Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Өдрийн аялал #141 - УБ хотын баруун хойд уулсаар

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/279
Аяллын төрөл
Өдрийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
117 км
Давааны тоо
4
Өндөр авалт
1544 м
Өндөр алдалт
-1542 м
Их өгсөлт
13.1 %
Их уруудалт
-15.2 %
Оролцогчдын тоо
8
Эхлэх цаг
2023 оны 4 сарын 29 Бямба гараг, 9:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Жигжид зуслангийн уулзвар
Цуглах цэгийн солбицол
48.049722, 106.900556
48°2'59"N, 106°54'2"E
Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

Зураг 1. Аялал эхлэх цэгт

Бидний аяллыг ерөөх мэт үүл багатай, бараг цэлмэг гэмээр, салхи тийм ч хүчтэй биш тун аятай өглөө боллоо. Аялал эхлэх цагаас арваад минутын өмнө аялалд бүртгүүлсэн гишүүдийн ганцаас бусад нь цөм хүрэлцэн ирсэн байв. Бид хэд мөнөөх гишүүнийг урьдын адил ялимгүй хоцорч улмаар бидний араас нэхэн ирэх нь дээ хэмээн хэлцэж бас гүйцэхэд хялбар болгох үүднээс яг товлосон цагтаа хөдөллөө. Мань гишүүн биднийг эхний даваа даваад мөн л эхний таталтаа хийн бөөгнөрч байх үед нэхэн гүйцэж ирсэн.

Энэ удаагийн аялал дөрвөн даваатай. Түүний эхнийх нь Гүнтийн даваа юм. Гүнтийн давааг эхний даваа болгон сонгосон нь өглөө эрт автомашины хөдөлгөөн бага буюу шороо тоос гайгүй байдагтай холбоотой. Харин удаах гурван даваа төв зам дагуу биш тул автомашины хөдөлгөөн бараг үгүй юм. Ингээд Жигжидээс 09:00 цагт хөдөлсөн манай баг яг 30 минутын дараа гэхэд Гүнтийн даваа дээр гарав. Баг эхний даваа давах байдлыг ажиглахад нэг гишүүнээс бусад нь бүгд жигдхэн сайн жийцгээж байлаа. Ерөнхий админы хэлдэгчлэн цувааны сүүлийг хэн нэг гишүүн мушгих нь гарцаагүй бөгөөд энэ удаагийн ээлж түүнд таарчээ. Бусад нь ч аяллын сүүлийн даваанууд дээр тэрхүү гишүүнийг нэр заан "хэний" ачаар амсхийх чөлөө завдал гарч байна хэмээн талархах ба егөөдөхийн завсарт хэлцгээн хошигноцгооно.

Зураг 2. Хоёр дахь даваагаа давлаа

Удаах даваа дээр 11:05 цаг гэхэд шаагилдаад гарцгаав. Даваа дээр түр амсхийгээд цааш уруудахад цаг агаарын прогноз дээр байсан салхи жинхэнээсээ үлээж байлаа. Өнөөдөр баруун хойноосоо 12 м/с хүчтэй салхитай гэж байсан юм. Гэвч яг газар дээрээ ингэж салхилсангүй. Өөрөөр хэлбэл өнөөдрийн аяллын турш салхи ерөнхийдөө манай талд ашигтай байсан. Үнэхээр даваанаас бууж Нарийний хөндий рүү ороход салхины хүч багасаж жийхэд урамтай хэмжээнд очсон. Ингээд бага зэрэг өгсүүр хөндийг ядах юмгүй туулсан юм.

Зураг 3. Аяллын явцад

Нарийний голын хөндийгөөр жийж явахад өвс ногоорч эхэлж буй нь, мэрэгчид ичээнээсээ гарсан нь, ялаа нисэлдээд эхэлсэн нь анзаарагдаж юу юугүй зун цаг болох дөхсөнийг илтгэнэ.

