Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #31 - Эрдэнэт - Хөтөл

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/284
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
119 км
Давааны тоо
3
Өндөр авалт
968 м
Өндөр алдалт
-1286 м
Их өгсөлт
8.7 %
Их уруудалт
-9 %
Оролцогчдын тоо
1
Эхлэх цаг
2023 оны 5 сарын 7 Ням гараг, 18:30 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Эрдэнэт хотын төмөр замын вокзал
Цуглах цэгийн солбицол
49.060389, 104.163083
49°3'37.4"N, 104°9'47.1"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Баасан 18:40 УБ

УБ хотын төмөр замын төв вокзалаас галт тэргэнд суулаа.

Зураг 1. Галт тэрэгний вагон дотор

Унадаг дугуйгаа 16:30 цагт галт тэрэгний тээшинд өгсөн. Тээшний жинлүүр хэдэн граммаар илүү жин зааж байх юм.

Ажилтай хослуулсан жийлт тул зайлшгүй шаардлагатай цөөн эд зүйл авлаа.

  1. харанхуйд жийх тул гэрэл бас гар чийдэн, гэрэлтдэг дэлгэцтэй хурд хэмжигч
  2. заавал авах зүйлс тул түлхүүр багаж, нөхөөс, насос, гинжний залгаас түгжээ
  3. өвдөг тохойн хамгаалалт, нүдний шил, бээлий, каск
  4. хол яваа тул хутга (бахь, халив, лааз онгойлгогчтой)
  5. гинжний тос (Илүү ачаа л даа. Дугуйгаа тээшинд өгөхөөс өмнө гинжээ тослохоо мартсан.)
  6. дугуйн гинжин цоож (дугуйгаа ажиллах газрынхаа гадаа түгжиж орхино доо)
  7. халуун хүйтэн барьдаг сав, ойр зуурын идэх юм
  8. дулаан цамц, борооны цамц, оймс
  9. лэптоп, цэнэглэгч (ажлаа хийнэ)

Бямба 07:40

Эрдэнэт хотын вокзал дээр буулаа. Тээшнээс унадаг дугуйгаа авах гэж жаал хүлээв.

Зураг 2. Тээшний вагон онгойхыг хүлээхүй

08:00 гэж нээдэг гээд тээш вагоны хаалга хав түгжээтэй. Тээш гэснээс Дарханаас баахан илүү дутуу юм тээшинд нэмээд чихчихдэг гэнэ. Тэр нь дугуй амь хоёр нь нэг цул болсон мань мэтэд хэцүү л сэтгэгдэл төрүүллээ. Тээшнээс дугуйгаа авчихаад цүнх сэлтээ янзалж хөдлөхөд бэлдсээр байтал ажил эхлэх цаг юу юугүй дөхжээ. Гэсэн ч нэг зураг дараадахав.

Зураг 3. Эрдэнэт хотын төмөр замын вокзал 08:26

Вокзалаас хотын үндсэн хороолол хүртэл ерөнхийдөө өгсүүр бас өөдөөс салхитай байсан ч очих газартаа цагтаа багтаж хүрч чадлаа.

Ням 08:00

Эрдэнэт хоттой танилцах өглөөний жийлтдээ гарав. Эхлээд CU орж өглөөний цай уулаа.

Зураг 4. CU сүлжээ дэлгүүрийн нэг салбарын үүдэнд

Өнөөдрийн ажил 09:50 цагаас эхлэх тул Эрдэнэт хотын төвөөс эхлэн жийж хэдэн зураг дарав.

Зураг 5. Засаг захиргааных нь төв байрны үүдэнд

Зураг 6. Дугуйтай хүмүүсийн нүдэнд шууд өртдөг юмсийн нэг

Зураг 7. Яасан олон далбаа вэ?

Зураг 8. Хот болгонд байдаг хөшөө

Зураг 9. Марксын сургаал үнэн учраас хамгийн хүчтэй сургаал мөн.

Зураг 10. Эрдэнэт хотыг бүтээн байгуулагчдад зориулав.

