5 сар 27 өдөр, Бямба гариг
Батсүмбэр сумын төв дээр цуглаж 12.00 цагт аялал эхлэнэ. Өдрийн хоолыг аяллын замд тохирох газар хийж иднэ. Сөгнөгөрийн голын хойд дэнжийн замаар явсаар Сөгнөгөр гол Хүрхэрээ голын бэлчир хүрч (энэ өдөр 37 км орчим зам туулна) отоглож хоноглоно.
5 сар 28 өдөр, Ням гариг
Өглөөний хоол цайгаа ууж идээд ирсэн замаараа Сөгнөгөрийн гол уруудан товолсон чиглэлийн дагуу хотын зүг буцна. Өдрийн хоолыг замдаа тохирох газар идэх болно. Энэ өдөр 102 км орчим зам туулна.
Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.
Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.
Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.
Надад ямар ч эрсдэл учирч болно.
Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.
Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.
Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.
Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.
Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.
Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.
Бусдын тухай мэдэх шаардлагагүй.
Клубийн дүрмийг ёсчлон дагана.
5 сарын 27, Бямба гариг
Бүрхэгдүү өглөө боллоо. Ачаатай дугуй жингээрээ нэгэн хэмээр урагшилан зүтгэсээр цуглах цэг дээр 8 цагт ирлээ. Манайхан ар араасаа ирсээр... Өдрийн аялалд 10 гишүүн, хоногийн аялалд 7 (9) гишүүн явахаар цуглав. Хоногийн аяллын нэг гишүүн Сөгнөгөрийн гүүр дээр, бас нэг нь Харгана дээр багтайгаа нийлэхээр гарсан байгаа.
Хөгжил хөөртэйхэн жийсээр Сэлбийн эхийн шавар усыг туулан гарч, ойн замаар хамтдаа жийсээр Харгана дээр ирлээ.
Ийнхүү аяллын I шат дуусав. Даваа уруудах эвгүйхэн замаар эвтэйхэн бууж цааш буудсаар Үдлэг суурингийн дэлгүүр дээр ирлээ. Эндээс аяллын II шат эхлэв. Өдрийнхөн салж баруун зүг Ногоонтолгой суурингийн зүг, хоногийн аяллынхан хойд зүг Баянгол суурин чиглэж замаа хөөв. Уулын бэлийн шороон замаар жийж явахдаа баруун зүгт хараачилвал гүвээний өгсүүр замд өдрийн аяллынхан жийж яваа нь алсаас тодхон харагдана.
Салхи баруун урд зүгээс урих маягтай үлээнэ. Хэдийгээр манай баг салхинд түлхүүлж буй боловч аажим ойртох борооны үүлс санаа тавгүйтүүлнэ.Уулын бэлийн өгсүүр уруу замаар гялалзтал жийж Баянгол сууринг нэвт гаран судаг дагасан замаар өгсөн Сөгнөгөр руу уруудан гүүрэн дээр яг 13.00 цагт ирлээ. Хүлээсэн нэг гишүүнтэйгээ уулзаж голын эрэг дээр өдрийн хоол цайгаа хийж идэхээр бид буулаа. Хамаг юмаа гарган цай буцалгаж байх зуур "айж" байсан борооны дусал биднийг нөмрөв. Ганц хүний хоол тун хурдан болдог тул бид цайлж амжлаа. Бороо ч шиврээд эхлэв.
Манай баг нэг үе ширүүсэх бороон дундуур жийсээр Цагаан нугад ирлээ. Монос маань цэцэглэж эхлэх гээд арай л амжаагүй бөөрөнхий булцуутай бөнжигнөж байсан. Сөгнөгөр гол мөсөн баринтагнаасаа бүрэн салаагүй байв. Шууд цааш явлаа. Хэдийгээр бидний богц, цүнх борооны хамгаалалттай боловч багийн гишүүдээ хэт норохоос сэргийлэн дахин нэг км орчим яваад отоглох шийдвэр гаргав. Бороо шивэрсээр.
Майханаа барьж, бүх ачаагаа оруулан бүгд майхандаа шурган орж нэг хэсэг отог нам гүм байдалд умбав. Зүүн уулсын оройд манан будан хүүшлэв. Бороо зогсдогсон доо. Нэг гишүүн маань цаг агаарын урьдчилсан мэдээгээр хоёр цагийн дараа бороо зогсоно гэж хэлж байснаар 18 цагийн орчим тэнгэр "уйлахаа" болилоо.