Зураг 4. Түр амсхийлт

12:25 цаг гэхэд бид Нарийний голын хөндийг туулж дуусгаад гурав дахь даваа байх уулын амыг зорин жийлээ. Замтын даваа гэх энэ даваа группийн түүхнээ шинэлэг маршрут болно. Уулын ам тодорхой байсан тул бид зөвхөн жийхэд зохимжтой зам зэрэгт түлхүү анхаарч явлаа. Гэхдээ энд нэг саад тохиолдсон нь уулын амыг тэр чигт нь торон хашаагаар хаасан явдал байв. Бид хаалт дээгүүр дугуйгаа давуулж оруулаад хаалтыг гэмтээлгүйхэн шиг давж бас зарим нь шургаад хашааны цаана гарч аяллаа үргэлжлүүлсэн. Үүнийг эс тооцвол өөр саад бартаагүй ба ам өөрөө гайгүй богино тул Замтын давааны өгсүүр эхэлтэл жийж хусан ойн захад бууж өдрийн хоолоо идэцгээн амарцгаалаа. Ирж яваа цаг гэсэндээ таатай дулаахан бас салхи ч үл мэдэгхэн байсан нь нэн таатай. Бас нар сайн тусдаг газар олж сууцгаасан тул газар хуурай буюу тав тух гэж янзтай.

Өнөөдрийн аяллын онцлууштай зүйлсийн нэг бол улаан тэмдэгтэн шинээр тодорсон явдал юм. Шинэхэн улаан тэмдэгтэн гишүүн Ж.Октябрь бол группийн ууган гишүүдийн нэг бөгөөд 2016 оноос эдүгээг хүртэл тасралтгүйгээр хамгийн идэвхтэй аялж буй гишүүдийн нэг юм. Үүний тод томруун илрэл бол өнөөгийн байдлаарх улаан тэмдэгт бусад гишүүд цөмөөрөө хоногийн аялал, олон хоногийн аялал гэх мэтчилэн нэг дор олон "км" нэмэх аялалд оролцоцгоосон байдаг бол харин Октябрь гишүүний хувьд өдрийн аяллаар дагнах буюу хамгийн ихдээ 152 км зам бүхий аяллуудад оролцох байдлаар улаан тэмдгийн болзол 8158 км-т хүрсэн явдал билээ.

Зураг 5. Улаан тэмдгийн болзол биелүүлсэн аялагч гишүүн Ж.Октябрь

Өнөөдрийн аяллын оргил цэг - Замтын даваа дээр 14:05 цагт гарав. Давааг хойноос нь унадаг дугуйгаар жийж давах боломжтой. Харин урдаасаа хэсэг газарт түрэхээр байсан. Гэхдээ сайн жийдэг дугуйчин аргалаад жийгээд гарч болох юм. Урд талын замын бусад хэсэгт саад бартаа бараг үгүй ажээ.

Маршрутын дагуу, ороход зохимжтой дэлгүүр байгаагүй тул Рашаант дахь өмнөх аяллуудын үеэр орж байсан дэлгүүр хүртэл маршрутаа үл ялиг даялуулсан. Тус дэлгүүр дээр 14:50 цагийн үед очив. Тэндээс хөдлөөд ямар ч таталтгүй явсаар Шижирийн даваа дээр 16:10 цагт эхний гишүүд, 16:35 гэхэд бүгдээрээ гарцгаалаа. Давааны амны адагт ямар ч салхигүй бүгчим байсан тул гишүүд нэлээд халууцаж тэр хэрээрээ жийлт нь саарах шиг болсон. Харин даваа өөд өгсөж ойртох тусам салхи ширүүсэж нэг гишүүний хэлсэнчлэн 1 арааны дэм үзүүлж байв.

Зураг 6. Манай баг маршрут дахь сүүлийн даваа болох Шижирийн даваа дээр

Ийнхүү сүүлийн үед байгаагүй олон өндөр даваа бүхий аяллыг амжилттай жийн дуусгасан багийн гишүүддээ баяр хүргэе! Зүгээр л жий.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
О.Шинэбаяр Ж.Батдаваа Д.Ганболд Н.Даваасүрэн П.Батмөнх Б.Бадрах Ж.Октябрь Г.Махгал
О.Шинэбаяр
  • 1478 км
  • 14
  • 0
  • 0
  • 0
  • 1
Ж.Батдаваа
  • 1867 км
  • 23
  • 0
  • 0
  • 0
  • 0
Д.Ганболд
  • 2072 км
  • 26
  • 1
  • 0
  • 0
  • 0
Н.Даваасүрэн
  • 3350 км
  • 29
  • 0
  • 0
  • 2
  • 2
П.Батмөнх
  • 8270 км
  • 85
  • 6
  • 1
  • 0
  • 2
Б.Бадрах
  • 8942 км
  • 89
  • 2
  • 0
  • 3
  • 1
Ж.Октябрь
  • 10828 км
  • 121
  • 0
  • 0
  • 0
  • 0
Г.Махгал
  • 11169 км
  • 112
  • 7
  • 1
  • 2
  • 4
Зүгээр л жий!