боломжтой байхад нойр хүрэхгүй л байлаа. Гэвч унтах ёстой. Сэрүүлгээ тавиад нүд анилаа, сэрүүлэг дуугарлаа ямар ч байсан босоод ирсэн. Явж чадах уу гэсэн бодол одоо ч байсаар, ийм бага нойртой ийм урт замыг чи туулж чадах уу гэж дотроос асуугаастай.

Нэгэнт боссон хүн аялал эхлэх цэг дээр ирэхэд хамт аялах гишүүд маань ихэнх нь ирсэн хүлээж байв. Аялал эхлэх цаг ч боллоо. Админ мориндоо команд өгч би ч цуг жийж эхлэв. Өглөөний агаар болоод сэрүүн мэдрэмж сайхан яг жийж болмоор. Хөдлөөд хэсэг яваад эргэж хартал манай зарим гишүүд ганц нэг ирээгүй гишүүдийг яав ийв хэмээн утас цохин ард хоцорсон байлаа. Яг энэ мөчид харснаа админд хэлэв манайхан хоцорчихож ээ гэхэд олон хүмүүсийн ая тал болон хэзээ цуглахыг нь хүлээвэл тухайн аялал цагтаа эхлэх боломжгүй. Тиймээс аяллыг цагт нь эхлүүлээд хөдлөх хэрэгтэй. Манайхан яахав аялал дөнгөж эхэлж байгаа учир хойноос гүйцээд ирцгээнэ биз зүгээр гэхэд эндээс бас л амьдралын нэг сургамж авсан сэтгэгдэл төрж байв. Яг энэ зарчим зөвхөн аялал дээр ч биш амьдрал дээр, ажил дээр, өөр асуудлууд дээр ч гэсэн маш их хэрэг болох байх аа цаашид.

Аялал эхлээд 1 цаг яваад Налайхын Оргил дээр ирцгээв. Миний хувьд маш хурдан. Өмнө нь энэ замаар зөндөө жийж байсан авч ингэж хурдан ирж байгаагүй. Админ араас ирээд үргэлжилүүлэн Хоолтын даваа уруудаад татна гээд жийж эхлэхэд тэндээс Хоолт хүртэл буудах нь тодорхой манайхан ч өөр өөрсдийн хэмнэлээр жийцгээв. Ийнхүү жийж явахад биднийг холын аяллаа амжилттай туулаад ирээрэй хэмээн үдэхээр манай аяллын УТГ Цолмон эгч, УШТГ Баттөмөр ах 2 машинтай хажуугаар зөрөв. Мөн бидний аяллын группын бас нэг чухал гишүүн болох машинтай дагаж явахаар ирсэн сэтгэлтэй мундаг залуу УШТГ Ууганбаяр даллаад зөрж өнгөрөв.

Хоолтын даваа өгсөж явахад иймэрхүү өгсүүр уг нь ийм амар байдаггүй дээ, аяллын ерөнхий төлөвлөгөөний чухал хэсэг болсон салхи бол үнэхээр нэмэр болж байна шүү гэж бодон даваа давж уруудаад эхний таталтын цэг дээр очиж зогсоход ёстой л хүчтэй салхи хийсгэх нь холгүй шавхуурдаж байв. Тухайн цэгээс  үдэж өгөхөөр ирсэн аялагч гишүүдийнхээ халуун цай, боорцог тэргүүтнээр дайлуулаад цааш хөдлөн дараагийн татах цэг болох Болор зоогийн газрыг зорив. Энэ хооронд заримдаа урд тасарч жийсэн хүмүүсийг гүйцэе гэсэн боловч уулын дугуйны 36-тай хүрд тэгэх боломжгүйг сануулж өөрийнхөө хэмжээнд яаж ч хурдан эргүүлсэн сэнсрээд байлаа. Ийнхүү алсран одох нөхдийн араас боломжит дээд хурдаар жийсээр Болор зоогийн газар ирэв. Яг энэ үед Болор зоогийн газрийн урд том машинууд зогссон байсан учир өнгөрч явахдаа хамт аялагч гишүүдээ зогссоныг анзааран буцаж эргэн жийх гэтэл араас үлээх салхийг тийм хүчтэйг умартсанаа мэдрэв. Юун эргэж харж жийх хамгийн хүнд араан дээр төвөггүй өнхөрч байсан хүн салхи өөд эргэн харж ганц ч эргүүлж чадалгүй дугуйнаас буухаас өөр сонголтгүй болж буун түрж зоогийн газрын гадаа очив. Уруудаж явахад заримдаа салхигүй болчихов уу гэж бодож байсныг яана.

Ийнхүү таталтын цэг дээрээ өглөө гэрээс авч гарсан адууны махтай цуйванг идэх гэснээ ер нь цаашдаа замд юу ч болоо билээ хоолны газар таарсан дээр нь хоол авч идье авч яваа хоолоо хадгалж байя гэж шийдэн хоол авч гэдсээ борлуулаад цааш аяллаа үргэлжлүүлэв.

