Улаанбаатар уулын дугуйн клубийн аялал

Хоногийн аялал #30 - Гүнжийн сүм 2023

Веб хуудасны каноник хаяг
https://ubmbc.com/biking/278
Аяллын төрөл
Хоногийн аялал
Багийн хуваарилалт
Нэг баг
Замын урт
84 км
Давааны тоо
2
Өндөр авалт
677 м
Өндөр алдалт
-675 м
Их өгсөлт
11.8 %
Их уруудалт
-13.3 %
Оролцогчдын тоо
10
Эхлэх цаг
2023 оны 4 сарын 29 Бямба гараг, 10:00 Улаанбаатарын цагаар
Цуглах цэг
Офицеруудын ордон
Цуглах цэгийн солбицол
47.916194, 106.970454
47°54'58.3"N, 106°58'13.6"E

Аяллын талаарх нэмэлт мэдээлэл

АЯЛЛЫН ЕРӨНХИЙ ХӨТӨЛБӨР
Энэ жилийн аяллын чиглэлд өөрчлөлт орсон бөгөөд Гүнжийн сүмийн зүүн талд байрлах уулын бага шиг ам хүртэл яваад отоглоно. Барагцаалбал очих газраас 2 км орчим зайтай.

4 сар 29 өдөр, Бямба гариг
Тэрэлж суурин дээр цуглан өглөө 10.00 цагт аялал эхлэнэ. Баруун Баянгийн голын хөндий өгсөн голоо хоёр удаа гарамаар туулж гаран, Хөх Чулуутын голыг гатлан уулын ам руу өгсөн гүдэн давж уулын бага шиг амны энгэрт тохиромжтой газар отоглоно. Аяллын замд олон удаа гол ус гарах, шавар ус бүхий саад бартаа элбэг ажгуу.

4 сар 30 өдөр, Ням гариг
Өглөө 8.00 цагт хөдлөн Гүнжийн сүмний туурь хүрээд, ирсэн замаараа буцаж Тэрэлж суурин хүрч аялал дуусна. Гишүүд хоногийн аяллын үндсэн бэлтгэл болох майхан, унтлагын хөнжил, гудас, тогоо тулга, хоёр өдрийн хоол, хүнс, ус базааж явах шаардлагатай. Хаврын улирлын хуурайшил эхэлсэн тул ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж аялана.

Мэдрэмж, хандлага

Надад өөр мэдрэмж, хандлага төрүүлж болно.

Сорилт

Намайг бие болон сэтгэлийн сорилт хүлээнэ.

Тэсвэр, тэвчээр

Би замд дураараа амрахгүй, зогсохгүй.

Эрсдэл

Надад ямар ч эрсдэл учирч болно.

Хувийн шийдвэр

Оролцох шийдвэрийг би өөрөө л гаргасан.

Хариуцлага

Би өөрийгөө хамгаалж, хооллож, тээвэрлэнэ.

Байдаг л үйл

Нэр хүнд олох, бусадтай өрсөлдөх талбар биш.

Жийлтийн эрчим

Бусдын сайн, муу жийх нь надад хүртээлгүй.

Тэгш байдал

Нас, ажил мэргэжил, алдар цуу хамаагүй.

Хамжаарга

Өөрийнхөө тухай ярих нь сонин бус.

Хувийн нууц

Бусдын тухай мэдэх шаардлагагүй.

Дэг журам

Клубийн дүрмийг ёсчлон дагана.