Отог амилан бужигнаж, хуурай хувцсаа өмсөн бүгд гишүү түлээ цуглуулан томхон түүдэг өрдөв. Тойрон сууж хамтдаа оройн хоолоо хийж идэн, хэзээ ч дуусашгүй аяллын хөгжилтэй яриагаар орчноо гоёсоор 23 цагийн үед баг амарлаа. Тэнгэр цэлмэг одод гялалзан шинийн наймны тал саран дээрээс өнгийж авай.
5 сар 28, Ням гариг
Цэлмэг нартай өглөө боллоо. Отог аажуухан сэрэв. Өглөөний хоол цайгаа хийж идээд 10.30 цагт аяллын зорьсон эцсийн цэг рүү залуус маань жийн одов. Эндээс Сөгнөгөр, Хүрхэрээ голын бэлчир 14 км орчим зайтай билээ.
Би отогоо сахин үлдлээ. Хойд талаар эмжин үргэлжлэх уулын нурууны оргил өөд хяр даган би алхав. Орой дээр нь гарлаа. Сөгнөгөрийн голын голдирол мурилзан харагдана. Алсад цасан нөмрөгөө хараахан тайлж амжаагүй Терешкова (сансарын анхны нисгэгч эмэгтэйн нэр) оргил зүүн урд зүгт маш тод сүндэрлэнэ. Асралт хайрхан оргил харин халхлагдаад харагдахгүй байсан. Манайханы зорьсон Хүрхэрээ голын ам өгсөн Асралт хайрхан руу уулчид явдаг нэгэн зам бий. Бартаа ихтэй, тун адармаатай бэрх зам байдаг гэнэ билээ.
Нурууны орой дээр утсанд сүлжээ (нэг зураас) орж группийн нөгөө админд сайн явж байгаагаа мэдэгдэв.
Аяллын зорилгоо биелүүлэн манай багынхан 13.20 цагт отог дээр ирэв. Тэд 28 км зам туулжээ. Бэлчир нь байгалийн үзэсгэлэнт газар бөгөөд хэд хэдэн отоглоход тохиромжтой газар байгаа гэнэ. Сөгнөгөрийн голоо гатлан Хүрхэрээ голын хойд дэнж хүртэл тэд явжээ.
Ингээд, өдрийн хоолоо хийж идэн буцах замдаа бид гарлаа. Ойрхон өнгөрөх моносны бутнаас нөгөө сайхан үнэр хан хийн үнэртэж байсан. Мөн цэцэглэж амжаагүй боловч маргааш нөгөөдрөөс цэцэглэн Сөгнөгөрийн голын хөндийг цагаан цэцэг, гоёхон үнэрээрээ чимэх болно гэж итгэн бодож явлаа. Хөлийн гэмтлээс шалтгаалан нэг гишүүний хамт би автомашинаар хот руу буцав.
Залуус маань ирсэн замаараа буцан Үдлэгээс засмал зам руу явж Толгойтын даваа даваж аяллаа бүрэн дуусгах учиртай. Энэхүү тэмдэглэлийг сийрүүлэн суух агшинд тэд маань Толгойтын давааны өгсүүр замд жийж яваа.
Та нартаа тун их баярлалаа, групп аяллаа эхэлсэн бол дуусгадаг сайхан уламжлалтай. Урагшилаад байгаарай анд нар минь, зүгээр л жий. Аяллын багынхан УБ хотод ирж, сүүлийн хүн гэртээ 00.01 цагт орсон мэдээ авлаа.
Админтай хамт явсан хэсэг тодорхой байгаа тул түүнгүйгээр явсан аяллын зам дагуух тэмдэглэл УШТГ Б.Жавхлантөгс
5 сарын 28 буюу Ням гаригийн өглөө аажуу уужуу сэрцгээлээ. Ингэсгээд буцаад хот руу жийх байхдаа гэж бодоод, өглөөний хоол цайгаа идэж ууцгааж байтал Админ гэнэтийн мэдээ дуулгалаа. Энэ нь та хэд цаашаа жийгээд Хүрхэрээ гол, Сөгнөгөрийн голын бэлчрээ үзчихээд ир, Жавхаа багаа чиглүүлээд яваарай, би отгоо хараад үлдье гэдэг байгаа. Энэ жил үзэж чадахгүй буцах нь дэ гэж бодоод сэтгэл зүйн бэлтгэлтэй байсан боловч, ингээд үзэх боломж гарч ирсэнд баяртай байлаа.
