6 сар 10 өдөр, Бямба гариг
Батсүмбэр сумын төв дээр цуглаж 11.00 цагт аялал эхлэнэ. Цуглах цэг дээр өөрсдийн боломжоор унаагаар хүргүүлж очихыг зөвлөх байна. Учир нь хагас өдөрт 148 км зай туулах амаргүй сорилт "хүлээж" байгаа. Гишүүд хойд, урд гэрэл чийдэнтэй аялалд оролцоно. Үндсэн зайг баг-аар хамтдаа туулах нь аяллын зорилготой нийцнэ.
Аяллын замын тухай зөвлөмж
Энэ аяллын замыг ерөнхийд нь 4 хэсэгт хувааж болно. Үүнд:
1. Батсүмбэр- Борнуур. 46 орчим км зайтай. Шороон замтай. Хунцал голын хөндий өгссөөр Нарстын даваа даваж Сүжигт гол уруудан явсаар Борнуур суурин хүрнэ. Дунджаар 3 цаг зарцуулах байх. Ундалж хооллож, 20-30 минут амарч болно.
2. Борнуур- Баянчандмань сумын төв. 34 орчим км зайтай. Засмал замаар багаар “вагон”-дож жийх нь тохиромжтой. Замаас заавал бүрэн гарч замын хажуугийн газар дээр таталт хийнэ. Таталт хийх газар нь өндөрлөг өөрөөр хэлбэл алсын харууцтай, ирж яваа автомашин харагдахуйц байх нь тохиромжтой. Булан тохой, эргэлт бүхий автомашин гэнэт гарч ирж болзошгүй газар зогсох нь аюултай. Дунджаар 2 цаг зарцуулах байх. Ундалж хооллож, 20-30 минут амарч болно
3. Баянчандмань- 361 гарам. 32 орчим км зайтай. Засмал замаар багаар “вагон”-дож жийх нь тохиромжтой. Хар модотын даваа даваж уруудана. Бага шиг 3 гүдэн даваж жийнэ. Дунджаар 2 цаг зарцуулах байх. Ундалж хооллож, 20-30 минут амарч болно
4. 361 гарам- УБ хот. 35 км орчим зайтай. Засмал замаар багаар “вагон”-дож жийх нь тохиромжтой. Хойд, урд гэрэл чийдэнгээ асаана. Баруунтурууны даваа даван уруудаж УБ хот хүрнэ. Дунджаар 2 цаг зарцуулах байх. Жийлтийн эрчим дундаж баг шөнө 21.00 цаг өнгөрөөж хотод орж ирэх магадлалтай.
Жич: Унадаг дугуйн дундаж хурдыг цагт 16-18 км байхаар тооцон гаргасан болно.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Зуны цэлмэг өглөө болов. Ер нь халуун өдөр болох төлөвтэй. Аялалд оролцох гишүүд болзоот газраа цуглан яг 11.00 цагт 18 хүний бүрэлдхүүнтэй манай баг аяллын замдаа гарлаа.