Аяллын тэмдэглэл

ТАНИЛ БОЛОВЧ ТАНИАГҮЙ ОРЧИН ХЭМЭЭХ ОРШИЛ
Хотоос буйдхан орших энэ газар руу яагаад хүмүүс яваад байдаг, мандан бадарч, доройтон буурах асан түүхийн ул мөр аажмаар арилан байгалийн хүчний өмнө аргагүй хүчин мөхөсддөг жамын харах гэж, эсвэл тордож арчилахгүй байвал хүний гараар бүтсэн ямар ч гайхамшигт байгууламж ийнхүү үрэгдэж дарагдаж мөхдөг сургамжийг анзаарах гэсэн юм болов уу гэх олон салаа бодлын үзүүрийг мухарлах гэж оролдох нь танин мэдэхүйн балар шугуйд аялах дуртай хүний өвөрмөгц нэгэн араншин гэлтэй. Групп жил бүрийн 4-р сарын сүүлийн долоо хоногийн амралтын хоёр өдөр  энд аялсаар 7 жил болжээ. Дэндүү танил мэт боловч бас огт таниж мэдэлгүй өнгөц бодсон анд мэт тайлагдашгүй олон нууц агуулсан байгалийн бүтээл энд цогцолсон болохоор жил болгон өөртөө шинэ нээлт хийж гайхан биширдэг билээ.
Урьд жилийн аяллууд явагдсан сонгодог зам нь Хөх чулуутын голын доод хөндий рүү огт хавьтдаггүй байсныг "нээлээ". Дээд хэсгээр нь бол Гүнжийн сүм рүү явахдаа их туучиж байсансан. Гялалзахын гол гэдэг нэртэй мөсөн баринтаг нь 7-р сард ч хадан энгэр бүхий багахан хавцалын ёроолд цайран харагддаг хүйтэн голын хойд дэнж дээр бид отоглодог байсан. Энэ голыг "анх"-аасаа Хөх чулуутын гол гэж эндүүрэн бодож, урьдын аяллын тэмдэглэлд огт буруугаар нэрлэн, бичиж байжээ. Аливаа түүхийн бичиглэл ингэж ташаа бичигдэх явдал байдаг бололтой. Газар усны нэрийг ийнхүү ташаарах нь хойшид аялах шинэ залуу үеийг "төөрөлдүүлэх" гэмтэй.

Зураг 1. Манай баг. Гүнжийн сүм
Манай цуваа сонгодог замаас салан Баруун Баянгийн голын баруун талын дэнж даган өгсөж толгой ороон Хөх Чулуутын голыг гарамаар гарав. Зүүн зүгт Дунд Баян голын хөндий цэлийн үргэлжилж Алтан Өлгий уул руу явах зам зурайна. Хөх Чулуутын гол нь Баруун Баянгийн голын баруун талын томоохон цутгал юм. Голоо гарч Баруун Баян голыг даган өгссөөр уулын баруун талын ам руу зурайх тод зам руу орлоо. Баруун Баянгийн голын баруун талын цутгал болох бас жижиг гол гаран амаа өгсөн явсаар нэгэн өвөлжөөний урд талын саруул бэл дээр отоглов. Отогоос Гүнжийн сүм 3 орчим км зайтай байлаа. Энд ачаагаа буулган, "шалдан" дугуйгаар цааш өгсөн Онгоцт (нутгийнхан ингэж нэрлэдэг, их л орчин үеийн нэр шиг санагдсан)-оор даваад уруудан Хөх Чулуутын голыг дээгүүр гатлан гарч Гүнжийн сүм рүү зорих үндсэн замтайгаа нийлсэн юм.

АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ
УШТГ Э.УУГАНБАЯР
Их том хариуцлага хүлээсэн (энэ удаагийн аяллын дугуй ачих хариуцлагатай үүрэг ирсэн) хүн чинь их унтаж болохгүй (орой ажлаа тарж ирээд шөнө хугасалтал аяллын бэлтгэлээ базаасаар), бас бага унтаж болохгүй (ядраад ачаатай дугуйгаа жийж хүчрэхээ байчихана) ямар ч атугай өглөө 6 цагт гозойн босож 8 цагт офицерийн урд дахь CU-гийн үүдэнд бэлэн байх ёстойгоо умартан 7 цаг хүртэл нам унтаад замаараа улаан тэмдэгт гишүүнээ Хангай хотхоноос ачиж аваад давхиж хүрвэл аль хэдийн админ өөр нэг эртэч гишүүн нар ирсэн кофедож байлаа.  