Бидний очих газар отгоос 14 км орчим. Ийнхүү бид 10:30д цааш анх төлөвлөсөн маршрутын дагуу жийж эхэллээ. Зам нь бидний урд өдөр жийж ирсэн замаас дардан юм. Чулуу багатай, шавар усгүй хуурай ёстой л дугуйн аялалд зориулсан зам уу гэлтэй. Голынхоо хойд эргийн дагуу хойд талынхаа уулсын бэлийг даган манай баг урагшилна. Замдаа баг шиг хэдэн горхийг туулан, хөндлөн тавьсан шургааг дамжин гарлаа. Энэ хавь аргагүй л хангай газар гэсэн шиг голын ойр орчмын мөснүүд хайлаагүй сэрүү татуулан цагааран байна. Замын дунд баахан шар яргуй ургасан дэнж дээр таталт хийн бөөгнөрч зураг татуулж аваад цааш явлаа. Хэд хэдэн огцом өгсүүр, уруу бүхий дэнж дээгүүр даван баг урагшилсаар 11:20-д Админы замчилж тайлбарлаж байсан торлог бүхий хөндийд орж ирлээ. Энэ бидний үзэхээр ирсэн Сөгнөгөр, Хүрхэрээ голын бэлчир ажээ. Битүү торлог дунд 2 голын уулзвараа олж харж чадсангүй. Бид Сөгнөгөрийн голын яс янгинуулсан хүйтэн голыг Зарим нь унаж хувцсаа норгон, зарим нь дугуйгаа өргөн, нэг хэсэг нь дугуйгаа түрж гэх мэт өөрсдийн онцлогоор туулж гараад 2 голын хоорондох өндөрлөг дэнж дээр дурсгалын зураг татуулав.
Эндээс ч хараахан 2 голын нийлдэг хэсгээ харж чадсангүй. За буцахдаа л нүдээ сайн нээж явъя, ууландаа шахагдаад нарийссан торлогийн үзүүр хэсэгт байж магадгүй гэж бодоод хөдөллөө. Хөдлөхдөө Усанд унасан гишүүнээ хувцсаа өмсөхийг хүлээгээд бид 2 багаасаа бага зэрэг сүүлдэж хөдлөв. Буцаж явахдаа нөгөө торлогийн үзүүр хэсгээр өнгөрч явахдаа сайн анзаарвал яг тэнд 2 голын уулзвар байлаа. Ганаа бид 2 чулуу дамжин голын дундах үхэр чулуун дээр гаран баахан зураг бичлэг хийж авлаа. Буцаж очоод админд үзүүлье гэж бодсон хэрэг. Ингээд ирсэн замаараа буцаж явтал замын дунд манай багийнхан таталт хийн хүлээж байлаа. Багтайгаа нийлэн буцаж отог дээрээ ирвэл админ аль хэдийн хойд уул руу гараад ирсэн гэсээр угтлаа.
Бид үдийн хоол цайгаа буцалгаж идэж уугаад хотын зүг хөдөллөө. Админд замдаа хийсэн зураг бичлэгээ үзүүлэхээ ч мартсангүй. Манай түрүүлж майхан саваа эмхэлж дууссан шаламгай гишүүд Админы хамтаар түрүүлээд хөдөлцгөөлөө. Баян ходоод болсон Сүхээ, Ганаа, Баттөмөр ах бид 4 араас нь арваад минутын зайтай хөдөллөө. Буцаж явахдаа энэ сайхан газарт хорогдон хорогдон алгуурхан жийсээр Сөгнөгөр суурины эхний дэлгүүр дээр ирлээ. Эндээс Золоо эгч машинаараа буцах байлаа. Админы баруун өвдөгний бэртэл сэдэрсэн тул цааш жийх боломжгүй боллоо гээд намайг цааш хот ортол багаа чиглүүлэн яваарай гэсэн үүрэг өглөө.
