Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
Цуглах цэгт 08:20 цагт хүрэлцэн очиход жийлтэд бүртгүүлсэн гишүүдийн ихэнх нь ирсэн байв. Бас тэмцээнд оролцох зарим гишүүд тэмцээний гарааны цэг рүү шууд очихоор аль түрүүн жийгээд явсан гэнэ. Гэнэт юун тэмцээн ярив гэж гайхаж байна уу? Энэхүү жийлт нь Монголын дугуйн холбоо ба Нүүдэлчин дугуйн клуб хоёр хамтран зохион байгуулж буй "Морь хурдан уу, дугуй хурдан уу" гэдэг тэмцээнтэй давхацсан бөгөөд үүнд оролцож тоосоо өргөх гишүүд нэлээд олон байсан тул энэ долоо хоногийн ээлжит унадаг дугуйн аяллыг тус тэмцээнтэй уялдуулан зохиохоор болсон билээ.
Тэмцээнд оролцолгүйгээр жийх гишүүдийг УШТГ Баттөмөр ахалж яг 09:00 цагт Хүй долоон худаг руу жийж эхэлсэн байна. Энэ үед тэмцээнд оролцох гишүүд гарааны цэг рүү дөхөж явлаа. Ихэнх гишүүд тамир тэнхээгээ хадгалахын тулд унадаг дугуйгаа машинд ачицгаажээ. Гэхдээ гарааны цэг рүү шууд жийсэн гишүүд ч хэд хэд байв. Тэдний нэг нь гарааны цэг рүү зам салах гарцын наахна жийж явав. Түүний хэн болохыг жийлтээр нь шууд танив. Хэдэн мянган км урт зам бүхий олон олон аялалд хамтдаа жийсээр байгаад нэг нэгнээ жийлтээр нь андахгүй болчихдог юм байна.
Тэмцээний гарааны цэг дээр гишүүд ээлж дараалан ирсээр товлосон цаг болоход тэмцээнд оролцохоор мэдүүлгээ өгсөн гишүүд цөм бүрэн болсон байв. Дугуйчид гарааны өмнө биеэ халаахаар энд тэндгүй л жийцгээнэ. Биеэ сайн халаах нь тэмцээний амжилтаас гадна осолдсон үед хүнд бэртэхгүй байхад нэмэртэй байдаг. Ийнхүү биеэ халаахаар салхи сөрж нэг, уруудаж нэг жийхэд тэмцээний үеэр халууцахаар мэдрэмж төрөв. Манайхны зарим нь ч хувцсаа нимгэлцгээж л байна. Арай зузаан нэгдээ "нэмнээгээ нимгэлэхгүй бол уралдааны үеэр халууцах юм байна" гэж сануулахад нимгэлнэ ээ л гэж байв. Салхины чиглэл бидний яг чанх хойноос бас хурд нь овоо их байсныг тэмдэглэх хэрэгтэй. Иймээс "Өнөөдөр рекорд амжилт эвдэх байх аа" гэлцэнэ. Үнэхээр салхи эхлээд хойноос улмаар замын дундаас баруун хойноос үлээж уралдаанчдыг их сайн дэмжиж өгсөн. Иймээс замын уруу хэсэгт араа ханасан тухай, дээд хурд тэд хүрлээ гэсэн яриа барианы цэгт голлон сонсогдоно.
Тэмцээн 11:30 цагт эхлэв. Энэ нь товлосон цагаасаа 30 минутаар хоцорсон гэсэн үг юм. Энэ үед манай хэд барианы цэг дээр аль хэдийн ирээд бүтэн нэг цагийг хийцгүйрэн өнгөрөөгөөд байжээ. Харин баруун ба баруун хойноос үлээсэн салхи гараанаас хөдөлсөн дугуйчдыг барианы зурхайд яах ийхийн зуурт хийсгэн аваачиж манай хэдийн хүлээлтийг дуусгасан юм.
Бүх ангиллын дугуйчид гараанаас нэг зэрэг гарсан тул ургамал, үндэс маруухан сул хөрсний тоос шороо босох нь үгээр илэрхийлэхэд хэцүү хэцүү. Зарим бөөн дугуйчдын бараа харагдахгүй болж бас тэрхэн зуурт аманд шороо зажлагдаж ч байх шиг.
Манайхан гараанаас бүгдээрээ их сайн гарцгаажээ. Өнөөх тоос шороо, бужигнаан дундуур арайхийн нэг зам олж аваад угсруулан идсээр эрчимтэй урагшилж явахад манай группийн бүсгүйчүүлээс эхлээд ээлж дараалан тааралдаж эхэлсэн нь тэдний гараа хэр сайн байсныг илтгэнэ. Ер нь тэмцээний гараа их чухал бололтой.
Мөн салхины уруу эрчээрээ давхицгаасан тул гинж удаа дараалан мултрах зэрэг бэрхшээл зарим гишүүдэд тулгарчээ. Бас хоёр гишүүний дугуй хагарсан байна.
Ингээд байр эзэлсэн гишүүдийг шагналаа гардан авч дуусмагц 14:50 цагт бөөндөө зогсож зургаа даруулаад улмаар цаг овоо оройтож, нар нэлээн хэвийсэн тул буцах замаа хөөхөөр мордоцгоов. Эмээлтийн өгсүүрт гишүүд бага зэрэг цувж, цуваа тасарсан тул авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо дээр нэг татаж бөөгнөрөөд цааш УБ хот руу үргэлжлүүлэн жийцгээлээ.
Ийнхүү уралдаан тэмцээнтэй уялдуулсан нэг аялал амжилттай өндөрлөлөө. Энэ дашрамд дурдахад УБ уулын дугуйн аялал групп нь унадаг дугуйн тэмцээн уралдаан бүртэй аяллаа уялдуулдаггүй ба харин "Морь хурдан уу, дугуй хурдан уу" (25 км) болон "Дархан-88" зэрэг манай группийн аяллын хэв маяг, онцлогт дөхүү буюу маршрут нь аль болох урт, илүү ачаалалтай юм уу бартаатай зам бүхий уралдаан тэмцээнд л ач холбогдол өгч группээрээ оролцдог уламжлалтай билээ.
Эцэст нь аялал болон тэмцээнд оролцож жийсэн гишүүддээ талархал дэвшүүлье. Зүгээр л жий.