Зураг 2. Аяллын бэлтгэл жин тан. Хөдлөхийн өмнө
Бид мөн бусдыг даган аяга кофе ууж суутал манай хэд уван цуван ирцгээсээр (энэ өдөр өөр нэг улаан тэмдэгт гишүүний төрсөн өдөр байсан учир илүү эрх давамгайгаар хоцорч ирсэн) мэнд усаа мэдэлцэн, баяр хүргэлцэн, бензины мөнгө гэж хүн тус бүр 10к цуглуулж надад өгөөд, мөн гишүүдийг суулгаж аялал эхлэх цэг хүргэх улбар шар тэмдэгт гишүүний альфард машинд мөн адил 10к-нуудаа өгөөд бидний хэсэг нөхөд аялал эхлэх Тэрэлжийн зүг бараг 9 дөхүүлээд хөдөллөө. Амжиргаа (миний дугуй ачсан машин) бид хоёртой цуг анх удаа хоногийн аялалд явж байгаа ногоон тэмдэгт гишүүн нэгдэж (тэвшин дээр 10 дугуйг эвлүүлээд нам даруулсан) наран ургах зүг хааз мэдэн явсаар Налайх руу салдагийн наанаас машинаа цадтал хооллож аваад зүүн хойд зүгийг барин сүнгэнэсээр болзоот газар иртэл, дугуйчдаа суулгасан альфард маань ч ирж, аялалд бүртгүүлж амжаагүй ч энэ аялалд нэгдэхээр өөрсдийн унаагаар ирсэн манай 5 дугуйчинтай нэгдэж бид арван тавуулаа боллоо. Гэхдээ нэг аялагч мототой аялахаар ирсэн.
Зураг 3. Аяллын гараа, Тэрэлж суурин
Ингээд GPS асааж Тэрэлж голын явган төмөр гүүр, цаашлаад тавцант гүүр, бас дахиад тавцант гүүрийг гарснаар голын эргийн дов сондуул, түйрэн, чулуутай танил замаар жийсээр Тэрэлж голын зүүн салааг туулан аяллын замын үндсэн чиглэлдээ орлоо. Эндээс Гүнжийн сүм орох замын эхний суврагатай овоо хүртэл 10 гаруй км.

Эхний таталт суваргатай овоо хүртэл салхи араас зөөлөн дэмнэж ачаатай дугуй (миний хувьд хоосон дугуйтай явахаар нэг л урагшилж өгөхгүй, хойш татаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд байдаг юм, энэ сэтгэлзүйтэй л холбоотой байх гэж боддог оо) намбалзан зөөлөн урагшилсаар нэг мэдэхнээ ирлээ. Эндээс хөдөлж ахин нэг хөндийг туулсанаар алсын өгсүүрийн чиг юмандаа орж байгаа нь тэр ээ. Самбуу гуайтай аялал энэ тэр ярьж явж байж яг явах замаараа биш арай тойруугаар эргэх гэснээ болиод шууд чиг хатган дээш аахилсаар жийх замд Сүхбат бичлэг хийгээд зогсож, мөн ерөнхий админ жийж ирэхтэй яг таарав. Салхи уулсын сугыг зөөлнөөр эргэн баруун хойноос, хойноос эсхүл баруун урдаас чиггүй илбэж байлаа.

Зураг 4. Баруун Баянгийн голын эхний гарамыг мөсөн баринтаг дамжин гарлаа
Эндээс дараагийн таталт Баруун Баянгийн голын эхний гарам тул голоо дээш өгссөөр байлаа. Салхи бас араас биш өөдөөс эргэж доогтой нь аргагүй үлээсээр, бид ч хамаг байдгаар бөхийн урагш зүтгэсээр... Энэ зуур харин манай мототой гишүүн түрүүлж явж замын байрлал, гармын аюулгүй байдлыг хангаж хаагуур явахыг зөвлөж байв.

Эхний гарамд ирж зарим нь дайрч, зарим нь түрж гараад голын эргийн хэсэг модтой тохойд хүрээлэн сууцгааж өдрийн ундаа ууцгаалаа. Хийсэн хоолоо барахгүй байсан тул бусад найзууддаа өгч идүүлж дууссанаар цааш явсаар дараагийн гармыг мөн гаталж бараад дээш явсаар байлаа. Салхи өөдөөс, өгсүүр өөдөөс энэ ер нь замын тэг дунд нь явж байгаа нь илт л дээ, гэхдээ нэг л тамир дуусаад хөл урагшлахдаа их л залхуутай удааширсан санагдаж байлаа.