Зураг 11. 70-аад онд баригдсан ийм байшинд өссөн дөө

Зураг 12. Сүүлд очсоноос хойш гарсан өөрчлөлтүүдийн нэг

Зураг 13. Өглөөний жийлт - зугаалгын төгсгөлд

Ням гараг 17:35

Аялал яг үнэндээ төмөр замын өртөөнөөс бус харин Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор дээд сургуулиас эхлэв. Гэхдээ л аяллын зайг маршрут дээрх 119 км-ээр тооцно.

Салхи

Дөнгөж хөдлөөд замдаа шуудран ороход санаа зовниж байсан таагүй явдал бодит биеллээ олсон байв. Энэ бол салхи. Аяллыг анх төлөвлөхөд салхи яг хөдөлгөөний чиг дагуу байсан бол сүүлдээ эмх замбараагүй болсоор яг цагтаа чанх өөдөөс үлээх болжээ. Аяллын эхлэлийн цэг гэж маршрут дээр заасан төмөр замын вокзал хүртэл жийх явцад энэхүү жийлт төсөөлсөнөөс хамаагүй хүнд болох нь ээ гэсэн дүгнэлт бат болох нь тэр. Гэвч үдэш болоход салхи тогтож магадгүй л юм гэсэн горьдлого тээсээр. Гэвч салхи тогтолгүй байсаар Хөтөл хүртэл чанх өөдөөс үлээсэн дээ.

Зам

Эрдэнэтийн зам нарийн шүү гэж группийн ерөнхий админ надад өгсөн зөвлөгөө дотроо онцлон дурдсан байсан нь үнэхээр анзаарагдаж байлаа. Ийм учраас замын баруун тал руу аль болохоор нь шахаж явлаа. Нэн ялангуяа нартай, гэгээтэй байхад автомашинууд зөрж өнгөрөх эсрэг урсгалын машинуудтай зэрэгцэн чихэх нь бараг л ердийн үзэгдэл байсан бол харуй бүрий улмаар харанхуй болох үед энэ байдал арай дээрдсэн. Тийнхүү чихдэг хэдээс олон хавар нэгдээ гэгчээр Баруунбүрэн ба Хөтөл хоорондох буюу замын хамгийн эл хуль бас огцом эргэлттэй хэсэгт хоёр машин замаас гарч, нэг нь хөмөрчихөөгүй боловч жалга дотор нөгөө нь бүр түрүүлгээ дээшээ харуулаад хэвчихсэн байсан нь тодхон зурсхийгээд өнгөрсөн. Үүнээс болоод цагдаагийн бас түргэн тусламжийн нэжгээд машин надтай зөрөөд бас дараа нь буцаад явж буй нь тааралдсан.

Цаг хугацаа

Ням гарагийн ажил харин ч эрт дууссан тул аяллын мэдээлэл дээрх хугацаанаас бараг нэг цагийн өмнө гарсан. Гэвч салхинаас болоод санасандаа хүртэл хурдалж чадахгүй байсан тул минут бүр үнэ цэнэтэй байлаа. Иймээс зам зуурын дэлгүүр орж хүнс, унд авах, түүнийгээ идэж уухаас бусдаар илүү дутуу юунд ч цаг зарцуулсангүй. Бас мэдээж маршрут, байршлаа шалгахын тулд алдаг оног зогссон. Цаг хугацаа гэснээс цаг болон хурдаа шөнийн харанхуйд хянаж явахын тулд авч гарсан хурд хэмжигчийнхээ тогтоогчийг гэртээ мартсан байсан тул ёстой харанхуй жийсэн. Тогтоогчгүй хурд хэмжигчээ асаагаад халаасандаа хийтэл трансмиттерээсээ арай хол болчихоод зарим дохиог алдсан юм байлгүй гэмээр 120 гаруй км замыг 80 км гэж хэмжсэн байсан. Иймд цэвэр жийлт хэдэн цаг болсон, дундаж хурд хэд болсоныг ёстой бүү мэд. Багцаалбал дундаж хурд 20 км/ц-аас буугаагүй ч үүнээс шальтай их биш.