Дараагийн татах цэг Чойр

Салхи бол яг л сайхан таарсан гэж бодогдсон. Учиргүй шороо шуурахгүй, үе үе цас хаялж, ганц нэг дусал бороо дусалж чийг үнэртээд, салхи араас боломжит таарсан хурдаар түрээд л жаргаж жийнэ гэж л тэр байх. Илүү шахаж жийх хүсэл байвч зам урт мөн админы хэлсэн үг 30км/ц хүрвэл 40км/ц хүргэх гээд байх шаардлага байхгүй. 40км/ц хүрвэл 50км/ц хүргэх гээд байх шаардлага байхгүй шүү. Тэгж явах юм бол чи замаа дуусгахгүй гэж хэлснийг санан ёстой л шааригдаж байлаа. Зарим газар зам үл ялиг нойтон гэтэл нэг хэсэгт 30-50м газар арай их устай зам таарах тэр мөчид яг эсрэг урсгалаар том машин зөрж таарав. Санаанд ороогүй байтал нүүр болон шил рүү шавхуурдаж байгаа юм шиг шороотой ус үсэрч шил халтайн зарим юм харагдахгүй болов. Тухайн мөчид толгойгоо жоохон сэгсчин шилэн дээр унасан шавартай усыг бага зэрэг урсгаад (гараараа арччихвал бүр загалтуулчихна гэж бодсон хэрэг) үргэлжлүүлэн жийж байх үед ахин бага зэрэг бороо орж шил угаан зам тодорч харагдан санаа зовох зүйлгүй болов. Ийнхүү явсаар дараагийн татах цэг Чойр дээр 12.40 цагт ирэхэд эхний хүн болох Жавхлантөгс ах ирээд 40 минут болж байна гээд сууж байв. Хамгийн сүүлийн хүн 12.55 цаг хавьцаа ирж бүгд цуглан хооллоод 1 цаг амраад хөдлөе гэж админыг хэлэхээр нь сууж буй сандал дээрээ 5-10 минут дуг хийгээд амжив. Энэ жоохон унталт бас л сэргээж байналээ шүү. Нээрээ Чойр дээр хоол ямар үнэтэй юм бэ? Хуушуур 2500төг (байдаг л нэг хуушуур), хоол нь бүр 17000 төгрөгөөс эхэлж байналээ (бас л байдаг л цуйван, гуляш гэх мэт хоол). Гэхдээ сайн хооллохгүй бол болохгүй гэж бодон авч идсэн л дээ. Гэрээс авч гарсан хоолоо хадгалсаар л...

Дараагийн татах цэг Айраг. Аялал үргэлжлэв.

Бүгд дор бүрнээ дугуйгаа шалган хөдлөхийг завдаж байх үед зарим нэг аялагчид маань аль хэдийн хөдөлчихсөн урд өгсүүр лүү өгсөж байдаг шүү. Тухай мөчид хөдөлж байсан аялагч нарынхаа бичлэгийг хийчихээд хамгийн сүүлд хөдлөөд ирж яваа хоёрыг бичих гэсэн арай л болоогүй юм шиг санагдахаар нь камераа тэр 2 руу харуулж байгаад тэндээс Ганаа, Мөнхбат 2 ирж байна гэж хэлчихээд өөрөө замдаа гарав. Ингэж яарсан шалтгаан нь эхний хүн даваа даваад алга болсныг мэдсэн тул гүйцэж очмоор санагдаад болдоггүй. Тэгээд хүсэлдээ дийлдэн араас нь нэг нэгээр нь баван /гүйцэд түрүүлэн/ махийтал жийлээ. Даваан дээр гарч ирээд хартал урд 4 хүн хоорондоо бас л хол зайтай. Ер нь бол 3 хүн харагдаж байна. 4 дэх хүн байгаа гэдгийг мэдэж байгаа боловч хамгийн түрүүнд явж байгаа хүний бараа харагдахгүй байлаа. Урд явж байгаа хүмүүсийг ээлж дараалан гүйцсээр махийж махийж хамгийн урд явсан аялагч гишүүнээ гүйцээд замын хажуу талын км-ийн шонг хартал бараг 25км тасралтгүй ажиллаж байж гүйцсэн байдаг шүү. Тухайн үед дэмий ч юм хийв үү гэж бодох шиг. Гэхдээ сайхан байсаан, санаа амраад л явчихаж байгаа юм чинь. Үүнээс цааш хурдаа бага зэрэг хасаад энгийн горимоор жийж эхлэв. Гэхдээ эхний 40км замыг туулаад Чойр дээр идсэн хоол шингэсэн бололтой өлсөх мэдрэмж төрж байна шүү. Тэгээд зогсож юм иддэг юм уу гэсэн бодол төртөл Даланжаргалан харагдаж байна. Тэгэхээр нь за ямар ч байсан суурин газар өнгөрөөд зогсоё гээд Даланжаргалан өнгөртөл урд явсан УШТГ Махгал зогсож байна. Зорилго нь надтай адил бага зэрэг идэж уух зорилготой. Ийнхүү цуг зогсон өөрсдийн хэмжээнд байгаа юм аа идчихээд цааш аяллаа үргэлжилүүлэв. Даланжаргалангаас цааш Айраг хүртэл 20-иод км. Гэтэл энэ хооронд гэнэт өвдгөнд бага зэргийн өвдөлт мэдрэгдэж байна шүү. Өвдөгний өвдөлтөө жоохон ажсан байдалтай хурдаа бага зэрэг саан явж байтал админ замын хажууд зогсчихсон одоо 8км эргүүлэлт сайхан байна яваад бай гэж байна. Тэр үед өөрийнхөө хэмжээнд жоохон миарах аядаж байсан бие чинь сэргээд л өвдөлт ч багасаад ирэх шиг. Гэхдээ л тэр 8км бас л хол байсан шүү. Ийнхүү Айраг дээр ирэхэд хамгийн эхэнд ирсэн УШТГ Жавхлантөгс ах бас л 1 цагийн өмнө ирээд Айраг суман дотуур хоолны газар хайгаад зугаалж байгаад Айраг сумын зүүн талд зам дугуу байрлах хоолны газрыг олж орон цай чануулан биднийг хүлээж байв.