Зураг 5. Отог
Энэ жилийн сонгосон зам шууд Гүнжийн сүм төдөн км гэдгээр бус Зуугийн рашаан төд гэсэн хойд чигийг заасан замаар өгссөөр (энэ зам үргэлжилсэн шавар багатай, хэсэг хэсэг судагт л багахан шавартай, тун боломжийн) нутгийн айлын үүдээр гарч багашаархан өгсөөд хуучин хаваржааны урдтай байгалийн үзэмж төгсөрсөн (тойроод үзэсгэлэнт хэлбэр дүрс бүхий хадтай) энгэр ээвэр газар хоноглохоор их үд нэлээд бүр нэлээд өнгөрсөн хойно энд ирэв. Ачаа сэлтээ орхиж энэ өдөртөө багтаан зорьсон Гүнжийн сүмээ үзэхээр өмнө нь явж байгаагүй шинэ газраар өгсөж уруудаж очиход 3 орчим км л зам туулав.

Зураг 6. Онгоцт давах давааны өгсүүр замд
Газрын байдал уруу ер нь байхгүй уруу юм шиг харагддаг, санагддаг өгсүүрүүдтэй их шавартын хойд жижиг горхийг туулан чүд чүд баруун тийш яваад гол замтайгаа нийлэн ахиад жаахан өгссөнөөр сүмийн барилгын үүдэн хэсгийн суваргын цайвар хана харагдаж эхэлнэ (горхио гараад шигүү ургасан ой дундуурх жимтэй). Ирж байх замд Баруун Баянгийн голын эхний гармын орчимд цайлж суухад хажуугаар хойш чиглэж одсон машинтай хүмүүс ирээгүй юм уу ирчихдээ явчихсан юм уу бүү мэд байхгүй байсан, мөн арав гаруй морьтой гэдэс нь өвдчихөөгүй байгаа даа гэмээр амитас гэлдүүрлэн явж асан нөхөд ч ирээгүй, харин гурав дөрвөн мотоциклтой хүмүүс сүмийн хашааны үүдэнд цайлж сууж байлаа.

Хавар болоод ч тэр үү, нар их халахгүй, тогтнуун салхитай, уулсын мөс цас хайлж амжаагүй байдаг тул гол горхины хэмжээ бага зарим эргээрээ мөсөн хөшигтэйгөө байдаг нь сайшаалтай. Гол анхаарууштай нь ил гал түлж болохгүй, нэг оч үсрээд л тэр сайхан хөндий талыг байхгүй болгож зэвхий хар өнгө, үхмэл ертөнцөд аваачих гай нь их тул тун болгоомжтой байх хэрэгтэй шүү. Гүнжийн сүмийн талаарх илүү дэлгэрэнгүй, шинжлэх ухааны чанартай мэдээллийг Ц. Дамдинсүрэнгийн “Гүнжийн сүм” аян замын тэмдэглэл номыг уншаарай гэж зөвлөе. Цахимаар татаж аваад унших холбоос: https://e-nom.mn/book?bid=MjA1OA==enomMjA1OA==

Зураг 7. Зорьсон газраа үзлээ

Урьд урьдын жилүүдэд машинтай хүмүүс шууд зүүн урдтайх нь байх гэрэлт хөшөө бүхий жижиг цамхагын дэргэд машинаа тулгаж зогсоодог байсныг ноднин зун л хийсэн боловуу гэмээр машин орох боломжгүй шон хатгаж мөн баруун урдтайд нь хүрэн өнгийн модон “жорлон” хийсэн харагдана. Түүний хойдтой сүүдрэвч түүний хойдтой уг сүмийг байгуулах болсон үүх түүхийг бичсэн самбар, түүнийг өнгөрөөд уг зорьсон газар байна. Тахилын сүмийн карказ хэсэг ба түүний хойдтой нь бунханы чулуун байгууламжийн хэсэг байна. Тойроод хашаатай түүний баруун ба урд хэсэг нурсан, байгууламжийн талаарх сонирхолтой яриаг ерөнхий админ сайхан тайлбарлаж өгсөн (тоосгон хана, шороон будаг бүхий дээврийн дам нурууны хээ, гараар зассан боржин чулуун оруулга гэх мэтийг). Түүнийг 1982 онд анх ирэхэд ийм байгаагүй, илт сайн бас бүтэндүү байсан талаар дурсаж байв. Энд ирсэний баталгаа юу билээ дээ, зургаа авахуулах шүү дээ, дүрсээ үлдээгээд удалгүй буцаж ирсэн замаараа гэдрэг эгэж отог дээрээ ирж гэр орноо төвхнүүлж ахуйд нар жаргалаа.