Хоол хүнс

Орой жийх тул сайн идье гээд үдийн цайны үеэр шөлтэй хоол хэдэн хуушууртай "цохисон". Бас замын хүнс болгож хэдэн "бар" авсан. Харин уух зүйл арай л бага байсан. Гэхдээ орой болж сэрүүсэхээр цангахгүй байх гэж бодоод замдаа гартал салхи гайхал угтаж авсан тул замдаа уух юм нэмж авахаас өөр аргагүй болсон. Маршрутын дагуу Жаргалант бас Баруунбүрэн гэсэн хоёр сум байсан ба Баруунбүрэнгээс цааш 40 гаруй км бараг эль хуль гэмээр байсан тул Баруунбүрэн сумын захад автозам дагуу байсан нэг дэлгүүрээс идэш уушаа сэлбэв. Ингээд Орхон голын гүүрээр гартал үнэхээр ямар ч дэлгүүр байсангүй. Хааяа нэг "Тариа баг" гэсэн бичигтэй замын шонгууд, эзгүй гэмээр байшингууд зэргээс өөр юу ч байгаагүй дээ.

Хоол хүнсний хувьд тувт салхи сөрж байсан тул байсхийгээд л өлсөж, жаахан гүрийх гэвэл өлдөж байлаа. Гүрийхийн хувьд Хөшөөтийн даваа өөд өгсөхдөө бага зэрэг гүрийсэн. Бага Хөшөөтийн даваа гэсэн пайзтай эхний өгсүүрийг ядах юмгүй давсан тул нэг мөсөн дараагийн өгсүүр дээр нь гараад жаахан юм идэж ууя хэмээн бодов. Рельеф зураг дээрээс Их хөшөөтийн давааг шууд нэг амьсгаагаар давчихаар харагдсан тул ийнхүү дайрсан. Их бага хөшөөтийн даваа гэснээс үнэхээр ийм пайзтай юм билээ. Харин газрын зураг дээр Хөшөөтийн даваа гэсэн ганцхан л даваа тэмдэглэсэн байсан.

Даваа

Газрын зураг дээрээс маршрутын дагуу зам давааны нэр шүүрдэж үзэхэд Хөшөөтийн даваа гэсэн ганц л даваа байсан. Газар дээрээ үнэхээр даваа гэмээр өгсүүр ганц таарсан. Их гэсэн пайзтай Хөшөөтийн даваа нь үнэхээр даваа юм билээ. Хэрэв зам нь хучилтгүй дан шороо байсан бол ч. Ингээд дороос нь өгсөж хэсэг яваад за яг 19:30 цаг гэхэд давааны оройд гарах юм байна гэсэн прогноз гаргаад яг тэр цагаасаа бага зэрэг эрт гарч очтол зам нь цааш мушгирч улам өгссөн нь хоёронтаа тохиосон. Гэхдээ ямар ч даваа өөд инээгээд дайрдаг болсон болохоор энэ бол сэтгэлээр унах явдал биш л дээ. Харин давааны орой улам "холдсон" тул товлосон цаг 5 минутаар хойшилсон байлаа.

Зураг 14. Хөшөөтийн даваа дээр

Сонирхуулж хэлэхэд үүгээр Сэлэнгэ ба Орхон аймгуудын хилийн дээс дайрч өнгөрдөг. Одоо ингээд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум руу орно. Тус сумын төв хүртэлх зай 20 шахуу км. Ер нь энэ аяллын явцад зайг дандаа 20, 40, 80 гэх мэтчилэн хорь хорин км-ээр л хэмжиж явсан гэхэд болно. Тухайлбал 20 шахуу км яваад Баруунбүрэн орох бол харин Баруунбүрэнгээс Хөтөл хүртэл 60 км зам туулна.