Ийнхүү энд хооллож хүчээ сэлбээд (нээрээ гэрээс авч гарсан цуйвангаа талыг нь энд идсэн) цааш Сайншандын зүг бөөндөө цуваанд орж явхаар болж аяллаа үргэлжлүүлэв. Энд харанхуй эхэлж байсан. Бүгд гэрлээ асааж 2 эгнээнд орж цуваагаар жийж эхлэв. Цувааны хурд миний мэдрэмжээр бараг л 30км/ц даваад л байх шиг байсан. Манайхан сайн жийсээн цуваанаас хоцорсон хүн байхгүй. Сүүлийн 125км-ийг туулах нэг онцлог нь 40-40-45 гэж хувааж дунд нь амрахаар тооцсон нь маш зөв сонголт болсон гэж дүгнэж байгаа. 2 дахь 40км-ийн амралт дээр нөгөө нэг гэрээс авч гарсан цуйвангийн үлдэгдэл жоохноо идэж гол ороод мөн “Хөх тэмдэг”-ээ гардаж авч сэтгэлийн тэнхээ, хүч ороод аяллын төгсгөлийн км-үүдийг амжилттай сайхан туулсаан. Сүүлийн мөчид Сайншандын хаалга харагдаж байна гэхтэй зэрэгцээд л манайхнаас бас л хүч гарч байналээ шүү 400 гаран км жийсэн хүмүүс байж сүүлийн мөчид хаалгаруу эцсийн хүчээ шавхан ухасхийн уралдахад би ч гэсэн юу дутхав бас үзээд л алдаж байгаан.

Энэ аяллыг туулсан өөртөө болон нийт хамт аялсан аялагч гишүүддээ бүгдэнд нь баяр хүргэе ээ. Та нар бол тэсвэр тэвчээрийг тухайн өдөр үнэхээр харуулсан гэж боддог шүү. Зам тэр хүрээд дуусаагүй байсан бол явж л байх байсан болов уу? Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Э.Ууганбаяр Э.Ожго А.Отгонбаяр Н.Даваасүрэн Б.Элбэгзаяа Б.Сүхбат О.Адъяасүрэн Т.Ган-Очир Б.Жавхлантөгс С.Мөнхбат Г.Махгал
Э.Ууганбаяр
  • 6438 км
  • 39
  • 9
  • 2
  • 1
  • 1
Э.Ожго
  • 28342 км
  • 251
  • 33
  • 11
  • 4
  • 3
А.Отгонбаяр
  • 3044 км
  • 26
  • 0
  • 0
  • 1
  • 1
Н.Даваасүрэн
  • 3416 км
  • 30
  • 0
  • 0
  • 2
  • 2
Б.Элбэгзаяа
  • 4022 км
  • 36
  • 0
  • 0
  • 2
  • 1
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
О.Адъяасүрэн
  • 5979 км
  • 61
  • 0
  • 0
  • 0
  • 4
Т.Ган-Очир
  • 7063 км
  • 74
  • 6
  • 0
  • 2
  • 2
Б.Жавхлантөгс
  • 10956 км
  • 105
  • 11
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 11502 км
  • 100
  • 14
  • 3
  • 3
  • 1
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
О.Адъяасүрэн Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 5083 км
Б.Сүхбат Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2809 км
Т.Ган-Очир Өрнөд дорнод 2392 км ногоон тэмдэг 2707 км
Зүгээр л жий!