Маргааш дулаарна, дулаахан байх юм байна, тэгсэн гэсэн яриа хөвөрч, майхнаа хүрээ үүсгэн дугуйруулан барьж, нөхөд үүд үүдэндээ болжмор аятай сууцгааж оройн ундаа хийж сууна (айл айлын хоолноос амсаж, амтат шорлогноос идэж цадаж авав). Хооллож дууссаны дараа шорлогийн зуухаа хүрээн дундаа аваачиж түүнээ тойрон сууцгааж төрсөн өдрийн эзэндээ баярын дуу дуулж, өдрийн сонин сайхан, адал явдлаа ярилцсаар цаг оройтсон тул унтацгаалаа. Маргаашийн зам өгсүүр үгүй, байсан ч байхгүй гэсэн үг. Бөөнөөрөө явахын давуу тал юу гээч, юу ч бодох шаардлагагүй, зүгээр л урагшаа л явж байвал болдог юм даа кк.

Өглөө хүмүүс эрт босоцгоож байгаа бололтой дүнгэр дүнгэр хийцгээнэ, шөнө нэлээд даарсныг хэлэх үү, өнөө майхнаар нарны гэрэл ч байхгүй нь тиймдүү ч зуны аагим халуунд гоё байж магадгүй л юм (нар шараад байхгүй), өмнөх улаан майхан байсан бол нар гялбууланхан сэрээдэг шүү дээ, намайг. Жаахан хөрвөөж байгаад өндийтөл манайхан ихэнх нь дээшилчихсэн өглөөний умдаанаа угсарсан харагдана. Ер нь ганц нэгхэн хүн л даарсан гэж “үнэн” ээ хэлснээс бусад нь даараагүй юм байлгүй, дуугай л байцгаана билээ. Майхан саваа хурааж ачаалаад, гинжиндээ нус (тос) нааж аваад хөдөлцгөөлөө, Ганбаяр түрүүлэн давхиж айлын нохойг хориулсан харагдсан, хажуугаар нь аажуу талбиу өнгөрч голоо даган уруудсаар эхний таталт эхний их гарам, дараагийн таталт суварга байлаа. Ноднин, уржинанг бодвол салхи баруунаас бага зэрэг, ер нь хажуунаас илж байсан л даа. Энэ удаа ядарч амжилгүй Тэрэлж голын зүүн их салаанд ирж өдрийн цайгаа ууцгаалаа. Отогоос энэ салаа хүртэл 3 цаг гаранхан хугацааг туулжээ.

Энд нэг яриа гарлаа, энэ яриа хотод ирээд, бүр даамжирч асан одоо замхарсан болов уу? Даамжирсан болов уу? За байз уу... юугээд байлаа, 
- Энэ чинь Дэнсмаа юу даа (Монголын уран сайхны “Сэтгэлийн дуудлагаар” киноны ярианы хэсэг)
- Күй тийм байлгүй дээ, Би бүр гайхаад байсан юм.
- Одоо юу нь муудаав . . . (Монголын уран сайхны “Ичээнд нь” киноны Дамбийжаагийн хамраараа гуншин ярьдаг ярианы хэсэг). Гэнэт л энэ яриагаар бие биеэ цаашлуулсаар элгээ хөшөөж эвхэрч унаталаа хөхрөлдсөөр явж байлаа. Энэ салааны их цайллагын дараа мототой гишүүн эхлээд, араас нь өөрсийн унаагаар ирсэн 4 түрүүлэн явж одлоо. Отог дээр ачаагаа янзлаад үлдсэн Мөнхбат ч араас ганцаар ирж хотруу жийнэ гээд явав. Ингээд бид арав мөн ачааны машинд дугуйнуудаа, суудлын машинд өөрсдийгөө ачааллаж аваад хотын зүг хөдөлсөн нь энэ удаагийн Гүнжийн сүмийн аялал амжилттай явагдаж дуусч байгаагийн илрэл юм. Хотод “Тэнгэр плаза” гэх зүүн бүсийн драгонд ирж дугуйгаа буулгаж, хөхрөлдөж, коладаж, хөхрөлдсөөр явах гэхэд группийн дугуйчин Батмөнх ах замд байх ажил дээрээ ирж кофе уу гэснээр тийш довтлон очлоо. Энд мөн өнөө киноны үгээр баахан хөхрөлдөж аваад гэртээ ирснээр “Гүнж”-ийн аялал өндөрлөлөө. Эцэст нь хэлэхэд би л лав даг ядраагүй ээ.