Бид дэлгүүрээс ундаа, усаар цэнэглэж аваад цааш хөдөлцгөөлөө. Одоо манай баг долоон хүний бүрэлдэхүүнтэй. Сөгнөгөрөөс цааш хөдлөн Баянгол сууринаар дайран Үдлэг суурины захад ирэн эхний таталт хийлээ. Цааш нэг гол гараад л засмал замд орох байлаа. Дараагийн таталт Ногоон толгой суурин дээр очиж зайрмаг идэхээр ярилцан хөдөллөө. Засмал руу орон цуглаад, ард улаан гэрлээ анивчуулан ганц эмэгтэй гишүүнээ дундаа хийж аваад хоёрын цуваагаар жийлээ. 8 км яваад 18:20-д Ногоон толгой суурин дээр очиж өмнө ярилцсаны дагуу зайрмаг идэцгээж, аяллын чимээ чагнан хүлээж байгаа нөхдөдөө мэдээ хүргээд цааш Гүнтийн зам дагуух бидний байнга очдог цэнхэр дэлгүүр дээр таталт хийнэ гээд хөдөллөө. Салхигүй тогтуухан, бага зэрэг үүлтэй жийхэд тохиромжтой өдөр байна. Цэнхэр дэлгүүр орохын өмнө үнэхээр өлдөөд тамир дуусах шахан орлоо.
Сүхээгийн спинингийн багш шиг командлан хөгжөөх нь хүч үнэхээр өгч байлаа. Бид үйлчилгээ сайтай цэнхэр дэлгүүрт ус буцалгуулж бэлэн гоймон дэвтээж, талх элэгний нухаштай идэж аван хүчээ сайтар сэлбээд дараагийн таталт Толгойтын давааны оройд хэмээн хөдөллөө. Гэгээ тасрахаас өмнө Толгойтынхоо давааг давчих юм сан гэж ярилцаж явав. Миний хувьд Толгойтын давааг өмнө нь дан дугуйтай давж байсан ч ачаатай дугуйтай бол давж үзээгүй билээ. Ийнхүү өөр өөрсдийн темпээр жийсээр нар жаргаж гэгээ тасрахтай зэрэгцэн толгойтын даваан дээр гарч ирлээ. Эхний 5н гишүүн даваан дээр гарч ирэн арын хоёроо хэсэг хүлээлээ. Удаан зогсвол жиндэх шинжтэй. Яарч байгаа хүн байвал түрүүлээд явж байж болно гэхэд, явах хүн байсангүй.
Удалгүй даваа өгсөн нэг жийп машин гараад ирэв, дотроос нь манай нэг гишүүн толгойгоо цухуйлган доор гинж нь тасраад залгаж болдоггүй машин таарахаар нь суучихлаа энэ машинаараа хот орлоо гээд явж одлоо. Одоо хойно ганц эмэгтэй гишүүн үлдсэн тул санаа зовж байлаа. Өмнөөс нь тосож авъя гээд гар чийдэн бариад уруудаж эхэлтэл дахин нэг машин өгсөөд гараад ирлээ. Доороос өгсөж яваа дугуйтай хүн хаахна явна уу гэж асуутал, 300 орчим метр зайтай байна нэлээн удаан өгсөж байна гэв. Цааш уруудан урдаас нь явтал тун удалгүй дугуйгаа түрэн ирж явна. Ийнхүү бүгд давааны оройд амжилттай гарч ирлээ. Урд хойд гэрлээ асаан гэрэл муутай нэгнийхээ хажууд гэрэл тусгаж өгөн уруудацгаалаа. Энэ уруу нь ховил ихтэй байнга л ус урсаж байдаг шөнө харанхуйд байтугай өдөр ч уруудахад эрсдэлтэй байдаг билээ. Бид цуваагаар явсаар Таван шарын уулзар орлоо. Эндээс цааш дугуйн замаар аажуухан жийсээр сүүлийн хүн би 00:00 орчимд гэртээ хүрч Админд мэдээ дамжуулснаар энэ өдрийн аялал ийнхүү амжилттай өндөрлөлөө.
Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.
Нэр | Тэмдэг | Болзол биелүүлсэн байдал |
---|---|---|
Ш.Мөнгөнсүх | Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг | 4718 км |