Гэрэл чийдэн

Үдшийн харуй бүрий, шөнийн харанхуйд жийх нь гарцаагүй тул өмнө хэдэн удаа хэрэглэж туршиж шалгасан найдвартай гэрэлтэй явсан. Бас муу санаалж нэг жижигхэн гар чийдэн авч явсан. Бас ахин муу санаалж чийдэнгээ өөрийнх нь бус харин өөр тусгай хавчаараар тогтоосон. Тэгэхгүй бол донсолгоо чичиргээнээс болж чийдэн салж унах нь түгээмэл тохиолддог. Ийнхүү зам дээр унасан чийдэн засал авахааргүй эвдрэх нь бий.

Хойд оврын гэрлийн хувьд каскныхаа гэрлийг ашигласан. Олон лед анивчиж асдаг бас тоормослох үед хөдөлгөөн мэдэрч яг л машины тоормосны гэрэл шиг тодорч асдаг тул автозам дээр явах үед нэн зохимжтой. Тэгээд ч суудлынхаа ард цүнх бэхэлсэн тул оврын гэрлээ ингэж шийдэхээс өөр аргагүй.

Агаарын хэм

Хэдий салхитай ч хувцсаа давхарлаж өмсөх ямар ч шаардлага гарсангүй. Бүр Хөтөлд очоод вокзалынх нь гадаа 30 минут байхад ч жиндсэнгүй. Зун цаг ирж яваа ажээ.

Бусад унадаг дугуйчин

Эрдэнэт хотод унадаг дугуй яг үнэндээ хүүхдийн тоглоом ажээ. Дасгал хөдөлгөөн байдлаар хот дотор жийж явсан (нэг сандал дээр амарч сууж байгаад дугуйгаа унаад явсан) ахимаг настай нэг эрэгтэй, чамирхаж унаа биз гэмээр нэг бүсгүй (Эрдэнэтээс гарах үед нэг шатахуун түгээгүүрээс Эрдэнэт хот чиглэн хөдөлж байсан) зэргийг эс тооцвол дан хүүхдүүд л унадаг дугуй унан тоглож байлаа. Бас тэр бүсгүй урсгал сөрж чанх өөдөөс ирсэн нь тиймхэн. Салхи сөрөн цагт хавчигдаж буюу галт тэрэгтэй уралдан байж Хөтөл орох гэж явсан тул урсгал сөрж өөдөөс ирсэн түүнийг мөргөж унагасангүй, зүгээр л зөрсөн. Гэхдээ мэдээж замын баруун гар талаа барьж зөрөлгүй яах вэ. Юу гээд л замын дотогш дарж өөрийгөө эрсдэлд унагах вэ дээ. Мөргөж унагах гэснээс өвдөг тохионы иж бүрэн хамгаалалттай, бат найдвартай касктай, гарын сарвууны үе болон шөрмөс хамгаалах зузаан резин бээлийтэй би вээр саравчтай малгайнаас өөр юмгүй түүний хажууд хуягт танк шиг л байв.

Бүтэх бүтэхгүй этгээдүүд

Далдын хар малгай өмсөөгүй тул мөрөөрөө явсан ч бүтэхгүй этгээдүүдтэй таарахгүй гэх баталгаа үгүй. Орхон голын гүүрээр гарсаны дараа нэг дэлгүүрээр орж бага сага юм идэж ууж байхад нэг өрвийсөн нөхөр 1300 төгрөгийн үнэтэй савласан ус авах гээд картаа түрүүнээс хойш уншуулсан бололтой "одоо ганц ус авахад хүрэх байлгүй" гээд картаа сарвайхад худалдагч бяцхан охин лангуун дороос шууд нэг ус гаргаж тавиад картыг нь уншуулав. Картын үлдэгдэл нь хүрэлцсэнгүй. Гэтэл өнөөх маань "чи надаа ганц ус аваад өгчих" гэсэн юм хэлээд улмаар "би оронд нь чамд нэг ямаа өгье" гэж томров. Гэтэл энэ үед нөгөө жаахан охин "ах аа та үүнийг зүгээр ав" гэж байх юм. Ийнхүү ээдрээт явдал болж байтал дэлгүүрийн худалдагч хижээл настай эмэгтэй гэнэт гараад ирэв. Ингээд өнөөх нөхөр дэлгүүрээс гарч машиндаа суув.