АЯЛЛЫН ТЭМДЭГЛЭЛ
НТГ Б.СҮХБАТ
Дугуйтай аялал сонирхоод сонирхоод ч гэж дээ эхлэхдээ ганц аялалд яваад үзье гэж ирээд тулталаа миараад ахиж барахгүй юм байна гэж бодсон ч маргаашнаас нь эхлээд дараагийн аяллыг яагаад ч юм хүлээж явахгүй л бол болохгүй юм шиг санагддаг болоод нэгэнт 2090 км-ийг унадаг дугуйтай аялах зорилгоор туулсан байна. Энэ хүртэл аялхад хамгийн их явж үзэхийг хүссэн аялал нь дугуйтай хоногийн аялал байлаа. Яагаад гэж үү унадаг дугуйн дээрээ майхан, мишок, хоол, унд, гээд хүн аялхад, хээр хоноход юу хэрэг болдог бүгдийг ачиж явдаг нь их сонирхол татдаг юм.

Зураг 8. Дэнжийн бас жалгын өгсүүр зам нэлээд тохиолдоно
Ийнхүү сонирхолтой, хүссэн аялалдаа явах өдөр ирэхэд явъя гээд шууд явчихаж болохгүй нь тодорхой болж туршлагагүй надад бэлдэх юм цөөнгүй. Юу юу хэрхэн яаж бэлдэх вэ? гэж хамт аялдаг аялагч нараасаа асуухад дор бүрнээ өөрс өөрсдийн туршлага дээр үндэслэн зөвлөгөөг өгөх бөгөөд Жавхлантөгс ахын чи эхлээд их юм шууд худалдаж авахгүйгээр хамт аялагч нараасаа илүү юмыг нь нэг аялалд түр авч ашиглаад тэндээсээ туршлага судлаад дараа нь мөнгө өө зарцуулж өөрт яг хэрэгтэй юм аа авах хэрэгтэй гэсэн үг надад ирэхтэй зэрэгцэн хамт аялагч Цоко эгчээс аялалд хэрэглэх ачааны богц байхгүй бол энэ аялалд надаас авч хэрэглэж болно шүү гэх үг нь нэн таатай. Ийнхүү өөрт байхгүйгээ хамт аялдаг туршлагатай аялагчдаас авч ашиглан аялалд гарах бэлтгэлээ базаалаа.

Аялал эхлэх өдрийн өмнөх орой унадаг дугуйндаа бүх ачаагаа ачиж бэхлэн хоноод өглөө гэрээс гарч жийхэд замд таарсан хүмүүс их сониуч зарим нь надаар бахархах мэт хөөх гэж харах нь эвгүй ч юм шиг нэг тийм шинэ мэдрэмж. Гэхдээ гоё байсан. Ачаатай дугуй гэдэг бас дан дугуй унахаас өөр юм аа. 
Ачаа нь таарсан 30 
Авгайдаа яарсан жолооч 
Явна гэж тоосоороо булж байна гэдэг билүү.
Тэрэн шиг л явган замын дэржигнүүр, засмал замын нүхийг тоох шинжгүй намбайж, тохьтой гэдэг нь яана.

Зураг 9. Манай отог шинэ өглөөг угтаж байна
Ийнхүү жийсээр товлсон цэгт иртэл хамгийн том админ ирчихсэн CU дотор кофе оочлон сууна. Ороод очтол өөдөөс “Чи чинь Дэнсмаа юу даа” гэнэ. Би ч үгүй ээ Сүхбат байна гэтэл. “Тийм байхаа бүүүүр гаййхааүд баййсыйн” гэж байна. Ийнхүү үл ялиг хөгжилдөх зуур хамт аялах гишүүд маань ар араасаа ирцгээж байлаа. Аялал 10 цагт Тэрэлжийн УБ2-ийн гаднаас эхэлж явган хүний гүүрээр дугуйгаа түрэн гол гарч админы мориндоо гэсэн тушаалаар дугуйндаа мордон өөр өөрсдийн хэмнэлээр жийж эхэллээ.

Зураг 10. Аялагчийн өглөө
Манайхан ч хээв нэг шалдан дугуйтай юм шиг л жийж өгч байна. Миний жийх хэмнэл нэг л бишээ, ямар ч драмгүй тэнтэр мунтар гэж хэсэг явж байгаад нэг гайгүй жигдэрч ирж жийлт орсноор хамт аялагч гишүүдээ эхнээс нь “бавж” (гүйцэж түрүүлэхийг гишүүд хошиноор ингэж хэлдэг) явсаар эхний татах цэг дээр түрүүлж ирэн хүлээхэд манайхан араас шил даран ирцгээж төд удалгүй бүгд дараагийн цэг рүү үргэлжлүүлэн жийв. Нэгэнт өөрийн хэмнэлээр эргүүлж эхлэсэн мөн дөнгөж аялал эхэлж байгаа бие ядраагүй учир хошуу ороож, хөндий даган жийж явсаар аялал эхэлсэн цэгээс 20 км явсны дараа энд ер нь хооллоё гэдэг үгийг сонсоод л нээх уулгамч ачаанаасаа хамаг юм аа гаргаад эгээ л хоолоо үйхэд бэлдэж байв. Араас хамт аялагч гишүүд цуварч ирж байх хооронд админ гарам үзчихээд ирэе гээд л явахад нь аан за гээд л хүлээх зуураа богцноосоо нэмж шаардагдах зүйлсийг гаргасаар л байв.
Зураг 11. Манай баг. Онгоцтын даваа дээр
Тэгж байтал админ буцаж ирэн гарам гараад үдлэе тэнд янзын байна гэхтэй зэрэгцэн манайхан бүгд цуглаж таарав. Ийнхүү бүгд админыг даган гарам гарахаар цааш явахад би ганцаараа нөгөө гаргасан юм аа буцааж богцонд хийх ажилтай үлдэв. Аяллын хамгийн анхны туршлага “Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй”, туршлагатай гишүүд тэр хооронд амраад л сууж байсан. Цаашдаа аялал дуустал тэмээгээ сайн хариулна гүйцээ.

Ямар ч аялал ер нь л сонирхолтой байдаг. Гэхдээ дугуйгаар аялах нь байгалийг илүү их мэдрэх мөн бартаа саадыг биеийн хүчээр давах гэх мэт сорилт ихтэй. Гарам дээр очиход хамт аялагчид маань хамтын хүчээр гармыг гутлаа норголгүй давж байлаа. Яаж гэж үү. Эхний хүн гараад дараагийн хүн дугуйгаа эхний хүнд дамжуулж өгөөд өөрөө үсэрч гараад дараагийн хүний дугуйг татаж авах гэх дарааллаар. Бүгд гарам гарсны дараа тэндээ бүгд хоолоо хийж идэн үдэллээ. Тухайн мөч бас сонирхолтой анх аялаж байгаа хүнд бол хэний хэрэглэж байгаа юм гоё, яг аялалд зохицсон байна гэдгээс эхлээд маш олон санаа. Хамт аялагч Жавхлантөгс ахын хэлсэн шиг л бөөн судалгаа, туршлага яг л хэлснээр нь болж байв.

Зураг 12. Буцах замд голын гарамын мөс үгүй болсон байв
Цааш үргэлжлүүлж явсаар бид Гүнжийн сүмийн зүүн гүдэнгийн зүүн энгэрт айлын хаваржааны ойролцоо хоноглохоор тохирч, хоноглох газраа ачаагаа үлдээн гүдэнгээ даван Гүнжийн сүмээ үзэх тухай админ ярьж байв. Аялагч гишүүд маань бүрэн ирж дуусаагүй байхад админ ачаагаа буулгаад бөөгнүүлээд тавьчих гэж байна. Хэн ч тухайн үйлдлийг хийсэнгүй би ч хийхгүй тэмээгээ хариулна даа. Хонох цэг баттай болсон нь илт болж туршлагатай гишүүд ачаагаа буулгаж эхлэхэд би ч бас буулгаж эхлэв. Бүгд ярилцсан ёсоор Гүнжийн сүм ээ үзэхээр хөдлөв. Хоноглох энгэрийн баруун өгсүүр сайхан өгсүүр эхнээсээ сайхан шиг эргүүлж гарахаар зорин жийсээр ганцаараа түрүүлж гарч ирсэн чинь Галаа шиг хажуу талынх нь өгсүүрлүү дахиад жийчихмээр ч юм шиг тийм мэдрэмж. Галаа гэж хэн бэ? гэж үү “Уул харвал нүд нь сэргэдэг, өгсүүр замд хөл шороодож үзээгүй веб админ, аяллын цоожлогч дуурсах гуншин олонтой аялагч гишүүн бий” Галаа энэ аялалд яваагүй болохоор л би түрүүлж гарч байгаа юм. Бусад аялалд бол өгсүүр харагдлаа Галаагийн гутлынх нь тавхай гялалзаад алга болно би бараадах ч үгүй. Байхгүйд нь бурхангүй газрын бумба галзуурч байгаа юм л даа. “Одоо юун муудааав”.
Зураг 13. Тэрэлжийн орчим үдийн хоол хийж идэв