Хуучин танил дотно зам

Энэ хавар группээрээ Хөтөлөөс Сант, Хушаат сумаар дайран Энхтал гэдэг төмөр замын точка хүртэл аялахдаа Хөтөлөөс Орхон голын гүүрээр гартал жийсэн билээ. Тэгэхээр маршрутын сүүлийн 10 гаруй км нь аль хэдийн танил болсон зам юм. Тэгэхээр энэ болон өмнөх тэр аяллыг нийлүүлбэл Эрдэнэтээс Дархан өнгөртөл жийсэн гэсэн үг юм.

Даваа гараг 00:00

Хөтөл суурингийн төмөр замын вокзал дээр яг 00:00 цагт ирэв.

Зураг 15. Хөтөл суургийн төмөр замын вокзал дээр

Энэ бол галт тэрэг иртэл 30 гаруй минут дутуу гэсэн үг юм. Вокзал дээр багширсан олон хүүхэд. Бас ахиад баахан хүүхэд вокзал руу ирж яваа нь замд гүйцэгдэн өнгөрч байсан. Байдлыг ажвал энд ямар нэг тэмцээн уралдаан зохиогдсон бололтой. "Билетээ аваагүй, вагон дотроос авчихна" гэсэн яриа л өрнөнө. Мөн өөрсдөөсөө өөр хэнийг ч үл анзаарна. Юуг ч үл хайхарна. Өөрсдийгөө Z generation гэсэн үеийнхэн маань бидний үеийн хулигаануудаас (хулиган гэдэг орос үг) огт ялгаагүй ажээ.

Галт тэрэг яг цагтаа ирэв. Маш олон вагонтой их урт цуваа байв. Тэндхийн төмөр замын ажилтаны хэлсэнийг харглазан үзэж тээшний вагон зогсоно гэсэн тал руу нэлээн явсан байсан боловч тээшний вагоноос ахиад хэдэн вагоны зайд байв. Мөн тэр ажилтнаас тээш нь энд онгойх уу гэж лавлан асууж, хаалгыг нь нүдвэл онгойлгоно гэсний дагуу нударгаа зангидаж байгаад л балбаж гарав. Хаалга нь арай хийн онгойв. Дугуйгаа гялс өгчихөөд буцаад өөрийн суух вагоны зүг гүйсэн ч яг тэхий дунд галт тэрэг хөдлөхийг илтгэсэн дуут дохио хангинав. Удаан явдаг гэж шүүмжлүүлдэг атлаа ахиухан хугацаагаар зогсдоггүй нь хачирхалтай. Өөр нэг вагоны үйлчлэгч бүсгүй намайг вагондоо оруулж, цааш вагон дамжин явах болов. Түүнээс бусад үйлчлэгч нар вагоныхаа хаалгыг хаагаагүй ч гишгүүрийнх нь хаалтыг сөхөөгүй чигээр нь хаяад дотогшоогоо ороод таг чиг болцгоосон байсан нь гайхалтай.

Зураг 16. Өнөөдөр урсгасан хөлсний ул мөр

Яагаад ингэж жийх болов?

  1. Жийлтийн гэж хэлж болох бямба гарагт ажилтай болсон.
  2. Уламжлалт жийлтээ тасалдуулмааргүй байв.
  3. Ажлаа дуусгасны дараа галт тэрэг хөдлөх хүртэл "хийцгүйрэхээр" байв.
  4. Жийлт УБ-аас алсад эхэлж бас дуусах буюу аялал гэсэн хэв маягт тохирч байв.

Яагаад ганцаарчлан аялав?

  1. Аялал эхлэх цагийг хатуу зааж бас мөрдөх ямар ч баталгаа алга байв.
  2. Галт тэрэгнээс хоцрох эрсдэл байв.
  3. Группийн админы хоёр эрхийн нэг нь болох ганцаараа аялах боломжоо анх удаа ашиглаж үзэхээр шийдэв.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 марафоныг дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Г.Махгал
Г.Махгал
  • 11547 км
  • 116
  • 8
  • 1
  • 2
  • 4
Зүгээр л жий!