Гүнжийн сүм гэж алсаас бараа нь харагдахгүй, яваад очиход яруу тансаг хийцтэй, яаж хийв гэмээр архитектурын шийдэлтэй, сонин содон барилга. 300-400 жилийн өмнө янзын сайхан барьжээ 30-40 жилийн өмнө сэргээн засахдаа ямбий амбаар шиг болгожээ. Гэхдээ хуучны сайн хийц, урчуудын нарийн ухаан нь өдий хүртэл хадгалагдахад багана нь ганхаагүй, будаг нь арилаагүй хадгалагдаж үлджээ.
Зураг 14. Сайхан аялал боллоо. Одоо гэрийн зүг урагшаа
Зорьсон газраа ачаатай дугуйгаа хөлөглөн ирж үзэх мэдрэмж нь өөрийгөө ялсан мөн тэр орчмын байгалийн сайхныг мэдэрсэн, бишэрсэн давтагдашгүй сайхан байлаа. Хамт аялсан унадаг дугуйтай аялагч гишүүддээ баярлалаа. Та бүхнийхээ дэмээр анхны унадаг дугуйтай хоногийн аялалд явсандаа баяртай байна. Миний хувьд аяллын шинэ нээлт, шинэ сорилт байлаа. Баярлалаа.

Оролцсон гишүүд

  • бахархлын тэмдэг
  • туулсан замын урт
  • оролцсон аяллын тоо
  • оролцсон хоногийн аяллын тоо
  • оролцсон олон хоногийн аяллын тоо
  • УБ 240/24 аяллыг амжилттай дуусгасан тоо
  • Долоон давааны сорилго давсан тоо
Б.Сүхбат Д.Жамъяндорж Э.Ууганбаяр Т.Ган-Очир Б.Баттөмөр Б.Жавхлантөгс С.Мөнхбат Д.Цолмон П.Золзаяа Э.Ожго
Б.Сүхбат
  • 4942 км
  • 48
  • 6
  • 0
  • 1
  • 0
Д.Жамъяндорж
  • 5813 км
  • 53
  • 9
  • 1
  • 0
  • 2
Э.Ууганбаяр
  • 6352 км
  • 38
  • 9
  • 2
  • 1
  • 1
Т.Ган-Очир
  • 6865 км
  • 71
  • 6
  • 0
  • 2
  • 2
Б.Баттөмөр
  • 9457 км
  • 97
  • 8
  • 0
  • 3
  • 4
Б.Жавхлантөгс
  • 10366 км
  • 99
  • 10
  • 1
  • 2
  • 3
С.Мөнхбат
  • 10811 км
  • 93
  • 12
  • 3
  • 3
  • 1
Д.Цолмон
  • 11566 км
  • 109
  • 22
  • 3
  • 2
  • 0
П.Золзаяа
  • 12447 км
  • 114
  • 21
  • 4
  • 1
  • 1
Э.Ожго
  • 27752 км
  • 245
  • 31
  • 11
  • 4
  • 3

Бахархлын тэмдгийн болзол биелүүлсэн гишүүд

Тус аяллын үеэр дараах нэр бүхий гишүүд бахархлын тэмдгийн болзол биелүүлжээ.

 Нэр  Тэмдэг  Болзол биелүүлсэн байдал
Д.Жамъяндорж Өмнөд хязгаар 4709 км улбар шар тэмдэг 4770 км
Зүгээр л жий!